Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
Хэргийн индекс | 102/2023/03631/И |
Дугаар | 102/ШШ2024/01845 |
Огноо | 2024-04-09 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 102/ШШ2024/01845
2024 оны 04 сарын 09 өдөр | Дугаар 102/ШШ2024/01845 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, *** дугаар хороо, *** дугаар байр, *** тоот хаягт оршин суух, Б овогт Б-гийн Б-,
Хариуцагч: Баянгол дүүрэг, *** дугаар хороо, *** гудамж, өөрийн байранд байрлах, М.О.Х.Н.Н.У.Б.Т.З,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай,
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтөгс, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Ганзориг, Б.Батбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Энхсүх, О.Баясгалан, гэрч Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч М.О.Х.Н.У.Б.Т.З-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хүссэн нэхэмжлэл гаргаж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ. Үүнд:
1.1. У.Б.Т.З нийгэмлэгийн зорчигчийн вагон депогийн засвар хариуцсан орлогч даргаар ажиллаж байсан Б-гийн Б-ийг У.Б.Т.З нийгэмлэг хууль бусаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж ажлаас халсан талаарх гомдлыг гаргаж байна. Өвчтэй байх хугацаанд нь Б.-Бийн ажиллаж байсан ажлын байртай холбогдуулж дотоод аудитын хяналт шалгалт хийж У.Б.Т.З нийгэмлэгийн даргын 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Б/383 дугаар тушаалаар албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Б.Б-т сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Энэхүү тушаал нь хуулийн бодит үндэслэлтэй болж чадаагүй. Түүнийг Ёс зүйн хороонд ёс зүйн зөрчил үйлдсэн, миний хөдөлмөрлөх эрх ашгийг хохироосон ажлын байрны дарамт учруулсан гэж үзэж гомдол гаргасан нэр бүхий 5 ажилтны өргөдөл, гомдол байдаг. Эдгээр 5 ажилтанд хэзээ, ямар, ажлын байрны дарамт, хүчирхийллийг үйлдсэн, ямар байдлаар ажилтны ёс зүйн зөрчлийг гаргасан гэдэг нь энэ хавтаст хэрэгт авагдсан баримтаас нэг ч үйл баримт тогтоогддоггүй. Б.Б гэдэг бол их муухай, харилцааны соёлгүй гэх байдлаар бичсэн зүйлүүд байдаг. Ёс зүйн хорооны гаргасан шийдвэрийг үндэслэн У.Б.Т.З-ын даргын зүгээс сахилгын шийтгэл ногдуулахдаа Хөдөлмөрийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4 дэх заалт буюу албан тушаал бууруулах сахилгын шийтгэлийг ногдуулсан атлаа түүнд ямар албан тушаал бууруулсан талаар байхгүй байдаг. Тэгэхээр аливаа сахилгын шийтгэл гэдэг нь өөрөө бодитоор хэрэгжих, үр нөлөөтэй байдаг. Гэтэл Б.Б-т сар гаруйн хугацааны дараа ажлын байр санал болгосон нь Б.Б-ийг албан тушаал бууруулаагүй, ажлаас нь хууль бусаар халсан гэж үзэх үндэслэл болсон. Б.Б-ийн Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4 дэх заасан сахилгын шийтгэлийг бодитоор ногдуулаагүй, түүний хөдөлмөрлөх эрхтэй холбоотой хууль ёсны ашиг сонирхлыг ноцтойгоор хохироосон үйлдэл болсон гэж үзэхээр байгаа. У.Б.Т.З-ын бол менежментийн нэгдсэн тогтолцоог нэвтрүүлж, байгууллагын удирдлагын ажилтны харилцаа хандлагын талаарх асуудлаар бол олон улсын стандартын түвшинд зөвлөмж, үнэлгээ өгч, тодотгож байсан. Гэтэл Б.Б-ийг 2022 онд засварын салбарын зорчигчийн вагон депогийн ажилтнуудын 92% нь сэтгэл ханамжтай байгууллагын удирдлагын зүгээс үнэлнэ гэсэн үнэлэлт дүгнэлтийг өгсөн байхад түүнийг зан харилцааны асуудалтай гэх байдлаар хандаж байгаа нь хууль ёсны нь дагуу хэлэлцээгүй, Б.Б-ийн ажлын байрыг авахын тулд хүнийг хэлмэгдүүлсэн гэж үзэхээр байна. Б.Б-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахтай холбоотой гаргасан зөрчил гэж үзэж байгаа энэ зөрчлүүдийн аль нь ч тогтоогдоогүй, мөн зөрчил хэзээ гарсан бэ гэдэг тодорхойгүй, 2020 онд болсон явдал юм уу? 2021 онд болсон явдал юм уу? тодорхойгүй зүйлүүдийг ярьж байсан болохыг Сум дүүргийн хөдөлмөрийн маргаан зохицуулах 3 талт хороо дүгнэсэн байдаг. Ажилгүй болсон тушаалыг авч ажилгүйдлийн тэтгэмжийг нийгмийн даатгалын газраас авах хүсэлт гаргахад Нийгмийн даатгалын байгууллага Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйл болон 80 дугаар зүйлийн холбогдох заалтаар хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг тусгаагүй учраас ажилгүйдлийн тэтгэмж олгоогүй. Б.Б хууль бусаар ажлаас халагдаад мөн нийгмийн даатгалын сангаас олгодог ажилгүйдлийн тэтгэмж авах эрхээ хүртэл алдсан. У.Б.Т.З-ын нийгэмлэг хөдөлмөрийн гэрээгээ хууль бусаар цуцалж, амьжиргааных нь гол эх үүсвэр болсон цалин хөлсийг зогсоосон. Зорчигчийн вагон депогийн засвар эрхэлсэн орлогч даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамны сайдын 2021 оны А192 тушаал буюу дундаж цалин хөлс тодорхойлох аргачлалын дагуу Б.Б нь сүүлийн ажилласан 3 сар нь 2023 оны 2,4,5 дугаар саруудад ажилласан. Энэ хугацаанд түүнд олгогдсон цалин хөлснөөс хөдөлмөрийн чадвар алдалтын чадвар тэтгэмж, мөн унааны хөнгөлөлтийг хасаж, дундаж цалин хөлсийг тодорхойлоход түүний нэг өдрийн цалин хөлс нь 278,379 төгрөг болсон. 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс хойш ажилгүй байсан ажлын өдрүүдийг тооцуулахад 226 өдөр ажилгүй байж нийт ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 62,913,654 төгрөг болж байгаа гэв.
