Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 109/ШШ2023/0023

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

              Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Одонтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

           Нэхэмжлэгч:  Г.Б,

Хариуцагч: Архангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газарт холбогдох “Архангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар нь Гийн Б надад төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгохгүй байгаа үйлдэл нь хууль бус болохыг тогтоож нэг удаагийн буцалтгүй тусламж олгохыг Архангай аймгийн Боловсрол шинжлэх ухааны газарт даалгуулах” шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Э, хариуцагч Архангай аймгийн Архангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга Ц.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Иргэн Г.Б, Архангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар нарын хооронд “Архангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар нь Гийн Б надад төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгохгүй байгаа үйлдэл нь хууль бус болохыг тогтоож нэг удаагийн буцалтгүй тусламж олгохыг Архангай аймгийн Боловсрол шинжлэх ухааны газарт даалгуулах”-аар маргаж байна.

2. Нэхэмжлэгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Архангай аймгийн Хангай сумын 8 жилийн сургуульд 1971-1-78 оны хугацаанд бага ангийн багшаар, Тариат сумын 10 жилийн дунд сургуульд 1978-1987 оны хугацаанд бага ангийн багш, хими-биологийн багшаар, Дархан хотын 15-р сургуульд 1987-1992 оны хугацаанд захирал, хичээлийн эрхлэгчээр, Дархан хотын /Дархан-Уул аймгийн/ 3-р сургуульд 1996-1998 оны хугацаанд захирлаар, 1998-2001 оны хугацаанд Архангай аймгийн Тариат сумын 10 жилийн сургуульд захирлаар, 2001-2004 оны хугацаанд Архангай аймгийн Цахир сумын 8 жилийн дунд сургуульд хичээлийн эрхлэгчээр, 2004-2008 оны хугацаанд Архангай аймгийн Цахир сумын Засаг даргаар, 2009-2014 оны хугацаанд Архангай аймгийн Тариат суманд Засаг даргын орлогчоор, 2018 оноос Тариат сумын Мөрөн багийн Ерөнхий боловсролын сургуульд өнөөг хүртэл ажиллаж байна. Би улсад нийтдээ 52 жил ажилласнаас боловсролын байгууллагад 44 жил ажилласан. 2013 онд өндөр настны тэтгэвэрт гарахдаа төрийн албан хаагч өндөр настны тэтгэвэрт гарахад олгодог нэг удаагийн буцалтгүй тусламжийг би аль ч байгууллагаас нь авч байгаагүй. Энэ мөнгөн тусламжийг авахаар Архангай аймгийн Боловсрол шинжлэх ухааны газарт өргөдөл гаргатал намайг 2013 онд тэтгэвэрт гарсан тул одоо энэ тэтгэмжийг олгох боломжгүй гэсэн хариу өгсөн. 2013 онд тэтгэвэрт гарсан гэсэн үндэслэлээр надад энэ мөнгийг олгохгүй байгаа нь үндэслэлгүй байна. Энэ тэтгэмжийн мөнгө нь 2023 оны төсөвт суусан. Энэ нь надад тэтгэмж олгох боломжтой гэж үзэн төсөвт суулгасан гэсэн үг. Тэгсэн байхад Боловсрол шинжлэх ухааны газраас энэ тэтгэмжийг олгохгүй гэсэн нь хууль бус байна. Миний ажилласан хугацааны цалингаар тооцож сургуулиас 30.625.200 төгрөг байхаар тооцож өгсөн ...” хэмээн тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагаа Архангай аймгийн Боловсрол шинжлэх ухааны газар нь Гийн Б надад төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгохгүй байгаа үйлдэл нь хууль бус болохыг тогтоож, нэг удаагийн буцалтгүй тусламж олгохыг Архангай аймгийн Боловсрол шинжлэх ухааны газарт даалгаж өгнө үү.” гэжээ.

3. Нэхэмжлэгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Боловсролын байгууллагад 44 жил, төрийн захиргааны байгууллагад 19 жил нийт 50 гаруй жил улсад ажилласан. Архангай аймгийн Тариат сумын харьяат 2013 онд тэтгэвэрт гарсан. Тухайн үедээ Засаг даргын орлогчийн албан тушаалаар ажиллаж байсан. Тухайн үед тэтгэвэрт гараад төрөөс тэтгэмж авах гэтэл хуульд Засаг даргын орлогчийн үүргийг гүйцэтгэсэн албан хаагчид олгох тэтгэмж байхгүй гэсэн. Ингээд ямар ч тэтгэмж аваагүй хоцорсон. Тэгсэн зарим нөхдүүдээс боловсролын байгууллагад насаараа ажиллачхаад тэндээсээ тэтгэмж авч болдоггүй юм уу гэсэн асуудлыг тавьж байсан. Тэр дагуу УИХ-ын өргөдлийн байнгын хорооны дарга Бурмаа гэдэг хүнд хувийн өргөдөл бичиж явуулаад хариу нь ирсэн. Хуульд ийм асуудал байгаа. Таны энэ асуудлыг хуульд өөрчлөлт оруулж дараа нь шийдвэрлэх боломжтой гэсэн хариу ирээд мухардсан. Дараа нь яах вэ гэж бодож байгаад сайдтай уулзъя гээд очсон. Боловсролын яамд очоод сайдтай уулзах гэж байгаад эхлээд яамны төсвийн газраас зөвлөгөө авахад та энэ асуудлаа Боловсролын газарт тавь тухайн газар таны энэ асуудлыг шийднэ гэсэн. Ингэж явахдаа Тамгын газрын дарга А-тай таарсан. Тэгсэн та 5 жил багшаар ажиллачих төсөвт суулгуулаад асуудлаа шийдүүлчих гэсэн. Тэгээд Мөрөн суманд хими биологийн багшаар 5 жил ажилласан. Тэгээд М даргад нэг удаагийн тэтгэмжээ авахаар холбогдох материалаа бүрдүүлж өгсөн. Тэгсэн таны энэ асуудал бүтэхгүй байна гэж хэлсэн. Тэгээд шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Уг нь тэтгэмжийн мөнгө нь төсөвт суусан байгаа. Үүнийг гаргаж өгнө үү.” гэв.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний үйлчлүүлэгч болсон үйл явдлаа дэлгэрэнгүй тайлбарлачихлаа. Энэ хүн бодитойгоор төрийн албанд тасралтгүй 50 гаруй жил ажилласан. Энэ хүнийг ажиллаж байсан байна гэдэг үйл явц эргэлзээгүйгээр  нотлогдсон. Энэ хүнийг энэ цаг хугацаанд ажиллаж байх явцад ямар нэгэн байдлаар тэтгэмж авч байна гэдгийг нотолсон үйл явдал байхгүй байна. Төрийн албаны боловсролын системд тэтгэмж, хөнгөлөлт авч байгаагүй. Энэ олон жил ажиллачхаад тэтгэмж авахгүй байгаа байдалдаа гомдолтой байна. Хуулиар яалт ч аргагүй тэтгэмж авна. Хаана нь будилаан байгаад байгаа. Тэтгэмж нь төсөвтөө суусан гэж өөрөө тайлбарлаад байдаг. Суусан байх магадлал бас байна. Хуульд нийцүүлж төсөвт суусан байгаа үйлдлийг олгохгүй байгаа үйлдэл нь байна. Тэтгэмжийг олгохгүй байгаа хууль бус үйлдэл байна. Олгохгүй байгаа учраас Боловсрол, шинжлэх, ухааны газарт тэтгэмж олгохыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаад байгаа нь хууль зүйн үндэслэлтэй байна. Боловсрол, шинжлэх, ухааны газраас энэ хүн тэтгэвэрт орсон байна гэсэн ганц тайлбар өгсөн. Тэтгэвэрт орсон ч яагаад тэтгэмжээ авах нөхцөлгүй болчхоод байгаагаа тайлбарлахгүй байгаагаас гадна тэтгэмж нь үнэхээр бодитойгоор суусан байвал энэ хүнд олгогдох нь үндэслэлтэй байна гэж харагдахаар нөхцөл байна. Хариуцагч тал шүүх олго гэж шийдвэл олгоно гэсэн шийдэлд хүрсэн байгаа юм болов уу гэсэн дүгнэлттэй байна. Түүнээс бол энэ олон жил ажилласан. Нэг удаа ч тэтгэмж аваагүй, давхардуулж авах гээд байгаа нөхцөл ерөөсөө байхгүй. Энэ хүнд тэтгэмж олгосон үйлдэл хэргээс харагдахгүй байна. Тэгэхээр энэ хүн тэтгэмж авах эрхтэй. Тийм учраас нэхэмжлэл үндэслэлтэй гарч байна” гэв.

