Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 1762

 

МАГАДЛАЛ

2019.09.30                                               Дугаар 1762                            

“П” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Цэнд, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2019/01674 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч П ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “ЦХК” ХХК-д холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 32 000 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 24 000 000 төгрөг гаргуулах, гэрээний дагуу тоног төхөөрөмж ажлын гүйцэтгэлийг хүлээлгэн өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ү.А,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: П ХХК нь “ЦХК” ХХК болон иргэн М.Ц, М.Н, Ц.З, Ми, Э нартай Ц Х хотхон болон бусад таван объектыг халаалт, хэрэглээний халуун усаар хангах зорилгоор Ус дулаан дамжуулах төв 3-ын өргөтгөлийн ажил болох халаалт, хэрэглээний халуун усны ялтаст дулаан солилцуур суурилуулах хэрэглээний халуун усны эргэлтийн насос нийлүүлж, тоног төхөөрөмжийг угсрах, тохируулах ажлыг гүйцэтгэхээр 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Тоног төхөөрөмж нийлүүлэх, ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Улмаар 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдөр тоног төхөөрөмж нийлүүлэх, ажил гүйцэтгэх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан “ЦХК” ХХК-ийн төлөх ёстой 101 100 360 төлбөрийг бууруулж 80 000 000 төгрөг байхаар тохирч “ЦХК” ХХК-тай нэмэлт гэрээг байгуулж 80 000 000 төгрөгийн 60 хувь болох 48 000 000 төгрөгийн урьдчилгаа авсан. Ийнхүү П ХХК нь тоног төхөөрөмж нийлүүлэх, ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгэж дуусгасан ба 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр захиалагчидтай Материал, тоног төхөөрөмж хүлээлгэн өгсөн тухай акт үйлдэж ажлаа бүрэн хүлээлгэн өгч захиалагч нар ажил гүйцэтгэх ажлын хөлсийг төлж барагдуулсан боловч “ЦХК” ХХК нь нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээний дагуу ажил гүйцэтгэх ажлын хөлс үлдэгдэл 32 000 000 төгрөгийг өнөөдрийг хүртэл хугацаанд төлөөгүй байгаа билээ. Манай компанийн зүгээс гэрээний үлдэгдэл төлбөрөө гаргуулахаар албан бичиг явуулж уг асуудлыг харилцан тохиролцож шийдвэрлэх хүсэлтэй байгаагаа удаа дараа илэрхийлж, 2017 оны 11 дүгээр сарын 17-д төлбөр тооцоо дуусгавар болгож хамтран ажиллах тухай албан бичгийг явуулсан. Улмаар 2018 он гарсаар уг асуудлаар талууд хэд хэдэн удаагийн уулзалтыг хийж, хийж гүйцэтгэсэн ажлын байранд очиж үзсэнээр “ЦХК” компанийн зүгээс манай компанид хандан өргөтгөл хийхээс өмнөх ус дулаан дамжуулах төвийн анхны зураг төслийг авчрахыг шаардсан ба бид уг шаардлагын дагуу тус зураг болон шаардлагатай бусад материалуудыг бэлдсэн. Ийнхүү бэлдсэний дараа “ЦХК” ХХК-тай уулзалт хийх гэсэн боловч боломжтой үедээ уулзалт хийнэ, инженертэйгээ хамт уулзана гэх мэт шалтгаануудыг хэлэн уулзалт хийхээс татгалзаж, удаашруулсаар байсан тул бид 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд өргөдөл өгсөн. Ингээд бид 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр эвлэрүүлэн зуучлагчийн хамтаар уулзсан ба уулзалтаар “ЦХК” ХХК нь зураг төслийн дагуу ажил гүйцэтгэсэн эсэх талаар өгсөн зургийн дагуу үзэх шаардлагатай үүний дараа дахин уулзалт томилохоор тохиролцсон боловч эргээд хариу өгөлгүй утсаар ярихад бид уулзана хугацаа хэрэгтэй байна, захирал гадагшаа явсан ирэхээр нь уулзмаар байна гэсний дагуу эвлэрүүлэн зуучлалын ажиллагааг 30 хоногоор сунгасан боловч мөн л олон шалтгаан хэлж уулзаж ярилцахаас санаатайгаар зайлсхийж, холбогдох хүмүүс нь утсаа авахгүй байсаар эвлэрүүлэн зуучлалын хугацаа дуусч, эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа дуусгавар болсон тул бид шүүхээр асуудлаа шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Иймд Ус дулаан дамжуулах төв 3-ын өргөтгөлийн ажил болох халаалт, хэрэглээний халуун усны ялтаст дулаан солилцуур суурилуулах хэрэглээний халуун усны эргэлтийн насос нийлүүлж, тоног төхөөрөмжийг угсрах, тохируулах ажлыг гүйцэтгэхээр тохирсон гэрээний ажлын хөлс, түүний үлдэгдэл төлбөр болох 32 000 000 төгрөгийг “ЦХК” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: П ХХК нь Тоног төхөөрөмж нийлүүлэх, ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгэж дуусгасан гэж тайлбарлажээ. Өнөөдрийг болтол П ХХК нь “ЦХК” ХХК-ийн гэрээний урьдчилгаанд төлсөн төлбөрөөр гэрээгээр тохиролцсон тоног төхөөрөмжийг нийлүүлж, ажил гүйцэтгэх үүргээ биелүүлсэн эсэхийг бид мэдэхгүй бөгөөд гэрээн дээрх тоног төхөөрөмж нийлүүлэх хугацаанаас хэтрээд 4 жил шахуу хугацаа өнгөрч байна. Дээрх гэрээн дээр тоног төхөөрөмж нийлүүлэх, ажил гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хариуцлага тооцох тухай журмыг гэрээгээр тохиролцсон бөгөөд энэхүү үндэслэлийн дагуу үлдэгдэл төлбөр нь гэрээний хариуцлагад тооцож, дуусгавар болсон болно. Мөн ийнхүү гэрээний хариуцлагад тооцож дуусгавар болсон 2014 оны гэрээтэй холбоотой асуудлаар 5 жил шахуу хугацааны дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж буй байдал нь Иргэний хуульд заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн асуудал болно. Иймд дээрх бүх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “ЦХК” ХХК нь П ХХК-тай 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 20 дугаар Тоног төхөөрөмж нийлүүлэх, ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан бөгөөд гэрээний дагуу П ХХК нь дараах тоног төхөөрөмжийг нийлүүлж, нийлүүлсэн тоног төхөөрөмжөө зориулалтын дагуу угсарч суулгах ажил үйлчилгээг үзүүлэхээр тохиролцсон. Үүнд, халаалтын ялтаст дулаан солилцуур Q-6000 кмт-1 ширхэг, халуун усны ялтаст дулаан солилцуур Q-6000 кмт-1 ширхэг, халаалтын эргэлтийн насос 75 квт-2 ширхэг, халуун усны эргэлтийн насос 4 квт-2 ширхэг, халаалтын автомат хаалт Ф150-1 ширхэг, халуун усны автомат хаалт Ф150-1 ширхэг, даралтын зөрүү тохируулах хаалт Ф150-1 ширхэг, нэмэлт усны насос 2.2 квт-2 ширхэг, бөмбөлгөн хаалт Ф200-2 ширхэг, бөмбөлгөн хаалт Ф150-8 ширхэг, бөмбөлгөн хаалт Ф125-1 ширхэг, бөмбөлгөн хаалт Ф76-4 ширхэг, бланслагч эрвээхэй хаалт Ф250-2 ширхэг, турба хоолой /иж бүрдэл/-1 ком, автомат удирдлагын самбар /иж бүрдэл/-1 ком, халаалтын насосны давтамж хувиргуур 75 квт-1 ширхэг, манометрийн хаалт Ф15-12 ширхэг, манометр-12 ширхэг, термометр-10 ширхэг, даралтын мэдрэгч-1 шихрэг, дулааны тоолуур Ф150-1 ширхэг, температурын мэдрэгч-2 ширхэг, соронзон хаалт-2 ширхэг, нэмэлт усны тоолуур-1 ширхэг, тэлэлтийн сав 2000 л-1 ширхэг, халаалт, халуун усны Контроллёр-1 ширхэг тус тус болно. Гэтэл өнөөдрийг болтол энэхүү тоног төхөөрөмжүүдийг болон угсралтын ажлыг гэрээн дээрх журмаар хүлээлгэн өгөөгүй бөгөөд энэхүү тоног төхөөрөмжийн бүтэн байдал, хэвийн ажиллагаатай холбоотойгоор оршин суугчдаас тогтмол гомдол ирсээр байна. Бидний зүгээс дээр дурдсан тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх ажлыг нэхэмжлэгчийн зүгээс хийгээгүй, шинээр угсрах тоног төхөөрөмжүүдийг худалдан авч угсраагүй, өнөөдрийг болтол шинэчлэл хийгдээгүйгээс иргэдийн гомдол санал тасрахгүй гэж үзэж байна. Иймд 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 20 дугаар Тоног төхөөрөмж нийлүүлэх, ажил гүйцэтгэх гэрээний дагуу тоног төхөөрөмж болон ажлын гүйцэтгэлийг хүлээлгэн өгөхийг нэхэмжлэгчид даалгаж өгнө үү. Мөн өнөөдрийг хүртэл П ХХК нь тоног төхөөрөмж, ажлын гүйцэтгэлийг хүлээлгэн өгөөгүй бөгөөд дээрх 20 дугаар гэрээний хавсралт 1-т зааснаар 2014 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр тоног төхөөрөмж, ажлын гүйцэтгэлийг хүлээлгэн өгөх байсан. Гэтэл хүлээлгэн өгөх ажиллагаа явагдаагүй, мөн нэхэмжлэгийн хүлээлгэн өгсөн гэх 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хугацаагаар бодсон ч хариуцагчийн зүгээс зөвшөөрөхгүй байгаа болно. Гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д заасан захиалагчаас авсан төлбөрийн үнийн дүнгийн хэмжээгээр хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөх үүргийн дагуу Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан алдангийн хэмжээнээс хэтэрсэн тул нэхэмжлэгчээс 24 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэлийн эхний шаардлагын хувьд манай компанийн зүгээс ажлыг бүрэн дуусгаж хүлээлгэн өгсөн бөгөөд уг ажлыг хүлээлцэх үед “ЦХК” ХХК-ийн зүгээс хүлээн авах хүмүүс шалтгаангүйгээр ирээгүй. Ийнхүү нэгэнт дууссан ажлыг хүлээн авахгүй байх нь манай компанийн хариуцлага хүлээх асуудал биш юм. Мөн уг байгууламж нь ашиглалтад орсноор тус компанийн 3 блок бүхий “ЦХХ” ашиглалтад орох нөхцөл бүрдсэн ба одоог хүртэл ажиллаж байгаа болно. Нэгэнт ажлыг гүйцэтгэсний дараа хүлээн авах үүргээ биелүүлээгүй, бодит байдал дээр ажлын үр дүнг хүртэж, байгууламжаа дулаанаар өнөөдрийг хүртэл хангасаар байгаа атлаа, мөн ажлын төлбөрөө бүрэн төлөөгүй байгаа атлаа алдангийг ямар үндэслэлээр нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “ЦХК” ХХК-иас 32 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П ХХК-д олгож, нэхэмжлэгч П ХХК-иас 24 000 000 төгрөг гаргуулах, гэрээний дагуу тоног төхөөрөмж ажлын гүйцэтгэлийг хүлээлгэн өгөхийг даалгах тухай хариуцагч “ЦХК” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 318 000 төгрөг, хариуцагчийн төлсөн 835 900 төгрөгөөс 667 950 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, илүү төлсөн 157 950 