2. Хариуцагч М.О.Х.Н.Н.У.Б.Т.З нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна. Татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:
2.1. У.Б.Т.З ХНН-ийн Зорчигчийн вагон депогийн 5 ажилтнаас У.Б.Т.З ХНН-ийн даргад хандан нэхэмжлэгч Б.Б-ийн ёс зүйн асуудлаар гомдлууд гаргасан. У.Б.Т.З-ын дарга гомдлыг нийгэмлэгийн Ёс зүйн хороонд шилжүүлж зохих арга хэмжээ авахыг даалгасан. Ёс зүйн хорооноос гомдлыг хүлээн аваад 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 01/01 тоот албан бичгээр Дотоод аудит, хяналт шалгалтын албанд хандан гомдолд дурдсан асуудлаар шалгалт хийлгүүлэх хүсэлтийг хүргүүлсэн. Улмаар У.Б.Т.З-ын даргын 2023.03.13-ны өдрийн ТБ-23/01/06 тоот төлөвлөгөөт бус шалгалтын удирдамж батлагдаж Зорчигчийн вагон депогийн засвар хариуцсан орлогч дарга Б.Б-тэй холбоотой асуудлаар хяналт шалгалтыг явуулсан. Дотоод аудит, хяналт шалгалтын алба шалгалтаар дараах байдлуудыг тогтоосон байна. Зорчигчийн вагон депогийн засвар хариуцсан орлогч дарга Б.Б нь ажилчдын гаргасан алдаа дутагдлыг илрүүлсэн гэх нэрийдлээр тайлбар, тодорхойлолтыг бичүүлж авдаг бөгөөд тухайн ажилтанд холбогдох арга хэмжээ авах талаар санал гаргадаггүй, тухайн авсан тайлбараа юунд ашиглах нь тодорхой бус; Хөдөлмөрийн дотоод журмын 7.2.2-т ажил үүрэг гүйцэтгэхдээ захирах, захирагдах ёсыг баримтлан бусадтай соёлтой харилцах, нийгэмлэгийн ажилтны ёс зүйн хэм хэмжээг мөрдөх, 7.2.15-д ажилтан нь бусад ажилтан болон ажил үүргийн хувьд хамаарч буй бусад этгээдэд ажлын байрны дарамт учруулахгүй байх, 13.1-т ажилтан ажил, албаны эрх үүргээ хэрэгжүүлэхдээ ажлын байранд биеэ зөв боловсон авч явах, ажлын хамт олон болон бусадтай харилцахдаа ёс зүйн хэм хэмжээг эрхэмлэнэ гэснийг, Хөдөлмөрийн гэрээний 3.2.1-т ажил үүргээ гүйцэтгэхдээ захирах, захирагдах ёсыг баримтлан бусадтай соёлтой харилцах, нийгэмлэгээс тогтоосон болон мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг сахиж ажиллах, 3.2.11-т ажилтан нь бусад ажилтан болон албан үүргийн хувьд хамаарч буй бусад этгээдэд ажлын байрны дарамт учруулахгүй байх, хүний эрх ба эрх чөлөөг хүндэтгэх, 3.2.12-т удирдах албан тушаалтны хувьд шууд захирагдах болон бусад ажилтанд ажил үүргээ гүйцэтгэхэд нь зориулж мэргэжил арга зүйн зөвлөгөө, тусламж үзүүлэх, үлгэрлэн манлайлах гэж заасныг тус тус зөрчсөн байна гэж дүгнэлт гарсан. Мөн ажилчдаас тайлбар, тодорхойлолт байнга шаардан авдаг, хамтран ажилладаг цехийн мастеруудын санал бодлыг сонсдоггүй, хүлээн авдаггүй, зөвхөн өөрийн хүсэл сонирхлыг тулгадаг, ажлын байрыг нь өөрчилнө гэж дарамт үзүүлдэг, хамтран ажиллахад хүндрэлтэй, зан ааш муутай талаар ажилтнууд мэдүүлсэн ба 2023.03.15-ны өдрийн байдлаар 83 ширхэг тайлбар, тодорхойлолт бичүүлэн авч хадгалсан байдалтай байсан. Дотоод аудит, хяналт шалгалтын албанаас гаргасан дүгнэлтийг үндэслэн Ёс зүйн хороо асуудлыг хэлэлцэж, нэхэмжлэгч Б.Б нь ёс зүйн зөрчил гаргасан, ажлын байрны дарамт учруулсан байна гэж үзээд Ёс зүйн хорооны 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 01/23 тоот дүгнэлт гаргасан. Ёс зүйн хорооны 2023.04.26-ны өдрийн 01/23 тоот дүгнэлтийг үндэслэн Замын даргын 2023.05.17-ны өдрийн Б-2-83 дугаар тушаалаар нэхэмжлэгч Б.Б-т Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4-т заасан албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Ажилтнуудаас ёс зүйн асуудалтай холбоотой гаргасан гомдлыг Ёс зүйн хорооноос хэлэлцээд зөрчил гаргасан гэж үзэн дүгнэлт гаргасан тул ажил олгогчоос зөрчилд тохирох арга хэмжээг авсан нь үндэслэлтэй ба хууль зөрчөөгүй болно. Б.Б-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй байна. У.Б.Т.З-ын даргын сахилгын шийтгэл ногдуулсан 2023.05.17-ны өдрийн Б-2- 83 дугаар тушаалыг үндэслэлгүй гэж үзээд гомдол гаргасан эсэх, эсхүл Ёс зүйн хорооны дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа эсэх нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхой бус, ойлгомжгүй байх тул хариу тайлбарыг ерөнхий байдлаар нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийн хэмжээнд гаргасан болно. Иймд Б.Б-ийн ёс зүйн зөрчил нь У.Б.Т.З-ын Дотоод аудит, хяналт шалгалтын албаны шалгалт, Ёс зүйн хорооны дүгнэлт зэргээр бүрэн нотлогдсон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Ёс зүйн хороо гэдэг нь хэний ч хараат бусаар зөвхөн хуралдаж асуудлыг шийдвэрлэдэг. Тухайн ёс зүйн хорооноос Б.