Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2022/ДШМ/008

 

*******д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Жаргалсайхан, Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Хохирогч *******

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Должинсүрэн нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2021/ШЦТ/285 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч *******гийн гаргасан давж заалдах гомдлоор *******д холбогдох эрүүгийн 2114000000270, 21114000000268 дугаар хэргүүдийг 2114000000265 дугаартай хэрэгт нэгтгэсэн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

   Монгол улсын иргэн, ... ******* овогт *******ийн *******,  регистрийн дугаар /*******/,

******* нь үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 06 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Жинст сумын 3 дугаар багийн нутаг Хавцгайн ам гэх газраас *******гийн эзэмшлийн олон тооны адуу болох 9 тооны адууг машин механизм буюу өөрийн эзэмшлийн “Нүүдэлчин” гэх нэр бүхий мотоцикл ашиглан хулгайлж, *******д найман сая хоёр зуун мянга / 8.200.000/ төгрөгийн хохирол учруулсан,

Мөн шүүгдэгч ******* нь 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Талын улаан” гэх газраас *******ын эзэмшлийн олон тооны адуу болох 20 тооны адууг машин механизм буюу өөрийн эзэмшлийн “Нүүдэлчин” гэх нэр бүхий мотоцикл ашиглан хулгайлж, *******ад хорин сая хоёр зуун мянга /20.200.000/ төгрөгийн хохирол учруулсан,

Мөн шүүгдэгч ******* нь 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Баянхонгор аймгийн Жинст сумын 1 дүгээр багийн нутаг “Хавцгайн эх” гэх газраас ын эзэмшлийн олон тооны адуу болох 10 тооны адууг машин механизм буюу өөрийн эзэмшлийн “Нүүдэлчин” гэх нэр бүхий мотоцикл ашиглан хулгайлж, од арван сая нэг зуун мянга /10.100.000/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдэж, гэмт хэрэг үйлдэж, бусдад эд хөрөнгийн хохирол учруулсан...гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч ******* овогт *******ийн *******г бусдын олон тооны малыг  механизм ашиглаж хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******г гурван /03/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан гурван /03/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******гаас 1.200.000 төгрөг гаргуулж хохирогч Э.Өлзийбатад олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир хохирогч *******, о нарт төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4-д зааснаар шүүгдэгч *******н гэмт хэрэг үйлдэхэд ашигласан мотоцикл түүний үнэ 500.000 төгрөгийг шүүгдэгч *******гаас гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  1.5-д  зааснаар шүүгдэгч  *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж  цагдан хорьж түүний эдлэх ялыг 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн  тоолж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* гаргасан давж заалдах гомдолдоо: Уг шийтгэх тогтоолоор хэргийн бодит байдлыг бүрэн тогтоогоогүй гэж үзэж байна. Тус хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтаар прокурор нь хэргийн бодит байдлыг үндэслэлтэй тогтоож яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүх рүү шилжүүлээгүй боловч анхан шатны шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг зэргээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн тогтоох боломжтой байсан ч анхан шатны шүүх гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, гэмт хэргийн сэдэлт, зорилго зэргийг бодит байдалтай нийцүүлэн тогтоох бүрэн боломжтой байсан ч чадаагүй.

Уг хэрэг дээр гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг хөтөлбөргүй тогтоох нь маш чухал юм. Учир нь 2021 оны 07 сарын 03 ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах цаг хугацаанд гэмт хэрэг үйлдэгдсэн бол тухайн өршөөлийн хуульд хамааруулан өршөөн хэлтрүүлэх боломжтой юм.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээг тодорхой зааж өгсөн бөгөөд мөн зүйлийн 3.1.2 -т 2021 оны 6 дугаар сарын 24- ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн бол хамаарах талаар заажээ.

