| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбаатарын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 320/2026/0181/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/193 |
| Огноо | 2026-05-04 |
| Зүйл хэсэг | 11.3.1., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 2026/ШЦТ/193
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Нямзаяа,
Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг,
Шүүгдэгч Ж.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жы Ад холбогдох эрүүгийн 2538005300179 дугаартай хэргийг 2026 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Жы А,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ж.А нь 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч Л.Эын нүд рүү нь хатгаж улмаар эрүүл мэндэд нь зүүн нүдний солонгон бүрхүүлийн урагдал, торлогийн ховхрол, зүүн нүдний арын хоргын цус хуралдат, зүүн нүдний харааны бууралт, зүүн нүдний алимны салстад мэс заслын шарх, цус харвалт бүхий хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 6-р хуудас),
Хохирогч Л.Эын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...гаднаас хүн орж ирэхээр нь эргээд харсан чинь шууд миний нүүр рүү минь цохиод авахаар нь хартал манай сумын залуу А байхаар нь би шууд урдаас нь барьж аваад барилцаад гадаа гарахад өө ах юм уу уучлаарай гэхээр нь чи ахыгаа яагаад цохиж байгаа юм. Миний нүд юм харахгүй нүднээс шар шүүс гоожоод байна гэж хэлэхэд А О эгчийг хүн элэг бариад байгаа юм болов уу гэж бодсон юм, маргааш болъё гэхээр нь яваад өгсөн...Надад ямар гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 11-12, 19-р хуудас),
Гэрч Д.Оийн өрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...А орж ирээд гаднаас сонсоход эгч дүү нарыг дээрэлхээд байна уу гэрээс гар гээд хоёр гурван удаа хэлээд байхад та яагаад гарахгүй байгаад байгаа юм бэ гэхэд Э ах нь харих гэж байна зуухны хөл нь тааруу гэдгийг харах гээд ирсэн юм О дүү өөрөө охинтойгоо зуухаа тавина гэнээ одоо ах харь амарлаа гэхэд А заа тэгүүл таныг ах байхгүй байхад эгчийг дээрэлхээд байгаа юм болов уу гэж бодлоо гээд манайхаас гараад явсан...Тэр хоёр манайд цохиж зодолдоогүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 22-23-р хуудас),
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 14257 дугаартай: “...1. Л.Эын биед зүүн нүдний солонгон бүрхүүлийн урагдал, торлогийн ховхрол, зүүн нүдний арын хоргын цус хуралдат, зүүн нүдний харааны бууралт, зүүн нүдний алимны салстад мэс заслын шарх, цус харвалт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.
3.5 Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтыг тогтоох хүснэгтийн 5.2.24.1.11-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 35 хувь алдагдуулах тул хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо.
4. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт (хх-ийн 31-34-р хуудас),
Шүүгдэгч Ж.Агийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...ороод хаалгаа хаагаад эргээд харсан чинь гутал халтираад унах гэхээр нь би Э ахаас бариад авлаа гэсэн чинь Э гэдэг хүнийг нүд рүү нь би гараараа хатгасан. Би баруун гараараа зүүн нүд рүү нь хатгасан. Тэгээд зүгээр үү ах уучлаарай гэсэн чинь Э гэдэг хүн зүгээр гээд гараад явсан...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгагдсан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Ж.А нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Шүүгдэгч Ж.А нь хохирогч Л.Эын эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан байна.
Хохирогч Л.Эын “..А надад эмчилгээнд зориулж 7,000,000 төгрөгийг өгөөд 2026 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 2,500,000 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 2,500,000 төгрөгийг өгнө гэж тохиролцсон болно” гэх хүсэлт (хх-ийн 40-р хуудас) хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Ж.Агаас 5,000,000 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Эт олгох нь зүйтэй байна.
Иргэний нэхэмжлэгч Т нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлбөр 2,305,460 төгрөгийг нэхэмжилсэн ба хохирогч Л.Э нь 2,305,460 төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч Ж.Агаас 2,305,460 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч Ж.А нь хүлээн зөвшөөрсөн соёл судлаачаар ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох тухай прокурорын ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Ж.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар соёл судлаачаар ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, түүний орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ж.А нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Жы Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Жы Аг соёл судлаачаар ажиллах эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 2,700 (хоёр мянга долоон зуу мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ад оногдуулсан 2,700 (хоёр мянга долоон зуу мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 8 (найм) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ж.А нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ад оногдуулсан соёл судлаачаар ажиллах эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Ж.Агаас 5,000,000 (таван сая) төгрөгийг гаргуулж хохирогч Л.Эт, 2,305,460 (хоёр сая гурван зуун таван мянга дөрвөн зуун жар) төгрөгийг гаргуулж эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгосугай.
7. Эрүүгийн 2538005300179 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР