Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 1731

 

МАГАДЛАЛ

2019.09.23                                                Дугаар 1731                                

 

Ж.А нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Мөнхзул, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2019 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн 183/ШШ2019/01469 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ж.А нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч З Т Н ОНӨААТҮГазарт холбогдох,

2013 оны 8 дугаар сараас 2016 оны 2 дугаар сар хүртэлх хугацааны мэргэшсэн зэргийн, 2013 оны 4 дүгээр сараас 2016 оны 4 дүгээр сар хүртэлх хугацааны ур чадварын нэмэгдэл, 2015 оны 01 дүгээр сараас 2016 оны 4 дүгээр сар хүртэлх хугацааны илүү цагийн хөлс, 2015 оны үр дүнгийн урамшуулалт цалин, 2015 оны удаан жилийн нэмэгдэл, цомхотголын тэтгэмж зэрэгт нийт 87 803 219.45 төгрөг гаргуулах тухай иргэний,

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Тын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Т,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Б, Г.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нийт 11 иргэний 78 392 819 төгрөгийг нэхэмжилж байгаа. Нэхэмжлэгч Б.Б нас барсан, мөн Б.Б Д.Б нар нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Олгогдоогүй байгаа мэргэшсэн зэргийн нэмэгдлийн хувьд авто тээврийн салбарын хэлэлцээрийн 2.1.12 дугаар зүйлд зааснаар шаардаж байгаа. Зам тээврийн хэлэлцээр нь улсын хэмжээнд мөрдөгдөх гурван талт хэлэлцээр байсан. Энэ хэлэлцээрийг Монголын тээвэр холбоо газрын тосны ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо, зам тээврийн яам, Монголын автотээвэрчдийн нэгдсэн холбоо гэсэн гурван байгууллага хамтран байгуулсан. Яамнаас, авто тээврийн нэгдсэн болгоод явуулсан байгаа. Үүний дагуу мэргэшсэн зэргийн нэмэгдлийг тухайн байгууллага олгох ёстой. Кондуктор нь өөрөө мэргэшсэн хүн ажиллах ёстой. Мэргэшсэн зэргийн үнэмлэхтэй байх ёстой. Жолооч, кондуктор хоёр заавал мэргэшсэн байх ёстой. Үүний дагуу бид мэргэшсэн зэргийн нэмэгдэл авна. Мэргэшсэн зэргийг хэрэгжүүлж ажил гэж зам тээврийн яамнаас Монголын тээвэр холбоо, авто тээвэр шаардсан байгаа. Тухайн байгууллага чиглэл ирвэл хэрэгжүүлж ажиллахад татгалзах зүйлгүй гэж мэдэгдэж байсан. Ажил хаялт 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр болсон. Тэр үед Монголын тээвэр холбоо газрын тосны ажилтаны үйлдвэрчний эвлэлтэй тохиролцоо хийхдээ цаашид хэрэгжүүлж ажиллахаар тохирсоны дагуу мэргэшсэн зэргийг шаардаж байна. Ж.А-д 1 870 152 төгрөг, П.А-д 2 113 962 төгрөг, Д.А-д 2 212 695 төгрөг, Д.А-д 2 265 899 төгрөг, Б.Б-д мэргэшсэн зэрэг байхгүй, Д.Б татгалзсан, С.Б-д 2 070 381 төгрөг, Г.Б, М.Б нарт байхгүй, З.Б-д 2 205 679 төгрөг, Б.Б-д 1 993 964 төгрөг, Л.Б-д 1 886 937 төгрөгийг тус тус шаардаж байна. Уг дүнг Зорчигч тээврийн нэгтгэлээс гаргасан цалин хөлсний дэлгэрэнгүй хүснэгтээс бодож гаргасан. Үндсэн цалингийн 20 хувиар тооцож сар бүр цалин дээр бодогдож гардаг. Ур чадварын нөхцлийн нэмэгдэл байгаа. Ур чадвар нь 2013 оны 4 сараас эхлээд 2016 оны 4 сар хүртэлх хугацаа хамаарч байгаа. Үндэслэл нь 2013 оны 2 сарын 5-ны өдрийн хамтын гэрээний 4.2-т зааснаар нэхэмжилж байгаа. Энэ нь 2013 оны цалин хөлсний журамд заасан. Хүнд нөхцөл тогтоогдсон бол цалингийн нэмэгдэл олгоно гэж байгаа тул Ж.Ат 1 555 043 төгрөг, П.Ат 1 742 971 төгрөг, Д.А-д 1 864 682 төгрөг, А-д 1 856 924 төгрөг, Б-д 1 842 335 төгрөг, Б-д 1 789 110 төгрөг, Б-д 1 706 110 төгрөг, Б-д 1 475 965 төгрөг, Б-д 1 862 171 төгрөг, Б-д 1 657 423 төгрөг, Б-д 1 625 203 төгрөгийг тус тус нэхэмжилж байна. Хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй гэж үзэж байна. Үүнийг зорчигч тээврээс ирүүлсэн цалингийн дэлгэрэнгүй хүснэгтээс үндсэн цалингийн 15 хувиар бодсон. Удаан жилийн нэмэгдэл дотоод журмын 10.1.4-т заасан байгаа. Ур чадвартай ажиллахад нөхцлийн нэмэгдэл хамаардаг. Кондуктор нь нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 77 дугаар тушаалд зааснаар хүнд нөхцөлд хамаардаг. Энэ заалтаар нийслэлийн нийтийн тээвэр, том оврын автобус, тухайн тээврийн жолооч, кондуктор, цахилгаанчин, дугуй нөхөгч, акумлъторчин, үйлдвэр засварчин, цахилгаан мотор ороогч, машины эд ангийг угааж засдаг засварчин, будагчин, урсгал засварын засварчин эдгээр хүмүүс нь хүнд нөхцөлд багтана. Удаан жилийн нэмэгдлийг жилд нэг удаа өгдөг. Тухайн байгууллагад анх хэдэн онд ажилд орсноос хойш 2013 оны цалин хөлсний журмын 5.3.3-т зааснаар удаан жилийг жил бүрийн 10 000 төгрөгийг 5-с дээш жил ажилласан хүнд олгодог байгаа. Ж.А 24 жил ажилласан тул 240 000 төгрөг, П.А 6 жил ажилласан тул 60 000 төгрөг, А 13 жил гээд 130 000 төгрөг, Б 11 жил гээд 110 000 төгрөг, Г.Б 5 жил гээд 50 000 төгрөг, Батцэнгэл 6 жил гээд 60 000 төгрөг байгаа.

