| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 195/2026/0782/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/901 |
| Огноо | 2026-04-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 13.6.1., |
| Улсын яллагч | Б.Тэгшбаяр |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2026 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 2026/ШЦТ/901
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг,
улсын яллагч Б.Тэгшбаяр,
шүүгдэгч *******, өмгөөлөгч Н.Одонтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 13.6 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч *******ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2508018022452 дугаартай хэргийг 2026 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: *******
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн *********** тоотод оршин суух хохирогч *******ын орон байранд зөвшөөрөлгүй нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан,
тухайн үед хохирогч *******ыг хардалтын улмаас нүүр, цээжинд гараараа цохиж газарт унаган цээж рүү нь өшиглөн зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Манай эхнэр 5 хоног ор сураггүй алга болсон. Том охин фейсбүүкээр хаягийг нь олоод очсон. Тэр айлын модемыг салгасан. Хаалгыг нь нүдээд онгойлгохгүй, дотор зурагт нь чанга дуутай асаалттай байсан. Тэгээд үхсэн амьдыг нь мэдэхгүй болохоор цонхоор нь орсон. ******* над руу дайрсан, тэгээд цохисон. Утсыг нь дээрэмдэх зорилгоор аваагүй, уучлаарай. Эхнэр урьд нь ингэж гадуур явж байгаагүй. Тагт нь онгорхой байхаар дээрээс нь олсоор дамжаад орсон. Би утсыг нь хэлээд авсан, хадам ах мэдэж байгаа. *******, манай эхнэр 2 аймаар согтуу байсан. Хохиролд 3 сая төгрөг өгсөн. Хаалганы хажуу талын тавцан дээр байсан утас, сим карт, түлхүүрийг хамаад аваад гарсан. Гарахдаа *******т “утсыг чинь шалгаад хэд хоногоос буцааж өгнө” гээд аваад гарсан. Дээрмийн хэргийг би зөвшөөрөхгүй байгаа” гэв.
Эрүүгийн 2508018022452 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч *******ын: “2025 оны 03 сарын 18-ны өдөр хуучин таньдаг байсан ******* гэх эмэгтэй хүнтэй чатаар холбоо бариад ******* над руу “хүйтэн пиво уумаар байна” гэхээр нь би гэрийн хаягаа хэлээд манайд хүрээд ир гэсэн. 17 цагийн үед манай гэрт ирсэн. Эхлээд пиво ууж байгаад сүүлдээ архи уугаад манай гэрт 2-лаа хоноод маргааш нь дахин архи уугаад дахиад хонох гэж байсан чинь шөнө л байх би сайн санахгүй байна, 40 орчим насны, 175 см орчим өндөр нуруутай царайг нь санахгүй байна эрэгтэй хүн тагтаар дамжаад жижиг цонхоор гэрт ороод ирсэн. Би өөдөөс нь “юу хүн бэ” гэсэн чинь үг дуугүй миний зүүн хацар луу гараараа 1 удаа цохиод гэрийн хаалга онгойлгоод дахиад 160 см орчим өндөртэй, арай настай болов уу гэмээр эрэгтэй хүн ороод ирсэн. Цонхоор орж ирсэн залуу дахиад миний баруун, зүүн мөр хэсэг рүү гараараа 3 удаа цохиод намайг газар унасан чинь цээж рүү хатуу ултай гутлаар 1 удаа өшиглөсөн. Би босоод намайг цохиод байсан залууг бариад авсан чинь миний ам хэсэг рүү гараараа 2 удаа цохисон. Миний үүдэн шүд унахаар нь “шүд уначихлаа” гэсэн чинь нөгөө намхан залуу нь салгасан чинь өндөр залуу нь “гаръя” гээд гарсан. Би арын өрөөндөө амаас цус гарсан тул цамцаараа амаа дарж байсан. Босоод үүдээ замган түгжээгээр цоожлоод цагдаад дуудлага өгөх гээд утсаа хайсан чинь миний утас алга байсан. Компьютероо асаагаад интернэтээр хүнтэй холбоо барих гэсэн чинь бас интернэт алга байсан. Хаалгаа түгждэг бариул шиг юмаар эргүүлээд түгжих гэсэн чинь эвдэрсэн байсан. Би унтаж амраад 09 цагийн үед гэрээс гараад хаалгаа түгжих гэсэн чинь түлхүүр байхгүй байсан. Хэн нь авч гарсныг би хараагүй. Бараг 30 орчим хоногийн дараа ******* фейсбүүкээр холбоо бариад утсыг чинь аваачиж өгье гээд өгсөн. “Чи энэ утсыг хаанаас авчирсан юм” гэсэн чинь манай нөхрийн машинд байсан, би нууцаар аваад авчирч өгч байна гэсэн. Би гар утсаа бүрэн хүлээн авсан. 3 орчим сая төгрөгөөр эмнэлгийн тусламж авсан. Сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй, 3 сая төгрөг авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-23, 24-25 дахь тал),
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2025.03.27-ны өдрийн ЕГ0725/4749 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1. *******ын биед баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, дух, уруул, эрүүний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт нэг шүдний булгарал, нэг шүдний сулрал гэмтлүүд тогтоогдлоо. 2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 5. Цаашид нэг шүдний булгарал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10%-р тогтонги алдагдуулна” гэжээ (хавтаст хэргийн 75-76 дахь тал),
“Тэнцвэр Эстимэйт үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2025.11.04-ний өдрийн Т-25/658 дугаар тайланд: “Iphone 14 гар утас 1 ширхэг 1,200,000 төгрөг, юнивишн модем 1 ширхэг 170,000 төгрөг, бүргэд хаалганы түлхүүр 3 ширхэг 15,000 төгрөг, орцны чип 1 ширхэг 3000 төгрөг, нийт 1,388,000 төгрөг” гэжээ (хавтаст хэргийн 81-83 дахь тал),
Гэрч *******ын: “Би нөхөр ётай амьдрахаас өмнө ******* гэх залуутай уулздаг байсан. Тус залуу удалгүй Солонгос руу яваад өгсөн. Дараагаар нь *******тай сууж гэрлэлтээ батлуулсан. ...2024 оны 9 сараас хойш ******* надтай фейсбүүк чатаар харилцаж улмаар уулзах санал удаа дараа тавьж байсан. Тэр үед нь уулзаж чаддаггүй байсан. Хэсэг хугацаанд чатаар харилцаж байгаад ******* миний фейсбүүк хаяг руу өөрийн амьдарч байгаа гэрийн хаяг, тоотын мэдээллийг явуулсан. Ингээд 3 дугаар сарын 17-ны өдөр *******ын гэрт очсон. Бид хоёр хэсэг хугацаанд юм ярьж сууж байгаад архи уусан. Маргааш нь 2025.03.18-ны өдөр ******* мөнгөгүй болчихсон. Манай хүүхэд Солонгос руу явахад нь өгөх гэж байсан 800,000 төгрөгөөр тэр айлд 5 хоног архи согтууруулах ундаа хэрэглэсэн. 2025.03.21-ний өдөр тус айлд бид хоёр нүцгэн хэвтэж байхад хаалгыг манай нөхөр ******* нүдээд байсан. Айгаад хаалгыг тайлж өгөөгүй. Хэсэг хугацааны дараа нөхөр ******* тухайн айлын тагтны хаалгаар ганцаараа орж ирсэн. Дараа нь айлын хаалгыг тайлж манай ах ******* орж ирсэн. ******* *******ыг нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохисон. Хажуунаас ах ******* болиулж салгасан. Тэгээд тус тоотоос гарч явсан. ******* нь *******ын гар утсыг гэрээс нь авч гарсан нь үнэн. Сүүлд ******* надад “чамтай эргээд холбоо барьж харилцаа үүсгэнэ, тийм болохоор утсыг нь авч гарсан” гэж ярьсан. *******ын гар утсыг 10 хоногийн дараа нөхөр *******ы машинд байхаар нь би өөрөө авч хүргэж өгсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 65 дахь тал),
Гэрч М.*******ийн: “Миний дүү Мөнх******* нөхөр, 5 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн *** дүгээр хороонд оршин суудаг. 3 дугаар сарын 17-ны өдөр Мөнх******* нь гэртээ 5 хоног ирэхгүй сураггүй, гар утас нь холбогдохгүй байсан. Мөнх*******ын фейсбүүк хаяг нь охин *******тай холбоотой байсан. Тэр үед чатыг нь орж шалгахад ******* гэх залуугаас өөрийн амьдарч байгаа хаягийн мэдээллийг явуулсан байсан. Нөхрийнх нь хамт Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр тус тоотод ирж хаалгыг нүдэхэд тайлж өгөөгүй. Хүргэн ******* цагдаад “манай эхнэр айлд танихгүй хүнтэй байна, хаалга тайлж өгөхгүй байна” гэх утгатай дуудлага өгсөн. Удалгүй хоёр цагдаагийн алба хаагч ирсэн. Хаалгыг нүдэхэд мөн тайлж өгөөгүй цагдаа нар явсан. Би машиндаа сууж үлдсэн. Хүргэн ******* дээшээ гараад ирье гээд байр луу ганцаараа орсон. Хэсэг хугацааны дараа над руу залгаад “та айлд ороод ир” гэсэн. Тус айлын хаалган дээр очиход онгорхой байсан. Ороход манай дүү ******* танихгүй залуутай нүцгэн хэвтэж байсан. ******* тэр хоёрын хөнжлийг татаж “чи хүний эхнэрийг олон хоногоор авч явлаа” гээд тухайн залууг нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь салгаад *******ыг дагуулаад гарсан. Гарахын өмнө ******* ширээн дээр байсан *******ын гар утсыг “та хоёр ямар заваан юм бичсэн юм билээ, утсыг чинь шалгаж авна” гээд авч гарсан...” гэх мэдүүлэг (хх-67 дахь тал),
Гэрч *******: “2025 оны 3 дугаар сарын 21-ний 00 цаг 25 минут орчим “манай эхнэр алга болсон уг газар байгаад байна” гэх утгатай дуудлага мэдээлэл ирсний дагуу Сонгинохайрхан дүүргийн **-р хороо, ...тоотын үүдэнд очиход ******* гэх эрэгтэй “манай эхнэр гэрээсээ гараад 3-4 хоног болж байна, энэ тоотод байгаа” гэхээр нь хаалгыг тогшиход онгойлгож өгөхгүй байсан. Шөнийн цаг байсан учир айл өрхийн амгалан тайван байдлыг алдагдуулахгүйн тулд тухайн иргэнд хуулийн хүрээнд энд чанга дуу чимээ гаргаж болохгүй, бид тус айлд хүч хэрэглэн орж болохгүй, орон байранд нэвтэрч байгаа тохиолдолд прокурорын зөвшөөрөл заавал авч нэвтэрнэ гэж сануулж, гэмт хэргийн шинжгүй гэж үзэж явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 69-70 дахь тал),
Гэрч *******: “...3 дугаар сарын 21-ний өдөр хүргэн ******* намайг “та найз *******ын гэрт хүрээд ирээч” гэж дуудсан. Очоод *******ын гэрийн хаалгыг нүдэхэд тайлж өгөөгүй. Цагдаад дуудлага өгч хоёр цагдаагийн алба хаагч ирээд хаалгыг нь нүдээд мөн тайлж өгөөгүй. Би ажилтай байсан болохоор *******, ******* нарыг үлдээгээд явсан. Хэрэг учрал болох үед байгаагүй болохоор юу болсон талаар хэлж мэдэхгүй. Миний төрсөн дүү М.Мөнх*******ын буруу гэж бодож байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 63 дахь тал),
Шүүгдэгч *******ы яллагдагчаар өгсөн: “2025 оны 3 дугаар сарын 17-ны өдөр манай эхнэр гэрээсээ гараад ор сураггүй болсон. Эхнэрээ хаана байгааг нь мэдэхийн тулд том охин *******аар эхнэрийн фейсбүүк чатаар оруулж хартал эхнэр Сонгинохайрхан дүүргийн **** дүгээр байранд байгаа мэдээлэл байсан. 2025 оны 3 дугаар сарын 22-ны 01 цагийн орчим тухайн газар эхнэрийгээ авахаар очиж цагдаад ...дуудлага мэдээлэл өгчихөөд тухайн айлын зурагтны дуу нь чанга гараад байхаар нь юнивишн оролтыг салгасан. 