5. Хариуцагч Архангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар шүүхэд тайлбартаа: “Төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэрт -аргахад олгох нэг удаагийн буцалтгүй тусламж авах тухай нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх бололцоогүй байна. Иргэн Бийн Архангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газарт бүрдүүлж өгсөн баримтаас харахад 2013 онд тэтгэвэрт гарсан байх тул 2023 онд өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжийг олгох бололцоогүй байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

6. Хариуцагч Архангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга Ц.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагатай танилцсан. Бүрдүүлж өгсөн материалыг ерөнхийдөө мэдэж байгаа. Өмнө жил саналыг нь аваад 2023 оны төсөвт тусгагдаад ирсэн. Олгоё гэхээр бичиг баримтын бүрдэл нь болохгүй. Тэтгэвэр тогтоосон хуудастай байж тэтгэмж олгоно. Тэтгэврийг 2013 онд тогтоосон учраас олгож болохгүй нөхцөл байдал бий болоод байна. Шүүхээс 2013 онд ажиллаж байгаад тэтгэвэрт гаргасан байгууллага нь гаргах ёстой юм уу. Эсхүл сүүлд ажилласан газраасаа тэтгэвэрт гарах ёстой юм уу гэдгийг нь шийдэх байх гэж бодож байна гэв.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан нөхцөл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбарыг шинжлэн судлаад

                                              ҮНДЭСЛЭХ нь:

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараах хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

1. Нэхэмжлэгч Г.Б нь Архангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газарт холбогдуулан 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдөр “Архангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар нь Гийн Б надад төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгохгүй байгаа үйлдэл нь хууль бус болохыг тогтоож нэг удаагийн буцалтгүй тусламж олгохыг Архангай аймгийн Боловсрол шинжлэх ухааны газарт даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

2. Шүүхэд нэхэмжлэгчээс “... Би улсад нийтдээ 52 жил ажилласнаас боловсролын байгууллагад 44 жил ажилласан. 2013 онд өндөр настны тэтгэвэрт гарахдаа төрийн албан хаагч өндөр настны тэтгэвэрт гарахад олгодог нэг удаагийн буцалтгүй тусламжийг би аль ч байгууллагаас нь авч байгаагүй. Энэ мөнгөн тусламжийг авахаар Архангай аймгийн Боловсрол шинжлэх ухааны газарт өргөдөл гаргатал намайг 2013 онд тэтгэвэрт гарсан тул одоо энэ тэтгэмжийг олгох боломжгүй гэсэн хариу өгсөн. 2013 онд тэтгэвэрт гарсан гэсэн үндэслэлээр надад энэ мөнгийг олгохгүй байгаа нь үндэслэлгүй байна. Энэ тэтгэмжийн мөнгө нь 2023 оны төсөвт суусан. Энэ нь надад тэтгэмж олгох боломжтой гэж үзэн төсөвт суулгасан гэсэн үг. Тэгсэн байхад Боловсрол шинжлэх ухааны газраас энэ тэтгэмжийг олгохгүй гэсэн нь хууль бус байна... хэмээн тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагаа Архангай аймгийн Боловсрол шинжлэх ухааны газар нь Гийн Б надад төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгохгүй байгаа үйлдэл нь хууль бус болохыг тогтоож, нэг удаагийн буцалтгүй тусламж олгохыг Архангай аймгийн Боловсрол шинжлэх ухааны газарт даалгах” гэж тодорхойлон маргасан.

