Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 2026/ШЦТ/188

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж, Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар, шүүгч М.Эрдэнэ-Очир нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Нямзаяа,

Иргэдийн төлөөлөгч  Д.Б (цахимаар),

Улсын яллагч Э.Гэрэлтуяа,

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.А,

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цогтбаяр,

Шүүгдэгч М.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мын Дд холбогдох эрүүгийн 2538000000076 дугаартай хэргийг 2025 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, О овогт Мын Д.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Д нь 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн ***** сумын ** дугаар багийн нутаг ***** гэх газарт амь хохирогч Б.Бтой “машин эвдлээ” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар толгойн тус газар нь төмрөөр цохиж амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийхэд шүүгдэгч М.Д нь 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн ***** сумын ** дугаар багийн нутаг ***** гэх газарт Б.Бтой “машин эвдлээ” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар толгойн тус газар нь төмрөөр цохиж түүний амь насыг нь хохироосон үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Нотлох баримтуудын талаар:

Талуудын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт эргэлзээгүй тогтоогдсон болно.

 Үүнд: Шүүгдэгч М.Дын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “....А ахын машинтай найз Н, Б хоёрын хамт ***** сумын 2 дугаар багаас түлээ очиж авчрахаар явсан...Намайг шээчихээд буцаад машин дээрээ ирэхэд машины руль дээр суучихсан байхаар нь буугаач би машинаа баръя гэсэн чинь би бариад явъя гэхээр нь согтуу байж машин бариулахгүй гэхэд ах нь энэ машиныг барьж үзээгүй чи ямар сүртэй юм гэж уурлаад байсан. Тэгэхээр нь нөгөө талын хаалгаар орж суугаад хөдөлсөн. Хөдлөөд 5-6 км яваад замдаа том нүх,  дов зэрэг дээгүүр харайгаад мөсөн дээр бүтэн эргэж чулуу дайраад байхаар нь зогс гэхэд зогсохгүй яваад байсан. Тэгээд давааны наад талд арай гэж зогсоосон. Тэгээд би машинаа бариад хөдөлсөн чинь машины хойд урд тэнхлэг гүйгээд зам онохоо байгаад хий эргээд явахаа байсан...Та ямар сонин юм хүний машин тэрэг эвдчихлээ гэсэн чинь тэр чинь надад ямар хамаатай юм тэр Атайгаа учраа ол гэж хэлэхээр нь бид хоёр хэрэлдсэн...Тэгээд би машинаас буугаад талийгаач ах нөгөө талаар буугаад хүний машин уначхаад юундаа гайхуулаад байгаа юм гээд хүрч ирээд миний хоёр гараас бариад тавихгүй байхаар нь би хүчээр ноцолдож, зууралдаж байгаад тавиулсан. Тэгсэн талийгаач дахин над руу дайрч эхэлсэн. Тэгэхэд нь би түүнээс айсандаа болоод кабинаас машины данхраатны төмөр байхаар нь авч гарч ирээд зүгээр байгаараа цохичихно шүү гэхэд муу банди нар зүгээр байгаарай гээд намайг барьж авах гэхэд нь толгой хэсэгт нь нөгөө төмрөөр нэг удаа цохисон...Манай найз Н бид хоёрыг салгасан...Тэгээд машиндаа суугаад даваа өгсөж явахад талийгаач томроод та нарыг бүгдийг чинь ална шүү гээд дуугүй болохгүй яваад байсан...Тэгээд би энд бууна А, А та нарын барлагийг би хийхгүй би буцаад явна бууя гээд байхаар нь буулгачхаад Н бид хоёр цааш явсан...Би хохирогчийн ар гэрт 3,9 сая төгрөгийг өгсөн байгаа...” гэх мэдүүлэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.Агийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Би талийгаачийг нас барах үед Хөвсгөл аймгийн **** суманд гэртээ байсан. 2025 оны 02 дугаар сарын 11-ний орой намайг гэртээ байж байхад манай дунд хүү Б утсаар залгаад “Б ах хоёр давааны хооронд айлын отрын гэрт ухаангүй амнаас нь цустай цагаан хөөс гараад байхаар нь ***** сумын Б эмчийг дуудаад байж байна” гэж ярьсан. Тэгээд дахиж яриагүй байж байгаад маргааш өглөө нь Б утсаар залгаад “ээж сэтгэлээ бариарай” гэж хэлчхээд утсаа салгасан. Тэгэхэд нь би өнгөрчихсөн юм байна гэж бодоод маргааш нь ************аас ах дүү нартаа хэлээд 2025 оны 02 дугаар сарын 13-ны шөнө аймгийн төвд орж ирсэн.…Гомдолтой байна. Сайхан хүүхдээ алдчихаад би гомдолгүй гээд сууж байлтай биш. Хэдэн хүүхэд нь өнчрөөд үлдлээ...Би сэтгэцэд учирсан хохирол нэхэмжилж байна...Гомдолтой байна...” гэх мэдүүлэг,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хх-ийн 12-р хуудас),

Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 13-17-р хуудас),

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 67-р хуудас),

Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 18-21-р хуудас),

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 22-23-р хуудас),

Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 24-25-р хуудас),

Гэрч Д.Нийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 27-28-р хуудас),

Эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 31-32-р хуудас),

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хх-ийн 67-р хуудас),

Гэрч Д.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр...Мөрөнгөөс гарахдаа талийгаач ах архи уусан байсан. Тэгээд бид гурав явсаар Түнэл суманд 16 цаг өнгөрч байхад ирсэн. Тэгэхэд талийгаач замаараа сумын төвийн гүүрний урд талын дэлгүүр орж нэг жижиг лаазтай пиво барьсаар гарч ирсэн. Тэгээд талийгаач машинд суугаад цааш бид гурав хөдөлсөн. Түнэл сумын гүүр гараад нилээн явж байгаад нэг гүвээн дээр зогссон. Тэнд Д эхэлж машинаас буугаад шээж байхад нь талийгаач машинаас жолоочийн эсрэг талын хаалгаар буугаад шууд жолоочийн суудал дээр суусан. Тэгэхэд Д шээчхээд буцаж ирээд “та одоо согтуу байж машин барьж чадах юм уу” гэж асуухад талийгаач ах “гайгүй байна би жоохон бариад явчихъя” гээд дэлгүүрээс авсан лаазтай пивоо надад бариулаад талийгаач машин бариад цааш хөдөлсөн. Тэгээд нэлээн хэсэг гайгүй явж байснаа замаас машин тэргээ гаргаад чулуу, нүх зэрэг дайраад эхэлсэн. Тэгэхэд Д “та машин барьж чадна гэсэн яасан машин эвдэллээ” гэж уурлаж хэлэхэд талийгаач ямар нэгэн юм дугарахгүй машинаа барьсаар чулуу, нүх дайрсаар явсан. Тэгэхэд Д нь “наад машинаа зогсоо” гэж хэлсээр байгаад арай гэж машинаа зогсоолгоод Д өөрөө машинаа бариад цаашаа явсан. Тэгээд хэсэг явж байснаа Д “энэ машины руль л их эвгүй болсон байна” гэж хэлээд бууж машины урд хэсгийг тонгойж үзчихээд буцаад машиндаа суугаад явсан. Тэгээд явж байхдаа Д “машин эвдчихлээ машин барьж чадахгүй байж яах гэж машин барьсан юм” гэх зэргээр талийгаач руу хандаж хэлэхэд талийгаач урдаас нь дугарахгүй явсаар байсан. Тэгж явсаар бид гурав *****ны доод талд явж байхад Д “машины хойд талын бөгс их сонин яваад байна” гэж хэлээд машинаа зогсоогоод буусан. Тэгэхэд талийгаач миний хажуугаас жолоочийн эсрэг талын хаалгыг онгойлгож буусан. Тэгсэн тэр хоёр машины гадна талд зогссон хэрэлдээд эхэлсэн. Тэгэхээр нь би буусан. Буухад Д нь “пизда чинь машин эвдчихлээ машин барьж чадахгүй байж энийгээ чи өөрөө засаарай” гэж хэлээд машинаа тойроод яваад байсан. Тэгэхэд Д нь нэг модны тайрдас руу заагаад “чи тэр модыг авчраад машины хойд дугуйнд эвээдэх” гэхээр нь заасан модны тайрдсыг очиж авчраад машины хойд талын дугуйнд эвчихээд машины хойгуур тойроод ирэхэд тэр хоёр машины хажуу талд хоорондоо барилцаж авсан нэг нэгнийгээ цохиж аваад байхаар нь би тэр хоёр очиж Дыг цааш нь түлхээд талийгаачийг татаж салгасан. Тэгэхэд талийгаач газарт суусан чинь хамраас нь цус гараад эхэлсэн. Тэгэхэд Д гартаа нэг төмөр барьсан байдалтай машины жолооч талын хаалгыг онгойлгож харагдсан. Тэгээд буцаж ирээд “та нар архи ууж чадахгүй байж хүнд гай болдог биздээ” гэж хэлэхэд талийгаач ах нь “чамд ямар гай болж байсан юм бэ” гэж хэлж байсан. Тэгэхэд Д “та надтай хөдөө явах болгондоо архи ууж гай болдог биздээ” гэж хэлсэн....Тэгээд явж байхад талийгаач “зогсооч би энд буугаад үлдчихэе” гээд байсан. Тэгэхэд нь Д “тэгвэл наанаа буугаад үлд” гээд машинаа зогсоосон. Тэгэхэд талийгаач машины хаалгыг онгойлгоод буусан. Тэгээд буунгуут нь Д талийгаачийг тэнд үлдээгээд яваад өгсөн. Д бид хоёр цааш явж байхад Д нь “Б ах хажууд байсан айлд орчих байгаа ойрхон айл байсан” гэж ярьж байсан. Тэгээд бид хоёр явсаар байгаад манайд очсон. Манайд очиж хивэг, гурил зэргээ буулгачихаад Д А ахын хөдөө байдаг гэр рүү явсан....Тэгээд явж байхад У ахын эхнэр Ө гэрийнхээ гаднаас бид нарыг хүрээд ир гэж даллаж байгаа харагдахаар нь явж очиход /****/ талийгаач давааны цаад талд энэ айлд бие нь тааруу хэвтэж байна гэж энэ хүн ирж хэл дуулгалаа гэсэн зүйл ярьсан. Тэгэхэд нэг морьтой ах ирж хэлсэн байсан. Тэгээд бид 4 замаараа нөгөө талийгаачийн байгаа айлд очъё гэж ярилцаад очиход талийгаач тэр айлд зуухных нь хажуу талд дээшээ харсан байдалтай юм асуухад хариулахгүй амьсгалтай гар хөлийг барьж үзэхэд хүйтэндүү байна гэж хэлж байсан. Тэгээд бид 4 энэ хүнийг хамаагүй хөдөлгөж болохгүй юм байна гэж ярилцаад сүлжээнд гарч эмч дуудъя гээд **** сум орж ирээд Ө эгч рүү Ч эгч утсаар залгаж талийгаачийн байгаа айл руу яаралтай багийн эмч явуулах шаардлагатай байна гэж хэлсэн....Тэгээд нөгөө талийгаачийн байсан айлд 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 18 цагийн үед ирэхэд талийгаач нөгөө зуухных нь хажууд дээшээ харсан байдлаараа амнаас нь цагаан хөөс сахарсан амьсгалтай байж байхаар нь бид нар багийн эмчийг дуудсан. Багийн эмч Б 20 цагийн орчимд багийн төвөөс гарсан....Тэгээд би Б эмчийг машиндаа суулгаад түрүүлж яваад нөгөө айлд ирээд Б эмч талийгаачийг үзсэн чинь амьсгал хураасан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 40-43-р хуудас),

Гэрч П.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр би малдаа явж байгаад 19 цагийн үед гэртээ ирэхэд аав, дүү хоёр энэ залууг нэг танихгүй залуу хүргэж өгчихөөд явлаа гэж хэлсэн. Нэг залуу гэрийн баруун талд зуухны хойд талд хэвтэж байсан. Тэгээд нөгөө залуу манайд зуухны хойд талд хэвтэж хоносон аав хоол өгье гэсэн боловч идэхгүй байсан. Ямар нэгэн юм ярихгүй байсан. Тэгээд бид нар унтаад 2025 оны 02 дугаар сарын 11-ний өглөө босоход нөгөө залуу зуухны хойд талд хэвтсэн байдалтай хэвээрээ хэвтэж байсан. Биеийн байдал тааруу харагдаж байсан....Тэгээд орой 22 цагийн орчимд багийн эмч ирж үзээд нас барсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 46-47-р хуудас),

Гэрч Б.П-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 18 цагийн үед намайг гэртээ байж байхад мотоцикл дугарахаар нь гарахад манай гадаа өмнө нэг удаа харж байсан залуу араараа нэг танихгүй залуу суулгасан ирсэн. Тэр мотоциклтой залуу “энэ залуу согтуу юм шиг шиг байна, танай ар талын замын хажууд хэвтэж байна хөлдөж үхэх гэж байх шиг байна,  танайхыг ойрхон болохоор хүргээд өгчихлөө, архи нь гарахаараа явна биз” гэж хэлчихээд тэр залуу манай гэрт оролгүй манай гаднаас яваад өгсөн. Би үлдээсэн залууг нь гэртээ оруулсан гэрт орохдоо өөрөө алхаж орсон. Ороод манай баруун тал руу газарт хэвтээд авсан. Тэгээд хэсэг хэвтэж байснаа босч ирээд ах би бөөлжих нь сав байна уу гэхээр нь би сав байхгүй чи гараад бөөлжчих гэсэн чинь босч ирэхдээ хальт огиод гараад явсан. Гадаа гараад огиод бөөлжөөд байх шиг байхаар нь гарч харахад бага зэрэг бөөлжсөн бөөлжсийг манай тэжээж байсан гөлөг очоод идээд байсан....Тэгээд гэрт оруулаад зуухны хойд талд дэр тавьж өгөөд хэвтүүлсэн. Хоол идэх үү гэсэн үгүй гэж хэлэхээр нь тэнд хэвтүүлээд унтацгаасан....Эмч ирж үзээд амьсгал хураасан байна гэж хэлсэн....Хамраас нь бага зэргийн цус гарсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 50-52-р хуудас),

Гэрч Г.Пын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би уг хүн тээврийн унаагаар **** сумын 1 дүгээр багийн нутаг ***** өөд өгсөж явах замд хөх өнгийн ***** зогсож байсан хажууд нь гурван эрэгтэй хүн байсан. Куртиктэй залуу ягаан өнгийн дээлтэй залууг нэг юмаар цохиод байсан. Би тэд нарыг модны гишүүгээр тоглож байгаа юм бол уу гэж жаахан зайнаас харсан. Тэгээд машин ойртож ирэх үед төмрөөр цохиж байна гэж манай машин дотор зорчиж явсан хүмүүс ярьсан. Би анзаараад харахад хар өнгийн 50-60 см орчим бөөрөнхий төмөр байсан. Ягаан дээлтэй залууг куртиктэй залуу хоёр удаа цохисон. Эхлээд баруун мөр рүү нь цохисон, даараа нь ахин цохиход нь нөгөө ягаан дээлтэй ах газар унасан. Тэгээд миний сууж явсан машин зогсохгүй өнгөрөөд явсан ахиж би харж чадаагүй. Би уг давааг даваад гэртээ харих гээд зам дээр бууж үлдсэн. Тэгээд намайг тосож авах хүнээ хүлээж байхад нэг хөх өнгийн ***** даваа давж ирсэн. Тэгээд миний хажуугаар өнгөрөөд 30 орчим метр зайд зогсоод хүн буулгаад шууд явсан. Тэгээд харж байхад давааны доор зодуулсан ягаан дээлтэй хүн байх шиг байхаар нь туслах гэж очсон. Намайг очтол тухайн хүн буулгасан газраасаа хөдлөхгүй хэвтээд байсан. Би очоод ахаас яасан талаар асуухад ах нь хүнд зодуулчихлаа гээд өвөр дотроосоо жижиг архи гаргаж ирээд уусан. Би тухайн үед согтуу байсныг нь мэдсэн. Тэгэж байхад манай Д ах намайг авах гээд хүрээд ирсэн. Тэгээд Д ах би хоёр согтуу хүн хээр хөлдөөд үхэж мэдэх байна ойрхон байдаг отрын айлд аваачиж өгье гээд бид хоёр босгож ирээд мотоцикл дээрээ суулгахад толгойны ар хэсгээс цус гарсан байдалтай байсан. Тэгээд Д ах хүргэж өгөөд эргэж ирж намайг аваад бид хоёр гэртээ харьсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 55-56-р хуудас),

Гэрч Д.Дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр саахалт айлын дүү Г.П “би Мөрөн сумаас *****ийн унаагаар гарч байна намайг хоёр давааны голоос ирж тосож аваарай” гэхэд нь за гээд орой 18 цагийн үед байх хоёр давааны дунд дүүг ирсэн байх гэж бодоод очиход Г.П ягаан дээлтэй хүний хажууд зогсож байсан. Бид хоёр энэ согтуу хүнийг энд орхиод явж болохгүй гэж бодоод хэвтэж байхад нь босгоод би араараа суулгаад хажуу арын модон дотор байсан отрын айлд аваачиж өгсөн. Тэгээд эргэж очиж дүүг аваад бид хоёр гэр рүүгээ явсан. Тухайн үед намайг очиход толгойн орой хэсгээс цус гарсан байдалтай байсан. Мөн хамраас нь цус гараад хатсан байсан. *****тай хүн орхиод явсан гэж надад Г.П хэлсэн...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 59-60-р хуудас),

