Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2022/ДШМ/003

 

Б.*******эд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Жаргалсайхан, Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Бат-Оргил

Шүүгдэгч Б.*******

 Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Должинсүрэн нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2021/ШЦТ/303 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурорын бичсэн эсэргүүцлээр Б.*******эд холбогдох эрүүгийн 2114000000246 дугаар хэргийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Монгол улсын иргэн, ... Түй ургийн овогтой *******гийн *******,  регистрийн дугаар /*******/,

Б.******* нь согтуурсан үедээ 2021 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоотод өөрийн эхнэр Б.*******тэй маргалдаж, эрх чөлөөнд нь халдахад нь тэдний зодооныг салгахаар дундуур нь орсон Г.*******ын цээж хэсэгт нь хутгаар 1 удаа хатгаж эрүүл мэндэд нь цээжинд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан

Мөн Б.******* нь согтуурсан үедээ 2021 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоотод өөрийн эхнэр Б.*******тэй маргалдаж, эрх чөлөөнд нь халдахад нь тэдний зодооныг нь 2 болиулахаар очсон Б.*******гийн толгой болон гар руу нь гурил элддэг ганжингаар цохин эрүүл мэндэд нь духанд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун бугалгад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас Б.*******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Түй ургийн овогт *******гийн *******ийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Б.******* таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Шүүгдэгч Б.*******эд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,

Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2, 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ганжин 1 ширхэг, хутга 1 ширхэг зэргийг устгуулахаар Баянхонгор аймгийн шүүхийн тамгын газарт даалгаж,

Шүүгдэгч Б.*******ийн эзэмшлийн “самсунг S-6 маркийн гар утас..”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх эд зүйлийг хэрэгцээний дагуу шүүгдэгч Б.*******эд буцаан олгож шийдвэрлэжээ.

Прокурор Б.Бат-Оргил тус шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ:

Шүүхийн шийтгэх тогтоолыг 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 11 цаг 40 минутад хүлээн авч танилцаад Эрүүгийн хууль, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...Б.*******эд торгох ял оногдуулж, уг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлүүлэхээр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ...” гэж зааж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5- д зааснаар шүүгдэгч Б.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй...” гэж заажээ.

Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт дурдсан болон тогтоох хэсгийн 3 дахь заалт нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байна гэж үзэхээр байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160.1 дүгээр зүйлд “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй”,

160.2 дугаар зүйлд “Энэ хуулийн 160.1-д заасан хугацаа дуусгавар болоход ялтан торгуулийг төлөөгүй бол шийдвэр гүйцэтгэгч торгуулийг төлж барагдуулаагуй шалтгаан нөхцөлийг судалж, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн зөвшөөрснөөр шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж, ялтны саналыг харгалзан уг хугацаанд торгуулийг төлж барагдуулах хуваарь тогтоож болно”,

160.3 дугаар зүйлд “Энэ хуулийн 160.2-т заасан дагуу тогтоосон хуваарийг ялтан тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулна. Сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлнэ.”,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж тус тус заасан байхад шүүхээс уг хуулийн заалтыг харгалзан үзэхгүйгээр хүчин төгөлдөр болмогц төлүүлэхээр заасан нь эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу ялтан нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор торгох ялыг биелүүлэх нөхцөл бололцоог хааж, ялтны эрхийг зөрчсөн байна гэж үзэхээр байна.

2. Шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...Б.*******эд торгох ял оногдуулж, уг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлүүлэхээр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ...” гэж,

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад шүүхээс торгох ялыг хэсэгчлэн төлөх хугацаа заагаагүй атлаа “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй...” гэж зөрүүтэй байдлаар тусгаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн зохицуулалтыг зөрчжээ.

Иймд Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2021/ШЦТ/303 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив

Прокурор Б.Бат-Оргил тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах саналаа дэмжин оролцоно гэв

 ТОДОРХОЙЛОХ нь:

Прокурор Б.Бат-Оргилын тус шүүхэд гаргасан эсэргүүцэлд үндэслэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр хавтаст хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Баянхонгор аймгийн Прокурорын газраас Б.*******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсний дагуу анхан шатны шүүхээс Б.******* нь согтуугаар 2021 оны 7 дугаар сарын 11-ний өдөр, согтуугаар Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоот дахь, гэртээ эхнэр Б.*******тэй маргалдаж, эрх чөлөөнд нь халдах үед маргаан, зодооныг салгах гэсэн Г.*******ын цээж хэсэгт нь хутгаар 1 удаа хатгасан, Б.*******гийн толгой болон гар руу нь гурилын ганжингаар цохин тэдэнд хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримтыг тогтоож, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэжээ.

