Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 258

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Дашням,

Улсын яллагч Б.Энэрэл,

Шүүгдэгч Б.Буянбат, түүний өмгөөлөгч Ц.Ганзориг

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201726010625 дугаартай 1 хавтас хэргийн шүүгдэгч 

 

Монгол улсын иргэн, 1976 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Өндөрхаан 4-03 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй,  Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2000 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 131 дугаартай  шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар шийтгэгдэж, хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,  бие эрүүл, ухаан бүрэн, УБ76040419 дугаарын регистртэй, Боржигон овгийн  Батсүхийн Буянбатад холбогдох хэргийг 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Б.Буянбат нь 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр 16 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Жаргалантын 14-03 тоотод байх М.Дашлодойгийн хашаанд Ж.Хишигсүрэнгийн согтуугаар хэл амаар доромжилж, хөл, гарыг нь өшиглөж цохисон буруутай үйлдлийн улмаас нүүрэн тус газарт нь гараараа цохиж бие махбодид нь эрүү ясны ташуу зөрөөгүй сэлтэрсэн далд хугарал, баруун доод 1,2 дугаар, зүүн доод 1 дүгээр шүдний сулрал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч  Б.Буянбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Мэдүүлэг өгөхгүй, үйлдсэн хэрэг үнэн зөв. Би хохирогчид бэлнээр 80,000 төгрөг, дансаар 800,000 төгрөг, нийт 880,000 төгрөгийг төлсөн байгаа. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял оногдуулна уу гэв.

Хохирогч Ж.Хишигсүрэн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Партизаны төв дээр архи ууж яваад нутгийн залуу Буянбаттай таарснаа тэмдэглээд 1 шил архи уугаад, дахиад архи уух гээд гарахад Буянбатын эхнэр ирээд Буянбатыг явуулахгүй гэж хориход би эхнэр лүү нь уурлаж хэрэлдээд Буянбатыг авч гараад гадуур явж байгаад нутгийн залуу Орсоотой таараад би “архи авч өг” гээд бид 3 дэлгүүр явж байгаад Дашлодой ахын хажуугаар зөрөхдөө “ороод гаръя” гээд дагуулж ороход Дашлодой ах ганцаараа байсан ба бид 1 шил 0.750 л хэмжээтэй “Ерөөл” архи задалсан. Тэгээд архи тойруулж байхад би Буянбаттай маргаж “чи эхнэртээ базуулдаг” гэж хэл амаар доромжилсон. Тэгээд архи дуусах үед Буянбат гараад, би араас нь гарч хашааны үүдэнд очиход Буянбат миний эрүү рүү 1 удаа цохих шг болоод би ямар нэг эсэргүүцэл үзүүлж чадаагүй доошоо суухад Буянбат намайг дахиад цохих гээд дайрахад Орсоо Буянбатыг салгаж аваад цаашаа явахад Дашлодой ах намайг гэр лүүгээ оруулж цус угааж өгсөн...гэжээ. /хх-13/,

         Гэрч  М.Дашлодой мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

         2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 18 цагийн үед гэртээ байхад гаднаас Хишигсүрэн нутгийн Орсоо, Буянбат нарын хамтаар согтуу орж ирэхдээ Буянбат, Хишигсүрэн 2 согтууруулах зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан. Тэр 3 гаднаас орж ирэхдээ Буянбат, Хишигсүрэн 2 хэрэлдээд маргасан байдалтай, Хишигсүрэн Буянбатад хандаж “эхнэртээ баригдсан” гээд нэг нэгээ өшиглөөд байсан...тэр 2 дахин муудсан ба Хишигсүрэн Буянбатын араас толгой руу нь өшиглөөд байхаар нь “та нар гараад учраа ол” гэж гаргаад араас нь гартал хашааны үүдэнд Буянбат, Хишигсүрэн 2 зодолдож байсан бөгөөд Буянбатыг Орсоо салгаж аваад явсан ба Хишигсүрэн доошоо тонгойгоод суучихсан байхаар нь босгоод ирэхэд амнаас нь цус гоожсон байсан...Маргааш нь 13 цаг болж байхад Хишигсүрэн манайд эрүүл орж ирээд “Буянтогтох намайг ёстой эвгүй зоджээ, миний эрүү эвгүй болчихсон байна” гээд цай ууж чадахгүй байсан...Хишигсүрэн Буянбатыг “эхнэртээ атгуулдаг” гэж хэл амаар дайраад эхнэрийг нь доромжлоход Буянбатын уур хүрсэн байх, хашааны гадаа Хишигсүрэнгийн нүүр хэсэг рүү цохиж доошоо суулгасан... гэжээ. /хх-16/,

 

         Гэрч Л.Орсоо  мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

         2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр...архи задалж тойруулаад ууж байтал Хишигсүрэн Буянбатыг “чи эхнэртээ базуулдаг” гээд хэл амаар доромжлоод, толгой бие рүү нь цохиж шоглоод байсан...Буянбат, Хишигсүрэн 2 дахин хэрэлдээд, Буянбат түрүүлээд гарах гээд алхтал Хишигсүрэн араас нь өшиглөөд шоглоод байсан ба хашааны үүдээр гарангуут Буянбат эргэж хараад Хишигсүрэнг 1 удаа эрүү тус газарт цохиж доош нь суулгаад зодох гээд дайрахаар нь би гүйж очоод Буянбатыг цаашаа явуулчихаад эргэж ирэхэд Дашлодой Хишигсүрэнг босгочихсон хиймэл шүдийг нь цэвэрлээд зогсож байсан ба Хишигсүрэнгийн амнаас цус гарч байсан... гэжээ. /хх-18/,

       

         Гэрч Б.Гантуул мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

         Нөхөр Хишигсүрэн 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдөр согтуу гэртээ ирэхэд эрүү нь хавдчихсан, ам нь нээгдэх боломжгүй шахуу байсан. Маргааш нь юу болсон талаар асуухад “2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Дашлодий гэдэг айлд архи ууж байгаад зодуулсан” гэж хэлсэн. Тухайн үед яг хэнд цохиулснаа хэлэхгүй байснаа сүүлд “Буянбатад цохиулсан” гэсэн. Би нөхрийгээ дагуулж эмнэлэг ороход “эрүү хугарсан байна” гэсэн ба Буянбат хийсэн үйлдэлдээ гэмшиж, нөхрийн хохирлыг барагдуулж байгаа...гэжээ. /хх-20/,

 

           Гэрч А.Үүрцайх мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

           2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр гэрийнхээ ойролцоо нөхөр Буянбат, нутгийн залуу Хишигсүрэн нартай таарахад Хишигсүрэн согтуу байсан. Би нөхрөө гэр лүүгээ харья гэхэд Хишигсүрэн явуулахгүй, нөхөр маань ч явахгүй болохоор нь Хишгээтэй хэрэлдэхэд “чи хэзээ ийм болсон юм” гээд салаавч гаргаад нөхрийг аваад явсан...гэжээ. /хх-22/,

           

           Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 3685 тоот акт. ДҮГНЭЛТ:

1.  Ж.Хишигсүрэнгийн биед эрүү ясны ташуу зөрөөгүй  сэлтэрсэн  далд хугарал, баруун доод 1,2-р зүүн доод 1-р шүдний сулрал, зүүн хөмсөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтлүүд  нь мохоо үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг  удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна...гэжээ. /хх-26/,

          

             Шинжээч эмч Ц.Бадрал мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

...Хишигсүрэнгийн биед учирсан хөмсөг зулгаралт гэмтлээс бусад гэмтлүүд гараар 1 удаа цохих үед үүсэх боломжтой...шинэ гэмтэл байсан бөгөөд хөмсөг зулгаралт гэмтэл нь хуучин тав тогтсон байж байгаад зулгарсан байсан...гэжээ. /хх-30/,

         

             Шүүгдэгч Б.Буянбат мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр гэртээ байхад Хишигсүрэн манайд ирэхдээ халамцуу байсан ба бид 2 архи уух зорилгоор манай гэрээс гарч явтал эхнэр Үүрцайх таараад надад хандаж “чи хаачих гээд байгаа юм” гэхэд Хишигсүрэн манай эхнэрийг “би найзыгаа аваад явна, архи ууна” гэж хэрэлдсэн. Тэгээд Орсоотой таараад Хишигсүрэн архи авахуулах гэж дарамтлаад “чи дандаа юм байхгүй гэж байдаг, малтай юм байж, одоо архи авч өг” гэж хэлэхэд Орсоо “тэгье” гээд бид 3 дэлгүүр лүү чиглээд алхаж явтал Хишигсүрэн “манай ахын гэрт ороод гаръя” гээд Дашлодойгийнд ороход бид 3-т зориулж архи задлаад ууж байтал...Хишигсүрэн миний хөл рүү өшиглөөд дээрэлхээд байсан байсан ба намайг “эхнэртээ базуулдаг, атгуулдаг” гэх мэтээр үгээр дайрч цохиод байхаар нь би “гарлаа” гээд гэрээс гарахад араас Хишигсүрэн хашааны үүдээр гартал миний хөл рүү өшиглөөд, араас угз татаад, хөмсөг рүү цохихоор нь би зөрүүлээд нүүр хэсэг рүү нь цохиход тэр газар унасан ба намайг Орсоо салгаж холдуулсан. Араас Дашлодой ирж Хишигсүрэнг босгож байсан... гэжээ. /хх-37/,

Шүүгдэгч Б.Буянбат урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-44/ болон хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтууд болно.