Гэрч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэр айлын зуухны ар талд дээшээ харсан байдалтай амнаас нь цустай хүрэн өнгийн хөөстэй шингэн зүйл гарсан байдалтай байхаар нь өөрийнх нь нэрээр дуудахад ямар нэгэн хариу үйлдэл үзүүлэхгүй ухаангүй гэдэс нь төмбөлзөөд байсан...Тэгээд багийн эмч рүү залгаж дуудлага өгсөн... эмч ирж үзээд  амьсгалын аппарат болон зүрхний фүлс үздэг багажаар үзэхэд фүлс нь унасан нас барсан байна гэж байсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 63-64-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 27 дугаартай:

1-3. Амь хохирогч Б.Б-ын цогцост гавал тархины хавсарсан битүү гэмтэл болон баруун бугалганд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдсон ба гавал тархины хавсарсан битүү гэмтэл нь нас барахаас 1-2 хоногийн дотор мохоо зүйлийн 1 удАн цохих үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Харин баруун бугалганы цус хуралт нь дээрх гэмтэлтэйгээ ойролцоо цаг хугацаанд мохоо зүйлээр үүсгэгджээ.

4. Амь хохирогч Б.Бын цогцост тогтоогдсон гавал тархины хавсарсан битүү гэмтэл нь нас барахад шууд нөлөөлжээ.

5. Амь хохирогч Б.Бын цогцост зүрхний булчингийн томролт бухий архаг цус хомсрох өвчин тогтоогдсон ба энэ нь үхэлд хүргэхэд нөлөөлөөгүй болно.

6. Амь хохирогч Б.Б нь гавал тархины хавсарсан битүү гэмтлийн төвийн гаралтайгаар амьсгал, зүрх судасны цочмог дутагдалд орж нас баржээ.

7. Уг шалтгаанаар нас барсан гэдэг нь дээрх онош задлан шинжилгээний тэмдэглэлээр батлагдаж байана.

8. Б.Б нь нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байжээ.

9. Амь хохирогч Б.Б нь шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийхээс ойролцоогоор 9 цагийн өмнө нас баржээ...” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 68-72-р хуудас),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 1069 дугаартай “...Хууль ёсны төлөөлөгч Ичинхоролын Амгалангийн сэтгэцэд 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас уй гашуугийн үеийн сэтгэл хямралын шинжүүд илэрч байна.

2. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна.

3. Дээрх шинжүүд түр зуурынх эсхүл байнгынх эсэх нь хувь хүний сэтгэл зүйн онцлог, нийгэм, гэр бүл, хамт олны дэмжлэг бүхий орчин, сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах эсэхээс шалтгаална...” гэх шинжээчийн дүгнэлт (1-р хх-ийн 95-97-р хуудас),

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нарын 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 11 дугаартай “..Шинжлүүлэгч М.Д нь одоогоор сэтгэцийн өвчин үгүй. М.Д нь үнэн зөв мэдүүлэг өгч бусдад ойлгуулах чадвартай. М.Д нь одоогоор сэтгэцийн өвчингүй, цаашид эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 109-112-р хуудас),

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2026 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 377дугаартай:

1. Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нарын 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 11 дугаартай дүгнэлтийн 1, 4 дүгээр хэсгийн одоогоор сэтгэцийн өвчин үгүй гэсэн нь, 5, 6, 7 дугаар хэсгүүд үндэслэлтэй байна. Харин 2, 3, 4 дүгээр хэсгийн гэмт хэрэг үйлдэх үеийн сэтгэцийн байдлыг үнэлэх боломжгүй гэсэн нь, 8 дугаар хэсгүүд үндэслэл багатай байна.

2. М.Д нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

3. М.Д нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

4. М.Д нь хэргийн үйл баримтын талаар мэдүүлэг өгөх чадвартай байна.

5. М.Д нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

6. М.Д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй” гэх шинжээчийн дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч М.Д нь 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн ***** сумын ** дугаар багийн нутаг ***** гэх газарт Б.Б-той “машин эвдлээ” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар толгойн тус газар нь төмрөөр цохиж амь насыг нь хохироосон үйл баримтууд нотлогдон тогтоогдож байх ба уг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Эрүүгийн 2538000000076 дугаар хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудыг мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

Мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.

  Гэм буруугийн талаар талуудын гаргасан санал, дүгнэлт:

Улсын яллагчаас шүүх хуралдаанд гаргасан гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “....Шүүгдэгч М.Дын үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч М.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид сэтгэцэд учирсан хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр  тогтоож олгох дүгнэлтийг гаргаж байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цогтбаяр шүүх хуралдаанд гаргасан гэм буруугийн дүгнэлтдээ:  “...Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч М.Д хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдохгүй хэргийн зүйлчлэл тохирохгүй байна. Харин санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан үедээ хүнийг алсан нөхцөл байдал тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцож зүйлчлэлийг өөрчилж өгнө үү...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хохирол 3 дугаар зэрэглэл гэж шинжээчийн дүгнэлт гарсан тул 3 дугаар зэрэглэлээр сэтгэцийн хор уршгийг тогтоож өгнө үү...” гэв.

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг шүүх хуралдаанд гаргасан гэм буруугийн дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн зүгээс нөхөн төлсөн 3.9 сая төгрөгийг оршуулгын зардалд тооцуулах, шүүгдэгч М.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид сэтгэцэд учирсан хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр  тогтоож өгнө үү...” гэв.

Иргэдийн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийг буруутай...” гэсэн дүгнэлтийг гаргасан байна.

Эрх зүйн дүгнэлт:

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 1-т “амьд явах эрхтэй...”, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж тус тус заасан ба Эрүүгийн хуулийн 10 дугаар бүлэгт хүний амьд явах эрхийг баталгаажуулан хуульчилсан байдаг.

Эрүүгийн хуулийн 10 дугаар бүлэгт заасан “Хүний амьд явах эрхийн эсрэг” гэмт хэргийн хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хор уршигт хүргэсэн шалтгаант холбоо зэрэг нь тухайн гэмт хэргийн шинжийг тодорхойлох гол хүчин зүйлс болдог.

Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүнийг алах гэмт хэргийн объект нь хүний амьд явах эрх байх ба хүнийг санаатай алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулж байдаг бөгөөд гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт гэмт этгээдийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй, түүний улмаас үр дагавар үүссэн нөхцөлийг зайлшгүй шаарддаг юм.

Шүүгдэгч М.Д нь Б.Бтой “машин эвдлээ” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар толгойн тус газар нь төмрөөр цохисны улмаас амь хохирогч гавал тархины хавсарсан битүү гэмтлийн төвийн гаралтайгаар амьсгал, зүрх судасны цочмог дутагдалд орж нас барсан нь хоорондоо шалтгаант холбоотой гэж үзнэ.

Шүүгдэгч М.Д нь гэмт хэрэг гарсан тухайн цаг хугацаанд амь хохирогч Б.Бтой хамт байсан төдийгүй шүүгдэгчээс өөр хөндлөнгийн этгээд болон бусад хүчин зүйлийн нөлөөллөөр хохирогчийн тархинд гэмтэл учирсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байхаас гадна шүүгдэгч нь толгойн тус газар нь төмрөөр цохисны улмаас Б.Б гавал тархины хавсарсан битүү гэмтлийн төвийн гаралтайгаар амьсгал, зүрх судасны цочмог дутагдалд орж нас барсан болох нь Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 27 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.

Дээрх шинжээчийн дүгнэлтийг гаргасан шинжээчид хууль сануулсан,  шинжээч дүгнэлт гаргахдаа хуульд заасан журмыг зөрчөөгүй байх бөгөөд уг шинжээчийн дүгнэлтэд эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй, хэрэгт авагдсан шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримтуудаар гэмт хэргийн үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Амь хохирогч Б.Б нь шүүгдэгч М.Дын толгойн тус газар нь төмрөөр цохисон үйлдлийн улмаас гавал тархины хавсарсан битүү гэмтлийн төвийн гаралтайгаар амьсгал, зүрх судасны цочмог дутагдалд орж нас барсан байх тул  хүнийг алах гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч М.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирч байна.

Иргэдийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байх тул иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, амь хохирогч архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, түүний зүй бус үйлдэл зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Шүүгдэгч нь хүнийг алах гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний амь насыг хохироон хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгч М.Дын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэлийг өөрчилж өгнө үү гэх санал дүгнэлтийг шүүх хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байна.

Учир нь гэрч Д.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тэр хоёр машины гадна талд зогссон хэрэлдээд эхэлсэн. Тэгэхээр нь би буусан. Буухад Д нь “пизда чинь машин эвдчихлээ машин барьж чадахгүй байж энийгээ чи өөрөө засаарай” гэж хэлээд машинаа тойроод яваад байсан...тэр хоёр машины хажуу талд хоорондоо барилцаж авсан нэг нэгнийгээ цохиж аваад байхаар нь би тэр хоёр очиж Дыг цааш нь түлхээд талийгаачийг татаж салгасан. Тэгэхэд талийгаач газарт суусан чинь хамраас нь цус гараад эхэлсэн. Тэгэхэд Д гартаа нэг төмөр барьсан байдалтай машины жолооч талын хаалгыг онгойлгож харагдсан....” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 40-43-р хуудас)-ээс үзэхэд шүүгдэгч М.Д амь хохирогч Б.Б нарын хооронд машин эвдлээ гэх шалтгааны улмаас маргаан эхэлсэн үйл баримт тогтоогддог.

