Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 128/ШШ2023/0611

 

2023 08 09 128/ШШ2023/0611

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Болорчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С.Насанбуян /РД:ЧС75101433/

Хариуцагч: Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэс

Гуравдагч этгээд: С.Нарантуяа, Н.Анхмаа нарын хоорондын бүртгэлийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Өлзийбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Наранзул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнхжаргал, гуравдагч этгээд С.Нарантуяа, Н.Анхмаа, гуравдагч этгээдийн өмгөөлөгч А.Болормаа, М.Алтанцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бүжинлхам нар оролцов.

Хэргийн индекс: 128/2022/1026/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн эрхийн улсын бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулахаас татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204008361 дугаартай бүртгэлд миний ЦВ76010571 гэх регистрийн дугаарыг ЧС75101433 дугаар болгож өөрчлөлт оруулахыг Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Хэргийн үйл баримтын тухайд:

2.1. Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 16 дугаар хороолол 68 дугаар байрны 20 тоот 28 м.кв 2 өрөө орон сууцны зориулалттай, Ү-2204008361 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Монгол улсын иргэн Г.Шоовдор /ЦВ44020266/, С.Нарантуяа/ЦВ67031860/, С.Насанбуян/ЦВ76010571/, Н.Анхмаа/УЛ91071128/ нарын дөрвөн иргэний өмчөөр 2003 оны 12 дугаар сарын 30-ны өдөр бүртгэгдэж гэрчилгээ олгогджээ. /хх1-100-102/

2.2. Нэхэмжлэгч С.Насанбуян нь 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтэст Ү-2204008361 улсын бүртгэлийн дугаартай орон сууцны зориулалттай эд хөрөнгөд Өмчлөгчийн овог, нэр, регистр өөрчлөх бүртгэл хийлгэхээр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-т зааснаар 11-2233292 дугаартай мэдүүлгээр ханджээ. /хх1-31/

2.3. Улсын бүртгэгч Б.Баттунгалагаас Иргэн С.Насанбуянгийн гаргасан мэдүүлэг түүнд хавсаргасан нотлох баримтыг хянан үзэхэд: 1. Өргөдөл өгөх, 2. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг эх хувиар өгөөгүй гэсэн үндэслэлээр татгалзсан хариуг 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр утсаар мэдэгджээ. /хх1-4 хуудас/

2.6. Мөн нэхэмжлэгчийн 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан гомдолд Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 6/3877 дугаар албан бичгээр ...тухайн эд хөрөнгө оршин байгаа нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст хандан бүртгүүлэх нь зүйтэй гэх агуулга бүхий хариу өгчээ.

2.7. Нэхэмжлэгч С.Насанбуян нь 2022 оны 05 дугаар сарын 20-ний өдөр тус шүүхэд анх нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулснаар 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан.

3. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

3.1 Санхүүгийн Насанбуян миний бие 2020 оны 10 дугаар сард өөрийн регистрийн дугаарын зөрүүг арилгуулахаар Улсын бүртгэлийн байгууллагад хүсэлт гомдол гаргасны дагуу Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гарч С.Насанбуян миний ЦВ76010571 регистрийн дугаар ЧС75101433 болж өөрчлөгдсөн. Регистрийн дугаар өөрчлөгдсөнтэй холбоотойгоор миний холбогдох бүхий л бичиг баримтууд, мэдээллүүдэд өөрчлөлт орсон.

3.2. С.Насанбуян миний бие, ээж Г.Шоовдор, эгч С.Нарантуяа болон дүү Н.Анхмаа бидний дундын өмчлөлд Улсын бүртгэлийн У-2204008361 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 16 хороолол, 68 байр 20 тоот хаягт байрлах 28 м.кв талбай бүхий 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгө байдаг. Энэ үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ С.Насанбуян миний хуучин ЦВ76010571 регистрийн дугаараар бүртгэлтэй байдаг тул өөрчлөгдсөн регистрийн дугаараар өөрчлөлт оруулж бүртгүүлэх шаардлагатай болсон.

3.3. Миний бие хуульд заасан үндэслэл журмын дагуу Баянзүрх дүүргийн Бүртгэлийн хэлтэст 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр мэдүүлэг бөглөж өргөдөл, холбогдох баримтуудыг хавсаргаж өгсөн. БЗД-ийн Бүртгэлийн хэлтэс хуульд заасан хугацаанд хариу өгөөгүй тул Улсын бүртгэлийн Ерөнхий газарт 2022 оны 07 дугаар сарын 04-ны өдөр гомдол гаргасан бөгөөд 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах тухай мэдэгдлийг утсаар мэдэгдсэн. Тус мэдэгдэлд 1. Өргөдөл өгөх 2.Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг эх хувиар өгөөгүй байх гэсэн татгалзал байсан.

3.4. Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 Дараах тохиолдолд эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулна, 13.1.4 үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчийн регистрийн дугаар, овог, эцэг, /эх/-ий нэр, өөрийн нэр, хуулийн этгээдийн оноосон нэр, улсын бүртгэлийн дугаар, регистрийн дугаар өөрчлөгдөх, 13.2 Эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулах мэдүүлэгт дараах нотлох баримтыг хавсаргана, 13.2.1. өргөдөл, 13.2.5 бүртгүүлэхээр мэдүүлсэн бусад өөрчлөлтийг нотлох баримт, 13.2.6 улсын тэмдэгтийн хураамж, үйлчилгээний хөлс төлсөн баримт гэж хуульчилсан байхаас Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг эх хувиар өгөх хуулийн шаардлага байхгүй юм.

3.5. С.Насанбуян миний бие өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг өөрчлөгдсөн регистрийн дугаараар бүртгэлд өөрчлөлт оруулж чадахгүй Бүртгэлийн хэлтсийн хууль бус ажиллагаа байгаан улмаас Монгол улсын Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд нэн зөв гэж тооцно, 101 ... дүгээр зүйлийн 101.1-д заасан Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах хууль ёсны эрх, ашиг сонирхол маань зөрчигдөж байна.

3.6. Иймд Баянзүрх дүүргийн Бүртгэлийн хэлтэс нь Эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулахаас татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, Эрхийн улсын бүртгэлийн У-2204008361 дугаартай бүртгэлд миний ЦВ76010571 гэх регистрийн Дугаарыг ЧС75101433 болгож өөрчлөлт оруулахыг Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэст даалгаж өгнө үү. гэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнхжаргал тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

4.1. Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 16 дугаар хороолол 68 дугаар байрны 20 тоот 28 м.кв 2 өрөө орон сууцны зориулалттай, Ү-2204008361 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Монгол улсын иргэн Г.Шоовдор /ЦВ44020266/, С.Нарантуяа /ЦВ67031860, С.Насанбуян /ЦВ76010571/, Н.Анхмаа /УЛ91071128/ нарын дөрвөн иргэний өмчөөр 2003 оны 12 дугаар сарын 30-ны өдөр бүртгэгдсэн хууль ёсны бүртгэл Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд бүртгэлтэй байна.

4.2. Иргэн С.Насанбуян нь 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтэст Ү-2204008361 улсын бүртгэлийн дугаартай орон сууцны зориулалттай эд хөрөнгөд Өмчлөгчийн овог, нэр, регистр өөрчлөх бүртгэл хийлгэхээр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-т зааснаар 11-2233292 дугаартай мэдүүлгээр хандсан.

4.3. Иргэн С.Насанбуян нь мэдүүлэг гаргахдаа Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-т заасан Өргөдөл гаргаагүй, 13 дугаар зүйлийн 13.5-д заасан Энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан үндэслэлээр эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулахад холбогдох баримт бичгийн эх хувийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор зохих өөрчлөлтийг оруулж, энэ тухай мэдүүлэг гаргагчид мэдэгдэнэ гэх хуулийн заалт, мөн тухайн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-д зааснаар тус тус татгалзах үндэслэл болсон.

4.4. Мөн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгох журмын 3.2.2-т зааснаар Эрхийн улсын бүртгэлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийн хүрээнд гэрчилгээг дахин авах хүсэлт гаргасан, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 20.1.2-т зааснаар Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10.6.1-д заасан өмчлөх эрхийг нотолсон баримт байхгүй бол эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах үндэслэл болно, мөн 2.1.2-т зааснаар мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийн үнэн зөвийг нотлох, шаардлагатай тохиолдолд баримтыг холбогдох иргэн, хуулийн этгээдээс гаргуулан авах гэж заасан байна.