Үр дүнгийн шагналт цалин нь хамтын гэрээний 4.7 дугаар зүйлд зааснаар нэг сарын дундаж цалинг бууруулахгүй байхаар, дундаж цалин гэдэг нь нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 онд гарсан 77 дугаар тушаалын хавсралтаар баталсан 7А-д зааснаар дундаж цалинг тодорхойлж нэхэмжилж байгаа. 2015 оны үр дүнгийн шагналт цалинг 10-12 дугаар сарын дундаж цалингаас бодож гаргасан. 2016 оны 1 сарын 27-нд үр дүнгийн шагналт цалинг алдагдалтай ажилласан гээд өгөөгүй. Үүнийг нийслэлээс тодруулахад тухайн байгууллагад алдагдал гарвал машин цагийн зардлаар санхүүждэг байгаа. Хэрэв энэ зардлаас мөнгө дутвал Нийслэлийн зорчигч тээврээс мөнгө олгодог. Нэг автобусны зардал 32 900 төгрөг. Энэ хөлсөнд бүх байгууллагын зардал хөлс нь багтаж байдаг. Үр дүнгийн цалин мөн машин цагийн зардалд бас багтаж байгаа. Зорчигч тээврийн нэгтгэл нь машин цагийн зардлаар санхүүждэг бөгөөд үүнийг нийслэлийн өмчийн газраас зөрүүг нь тогтоодог байгаа. Ж.Ат 551 900 төгрөг, П.Ат 547 848 төгрөг, А-д 551 900 төгрөг, А-д 507 842 төгрөг, Б-д 526 225 төгрөг, Б-д 547 848 төгрөг, Б 551 900 төгрөг, Б 512 422 төгрөг, Б 702 317 төгрөг, Б 532 033 төгрөг, Б 607 092 төгрөг, Б 518 566 төгрөгийг нэхэмжилж байна. Үр дүнгийн шагналт цалин машинт цагийн зардалд ордог учраас алдагдал байдаггүй.

Илүү цагийн хөлс нь 2015 оны 01 дүгээр сараас 2016 оны 4 дүгээр сар хүртэл байгаа. Цалин хөлсний дэлгэрэнгүй хүснэгтээр илүү ажилласан цагийн хөлсийг шаардаж байгаа. Илүү цагийн олгосон хөлсийг 0.5 хувиар, олгоогүй цагийн хөлсийг 2 хувиар тооцож байгаа. Үндсэн цалингаас цагийн хөлсийг 2 дахинаар бодож байгаа. Үндсэн цалингаа сарынхаа хоногтоо хуваачихдаг. Тэгээд нэг цагийн хөдөлмөрийн хөлс гарч ирнэ. Сард ажиллах ёстой цагтаа хуваана. Тэгээд цагийн хөдөлмөрийн хөлс гарна. Цагийн хөдөлмөрийн хөлсөө илүү цагийн хөлсдөө хоёр дахин үржиж Ж.А-д 76 945 төгрөг, П.А-д 29 060 төгрөг, А 7 808 төгрөг, А-д 14 218 төгрөг, Б-д 20 070 төгрөг, Д.Б-д 74.178 төгрөг, Б-д 109 691 төгрөг, Г.Б-д 48 848 төгрөг, Б-д 127 020 төгрөг, Б-д 105 429 төгрөг, Б-д 54 632 төгрөг, Б-д 85 728 төгрөгийг нэхэмжилж байна.