Харин анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.*******ийг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэхдээ “...шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...гэж тус тус заасныг баримтлан шүүгдэгч Б.******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хохирогч нартай эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан, түүний хувийн байдал болон шүүгдэгч Б.******* нь хөдөлмөрийн чадвар алдалтын 69 хувиар сар бүр 300,000 төгрөгийн тэтгэмж авдаг /зүрхний ховдол цоорхой өвчний учир/, Рашаант Хайрхан ХХК-д галч ажилтай буюу тогтмол орлоготой талаарх банкны тодорхойлолт, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын санал, зэргийг харгалзан шүүгдэгч Б.*******эд торгох ял оногдуулж , уг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн...” гэх дүгнэлт нь үндэслэлгүй байна.

 Гэтэл шүүгдэгч Б.******* нь 2021 оны 7 дугаар сараас хойш хөдөлмөрийн чадвар алдалттай болон зүрхний ховдол цоорхой өвчтэй, Рашаант Хайрхан ХХК-д галч ажилтай буюу тогтмол орлоготой болохыг нь нотлох, нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байхад Б.******* нь хөдөлмөрийн чадвар алдалтын 69 хувиар сар бүр 300,000 төгрөгийн тэтгэмж авдаг /зүрхний ховдол цоорхой өвчний учир/, Рашаант Хайрхан ХХК-д галч ажилтай буюу тогтмол орлоготой талаарх банкны тодорхойлолт зэргийг үндэслэн Б.*******эд торгох ял оногдуулж, уг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3-т заасан шударга ёсны зарчимтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.7 дугаар зүйлийн 3.1-д заасан “шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга...” ойлгомжгүй эргэлзээтэй болжээ.

Мөн анхан шатны шүүх шүүгдэгч Б.*******эд 450 000 төгрөгөөр торгох ял оногдуулсан, уг ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д “ Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно", Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж заасантай нийцээгүй байна.

 Хавтаст хэргийн 101-104 дүгээр талд авагдсан шүүгдэгч Б.*******ийн 2021 оны 7 сар хүртэл сард 300 000 төгрөгийн тэтгэвэр авсан, 7 сараас хойш тэтгэвэр авч, хөдөлмөрийн чадвар алдсанаа сунгасан эсэх нь тодорхойгүй тэтгэврийн дэвтрийг үндэслэн анхан шатны шүүх “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй...” гэж шийдвэрлэсэн нь торгох ял биелүүлэх хугацааг тодорхой тогтоогоогүй мөртлөө шүүхээс тогтоосон хугацаа гэж ямар хугацааг заагаад байгаа нь ойлгомжгүй буюу торгох ял биелэгдээгүй тохиолдолд хуулийн дагуу үүсэж болох үр дагаврыг тооцоход ч ойлгомжгүй болгожээ.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасантай нийцэхгүй юм.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “ шүүхийн шийдвэр уншин сонсгосноор хүчинтэй болно”, мөн хуулийн 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар талууд, оролцогч энэ хуулийн 38.2 дугаар зүйлд заасан хугацаанд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаагүй бол гомдол, эсэргүүцэл бичих хугацаа дуусмагц хэрэв гомдол,эсэргүүцэл бичсэн бол давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчлөлт оруулсан бол шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох ба анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэнэ гэж заасан зохицуулалтуудаас үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш торгох ялыг хэрхэн, яаж төлөх нь тодорхойгүй орхигдуулсныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.1-т заасны дагуу шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй үндэслэл болж байна.

Иймд анхан шатны шүүх “...Шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт ...Б.*******эд торгох ял оногдуулж, уг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн, ... тогтоох хэсгийн 3 дахь заалтад шүүхээс торгох ялыг хэсэгчлэн төлөх хугацаа заагаагүй атлаа ....шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол ...” гэж зөрүүтэй байдлаар тусгаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна...” гэсэн хуулийн зохицуулалтыг зөрчсөн гэх агуулгаар бичсэн Прокурорын эсэргүүцэл болон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон дээр бичигдсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2,

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

 зүйлийн 1.3 -т тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2021/ШЦТ/303 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 .1 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.*******эд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай

3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

 

 ШҮҮГЧИД Т.ЖАРГАЛСАЙХАН

 

 Г.УЛАМБАЯР