Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2024/01933

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2024/01933

Улаанбаатар хот

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: *** дүүрэг, *** дүгээр хороо, *** гудамж, *** дугаар байр, ***тоот хаягт оршин суух, С овогт Г-гийн Б /РД:***/,

 

Хариуцагч: *** дүүрэг, *** дугаар хороо, *** гудамж, ***дүгээр байр, *** тоот хаягт оршин суух, С овогт Б-ийн Б- /РД:***/,

 

Хариуцагч: *** дүүрэг, *** дүгээр хороо, *** дүгээр гудамж, ***тоот хаягт оршин суух, Б овогт О-гийн А- /РД:***/,

 

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 266,652,340 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай,

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэх тухай,

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Энхцэцэг, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ганболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч Б.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 259,652,340 төгрөг, өмгөөллийн хөлс 7,000,000 төгрөг, нийт 266,532,340 гаргуулах, хариуцагч О.А-т холбогдуулан хариуцагч Б.Б мөнгөн төлбөрийн үүргээ сайн дураар биелүүлэхгүй бол үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардаж, шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. 2020 оны 3 дугаар сарын 23-нд Б.Б над руу утасдаж мөнгө зээлээч гэсэн. Би өөрийн охин Л.Б-оор дамжуулж, 40,000,000 төгрөгтэй тэнцэх рублийг бэлнээр өгч, 3 сарын хугацаатай, сарын 2 хувийн хүүтэй зээлсэн. 3 сарын дотор мөнгөө төлөөгүй, хүүгээ төлөөд явж байя гэхэд нь зөвшөөрсөн. 2021 оны 8 сар хүртэл хүү төлсөн. 2021 оны 10 сард тоног төхөөрөмж авах гэсэн юм туслаач гэхээр нь АНУ-д сурч байгаа хүүхдийнхээ сургалтын төлбөрийг нь зээлдүүлсэн, 32,000 ам.долларыг Худалдаа хөгжлийн банкнаас шилжүүлсэн. Өмнө зээлсэн 40,000,000 төгрөг дээр, дутуу төлсөн хүүний 1,000,000 төгрөгийг нэмж, дансаар 5,000,000 төгрөг, 5,360,000 төгрөгийг шилжүүлсэн. 32,000 ам.доллар, 51,360,000 төгрөг болсныг Монгол банкны ханш 2,853.33 төгрөгөөр бодож, нийт 50,000 ам.доллар боллоо гэж Б.Б бичиж өгч, сарын 1,5 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Би удалгүй АНУ руу явсан. Жилийн дараа 2022 оны 9 сард мөнгөө авах гэж ирсэн, Б.Б удаахгүй өгнө гээд нотариат орж мөнгөө авснаа дурдаад гэрээгээ сунгуулж, зээлийн хүүг тогтмол 2,137,500 төгрөг байхаар тохиролцсон. Барьцааны гэрээг нотариат дээр байгуулсан. 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр барьцааны гэрээгээ улсын бүртгэлд бүртгүүлсэн. Гэрээний хугацаанд төлөгдөөгүй хүүний үлдэгдэл 11,973,000 төгрөг, 32,000 ам.доллар, 51,360,000 төгрөгийн хамт 173,110,560 төгрөг болсон. 2023 оны 2 сард Б.Б 10,000,000 төгрөг төлсөн. 50 хоног хугацаа хэтэрсэн байсан тул алдангид суутгасан. 2023 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 15,000 ам.доллар төлсөн. Мөн алдангид тооцсон. Хариуцагч Б.Б-аас үндсэн зээл, төлөгдөөгүй хүүнд нийт 173,101,560 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданги 86,550,780 төгрөг, өмгөөлөгчийн зардал 7,000,000 төгрөг, нийт 266,652,340 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Анх Л.Б, Б.Б нарын хооронд гэрээ байгуулсан. Хүү 2 хувь, хугацаа 3 сар, сард 800,000 төгрөгийн хүү төлөхөөр гэрээ байгуулсан. 2020.07.28-2021.08.28 хүртэл сар болгон 800,000 төгрөг төлсөн. Нийт 14,900,000 төгрөг төлөгдсөн. Үндсэн зээлийн үлдэгдэл нь 27,500,000 төгрөг болсон. 2 дахь зээлийн гэрээг 2021 онд Г.Б, Б.Б нар байгуулсан. 50,000 ам.долларын гэрээ хийсэн ч 32,000 ам.долларыг өгсөн. Хүүнд 750 ам.доллар төлсөн. 32,000 ам.долларын 1,5 хувийн хүү тооцоход сард 480 ам.доллар төлөхөөр байгаа. Нийт 21,625 ам.долларыг төлсөн. Хүүнд илүү төлсөн мөнгийг үндсэн зээлээс хасах ёстой. Одоо 13,988 ам.долларын үлдэгдэлтэй. 3 дахь гэрээг 2022 онд байгуулсан. Сүүлийн гэрээнд Л.Б-ын зээлийг нэгтгэж хийсэн. Шаардах эрхийг шилжүүлээгүй. Энэ гэрээ байгуулаад мөнгө шилжүүлж өгөөгүй, гэрээг сунгалаа гээгүй, шинээр зээл гэсэн утгатай гэрээ хийсэн. Эхний 2 гэрээ хүчинтэй бөгөөд арбитраар шийдвэрлүүлэхээр тохиролцсон. Сүүлийн гэрээ хүчингүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