Шүүгдэгч Б.Буянбат 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр 16 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Жаргалантын 14-03 тоотод байх М.Дашлодойгийн хашаанд Ж.Хишигсүрэнгийн согтуугаар хэл амаар доромжилж, хөл, гарыг нь өшиглөж цохисон буруутай үйлдлийн улмаас нүүрэн тус газарт нь гараараа цохиж бие махбодид нь эрүү ясны ташуу зөрөөгүй сэлтэрсэн далд хугарал, баруун доод 1,2 дугаар, зүүн доод 1 дүгээр шүдний сулрал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон хавтас хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хохирогч  Ж.Хишигсүрэнгийн “…би Буянбаттай маргаж “чи эхнэртээ базуулдаг” гэж хэл амаар доромжилсон. Тэгээд архи дуусах үед Буянбат гараад би араас нь гарч хашааны үүдэнд очиход Буянбат миний эрүү рүү 1 удаа цохих шг болоод би ямар нэг эсэргүүцэл үзүүлж чадаагүй доошоо суухад Буянбат намайг дахиад цохих гээд дайрахад Оросоо Буянбатыг салгаж аваад цаашаа явахад Дашлодой ах намайг гэр лүүгээ оруулж цус угааж өгсөн...” гэх /хх-13/, гэрч М.Дашлодойгийн ”...Хишигсүрэн завсаргүй Буянбатыг доромжлоод, хэл амаар дайраад...Хишигсүрэн Буянбатын араас толгой руу нь өшиглөөд байхаар нь “та нар гараад учраа ол” гэж гаргаад араас нь гартал хашааны үүдэнд Буянбат, Хишигсүрэн 2 зодолдож байсан...Маргааш нь 13 цаг болж байхад Хишигсүрэн манайд эрүүл орж ирээд “Буянтогтох намайг ёстой эвгүй зоджээ, миний эрүү эвгүй болчихсон байна” гээд цай ууж чадахгүй байсан...” гэх /хх-16/,  гэрч Л.Орсоогийн “...Хишигсүрэн Буянбатыг чи эхнэртээ базуулдаг гээд хэл амаар доромжлоод, толгой бие рүү нь цохиж шоглоод байсан...Буянбат, Хишигсүрэн 2 дахин хэрэлдээд, Буянбат түрүүлээд гарах гээд алхтал Хишигсүрэн араас нь өшиглөөд шоглоод байсан ба хашааны үүдээр гарангуут Буянбат эргэж хараад Хишигсүрэнг 1 удаа эрүү тус газарт цохисон...” /хх-18/, гэрч Б.Гантуулын ”...яг хэнд цохиулснаа хэлэхгүй байснаа сүүлд Буянбатад цохиулсан гэсэн...Буянбат хийсэн үйлдэлдээ гэмшиж, нөхрийн хохирлыг барагдуулж байгаа...” гэх /хх-20/, гэрч А.Үүрцайхын ” ...нөхрийгөө гэр лүүгээ хария” гэхэд Хишигсүрэн явуулахгүй, нөхөр маань ч явахгүй болохоор нь Хишгээтэй хэрэлдэхэд чи хэзээ ийм болсон юм гээд салаавч гаргаад нөхрийг аваад явсан...” гэх /хх-22/, шинжээч эмч Ц.Бадралын”...Хишигсүрэнгийн биед учирсан хөмсөг зулгаралт гэмтлээс бусад гэмтлүүд гараар 1 удаа цохих үед үүсэх боломжтой, шинэ гэмтэл байсан...” гэх /хх-30/, хохирогч Ж.Хишигсүрэнгийн биед үзлэг хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №3685 тоот акт, бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Иймд Б.Буянбатыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч  Б.Буянбатад ял шийтгэл оногдуулахад анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулсан зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал, хохирогчийн санал хүсэлт зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ. 

Хохирогч  Ж.Хишигсүрэн шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болохоо бичгээр илэрхийлсэнийг дурдав.