Шүүгдэгч М.Дын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “....кабинаас машины данхраатны төмөр байхаар нь авч гарч ирээд зүгээр байгаараа цохичихно шүү гэхэд муу банди нар зүгээр байгаарай гээд намайг барьж авах гэхэд нь толгой хэсэгт нь нөгөө төмрөөр нэг удаа цохисон...Манай найз Н бид хоёрыг салгасан...” гэх мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч нь тухайн үед болсон үйл явдлыг нэг бүрчлэн санаж мэдүүлсэн төдийгүй шүүгдэгчийн хохирогчийн толгой хэсэг рүү төмрөөр цохисон үйлдлийг хийхдээ санаа сэтгэл хүчтэй цочрон давчдсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах нь өөрөө болон ойр дотны хүн нь бусдад хүчээр дарлагдсан буюу бие махбодийн хувьд хүчирхийлэлд өртсөн, доромжлол нь хүч хэрэглэхээр заналхийлэх, нэр хүндийг нь гутаах, гүтгэх, худал хуурмаг мэдээ сэлт тараах зэрэг хэлбэрээр илэрч болох бөгөөд энэхүү бусдын хууль бус ажиллагааны үр дүнд гэмт этгээдийн санаа сэтгэл гэнэт хүчтэй цочирч, түргэн зуур хийсэн хариу үйлдлийн улмаас Эрүүгийн хуулийн тусгай ангиар хориглосон хэм хэмжээг зөрчсөн байдгаараа санаатай үйлдэгдэх гэмт хэргээс ялгагдана.

Санаа сэтгэл цочрон давчидсан үед бусдыг алах санаа гэнэт, хоромхон зуур төрдөг бол “хүнийг санаатай” алах гэмт хэргийн хувьд гэмт этгээд өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн атлаа хүсэж үйлдсэн буюу уг хор уршгийг хүсээгүй боловч түүнд зориуд хүргэсэн шууд болон шууд бус санаатай байдгаараа ялгаатай байдаг.

Шүүгдэгч, амь хохирогч нарын хооронд машин эвдлээ гэх шалтгааны улмаас маргаан эхэлж улмаар шүүгдэгч М.Д, амь хохирогч Б.Бын толгойн тус газар төмрөөр цохисон үйлдэл нь хор уршгийг хүсээгүй боловч түүнд зориуд хүргэсэн шууд санаатай үйлдэл юм.

Амь хохирогч Б.Б шүүгдэгч М.Дын машиныг жолоодож явахдаа замаас машинаа гаргасан, чулуу, нүх дайрсан зэргээс шалтгаалан  Д “машин эвдэллээ” гэж уурласны улмаас төмрөөр толгойн тус газарт цохисон нөхцөл байдал нь санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах гэх хууль зүйн ойлголтод хамаарахгүй бөгөөд хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан ба шүүгдэгч М.Д нь Б.Бын амь насыг хохироосон бөгөөд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.А сэтгэцэд учирсан хохирлоо нэхэмжилж байна. 

Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилсан. Уг хуулийг дагалдуулан Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт оруулж, Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан.

Сэтгэцэд учирсан хор уршиг гэдэгт гэмт хэргийн хохирогч гэмтлийн улмаас мэдэрч буй өвдөлт, зовуурь, шаналал, түүнчлэн гэмт хэргийн улмаас амьдралын баяр баясалгүй болох, нийгмийн байр сууриа алдах, бусадтай хэвийн харилцах чадваргүй болох, хувийн зан байдал нь сөргөөр өөрчлөгдөх зэргээр амьдралын чанар муудсаны улмаас сэтгэцийн эмгэгтэй болохыг ойлгохоор тодорхойлжээ.

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 1069 дугаартай “...Хууль ёсны төлөөлөгч Ичинхоролын Амгалангийн сэтгэцэд 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас уй гашуугийн үеийн сэтгэл хямралын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна...” гэх дүгнэлт гарчээ.

Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана”, мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж тус тус заасан.