Б-ийг ажилтнуудыг дарамталдаг, эрхшээлдээ байлгах арга хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг гэдгийг тогтоосон. Аливаа нэг шийдвэр гаргаагүй асуудлаар байр сууриа илэрхийлэхгүй байхыг удирдах ажилтнуудад үүрэг болгосон байдаг. У.Б.Т.З-ын ажилтнуудад мэдэгдэхгүйгээр зөвхөн Ёс зүйн хороо Б.Б-ийг гомдол гаргасан тавхан хүнийг дуудаад энэ хурлыг хийх гэж байхад маргааш өглөө нь бүх ажилчдаа цуглуулаад эд нар намайг ажлаас халуулахаар матсан байна, би өнөөдөр ажлаас халагдаж байна гэж ажилтнуудад зарласан байгаа. Тушаалын хувьд 123.2.4-т зааснаар албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулж байгаа. Тухайн ажилтныг ажил хөдөлмөр эрхлэлтийг зогсоох, ажил амьдралгүй болгох гэдэг зорилго тавиагүй. Менежментийн нэгдсэн тогтолцооны жилийн 2022 онд боловсон хүчний хомсдолд Монгол Улс даяар орж байгаа. Тийм учраас бид нар ажлаас халах сахилгын шийтгэл шууд гаргахгүй, албан тушаал бууруулах, ажил орлогыг нь таслахгүй байх шийдвэрийг гаргадаг. Тухайн этгээд дараагийн албан тушаалд томилогдохын оронд бол хөдөлмөрийн маргаан таслах комисс, шүүх гээд гомдол гаргаад өөрөө энэ асуудал дээр хохироод явж байгаа. У.Б.Т.З шүүхийн шийдвэр яаж гарснаас үл хамаараад энэ хүнийг хүний нөөцийн мэдэлд шилжүүлчихсэн байгаа. Энэ хүн өөрөө дахиж бусдыг дарамталж, эрхшээлдээ оруулахгүйгээр ажиллаж чадна гэдэг баталгаагаа бичиж өгөөд дараагийн ажил албан тушаал авах эрх нь нээлттэй гэв.
3. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхний хуулбар, У.Б.Т.З-ын даргын 2023.05.17-ны өдрийн Б/2/83 тоот Б.Б-т албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, У.Б.Т.З-ын Ёс зүйн хорооны 2023.04.26-ны өдрийн 01/23 тоот дүгнэлт, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, У.Б.Т.З-ын хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны 2023.05.31-ний өдрийн 2023/31 тоот тэмдэглэл, Баянгол дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2023.06.29-ний өдрийн 33 тоот тэмдэглэл, Б.Б-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэргийг гаргаж өгөв.
Хариуцагчаас У.Б.Т.З-ын Ёс зүйн хорооны 2023.03.09-ний өдрийн шалгалт хийх тухай албан тоот, 2023.03.13-ны өдрийн 23/01/06 тоот Төлөвлөгөөт бус шалгалтын удирдамж, 2023.03.15-ны өдрийн Төлөвлөгөөт бус шалгалтын тайлан, 2023.03.15-ны өдрийн С.Б-ын тайлбар, Г.М-ын тайлбар, О.Э-ын тайлбар, Г.Га-ын тайлбар, Б.Б-ийн тайлбар, У.Б.Т.З-ын даргын 2023.05.016-ны өдрийн А/450 тоот Эрх олгох тухай тушаал,У.Б.Т.З-ын Хүний нөөцийн албаны 2023.06.05-ны өдрийн 18/188 тоот ажлын байрны санал, У.Б.Т.З нийгэмлэгийн дүрэм, У.Б.Т.З-ын Зорчигчийн вагон депогийн 2023.05.26-ны өдрийн 30/844 тоот албан бичиг, У.Б.Т.З-ын даргын 2018.04.06-ны өдрийн А-157 тоот тушаал, Удирдах ажилтны Ёс зүйн дүрэм, У.Б.Т.З-ын даргын 2022.07.08-ны өдрийн А/560 тоот тушаал, У.Б.Т.З-ын хөдөлмөрийн дотоод журам, У.Б.Т.З-ын даргад гаргасан Б.Б, О.Э, С.Б, Г.М, Г.Г нарын өргөдөл, У.Б.Т.З-ын Ёс зүйн хорооны 2023.04.28-ны өдрийн 01/06 тоот Дүгнэлт хүргүүлэх тухай албан бичиг, Шугам зам пэйж хуудаст Б.Б-ийн бичсэн 2 нийтлэл зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын хүсэлтээр хариуцагчаас У.Б.Т.З-ын даргын 2018.11.06-ны өдрийн А-501 тоот тушаал, У.Б.Т.З ХНН-ийн Дотоод аудит, хяналтын албаны дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журам, У.Б.Т.З-ын Ёс зүйн хорооны хурлын 2023.04.26-ны өдрийн 23/05 тоот тэмдэглэл, Г.М-ын 2023.04.25-ны Ёс зүйн хороонд гаргасан гомдол, Г.Г-ын 2023.04.25-ны Ёс зүйн хороонд гаргасан тайлбар, У.Б.Т.З-ын даргын 2023.04.17-ны өдрийн Б/1/267 тоот Г.М-т ажил, албан тушаал хавсран гүйцэтгүүлэх тухай тушаал, У.Б.Т.З-ын даргын 2023.06.06-ны өдрийн Б/1/356 тоот Г.М-ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, ажилд авах тухай тушаал, Б.Б-ийн цалингийн картыг нотлох баримтаар гаргуулж, хариуцагч талын хүсэлтээр Ж.Б-оос гэрчийн мэдүүлэг авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч М.О.Х.Н.У.Б.Т.З-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хүссэн нэхэмжлэл гаргаж, дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