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлстийн 100200300941 тоот данснаас буцаан гаргуулж хариуцагч “ЦХК” ХХК-д, хариуцагч “ЦХК” ХХК-иас 318 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П ХХК-д тус тус олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч буюу нэхэмжлэгч компанийн захирал өөрөө хамгийн анх хуучин ус дулааны шугамын төвд холболт хийснээ хүлээн зөвшөөрдөг бөгөөд шүүх хуралдаан дээр энэ талаар дэлгэрэнгүй тайлбар хэлдэг. Учир нь маргаан бүхий 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 20 дугаар “Тоног төхөөрөмж нийлүүлэх, ажил гүйцэтгэх гэрээ”-ний зорилго нь 1.1-д “Гүйцэтгэгч нь захиалагч болох “ЦХ” хотхон болон бусад таван обьектийг халаалт, хэрэглээний халуун усаар хангах зорилгоор УДДТ-З-ын өргөтгөлийн ажил болох халаалт, хэрэглээний халуун усны ялтаст дулаан солилцуур суурилуулах, хэрэглээний халуун усны эргэлтийн насос нийлүүлж, тоног төхөөрөмжийг угсрах, тохируулах ажлыг гэрээгээр тохиролцсон хугацаанд нь өөрөө биечлэн, бүрэн гүйцэтгэж захиалагчдад хүлээлгэн өгөхөөр талууд харилцан тохиролцов” гэж заасан. Өөрөөр хэлбэл гэрээний 5 дугаар зүйлийн 5.5, 5.7-д зааснаар тоног төхөөрөмж, бараа, материалын үйлдвэрлэсэн газрын гарал үүсэл, тохирлын гэрчилгээ, чанарын бичиг баримт бүхий шинэ тоног төхөөрөмжийг олж нийлүүлэх, угсрах, суурилуулах, төвтэй холболт хийх үүргийг тус тус гэрээгээр хүлээсэн. Анхан шатны шүүхээс зөвхөн 4 дэх үүрэг буюу хуучин байсан төхөөрөмж дээр холболт хийсэн нэхэмжлэгчийн ажил гүйцэтгэлийг үнэлж, гэрээний үлдэгдэл 32 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болно. Гэрээний 3 дугаар бүлэг буюу “Ажлын хөлс, түүнийг олгох хуваарь” гэсэн бүлгийн 3.3-т “Тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, угсралт, тохиргооны ажпын гүйцэтгэл 100 хувьтай болж, ажлыг бүрэн дуусган, талуудаас томилсон ажлын хэсэг тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, угсралт, тохиргооны ажлын гүйцэтгэлийг хэлэлцэн дүгнэж, тэмдэглэл үйлдэн баталгаажуулан, хүлээн авсаны дараа Гүйцэтгэгчийн ирүүлсэн төлбөрийн нэхэмжлэлийн дагуу Захиалагчийн ажлын хөлсний үлдэгдэл 35 хувь болох 58 975 210 төгрөгийг Гүйцэтгэгч компанийн Хас банк дахь 5000361873 тоот дансанд шилжүүлнэ гэж гэрээгээр тохиролцсон. Ийнхүү үлдэгдэл төлбөрөө нэхэмжлэх эрх үүсэхийн тулд гэрээнийн дагуу гүйцэтгэгчээс маш олон ажил үүргийг гүйцэтгэх байсан. Гэрээний 5.1, 5.2, 5.5, 5.6, 5.7, 5.12, 5.14 зэрэгт заасны дагуу нэхэмжлэгч талаас шинээр угсрах гэж буй тоног төхөөрөмжөө урьдчилан танилцуулаагүй, угсрах үеийн үйл явцыг бэхжүүлэн авч, акт, тэмдэглэл үйлдэл хүлээлгэн өгөөгүй, шинээр тоног төхөөрөмж угсрах тухайгаа гэрээний 5.5-д зааснаар урьдчилан танилцуулж мэдэгдээгүй, зөвшөөрөл аваагүй болно. Ийнхүү гэрээний дагуу нэг ч үүргээ биелүүлээгүй нь харин ч нэхэмжлэгч талыг шинээр тоног төхөөрөмжийг нийлүүлж, угсарсан эсэхийг үгүйсгэж буйг анхаарч үзээгүй. Учир нь нэхэмжлэгчийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох П ХХК-ийн захирал нь шүүх хуралдаан дээр тайлбарлахдаа гэрээний 2.1-д заасан 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн хугацаа болж, “ЦХК” ХХК нэгдүгээр төслийн ажлаа улсын комисст хүлээлгэн өгөх гээд байсан тул мөн манай тоног төхөөрөмжүүд ирээгүй байсан тул хуучин Ус дамжуулах төв дээр өргөтгөлийн ажил хийлгүйгээр шууд холболт хийсэн гэдгээ зөвшөөрдөг. Тэгэхээр П ХХК нь шинэ тоног төхөөрөмжөөр өргөтгөлийн угсралтын ажлыг 100 хувьтай хийсний дараагаар гэрээний 3.3-д зааснаар үлдэгдэл төлбөрөө шаардах эрх үүсэх байсан. Ийнхүү 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 20 дугаар “Тоног төхөөрөмж нийлүүлэх, ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу шинэ тоног төхөөрөмжөөр өргөтгөл холболтын ажил хийж байж үлдэгдэл төлбөрөө авах гэрээний зохицуулалтыг, мөн хариуцагч нь анхнаасаа шинэ тоног төхөөрөмж ирээгүй, байрыг улсын комисс хүлээж авах гээд байсан тул хуучин Ус дамжуулах төв дээр шууд холболтыг хийсэн, гэрээний 5.5-д зааснаар шинэ тоног төхөөрөмж ирсэнийг танилцуулан ажлаа гүйцэтгэх тухай албан ёсоор мэдэгдээгүй, танилцуулагүй байхад ийнхүү үлдэгдэл төлбөрийг хариуцагчгаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болно. Манай компанид шинээр тоног төхөөрөмжүүд ирсэн тухай болон угсралтын ажлаа гүйцэтгэж эхлэх тухайгаа мэдэгдээгүй, гэрээний 5.6-д зааснаар тоног төхөөрөмж урсарсан үйл явцын тэмдэглэл, фото зургийг өнөөдрийг болтол өгөөгүй, шүүхэд ч нотлох баримтаар нотлоогүй ба шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч компаний захирал ийм баримт байхгүй гэдгээ тодорхой хэлдэг. Өөрөөр хэлбэл хариуцагч компаний зүгээс нэхэмжлэгч талыг шинээр өргөтгөлийн ажлыг ерөөсөө хийгээгүй ба хуучин тоног төхөөрөмж дээр хийсэн холболтоороо тоног төхөөрөмжийн үйл ажиллагаа өнөөдрийг хүртэл явсаар байгаа бөгөөд оршин суугч айл бүрээс энэ асуудлаар байнгын гомдол гаргадаг ба иргэдтэй холбоотой баримтыг шүүхэд нотлох баримтаар өгсөн ба ийнхүү айл өрхийн гомдлыг манай компани хувийн зардлаараа барагдуулж, тоног төхөөрөмжийг шинэчилж байна. Ус дулааны тоног төхөөрөмж, түүнийг угсрах ажиллагаа зэрэг нь мэргэшсэн инженерийн тусгай мэдлэгийн дор явагддаг үйл ажиллагаа бөгөөд эрх бүхий, хамаарал бүхий нэг ч инженерийг болон хариуцагч компаниас нэг ч хүнийг байлцуулахгүйгээр хэдэн хүний гарын үсэг зуруулан хийгдсэн баримт бичиг нь өөрөө нотлох баримтын шаардлагыг хангахгүй байгааг анхаарч үзээгүй. Сөрөг нэхэмжлэлийн хувьд, хамгийн гол нь гэрээний 2.1, 2.2-т тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх хугацааг тодорхой заасан ба анхан шатны шүүхээс хүлээлгэн өгөх өдрөө хоцруулсанг дүгнээд 2015 онь 11 дүгээр сарын 15 ны өдөр хүлээлгэн өгсөн гэж дүгнэсэн атлаа мөн нэхэмжлэгч нь өөрөө хугацаандаа өгөөгүйгээ зөвшөөрсөн, хариуцагч талаас гаргаж өгсөн хугацаа сунгаж өгөөч хэмээн нэхэмжлэгчээс өгсөн албан бичгийг шүүхэд нотлох баримтаар өгсөөр байхад хугацаа хэтрүүлсэний алданги шаардсан сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 24 000 000 төгрөгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй болно. Гэрээний 6.1-д хугацаа хэтрүүлсэн тохиолдолд алданги бодох эрхийг талууд тохиролцсон бөгөөд энэхүү гэрээний заалтын дагуу алданги шаардсан шаардлагыг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч П ХХК нь хариуцагч “ЦХК” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 32 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч гэрээний дагуу тоног төхөөрөмж ажлын гүйцэтгэлийг хүлээлгэн өгөхийг даалгах тухай мөн 24 000 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Ус дулаан дамжуулах төв      3-ын өргөтгөлийн ажил болох халаалт, хэрэглээний халуун усны ялтаст дулаан солилцуур суурилуулах хэрэглээний халуун усны эргэлтийн насос нийлүүлж, тоног төхөөрөмжийг угсрах, тохируулах ажлыг гүйцэтгэхээр тохирсон гэрээний ажлын хөлс, түүний үлдэгдэл төлбөр болох 32 000 000 төгрөгийг” гаргуулах гэж үндэслэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тайлбартаа “гэрээний урьдчилгаанд төлсөн төлбөрөөр гэрээгээр тохиролцсон тоног төхөөрөмжийг нийлүүлж, ажил гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй, гэрээн дээрх тоног төхөөрөмж нийлүүлэх хугацаанаас хэтрээд 5 жилийн хугацаа өнгөрсөн, хариуцлага тооцох тухай журмыг гэрээгээр тохиролцсон бөгөөд энэхүү үндэслэлийн дагуу үлдэгдэл төлбөр нь гэрээний хариуцлагад тооцож, дуусгавар болсон гэж тайлбарлажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдөр “Тоног төхөөрөмж нийлүүлэх, ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь Цагаан хуаран хотхон, бусад 5 объектыг халаалт, хэрэглээний халуун усаар хангах “Ус дулаан дамжуулах төв-3”-ын өргөтгөлийн ажлыг гүйцэтгэж халаалт, хэрэглээний халуун усны ялтаст дулаан солилцуур суурилуулах, хэрэглээний халуун усны эргэлтийн насос нийлүүлж, тоног төхөөрөмжийг угсрах, тохируулах ажлыг гүйцэтгэхээр тохиролцсон ба хариуцагч нь ажлын хөлс төлөх үүрэгтэйгээр тохиролцсон үйл баримт байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн бөгөөд уг гэрээний хувьд нэг талд ажлын үр дүнг хүлээлгэн өгөх, нөгөө тал хэлэлцэн тохирсон хөлсийг төлөх үүрэгтэй. Талууд гэрээг бичгээр хийж, гарын үсэг зурж баталгаажуулсан байх бөгөөд гэрээний хүчин төгөлдөр байдал, түүний агуулга, нөхцлийн талаар талуудын хэн аль нь маргаагүй.

Нэхэмжлэгч байгууллага нь гэрээний дагуу 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн “Материал, тоног төхөөрөмж хүлээлгэн өгсөн акт”-аар ажлыг хүлээлгэн өгч, хариуцагч байгууллагын төлөөлөгч нар хүлээн авсан талаархи анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ. /хх 16/

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Давж заалдах гомдолд дурдсанаар “хуучин байсан төхөөрөмж дээр холболт хийсэн нэхэмжлэгчийн ажил гүйцэтгэлийг үнэлж, гэрээний үлдэгдэл 32 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй” гэж тайлбарладаг боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар тайлбар, татгалзлаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, хэрэгт авагдсан баримтаар хуучин байсан төхөөрөмж гэдэг нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2019/01674 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 985 980 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Н.БАТЗОРИГ

        ШҮҮГЧИД                                       Ч.ЦЭНД

                                                               М.НАРАНЦЭЦЭГ