Цомхтголоор 156 хүнийг ажлаас халсан, зарим нь тэтгэвэрт, зарим нь ажлаас халагдсан. Зорчигч тээврийн нэгтгэлд 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр бүтэц орон тоонд мөнгө хураагч гэсэн ажлын байр байна гэж шүүхэд авчирч өгсөн. Хамтын гэрээний 3.7 дугаар зүйлд зааснаар цалин хөлсний журамд бүх цалин ирсэн учраас нийгмийн даатгалын дэвтрийн сүүлийн 3 сарын дундаж цалинг энэ ажилласан жилд үржүүлэн тооцон Ж.А 6 243 986 төгрөг, П.Ат 3 673 400 төгрөг, А-д 6 148 375 төгрөг, А-д 1 224 466 төгрөг, Б-д 3 042 117 төгрөг, Б-д 2 330 608 төгрөг, Д.Б-д 1 791 666 төгрөг, Б-д 4 174 400 төгрөг, Г.Бд 2 403 961 төгрөг, Б тэтгэмжээ авсан, Батцэнгэлд 3 576 670 төгрөг, Байгалмаад 2 448 933 төгрөг, Б-д 3 171 780 төгрөгийг нэхэмжилж байна. Энд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг ч үйлдвэрчний эвлэлийн хороогоор маргаад өнөөдрийг хүртэл явж байгаа учраас хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй. Цаашид хуулиа мөрдөж ажиллах нөхцлийн нэмэгдэл хөөн хэлэлцэх хугацаан дээр яригдана. 3 сарын хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй байгаа. Удаан жил, үр дүнгийн цалин 3 сарын хугацаандаа нэхэмжлэлээ гаргасан байгаа. Цомхотголын мөнгө нь 2016 оны 1 сарын 16-ны өдөр анх цомхтголын мөнгө гаргуулахаар хандсан байгаад түүнээсээ татгалзаж 2018 оны 9 сарын 21-ний өдөр Нийслэл Улаанбаатар бүтэц орон тооноос шалгагч гэсэн цомхтгол явагдсан байна гээд үүнийг сэргээж шийдвэрлүүлэхээр шүүгч 8 сард захирамж гаргаж байсан тул цомхотголыг бас хугацаандаа гаргасан гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Тус шүүхэд хэлэлцэгдэж байгаа автобус нэгдүгээр баазын үйлдвэрчний эвлэлийн хорооны нэхэмжлэлтэй нэр бүхий 14 шалгагчийн нэмэгдэл цалин бүхий 6 шаардлагатай иргэний хэрэгт тайлбар гаргаж байна. Жагсаалтын дагуу 14 шалгагчаас Б, Д.Б, Б гэсэн 3 хүн үндсэн бүх 6 төрлийн шаардлагаасаа татгалзсан байх тул үлдэх шалгагч нарын шаардлагад тайлбар хэлье. Ж.А 2016 оны 3 сарын 1-ний өдрийн Б/248 тушаалаар өндөр насны тэтгэвэрт гарсан. П.А 2-р баазад ажил үүргээ гүйцэтгэж байна. А 1-р баазад ажиллаж байгаа, А нь 2-р баазад ажиллаж байна, Бямбачулуун 2017 оны 9 сарын 5-ны өдрийн Б/7903 тоот тушаалаар ердийн өвчнөөр хөдөлмөрийн чадвараа алдсан нь тогтоогдсон учраас хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан байгаа. Б 1-р баазад ажиллаж байна. Г.Б 1-р баазад ажиллаж байна. Б 2015 оны 10 сарын 1-ний өдрийн Б/1436 тоот тушаалаар харилцан тохиролцсон учир ажлаас чөлөөлсөн байгаа.  Батцэнгэл нь 2-р баазад ажиллаж байна. Б 2-р баазад ажиллаж байна. Б 1-р баазад ажиллаж байна. 14 шалгагчаас нэг шалгагч тэтгэвэрт, нэг шалгагч өвчний улмаас, нэг шалгагч харилцан тохиролцсон, нэг шалгагч нас барсан, хоёр шалгагч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байгаа тул үлдэх шалгагч нар хөдөлмөрийн гэрээтэйгээ ажил үүргээ гүйцэтгэж байна. Эдгээр үлдсэн ажил үүргээ гүйцэтгэж байгаа шалгагч нар нь хавтаст хэргийн 4 дүгээр хуудсанд байгаа хариуцагчийн гаргаж өгсөн ажиллаж байгааг тодорхойлсон тодорхойлолтоор өнөөдрийг хүртэл ажиллаж болох нь нотлогдоно.