3. Хариуцагч О.А нь нэхэмжлэгч Г.Б-д холбогдуулж, О.А-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, *** дүүрэг, *** дугаар хороо, *** дугаар гудамж, *** тоот хаягт байрлах, 178.4 м.кв талбай бүхий зоорийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэхээр сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, дараах үндэслэлээр шаардаж байна. Үүнд:

3.1. 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн зээлийн гэрээг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгийг шилжүүлж өгөөгүй тул зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй. Иймд барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэв.

4. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

4.1. Барьцаанд тавихыг О.А өөрөө зөвшөөрч, гараар бичиж өгч, улмаар нотариат орж бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн хүчин төгөлдөр хэлцэл. 2022 оны зээлийн гэрээ нь хугацаа сунгасан гэрээ тул барьцаа хөрөнгийг чөлөөлөх үндэслэлгүй гэв.

5. Нэхэмжлэгчээс 2022.09.12-ны өдрийн 0917 дугаартай Г.Б, Б.Б нарын байгуулсан 32,000 ам.доллар, 51,390,000 төгрөгийн Зээлийн гэрээ, 2022.09.12-ны өдрийн Г.Б, О.А нарын байгуулсан Барьцааны гэрээ, 2021.10.14-ний өдрийн 32,000 ам.долларын шилжүүлгийн баримт, 2021.10.14-ний өдрийн Х ХХК-ийн 5,360,000 төгрөгийн мемориалын баримт, Г.Б-гийн Худалдаа хөгжлийн банкны *** тоот дансны хуулга, 2020.03.23-ны өдрийн Б.Б, Б.Б нарын 40,000,000 төгрөгийн Зээлийн гэрээ, 2021.10.15-ны өдрийн Г.Б, Б.Б нарын 50,000 ам.долларын Зээлийн гэрээ, О.А-ийн өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, зээлийн тооцоолол, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт 2023.06.15-ны өдөр гаргасан Г.Б-гийн өргөдөл, 2023.09.14-ний өдрийн өмгөөллийн гэрээ, Х ХХК-ийн мемориалын баримт, Б.Б, Л.Б нарын мөнгө хүлээлцэж буй фото зураг, Г.Б-гийн Л.Б-ын данс руу мөнгө шилжүүлсэн баримт, 2024.02.20-ны өдрийн Л.Б-ын үйлдсэн тодорхойлолт, Л.Б-ын 2024.02.19-ний өдрийн шүүхэд гаргах тодорхойлолт, 2023.05.11-ний өдрийн онгоцны тасалбар, Г.Б-гийн гадаад паспортын хуулбар, О.А-ийн 2021.10.04-ний өдрийн гараар бичсэн тодорхойлолт, Л.Б-оос 2023.09.15-ны өдөр олгосон итгэмжлэл, 2023.04.06-ны өдөр олгосон итгэмжлэл зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

