| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2023/01070/И |
| Дугаар | 102/ШШ2024/01825 |
| Огноо | 2024-04-09 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 102/ШШ2024/01825
| 2024 оны 04 сарын 09 өдөр | Дугаар 102/ШШ2024/01825 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, *** дугаар хороо, *** байр, *** тоот хаягт оршин суух, Б овогт М-ийн Г,
Хариуцагч: Баянгол дүүрэг, ***дугаар хороо, ***давхар, *** тоот хаягт байрлах, Х.Б ХХК,
Нэхэмжлэлийн шаардлага: 12,817,811 төгрөг гаргуулах тухай,
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баттөмөр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М.Г нь хариуцагч Х.Б ХХК-д холбогдуулан барьцааны зүйлийн зөрүү үнэ 14,830,000 төгрөг тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн үнийн дүнгээ багасгаж, 12,817,811 төгрөг гаргуулахаар шаардаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. М.Г-ын зүгээс Х.Б ХХК-тай 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан. Талууд зээлийн гэрээний дагуу 8,000,000 төгрөг зээлэхээр тохиролцсон. Х.Б ХХК-ийн зүгээс Н.Д гэдэг хүний дансаар 7,560,600 төгрөгийг 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр М.Г-ын дансанд шилжүүлсэн. Талууд мөнгө шилжүүлсэн гэдэг дээр маргахгүй, мөнгөн дүн дээр маргаж байгаа. М.Г-ын зүгээс 4,860,000 төгрөгийг буцаагаад төлсөн. Гэрээнд зааснаар зээлийн нэг сарын хүү нь 3.5 хувь байхаар тохиролцсон. Уг мөнгийг 7,560,600 төгрөгөөс бодвол сарын хүү 264,621 төгрөг болно. Уг зээлийн хүүг 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүртэл нийт 9 сарын хугацаанд бодвол нийт 2,381,589 төгрөг болно. Яагаад 9 сарын хугацаанд бодож байгаа гэхээр автомашиныг аваад явсан хугацаагаар бодож байна. Зээлийн хүү болон үндсэн зээл дүн нийт 9,942,189 төгрөг болно. Энэ төлбөрийг нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид төлөх ёстой байсан төлбөр гэж үзэж байна. Нийт төлөх 9,942,189 төгрөгөөс төлсөн 4,860,000 төгрөгийг хасаж 5,082,189 төгрөг үлдэж байгаа. Тухайн үед талууд М.Г-ын 16,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий автомашиныг барьцаа хөрөнгөөр тохиролцож байсан. Х.Б ХХК-ийн зүгээс 16,000,000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг хурааж авсан. Тэгэхлээр автомашины үнээс Х.Б ХХК-д төлөх ёстой байсан 5,082,189 төгрөгөө хасах юм бол 10,917,811 төгрөгийг Х.Б ХХК М.Гд төлөх ёстой. Энэ зөрүү мөнгөн дээр засвар хийсэн 1,900,000 төгрөгөө нэмж, нийт 12,817,811 төгрөгийг хариуцагчаас шаардаж байна гэв.
2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй бүхэлд нь татгалзаж, татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:
2.1. Нэхэмжлэгч 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээ, мөн фидуцийн гэрээ байгуулсан. Фидуцийн гэрээний дагуу 0171 улсын дугаартай приус маркийн машиныг барьцаалсан байдаг. Зээлдэгчийн хувьд бол зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээлийн хугацаа хэтэрсэн. Үүний дагуу зээлдэгчид 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдөр бол мэдэгдэл өгсөн. Энэ мэдэгдлээр нийт төлөх өрийн үлдэгдэл нь 9,303,950 төгрөг байгаа. 8 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлбөрийг төлөхөөр мэдэгдэл өгсөн. Энэ мэдэгдлийг О.Б хүлээж авсан байдаг. Нэхэмжлэгчид буюу зээлдэгчид зээлийн гэрээний хуваарь зөрчигдсөн учраас мэдэгдэл өгсөн. Үүний дараа фидуцийн гэрээний дагуу тээврийн хэрэгслийг хурааж аваад худалдан борлуулж 9,000,000 төгрөгийн төлбөрийг төлүүлж зээлийн үүргийн гүйцэтгэлийн хангуулсан. Нэхэмжлэгчийн барьцааны зүйл бол хариуцагч байгууллагын нэр дээр буюу зээлдүүлэгчийн нэр дээр шилжсэн. Зээлдүүлэгч барьцааны зүйлийг буцааж авсны дагуу худалдан борлуулсан. Яагаад гэвэл бид нар барьцаа хөрөнгийн өмчлөгч учраас худалдсан. Өөрөөр хэлбэл барьцааны зүйлээр үүргийг хангуулчихсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа гэв.
