Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 1799

 

МАГАДЛАЛ

2019.10.16                                              Дугаар 1799                                  Улаанбаатар хот

А.Т-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Отгонцэцэг, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2019/01697 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч А.Тын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “ДЦС-3” ТӨХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх тухай иргэний хэргийг,

Зохигчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ө.О

Хариуцагчийн өмгөөлөгч: Х.Ж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: А.Т нь “ДЦС-3” ТӨХК-д 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн Захиргаа, хүний нөөцийн албаны даргаар томилогдон ажиллаж ирсэн. Гэтэл “ДЦС-3” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б/25 дугаар “Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээ цуцлах, ажил хүлээлцэх” тухай тушаалаар “Ажлын цаг бүртгэлийн журам”-ыг удаа дараа зөрчин 2018 онд 48 удаа ажиллаагүй цагийн төлөвийг цаг бүртгэлийн төхөөрөмжид ажилласнаар өөрөө нөхөн бүртгэж, өмнө ногдуулсан сахилгын шийтгэл хүчинтэй байх хугацаанд давтан сахилгын зөрчил гаргасан, ажлын байрны тодорхойлолтод заасан туршлага, тусгай шаардлагыг хангахгүй” гэсэн үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг үндэслэлгүйгээр цуцалсан. Манай байгууллагын “Ажлын цаг бүртгэлийн журам”-д дээр дурдсан Б/25 тушаалд бичсэн байгаа “ажиллаагүй цагийн төлөв” гэх ойлголт байхгүй. Харин тус журмын 7.2.9, 7.2.10-т нийтдээ 11 төрлийн төлвийг зааж өгсөн. Эдгээр төлвүүд болох ээлжийн амралт, албан томилолт сургалт, жирэмсний амралт, ажлаас чөлөөлөгдсөн шилжилт хөдөлгөөн гэсэн төлвүүдийг мэдээллийн сангийн мэргэжилтэн, цалинтай чөлөө, цалингүй чөлөө, ээлжийн амралт биеэр, илүү цаг биеэр, гадуур ажилласан, өвчтэй, сул зогсолт, хортой нөхцөл зэрэг төлвүүдийг алба, хэлтэс, цех, хэсгийн дарга нар тус тус цаг бүртгэлийн системд оруулахаар журамласан. Ажиллаагүй цагаа ажилласнаар цаг бүртгэлийн төхөөрөмжид оруулсан тохиолдол огтхон ч байхгүй бөгөөд ажилласан цагаа ажилласнаар нь, гадуур ажилласан цагаа гадуур ажилтай гэж үнэн зөвөөр цаг бүртгэлийн төхөөрөмжид оруулж ирсэн байдаг. Мөн мэдээллийн сангийн мэргэжилтэн Г.Т ээлжийн амралттай байсан өдрүүдэд бусад алба хэлтсийн дарга нарын нэгэн адилаар ажлын цагийн бүртгэлээ өөрийн дээд удирдлага болох гүйцэтгэх захирлаас төлөв оруулах зөвшөөрлийг авч оруулж байсан нь ажлын цаг бүртгэлийн журмыг зөрчөөгүй. Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1 дэх заалтыг баримтлан хөдөлмөрийн гэрээг цуцлах тохиолдолд ажилтан нь тус хуулийн 131.1-д заасны дагуу хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн байх ёстой. Гэтэл нэхэмжлэгч 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 04 тоот Хөдөлмөрийн гэрээ, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн зүйл огт байхгүй. Б/25 тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1 дэх хэсгийг үндэслэл болгосон атлаа Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн дотоод журмын хэддүгээр зүйл, заалтын ямар зөрчил гаргасан талаар бичээгүй. Мөн Хөдөлмөрийн тухай хуульд 313.1.3-т гэсэн заалт байхгүй байхад ийм заалт тушаалдаа бичсэн байгаа нь ажлаас халсан тушаал илт үндэслэл муутай болохыг харуулж байна. Мөн Б/25 дугаар тушаалд сахилгын зөрчлийг давтан гаргасан буюу 2018 онд 48 удаа зөрчил гаргасан гэжээ. “ДЦС-3” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Б/164 тушаалаар мөн адил “Цаг бүртгэлийн журам” зөрчсөн гэх шалтгаанаар 3 сарын хугацаагаар цалинг 20 хувиар буруулах сахилгын шийтгэлийг нэхэмжлэгчид оногдуулж байсан. Гэтэл ажил олгогчоос дахин цаг бүртгэлийн журам зөрчиж 2018 онд 48 удаагийн зөрчил гаргасан гэж ажлаас халахдаа нэхэмжлэгчид өмнө нь сахилгын шийтгэл оногдуулсан зөрчилдөө дахин ажлаас халах сахилгын шийтгэл оноосон нь үндэслэлгүй байна. Учир нь Б/25 дугаар тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3 дахь заалтыг зөрчсөн байна. Энэхүү нөхцөл байдлууд нь нэхэмжлэгчийг ямар нэгэн үндэслэл шалтгаангүй ажлаас халж Захиргаа, хүний нөөцийн албан тушаал дээр өөрийн ашиг сонирхолоо хэрэгжүүлэх гэсэн оролдлого гэж хардаж байна. Мөн түүнчлэн нэхэмжлэгчийг ажлаас халсан тушаалаараа шууд дараагийн хүнийг ажилд томилсон нь үндэслэлгүй байна. Иймд А.