Хариуцагчаас О.А-ийн өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, 2021.06.14-ний өдрийн үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээний хуулбар, О.А-ийн данснаас Л.Б руу зээлийн төлбөр шилжүүлж байсан шилжүүлгийн баримт, Б.Б-ын Худалдаа хөгжлийн банкны *** тоот дансны 2020.01.01-2020.12.31-ний өдөр хүртэлх хуулга, Б.Б-ын Г.Б-гийн данс руу мөнгө шилжүүлсэн орлогын баримт, зээлийн тооцооллыг нотлох баримтаар гаргаж өгсөн.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр барьцаа хөрөнгийн хувийн хэргийг, Г.Б, Б.Б нарын харилцсан вайберын чатад үзлэг хийсэн тэмдэглэл, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Г.Б-гийн Хаан банк дахь *** тоот дансны 2022.05.31-2022.07.28-ны өдрийн хуулга, Л.Б-ын Хаан банк дахь *** тоот дансны 2020.03.23-2021.11.01-ний өдрийн хуулгыг шүүх бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг болно хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.1. 2020 оны 3 дугаар сарын 23-нд Б.Б над руу утасдаж мөнгө зээлээч гэсэн. Би өөрийн охин Л.Б-оор дамжуулж, 40,000,000 төгрөгтэй тэнцэх рублийг бэлнээр өгч, 3 сарын хугацаатай, сарын 2 хувийн хүүтэй зээлсэн. 3 сарын дотор мөнгөө төлөөгүй, хүүгээ төлөөд явж байя гэхэд нь зөвшөөрсөн. 2021 оны 8 сар хүртэл хүү төлсөн. 2021 оны 10 сард тоног төхөөрөмж авах гэсэн юм туслаач гэхээр нь АНУ-д сурч байгаа хүүхдийнхээ сургалтын төлбөрийг нь зээлдүүлсэн, 32,000 ам.долларыг Худалдаа хөгжлийн банкнаас шилжүүлсэн. Өмнө зээлсэн 40,000,000 төгрөг дээр, дутуу төлсөн хүүний 1,000,000 төгрөгийг нэмж, дансаар 5,000,000 төгрөг, 5,360,000 төгрөгийг шилжүүлсэн. 32,000 ам.доллар, 51,360,000 төгрөг болсныг Монгол банкны ханш 2,853.33 төгрөгөөр бодож, нийт 50,000 ам.доллар боллоо гэж Б.Б бичиж өгч, сарын 1,5 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Би удалгүй АНУ руу явсан. Жилийн дараа 2022 оны 9 сард мөнгөө авах гэж ирсэн, Б.Б удаахгүй өгнө гээд нотариат орж мөнгөө авснаа дурдаад гэрээгээ сунгуулж, зээлийн хүүг тогтмол 2,137,500 төгрөг байхаар тохиролцсон. Барьцааны гэрээг нотариат дээр байгуулсан. 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр барьцааны гэрээгээ улсын бүртгэлд бүртгүүлсэн. Гэрээний хугацаанд төлөгдөөгүй хүүний үлдэгдэл 11,973,000 төгрөг, 32,000 ам.доллар, 51,360,000 төгрөгийн хамт 173,110,560 төгрөг болсон. 2023 оны 2 сард Б.Б 10,000,000 төгрөг төлсөн. 50 хоног хугацаа хэтэрсэн байсан тул алдангид суутгасан. 2023 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 15,000 ам.доллар төлсөн. Мөн алдангид тооцсон. Хариуцагч Б.Баас үндсэн зээл, төлөгдөөгүй хүүнд нийт 173,101,560 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданги 86,550,780 төгрөг, өмгөөлөгчийн зардал 7,000,000 төгрөг, нийт 266,652,340 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэв.

3. Хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж дараах тайлбарыг гаргасан. Үүнд: Анх Л.Б, Б.Б нарын хооронд гэрээ байгуулсан. Хүү 2 хувь, хугацаа 3 сар, сард 800,000 төгрөгийн хүү төлөхөөр гэрээ байгуулсан. 2020.07.28-2021.08.28 хүртэл сар болгон 800,000 төгрөг төлсөн. Нийт 14,900,000 төгрөг төлөгдсөн. Үндсэн зээлийн үлдэгдэл нь 27,500,000 төгрөг болсон. 2 дахь зээлийн гэрээг 2021 онд Г.Б, Б.Б нар байгуулсан. 50,000 ам.долларын гэрээ хийсэн ч 32,000 ам.долларыг өгсөн. Хүүнд 750 ам.доллар төлсөн. 32,000 ам.долларын 1,5 хувийн хүү тооцоход сард 480 ам.доллар төлөхөөр байгаа. Нийт 21,625 ам.долларыг төлсөн. Хүүнд илүү төлсөн мөнгийг үндсэн зээлээс хасах ёстой. Одоо 13,988 ам.долларын үлдэгдэлтэй. 3 дахь гэрээг 2022 онд байгуулсан. Сүүлийн гэрээнд Л.Б-ын зээлийг нэгтгэж хийсэн. Шаардах эрхийг шилжүүлээгүй. Энэ гэрээ байгуулаад мөнгө шилжүүлж өгөөгүй, гэрээг сунгалаа гээгүй, шинээр зээл гэсэн утгатай гэрээ хийсэн. Эхний 2 гэрээ хүчинтэй бөгөөд арбитраар шийдвэрлүүлэхээр тохиролцсон. Сүүлийн гэрээ хүчингүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