1-т *******н хувьд 2021 оны 06 сарын 20-дын үед аймгийн төвийн ойролцоо өөрийн маллаж байсан адуугаа Жинст суманд байх аавынх руугаа тууж очоод тэндээсээ буцаж аймгийн төв орох замдаа буюу 2021 оны 06 сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн Жинст сумын нутаг Хавцгай эрэг гэх газраас Гангомбын 10 тооны адуу, Пүрэвжавын 9 тооны адууг цуг тууж яваад Баян-Овоо сумын нутаг дэвсгэр дээр хээр хоноод өглөө нь тууж яваа адуугаа харахад 10 тооны адуу нь Гангомбын адуу болохыг тамга тэмдгээр нь таниад буцаагаад Гангомбын руу тууж үлдээгээд замаасаа Өлзийбатын 17 тооны адууг туугаад хоёр азарга адуутай Энхбаярынд 2021 оны 06 сарын 24 ний өдрийн 23 цагийн үед ирсэн байдаг. Энэ нөхцөл байдал нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар ******* нь Гангомбын 10, Пүрэвжавын 9 тооны адууг Өлзийбатын 17 тооны адуу хулгайлахаас урд өдөр нь хулгайлсан болох нь хангалттай нотлогддог. Хулгайлагдсан адууныхаа талаар хохирогч нар мэдүүлэхдээ мөрдөн байцаалтын шатанд цаг хугацааг нарийн тогтоож хэлээгүй байдаг ч шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Өлзийбат нь улсын яллагчийн асуусан асуултад 20 тооны адуу алдсан гэж байгаа боловч 17 тооны адууныхаа зүсийг мэдэж байгаа боловч бусад 3 тооны адууны зүсийг мэдэхгүй алдсан гэж байгаа боловч тэрийгээ тайлбарлаж хэлж чадахгүй байсан ба энэ нь нийт 17 тооны адуу алдсан гэдэг нь нотлогдсон ба шүүхийн хэлэлцүүлэгт Өлзийбат хохирогчоор мэдүүлэхдээ адуугаа 25-нд алдсан гэж мэдүүлсэн боловч улсын яллагчийн цаг хугацааг тогтоохоор асуусан асуултад 2021 оны 06 сарын 24-ний өдөр алдсан болохоо хэлдэг /шүүхийн хуралдааны бичлэг харах боломжтой улсын яллагчийн хамгийн сүүлийн асуултад хариулахдаа 24-ний өдөр алдсан гэдэг болно/, мөн Прокурорын шатанд *******гаас хохирол нэхэмжлэхээр хохирлын баримтууд өргөдлийн хамт өгсөн байдаг ба ег өргөдөлдөө малаа алдсан цаг хугацааг 2021 оны 06 сарын 24-25 нд шилжих шөнө гэсэн байдаг, мөн ******* Өлзийбатын 17 тооны адууг 2021 оны 06 сарын 24 ний өдрийн 00 цагаас өмнө хулгайлж тууж ирсэн болох нь түүний өөрийн мэдүүлэг, гэрч Мөнххүрэл, Г.Найдан, , нарын мэдүүлэг, Өлзийбатын хүү гэрчээр мэдүүлэг өгсөн , түүний эхнэр Б.Заяа нарын “Алдуул болон олсон адууны эрэл сурал гэсэн групп дээр тавьсан ...адууг Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Бүрд гэх газраас 06 сарын 24-25-нд шилжих шөнө алдсан гэх facebooк зар дээр тавьсан зар зэргээр нотлогддог. Шүүхээс шүүгдэгчээс шүүх хуралдаанд гаргаж өгсөн Өлзийбатын хүү гэрчээр мэдүүлэг өгсөн , түүний эхнэр Б.Заяа нарын “Алдуул болон олсон адууны эрэл сурал гэсэн групп дээр тавьсан ...адууг Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Бүрд гэх газраас 06 сарын 24-25-нд шилжих шөнө алдсан гэх facebook зар дээр тавьсан зарын зургийг нотлох баримтаар гаргаж өгснийг анхан шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн уг зарыг 2021 оны 06 сарын 22-ны өдөр тавьсан зар байгаа бөгөөд гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнө урьдчилан бичсэн нь уг зар хуурамчаар бичсэн байх үндэслэлтэй гэж дүгнэсэн хэдий ч уг үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт миний бие энэ талаар тодруулж хохрогчоос асуухад миний хүү, Б.Заяа түүний эхнэр миний бэр хүүхдүүд facebooк дээр алдсан малынхаа зарыг тавьсан гэж хариулдаг, мөн зар тавьсан өдрийн зарын он сарыг харахад 2021 оны 07 сарын 22 ны өдөр байдаг ба долоон сарыг англиар July, 6 сарыг june гэдэг бөгөөд уг зар дээр 07 сар буюу july гэж бичигдсэн байдаг, шүүх уг бичигдсэн сарыг андуурч харсан байх гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа болно.

Өмгөөлөгчийн зүгээс дүгнэхэд ******* анх мэдүүлэг өгч өөрийн бүх үйлдлийг хэлэхдээ цаг хугацааг нарийн санахгүй таамаг төдий байдлаар 24-26-ны хооронд мал хулгайлсан талаар гэрчээр мэдүүлэг өгсөн байдаг. Яагаад *******г гэрчээр мэдүүлэг өгөхдөө цаг хугацааг нарийн санахгүйгээр таамаг төдий мэдүүлэг өгсөн гэж үзэж байна вэ гэвэл өөрийнхөө малыг аавынх руугаа тууж явсан цаг хугацаагаа тодорхой хэлээгүй санахгүй байж буцаж явсан цаг хугацааг 24- 26-ны өдөр гэж хэлж мэдүүлэг өгсөн нь мөн өмгөөлөгч надтай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж гэмт хэргийн талаар ярихдаа цаг хугацааг санахгүй байгаагаа хэлж байсан бөгөөд аавынх руугаа явахаас өмнө нь санаанд нь орж байгаа зүйлийн талаар асууж, уг цаг хугацаагаа тогтоож, түүнээс хойш аавынх руугаа явсан, замдаа хоносон эсэх зэргийг нарийн тодруулж явсан маршрут тогтоож ярилцахад шүүгдэгчийн зүгээс гэмт хэрэг нь 2021 оны 06 сарын 23, 24-нд үйлдэгдсэн байна гэдэг. Гэтэл цагдаагийн байгууллага хохирогч нараас гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл өргөдөл бичүүлэн авахдаа *******н гэрчээр өгсөн мэдүүлгээр цаг хугацааг тогтоож тэдгээрээс өргөдөл бичүүлж авсан байна гэж өмгөөлөгчийн зүгээс харж байгаа. Энэ нь тэдгээрийн гаргасан 2021 оны 08 сарын 04-ний өдрийн гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл гаргасан он сар цаг минутаар, мөн хохирогчоос мэдүүлэг авахдаа 24-26-ны хооронд та адуугаа алдсан уу гэх зэргээр асуулт асууж мэдүүлэг авсан нь *******н гэрчээр өгсөн мэдүүлгээр цаг хугацааг тогтоож хохирогч нар цаг хугацааг тэр байдлаар ойлгуулж мэдүүлэг авсан нөхцөл байдал харагддаг эдгээрийг харгалзан үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид ашигтай байдлаар цаг хугацааг тогтоож хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.

2-т ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4-д зааснаар ялласан бөгөөд шүүгдэгч талаас 17.12 дугаар зүйлийн 2.1 бол хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа харин мөн зүйлийн 2.4 буюу машин механизм ашиглаж гэдэг нь уг хэргийн хувьд үндэслэлгүй гэж үзэхээр байна.

Учир нь машин механизм ашигласан гэдгийг тухайн этгээдээс өөрийн гэмт санаа зорилгоо хэрэгжүүлэхдээ урьдаас бэлтгэж улмаар хэрэгжүүлснийг буюу бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, зөөж тээвэрлэх зорилгоор урьдчилан бэлтгэж, ашигласныг ойлгодог. Шүүгдэгч *******н хувьд тухайн мотоциклийг урьдчилан бэлтгэж, ашигласан нь нотлогдож, тогтоогдохгүй байх ба харин өөрийн маллаж онд оруулсан адуугаа аймгийн төвөөс Жинст суманд байх аавындаа тууж хүргэж өгөхөөр мотоциклтой явсан бөгөөд буцаж аймгийн төв рүү явж байх замдаа бусдын малыг авч, өөрийн гэмт санаа, зорилгоо хэрэгжүүлсэн нь хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдон, тогтоогдож байх тул түүнийг машин механизмыг урьдаас бэлтгэж, ашигласан гэж үзэхгүй. *******д уг адууг хулгайлах сэдэл тухайн адуутай таарах явцад л төрсөн нь хэрэгт авагдсан баримтаас харагддаг.