Нэгдүгээр шаардлагад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сая хүн бүрээр нь дурдсан тул үүнийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн. Яагаад гэвэл хөдөлмөрийн тухай хуульд 47 дугаар зүйлд цалин хөлсний бүрдлийг заасан байгаа. Үүнд цалин хөлсөнд үндсэн цалин хөлс, нэмэгдэл, шагнал урамшуулал багтахаар хуульд зохицуулсан байдаг. Уг хамтын хэлэлцээрийг хариуцагч байгууллага татгалзаж байгаа. Хамтын хэлэлцээрийн 8 дугаар зүйлд аж ахуйн нэгж байгууллага өөрийн хөрөнгө бололцоо, жолооч, засварчдын мэргэжлийн ур чадвар, ажлын чанар, хөдөлмөрийн гэрээний биелэлт, үр дүнг харгалзан автомашины жолоочид дараах нэмэгдэл, шагнал урамшууллыг олгож болно. Нэмэгдэл хөлсний хувь хэмжээ олгох журмыг байгууллагын захиргаа буюу үйлдвэрчний эвлэл хамтран батлан шийдвэрлэнэ гэсэн байна. Хэлэлцээрт заасан 2014 оны 1 сарын 22-ны өдөр хамтын гэрээнд өөрчлөлт орсон байдаг. Уг гэрээ 2013 оны 2 сард хамтын хэлэлцээрт заасан үндсэн цалингийн 20 хариуцагчийн хувьд ногдох нэмэгдлийг олгоё гэсэн тохиролцоо бидний дунд хийгдээгүй учраас манай байгууллагаас шаардах эрх зүйн үндэслэл байхгүй байна. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.4 дүгээр зүйлд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон илэрхий үйл баримт байгаа. Энэ нь 4-р хавтаст хэрэгт авагдсан 2018 оны 5 сарын 24-ны, 2018 оны 12 сарын 24-ны өдрийн шийдвэрээс харагддаг. Дараа нь хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдана. Нийт 14 шалгагчтай холбоотой 4 хавтас хэрэг байгаа. Энд хүн болгоны цалин хөлсний дэлгэрэнгүй лавлагаа гаргаж өгсөн. нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өөрийн гарын үсэгтэй тодорхойлолт байгаа. Байгууллагад хөдөлмөрийн маргаан таслах комисс байхгүй учир шүүхээр хандаж шийдвэрлүүлнэ гэсэн утгатай. Энэ үндэслэлийг гаргаж байгаа юм чинь эрх зүйн үндэслэлийг мэднэ. Ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуулийн хугацаанд гаргаагүй гэж үзэж байна. 2016 оны 1 сарын 18-нд цомхотголтой холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан байгаад мэргэшсэн зэргийн нэмэгдлүүдийг 2016 оны 10 сарын 27-нд шаардлагаа өөрчлөн гаргахдаа гаргасан байдаг. Хугацаандаа нэхэмжлэл гаргасан гэж тайлбарладаг боловч үндэслэлгүй болох нь эдгээр баримтуудаар няцаагдаж байгаа.

Хоёр дахь шаардлага болох ур чадварын нэмэгдэл цалинг хамтын гэрээний 4.2 дугаар заалтыг үндэслэж шаарддаг. Энд ажилчдад үндсэн цалин дээр нь урамшуулал болон хөдөлмөрийн нөхцөлийн нэмэгдлийг сар бүр олгоно. Ингэхдээ мэргэшлийн зэргийн нэмэгдэл, ур чадварыг харгалзан байгууллага дотор мөрдөгдөж буй дүрэм журмыг мөрдлөг болгохоор үндсэн цалингийн 15 хувиас хэтрэхгүй байхаар заасан. Энд урьдчилсан нөхцөлийг заасан буюу байгууллага дотор мөрдөгдөж байгаа дүрэм, журмыг мөрдлөг болгохоор байх бөгөөд үүнд цалин хөлсний журмыг баримтална. Тухайн үед 13-14 хүний асуудлыг ярьдаг. Энэ автобус нэгийн цалин хөлсний журмын 5.5.1, 5.5.2-т зааснаар ур чадварын нэмэгдлийг зөвхөн засвар үйлчилгээний ажилтан, тоног төхөөрөмжийн засварчдад олгоно, зэргийг мэргэшлийн байгууллагын үнэмлэх, зэрэг тогтоох шийдвэрийг үндэслэж тогтооно гэж заасан. Тэгэхээр энэ журамд шалгагчийн ажлын байр тусгагдаагүйй тул нэхэмжлэх эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн хөөн хэлэлцэх хугацаа ижил буюу энэ шаардлагыг 2016 оны 10 сарын 27-нд гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хугацаа хэтэрсэн байна.