2 цагдаа ирээд тухайн айлын хаалгыг онгойлгох гэтэл онгойлгож өгөхгүй байсан бөгөөд цагдаа нар явсан. Гэрэл нь асаалттай байхаар уг байшингийн 5 давхарт гарч орцны жижиг цонхоор гарч уг айлын тагтны дээд талд ирсэн. Тухайн байшингийн хананд байсан газардуулагчийн төмрөөс уяа уяж байгаад тухайн айлын тагтаар дотогш ороход манай эхнэр Мөнх******* нэгэн үл таних залуутай орон дээр хэвтэж байсан. Би хаалгыг нь онгойлгоод хадам ах *******ийг дуудаж харуулсан. Ах бид хоёр ******ыг сэрээгээд аваад явах гэтэл тухайн үл таних залуу босож ирээд над руу дайрахаар нь би нүүрэн тус газарт нь 1 удаа, цээжин тус газарт нь 1 удаа цохисон. Тэгээд би үүдний тавиуран дээр байсан утсыг нь эхнэрийн гар утастай цуг аваад тухайн залууд “чиний утсан дээр манай эхнэрийн шалдан нүцгэн зураг бичлэг байж магадгүй, үзчихээд буцаагаад өгнө, дараа нь чи манай эхнэрийг дарамтлаад байж магадгүй” гээд гарсан. Тухайн залуугийн биед халдаж гэмтэл учруулсан, айлд нэвтрэн орсон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн айлаас дээрэм хийгээгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 113-114 дэх тал),
Дуудлагын лавлагааны хуудас (хх-61), хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-11-14), хохирлын баримтууд (хх-33, 34), *******ын дансны хуулга (хх-52-59), хохирогчийн согтуурал шалгасан гэрэл зураг (хх-71), хохирогчийн “3,000,000 төгрөг өгчихвөл гомдолгүй, сэтгэл зүйн хохирол гаргуулахгүй” гэх тайлбар (хх-131), прокурорын тэмдэглэл (хх-134), шүүгдэгчийн Сонгинохайрхан дүүргийн прокурорт гаргасан гомдол (хх-146-148),
шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-75), хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарууд (хх-42-45), байнгын асаргаа шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ба иргэний тодорхойлолт (хх-46-48), орон сууц түрээслэх гэрээний хуулбар (хх-49-51), зээлийн гэрээ (хх-52) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг,
шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргаж өгсөн Сүхбаатар дүүргийн *** дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, “****” ХХК-ийн тодорхойлолт, байнгын асаргаа шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ба иргэний тодорхойлолт зэргийг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч ******* нь 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ****тоотод оршин суух хохирогч *******ын орон байранд зөвшөөрөлгүй нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан,
мөн тухайн үед хохирогч *******ыг хардалтын улмаас нүүр, цээжин тус газарт гараараа цохиж газарт унаган цээж рүү нь өшиглөн зодож, эрүүл мэндэд “баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, дух, уруул, эрүүний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, нэг шүдний булгарал, нэг шүдний сулрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
мөн өдрөө тухайн үед хохирогч *******ыг зодож “Айфоне 14” маркийн гар утас, хаалганы түлхүүр, орцны чип зэрэг 1,218,000 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай, маргахгүй байгаа. 17.2 дугаар зүйлийн 2-т заасан хохирогчийн эд хөрөнгийг хууль бусаар авсан нь тогтоогдсон. Хулгайлах гэмт хэрэг нь нууцаар, мэдэгдэхгүйгээр авдаг тул тус гэмт хэргийн шинжгүй, хууль бусаар илээр, авлаа шүү гээд утсыг авсан байдаг, энэ нь дээрэмдэх гэмт хэргийн шинжтэй. ******* тухайн үед заналхийллийн нөхцөл байдалд байсан. Гэм буруутайд тооцож өгнө үү...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 13.6 дугаар зүйлийн 1-д заасныг хүлээн зөвшөөрч байгаа, маргахгүй гэж шүүгдэгч өөрөө хэлдэг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасныг зөвшөөрөхгүй. Сэтгэл санааны хувьд хэцүү, тогтворгүй байсан тул нэвтэрч орохоос өөр аргагүй байсан. Хохирогч мэдэхгүй байгаа. Утсыг нь авлаа, шалгаад өгье гээд аваад гарсныг дээрэмдэх гэмт хэргийн шинжгүй гэж үзэж байна. Хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч ******* нь 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ***** тоотод оршин суух хохирогч *******ын орон байранд зөвшөөрөлгүй нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан,