2.1. Өвчтэй байх хугацаанд нь Б.Б-ийн ажиллаж байсан ажлын байртай холбогдуулж дотоод аудитын хяналт шалгалт хийж У.Б.Т.З нийгэмлэгийн даргын 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Б/383 дугаар тушаалаар албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Б.Б-т сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Энэхүү тушаал нь хуулийн бодит үндэслэлтэй болж чадаагүй. Түүнийг Ёс зүйн хороонд ёс зүйн зөрчил үйлдсэн, миний хөдөлмөрлөх эрх ашгийг хохироосон ажлын байрны дарамт учруулсан гэж үзэж гомдол гаргасан нэр бүхий 5 ажилтны өргөдөл, гомдол байдаг. Эдгээр 5 ажилтанд хэзээ, ямар, ажлын байрны дарамт, хүчирхийллийг үйлдсэн, ямар байдлаар ажилтны ёс зүйн зөрчлийг гаргасан гэдэг нь энэ хавтаст хэрэгт авагдсан баримтаас нэг ч үйл баримт тогтоогддоггүй. Ёс зүйн хорооны гаргасан шийдвэрийг үндэслэн У.Б.Т.З-ын даргын зүгээс сахилгын шийтгэл ногдуулахдаа Хөдөлмөрийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4 дэх заалт буюу албан тушаал бууруулах сахилгын шийтгэлийг ногдуулсан атлаа түүнд ямар албан тушаал бууруулсан талаар байхгүй. Б.Б-ийн ажлын байрыг авахын тулд хүнийг хэлмэгдүүлсэн гэж үзэхээр байна. Б.Б-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахтай холбоотой гаргасан зөрчил гэж үзэж байгаа энэ зөрчлүүдийн аль нь ч тогтоогдоогүй, мөн зөрчил хэзээ гарсан бэ гэдэг тодорхойгүй, 2020 онд болсон явдал юм уу? 2021 онд болсон явдал юм уу? тодорхойгүй зүйлүүдийг ярьж байсан болохыг Сум дүүргийн хөдөлмөрийн маргаан зохицуулах 3 талт хороо дүгнэсэн байдаг. Иймд Зорчигчийн вагон депогийн засвар эрхэлсэн орлогч даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамны сайдын 2021 оны А192 тушаал буюу дундаж цалин хөлс тодорхойлох аргачлалын дагуу Б.Б нь сүүлийн ажилласан 3 сар нь 2023 оны 2,4,5 дугаар саруудад ажилласан. Энэ хугацаанд түүнд олгогдсон цалин хөлснөөс хөдөлмөрийн чадвар алдалтын чадвар тэтгэмж, мөн унааны хөнгөлөлтийг хасаж, дундаж цалин хөлсийг тодорхойлоход түүний нэг өдрийн цалин хөлс нь 278,379 төгрөг болсон. 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс хойш ажилгүй байсан ажлын өдрүүдийг тооцуулахад 226 өдөр ажилгүй байж нийт ажилгүй байсан хугацааны цалин хөлс 62,913,654 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргав. Үүнд:
3.1.У.Б.Т.З ХНН-ийн Зорчигчийн вагон депогийн 5 ажилтнаас У.Б.Т.З ХНН-ийн даргад хандан нэхэмжлэгч Б.Б-ийн ёс зүйн асуудлаар гомдлууд гаргасан. У.Б.Т.З-ын дарга гомдлыг нийгэмлэгийн Ёс зүйн хороонд шилжүүлж зохих арга хэмжээ авахыг даалгасан. Ёс зүйн хорооноос гомдлыг хүлээн аваад 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 01/01 тоот албан бичгээр Дотоод аудит, хяналт шалгалтын албанд хандан гомдолд дурдсан асуудлаар шалгалт хийлгүүлэх хүсэлтийг хүргүүлсэн. Улмаар У.Б.Т.З-ын даргын 2023.03.13-ны өдрийн ТБ-23/01/06 тоот төлөвлөгөөт бус шалгалтын удирдамж батлагдаж Зорчигчийн вагон депогийн засвар хариуцсан орлогч дарга Б.Б-тэй холбоотой асуудлаар хяналт шалгалтыг явуулсан. Дотоод аудит, хяналт шалгалтын алба шалгалтаар дараах байдлуудыг тогтоосон байна. Зорчигчийн вагон депогийн засвар хариуцсан орлогч дарга Б.Б нь ажилчдын гаргасан алдаа дутагдлыг илрүүлсэн гэх нэрийдлээр тайлбар, тодорхойлолтыг бичүүлж авдаг бөгөөд тухайн ажилтанд холбогдох арга хэмжээ авах талаар санал гаргадаггүй, тухайн авсан тайлбараа юунд ашиглах нь тодорхой бус; Хөдөлмөрийн дотоод журмын 7.2.2-т ажил үүрэг гүйцэтгэхдээ захирах, захирагдах ёсыг баримтлан бусадтай соёлтой харилцах, нийгэмлэгийн ажилтны ёс зүйн хэм хэмжээг мөрдөх, 7.2.15-д ажилтан нь бусад ажилтан болон ажил үүргийн хувьд хамаарч буй бусад этгээдэд ажлын байрны дарамт учруулахгүй байх, 13.1-т ажилтан ажил, албаны эрх үүргээ хэрэгжүүлэхдээ ажлын байранд биеэ зөв боловсон авч явах, ажлын хамт олон болон бусадтай харилцахдаа ёс зүйн хэм хэмжээг эрхэмлэнэ гэснийг, Хөдөлмөрийн гэрээний 3.2.1-т ажил үүргээ гүйцэтгэхдээ захирах, захирагдах ёсыг баримтлан бусадтай соёлтой харилцах, нийгэмлэгээс тогтоосон болон мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг сахиж ажиллах, 3.2.11-т ажилтан нь бусад ажилтан болон албан үүргийн хувьд хамаарч буй бусад этгээдэд ажлын байрны дарамт учруулахгүй байх, хүний эрх ба эрх чөлөөг хүндэтгэх, 3.2.12-т удирдах албан тушаалтны хувьд шууд захирагдах болон бусад ажилтанд ажил үүргээ гүйцэтгэхэд нь зориулж мэргэжил арга зүйн зөвлөгөө, тусламж үзүүлэх, үлгэрлэн манлайлах гэж заасныг тус тус зөрчсөн байна гэж дүгнэлт гарсан. Мөн ажилчдаас тайлбар, тодорхойлолт байнга шаардан авдаг, хамтран ажилладаг цехийн мастеруудын санал бодлыг сонсдоггүй, хүлээн авдаггүй, зөвхөн өөрийн хүсэл сонирхлыг тулгадаг, ажлын байрыг нь өөрчилнө гэж дарамт үзүүлдэг, хамтран ажиллахад хүндрэлтэй, зан ааш муутай талаар ажилтнууд мэдүүлсэн ба 2023.03.15-ны өдрийн байдлаар 83 ширхэг тайлбар, тодорхойлолт бичүүлэн авч хадгалсан байдалтай байсан. Дотоод аудит, хяналт шалгалтын албанаас гаргасан дүгнэлтийг үндэслэн Ёс зүйн хороо асуудлыг хэлэлцэж, нэхэмжлэгч Б.Б нь ёс зүйн зөрчил гаргасан, ажлын байрны дарамт учруулсан байна гэж үзээд Ёс зүйн хорооны 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 01/23 тоот дүгнэлт гаргасан. Ёс зүйн хорооны 2023.04.26-ны өдрийн 01/23 тоот дүгнэлтийг үндэслэн Замын даргын 2023.05.17-ны өдрийн Б-2-83 дугаар тушаалаар нэхэмжлэгч Б.Б-т Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4-т заасан албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Ажилтнуудаас ёс зүйн асуудалтай холбоотой гаргасан гомдлыг Ёс зүйн хорооноос хэлэлцээд зөрчил гаргасан гэж үзэн дүгнэлт гаргасан тул ажил олгогчоос зөрчилд тохирох арга хэмжээг авсан нь үндэслэлтэй ба хууль зөрчөөгүй болно.Иймд Б.Б-ийн ёс зүйн зөрчил нь У.Б.Т.З-ын Дотоод аудит, хяналт шалгалтын албаны шалгалт, Ёс зүйн хорооны дүгнэлт зэргээр бүрэн нотлогдсон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар У.Б.Т.З-ын даргын 2023.05.17-ны өдрийн Б/2/83 тоот Б.Б-т албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, У.Б.Т.З-ын Ёс зүйн хорооны 2023.04.26-ны өдрийн 01/23 тоот дүгнэлт, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, У.Б.Т.З-ын хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны 2023.05.31-ний өдрийн 2023/31 тоот тэмдэглэл, Баянгол дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2023.06.29-ний өдрийн 33 тоот тэмдэглэл, Б.Б-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, У.Б.Т.З-ын Ёс зүйн хорооны 2023.03.09-ний өдрийн шалгалт хийх тухай албан тоот, 2023.03.13-ны өдрийн 23/01/06 тоот Төлөвлөгөөт бус шалгалтын удирдамж, 2023.03.15-ны өдрийн Төлөвлөгөөт бус шалгалтын тайлан, 2023.03.15-ны өдрийн С.Б-ын тайлбар, Г.М-ын тайлбар, О.Э-ын тайлбар, Г.Г-ын тайлбар, Б.Б-ийн тайлбар, У.Б.Т.З-ын даргын 2023.05.016-ны өдрийн А/450 тоот Эрх олгох тухай тушаал,У.Б.Т.З-ын Хүний нөөцийн албаны 2023.06.05-ны өдрийн 18/188 тоот ажлын байрны санал, У.Б.Т.З нийгэмлэгийн дүрэм, У.Б.Т.З-ын Зорчигчийн вагон депогийн 2023.05.26-ны өдрийн 30/844 тоот албан бичиг, У.Б.Т.З-ын даргын 2018.04.06-ны өдрийн А-157 тоот тушаал, Удирдах ажилтны Ёс зүйн дүрэм, У.Б.Т.З-ын даргын 2022.07.08-ны өдрийн А/560 тоот тушаал, У.Б.Т.З-ын хөдөлмөрийн дотоод журам, У.Б.Т.З-ын даргад гаргасан Б.Ба, О.Э, С.Б, Г.М, Г.Г нарын өргөдөл, У.Б.Т.З-ын Ёс зүйн хорооны 2023.04.28-ны өдрийн 01/06 тоот Дүгнэлт хүргүүлэх тухай албан бичиг, Шугам зам пэйж хуудаст Б.Б-ийн бичсэн 2 нийтлэл, У.Б.Т.З-ын даргын 2018.11.06-ны өдрийн А-501 тоот тушаал, У.Б.Т.З ХНН-ийн Дотоод аудит, хяналтын албаны дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журам, У.Б.Т.З-ын Ёс зүйн хорооны хурлын 2023.04.26-ны өдрийн 23/05 тоот тэмдэглэл, Г.М-ын 2023.04.25-ны Ёс зүйн хороонд гаргасан гомдол, Г.Г-ын 2023.04.25-ны Ёс зүйн хороонд гаргасан тайлбар, У.Б.Т.З-ын даргын 2023.04.17-ны өдрийн Б/1/267 тоот Г.Мт ажил, албан тушаал хавсран гүйцэтгүүлэх тухай тушаал, У.Б.Т.З-ын даргын 2023.06.06-ны өдрийн Б/1/356 тоот Г.М-ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, ажилд авах тухай тушаал, Б.Б-ийн цалингийн карт, гэрч Ж.Бын мэдүүлэг, зохигчийн тайлбар зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5. М.О.Х.Н.Н.У.Б.Т.З-ын даргын 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Б/2/83 тоот тушаалаар Зорчигийн вагон депогийн засвар хариуцсан орлогч дарга Б.Б-ийг Удирдах ажилтны Ёс зүйн дүрмийн 2.1, Хөдөлмөрийн дотоод журмын 13.2.1-д заасан ёс зүйн хэм хэмжээг тус тус зөрчсөн тул 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс албан тушаалаас бууруулах сахилгын шийтгэл ногдуулж, Хүний нөөцийн албанд шилжүүлжээ.
Уг тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар үйлийн 83.1, 83.3, 123 дугаар зүйлийн 123.2.4, хувь нийлүүлсэн нийгэмлэг У.Б.Т.З-ын дүрмийн 22 дугаар зүйлийн а, 2 заалтууд, хувь нийлүүлсэн нийгэмлэг У.Б.Т.З-ын Ёс зүйн хорооны дүгнэлтийг тус тус удирдлага болгон гаргасан байна.
6. Нэхэмжлэгч нь дээрх тушаалыг хууль бус гэж үзэж, албан тушаал буруулсныг ажлаас чөлөөлсөнтэй адилтган, аливаа хэлбэрээр хөдөлмөрийн сахилгын болон чё зүйн зөрчил гаргаагүй, зохион байгуулалттайгаар гүтгэж, ажлын байранд өөрийн хүнийг томилохын тулд албан тушаал бууруулах шийтгэл ногдуулсан гэж маргасан.
7. Хариуцагч нь нэхэмжлэгчийг нийгэмлэгийн Удирдах ажилтны Ёс зүйн дүрэм, Хөдөлмөрийн дотоод журмын хориглосон хэм хэмжээг зөрчсөн, шууд удирдлагад нь ажилладаг цехийн мастеруудаас ажлын байрны дарамт учруулдаг талаар гомдол ирж, гараагүй байгаа шийдвэрийг нийтэд мэдээлсэн, хувь хүний хуулиар хамгаалагдсан мэдээллийг нийтэд тарааж, боловсролын байдлаар нь доромжилсон болох нь Дотоод аудит, хяналт шалгалтаар тогтоогдож, Ёс зүйн хорооны хурлаас ёс зүйн зөрчил гаргасан гэсэн дүгнэлт гарсан тул хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан ч ажлаас халах биш албан тушаал бууруулах хариуцлага тооцсон нь үндэслэлтэй гэж маргаж байна.
8. Нэхэмжлэгч Б.Б нь Шугам зам фэйсбүүкийн группт ... Зарим нэг албан тушаалтан нь хамаарал бүхий хүмүүстэй давуу байдал бий болгож ажил албан тушаалд томилох зорилгоор замын удирдлагуудад хувь хүний болон хариуцсан ажил байдлын талаар буруу ташаа худал ойлголтыг өгч ажилтнаа дарамталсан шахсан увайгүй үйлдлүүд нь хэрээс хэтэрч байна..., ...Би өмнө нь зарим нэг албан тушаалтнууд бусдад давуу байдлыг бий болгож, өөрийн хамаарал бүхий хүнийг албан тушаалд томилох гэж байгаа тухай бичиж байсан. Тэгүүл өнөөдөр тэр хүн нь намайг орлон ажиллаж байгаа хүнийг байсаар байтал даргын тушаалтай томилогдоод ажиллаад эхэлсэн байх м. 4 үгний 3-ыг нь алдаатай бичдэг (ЗОХОЛТ СОГОН ШАЛГАРУУЛТАН ОРУУЛАХ) гэх мэт, бичиг үсгийн чадваргүй, туршлагагүй хүн яаж томилгоо авч залуус бидний боломжийг хулгайлж чадаад байнаа. Энэ мэт шударга биш байдал нь ажилчдыг шантрах, ажлаас гарах шалтгаан болж байгааг удирдлага мэдэж байгаа гэдэгт итгэж байна. Бас томилогдож ирсэн хүн нь хаана боловсрол эзэмшсэн тодорхойгүй байгаа учир шалгуулах хүсэлтэй байгаагаа энд хэлчихье гэсэн пост нийтэлсэн байх бөгөөд энэхүү постыг бичсэн талаар нэхэмжлэгч маргаагүй.
9. У.Б.Т.З-ын Ёс зүйн хорооны 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 01/01 тоот албан бичгээр Дотоод аудит, хяналт шалгалтын албанд Зорчигчийн вагон депогийн засвар хариуцсан орлогч дарга Б.Бтэй холбоотой ёс зүйн асуудлаар гомдол ирсэн тул тус асуудлыг шалгах ажлыг зохион байгуулахыг мэдэгдсэн байна.
