Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 294

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Дашням,

Улсын яллагч Б.Энхбат,

Шүүгдэгч Т.Ганбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Монгол улсын иргэн, 1975 оны 06 сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл-1, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Баян дөхөм 14-07 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 86-9 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Төрбаянгийн Ганбаярт холбогдох 201726010327 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 8 дугаар сарын 09-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Т.Ганбаяр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 22 цаг 16 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 63-14 тоотод оршин суух Д.Буянзаяагийн өмчлөлийн бор өнгийн бүргэд хаалгыг дотор талаас нь хоёр удаа хутгаар нэвт зоож, мөн угаалгын машины таглааг цохин хаглаж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бусдад нийт 400.000 төгрөгний буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 Шүүгдэгч  Т.Ганбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

 Мэдүүлэг өгөхгүй, болсон асуудал үнэн зөв гэв.

Хохирогч Д.Буянзаяа мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

...Би зугтааж гараад цагдаагийн байгууллагад хүн агсам согтуу тавиад байна” гэж дуудлага өгсөн. Хэсэг хугацааны дараа цагдаагийн алба хаагчид ирээд хамт Ганбаярын амьдардаг өрөөний гадаа очсон чинь Ганбаяр...орилж хашгираад бүргэд хаалгыг хөлөөрөө өшиглөөд, хаалгыг хутгаар хэд хэдэн удаа зоогоод байсан. Бүргэд хаалгыг 2 удаа хутгаар зоож нэвтэлсэн, Угаалгын машины тагийг гараараа хүчтэй цохиод эвдэлсэн...гэжээ. /хх- 32-34, 95/,

 Гэрч Б.Алтанбагана мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

…Би дүү Мөнх-Эрдэнийг дагуулаад Ганбаярын хамт Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо тоосгоны 63-14 тоот руу явсан...Ганбаяр бид хоёр...хүнсний дэлгүүрээс “Цагаан” нэртэй 0,75 литрийн нэг шил архи худалдаж аваад Ганбаярын түрээслэдэг  байранд орсон... Ганбаяр бид хоёр худалдаж авсан архи хувааж уугаад байж байсан чинь байрны эзэн гэх Буянзаяа орж ирсэн...Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл их хэрэглэсэн байсан болохоор ухаан санаа орж гараад байсан. Намайг нэг харсан чинь Ганбаяр өрөөнийхөө хаалгыг хаачихсан байрны эзэнтэй маргалдаад хашгираад байсан...гэжээ. /хх-35-36, 142-143/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын №389 тоот дүгнэлт:

1.  Т.Ганбаяр нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.

2.  Т.Ганбаяр нь сэтгэцийн ямар нэгэн олдмол болон төрөлхийн эмгэггүй байна.

3.  Т.Ганбаяр нь 2017.02.11-2017.02.12нд шилжих буюу гэмт хэрэг  үйлдэгдэх үед болон гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш сэтгэцийн хувьд ямар нэгэн өвчнөөр өвдөөгүй байна.

4.  Т.Ганбаяр нь хэрэг хариуцах чадвартай байна.

5.  Т.Ганбаярт эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй байна гэжээ. /хх-45/,

Шүүгдэгч Т.Ганбаяр нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-80/, хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, газрын схем зураг /хх-3-9/, эд зүйлийн үнэлгээ /хх-101/, шүүгдэгч Т.Ганбаярын хялбаршуулсанаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-150/, 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 201 дугаартай “Хүсэлтийг хангах” тухай прокурорын тогтоол /хх-151/, 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 07 дугаартай “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх” тухай прокурорын тогтоол, 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх прокурорын санал /хх-157/, яллах дүгнэлт гардуулсан тухай баримт /хх-158/, бусад бичгийн нотлох баримт зэрэг болно.

         Шүүгдэгч Т.Ганбаяр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 22 цаг 16 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 63-14 тоотод оршин суух Д.Буянзаяагийн гэрийн бор өнгийн бүргэд хаалгыг дотор талаас нь хоёр удаа хутгаар нэвт зоож, мөн угаалгын машины таглааг цохин хагалж эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас нийт 400.000 төгрөгний буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон хавтас хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хохирогч Д.Буянзаяагийн ”...Бүргэд хаалгыг 2 удаа хутгаар зоож нэвтэлсэн, угаалгын машины тагийг гараараа хүчтэй цохиод эвдэлсэн...” гэх /хх- 32-34, 95/, гэрч Б.Алтанбаганы “...Намайг нэг харсан чинь Ганбаяр өрөөнийхөө хаалгыг хаачихсан байрны эзэнтэй маргалдаад хашгираад байсан...” гэх /хх-35-36, 142-143/, шүүгдэгч Т.Ганбаяр үйлдсэн хэргээ хүлээж сэжигтнээр болон яллагдагчаар мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд, хохирол төлсөн баримт,  шинжээчийн дүгнэлт № 389 /хх-45/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч Т.Ганбаяр нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч  Д.Буянзаяад төлөх төлбөргүй байх тул Прокурорын гаргасан саналыг харгалзан  Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгуулийн ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.