4.5. Иймд Ү-2204008361 улсын бүртгэлийн дугаартай иргэн С.Насанбуянгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Дээрх хуулийн шаардлыг хангасан тохиолдолд эрхийн улсын бүртгэлийн нэмэлт, өөрчлөлтийн бүртгэлийг бүртгэхэд татгалзах зүйлгүй болно. гэжээ.

5. Гуравдагч этгээд С.Нарантуяа, Н.Анхмаа нар тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

5.1. " Тус шүүхэд гаргасан Насанбуянгийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр татагдсан С.Нарантуяа би дараахи хариу тайлбарыг гаргаж байна.

5.2. Гуравдагч этгээд Санхүүгийн Нарантуяа би нэхэмжлэгч Насанбуянгийн шүүхэд гаргасан Баянзүрх дүүргийн эрхийн улсын бүртгэлийн хэлтсийн эрхийн улсын бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулахаас татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204008361 дугаартай бүртгэлд миний ЦВ76010571 гэх регистрийн дугаарыг ЧС75101433 болгож өөрчлөлт оруулахыг Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэст даалгаж өгнө YY гэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа дараахи үндэслэлээр тайлбарлаж байна. Үүнд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.06.24-ний өдрийн 10176 дугаартай шүүгчийн захирамж, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.02.21-ний өдрийн 00301 дугаартай магалдалтай Насанбуянгийн нэхэмжлэлтэй Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг улсын бүртгэлийн байгууллагад гаргаж өгөхийг даалгах тухай шаардлагатай иргэний хэрэгт хариуцагч миний зүгээс дараахи нотлох баримтыг гаргаж тайлбарласан.

5.3. Насанбуян нь Дундговь аймгийн Өндөршил суманд иргэн Мэндбаярын гэр бүлд 1975.10.14-ний өдөр төрснийг тус сумын иргэний бүртгэлийн 46 дугаарт бүртгэсэн бүртгэл байдаг. Энэ нь үнэн үйл явдал бөгөөд Насанбуян нь Мэндбаярын хүүхэд юм. Түүний төрсний бүртгэлийн лавлагааг үндэслэн 2004.05.21-ний өдрийн Насанбуянгийн өөрийнх нь гаргасан хүсэлтийн дагуу Мэндбаярын Насанбуян /ЧС75101433/ гэх иргэний үнэмлэх олгосон байдаг.

5.4. Насанбуянг төрүүлсэн эх жижиг Шоовдор нь өөрийн төрсөн эгч том Шоовдортоо өгч өсгүүлсэн бөгөөд хууль ёсны үрчлэлт хийгдээгүй юм. Мөн Насанбуянг Улаанбаатар хотын нэгдүгээр амаржих газарт 1976.01.05-ний өдөр төрснийг 09 дугаарт бүртгэгдсэн бүртгэл байдаг. Дээрхи бүртгэлд үндэслэн эцэг Дунгармаа овогтой Санхүү, Гэндэндорж овогтой Шоовдор /ЦВ44020266/ нараас төрснөөр бүртгэл хийгдсэн. Энэ хууль бус мэдээлэлд үндэслэн /ЦВ76010571/ регистрийн дугаар олгож түүнийг Санхүүгийн Насанбуян гэж төрсний гэрчилгээ, паспорт олгогдсон бүртгэл нь бүхэлдээ хуурамч бүртгэл юм.

5.5. Дээрхи 2 өөр мэдээлэл бүхий Насанбуянгийн иргэний бүртгэлийг иргэний улсын бүртгэлийн хуульд зааснаар өөрчлөлтийн бүртгэл хэрхэн хийгдсэнийг шалгахад аль алинд Насанбуянгийн нэр регистрийн дугаараар үрчлэгдсэний, овог, эцэг, эхийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэл гараагүй болно гэх лавлагааг авагдсан.

5.6. Шүүх Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 20901 дугаарын захирамжид ...Насанбуян,...Мэндбаярын Насанбуян...гийн овог, нэр, регистрийн дугаараар шалгахад үрчилсний, регистрийн дугаар өөрчилсний, овог, эцэг, өөрийн нэр өөрчилсний бүртгэл гаргаагүй болно буюу дээрхи 2 бүртгэлийн аль нэг нь хүчингүй болоогүй байна.