Т нь ажлаас халагдах ямар нэгэн зөрчил гаргаагүй байхад Хөдөлмөрийн тухай хууль зөрчиж үндэслэлгүйгээр ажлаас халсан байх тул А.Т-ыг “ДЦС-3” ТӨХК-ийн Захиргаа, хүний нөөцийн албаны даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагчаар нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: А.Т-ын ажлын цаг 08.00 цагаас эхэлж, 17 цагт дуусдаг байтал А.Т нь эрх мэдлээ хэтрүүлэн өөрөө, мөн өөрийн удирдлаганд байгаа ажилтнуудад үүрэг өгч, ажиллаагүй цагаа цаг бүртгэлийн системд “гадуур ажилтай” байсан мэтээр өөрчилж” байсан. Захиргаа, хүний нөөцийн албаны дарга А.Т-ын дээрх үйлдэл нь компанийн дотоод журмын 7.8.3, 7.8.6, 8.4.7, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд зааснаар ажлын цаг бүртгэлийн журмыг тус тус зөрчсөн болох нь тогтоогдсон тул гүйцэтгэх захирлын 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Б/164 тоот тушаалаар А.Т-ын үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. А.Т-ын дээрх үйлдэл нь 2017 оны цаг бүртгэлийн систем дэх мэдээлэл болон Эрчим хүчний яамнаас хийсэн ажлын хэсгийн шалгалтаар тус тус тогтоогдсон. Цаг бүртгэлийн системийн мэдээлэлд үндэслэн А.Тын ажлын цаг ашиглалтад хийсэн шалгалтаар 2018 оны 1 дүгээр сараас 5 дугаар сарын хугацаанд “гадуур ажилтай” гэж нийт 48 удаа ажлаа тасалсан төдийгүй тухайн ажил тасалсан цагаа өөрийн эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, дараа нь нөхөж оруулж байсан нь тогтоогдсон. А.Тт сахилгын шийтгэл ногдуулснаас хойш ч тэрээр ажлын цаг тасалсан, хоцорсон цагаа “гадуур ажил”-тай гэж нөхөж оруулсан хэвээр байсан. Ийнхүү сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа өнгөрөөгүй байхад Хөдөлмөрийн дотоод журмын 7.8.3, 7.8.6, 8.4.7, түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5.2, компанийн цаг бүртгэлийн журмыг зөрчсөн зөрчлийг давтан гаргасан тул “ДЦС-3” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б/25 тоот тушаалаар ажлаас халагдсан. “ДЦС-3” ТӨХК-ийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны Хамтарсан хурлын 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1/18 тоот тогтоолын хавсралтаар батлагдсан, Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан 2018-2019 онд хэрэгжүүлэх хамтын гэрээний 3.18-д “Эрчим хүчний мэргэжлийн бус, дадлага туршлагагүй удирдах албан тушаалд ажиллуулахыг хориглоно” гэж заасан. Мөн “ДЦС-3” ТӨХК-ийн Захиргаа удирдлагын албаны удирдлагын ажлын байрны тодорхойлолтод захиргаа удирдлагын албаны дарга нь дулаан, цахилгааны инженер мэргэжилтэй, тухайн салбарт 8-аас доошгүй жил ажилласан байх ерөнхий шаардлага, үйлдвэрлэлийн ерөнхий ажиллагааг сайн мэддэг байх тусгай шаардлагыг тус тус заасан байна. Гэвч Захиргаа, хүний нөөцийн албаны даргаар ажиллаж байсан А.Т нь дээрх тусгай шаардлагыг аль алиныг хангаагүй. Тэрээр 2010 онд Цагдаагийн ажил эрх зүйч мэргэжлээр төгсөөд Хөвсгөл аймгийн цагдаагийн хэсгийн байцаагчаар ажиллаж байсан байна. А.Т нь эрчим хүчний салбарт огт ажиллаж байгаагүй. Тэр дундаа тусгай мэргэшил шаардах дулааны цахилгаан станц буюу цахилгаан, дулаан үйлдвэрлэлийн чиглэлийн мэдлэггүйгээс цахилгаан, дулаан үйлдвэрлэлийн чиглэлийн нөөцийг бүрдүүлэх, сургах, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх зэрэг ажлын гол үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхдээ дутагдалтай байсан. Энэ талаар хамт олны тус компанийн ажилчдын өргөдөл, гомдол хүртэл бий. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.Тыг “ДЦС-3” ТӨХК-ийн Захиргаа, хүний нөөцийн албаны даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 12 788 802 төгрөгийг хариуцагч “ДЦС-3 ТӨХК”-иас гаргуулан нэхэмжлэгч А.