4. Хариуцагч О.А нь нэхэмжлэгч Г.Б-д холбогдуулж, О.А-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, *** дүүрэг, *** дугаар хороо, *** дугаар гудамж, *** тоот хаягт байрлах, 178.4 м.кв талбай бүхий зоорийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэхээр сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, дараах үндэслэлээр шаардаж байна. Үүнд:

4.1. 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн зээлийн гэрээг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгийг шилжүүлж өгөөгүй тул зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй. Иймд барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэв.

5. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: Барьцаанд тавихыг О.А өөрөө зөвшөөрч, гараар бичиж өгч, улмаар нотариат орж бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн хүчин төгөлдөр хэлцэл. 2022 оны зээлийн гэрээ нь хугацаа сунгасан гэрээ тул барьцаа хөрөнгийг чөлөөлэх үндэслэлгүй гэв.

6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2022.09.12-ны өдрийн 0917 дугаартай Г.Б, Б.Б нарын байгуулсан 32,000 ам.доллар, 51,390,000 төгрөгийн Зээлийн гэрээ, 2022.09.12-ны өдрийн Г.Б, О.А нарын байгуулсан Барьцааны гэрээ, 2021.10.14-ний өдрийн 32,000 ам.долларын шилжүүлгийн баримт, 2021.10.14-ний өдрийн Х ХХК-ийн 5,360,000 төгрөгийн мемориалын баримт, Г.Б-гийн Худалдаа хөгжлийн банкны *** тоот дансны хуулга, 2020.03.23-ны өдрийн Б.Б, Б.Б нарын 40,000,000 төгрөгийн Зээлийн гэрээ, 2021.10.15-ны өдрийн Г.Б, Б.Б нарын 50,000 ам.долларын Зээлийн гэрээ, О.А-ийн өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, нэхэмжлэгчийн гаргасан зээлийн тооцоолол, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт 2023.06.15-ны өдөр гаргасан Г.Б-гийн өргөдөл, 2023.09.14-ний өдрийн өмгөөллийн гэрээ, Х ХХК-ийн мемориалын баримт, Б.Б, Л.Б нарын мөнгө хүлээлцэж буй фото зураг, Г.Б-гийн Л.Б-ын данс руу мөнгө шилжүүлсэн баримт, 2024.02.20-ны өдрийн Л.Б-ын үйлдсэн тодорхойлолт, Л.Б-ын 2024.02.19-ний өдрийн шүүхэд гаргах тодорхойлолт, 2023.05.11-ний өдрийн онгоцны тасалбар, Г.Б-гийн гадаад паспортын хуулбар, О.А-ийн 2021.10.04-ний өдрийн гараар бичсэн тодорхойлолт, Л.Б-оос 2023.09.15-ны өдөр олгосон итгэмжлэл, 2023.04.06-ны өдөр олгосон итгэмжлэл, 2021.06.14-ний өдрийн үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээний хуулбар, О.А-ийн данснаас Л.Б руу зээлийн төлбөр шилжүүлж байсан шилжүүлгийн баримт, Б.Б-ын Худалдаа хөгжлийн банкны *** тоот дансны 2020.01.01-2020.12.31-ний өдөр хүртэлх хуулга, Б.Б-ын Г.Б-гийн данс руу мөнгө шилжүүлсэн орлогын баримт, хариуцагчийн гаргасан зээлийн тооцоолол, барьцаа хөрөнгийн хувийн хэрэг, Г.Б, Б.Б нарын харилцсан вайберын чатад хийсэн үзлэгийн тэмдэглэл, Г.Б-гийн Хаан банк дахь *** тоот дансны 2022.05.31-2022.07.28-ны өдрийн хуулга, Л.Б-ын Хаан банк дахь *** тоот дансны 2020.03.23-2021.11.01-ний өдрийн хуулга, зохигчдын тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.

7. Хариуцагч Б.Б нь 2020.03.23-ны өдөр 40,000,000 төгрөгийн зээлийг 2020.03.23-2020.06.23-ны өдөр хүртэл 3 сарын хугацаатай, сарын 2 хувийн хүүтэй, гэрээний маргаантай асуудлыг арбитраар шийдвэрлүүлэхээр тохиролцож, Л.Бтой зээлийн гэрээ байгуулж, 40,000,000 төгрөгийг хүлээн авсан байна.