Дараагийн шаардлага нь хамтын гэрээний 4.7 дугаар зүйлд зааснаар үр дүнгийн нэмэгдэл цалин шаарддаг. Байгууллага нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 220 дугаартай тогтоолыг хэрэгжүүлж ажилладаг. Энэ тогтоолоор нийслэл, дүүргийн орон нутгийн төсвийн байгууллага өмчид үйлдвэрийн ажиллагсдад үр дүнгийн шагнал олгох журмыг батлаж, 2015 оны 1 сарын 1-ний өдрөөс мөрдүүлэхээр заасан. Журмын хэрэгжилтийг мэдээж хангаж ажиллана. Журмын 2 дугаар зүйлд үр дүнгийн шагнал урамшууллыг олгох санхүүгийн эх үүсвэрийг нэрлэсэн байдаг. Байгууллага 2015 онд алдагдалтай ажилласан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан санхүүгийн тайлангаар нотлогдож байгаа. Байгууллагад дээрх тогтоолд заасан санхүүгийн эх үүсвэр байгаагүй учир олгоогүй байгаа. Мөн хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн шаардлага байгаа. Түрүүн хэлсэн хөөн хэлэлцэх хугацааны тайлбартай ижил.

Удаан жилийн нэмэгдэл олгох шаардлагын тухайд байгууллагын цалин хөлсний журмын 5.3.3-д зааснаар нэхэмжилдэг. Эвлэрлийн санал дээр бид удаан жилийн шаардлагыг зөвшөөрсөн боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн аваагүй учир бид тайлбараа эс зөвшөөрч гаргана. Удаан жилийн нэмэгдлийг олгоогүй үндэслэл мөн адилхан санхүүтэй холбоотой. Өмнөх жилүүдэд тушаал гарч удаан жилийн нэмэгдэл олгож байсан бөгөөд олгоогүй шалтгаан нь НИТХурлын 2014 оны 220 дугаар тогтоолтой холбоотой. Мөн үр дүнгийн цалин, удаан жилийн нэмэгдэл хоёрын хөөн хэлэлцэх хугацаатай тайлбар ижил байна.

Ажлаас халагдсан цомхтголын тэтгэмжийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үүнийг шаардахдаа 2014  оны 1 сарын 22-ны хамтын гэрээний нэмэлт өөрчлөлтийн 3.7-г үндэслэдэг бөгөөд энд ажилтны буруу биш шалтгаанаар ажлаас чөлөөгдөх. Тухайлбал байгууллага болон түүний салбар нэгж татан буугдсан, технологийн шинэчлэлээр бүтцийн өөрчлөлт хийгдсэн. Орон тоо хасагдсан эсхүл ажилтны тоо цөөрсөн бол ажилласан жилээс нь хамаарч тэтгэмжийг нэг удаа олгохоор заасан. Нэхэмжлэлд нэр дурдагдсан 11 шалгагчаас Алтанцэцэг өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн, өндөр насны тэтгэвэрт гаръя гээд. 2015 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн кондуктор нарын ажлын байрыг өөрчлөх тухай тушаал гарснаар бусад нь ажил үүргээ гүйцэтгээд ажиллаж байна.

