Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2022/ДШМ/007

 

*******т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч Б.Болор-Эрдэнэ, Т.Жаргалсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Шүүгдэгчийн  өмгөөлөгч Д.Уранчимэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Должинсүрэн нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/296 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч *******гийн гаргасан давж заалдах гомдлоор *******т холбогдох эрүүгийн 2014000000334 дүгээр хэргийг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн,...******* овогт *******гийн *******, урьд  регистрийн дугаар ВИ67022615

******* нь Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн нутаг “шар чулуу” гэх газраас 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр иргэн *******гийн алдсан12 тооны бог мал болох 6 хонь, 6 ямааг олж авч алдуул малыг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад 850.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий хулийн 1.10 дугаар зүйлийн 1.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******т холбогдуулан эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч ******* нь хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжилсэн зүйлгүй, энэ хэргийн учир 90 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар хохирогч *******гээс 700.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хохирогч ******* гаргасан давж заалдах гомдолдоо:

******* миний бие нь Баянхонгор аймгийн Баацагаан сумын 6 дугаар багийн харьяатай малчин. 2020 оны 07 дугаар сард манайх Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 -р багийн нутагт отроор явж байсан ба Гүний амны эх гэх газраас 07 дугаар сарын 18-ны өдөр 20 тооны бог малаа бэлчээрээс зүсээр алдсан. Нийт 20 тооны бог мал алдсан. Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 3 дугаар багийн харьяат ******* гэх хүн хулгайлсан байсан. Гэтэл холбогдох анхан шатны шүүх хурал 2021 оны 11 дүгээр сарын 10 өдөр болоод өнгөрсөн байна. Хохирогчоор тогтоогдсон, хохирчихсон хохирлоо аваагүй байхад миний бие *******д шүүх хурлын тов мэдэгдэлгүй шүүх хуралд оролцох эрхийг минь зөрчсөн байна. 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 2021/ШЦТ/296 дугаартай шийтгэх тогтоолыг авч танилцахад намайг хохирлоо барагдуулж авсан, тухайн ******* гэх хүнийг хүний алдсан малыг завшсан мэтээр дүгнэн ял завшуулсан байна. Бэлчээр дээрээс минь мотоциклоор туугаад явсан мөр нь байсан шүү. Үүнд эрхэм шүүгч нар дүгнэлтээ хийнэ биз ээ.

Мөн миний бие нь шүүх хурал болохоос өмнө эд зүйлийн үнэлгээ хийлгэсэн холбогдох баримтаа шүүгчийн туслах охинд өгөх гэтэл аваагүй байж намайг хохирол нэхэмжлэлийн талаар баримт өгөөгүй хэмээн шүүх хуралдааныг намайг оролцуулалгүй хийсэн байна.

Миний бие нь одоо төлөгдөөгүй байгаа хохирлоо бүрэн багадуулж авах хүсэлтэй байгаа ба алдсан малаас 12 тооны малаа эргүүлэн авсан. Хохирол төлөгдөөгүй байгаа мал нь дан эр, сувай мал нь байсан ба эр ямаа-2, эр хонь- 5,сувай эм хонь-1, нийт 8 тооны малын төлбөр аваагүй байгаа. Төлүүлж аваагүй мал нь үнэлгээгээр нийт 1350000 төгрөгөөр үнэлэгдсэн. Үүн дээр хэрэгт эд зүйлийн үнэлгээ хийлгэхэд төлсөн 60000 төгрөгөө мөн төлүүлж авна.

Мөн хэрэгт миний талаас мэдүүлэг өгөх хүмүүсээ хэлсээр байтал мэдүүлэг аваагүй нь энэ хэргийг хулгайн гэмт хэрэг байхад алдуул мал завшсан / малыг хөлөөрөө явсан мэтээр дүгнэсэн/ хэрэг болгох үндэслэл болсон болов уу гэж бодож байна.