 

3. Нэхэмжлэгч Г.Б нь Архангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газарт төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгох хүсэлт гаргаж, Архангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын 2023 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 01/247 дугаар албан бичгээр “нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгох бололцоогүй байна.” гэж хариугаа авсан байна.  ( хавтаст хэргийн 7, 15-17 дахь тал)

 

4. Түүнчлэн 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 109/ШЗ2023/0129 дугаар шүүгчийн захирамжаар маргаан бүхий хэрэгт захиргааны хэрэг үүсгэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1. дэх хэсэгт “Нэхэмжлэлийг тухайн шийдвэр гаргасан захиргааны байгууллагын оршин байгаа газрын захиргааны хэргийн шүүхэд гаргана.”, мөн хуулийн  16 дугаар зүйлийн 16.1. дэх хэсэгт “Захиргааны хэргийн анхан шатны шүүх энэ хуульд заасны дагуу захиргааны хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж,

 

5. Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1. дэх хэсгийн 5.1.1.-д заасан субъект болох Архангай аймгийн Боловсрол, Шинжлэх ухаан газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэл нь тус шүүхийн харьяалал мөн бөгөөд хэргийн оролцогч нар хэргийн харьяалалд дээр маргаагүй тул хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

6. Анх иргэн Г.Б нь 1971 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Хангай сумын 8 жилийн дунд сургуульд бага ангийн багшаар томилогдон ажиллажээ. (Хавтаст хэргийн 29 дэх тал)

 

7. Улмаар 1980 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Хангай сумын 8 жилийн дунд сургуулийн бага ангийн багшийн үүрэгт ажлаас чөлөөлж, Тариат сумын 10 жилийн дунд сургуульд бага ангийн багшаар шилжүүлэн томилжээ. (Хавтаст хэргийн 29 дэх тал)

8. Түүнчлэн 1989 оны 8 дугаар сарын 25-ны өдөр иргэн Г.Б нь өөр аймаг хотод шилжих болсонтой холбогдуулан Тариат сумын 10 жилийн дунд сургуулийн багшийн үүрэгт ажлаас нь чөлөөлж, Дархан хотын АБХ-ийн мэдэлд шилжүүлжээ. (Хавтаст хэргийн 30 дахь тал)

9. Ийнхүү 1989 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Дархан хотын АБХ-ийн  хэлтсийн 78 тоот томилолтыг үндэслэн 15 дугаар сургуулийн хичээлийн эрхлэгчээр томилжээ. (Хавтаст хэргийн 30 дахь тал)

10. Улмаар 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдөр өөрийн хүсэлтийн дагуу хичээлийн эрхлэгч Г.Бийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

11. Түүнчлэн Дархан хотын /Дархан-Уул аймгийн/ 3-р сургуульд 1996-1998 оны хугацаанд захирлаар, 1998-2001 оны хугацаанд Архангай аймгийн Тариат сумын 10 жилийн сургуульд захирлаар, 2001-2004 оны хугацаанд Архангай аймгийн Цахир сумын 8 жилийн дунд сургуульд хичээлийн эрхлэгчээр, 2004-2008 оны хугацаанд Архангай аймгийн Цахир сумын Засаг даргаар, 2009-2013 оны хугацаанд Архангай аймгийн Тариат суманд Засаг даргын орлогчоор тус тус ажилласан байсан бөгөөд  Архангай аймгийн Тариат сумын Засаг даргын 2013 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн Б/94 дүгээр захирамжаар 2013 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Г.Бийг Засаг даргын орлогчийн үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. (Хавтаст хэргийн 31 дэх тал)

12. Мөн Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 96 дугаар тушаалаар нэхэмжлэгч Г.Бийг хими-биологийн багш улсын хэмжээнд дутагдалтай байгаа тул 2028 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс түр томилон ажиллуулж, 2023 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 17 дугаар захирлын тушаалаар 6 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. (Хавтаст хэргийн 63, 73 дахь тал)

13. Улмаар нэхэмжлэгч Г.Б нь 2013 онд  Архангай аймгийн Тариат сумын Нийгмийн даатгалын байцаагчид улсад тасралтгүй 42 жил ажилласан тул өндөр настны тэтгэвэр тогтоолгохыг хүссэн өргөдөл гаргаж, тэтгэвэр тогтоолгосон байна. (1 дүгээр хавтаст хэргийн 72 дахь тал)

14. Архангай аймгийн Боловсрол шинжлэх ухааны газарт төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж буюу нэг удаагийн тэтгэмж нь тус газрын төсөвт суугдсан байхад түүнийг олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус байна гэж шүүх дүгнэв.