Илүү цагийн хөлсний тухайд П.А-д 76 945 төгрөг, П.А-д 29 060 төгрөг, Алтансувдад 7 808 төгрөг, А-д 14 218 төгрөг, Б-д 20 070 төгрөг, Бадамхандад 101 056 төгрөг, Г.Бд 48 848 төгрөг, Б-д 127 020 төгрөг, Б-д 105 429 төгрөг, Б-д 54 632 төгрөг, Баяржавхлан 85 728 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа. Б дээр зөрүүтэй буюу ажиллах ёстой цаг нь 1832, ажилласан цаг нь 1866 цаг байсан. Дээрх шаардлагаас илүү цагийн олгогдоогүй хөлсийг зөвшөөрч бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 125 дугаар зүйлийн 125.1, 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГазраас илүү цагийн хөлсөнд Ж.А-д 76 945 төгрөг, П.А.д 29 060 төгрөг, Д.А-д 7 808 төгрөг, Д.А-д 14 218 төгрөг, Б.Б-д 20 070 төгрөг, С.Ба-д 101 056 төгрөг, Г.Б-д 48 848 төгрөг, М.Б-д 127 020 төгрөг, З.Бд 105 429 төгрөг, Б.Б-д 54 632 төгрөг, Л.Б-д 85 728 төгрөгийг, удаан жилийн нэмэгдэлд Ж.А-д 240 000 төгрөг, П.А-д 60 000 төгрөг, Д.А-ад 70 000 төгрөг, С.Ба-д 60 000 төгрөг, Г.Б-д 50 000 төгрөг, З.Б-д 60 000 төгрөгийг тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 77 182 005 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б, Б.Б Д.Б нар нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, энэ хэсэгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Таас 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр төлсөн 2 193 804 төгрөгнөөс уг хэргийн нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 549 914 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГазраас 33 609 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Мэргэшсэн зэргийн нэмэгдэл, 2013-2014 онд хэрэгжүүлэх Авто тээврийн салбарын хамтын тариф хэлэлцээрийг байгуулахдаа Төрийи байгууллагыг төлөөлж Нийслэлийн тээврийн газрын дарга Ч.Э, Ажил олгогч эздийг төлөөлж том оврын Автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооны дарга Ц.П ажилтаныг төлөөлж дээд Монголын тээвэр холбоо газрын тосны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга С.Э болон бусад байгууллагууд хэлэлцээрт оролцож байгуулан хөдөлмөрийн яаманд баталгаажүулан бүртгүүлсэн салабарын 2013-2014 хэрэгжүүлэх Авто тээврийн салбарын хамтын тариф хэлэлцээрийн 2.1.12-т зааснаар кондуктор нарын мэргэшсэн зэргийн мэмэгдэл 10-20 хувь цалинг нэхэмжилж байна.Тус хэлэлцээрээр Сүхбаатар дүүрэгт 2013-2014 онд хэрэгжүүлэх Авто тээврийн салбарын хамтын тариф хэлэлцээрийг хэрэгжүүлэхээр Монголын тээвэр холбоо газрын тосны үйлдвэрчний эвлэлийн холбооноос маргаан үүсгэсэн. Мөн Сүхбаатар дүүргээс Зуучлагчийн зөвлөмж 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр гарсан. Арбитрын зөвлөмж 2014 оны 07 дугаар сарын 29-ний өдөр гарч зөвлөмжийн 2.1 дэх заалтанд 2014 оны 9 дүгээр сарын 10-ны дотор багтаан хэрэгжүүлэх нь зүйтэй гэж зөвлөмж хүргүүлсэн байдаг. Зорчигч тээврийн нэгтгэлийн захиргааанаас 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 1126 тоотоор Монголын тээвэр холбоо, Газрын тосны үйлдвэрчний эвлэлийн холбоонд болон З Т НОНӨААГҮГ-ын автобусны 1 дүгээр баазын үйлдвэрчний эвлэлийн хороонд Авто тээврийн хэлэлцээрийг хэрэгжүүлэхийг эрх бүхий байгууллагаас чиглэл өгвөл Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ нь хэрэгжүүлэн ажиллахад татгалзах зүйлгүй гэсэн ҮЭХ-дод албан ёсоор хариу өгсөн байдаг. Монгол улсын зам тээврийн яамнаас хэлэлцээр байгуулсан байгууллагуудад 2014 оны 10 дугаар сарын 01-ний 2/5127 тоот албан бичгээр, мөн 2013-2014 хэрэгжүүлэх Авто тээврийн салбарын хамтын тариф хэлэлцээрийг хэрэгжүүлж ажиллах чиглэлийг хүргүүлсэн байдаг бөгөөд З Т НОНӨААТҮГ-т уг чиглэлийг хэрэгжүүлж ажиллах үүрэг өгсөн байдаг. Монгол улсын зам тээврийн яамнаас 2015.05.14 өдөр 02/2046 тоот бичгээр Улаанбаатар хотын захирагч Бат-үүл Авто тээврийн хэлэлцээрийг харъяа салбар байгууллагууудад хэрэгжүүлэн ажиллах чиглэл дахин хүргүүлсэн байна. 2015 оны 05 дугаар сарын 25-наас эхлэн 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр З Т НОНӨААТҮГ-т жолооч кондукторын ажил хаялт 12 хоног болсон. Үүний дараа 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр тохиролцоо хийгдэж ажил хаялт зогссон. Тохиролцооны 3-т зааснаар захиргаа Үйлдвэрчний эвлэлийн хороо хамтран байгууллагын төсвийг нэмэгдүүлэх талаар шийдвэр гаргах эрх бүхий байгууллагад хандан зохих шийдвэрийг гаргуулах талаар хамтран ажиллахаар тохиролцсон. Тохиролцооны 6-д захиргааны санаачилгаар шүүхэд хандахгүй байхаар заалт оруулсан байдаг. Кондуктор жолооч нарын Мэргэшсэн нэмэгдэлийг 2013-2014 хэрэгжүүлэх Авто тээврийй салбарын хамтын тариф хэлэлцээрийн Үйлдвэрчний эвлэлийн хороогоор дамжуулан маргаан үүсгэж зуучлагч, арбиторын зөвлөмж гаргаж ажиллаж эцэслэн шийдэгдээгүй маргаан үргэлжилж байхад хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж шүүх шийдвэрлэж байгаа нь Хөдөлмөрийн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.