Энэхүү албан тоотын дагуу 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн ТБ-23/01/06 тоот У.Б.Т.З-ын даргын баталсан Төлөвлөгөөт бус шалгалтын удирдамжийн дагуу Б.Бтэй холбоотой гомдолд шалгалт явуулахаар болжээ.
Улмаар Дотоод аудит, хяналт шалгалтын албаны Дотоод хяналт шалгалтын байцаагч Ж.Б шалгалт явуулж, нэхэмжлэгчийн шууд удирдлагад харъяалагддаг С.Б, Г.М, О.Э, Г.Г, Б.Ба нарын 5 цехийн мастераас ...хүний үг хүлээн авдаггүй, өөрийн байр суурийг зөв мэт тулгадаг, ямар нэг асуудал гарах бүрт тайлбар, тодорхойлолт бичүүлдэг, чи ажлаа мэддэггүй, хийдэггүй, чиний ажлыг би хийж байна, чамайг солино гэж дарамталдаг... гэх агуулга бүхий тайлбарыг 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр гаргаж, 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр төлөвлөгөөт бус шалгалтын тайлан гаргасан байна.
10. У.Б.Т.З-ын Ёс зүйн хороо нь 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хуралдаж, гомдолд нэр холбогдогч Б.Б, гомдол гаргагч Б.Ба, О.Э, С.Б, Г.М, Г.Г нарыг оролцуулан хуралдаж, Зорчигчийн вагон депогийн засвар хариуцсан орлогч дарга Б.Б нь нийгэмлэгийн Удирдах ажилтны ёс зүйн дүрэм-ийн 2.1.5-д аливаа дүгнэлт, шийдвэрийг бодит байдалд тулгуурлан... хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг задруулахгүй... албан ёсны шийдвэр гараагүй аливаа асуудлын талаар байр сууриа илэрхийлэхгүй байх..., У.Б.Т.З ХНН-ийн Хөдөлмөрийн дотоод журам-ын 13.2.1-д ажил үүргээ гүйцэтгэх, албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хамтран ажиллагсадтайгаа эелдэг, адил тэгш, хүлээцтэй, хүндэтгэлтэй харьцаж, ажлын байрандаа нөхөрсөг, нээлттэй, эерэг уур амьсгал бүрдүүлэн хамтран ажиллах гэснийг баримтлан ажиллаагүй, 13.3.2-т ...хамтран ажиллагсадтайгаа харилцахдаа ...бусдыг дарамтлах, ...эрхшээлдээ байлгахыг оролдох, нэр хүндийг унагаах..-ыг хориглоно гэсэн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн байна гэж үзэж, гаргасан дүгнэлтийг Замын даргад танилцуулахаар шийдвэрлэжээ.
11. Хэрэгт авагдсан цалингийн карт, зохигчдын тайлбараар нэхэмжлэгч Б.Б нь 2023 оны 3 сард эрүүл мэндийн шалтгаанаар ажиллаагүй, 4 сард ажлын 4 өдөр ажилласан байх ба Замын даргын 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн Б/1/267 тоот тушаалаар Б.Б-ийн өвчтэй байх хугацаанд сургалт хариуцсан инженер Г.М-аар түүний үүрэгт ажлыг хавсран гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, замын даргын 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн Б/1/356 дугаар тушаалаар Г.Мыг Зорчигчийн вагон депогийн Засвар хариуцсан орлогч даргаар томилсон байна.
12. Удирдах ажилтны ёс зүйн дүрмийн 3.1-т хөдөлмөрийн хууль болон бусад хууль тогтоомж, Хөдөлмөрийн дотоод журам, түүнд нийцүүлэн гаргасан эрх зүйн бусад акт болон энэхүү дүрмийн 2.1-д заасан хэм хэмжээг зөрчсөн УБТЗ ХНН-ийн удирдах ажилтны үйлдэл, эс үйлдэхүй нь зохих журмын дагуу хийсэн шалгалтаар тогтоогдсон бол ёс зүйн зөрчлийн шинж байдал, хор уршиг, нийгэм болон байгууллагад учруулсан хохирлын хэмжээ, анх буюу давтан үйлдсэн зэргийг харгалзан түүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйл, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт зааснаар сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болно., 3.2-т Замын даргын буюу УБТЗ ХНН-ийн замын даргын тушаалаар томилогддог ажилтнуудын хувьд энэхүү дүрмийг зөрчсөн нь тогтоогдсон бол Ёс зүйн хорооны дүгнэлтийг үндэслэн сахилгын шийтгэл ногдуулсан тухай УБТЗ ХНН-ийн замын даргын шийдвэр гарна... гэж, Хөдөлмөрийн дотоод журмын 14.1-д Хөдөлмөрийн тухай хууль болон Төмөр замын тээврийн тухай хууль, Төмөр замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан төмөр замын нийтлэг багц дүрэм, энэхүү Журам, Нийгэмлэгийн бусад хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ болно хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно, 14.2-т Сахилгын зөрчил гаргасан ажилтанд зөрчлийн шинж байдал, хор уршиг, үр дагавар зэргийг харгалзан эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэл ногдуулна. Үүнд: 14.2.4. албан тушаал бууруулах ... гэж тус тус заажээ.
13. Шүүхээс нэхэмжлэгчийн бичсэн пост, мастеруудын гаргасан тайлбар зэргээр нэхэмжлэгчийг У.Б.Т.З нийгэмлэгийн Удирдах ажилтны ёс зүйн дүрмийн 2.1.5-д аливаа дүгнэлт, шийдвэрийг бодит байдалд тулгуурлан... хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг задруулахгүй... албан ёсны шийдвэр гараагүй аливаа асуудлын талаар байр сууриа илэрхийлэхгүй байх..., Хөдөлмөрийн дотоод журмын 13.2.1-д ажил үүргээ гүйцэтгэх, албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хамтран ажиллагсадтайгаа эелдэг, адил тэгш, хүлээцтэй, хүндэтгэлтэй харьцаж, ажлын байрандаа нөхөрсөг, нээлттэй, эерэг уур амьсгал бүрдүүлэн хамтран ажиллах гэснийг баримтлан ажиллаагүй, 13.3.2-т ...хамтран ажиллагсадтайгаа харилцахдаа ...бусдыг дарамтлах, ...эрхшээлдээ байлгахыг оролдох, нэр хүндийг унагаах..-ыг хориглоно гэсэн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн болох нь тогтоогдсон байна гэж дүгнэлээ.
14. Гэвч түүнд албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан М.О.Х.Н.Н.У.Б.Т.З-ын даргын 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Б/2/83 тоот тушаалыг Монгол-зөвлөлтийн хувь нийлүүлсэн У.Б.Т.З нийгэмлэгийн дүрмийн 22-д Замын даргад дараах эрхүүд олгоно. Үүнд: з/ ажилчин, албан хаагчдыг ажилд авах ба халах; и/ замын ажилчин албан хаагчдад УБТЗ-ын дотоод дүрэм, ажилчин албан хаагчдын сахилга батын дүрэмд тогтоосон ёсоор урамшуулах ба сахилга журмын шийтгэл ногдуулах арга хэмжээнүүдийг авах; гэсэн эрх олгосон ба дүрмийн 23-т замын даргын үүргүүдийг тодорхойлж, 24-т Замын орлогч дарга нь замын даргаас өөрийн хариуцсан үүрэгт ажлаа гүйцэтгэхэд нь туслах ба нийгэмлэгийн ерөнхий хорооноос тогтоосон эрхийн дотор ажлаа явуулна. Замын даргыг эзгүйд 1-р орлогч дарга нь түүний үүргийг бүрэн хариуцаж биелүүлнэ гэж заасантай нийцээгүй байна гэж үзлээ.
15. Учир нь Б.Б нь У.Б.Т.З-ын даргын тушаалаар ажилд авдаг албан тушаалд ажиллаж байсан тул Удирдах ажилтны Ёс зүйн дүрэм, У.Б.Т.З нийгэмлэгийн дүрэмд зааснаар түүнд сахилгын шийтгэл ногдуулах эрх бүхий этгээд нь У.Б.Т.З-ын дарга байх ба 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Б/2/83 тоот тушаалыг Замын 1 дүгээр орлогч дарга гаргасан байна. Замын 1 дүгээр орлогч даргад 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн А/450 тоот тушаалаар эрх олгохдоо 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 5 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл санхүү болон төлбөрийн баримтад гарын үсэг зурах эрх олгож, өдөр тутмын ажлыг шуурхай удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг даалгажээ.
16. У.Б.Т.З-ын 1 дүгээр орлогч дарга нь тушаалаар болон дүрмээр өөрт олгогдоогүй эрх эдэлж, удирдах ажилтанд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан байх тул түүний гаргасан шийдвэрийг хууль бус гэж дүгнэж, нэхэмжлэгч Б.Б-ийг Зорчигчийн вагон депогийн Засвар хариуцсан орлогч даргын албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна.
17. Нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоож байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасны дагуу 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулан авахаар шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч нь нэг өдрийн цалингаа 278,379 төгрөг, нийт 226 ажлын өдрөөр тооцож 62,913,654 төгрөгийн цалин хөлс гаргуулахаар шаардаж байна.
18. Ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/192 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2.3-т ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно гэж заасан.
Гэвч нэхэмжлэгч нь сүүлийн 3 сарын хугацаанд эрүүл мэндийн шалтгаанаар ажил үүргээ бүрэн гүйцэтгээгүй байх тул түүний 2, 4, 5 сарын ажилласан хоногоор 3 сарын дундаж цалинг тооцох нь дээрх журамд харшлахгүй гэж үзэж, мөн унаа, хоолны нэмэгдэл, хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэмжийг хасаж тооцон 2023 оны 2 сард 1,351,685.17 төгрөг, 4 сард 1,289,462.20 төгрөг, 5 сард 1,466,103.43 төгрөг, нийт гурван сарын цалин 4,107,250.80 төгрөгийн цалин хөлс авсан байна гэж тооцлоо. Эдгээр 3 сарын ажилласан нийт хоног 21 хоног, нэг өдрийн цалин 4,170,250.80 төг : 21 хоног = 195,583.37 төгрөг, ажилгүй байсан хугацаа 2023 оны 5 сард ажлын 9 хоног, 6 сард ажлын 21 хоног, 7 сард ажлын 16 хоног, 8 сард ажлын 23 хоног, 9 сард ажлын 21 хоног, 10 сард ажлын 22 хоног, 11 сард ажлын 21 хоног, 12 сард ажлын 20 хоног, 2024 оны 1 сард ажлын 22 хоног, 2 сард ажлын 20 хоног, 3 сард ажлын 20 хоног, 4 сард ажлын 7 хоног, нийт ажлын 222 хоног, ажилгүй хугацааны цалин хөлсний олговорт 195,583:37 төг х 222 хоног = 43,419,508.14 /холбогдох суутгалыг хийх/ төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна. Нэхэмжлэгчийн шаардсан 62,913,654 төгрөгөөс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
19. Нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоосон тул ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
20. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.2, 60.1 дэх хэсгийн дагуу хариуцагчаас 375,847 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4, 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Б.Б-ийг У.Б.Т.З-ын Зорчигчийн вагон депогийн засвар хариуцсан орлогч даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 43,419,508.14 төгрөг /холбогдох суутгалыг хийх/-ийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч М.О.Х.Н.У.Б.Т.З-д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 19,494,145.86 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 375,847 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