            15. Боловсролын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.6.-т “хууль тогтоомжид заасны дагуу тусламж авах, хөнгөлөлт эдлэх, нийгмийн баталгаагаар хангагдах”, 13 дугаар зүйлийн 13.3.4.-т “төрийн болон орон нутгийн өмчийн сургуулийн өмнөх, ерөнхий боловсрол, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтанд өндөр насны тэтгэвэр тогтоолгоход Төрийн албаны тухай хуульд заасны дагуу нэг удаагийн буцалтгүй тусламж олгох” Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т “Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно.” гэж заасан.

16.  Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 2.2.-т “Энэ журмын 1.1-д заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөж, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон төрийн албан хаагчид 2.1-д зааснаар тогтоосон үндсэн цалингийн дунджийг нь төрийн албанд ажилласан нийт жилийн тоотой тэнцэх сарын тоогоор үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно. ...” гэж, 4.2.-т “Боловсролын тухай хуулийн 43.1.4, 43.5, Эрүүл мэндийн тухай хуулийн 29.2-т тус тус заасан төрийн үйлчилгээний албан хаагч өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмж тооцох цалингийн дундаж хэмжээг энэ журмын 2.1, 2.2, 2.3-т заасны дагуу тогтоох бөгөөд тэдгээрийн ажилласан хугацаанд Боловсролын тухай хуулийн 3.1.15, 43.1.2, Эрүүл мэндийн тухай хуулийн 29.2-т заасан төрийн үйлчилгээний албан тушаалд ажилласан хугацаа болон энэ журмын 3.1-д заасан хугацааг оруулан тооцно. Мөнгөн тэтгэмжийг энэ журмын 4.2, 4.3, 5.1-5.5-д заасныг баримтлан олгоно.” гэж,

17.  2002 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4.-т “төрийн болон орон нутгийн өмчийн мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт энэ хуулийн 43.1.2-т заасан албан тушаалд 25 ба түүнээс дээш жил ажилласан иргэн өндөр насны тэтгэвэр тогтоолгоход түүний үндсэн цалингаар тооцож нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаас нь олгох бөгөөд шаардагдах зардлыг нь тухайн жилийн төсөвт тусгах” гэж,

18. Одоогийн мөрдөгдөж байгаа 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн Боловсролын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3. дахь хэсгийн 13.3.4. “төрийн болон орон нутгийн өмчийн сургуулийн өмнөх, ерөнхий боловсрол, ....багш, ажилтанд өндөр насны тэтгэвэр тогтоолгоход Төрийн албаны тухай хуульд заасны дагуу нэг удаагийн буцалтгүй тусламж олгох;” гэж ,

19. Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1. дэх хэсэгт “Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.” гэж тус тус хуульчилсан.

20. Нэхэмжлэгч Г.Б нь нийтдээ боловсролын салбарт /2002 оны/ Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.2-т заасан багш, хичээлийн эрхлэгч, захирал, мэргэжилтэн, хичээлийн зохицуулагч зэрэг ажлыг 25 жилээс дээш хугацаагаар хийсэн болох нь хэрэгт авагдсан 0118224 дугаартай тэтгэврийн хувийн хэрэг, 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн өндөр настны тэтгэвэр тогтоолголтын хуудас, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, 1981 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн хөдөлмөрийн дэвтэр, 1996 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Нийгмийн даатгалын дэвтэр, 2006 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Нийгмийн даатгалын дэвтэр зэргээр тогтоогдож байна.

21. Түүнчлэн Архангай аймгийн Тариат сумын Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 01/313 дугаар албан бичгээр Г.Б нь өндөр настны тэтгэвэрт гарахдаа ямар нэгэн тэтгэмж аваагүй болохыг тогтоогдож байна.  

22. Архангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газарт 2022 оны 7 дугаар сарын 17-ны өдөр төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгох талаар  хүсэлтээ бичгээр гаргасан бөгөөд уг хүсэлт, холбогдох баримтыг хариуцагч тал дээд шатны байгууллагад хүргүүлснээр нэг удаагийн буцалтгүй тусламжийг тус аймгийн Боловсрол, шинжлэн ухааны газрын 2023 оны төсөвт суулгаснаар нэхэмжлэгчид нэг удаагийн буцалгүй тусламж авах эрх нь нээгдсэн байна.

23. Энэ нь Боловсролын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1. “Боловсрол нь хөгжлийн тэргүүлэх салбар байх бөгөөд бодлого, үйл ажиллагаандаа дараахь зарчмыг баримтална. 5.1.2. ..уян хатан байх; 5.1.8. хүний эрх, эрх чөлөө, .... ардчилсан, хүмүүнлэг ёсыг дээдлэн сахисан байх;  5.2 Боловсролын санхүүжилтийн тогтолцоо чанар, гүйцэтгэл, үр дүнд суурилсан, бие даасан, ил тод, үр ашигтай байх зарчмыг баримтална.” гэж,

24. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 5/-д өндөр наслах, ... хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр төрийн албан хаагчийн нийтлэг баталгааны нэг болох өндөр насны тэтгэвэрт гаргахад олгох нэг удаагийн тусламж шалгуур нөхцөлийг бүрэн хангасан бөгөөд энэ нь тэгш байдал, шударга ёсны зарчимд нийцнэ.

25. Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу уг нэг удаагийн тусламж авах нь тухайн бодит нөхцөл байдалд тохирсон гэж үзэж нэхэмжлэгч Г.Бд өндөр насны тэтгэвэрт гаргахад олгох нэг удаагийн тусламж авах эрхтэй гэж шүүх дүгнэв.

26. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 4.4.-т “хэрэв төрийн албаны тухай хуулиас бусад хуульд төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахад нь зориулж нэг удаагийн тэтгэмж олгох талаар заасан бол төрийн албан хаагч тэдгээр тэтгэмжийн аль илүүг сонсох эрхтэй ба энэ тохиолдолд тэтгэмжийг давхардуулан олгохгүй.” 5.1.-д “төрийн албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгоход шаардагдах хөрөнгийг дээд шатны байгууллага болон тухайн байгууллага жил бүр төсөвтөө тусгана.”,  5.6.-д Төрийн албаны тухай хуулийн 60.1-д заасан төрийн үйлчилгээний албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох зохицуулалтыг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэж журамласан байна.

27. Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1. дэх хэсэгт “Захиргааны байгууллага өөрийн санаачилгаар хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх, дээд шатны захиргааны байгууллагаас өгсөн үүргийг биелүүлэх, эсхүл оролцогчийн гаргасан өргөдөл, гомдлыг үндэслэн захиргааны шийдвэр гаргах ажиллагааг эхлүүлнэ.” гэж заасан.

28. Нэхэмжлэгчид чиглэсэн нэг удаагийн тусламж нь тухайн хариуцагч байгууллагын 2023 оны төсөвт тусгагдсан талаар хариуцагч шүүх хуралдаанд мэдүүлсэн энэ талаар хэргийн оролцогч нар маргаагүй болно.

            29. Иймд нэхэмжлэгч Г.Бийн өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгохгүй байгаа үйлдэл нь хууль бус болохыг тогтоож, нэг удаагийн буцалтгүй тусламж олгохыг Архангай аймгийн Боловсрол Шинжлэх ухааны газарт даалгаснаар нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээх боломжтой гэж үзлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1., 106.2., 106.3. дахь хэсгийн 106.3.4. дэх заалт, 107 дугаар зүйл, 108 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

                                                   ТОГТООХ  нь:

1. Боловсролын  ерөнхий хуулийн  5 дугаар зүйлийн 5.1., 5.1.8, 5.2,  13 дугаар зүйлийн 13.3. дэх хэсгийн 13.3.4, Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1. дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгохгүй байгаа үйлдэл нь хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Г.Бд нэг удаагийн буцалтгүй тусламж олгохыг Архангай аймгийн Боловсрол шинжлэх ухааны газарт даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Б.ОДОНТУЯА