Илүү цагийн хөлсийг хамтын гэрээний 4.4 заалтаар Илүү цагаар болон долоо хоногийн амралтын өдөр ажилласан ажилтаныг амруулаагүй бол цалин хөлсийг ердийн үеийнхээс хоёр дахин нэмэгдүүлж олгоно. Илүү цаг ажилласан мөнгийг нэхэмжилсэн дүнгээр хангаж шийдвэрлэж өгнө үү.

Ур чадвар нөхцөлийн нэмэгдэл, Захиргаанаас үйлдвэрчний эвлэлийн хороонд 2013 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 348 тоот бичгээр ур чадвартай ажиллахыг ажилчдаас шаардсан байна.

2015 оны удаан жилийн нэмэгдэлийг, цалинг олгохдоо жилийн эцсийн 2015 оны 12 дугаар сарын 27-ны өдөр буюу 2016 оны 1 дүгээр сар, 2 дугаар сарын 27-ны өдрүүдэд цалингийн хамт олгодог цалинг 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэл гаргасан байхад гурван сар хэтэрсэн гэж шүүх шийдвэрлэж байгаа нь хуульд нийцэхгүй байна.

Үр дүнгийн цалинг, тухайн ажилчны нийгмийн даатгалын дэвтрийн сүүлийн 3 сараар тодорхойлж 2015 оны 10 сар, 11 сар, 12 сар бүтэн ажилласан сүүлийн гурван сарын дундаж цалингаар нэхэмжилж байна. 2015 оны үр дүнгийн цалингийн нэмэгдэлийг 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжилж байхад хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж шүүх шийдвэрлэж байгаа нь хуульд нийцэхгүй байна.

Цомхотголын тэтгэмж, мэдэгдсэн өдрөөс эхлэн шүүхэд Кондукторуудын цомхотголын тэтгэмжийг гаргуулахаар 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан нэхэмжлэлийг шийдвэрлүүлэх хүсэлт шүүхэд гаргахад 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр шүүгчийн захирамжаар хүсэлтийг хангаж шийдвэрлэж өгсөн. Иймд цомхотголын тэтгэмжийг дундаж цалинг тодохойлохдоо 1 сар, 2 сар 3 сарын дундаж цалингаар Нийгэм хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтаар баталсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7.а зааснаар тодорхойлон нэхэмжилж байна. Тэмдэгтийн хураамжийн тухай, Нэхэмжлэл 71 ажилчны нэхэмжлэлтэй иргэний хэргийг шүүгчийн захирамжаар 14 ажилчнаар баг болгож 5-н хэсэг хувааж тусгаарлан шийдвэрлэсэн 71 ажилчны цалинд 335 247 594.78 төгрөг нэхэмжилж тэмдэгтийн хураамжинд 2 193 804 төгрөг төлсөн. Нэхэмжлэгч 56 кондукторын цомхотголын   тэтгэмжинд 207 760 584.92 төгрөг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх тухай хуулийн 41.1 дэх заалтын дагуу тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн, хэрэгт 549 914 төгрөгний тэмдэгтийн хураамж төлүүлэхээр шийдвэрлэсэнд гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч, 3 кондуктор Д.Алтан-уяа, Г.Б. Д.А нар нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаагүй болно. Ж.А цалинд 3 977 096.68 төгрөг, цомхотголын тэтгэмжинд 5 243 986,16 төгрөг, П.А цалинд 4 404 783.46 төгрөг, цомхотголын тэтгэмжинд 3 673 400 төгрөг, Б.Б цалинд 2 368 560.80 төгрөг, цомхотголын тэтгэмжинд 2 330 608.33, С.Б цалинд 4 387 027.61 төгрөг, цомхотголын тэтгэмжинд 4 174 400 төгрөг, М.Бцалинд 2 178 263.06 төгрөг, цомхогголын тэтгэмжинд мөнгөө авсан, З.Б цалинд 4 599 885.36 төгрөг, цомхотголын тэтгэмжинд 3 576 670.22 төгрөг, Б.Б цалинд 4 198 481.32 төгрөг, цомхотголын тэтгэмжинд 2 448 933.33 төгрөг, Л.Б цалинд 4 030 707.99 төгрөг, цомхотгол тэтгэмжинд 3 171 780 төгрөгийг тус тус нэхэмжилж байна. Нийт цалинд 30 144 826.88 төгрөгний тэмдэгтийн хураамж төлсөн. Цомхотголын тэтгэмжинд 25 619 778 төгрөгийг Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх тухай хуулийн 41.1.1-т заасны дагуу тэмдэгтийн хураамжийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд чөлөөлөх хүсэлтийг гаргаж байна. Нийт 55 764 604.86 төгрөг нэхэмжилж гомдол гаргаж байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж, хэргийн үйл баримтыг дүгнэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