мөн тухайн үед хохирогч *******ыг хардалтын улмаас нүүр, цээжинд гараараа цохиж газарт унаган цээж рүү нь өшиглөн зодож, эрүүл мэндэд “баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, дух, уруул, эрүүний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, нэг шүдний булгарал, нэг шүдний сулрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тус тус тогтоогдлоо.
Энэ нь дээрх шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх дүгнэлтийг хүлээн авах үндэслэлтэй байна гэж үзлээ. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтлох аргаар үйлдсэн байна. Хүч хэрэглэж гэдэг нь гэмт этгээд хохирогчийн бие махбодид халдаж, түүний эсэргүүцлийг няцаан эд хөрөнгийг авсан байхыг ойлгоно.
Харин хэрэгт авагдсан хохирогчийн “...нөгөө эмэгтэйтэй пиво ууж байгаад сүүлдээ архи уугаад манай гэрт 2-лаа хоноод маргааш нь дахин архи уугаад дахиад хонох гэж байсан чинь шөнө л байх би сайн санахгүй байна, 40 орчим насны, 175 см орчим өндөр нуруутай эрэгтэй хүн тагтаар дамжаад жижиг цонхоор гэрт ороод ирсэн. Би өөдөөс нь “юу хүн бэ” гэсэн чинь үг дуугүй миний зүүн хацар луу гараараа 1 удаа цохиод... цагдаагийн байгууллагад дуудлага өгөх гээд утсаа хайсан чинь миний утас алга байсан...” гэх мэдүүлэг, гэрч *******ийн “...манай дүү ******* танихгүй залуутай нүцгэн хэвтэж байсан. ******* тэр хоёрын хөнжлийг татаж “чи хүний эхнэрийг олон хоногоор авч явлаа” гэх шалтгаанаар тухайн залууг нүүрэн тус газар гараараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь *******ыг салгаж аваад Мөнх*******ыг дагуулаад гарсан. Гарахын өмнө ******* ширээн дээр байсан *******ын гар утсыг “та хоёр ямар заваан юм бичсэн юм билээ, утсыг чинь шалгаж өгнө” гээд авч гарсан...” гэх мэдүүлэг гэрч *******ын “...******* надтай хамт байсан *******ыг нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохисон. ...Манай нөхөр ******* нь *******ын гар утсыг гэрээс нь авч гарсан нь үнэн. Сүүлд нөхөр ******* надад хэлэхдээ чамтай эргээд холбоо барьж харилцаа үүсгэнэ тийм болохоор утсыг нь авч гарсан гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг зэргээр шүүгдэгч ******* хохирогч *******ын гар утсыг авахын тулд түүний биед халдаагүй буюу шүүгдэгчийн дээрх үйлдэл хохирогчийн эд хөрөнгийг авахад чиглэсэн бус харин эхнэрийг нь олон хоногоор авч явлаа, эхнэртэй нь нүцгэн хэвтэж байсан гэх нөхцөл байдалд уурлан хохирогчийн эрүүл мэндэд халдсан гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч ******* хохирогчийг цохисны дараа буюу маргаан дууссаны дараа гэрч М.*******, ******* нарын хамт гэрээс нь гарахдаа үүдэнд байсан хохирогчийн гар утсыг “гар утсан дээр та хоёрын зураг бичлэг байж магадгүй, утсыг чинь шалгаад өгнө” гэж хэлээд аваад гарсан нөхцөл байдал нь дээрэмдэх гэмт хэргийн үндсэн шинжийг хангахгүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох гэмт хэрэг нь оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан идэвхтэй үйлдэл байна. Орон байранд нэвтрэн орсноор төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.
Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэхдээ иргэнд хүч хэрэглэж, эрүүл мэндэд хохирол учруулсан бол Эрүүгийн хуулийн эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээр зүйлчилнэ. Тус хэргийн тухайд хохирогч *******ын орон байранд хууль бусаар нэвтрэн орохдоо хохирогчийг хэд хэдэн удаа цохисны улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давхар зүйлчлэх нь хууль зүйн үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч *******ы “эхнэрээ авах” шалтгаанаар хохирогч *******ын орон байранд тагтаар нь дамжин орсон санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан гэмт хэргийн шинжтэй,
мөн тус орон байранд нэвтрэн орсны дараа хардалтын улмаас хохирогч *******ыг хэд хэдэн удаа цохисон санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэжээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд хөнгөн, мөн хувийн эрх, эрх чөлөө, орон байрны халдашгүй, чөлөөтэй байх эрхэд хохирол учирсан, бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч баримтаар 183,250 төгрөг нэхэмжилсэн байна.
Хэрэгт “****” шүдний эмнэлэг, их эмч *** гэх эмчийн тамгатай баримт гаргаж өгсөн ч хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул шүүхээс үнэлээгүй. Шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчид 3 сая төгрөг төлсөн байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байна гэж дүгнээд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Мөн хохирогч ******* нь сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй, нэхэмжлэхгүй гэсэн нь хэрэгт авагдсан прокурорын 2026.01.08-ны өдрийн тэмдэглэл, хохирогчийн хүсэлт (хх-123-124, 131) зэргээр тогтоогдож байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх торгох ялын хэмжээг 1,500,000 төгрөгөөр тогтоож, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн, хохирол төлсөн, олон хүүхэдтэй, ганцаараа ажил эрхэлдэг, гэмт хэрэг гарах шалтгааныг харгалзан үзсэн...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Улсын яллагчийн саналыг зөвшөөрч байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”, 1.4-т заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч “эхнэрээ хохирогчийнхоос гаргаж авах” шалтгаанаар хохирогчийн орон сууцны тагтаар дамжин зөвшөөрөлгүй нэвтэрч, хохирогчийг цохиж зодон эрх, эрх чөлөөнд нь халдан гэмтэл учруулсан, хүний хувийн эрх, эрх чөлөө, орон байрны халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, 3,000,000 төгрөг төлсөн, хохирогч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, эрхэлсэн ажилтай, орлоготой, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял, 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэж заасныг баримтлан шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 750,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх торгох ялыг хэмжээг 1,200,000 төгрөгөөр тогтоолоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж (“*****” ХХК-д гадна фасад хийдэг, орлоготой)-ийг харгалзан шүүгдэгч *******ыг 1,200,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1,4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч *******ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч **** овогт ********гийн *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750,000 (долоон зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 750,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх торгох ялын хэмжээг 1,200,000 төгрөгөөр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 1,200,000 төгрөгөөр торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР