| Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 1914008520044 |
| Дугаар | 2022/ДШМ/005 |
| Огноо | 2022-01-18 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 2022/ДШМ/005
*******т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Жаргалсайхан, Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Э.Гантулга
Хохирогч *******, *******
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******, *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Должинсүрэн нарыг оролцуулан;
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж хянан шийдвэрлэсэн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2021/ШЦТ/298 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлоор *******т холбогдох эрүүгийн 1914008520044 дүгээр хэргийг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, ...******* овогт *******гийн *******, Регистрийн дугаар *******,
******* нь Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 3 дугаар багийн нутгаас 2019 оны 10 дугаар сарын 25-26-ны өдрийн хооронд тээврийн хэрэгсэл ашиглан *******ын эзэмшлийн 31 тооны адуу буюу олон тооны малыг хулгайлж 28.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./ яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх: Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг машин механизм ашиглан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******ыг 5 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 5 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ын 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 162 хоногийг ялтны эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4-т зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан мотоциклийн үнэ болох 150.000 төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулж, улсын орлого болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч *******аас 4.000.000 төгрөг гаргуулж, хохирогч *******, У,Очир нарт тэнцүү хувааж олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар иргэний нэхэмжлэгч Мэндбаярын эзэмшлийн ... мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоциклийг, .... иргэний нэхэмжлэгч ын эзэмшлийн 63-64 УНБ улсын дугаартай Пажеро маркийн автомашин...ыг ... ийн эзэмшлийн ....Старикс маркийн автомашин....ыг.... битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолуудыг хүчингүй болгож, дээрх зүйлсийг хэрэгцээний дагуу иргэний нэхэмжлэгч нарт тус тус буцаан олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх ялыг 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч ******* гаргасан давж заалдах гомдолдоо: Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2021/ШЦТ/298 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Уг шүүхээс 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар 5 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн. Миний бие үйлдсэн хэргээ анхны мэдүүлэг авахад бүрэн хүлээж, гэм буруугаа хүлээсэн. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос 10.500.000 төгрөгийн 14 тооны адууг буцаан хохирогчид өгч 16.000.000 төгрөгийн хохирлыг бэлнээр барагдуулж үлдэгдэл 4.000.000 төгрөгийн хохирлыг 2021 оны 12 сарын 31-ний дотор барагдуулахаар хохирогчтой харилцан гэрээ хийж төлөхөө илэрхийлсэн. Миний хувьд оногдуулсан хорих ял маань надад үнэхээр хүнд тусаж байна, ам бүл 5, эхнэр, 1 ой 7 сартай, 3 настай, 9 настай 3 хүүхэдтэй ар гэрт маань маш хүнд байна. Гэрт ажил хөдөлмөр эрхэлдэг хүн байхгүй. Хүүхдүүд бага балчир, зовлон ороож байна, энэ нь миний хийсэн хэргээс болж энэ байдалд хүрч байгааг ойлгож ухамсарлаж дахин хэзээ ч гэмт хэрэг үйлдэхгүй гэж өөртөө хэлж тангараглаж байгаа.
Миний хэрэгтээ гэмшиж байгаа, миний ар гэрийн байдлыг харгалзан үзэж оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. Өршөөлийн хуульд оруулах боломж байвал хэрэглэж өгөөч гэж туйлын ихээр хүсэж байна гэжээ.
Прокурор Э.Гантулга тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээнэ үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нар тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэнэ үү гэцгээв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч *******ын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд үндэслэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах гомдлуудад дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд:
Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсний дагуу анхан шатны шүүхээс шүүгдэгч *******ыг Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 3 дугаар багийн нутгаас 2019 оны 10 дугаар сарын 25-26-ны өдрийн хооронд тээврийн хэрэгсэл ашиглан *******ын эзэмшлийн 31 тооны адуу буюу олон тооны малыг хулгайлж 28.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримтыг тогтоож, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлтэй байна.
Дээрх үйл баримт нь 1 дүгээр хавтаст хэргийн 63-69 дүгээр талд авагдсан “...2019 оны 10 дугаар сарын 24-ний өглөө манай 31 тооны адуу Баян-Овоо сумын 3 дугаар багийн нутаг “Хөх ганга” гэх газарт өвөлжөөний эхэнд бүрэн байсан.
....2019 оны 10 дугаар сарын 26-ны өглөө адуугаа харах гэж өвөлжөөний эхэнд очиход байхгүй байсан. ...Аав ******* бид хоёрын эзэмшлийн 31 тооны адуу хулгайд алдагдсан. Манайх нийт 14 тооны адуугаа гэгчээс буцаан авсан, одоо 17 тооны адуугаа аваагүй байгаа...” гэх хохирогч *******ын мэдүүлэг
1 дүгээр хавтаст хэргийн 185-190 дугаар талд авагдсан “...2019 оны 11 дүгээр сарын 20-ний өдрийн үед байх Галуут сумын Замтын даваа гэх газарт явж байгаад ******* гэх таньдаг хүний 31 тооны адуу нилээн турж эцсэн байдалтай явж байхаар нь .... луу ярьж....тууж аваачиж өгсөн.... гэх шүүгдэгч *******ын мэдүүлэг
1 дүгээр хавтаст хэргийн 58-60 дугаар талд авагдсан “... 2019 оны 10 дугаар сарын 25-26-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 3 дугаар багийн нутаг Дөвөнтийн нуруу “Улаан булаг” гэх газраас охин ******* бид 2-ын эзэмшлийн 31 тооны алдагдсан. ...31 адуунаас гэх залуугаас 14 тооны адууг хүлээн авсан. Одоо 17 тооны адууг хүлээн аваагүй байна. Мөн адуу эрж хайсны зардал 3200000 төгрөг, үнэлгээ гаргахад 150000 төгрөг зэрэг гарсан тул дээрх зардлуудыг нэхэмжилж байна.." гэх хохирогч *******ын мэдүүлэг
1 дүгээр хавтаст хэргийн 71-72 дугаар талд авагдсан “ ...*******аас авсан унагатай 2 тооны гүү буюу 4 тооны адуу нь манайд байж байгаад хохирогчид буцаан өгнө гээд аваад явсан. Надад уг 4 адуу одоо байхгүй. Би *******аас 7400000 төгрөгт адуу авахаар тохиролцож мөнгө бэлнээр өгсөн. Авсан адуунаасаа 1 гүүг идшинд хэрэглэсэн тул 650000 төгрөгөөр тооцохоор 6750000 төгрөг нэхэмжилж байна..” гэх Иргэний нэхэмжлэгч ын мэдүүлэг
1 дүгээр хавтаст хэргийн 75-77 дугаар талд авагдсан “ ...Би 2019 оны 10 дугаар сард өөрийн эзэмшлийн улаан өнгийн мустанг-5 маркийн мотоциклийг ....******* ахад та засаж янзлаад ашиглаарай гээд үлдээчхээд ....150000 төгрөгөөр үнэлнэ....” гэх Иргэний нэхэмжлэгч ын мэдүүлэг
1 дүгээр хавтаст хэргийн 80-94 дүгээр талд авагдсан “....2019 оны 10 дугаар сарын 27-28-ны үед орой 19 цагийн үед Монх буюу ******* нь.... хар өнгийн Жалам хар гэсэн мотоциклтой 30 гаран тооны бараан голдуу адуу тууж ирсэн байсан. ....*******ын тууж ирсэн адуунууд нь хулгайн адуу байсан...” гэх гэрч ын мэдүүлэг
1 дүгээр хавтаст хэргийн 137-143 дугаар талд авагдсан “...*******, нарын унаж ирсэн гэж машин нь саарал өнгийн урт пүмбгэрдүү машин байсан улсын дугаарыг нь хараагүй болохоор мэдэхгүй байна...” гэх гэрч гийн мэдүүлэг
хавтаст хэргийн 156 дугаар талд авагдсан “...Азарга 1 тооны /нас гүйцсэн/ 1,500,000 төгрөг, адуу хязаалан 3 тооны / бүдүүн морь/ нийт 3,000,000 төгрөг, адуу хязаалан 4 тооны / бүдүүн гүү/, нийт 4,000,000 төгрөг, гүү 15 тооны / нас гүйцсэн бүдүүн гүүнүүд/ нийт 16,500,000 төгрөг, даага 2 тооны нийт 1,200,000 төгрөг, унага 6 тооны нийт 1,800,000 төгрөг хулгайд алдсан нийт эд зүйлийн үнэ 28,000,000 төгрөг ....” гэх шинжилгээний дүгнэлт гаргасан Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн шинжээчийн 653 дугаар дүгнэлт
Хавтаст хэргийн 161 дүгээр талд авагдсан “..... мустанг-5 маркийн мотоцикл 150000 төгрөг, пажеро маркийн 63-64 УНБ улсын дугаартай авто машин 1.000.000 төгрөг хулгайд алдсан нийт эд зүйлийн үнэ 1.120.000 төгрөг ...” гэх Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн шинжээчийн 45 дугаар дүгнэлт
Хавтаст хэргийн 170 дугаар талд авагдсан “...Старикс машины үнэ 5,500,000 төгрөг....” гэх Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн шинжээчийн 77 дугаар дүгнэлт болон бусад хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, дээр дурдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй хэргийг шийдвэрлэхэд хангалттай, прокуророос зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Дээрх нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн, шүүгдэгч *******т тухайн зүйл ангид заасан ялын төрөл хэмжээний хүрээнд хорих ял оногдуулсан нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, учруулсан хохирлын шинж чанар, хувийн байдалд тохирсон, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “...шүүгдэгч ******* нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөнд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн, гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, хохирогчийн зүгээс өөрийн малыг хараа хяналтгүй орхисон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн...” гэж дүгнэсэн дүгнэлт үндэслэлтэй, зөв байна.
Иймд анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2021/ШЦТ/298 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Харин “...миний ар гэрийн байдлыг харгалзан Өршөөлийн хуулиар хөнгөрүүлэн шийдвэрлэнэ үү...” гэх шүүгдэгч *******ын гомдлыг хүлээн авах боломжгүй буюу шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, учруулсан хохирлын шинж чанар, хувийн байдалд тохирсон, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр
зүйлийн 1.1 -т заасныг тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2021/ШЦТ/298 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******ын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 68 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Т.ЖАРГАЛСАЙХАН
Г.УЛАМБАЯР