Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2022/ДШМ/006

 

Б.*******т

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч Т.Жаргалсайхан, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******

Шүүгдэгч Б.*******

 Нарийн бичгийн дарга Э.Должинсүрэн нарыг оролцуулан;

 Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гэрэлмаагийн даргалж шийдвэрлэсэн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2021/ШЗ/900 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурорын бичсэн эсэргүүцлээр Б.*******т холбогдох эрүүгийн 2005001830296 дугаар хэргийг 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Шавь овогт *******ы *******, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар /*******/

Б.******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутагт байрлах 339 дүгээр цэргийн ангийн амрах байранд 2019 оны 3 дугаар сард иргэн Л.******* нь дэлгүүрээс худалдан авалт хийлгүүлэхээр өгсөн Хаан банкны ******* дугаартай виза картыг буцааж өгөлгүй өөртөө авч, улмаар тус картыг хувьдаа ашиглан удаа дараа гүйлгээ хийж, 3.891.000 /гурван сая найман зуун ерэн нэгэн мянган/ төгрөгийн хохирол учруулсан ба бусдын итгэмжлэн хариуцуулан өгсөн эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

Баянхонгор аймгийн Прокурорын газраас Б.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэвэл шүүгдэгч Б.*******т холбогдох хэрэгт цугларсан болон шүүхээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудын хүрээнд шүүх эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл шүүгдэгч Б.******* нь 2019 оны 03 дугаар сард Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутагт байрлах 339 дүгээр цэргийн ангийн амрах байранд иргэн Л.*******ын дэлгүүрээс худалдан авалт хийлгүүлэхээр өгсөн Хаан банкны ******* дугаартай виза картыг буцааж өгөлгүй өөртөө авч, улмаар тус картан дахь 3.891.000 төгрөгийг Улаанбаатар хотод удаа дараагийн үйлдлээр хууль бусаар гүйлгээ хийж тухайн эд зүйлсийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан үйл баримт болжээ.

Шүүгдэгч Б.******* нь хохирогч Л.*******ын виза картыг Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутагт дэвсгэрт авсан боловч картан дахь 3.891.000 төгрөгийг давтан үйлдлээр Улаанбаатар хотод авсан байх тул уг хэргийг сүүлчийн гэмт хэрэг үйлдэгдсэн газрын харьяалах шүүх хэргийг хянан шийдвэрлэхээр хуульчилсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Гэмт хэрэг нь хэд хэдэн шүүхийн харьяалах нутаг дэвсгэрт үйлдэгдсэн бол сүүлчийн гэмт хэрэг үйлдэгдсэн газрын харьяалах шүүх хэргийг хянан шийдвэрлэнэ.” хэмээн заасан ба шүүгдэгч Б.******* нь “Улаанбаатар хотод очоод картад мөнгө байна уу гэж үзэхэд, мөнгө байхаар нь би цуваргаж авсаар байгаад 3.891.000 төгрөг авсан юм” гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн, түүний сүүлийн үйлдэл нь Улаанбаатар хотын ямар дүүрэг, хорооны нутаг дэвсгэрт үйлдэгдсэн эсэх нь тодорхойгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-д заасан “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн .../ буюу нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт тогтоож чадаагүй гэж үзэх үндэслэл болно.

Мөн хохирогч Л.******* нь өөрийн эзэмшлийн Хаан банкны ******* дугаартай виза картыг шүүгдэгч Б.*******т өгөхдөө дэлгүүрээс худалдан авалт хийлгүүлэхээр өгсөн болохоос тухайн картан дахь 3.891.000 төгрөгийг итгэмжлэн хариуцуулаагүй тул шүүгдэгч Б.*******ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах” гэмт хэргийн шинж байгаа эсэх, эсхүл байхгүй гэж үзэж буй хууль зүйн үндэслэл нотолгоог яллах дүгнэлтэд дурдаагүй нь мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1,3-т заасан “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”-ийг бүрэн гүйцэт тогтоож чадаагүй гэж үзэх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй үзлээ.

Дээр дурдсан асуудлуудыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор бичсэн эсэргүүцэлдээ: Шүүгчийн захирамжийг 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 14 цаг 16 минутад хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүхийн шийдвэрийн үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй үндэслэлээр эс зөвшөөрч доорх үндэслэлээр эсэргүүцэл бичиж байна. Үүнд:

Нэг. Тус хэрэг нь прокуророос урьд нь яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн хэрэг бөгөөд шүүхээс гэм буруугийн хурал хийж “шүүгдэгчийг хохирол төлөхөө илэрхийлсэн нь бусад байдлаар нотлогдохгүй байна” гэж дүгнэн хэргийг прокурорт буцаасан. Өөрөөр хэлбэл тус хэргийг шүүх урьд нь прокурорт буцаасан үндэслэл нь одоо буцааж байгаа үндэслэлээс илт өөр үндэслэлээр буцааж байгаа нь шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрөхгүй байх хуулийн шаардлагад нийцэхгүй буюу шүүхийн шийдвэр нь хэт тогтворгүй байна.

Прокурор шүүхээс хэргийг буцааж авмагц хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдсэнээр өмнө шүүхээс буцаасан үндэслэлийг хангаж шийдвэрлэсэн гэж үзэх бөгөөд оргон зайлсан шүүгдэгчийг олж, дахин хэргийг шүүхэд өгөхөд урьд буцааснаас илт өөр үндэслэлээр хэргийг буцааж байгаа нь хэргийг түргэн шуурхай шийдвэрлэх, хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх зэрэг хуулийн зорилтыг зөрчиж байна. Шүүгч өөрчлөгдсөн нь 1 асуудлаар урьд нь шийдвэр гаргасан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээс өөр үндэслэлээр шийдвэр гаргах үндэслэл байж болохгүй юм.

Хоёр. Шүүхээс гэмт хэрэг хаана үйлдсэнийг тогтоогоогүй гэжээ. Гэвч шүүгдэгч Б.******* нь хохирогч Л.*******ыг Хаан банкны виза картыг Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт байхдаа авсан боловч мөнгийг хувьдаа зарцуулсан сүүлийн үйлдэл нь 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотын Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт Өргөө кинотеатрын орчим байрлах Вокус гэх нэр бүхий караокегоор үйлчлүүлэхдээ гүйлгээг хийсэн болох нь хохирогч Л.*******, шүүгдэгч Б.******* нарын мэдүүлэг болон Л.*******ын Хаан банкны ******* дугаарын дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдсон болно.

Тодруулбал, хохирогч Л.*******ын “...миний картаас хамгийн сүүлийн зарлага 4 дүгээр сарын 23-ны өдөр хийгдсэн байна гэж хэлсэн. Тэгээд тэр гүйлгээ хийсэн Вокс караокед ороод камер шүүхэд манай найз залуугийн цэргийн ангийн үүдэнд сууж байсан цэрэг байсан, тэгээд найз залуугаасаа асуухад манай цэргийн ангид ажилладаг ахлагч байна гээд утасны дугаар болон фейсбүүк хаягийг нь өгсөн” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Б.*******ын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би хамгийн сүүлд Улаанбаатар хотод Өргөө кино театрын хажууд хороололд Вокус гэх караокед карт уншуулан тооцоо хийсэн...” гэсэн мэдүүлгүүдээр гэмт хэрэг үйлдэгдсэн газрыг тогтоосон буюу Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Өргөө кино театрын орчим байрлах Вокс гэх караокед үйлдэгдсэн гэж үзэх үндэслэлтэй байхад шүүх “гэмт хэрэг үйлдсэн газар тогтоогдоогүй” гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Уг хэрэг адил эрх бүхий өөр шүүхэд харьяалагдах нь шүүх хуралдааны үед мэдэгдсэн бөгөөд хэргийн байдлыг бүрэн бодитойгоор тогтооход нөлөөлөхөөргүй байвал шүүх хуралдааныг үргэлжпүүлж, хэргийг эцэслэн шийдвэрлэнэ” гэсэн хуулийн заалтыг зөрчиж, иргэдийг чирэгдүүлж байна.

Гурав. Шүүхээс хулгайн гэмт хэрэг эсэх талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна гэжээ.

Хэргийн зүйлчлэлийн хууль зүйн дүгнэлт өгөхөд шүүгдэгч Б.******* нь хохирогч Л.*******ын сайн дурын үндсэн дээр худалдан авалт хийлгүүлэхээр өгсөн банкны картыг эзэмшиж, нууц кодыг мэдэж авсан байдаг.

Энэ нь бусдын эд хөрөнгө буюу Л.*******ын картыг түр хугацаагаар биетээр эзэмших эрх, мөн худалдан авалт хийх хэмжээнээс илүү гарсан картанд байсан болон шинээр картанд орох мөнгийг зарцуулахгүй байх үүрэг Б.*******т шилжиж буй явдал буюу бусдын эд хөрөнгийг итгэлцлээр итгэмжлэн хариуцаж буй явдал юм. Өөрөөр хэлбэл картыг буцаан өгөх хүртлээ Б.*******т энэ үүрэг ногдох бөгөөд тухайн агшинд дэлгүүр явж ирчхээд картыг өгөхөө мартсан байсан нь цаашид картыг эргүүлэн өгөх хүртэл энэ үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм.

Харин Хулгайлах гэмт хэрэг нь эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигч этгээдэд мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авснаар үйлдэгддэг бол завших гэмт хэрэг нь хохирогчийн хувьд эд хөрөнгөө гэмт этгээдэд хууль ёсоор шилжсэний даруу гэмт этгээдэд шилжүүлсэн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг ашиглах, шамшигдуулах, завших үйлдлээр ялгагдана.

Тиймээс Б.*******ын үйлдэл нь Л.*******аас картаа дэлгүүрээс худалдан авалт хийлгэхээр өгснөөр тухайн картан дахь мөнгийг захиран зарцуулах эрх үүссэн ба бусдын итгэмжлэн хариуцуулан өгсөн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завших санаа сэдэлт буюу картанд мөнгө байна уу гэж үзэхэд мөнгө байхаар нь цувруулан авсаар 3.891.000 төгрөгийг авсан үйлдэл байдаг тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг бүхэлдээ хангаж байгаа болно.

Иймд шүүгчийн 2021/ШЗ/900 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

Прокурор ******* тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах хэрэг юм. Шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 Прокурорын тус шүүхэд гаргасан эсэргүүцэлд үндэслэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр хавтаст хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Баянхонгор аймгийн Прокурорын газраас Б.Буяннэмэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн, Б.******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутагт байрлах 339 дүгээр цэргийн ангийн амрах байранд 2019 оны 3 дугаар сард иргэн Л.******* нь дэлгүүрээс худалдан авалт хийлгүүлэхээр өгсөн Хаан банкны ******* дугаартай виза картыг буцааж өгөлгүй өөртөө авч, улмаар тус картыг хувьдаа ашиглан удаа дараа гүйлгээ хийж, 3.891.000 /гурван сая найман зуун ерэн нэгэн мянган/ төгрөгийн хохирол учруулсан ба бусдын итгэмжлэн хариуцуулан өгсөн эд хөрөнгийг завшсан үйл баримт болжээ.

Шүүгдэгч Б.******* нь тухайн виза картыг өөрийн эзэмшилд байлгах хугацаандаа Баянхонгор аймаг болон Улаанбаатар хотын тодорхой нэр бүхий газруудад картыг уншуулан гүйлгээ хийсэн байх бөгөөд Б.******* нь удаа дараа картыг уншуулан гүйлгээ хийсэн болох нь тухайн дансны хуулга, хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгч Б.*******ын мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлууд тогтоогдсон байна.

Улмаар тухайн хэргийг тус шүүх харьяалан шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 8-т зааснаар хэргийн бодит байдлыг бүрэн бодитойгоор тогтооход нөлөөлөхөөргүй байна.

Мөн Б.*******т холбогдох хэргийг анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 2020/ШЗ/852 дугаар захирамжаар нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорын буцааж шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 2020/ДШМ/76 дугаар магадлалаар хэвээр үлдээсэн байх бөгөөд давж заалдах шатны шүүхээс 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлснээс хойш 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хэргийг Баянхонгор аймгийн Прокурорын газарт хүргүүлээгүй, ямар ажиллагаа хийсэн нь тодорхойгүй, яллагдагч ял завших боломж бололцоог олгосон байгааг анхан шатны шүүх цаашид анхаарах нь зүйтэй байна.

Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2,

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

 зүйлийн 1.3-т тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2021/ШЗ/900 дугаар шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.5-д заасныг баримтлан яллагдагч Б.*******т урьд хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг анхан шатны шүүхэд очтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ Г.УЛАМБАЯР

 ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ

                                                                             Б.БОЛОР-ЭРДЭНЭ