Нэхэмжлэгч Ж.Анар нь хариуцагч З Т НОНӨААТҮГ-т холбогдуулан 2013 оны 8 дугаар сараас 2016 оны 2 дугаар сар хүртэлх хугацааны мэргэшсэн зэргийн, 2013 оны 4 дүгээр сараас 2016 оны 4 дүгээр сар хүртэлх хугацааны ур чадварын нэмэгдэл, 2015 оны 01 дүгээр сараас 2016 оны 4 дүгээр сар хүртэлх хугацааны илүү цагийн хөлс, 2015 оны үр дүнгийн урамшуулалт цалин, 2015 оны удаан жилийн нэмэгдэл, цомхотголын тэтгэмж зэрэгт нийт 87 803 219.45 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл “Автобус-1” ОНӨҮГазрын төлөөлөл, ажилтнуудын төлөөллийн хооронд 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хамтын гэрээ байгуулагдаж, уг гэрээнд 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулсан, хүчин төгөлдөр гэрээ байна.

Анхан шатны шүүхээс автотээврийн байгууллагын үйлдвэрчний эвлэлийн салбар байгууллагуудын хамтын гэрээ хэлэлцээрээр тохирсон заалтуудыг байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг боловсруулахдаа үйлдвэрчний эвлэлийн хороотой зөвшилцөж хамтын гэрээнд тусгахаар тохиролцсон боловч зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГазар нь гэрээний оролцогч биш гэж маргасан тул хамтын гэрээнд тусгуулж тохиролцох талаар тус байгууллагын үйлдвэрчний эвлэлийн хороо маргаан үүсгэж шийдвэрлүүлээгүй, хөдөлмөрийн дотоод журмыг хэлэлцээрт нийцүүлэн батлаагүй тул дээрх хэлэлцээрийн тохиролцооны талаар нэхэмжлэгч нар шаардах эрхгүй гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй.

Түүнчлэн, шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагуудаас мэргэшсэн зэргийн нэмэгдэл, ур чадварын нэмэгдэл, илүү цагийн хөлс гаргуулах тухай шаардлагуудыг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж зааснаар гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн хэмээн дүгнэж, дээрх шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нар 2015 оны үр дүнгийн урамшуулалт цалин гаргуулахаар нэхэмжилсэн боловч Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 220 дугаар тогтоолоор хариуцагч З Т НОНӨААТҮГ болон Нийслэл, дүүргийн орон нутгийн төсвийн байгууллага, өмчит үйлдвэрийн газрын ажиллагсдад үр дүнгийн шагнал, урамшуулал олгох журмыг баталж, уг журмын 2.2.1, 2.2.2, 2.2.4, 4.2.2-т тус тус зааснаар хариуцагч байгууллага нь тухайн онд олсон ашиг, өмнөх оны хэмнэлт, нэмэлт санхүүгийн эх үүсвэр зэргийг үндэслэн ажилчдад үр дүнгийн цалин олгохоор зохицуулсан байна. Гэвч хариуцагч байгууллага нь олгоогүй, хэмнэлт гаргаагүй, алдагдалтай ажилласан болох нь 2015 оны 4 дүгээр улирлын санхүүгийн тайлан, орлогын дэлгэрэнгүй тайланд, ашиг, алдагдлын эсийн үлдэгдэл гэх нотлох баримтаар тогтоогдсон тул уг заалт хэрэгжих боломжгүй.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь цалин хөлс тооцох журам болон Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “...хэрэгт цугларсан нотлох баримтыг зохих ёсоор үнэлээгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү...” гэж давж заалдах гомдол гаргасныг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй болно.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн 183/ШШ2019/01469 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 308 674 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааpг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Н.БАТЗОРИГ

        ШҮҮГЧИД                                   А.МӨНХЗУЛ

                                                          М.НАРАНЦЭЦЭГ