Миний талаас мэдүүлэг авхуулахаар дараах гэрч нарыг асуулгахаар мөрдөгчид хэлсэн.

Б.Хүрэлсүх, Л.Батчулуун /90557565/, Д.Баяраа /88660178/, Л.Мөнхзул /89906040/ нар манайхыг 20 тооны бог мал алдсан болохыг гэрчлэх улс юм. Эдгээр улс нь Баянхонгор аймгийн Баацагаан сумын харьяат улс ба тухайн үед отрын бүс нутаг болох Бөмбөгөр сумын 1 дүгээр багт отроор явж байсан юм. Мөн П.Авид гэх хүн олдсон 12 тооны малаа ачиж ирсэн машины жолооч /96703715/, Б.Санжаа /91624764/ Баацагаан сумын малчин мал хайлцсан хүн юм.

Миний хохирлын асуудлыг орхигдуулсан нь иргэн миний эрхийг хамгаалаагүй орхисон үйлдэл гэж үзэж байгаа тул буруутай этгээдээс хохирлыг минь бүрэн барагдуулж зөрчигдсөн эрхийг минь хамгаалж өгнө үү гэжээ.

Прокурор ******* тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээнэ үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Уранчимэг тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогч *******гийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд үндэслэн  хэргийг  шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт  тус тус заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах гомдлуудад дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд:

Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсний дагуу анхан шатны шүүх шүүгдэгч  С.******* нь ******* нь Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн нутаг “шар чулуу” гэх газраас 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр иргэн *******гийн алдсан12 тооны бог мал болох 6 хонь, 6 ямааг олж авч алдуул малыг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад 850.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримтыг  тогтоож, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэргийг хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хуулийн үндэслэлтэй, зөв болжээ.

Дээрх үйл баримт нь:

1 дүгээр хавтаст хэргийн 6-10, 157-158 дугаар талд авагдсан “...Бөмбөгөр сумын Гүний ам гэх газар байж байгаад алга болсон байсан. Тэгээд мөр хөөж яваад бороо орсон байсан болохоор мөрөө алдсан. ...зүсээр 20 тооны мал алга байсан. ...Унд уугаад хонин дээрээ очиход зүүн хойшоо явсан гэмээр мотоциклийн мөр байсан ба малыг туусан бололтой мөр байсан. Би тэгээд юун мөр болоо гэж гайхаад дагаж үзэхэд хатуу газар ороод мотоциклийн мөр нь мэдэгдэхээ байсан юм. Манай мал сүргээсээ тасардаггүй хүн тасалж тууна уу гэхээс өөрсдөө тасарна гэж байхгүй...” гэх хохирогч *******гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг

1 дүгээр хавтаст хэргийн 14-15, 222-223 дугаар талд авагдсан “...Манайх Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Хавчиг гэх газар байхад 2020 оны 07 дугаар сарын 20-ны үеэр манай малд ******* гэх хүн 6 ямаа 6 хонь тууж ирж “танай малд энэ малыг тавья” гэхээр нь би “тэг” гэж хэлсэн. Тухайн үед ******* нь “би хүнээс авсан мал байгаа юм гэж” байсан. “Энэ хаанаас авсан ямар учиртай мал юм бэ” гэхэд нэг болохоор “хүнээс авсан намайг тууж ирэхэд замд нэг хүн таарсан цагдаад хэлчихгүй байгаа” гэж хэлээд байсан. *******ийг мал тууж явахад нь Балдир гэж хүний хүүхэд таарсан гэсэн. Хулгайн мал байсан талаар тухайн үед мэдсэн зүйл байхгүй...” гэх гэрч *******ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг

1 дүгээр хавтаст хэргийн 216-219 дүгээр талд авагдсан “...Хэсгийн төлөөлөгчийг анх надаас асуухад нь би манайд мал ирсэн талаар мэдээгүй байсан юм. Сүүлд л ******* “танайхаас алдагдсан мал мөн үү” гэж хэлсэн. Хэсгийн төлөөлөгч ыг манайд ирэхэд ******* Баянхонгор аймаг явсан байсан. Манайд мал ирсэн талаар Ганзоригоос дуулсан...” гэх гэрч *******ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг

1 дүгээр хавтаст хэргийн 151-152, 194-195 дугаар талд авагдсан “...Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Хөх толгой 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Шар чулуу гэх нэртэй газар нь сумын төвөөс зүүн хойд зүгт байдаг. Мөн сумын төвөөс зүүн зүгт 4 км орчим зайнд Шар чулуу гэх нэртэй газар байдаг юм. Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Гүний ам гэх нэртэй газар байдаг. Уг газар нь сумын төвөөс хойд зүгт 40 орчим км зайнд байдаг. Улаан сайр 1 дүгээр багт байдаг Гүний ам гэх газар 1 дүгээр багт байдаг Шар чулуу гэх газар нь хоорондоо 30 орчим км зайтай. Хөх толгой 2 дугаар багийн Шар чулуу гэх газар нь Улаан сайр 1 дүгээр багийн Гүний ам гэх нэртэй газар нь хоорондоо 40 орчим км зайтай байдаг юм... Бөмбөгөр сумын 2 дугаар багийн нутаг Шар чулуу гэх газраас 1 дүгээр багийн нутаг Задгайн эх гэх газар программ дээр агаарын замаар 5 км байгаа. Задгайн эх гэх газраас Бөмбөгөр сумын төв хүртэл 2 километр зайтай байсан....” гэх гэрч *******ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг

1 дүгээр хавтаст хэргийн 214-215 дугаар талд авагдсан “...Манайх Бөмбөгөр сумын 4 дүгээр багийн Шар чулуу гэх газарт байх өвөлжөөндөө байсан. Би тус өдөр мотоциклдоо бензин авах гээд гэрээс ганцаараа гараад 11 цагийн орчим *******тай Шар чулуу гэх газарт таарсан юм. Тэгэхэд ******* ганцаараа 10-аад тооны мал туусан явж байсан...” гэх гэрч мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг

1 дүгээр хавтаст хэргийн 163-164 дүгээр талд авагдсан “...Гүний ам гэх газар нь Бөмбөгөр сумын 1 дүгээр багт хамаардаг. Бөмбөгөр сумын хэмжээнд Шар чулуу гэх хоёр газар байдаг. Нэг нь 1 дүгээр багт нөгөөх нь 2 дугаар багт буюу сумын хажуухан талд байдаг юм. Энэ хоёр газраас Гүний ам гэх газартай хамгийн ойр нь болохоор 1 дүгээр багийн Шар чулуу юм. Тэр хоёр нь хоорондоо бараг 10 орчим километрийн зайтай байгаа...” гэх гэрч ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг

1 дүгээр хавтаст хэргийн 168-169, 183-186 дугаар талд авагдсан “...2020 оны 07 дугаар сарын дундуур Бөмбөгөр сумын 2 дугаар багийн нутаг Шар чулуу гэх газар *******тай таарсан юм. Түүнтэй 10 цагийн орчимд таарсан юм. Би өөрөө тэрүүгээр малаа хариулаад явж байсан юм. Тэгэхэд ******* ганцаараа мотоциклтой явж байсан ба тоог нь нарийн хэлж мэдэхгүй байна. 10-аад тооны байх шиг байсан дан бог мал туусан явж байсан...” гэх гэрч гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг

1 дүгээр хавтаст хэргийн 210-211 дүгээр талд авагдсан “...2020 оны 07 дугаар сарын 20-дын үеэр Баянхонгор аймагт ажлаар явж байсан чинь миний 88096254 дугаарын утас руу Бөмбөгөр сумын иргэн ******* залгаад “ярих юм байна” гэхээр нь “юу юм бэ” гэсэн чинь “манай хадам ах ******* айлын мал хулгай хийгээд ирэх шиг боллоо. Уг нь өөрт нь ямар нэгэн мал байдаггүй. ...Тухайн үед бүр “12 тооны мал” гэж тоог нь хүртэл хэлсэн...” гэх гэрч ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг

1 дүгээр хавтаст хэргийн 227-228 дугаар талд авагдсан “...Тухайн үед хэсгийн төлөөлөгч намайг “хойшоо ойрхон айлд очиж хэдэн мал ачиж аваад өөр айлд аваачиж тавиадах уу” гэж гуйгаад би явсан. Замдаа “******* гэдэг хүн ямаагаа авах гээд байна. Энэ ямааг нь хурдан ав” гэж хэлж байсан санагдаж байна. Би тэр айлд нь хамт очиж нэлээд хэдэн тооны ямаа ачсан. Яг хэдэн тооны ямаа ачсан талаар сайн мэдэхгүй байна. Малынх нь им, зүсийг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан 10 гаран тооны ямаа ачсан...” гэх гэрч ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг

1 дүгээр хавтаст хэргийн 231-232 дугаар талд авагдсан “...Манайх 2020 оны 07 дугаар сард Бөмбөгөр сумын 2 дугаар багийн нутаг Хөх толгой гэх газар байсан. Бөмбөгөр сумын хэсгийн төлөөлөгч гэх цагдаа цэнхэр өнгийн Портер маркийн машинтай гэх залуугийн хамт 2020 оны 07 дугаар сарын сүүлээр байх том жижиг нийлсэн 12 тооны малыг авч ирж тавьсан. Тэр цагдаа нь надад хэлэхдээ “хулгайн мал байгаа юм. Хэд хоног танайд тавиад хэд хоногоос хүн ирж авах байх” гэж байсан. Тэгээд 10 гаран хоногийн дараа нэг танихгүй хүн ирээд аваад явсан. Би тэр үед нь нөгөө хэсгийн төлөөлөгч рүү залгаад “нөгөө малыг чинь хүн ирж авах гээд байна өгөөд явуулах уу” гэж асуухад “өгөөд явуул” гэж хэлсэн би өгч явуулсан...” гэх гэрч Ж.Энхжаргалын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг, Энх-Нахиа ХХК-ийн  шинжээчийн 380 дугаар дүгнэлт болон  хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, дээр дурдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй хэргийг шийдвэрлэхэд хангалттай, прокуророос зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв  байна.

Дээрх нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн нарын  хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн, шүүгдэгч *******ийг алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, улмаар Эрүүгийн хуулийн ерөнхий хулийн 1.10 дугаар зүйлийн 1.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар тухайн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй  байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн төрлийн гэмт хэрэгт хамаарах бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-т зааснаар тус гэмт хэргийг үйлдсэнээс хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр анхан шатны шүүх хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч *******гийн “...миний малыг ******* нь хулгайлсан, ... хохирол төлөгдөөгүй байгаа мал нь дан эр, сувай мал нь байсан ба эр ямаа-2, эр хонь- 5,сувай эм хонь-1, нийт 8 тооны малын төлбөр аваагүй байгаа. Төлүүлж аваагүй мал нь үнэлгээгээр нийт 1350000 төгрөгөөр үнэлэгдсэн. Үүн дээр хэрэгт эд зүйлийн үнэлгээ хийлгэхэд төлсөн 60000 төгрөгөө мөн төлүүлж авна...” гэх утга бүхий давж заалдах гомдлыг дээр дурдсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн  шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

              Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн   22.4.2,

                          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

                  зүйлийн  1.1-т заасныг тус тус  заасныг  удирдлага болгон

                                                                                                                      ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/296 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч *******гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.                                                                      .

2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                                                   Г.УЛАМБАЯР

            ШҮҮГЧИД                                                       Л.НЯМДОРЖ  

                                                                                                                            Б.БОЛОР-ЭРДЭНЭ