5.7. Нэхэмжлэгч нь өөрийн зөрчилтэй баримт бичгийн талаарх хүсэлт, гомдлыг улсын бүртгэлийн байгууллагад хандан шийдвэрлүүлж, бичиг баримтын зөрчлөө арилгах нь зүйтэй ба хэргийн оролцогчийн хувийн байдал тодорхой байх нь шийдвэр хууль ёсны бөгөөд ундэслэл бүхий байх, цаашид шүүхээс гарсан шийдвэр биелэгдэх боломжтой болох зэрэгт нөлөөлөл үзүүлэх юм гэж дүгнэсэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн хүчин төгөлдөр захирамж, магадлал байна.

5.8. Ингэж шүүхийн шийдвэр гарсаар атал Мэндбаярын Насанбуян нь одоо Санхүүгийн Насанбуян гэх овогтой, Мэндбаярын Насанбуянгийн регистрийн ЧС75101433 дугаар бүхий холимог мэдээлэлтэй, иргэний бүртгэлийн зөрүүг бүрэн гаргаагүй бичиг баримтаар дахин Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд Эд хөрөнгийн улсын бүртгэлийн хэлтэс нь бүртгэл хийлгэхээр хүсэлт гаргасан иргэний бүртгэлийн баримт болох иргэний үнэмлэхийн мэдээлэл, регистрийн дугаар, овог нэр үнэн зөв эсэхэд болон бүртгэл хийлгэх бусад баримт бичгийн бүрдүүлбэрт хяналт тавьж, хуульд зааснаар нотлох баримтуудыг ирүүлэхийг шаардах эрхийн хүрээнд хуулийн дагуу бүртгэл хийхээс татгалзсан нь үндэслэлтэй.

5.9. Нэхэмжлэгчийн иргэний бүртгэл, эрх зүйн байдал тодорхойгүй байна гэдгийг шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт заасан зөрчил одоо ч гэсэн арилаагүй хэвээр байна. Иймд энэхүү нэхэмжлэлийн шаардлагаар ямар хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдсөнийг сэргээлгэх, маргаж буй актаа хэрхэн тодорхойлж байгаа нь ойлгомжгүй, ЗХШХШТХ-д заасан бүрдүүлбэр хангагдаагүй, шаардлага хангагдаагүй, хуулийн болон нотлох баримтын хувьд үндэслэлгүй нэхэмжлэл байх тул ЗХШХШТХ-ийн 106 дугаар зүйлийн 3.14 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэгч С.Насанбуян нь Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэс нь эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулахаас татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, эрхийн улсын бүртгэлийн У-2204008361 дугаартай бүртгэлд миний ЦВ76010571 гэх регистрийн дугаарыг ЧС75101433 болгож өөрчлөлт оруулахыг Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэст даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2. Нэхэмжлэгчээс ...Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг эх хувиар өгөх хуулийн шаардлага байхгүй юм. С.Насанбуян миний бие өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг өөрчлөгдсөн регистрийн дугаараар бүртгэлд өөрчлөлт оруулж чадахгүй байгаагийн улмаас Монгол улсын Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно, 101 дүгээр зүйлийн 101.1-д заасан Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах хууль ёсны эрх, ашиг сонирхол маань зөрчигдөж байна. гэж,

3. Хариуцагчаас ...С.Насанбуян нь мэдүүлэг гаргахдаа Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-т заасан Өргөдөл гаргаагүй 13 дугаар зүйлийн 13.5-д заасан Энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан үндэслэлээр эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулахад холбогдох баримт бичгийн эх хувийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор зохих өөрчлөлтийг оруулж, энэ тухай мэдүүлэг гаргагчид мэдэгдэнэ гэх хуулийн заалт, мөн тухайн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-д зааснаар тус тус татгалзах үндэслэл болсон. Мөн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгох журмын 3.2.2-т зааснаар Эрхийн улсын бүртгэлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийн хүрээнд гэрчилгээг дахин авах хүсэлт гаргасан эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хөтлөх журмын 20.1.2-т зааснаар эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10.6.1-д заасан өмчлөх эрхийг нотолсон баримт байхгүй бол эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах үндэслэл болно, мөн 2.1.2-т зааснаар мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийн үнэн зөвийг нотлох, шаардлагатай тохиолдолд баримтыг холбогдох иргэн, хуулийн этгээдээс гаргуулан авах гэж заасны дагуу татгалзсан... гэж,

4. Гуравдагч этгээд нараас ...регистрийн дугаарыг өөрчилсөн нь хууль бус, гэрчилгээг эх хувиар өгөх боломжгүй гэж тус тус тайлбарлан маргасан.

5. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, маргаж байгаа Баянзүрх дүүргийн 16 хороо 16 хороолол 68 дугаар байрны 20 тоот 28 мкв талбайтай 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Г.Шоовдор, С.Нарантуяа, С.Насанбуян, Н.Анхмаа нарын дөрвөн иргэнийг эрхийн улсын бүртгэлийн Ү-2204008361 дугаарт бүртгэж, 00093722 дугаартай эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх1-102 ар тал/-г олгосон байх ба гэрчилгээнд нэхэмжлэгч С.Насанбуянгийн регистрийн дугаар ЦВ76010571 гэж бүртгэгдсэн байна.

6. Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 714 дүгээр дүгнэлт /хх1-133 тал/-ээр С.Насанбуянгийн ЧС75101433 регистрийн дугаарыг иргэний улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд сэргээж, ЦВ76010571 регистрийн дугаарыг ЧС75101433 регистрийн дугаараар өөрчилжээ.

7. Нэхэмжлэгч С.Насанбуян нь 2022 оны 6 дугаар сарын 03-нд Баянзүрх дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтэст ...миний өөрчлөгдсөн ЧС75101433 регистрийн дугаартайгаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг регистрийн дугаарын өөрчлөлт оруулж, шинээр гаргаж өгнө үү гэх өргөдлийг регистрийн дугаар өөрчилсөн тухай лавлагаа, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 301 тоот магадлал, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 6/3877 тоот албан бичгийг тус тус хавсарган гаргасан болох нь өргөдөл /хх1-70-72 тал/, Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтсийн ирсэн бичгийн бүртгэл хяналтын карт /хх1-38 тал/-аар тус тус нотлогдоно.

8. Мөн 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 11-2233292 дугаартай мэдүүлгээр дахин хандсан байх ба хариуцагчаас өргөдөл, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг эх хувиар нь өгөөгүй гэх 2 үндэслэл заан улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан байна. /хх1-109, 4/

9. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд дээрх 2022 оны 6 дугаар сарын 03-нд гаргасан өргөдөл, 2022 оны 7 дугаар сарын 27-нд гаргасан мэдүүлэгт татгалзсан хариу өгснийг эс зөвшөөрөн маргаж буйгаа илэрхийлсэн.

10. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т Дараах тохиолдолд эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулна: ...13.1.4.үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчийн иргэний бүртгэлийн дугаар, овог, эцэг, /эх/-ийн нэр, өөрийн нэр, хуулийн этгээдийн оноосон нэр, улсын бүртгэлийн дугаар, регистрийн дугаар өөрчлөгдөх; гэж, 13.2-т Эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулах мэдүүлэгт дараах нотлох баримтыг хавсаргана: 13.2.1.өргөдөл; 13.2.2.үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээ өөрчлөгдсөн бол өөрчлөлтийг тусгаж, баталгаажуулсан кадастрын зураг; 13.2.3.үл хөдлөх эд хөрөнгийн байршлын хаяг өөрчлөгдсөн бол эрх бүхий байгууллагын шийдвэр; 13.2.4.барилга байгууламжийн зураг төсөл, дөрвөн талаас нь бүтэн харуулсан гэрэл зураг; 13.2.5.бүртгүүлэхээр мэдүүлсэн бусад өөрчлөлтийг нотлох баримт; 13.2.6.улсын тэмдэгтийн хураамж, үйлчилгээний хөлс төлсөн баримт. зэргийг хавсарган өгөхөөр хуульчилжээ.

11. Энэ маргааны тохиолдолд хариуцагч улсын бүртгэлийн байгууллага нь нэхэмжлэгч С.Насанбуянгаас 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр гаргасан мэдүүлгийг өргөдөл хавсаргаагүй үндэслэлээр татгалзсан нь буруу, харин үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг эх хувиар нь өгөөгүй гэх үндэслэлээр татгалзсан нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

12. Учир нь, нэхэмжлэгч нь 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр мэдүүлэг гаргахдаа өргөдлөө хавсаргаагүй боловч өмнө нь 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр энэ асуудлаар хариуцагчид өөрт нь өргөдөл гаргаж байсан, үүнийг улсын бүртгэлийн байгууллага нь мэдэж байсан, мэдэх боломжтой байхад өргөдөл гаргаагүй гэдэг үндэслэлээр татгалзсан нь буруу байна.

13. Харин нэхэмжлэгч нь 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр гаргасан өргөдөлдөө регистрийн дугаарын нэмэлт өөрчлөлтийг бүртгэж, дахин гэрчилгээ олгож өгнө үү гэж гаргасан байх тул улсын бүртгэлийн байгууллага нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5-т Энэ хуулийн 5.3-т заасан эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг дараах үндэслэлээр дахин олгоно: 5.5.2.эрхийн улсын бүртгэлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийн хүрээнд гэрчилгээг дахин авах хүсэлт гаргасан гэж заасан болон Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгох журмын 3 дугаар зүйлийн 3.4-т Энэ журмын 3.2.2-т заасан үндэслэлээр гэрчилгээг дахин олгох тохиолдолд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13.1-д заасны дагуу эрхийн улсын бүртгэлд оруулсан өөрчлөлтийг гэрчилгээнд тусгана. гэж зааснаар нэхэмжлэгчийн гэрчилгээг дахин авах хүсэлтийн дагуу түүний регистрийн дугаарын өөрчлөлтийг гэрчилгээнд тусгах шаардлагатай тул үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг эх хувиар нь шаардсан нь үндэслэлтэй байна.

14. Тодруулбал, нэхэмжлэгч нь улсын бүртгэлийн байгууллагад гаргасан өргөдөлдөө нэмэлт өөрчлөлтийг бүртгэж, гэрчилгээ олгуулах хүсэл зоригийг илэрхийлсэн байгаа тул бүртгэлийн байгууллагаас гэрчилгээг эх хувиар нь ирүүлээгүй үндэслэлээр татгалзсан нь хуульд нийцсэн гэж үзнэ.

15. Гуравдагч этгээд нарын регистрийн дугаарыг өөрчлөн бүртгэсэн нь хууль бус гэх үндэслэлийн хувьд, улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2021 оны 714 дүгээр дүгнэлтээр нэхэмжлэгч С.Насанбуянгийн регистрийн дугаарыг өөрчилсөн бөгөөд регистрийн дугаарын өөрчлөлтийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд өөрчлүүлэн бүртгүүлэх тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй асуудал байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй. гэж зааснаар шүүхээс дүгнэлт хийх шаардлагагүй байна.

16. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч С.Насанбуянгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

17. Харин нэхэмжлэгч нь зөвхөн регистрийн дугаар буюу иргэний бүртгэлийн дугаарыг өөрчлүүлэн бүртгүүлэх тухай өргөдөл, бусад нотлох баримтуудыг хавсарган мэдүүлэг гаргасан тохиолдолд буюу энэ маргааны хувьд үл хөдлөх эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхтэй өмчлөгчөөс гэрчилгээг эх хувиар нь гаргах боломжгүй, энэ талаарх шалтгааныг шүүхийн шийдвэрүүдэд дурдсан байгаа тохиолдолд өмнө нь өмчлөгчөөр бүртгэгдсэн өмчлөгчийн регистрийн дугаарыг эд хөрөнгийн эрхийн бүртгэлд өөрчлөн бүртгэх ажиллагааг гэрчилгээ олгох ажиллагаанаас тусад нь хийх боломжтой бөгөөд энэ нь тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т заасан Эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх байх зарчимд нийцэх болохыг хариуцагч улсын бүртгэлийн байгууллага анхаарах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5.2, 13  дугаар зүйлийн 13.5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч С.Насанбуянгийн Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэс нь эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулахаас татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, эрхийн улсын бүртгэлийн У-2204008361 дугаартай бүртгэлд миний ЦВ76010571 гэх регистрийн дугаарыг ЧС75101433 болгож өөрчлөлт оруулахыг Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэст даалгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.   

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ө.БОЛОРЧИМЭГ