8. 2021.10.15-ны өдөр Г.Б нь Б.Бтай 50,000 ам.долларын зээлийг 2021.10.15-2022.10.15-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаатай, сарын 1.5 хувийн хүүтэй, гэрээний маргаантай асуудлыг арбитраар шийдвэрлүүлэхээр тохиролцож, 10/1 тоот зээлийн гэрээ байгуулжээ. Уг зээлийн гэрээний дагуу 2021.10.14-ний өдөр 32,000 ам.долларыг Худалдаа хөгжлийн банкны *** тоот дансаар, 5,360,000 төгрөгийг Х ХХК-иас Худалдаа хөгжлийн банкны *** тоот дансаар, 5,000,000 төгрөгийг Г.Бгаас Худалдаа хөгжлийн банкны *** тоот дансаар шилжүүлэн авчээ.

Энэхүү гэрээний дүнд Л.Б-оос 2020.03.23-ны өдөр зээлсэн 40,000,000 төгрөг дээр дутуу төлсөн хүү болох 1,000,000 төгрөгийг нэмж, нийт 51,360,000 төгрөгийг гэрээ байгуулах үеийн ам.долларын ханшаар тооцон 18,000 ам.доллар гэж болсон гэв.

9. Г.Б нь Б.Бтай 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, гэрээний хугацааг 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүртэл 14 сарын хугацаатай, зээлийн хэмжээг 32,000 ам.доллар, 51,390,000 төгрөг байх, зээлийн хүүг сарын 2,137,500 төгрөг байх, зээлийг бэлэн бусаар Худалдаа хөгжлийн банкны 49922146 тоот дансанд 2021.10.14-нд 32,000 ам.доллар шилжүүлсэн, 10,390,000 төгрөгийг мөн дансаар шилжүүлсэн, 41,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн гэжээ.

Гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн тал нь хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөх, гэрээтэй холбоотой маргаантай асуудал гарвал харилцан зөвшилцөх, зөвшилцөлд хүрэхгүй тохиолдолд шүүхээр шийдвэрлүүлэхээр тохиролцсон байна.

10. 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг нэхэмжлэгч Г.Б, хариуцагч О.А нар байгуулж, 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар О.А-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Орхон 5 дугаар гудамж, 16, 16б тоот хаягт байрлах, 178.4 м.кв талбай бүхий зоорийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалж, нотариатаар гэрчлүүлж, 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ байна.

11. Нэхэмжлэгч нь 2020.03.23-ны өдрийн Л.Б-той байгуулсан гэрээний дагуу 40,000,000 төгрөгийг бэлнээр өгч, 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Г.Б-тай байгуулсан 50,000 ам.долларын гэрээ байгуулах үед өмнөх зээлийн гэрээний үндсэн төлбөр 40,000,000 төгрөг, хүү 1,000,000 төгрөг, нийт 41,000,000 төгрөг дээр Х ХХК-иас шилжүүлсэн 5,360,000 төгрөг, Г.Б-гийн данснаас шилжүүлсэн 5,000,000 төгрөг, нийт 51,360,000 төгрөгийг гэрээ байгуулах үеийн буюу 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн ам.долларын ханш болох 2,853.33 төгрөгөөр тооцон 18,000 ам.доллар гэж үзэж, 32,000 ам.долларыг дансаар шилжүүлж, нийт 50,000 ам.долларын гэрээг шинэчлэн байгуулсан гэв.

12. 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 50,000 ам.долларыг гэрээг 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр шинэчилж, доллараар өгсөн төлбөрийг нь доллараар, төгрөгөөр өгсөн төлбөрийг төгрөгөөр нь зээлдүүлсэн мөнгө гэж үзэж, хүүг ам.долларын ханшийн өсөлтөөс болж өөрчлөгдөж байгаа учраас нийт хүүг сар бүр тогтмол 2,137,500 төгрөг байхаар гэрээний хугацааг 2 сараар нэмэгдүүлж, 14 сарын хугацаатай байхаар өөрчлөлт оруулсан гэрээ байгуулсан гэж тайлбарлаж байна.

13. Хариуцагч тал нэхэмжлэгчээс болон нэхэмжлэгчийн охин Л.Б-оос хүлээж авсан мөнгөн дүнгийн талаар маргаагүй. Эхний 2 гэрээтэй холбоотой маргаан үүсвэл арбитраар шийдвэрлүүлэхээр тохиролцсон, эхний гэрээг Л.Бтой байгуулсан, нэхэмжлэгч уг гэрээний дагуу шаардах эрхгүй бөгөөд тухайн гэрээний хугацаа сунгалтыг бичгээр байгуулаагүй тул хүүнд төлсөн төлбөр нь үндсэн зээлээс хасагдах ёстой. 2 дахь гэрээний дагуу 50,000 ам.долларыг шилжүүлээгүй, 32,000 ам.доллар хүлээж авсан ба 50,000 ам.доллараар тооцож төлсөн хүүний зөрүүг үндсэн зээлээс хасах ёстой, 3 дахь буюу 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн зээлийн гэрээний дагуу огт мөнгө хүлээж аваагүй тул шаардах эрхгүй, хэрэв зээлийн төлбөр авах эрхтэй гэж үзвэл Л.Бтой байгуулсан зээлийн гэрээний төлбөрт 42,400,000 төгрөг төлөхөөс 14,900,000 төгрөг төлсөн тул 27,500,000 төгрөгийн үлдэгдэлтэй, 32,000 ам.долларын зээлийн төлбөрт 21,625 ам.доллар төлсөн тул 13,288 ам.долларын үлдэгдэл төлбөр байгаа гэж маргасан.

14. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан ба нэхэмжлэгч нь хариуцагчийн Худалдаа хөгжлийн банкны дансанд гэрээ байгуулахаас 1 өдрийн өмнө шилжүүлж, гэрээ байгуулсан өдөр бэлнээр төлсөн байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж шүүх дүгнэлээ.

15. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, 282.3-т хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэсэн шаардлагыг хангаж, 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 40,000,000 төгрөгийн зээлийн гэрээг бичгээр байгуулж, хүүний хэмжээг сарын 2,0 хувь, 3 сарын хугацаатай байх, 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 50,000 ам.долларын гэрээг бичгээр байгуулж, хүүний хэмжээг 1.5 хувь, 1 жилийн хугацаатай байх, 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн зээлийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний хугацааг 2022.10.14-2023.12.14-ний өдөр хүртэл хугацаатай, хүүний хэмжээг сарын 2,137,500 төгрөг байхаар тохиролцсон байна.

16. 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн гэрээний харилцаа нь Л.Б, Б.Б нарын хооронд үүсэж, зээлийн гэрээг 3 сарын хугацаатай байгуулж, амаар харилцан тохиролцож сунгасан байх ба Л.Б-ын данс руу 2020 оны 4 дүгээр сарын 23-наас 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүртэл нийт 19 удаагийн шилжүүлгээр 14,900,000 төгрөгийг сар бүр хүү гэсэн гүйлгээний утгатай шилжүүлжээ.

17. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т Нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ гэж заасан ба гэрээний хугацаа дуусахад хариуцагч буюу зээлдэгч нь сар бүр хүү төлөх замаар зээлийн гэрээний хугацааг сунгасан байна гэж үзлээ.

Иймд Л.Бтой байгуулсан зээлийн гэрээг 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүртэл 18 сар, 20 хоногийн хугацаатай төлбөл зохих хүү нь 800,000х18 сар+800,000/30х20=14,933,333 төгрөг төлөхөөс 14,900,000 төгрөг төлж 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн гэрээний хүү төлөх үүргээ биелүүлсэн байна гэж дүгнэлээ.

18. 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 50,000 ам.долларын зээлийн гэрээ байгуулахад Л.Б-оос зээлсэн 40,000,000 төгрөгийн шаардах эрхийг Г.Б шилжүүлэн авч, үүнийг Б.Б хүлээн зөвшөөрч, гэрээний нийт үнэд оруулж тооцжээ.

19. Дээр байгуулсан 50,000 ам.долларын гэрээг 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр шинэчилж, гэрээний хүүний хэмжээ болон зээлсэн мөнгийг ам.доллар, төгрөгөөр ялгаж тооцохоор өөрчлөлт оруулж, гэрээний маргааныг шүүхээр шийдвэрлүүлэхээр тохиролцсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан хэргийн харъяаллыг зөрчөөгүй гэж үзэх үндэслэлтэй, нэхэмжлэгч нь зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

20. Зээлийн тооцооллыг нэхэмжлэгч, хариуцагч талаас зөрүүтэй гаргасан тул шүүхээс тооцооллыг Г.Б, Б.Б нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс гэрээний хугацаа дууссан 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх хүүний тооцоолол, төлсөн мөнгө, гэрээний хугацаа дууссанаас хойш төлөгдсөн мөнгөн дээр шинээр тооцоолол хийж, дараах өр төлбөрийг гаргалаа.