3. Нэхэмжлэгчээс 2021.10.28-ны өдрийн Барьцаат зээлийн гэрээ, 2021.10.28-ны өдрийн Барьцааны гэрээ /фидуци/, 2022.05.03-ны өдрийн зарлагын баримт, О.Б-ын Хаан банк дахь *** тоот дансны 2021.10.01-2022.03.31-ний өдөр хүртэлх хуулга, М.Г-ын Хаан банк дахь *** тоот дансны 2021.10.28, 2022.03.11-ний өдрийн хуулга, 2022.08.02-ны өдрийн мэдэгдэх хуудсыг шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар гаргаж өгсөн.
Шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Авто Тээврийн Үндэсний төвөөс *** улсны дугаартай тээврийн хэрэгслийн түүхчилсэн лавлагаа, хувийн хэрэг, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-иар хөрөнгийн үнэлгээний тайлан гаргуулсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч М.Г нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Х.Б ХХК-тай 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан. Талууд зээлийн гэрээний дагуу 8,000,000 төгрөг зээлэхээр тохиролцсон. Х.Б ХХК-ийн зүгээс Н.Д гэдэг хүний дансаар 7,560,600 төгрөгийг 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр М.Г-ын дансанд шилжүүлсэн. Талууд мөнгө шилжүүлсэн гэдэг дээр маргахгүй, мөнгөн дүн дээр маргаж байгаа. М.Г-ын зүгээс 4,860,000 төгрөгийг буцаагаад төлсөн. Гэрээнд зааснаар зээлийн нэг сарын хүү нь 3.5 хувь байхаар тохиролцсон. Уг мөнгийг 7,560,600 төгрөгөөс бодвол сарын хүү 264,621 төгрөг болно. Уг зээлийн хүүг 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүртэл нийт 9 сарын хугацаанд бодвол нийт 2,381,589 төгрөг болно. Яагаад 9 сарын хугацаанд бодож байгаа гэхээр автомашиныг аваад явсан хугацаагаар бодож байна. Зээлийн хүү болон үндсэн зээл дүн нийт 9,942,189 төгрөг болно. Энэ төлбөрийг нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид төлөх ёстой байсан төлбөр гэж үзэж байна. Нийт төлөх 9,942,189 төгрөгөөс төлсөн 4,860,000 төгрөгийг хасаж 5,082,189 төгрөг үлдэж байгаа. Тухайн үед талууд М.Г-ын 16,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий автомашиныг барьцаа хөрөнгөөр тохиролцож байсан. Х.Б ХХК-ийн зүгээс 16,000,000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг хурааж авсан. Тэгэхлээр автомашины үнээс Х.Б ХХК-д төлөх ёстой байсан 5,082,189 төгрөгөө хасах юм бол 10,917,811 төгрөгийг Х.Б ХХК М.Гд төлөх ёстой. Энэ зөрүү мөнгөн дээр засвар хийсэн 1,900,000 төгрөгөө нэмж, нийт 12,817,811 төгрөгийг хариуцагчаас шаардаж байна гэв.
3. Хариуцагч Х.Б ХХК татгалзлаа дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэгчтэй 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээ, мөн фидуцийн гэрээ байгуулсан. Фидуцийн гэрээний дагуу 0171 улсын дугаартай приус маркийн машиныг барьцаалсан байдаг. Зээлдэгчийн хувьд бол зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээлийн хугацаа хэтэрсэн. Үүний дагуу зээлдэгчид 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдөр бол мэдэгдэл өгсөн. Энэ мэдэгдлээр нийт төлөх өрийн үлдэгдэл нь 9,303,950 төгрөг байгаа. 8 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлбөрийг төлөхөөр мэдэгдэл өгсөн. Энэ мэдэгдлийг О.Б хүлээж авсан байдаг. Нэхэмжлэгчид буюу зээлдэгчид зээлийн гэрээний хуваарь зөрчигдсөн учраас мэдэгдэл өгсөн. Үүний дараа фидуцийн гэрээний дагуу тээврийн хэрэгслийг хурааж аваад худалдан борлуулж 9,000,000 төгрөгийн төлбөрийг төлүүлж зээлийн үүргийн гүйцэтгэлийн хангуулсан. Нэхэмжлэгчийн барьцааны зүйл бол хариуцагч байгууллагын нэр дээр буюу зээлдүүлэгчийн нэр дээр шилжсэн. Зээлдүүлэгч барьцааны зүйлийг буцааж авсны дагуу худалдан борлуулсан. Яагаад гэвэл бид барьцаа хөрөнгийн өмчлөгч учраас худалдсан. Өөрөөр хэлбэл барьцааны зүйлээр үүргийг хангуулчихсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2021.10.28-ны өдрийн Барьцаат зээлийн гэрээ, 2021.10.28-ны өдрийн Барьцааны гэрээ /фидуци/, 2022.05.03-ны өдрийн зарлагын баримт, О.Бын Хаан банк дахь *** тоот дансны 2021.10.01-2022.03.31-ний өдөр хүртэлх хуулга, М.Г-ын Хаан банк дахь *** тоот дансны 2021.10.28, 2022.03.11-ний өдрийн хуулга, 2022.08.02-ны өдрийн мэдэгдэх хуудас, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, *** улсны дугаартай тээврийн хэрэгслийн түүхчилсэн лавлагаа, хувийн хэрэг, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-иийн хөрөнгийн үнэлгээний тайлан, зохигчдын тайлбар зэрэг баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5. Нэхэмжлэгч М.Г нь хариуцагч Х.Б ХХК-тай 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ХУ-268 тоот 8,000,000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцох, 15 хоногийн дотор зээл төлөх ямар нэгэн үйлдэл хийгээгүй бол барьцааны гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцож Барьцаат зээлийн гэрээ байгуулжээ.
6. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар фидуцийн гэрээг 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр байгуулж, нэхэмжлэгчийн өмчлөлийн *** улсын дугаартай, хөх өнгийн Тоёота Приус маркийн автомашиныг хариуцагч Х.Б ХХК-ийн нэр дээр бүртгүүлжээ.
7. Зээлийн гэрээний хугацаа 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр дуусахаар байх боловч нэхэмжлэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу сар бүр төлөх төлбөрөө 2022 оны 4 дүгээр сарын 15-наас хойш төлөөгүй зөрчил үүсгэж, хариуцагч нь 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдөр мэдэгдэх хуудас өгч, 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн дотор зээлийн төлбөрийг төлж барагдуулахыг мэдэгдсэн байна.
8. Нэхэмжлэгч нь Барьцаат зээлийн гэрээний дагуу 8,000,000 төгрөг биш 7,560,600 төгрөгийг хүлээн авсан бөгөөд зээлийг 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүртэл ашигласан тул энэ хугацааны хүүг хүлээн авсан мөнгөнөөс тооцох үндэслэлтэй бөгөөд автомашиныг дуудлага худалдаагаар худалдаж, зөрүүг буцаан өгөх ёстой гэж, хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул фидуцийн гэрээний дагуу барьцааны зүйлийг хураан авч, зээлийн төлбөрийг барагдуулсан, эрсдлээ гэрээний талууд хариуцдаг гэж маргаж байна.
9. Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт зааснаар барьцаалан зээлдэх газар нь зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчээс хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулахыг шаардах эрхтэй.
10. Х.Б ХХК нь М.Г-тай 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр фидуцийн гэрээ байгуулж, *** улсын дугаартай, хөх өнгийн Тоёота Приус маркийн автомашиныг хариуцагч Х.Б ХХК-ийн нэр дээр бүртгүүлжээ.
11. Хариуцагч Х.Б ХХК нь барьцаалан зээлдэх үйлчилгээ эрхэлдэг хуулийн этгээдийн хувьд зээлдэгчтэй Иргэний хуулийн 286 дугаар зүйлд зааснаар мөн хуулийн 153 дугаар зүйлд заасан барьцааны гэрээ байгуулахаар байна.