 Шүүгдэгч М.Дын үйлдсэн гэмт хэргийн улмаас Б.Б нас барсан тул амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.А нь Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд заасныг үндэслэн сэтгэцийн хор уршиг нэхэмжлэх эрх үүссэн байна.

Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-т “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно.” гэж хуульчилсан.

Уг хуулийн дээрх зохицуулалтын зорилго нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон сэтгэцийн эмгэгийн зэрэглэлээс үл шалтгаалан амь хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах явдал бөгөөд гэмт хэргийн улмаас амь хохирсон хүний ар гэрт үүссэн уй гашуу, шаналал, хямрал, цочрол зэргийг мөнгөн дүнгээр тооцож, зөвхөн амь хохирогчийн гэр бүлийн нэг гишүүнээр хязгаарлахгүйгээр, тэгш эрхийн зарчимд тулгуурлан ар гэрт нь олгож буй сэтгэцийн гэм хорын төлбөр юм.

Иймд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.Ад гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг тогтоохдоо шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон сэтгэцийн эмгэгийн зэрэглэлийн хэмжээгээр бус Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-т заасныг баримтлан тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үед буюу 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр (660,000х150=99,000,000) төгрөгөөр тогтоож шүүгдэгч М.Даас 99,000,000 төгрөгийг гаргуулж амь хохирогчийн хууль ёсны И.Ад олгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч М.Д амь хохирогчийн ар гэрт оршуулгын зардалд зориулж 3,900,000 төгрөгийг нөхөн төлсөн болохыг дурдав.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон И.А амь хохирогч Б.Бын гэр бүлийн гишүүн биш учир Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-т зааснаар сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулах боломжгүй гэх санал дүгнэлтийг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “хохирогч нас барсан...тохиолдолд түүний төрсөн, үрчилж авсан эцэг, эх, эхнэр, нөхөр, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг.”-ийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоохоор хуульчилжээ.

Амь хохирогч Б.Бын хууль ёсны төлөөлөгчөөр түүний төрсөн эх И.Аг тогтоосон нь хууль зөрчөөгүй байна. Хууль ёсны төлөөлөгчийг тогтоохтой холбоотой ямар нэгэн маргаан гарсан талаар баримт хэрэгт авагдаагүй болохыг дурдлаа.

Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон сэтгэцийн эмгэгийн зэрэглэлээс үл шалтгаалан Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-т заасныг баримтлан амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.Ад олгож буй гэм хорын төлбөр нь дан ганц түүнд олгож байгаа төлбөр биш бөгөөд гэмт хэргийн улмаас амь хохирсон хүний ар гэрийн нэг гишүүнээр хязгаарлахгүйгээр, тэгш эрхийн зарчимд тулгуурлан ар гэрт нь олгож буй сэтгэцийн гэм хорын төлбөр болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ:  “...Шүүгдэгч М.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “..Улсын яллагчтай санал нэг байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Шүүгдэгч М.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү...” гэв.

Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцсон тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан: Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа,  жолоочийн лавлагаа, мэдээлэл (1-р хх-ийн 158, 160-163-р хуудас) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Шүүгдэгч М.Д нь урьд ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (1-р хх-ийн 158-р хуудас)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай болох нь Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2026 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 377 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон болно.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.4-т заасан хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 Шүүгдэгч М.Д нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэн зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жиил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.

Гурав. Бусад асуудлын талаар:

Эрүүгийн 2538000000076 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 54 смын урттай, дотор нь хөндий төмөр 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдлаа.

Цагдан хоригдсон хугацааны хувьд: Шүүгдэгч М.Д нь 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж, 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдөр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн байх тул түүний цагдан хоригдсон 28 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар эдлэх ялд нь оруулан тооцлоо.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар  зүйлийг 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Шүүгдэгч О овогт Мын Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Мын Дыг 8 (найм) жил, 2 (хоёр) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Дд оногдуулсан 8 (найм) жил, 2 (хоёр) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Дын цагдан хоригдсон 28 (хорин найм) хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.  

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.5-т зааснаар шүүгдэгч М.Даас сэтгэцэд учирсан хор уршиг 99,000,000 (ерэн есөн сая) төгрөгийг гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.Ад олгосугай.

6. Эрүүгийн 2538000000076 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 54 смын урттай, дотор нь хөндий төмөр 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

7. Эрүүгийн 2538000000076 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.      

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.УУГАНБАЯР

 

 

                                      ШҮҮГЧИД                             Т.ХҮРЭЛБААТАР

 

 

                                                                                    М.ЭРДЭНЭ-ОЧИР