Учир нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ гэж заасан үүрэг гүйцэтгэх дарааллыг нэхэмжлэгч баримтлаагүй тул хуулийн энэхүү заалтаар хариуцагчийн төлөх төлбөрийн тооцооллыг хийсэн болно.

21. 2021 оны 10 сард зээлийн хүүнд 761,700 төгрөг төлөхөөс 375 ам.доллар буюу 1,068,750 төгрөг төлж, илүү 307,050 төгрөг төлснийг үндсэн төгрөгийн зээлийн 50,360,000 төгрөгөөс хасаж үндсэн төгрөгийн зээлийн үлдэгдэл 50,052,950 төгрөг, 2021.11 сард хүүнд 1,662,794 төгрөг төлөхөөс 2,137,500 төгрөг төлсөн, зөрүү 474,706 төгрөгийг үндсэн төгрөгийн зээлийн 50,052,950 төгрөгөөс хасаж үндсэн төгрөгийн зээлийн үлдэгдэл 49,578,244 төгрөг, 2021.12 сард хүүнд 1,655,674 төгрөг төлөхөөс 2,137,500 төгрөг төлсөн, зөрүү 481,826 төгрөгийг үндсэн төгрөгийн зээлийн 49,578,244 төгрөгөөс хасаж үндсэн төгрөгийн зээлийн үлдэгдэл 49,096,418 төгрөг, 2022.01 сард хүүнд 1,648,446 төгрөг төлөхөөс 2,137,500 төгрөг төлж, зөрүү 489,054 төгрөгийг үндсэн төгрөгийн зээлийн 49,096,418 төгрөгөөс хасаж үндсэн төгрөгийн зээлийн үлдэгдэл 48,607,364 төгрөг, 2022.02 сарын зээлийн хүүнд 1,641,110 төгрөг төлөхөөс 2,137,500 төгрөг төлж, илүү төлсөн 496,390 төгрөгийг үндсэн төгрөгийн зээлийн 48,607,364 төгрөгөөс хасаж үндсэн төгрөгийн зээлийн үлдэгдэл 48,110,974 төгрөг, 2022.03 сарын зээлийн хүүнд 1,633,665 төгрөг төлөхөөс 2,137,500 төгрөг төлж, илүү төлсөн 503,835 төгрөгийг үндсэн төгрөгийн зээлийн 48,110,974 төгрөгөөс хасаж үндсэн төгрөгийн зээлийн үлдэгдэл 47607,139 төгрөг, 2022.04 сарын зээлийн хүүнд 1,626,107 төгрөг төлөхөөс 2,137,500 төгрөг төлж, илүү төлсөн 511,393 төгрөгийг үндсэн төгрөгийн зээлийн 47,607,139 төгрөгөөс хасаж үндсэн төгрөгийн зээлийн үлдэгдэл 47,095,746 төгрөг, 2022.05 сарын зээлийн хүүнд 1,618,436 төгрөг төлөхөөс 2,137,500 төгрөг төлж, илүү төлсөн 519,064 төгрөгийг үндсэн төгрөгийн зээлийн 47,095,746 төгрөгөөс хасаж үндсэн төгрөгийн зээлийн үлдэгдэл 46,576,682 төгрөг, 2022.06 сарын зээлийн хүүнд 1,610,650 төгрөг төлөхөөс төлөөгүй, үндсэн төгрөгийн зээлийн үлдэгдэл 46,576,682 төгрөг, 2022.07 сарын зээлийн хүүнд 1,610,650 төгрөг төлөхөөс 2,137,500 төгрөг төлж, илүү төлсөн мөнгийг өмнөх сарын зээлийн хүүнээс хасаж, үндсэн төгрөгийн зээлийн үлдэгдэл 46,576,682 төгрөг, зээлийн хүүний үлдэгдэл 1,083,800 төгрөг, 2022.08 сарын зээлийн хүүнд 1,610,650 төгрөг төлөхөөс төлөөгүй үндсэн төгрөгийн зээлийн үлдэгдэл 46,576,682 төгрөг, зээлийн хүүний үлдэгдэл 2,694,450 төгрөг, 2022.09 сарын зээлийн хүүнд 1,610,650 төгрөг төлөхөөс төлөөгүй үндсэн төгрөгийн зээлийн үлдэгдэл 46,576,682 төгрөг, зээлийн хүүний үлдэгдэл 4,305,100 төгрөг, 2022.10 сарын зээлийн хүүнд 1,610,650 төгрөг төлөхөөс төлөөгүй үндсэн төгрөгийн зээлийн үлдэгдэл 46,576,682 төгрөг, зээлийн хүүний үлдэгдэл 5,915,750 төгрөг, 2022.11 сарын зээлийн хүүнд 1,610,650 төгрөг төлөхөөс 712,500 төгрөг төлж, үндсэн төгрөгийн зээлийн үлдэгдэл 46,576,682 төгрөг, зээлийн хүүний үлдэгдэл 6,813,900 төгрөг, 2022.12 сарын зээлийн хүүнд 1,610,650 төгрөг төлөхөөс төлөөгүй үндсэн төгрөгийн зээлийн үлдэгдэл 46,576,682 төгрөг, зээлийн хүүний үлдэгдэл 8,424,550 төгрөгийн үлдэгдэлтэй байжээ.

22. Хариуцагч нь 2023 оны 2 сард 10,000,000 төгрөг, 2023 оны 5 сард 15,000 ам.доллар төлснийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасны дагуу зээлийн үндсэн төлбөрөөс төгрөгөөс төгрөгийг, ам.доллараас ам долларыг хасаж тооцох үндэслэлтэй тул 2023 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар үндсэн ам.долларын зээлийн үлдэгдэл 32,000-15,000= 17,000 ам.доллар, төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэл 46,576,682 -10,000,000 = 36,576,682 төгрөг, зээлийн хүүний үлдэгдэл 8,424,550 төгрөг, ам.долларыг 3,429 төгрөгөөр тооцоход зээлийн гэрээний өр төлбөр 103,294,232 төгрөг байна.

23. Талуудын байгуулсан 2022.09.12-ны өдрийн зээлийн гэрээний 3.7-д гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө гэж заасан байх ба Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анзын гэрээг бичгээр байгуулна гэсэн шаардлагыг хангасан байх тул нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй гэж үзлээ.

24. Анзыг хариуцагчийн сүүлийн төлөлт хийсэн 2023 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл тооцоход нийт 135 хоног, гүйцэтгээгүй үүрэг 103,294,232 төгрөгийн 0,5 хувиар тооцвол хоногийн 519,621.16 төгрөг, 135 хоногоор тооцоход 70,148,856.60 төгрөг буюу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хэтэрч байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасныг баримтлан гаргуулах үндэслэлтэй.

25. Иймд хариуцагчаас үндсэн зээл, зээлийн хүүнд 103,294,232 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алдангид 51,647,116 төгрөг, нийт 154,941,348 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Бд олгох нь зүйтэй байна.

26. Нэхэмжлэгч нь хууль зүйн туслалцаа авсан төлбөр 7,000,000 төгрөгийг хариуцагчийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс гарсан зардал гэж шаарджээ.

Өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах нь зохигчийн эрх бөгөөд эрхээ хэрэгжүүлэхдээ гаргасан зардлыг гэрээний үүргийн зөрчлөөс үүдэлтэй гэж дүгнэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 111,710,992 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

27. Нэхэмжлэгч нь 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө хөрөнгийн Барьцааны гэрээг О.Атэй Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт зааснаар бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлэн, улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ байна.

28. Иймд хариуцагчийн барьцаанаас чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Б.Б нь зээлийн гэрээний үүргээ сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй, мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж зааснаар барьцааны гэрээний зүйл болох О.А-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Орхон 5 дугаар гудамж, 16, 16б тоот хаягт байрлах, 178.4 м.кв талбай бүхий зоорийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэл хангахыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь хуульд нийцнэ гэж дүгнэлээ.

29. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нарын төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 1,002,857 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.4, 227 дугаар зүйлийн 227.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Б.Б-аас 154,941,348 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын 111,710,992 төгрөгт холбогдох хэсэг болон Г.Б-д холбогдох, зээлийн барьцаанаас О.А-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, *** дүүрэг, *** дугаар хороо, *** дугаар гудамж, *** тоот хаягт байрлах, 178.4 м.кв талбай бүхий зоорийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг чөлөөлүүлэх тухай О.А-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Б нь мөнгөн төлбөрийн үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд О.А-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, *** дүүрэг, *** дугаар хороо, *** дугаар гудамж, *** тоот хаягт байрлах, 178.4 м.кв талбай бүхий зоорийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,653,362 төгрөг, хариуцагч О.А-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид 932,657 төгрөг, хариуцагч О.А-ээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Г.Б-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 



ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