12. Гэтэл хариуцагч нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлээр зохицуулсан фидуцийн гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл болжээ.
Өөрөөр хэлбэл, хариуцагч Х.Б ХХК нь гэрээ байгуулах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.4 дэх хэсэгт Барьцаалан зээлдэх газар нь гэрээний хугацаанд барьцааны зүйлийн бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй, харин уг зүйлийг өмчлөх болон бусад хэлбэрээр захиран зарцуулах эрхгүй гэж зааснаар барьцааны зүйлийг өмчлөх эрхгүй байна.
13. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасны дагуу *** улсын дугаартай, хөх өнгийн Тоёота Приус маркийн автомашиныг нэхэмжлэгч М.Г-ын өмчлөлд буцаан шилжүүлэхийг хариуцагч Х.Б ХХК-д даалгаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй хэдий ч фидуцийн хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу шилжсэн *** улсын дугаартай, хөх өнгийн Тоёота Приус маркийн автомашин нь бусдад худалдан борлуулагдсан байгаа тул биет байдлаар буцаах боломжгүй болсон үйл баримт тогтоогдож байна.
14. Нэхэмжлэгч нь зээлийн төлбөрт 4,860,000 төгрөгийг төлсөн талаар зохигчид маргаагүй бөгөөд түүний төлсөн төлбөрийг 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийг дуусталх зээл, хүү, алдангийн төлбөрт тооцож, 2022.06.25-ны байдлаар эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл 6,288,531 төгрөгийн үлдэгдэлтэй байгаагаас илүү төлсөн 7,000 төгрөгийг хасаж, 6,281,531 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэлтэй, 6 сард төлөх 493,000 төгрөгийг 37 хоногоор, 7 сард төлөх 500,000 төгрөгийг 8 хоног хугацаа хэтрүүлсэн гэж тооцоход алданги нь нийт 111,205 төгрөг болно.
15. Иймд нэхэмжлэгчийн зээлийн төлбөр нь 6,281,531 төгрөгөөс дутуу шилжүүлсэн 439,400 төгрөгийг хасаж, алданги 111,205 төгрөгийг нэмж тооцоход 5,953,336 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байхад 2022.08.02-ны өдөр автомашиныг хураан авчээ.
16. Гэрээ байгуулах үед автомашиныг зохигчид 16,000,000 төгрөгийн үнэтэй гэж тохиролцсон гэж нэхэмжлэгч нь уг дүнгээс зээлийн төлбөрт төлөх ёстой төлбөрийн үлдэгдэл 5,082,189 төгрөгийг хасаж, 10,917,811 төгрөг дээр автомашины засвар хийлгэхэд гарсан зардал 1,900,000 төгрөгийг нэмж, нийт 12,817,811 төгрөгийг шаардаж байна.
17. Гэвч шүүхээс гэрээгээр тохиролцсон гэх 16,000,000 төгрөгөөр автомашины үнийг тооцох боломжгүй гэж дүгнэн, шинжээчийн дүгнэлтээр тогтоосон үнэлгээ болох 14,400,000 төгрөгийн үнээс тооцож, зээлийн төлбөрт нэхэмжлэгчийн дутуу төлсөн 5,953,336 төгрөгийг хасаж тооцон 8,446,664 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
18. Автомашиныг өөрийн эзэмшилд байх хугацаандаа засварласан гэх 1,900,000 төгрөг нь тухайн автомашины үнэ цэнийг нэмэгдүүлэх үндэслэл болохгүй бөгөөд ашиглалтын шаардлага хангуулах зорилгоор хийсэн засварын зардлыг хариуцагч төлөх үндэслэлгүй, хариуцагч байгууллага ийм хэмжээний зардлаа хэмнэсэн, үндэслэлгүй хөрөнгөжсөн болох нь тогтоогдохгүй байна.
19. Дээрх үндэслэлээр хариуцагчаас 8,446,664 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М.Гд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,371,147 төгрөги холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
20. Нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүнгээр тооцож улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Х.Б ХХК-иас 8,446,664 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М.Г-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,371,147 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 150,096.60 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