Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 1761

 

МАГАДЛАЛ

2019.09.30                                                 Дугаар 1761                             

 

“ЭТТ”” ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Цэнд, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2019/01471 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч “ЭТТ”” ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “БД” ХХК-д холбогдох,

67 881 481 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “ЭТТ”” ХК нь “БД”ХХК-тай байгуулсан 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн ЭТТ-2015/203 дугаартай Удирдах ажилтны хариуцлагын даатгалын гэрээг 1 жилийн хугацаатай байгуулан хамтран ажиллаж байсан ба гэрээний хүчинтэй хугацаанд “ЭТТ” ХК-ийн Уурхайн Үйлдвэрлэл хариуцсан захирлаар ажиллаж байсан Б.Г-тай холбоотой даатгалын тохиолдол үүссэн бөгөөд энэ тухай Даатгагчид шаардлагатай мэдээллийг хүргүүлж байсан. Б.Г-ын Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гаргасан нэхэмжлэлийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2017/00273 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 873 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 001/ХТ2017/00962 дугаар тогтоолоор Б.Г-д ажилгүй байсан хугацааны цалингийн нөхөн олговор 53 263 433 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 424 267 төгрөгийг ЭТТ ХК-иас гаргуулахаар шийдвэрлэсэн. “ЭТТ” ХК нь ЭТТ-2015/203 дугаартай Удирдах ажилтны хариуцлагын даатгалын гэрээний дагуу даатгалын нөхөн төлбөр, тэмдэгтийн хураамж нийт 53 687 701 төгрөгийг Даатгагчаас гаргуулах эрхтэй. Даатгагч нь Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-д, ЭТТ-2015/203 дугаартай Удирдах ажилтны хариуцлагын даатгалын гэрээний II дахь хэсгийн А, D, Хавсралт 01-д, I, V дахь хэсгийн А, VII хэсгийн I, L-д тус тус заасны дагуу нөхөн төлбөрийг олгох үүрэгтэй. “БД”ХХК нь               45 254 324 төгрөгийн нөхөн төлбөрийг олгохоос татгалзсаныг хүлээн зөвшөөрөхгүй тул Санхүүгийн зохицуулах хороонд шалгаж, дүгнэлт гаргуулахаар хандсан. Санхүүгийн зохицуулах хорооноос Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд зааснаар 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр оролцогчийг сонсох ажиллагаа явуулахад даатгагчид бодитоор эдийн болоод эдийн бус хохирол учирсан хэмжээ нь тогтоогдоогүй тул даатгагч нь даатгалын гэрээний дагуу даатгуулагчид нөхөн төлбөр олгох нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Гэтэл “БД”ХХК нь өнөөдрийг хүртэл даатгалын гэрээний үүргээ биелүүлэхгүй байна. ЭТТ-2015/203 дугаартай Удирдах ажилтны хариуцлагын даатгалын гэрээ-ний 6.1-д заасны дагуу 0.5 хувийн алдангийг даатгуулагчид төлөх үүрэгтэй. Энэ тухай “ЭТТ” ХК-ийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 02/516 тоот мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр алдангийг 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс тооцохоор мэдэгдсэн. Гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 338 хоногоор тооцоход 76 479 807.56 төгрөг бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу 22 627 162 төгрөгийн алданги төлөхөөр байна. Иймд “БД”ХХК-тай байгуулсан ЭТТ-2015/203 дугаартай Удирдах ажилтны хариуцлагын даатгалын гэрээний дагуу Б.Гд ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх даатгалын нөхөн олговорт 45 254 324 гэрээний дагуу тооцсон алданги 22 627 162, нийт 67 881 486 төгрөгийг “БД”ХХК-иас гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “БД”ХХК нь даатгуулагч “ЭТТ” ХК нь Иргэний хуулийн 439.1, 439.5, гэрээний 6.1-т заасан үүргүүдийг биелүүлээгүй төлбөр төлөх боломжгүй гэж үзэж байгаа. Энэ нь даатгалын тохиолдол гарсан даруй даатгагчид мэдэгдээгүй. Даатгалын тохиолдлын улмаас учирсан хохирлын хэмжээг үлэмж нэмэгдүүлэн улмаар нэхэмжлэлийн үнийн дүн өссөн байна гэж үзэж байгаа юм. Даатгалын тохиолдол гарсан талаар даатгагчид мэдэгдсэн гэх боловч мэдэгдсэн өдөр нь 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр буюу давж заалдах шатны шүүхийн магадлал гарснаас хойш 20 гаруй хоногийн дараа бидэнд мэдэгдсэн байгаа. Энэ талаар бидэнд мэдэгдэхдээ и-мэйл хаягруу даатгалын тохиолдол гарсан гэж мэдэгдсэн бөгөөд яг ямар үндэслэлээр, хэзээ чөлөөлсөн болон энэ талаар маргаж байгаа эсэх нь тодорхойгүй байсан. Даатгуулагч нь даатгагчид даатгалын тохиолдол бий болсон бол тухайн бүх нотлох баримтыг бүрэн хэмжээгээр нь өгч, үүнийг нь шалгасны дараа бид төлөх талаар шийдвэрлэх ёстой байхад мэдээлсэн гэснээрээ даатгалыг нөхөн төлөх үүрэгтэй гэж хэлж байгаа нь үндэслэлгүй юм. Мөн давж заалдах шатны шүүхийн магадлал гарснаас хойш энэ тухайн мэдэгдсэнийг бид нэн даруй мэдэгдсэн гэж үзэхгүй байна. Иймд ажил олгогчийн шийдвэрт гомдол гаргасан тохиолдолд даатгуулагчид мэдэгдэх ёстой байсан гэж үзэж байна. Даатгалын тохиолдол нь ажил олгогч удирдах ажилтны хариуцлага алдсан бол даатгалын тохиолдол бий болсон гэж үзнэ. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт зааснаар мэдэгдээгүй тул даатгалын тохиолдлыг хангахгүй байгаа юм. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл нөхөн төлбөр олгох талаар бүрдүүлбэрийг өгөөгүй. Бидний зүгээс даатгалын нөхөн төлбөрийн зарим хэсгийг хангаж шийдсэн нь “ЭТТ” ХК-тай цаашдын хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх гэсэн дотоод асуудлаас тодорхой хэмжээгээр нөхөн төлбөрийг шийдсэн. “ЭТТ” ХК нь хариуцлагагүй үйл ажиллагаагаа ойлгож харилцан буулт хийх байх гэдэг үүднээс үлдсэн дүнгээс нь татгалзаж шийдвэрлэсэн. Даатгалын тохиолдол гэж үзэхгүй бөгөөд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын тохиолдол үүсээгүй мөн нэн даруй мэдэгдээгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх заалтад заасныг баримтлан хариуцагч “БД”ХХК-иас бүгд 67 881 486 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ЭТТ” ХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “ЭТТ” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 497 358 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “БД”ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 497 358 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ЭТТ” ХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Даатгалын гэрээний 4 дүгээр зүйл, нөхөн төлбөр олголт гэсэн хэсгийн Б-д “даатгуулагчийн өөрийн хүлээх хариуцлага нь 5 хүртэл хувь байна” гэж заасан байхад уг дүнг нэхэмжлэлийн нийт дүнгээс хасч тооцоогүй байна. “ЭТТ” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Т.Б-ийн 2016 оны 7 сарын 25-ны өдрийн Б/283 тоот тушаалаар тус компанийн Үйлдвэрлэл хариуцсан захирал Б.Г-тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцалсан боловч Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 273 тоот шийдвэрээр Б.Г-ыг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 53 687 701 төгрөгийг “ЭТТ” ХК-иас гаргуулж, нэхэмжлэгч Б.Г-д олгохоор шийдвэрлэсэн. Даатгалын гэрээ болон холбогдох баримтуудыг судлан үзэхэд даатгуулагч “ЭТТ” ХК-иас нэхэмжилсэн 53 687 401 төгрөгөөс 8 433 377 төгрөгийн нөхөн төлбөрийг олгож, үлдэх 45 254 324 төгрөгийн нөхөн төлбөрийг олгохоос татгалзаж шийдвэрлэсэн билээ. Учир нь, Даатгалын гэрээний 6-р хэсгийн А заалтын 1-д “Удирдах ажилтнуудын эсрэг нэхэмжилж буй аливаа хохирол нь энэхүү гэрээний дагуух хамгаалалтад тусгагдсан нөхцөлд Даатгуулагч нь даатгагчид мэдэгдэх үүрэгтэй”, Иргэний хуулийн 439 дүгээр зүйлийн 439.5, Даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5-д заасныг анхаарах хэрэгтэй байна. Тодруулбал, 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн Б/283 тоот тушаалаар ажилтан Б.Г-тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэр гарснаас хойш Даатгуулагч нь даатгагчид энэ тухай мэдэгдэж хохирлын хэмжээг бууруулах зохих арга хэмжээ авах үүрэгтэй байсан байна. Гэтэл, даатгуулагч нь Хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэрийг ажилтанд Хөдөлмөрийн тухай хуульд заасан хугацааны дотор гардуулаагүй, үндэслэлгүйгээр маргасан, улмаар даатгалын тохиолдол үүссэн тухай даатгагчид нэн даруй мэдэгдээгүй, маргааны талаар даатгагчтай зөвлөлдөөгүй, Гэрээний 6 дугаар зүйлийн “Нэмэлт нөхцөл” гэсэн хэсэгт заасан 10 000 000 төгрөг хүртэлх дүнгээр хохирлын хэмжээг багасгах хамгаалалтын зардлыг хэрэгжүүлээгүйгээс хохирлын хэмжээ үлэмж нэмэгдсэн байна. Түүнчлэн Даатгуулагчийн шийдвэр нь илт үндэслэл муутай, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасныг зөрчжээ. Тиймээс Гэрээний 4 дүгээр хэсэгт “хохирлыг мэдүүлэх нөхцөл” хэмээн даатгалын тохиолдол үүсч хохирол бий болох үед даатгагчид нэн даруй мэдэгдэж, хохирлын багасгах арга хэмжээг нэн даруй яаралтай авахаар нарийвчлан заасан. Тухайлбал, 4 дүгээр хэсгийн Е-д хохиролтой холбоотой асуудлаар буюу шүүхийн үйл ажиллагаанд даатгуулагч нь даатгагчтай хамтран ажиллана гэж заасан. “БД”ХХК нь нөхөн төлбөр олгохоос бүхэлд нь татгалзах үндэслэлтэй хэдий ч ажилтны 1 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрөөс даатгуулагчийн өөрийн хүлээх хариуцлага 5 хувийг хасаж 8 433 377 төгрөгийг олгож, үлдэх 45 254 324 төгрөгийн нөхөн төлбөрийг олгохоос татгалзаж шийдвэрлэсэн билээ. Гэтэл анхан шатны шүүхээс хариуцагчийн энэхүү үндэслэлийг хэрхэн үзэж буйгаа, яагаад буруу гэж үзсэнээ огт тайлбарлаагүй болно. Иймд уг шийдвэрийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч “ЭТТ” ХК нь хариуцагч “БД” ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 45 254 324 төгрөг, алдангид 22 627 162 төгрөг нийт 67 881 486 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ ““БД” ХХК-тай байгуулсан даатгалын гэрээний дагуу даатгалын тохиолдол бий болсон гэж тайлбарлажээ. Харин хариуцагч нь “даатгалын тохиолдол гэж үзэхгүй, энэ талаар нэн даруй даатгагчид мэдэгдээгүй” гэж тайлбарласан байна.

Зохигчдын хооронд 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр нэг жилийн хугацаатай “Удирдах ажилтны хариуцлагын даатгалын гэрээ” байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгч байгууллага нь даатгалын хураамжид 39 600 000 төгрөгийг төлөх, хариуцагч нь даатгалын тохиолдол бий болсон нөхцөл үүсэхэд даатгалын нөхөн төлбөр олгох үүрэг хүлээхээр тус тус тохиролцсон үйл баримт хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож байна. /хх 10/

Түүнчлэн, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 273 дугаар шийдвэр, Улсын Дээд шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 962 дугаар тогтоолоор Б.Гантулгыг Үйлдвэрлэл хариуцсан захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 53 263 433 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа тул даатгалын гэрээнд заасан тохиолдол бүхий нөхцөл байдал буй болсон, талуудын хооронд даатгалын гэрээний эрх үүрэг үүссэн болон даатгалын гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар шүүх дүгнэлт хийсэн нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасантай нийцсэн.

Нэхэмжлэгч байгууллага нь даатгалийн хураамжийг төлж, мөн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр “даатгалын тохиолдол бий болсон тухай” хариуцагчид цахим шуудангаар мэдэгдэн, үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн болох нь тогтоогдсон тул Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 10 дугаар зүйлийн 10.1.1-т зааснаар нөхөн төлбөрийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасны дагуу үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Давж заалдах гомдолд дурдсанаар “Даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5-д заасныг шүүх анхаараагүй” гэж тайлбарладаг боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар тайлбар, татгалзлаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, хэрэгт авагдсан баримтаар “даатгалын тохиолдол үүссэн тухай даатгагчид нэн даруй мэдэгдээгүй, маргааны талаар даатгагчтай зөвлөлдөөгүй” гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2019/01471 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 497 360 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Н.БАТЗОРИГ

        ШҮҮГЧИД                              Ч.ЦЭНД

                                                      М.НАРАНЦЭЦЭГ