Тт олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр суутган төлж, шимтгэл хураамж төлсөн тухай нөхөн бичилт хийхийг хариуцагч “ДЦС-3” ТӨХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Т улсын тэмдэгтийн хураамж урьдчилан төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “ДЦС-3” ТӨХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 219 570 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч нь 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүртэл нийт ажлын 127 хоногийн хугацаанд ажилгүй байсан. Гэтэл шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг тооцохдоо 123 хоног гэж 4 хоногоор дутуу бодож, ажилгүй байсан хугацааны цалинг 415 896 төгрөгөөр дутуу бодож тооцоо гаргасан байна. Иймд хариуцагчаас нэмж гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч нь нэхэмжлэгчийг ажил тасалсан зөрчил давтан гаргасан гэж биш, ажлын цаг бүртгэлийн журам зөрчиж, өөртөө гадуур ажилтай төлөв оруулсан зөрчил давтан гаргасан үндэслэлээр нь ажлаас халсан байхад шүүх энэ талаар зөв дүгнэлт хийсэнгүй. Хариуцагчийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Б/164 дүгээр тушаалаар нэхэмжлэгчид сахилгын шийтгэл хүлээлгэхдээ цаг бүртгэлийн журмын 3.7, 3.8 дахь заалтуудыг зөрчиж, гүйцэтгэх захирлын баталгаажуулсан шийдвэргүйгээр цагийн бүртгэлд засвар хийн “гадуур ажилтай” гэсэн төлвийг өөрөө өөртөө засаж оруулсан зөрчил гаргасан үндэслэлээр үндсэн цалин бууруулах арга хэмжээ авсан. Нэхэмжлэгч нь сахилгын арга хэмжээ авсан энэ тушаалыг хүлээн зөвшөөрч, гомдол гаргаагүй. Нэхэмжлэгч өмнө нь гаргасан зөрчлөө давтан гаргасан нь зөвхөн цаг бүртгэлийн программд л бүртгэгдэж үлдсэн. Тиймээс хариуцагчийн зүгээс цаг бүртгэлийн программд бичигдсэн мэдээлэлд үзлэг хийлгэх хүсэлт гаргаж, шүүх үзлэг хийсэн, түүнээс өөр арга, хэрэгслээр шүүхэд нотлон харуулах боломжгүй. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах шаардлага гаргасан тул шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 128.1.5 дахь заалтыг хэрэглэх ёстой байсан ч хэрэглэсэнгүй. Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт хэдэн төгрөг нэхэмжилснээ нэхэмжлэлдээ тодорхой бичих ёстой байсан. Учир нь уг маргааныг шүүх харъяалан шийдвэрлэхээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5-д заасан тул уг шаардлага нь бие даасан шаардлагад тооцогдох ёстой бөгөөд шүүх уг шаардлагын дүнг тодруулж, хариуцагчаас энэ талаар тайлбар авсны үндсэн дээр шийдвэрлэх ёстой байсан. Гэтэл нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт хэдэн ажлын өдрийн цалинтай тэнцэх хэдэн төгрөгийн олговор нэхэмжилж байгаагаа шүүхэд бичгээр өгөөгүй, шүүх хуралдаан дээр тодорхой хэлээгүй, энэ талаар мэтгэлцээн явагдаагүй байхад шүүх уг шаардлагын дүнг тодруулахгүй өөрийн санаачилгаар тодорхойлж, шийдвэрлэсэн нь шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмыг зөрчсөн, ноцтой зөрчил болсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч А.Т нь хариуцагч “ДЦС-3” ТӨХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б/25 тоот тушаалаар нэхэмжлэгч А.Тыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1, хамтын гэрээний 3.18 дахь заалт, ажлын цаг бүртгэлийн журмын 7.2.1, 7.3.5-т зааснаар мөн авлигатай тэмцэх газрын 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 05/852 тоот албан бичгээр ирүүлсэн санал дүгнэлтийг тус тус үндэслэн ажлаас халах шийтгэл ногдуулсан байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан үндэслэлээ “...өөрийн удирдлагад байгаа ажилтнуудад үүрэг өгч, ажиллаагүй цагаа цаг бүртгэлийн системд “гадуур ажилтай” гэж өөрчилж байсан, ...2018 оны 1-5 дугаар сард “гадуур ажилтай” гэж 48 удаа ажил тасалсанд 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Б/164 тоот тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан боловч 2018 оны 5 дугаар сарын 24-нөөс 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл 56 удаа ажил тасалснаа нууж, цагийн бүртгэлийг “гадуур ажилтай” төлөвтэй болгож өөрчилсөн...” гэж тайлбарласан байна.

Нэхэмжлэгч А.Т-т сахилгын шийтгэл ногдуулсан тушаалд тэрээр гомдол гаргаагүй бөгөөд хариуцагчийн дээрх тайлбарыг баримтаар няцаагаагүй байна.

Хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлын 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар батлагдсан Ажлын цаг бүртгэлийн журмын 7.2.2-т “Ажилтан цаг бүртгэлийн хяналтын төхөөрөмжинд бүртгүүлэх боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай болсон тохиолдолд өөрийн удирдах албан тушаалтан /алба, хэлтэс, цех, хэсгийн дарга/-д заавал мэдэгдэнэ.” гэжээ.

Хариуцагч нь А.Т-ыг 56 удаа ажил тасалсан гэж тайлбарласны 52 нь 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр батлагдсан одоо мөрдөгдөж байгаа дээрх журмын 7.2.2-т хамаарахаар байна.

Нэхэмжлэгч А.Т нь хариуцагчийн тайлбарт заасан хугацаанд “гадуур ажилтай” байж болох ч цаг бүртгэлийн журмын дээрх заалтын дагуу зохих этгээдэд мэдэгдээгүй нь сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үндэслэл болж байгаа талаар хариуцагчийн гаргасан тайлбар үндэслэлтэй гэж үзнэ.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “...зөрчлийг шалган тогтоох үүргээ хариуцагч хэрхэн биелүүлсэн нь баримтаар нотлогдохгүй байна” гэж шүүх өрөөсгөл дүгнэлт хийсэн...” гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2019/01697 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч “ДЦС-3” ТӨХК-д холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, дэвтэрт баталгаажилт хийлгэх тухай А.Тын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 219 570 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс төлсөн      13 130 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Ц.ИЧИНХОРЛОО

          ШҮҮГЧИД                                   А.ОТГОНЦЭЦЭГ

                                                              М.НАРАНЦЭЦЭГ