3-т ******* нь 2021 оны 06 сарын 23-ны өдөр Сугармаа, Гангомбо нарын адууг хулгайлж тууж яваад замдаа хээр хоноод өглөө нь буюу 24 ны өдөр хулгайлсан адуу нь дотор өөрийн таньдаг Гангомбын адуу байгааг тамгаар нь таньж авсан адуугаа буцаан туусан байдаг ба энэ нь гэмт хэрэг үйлдэхээсээ татгалзсан гэж үзэх үндэслэл байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт гэмт хэргийг үйлдэж төгсгөх боломжтойг ойлгож байсан боловч туйлд нь хүргэхээс сайн дураараа татгалзсан хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй гэжээ. Хэрэв татгалзахаас өмнө өөр гэмт хэргийн шинж байвал уг үйлдэлд нь хариуцлага хүлээлгэхээр хуульд заасан байдаг боловч миний үйлчлүүлэгчийн хувьд өөр гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийгээгүй байна. Хуулийг нэг мөр хэрэглэх нь хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргах нэг үндэслэл болох бөгөөд үйлдэл эс үйлдэхүйг бүрэн тогтоохгүйгээр эргэлзээтэй нөхцөл байдал хэрэгт байсаар байтал шүүгдэгчид ашигтай биш ял халдаан шийдвэрлэх нь хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа нэг хэлбэр юм. Шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж болохыг хуулиараа тусгайлан заасан байгааг давж заалдах шатны шүүх анхаарч үзэхийг хүсье. Дээрх үндэслэлүүд үндэслэлтэй эсэхийг хянаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шүүгдэгчид ашигтай байдлаар хэргийг шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.

Иймд дээрх үндэслэлийг харгалзан үзэж Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 сарын 03-ны өдрийн 2021/ШЦТ/285 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж анхан шатны шүүхээс *******д оногдуулсан хорих ялыг багасгаж, өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар өршөөн хэлтрүүлж, хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар сольж өгнө үү гэжээ.

Прокурор ******* тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээнэ үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: *******д оногдуулсан хорих ялыг багасгаж, өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар өршөөн хэлтрүүлж, хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар сольж өгнө үү гэв.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******гийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд үндэслэн  хэргийг  шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт  тус тус заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах гомдлуудад дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд:

Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсний дагуу анхан шатны шүүх шүүгдэгч ******* нь  2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Баянхонгор аймгийн Жинст сумын 1 дүгээр багийн нутаг “Хавцгайн эх” гэх газраас ын өмчлөлийн  10 тооны адууг  өөрийн эзэмшлийн “Нүүдэлчин” гэх  мотоцикл ашиглан хулгайлж, од арван сая нэг зуун мянга /10.100.000/ төгрөгийн,

 2021 оны 06 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Жинст сумын 3 дугаар багийн нутаг “Хавцгайн ам “гэх газраас *******гийн өмчлөлийн 9 тооны адууг  өөрийн эзэмшлийн “Нүүдэлчин”  мотоцикл ашиглан хулгайлж, *******д найман сая хоёр зуун мянга / 8.200.000/ төгрөгийн ,

 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр   Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Талын улаан” гэх газраас *******ын өмчлөлийн 20 тооны адууг  өөрийн эзэмшлийн “Нүүдэлчин” гэх  мотоцикл ашиглан хулгайлж, *******ад хорин сая хоёр зуун мянга /20.200.000/ төгрөгийн хохиролуудыг үргэлжилсэн үйлдлээр, бусдын олон тооны малыг машин механизм ашиглан тус тус хулгайлсан гэмт хэргийн үйл баримтыг  тогтоож, бусдын олон тооны малыг  механизм ашиглаж хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлтэй, зөв болжээ.

Дээрх үйл баримт нь:

1 дүгээр хавтаст хэргийн 5-9 дүгээр талд авагдсан “...2021 оны 6 дугаар сарын 24-нөөс 25-ны хооронд Баянхонгор аймгийн Жинст сумын 1-р багийн нутаг Хавцгайн ам гэх газраас шаргал шаазгай зүсмийн азаргатай нийт 9 тооны адуу алдсан. ...адуугаа буцааж авсан. Эрж хайхад зарцуулсан мөнгөний оронд *******гаас 2 тооны адууг авсан..” гэх хохирогч *******гийн

 2 дугаар хавтаст хэргийн 6-7 дугаар талд авагдсан”... “...2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр... нийт 20 тооны адууг Баян-Овоо сумаас ... “Талын улаан” гэх газар луу би өөрөө тууж гаргасан...  маргааш өглөө нь адуугаа дурангаар харсан чинь “Талын улаан” дээр бэлчиж, наашаа ус руу явах төлөвтэй зогсож байсан. ... хамгийн сүүлд 13 цагийн орчимд дурандахад бэлчээр дээрээ байсан.. 1 сар 2 хоногийн дараа манай азарга адуу Жаргалант суманд байгаа сураг дуулдсан. ...Жаргалант сумын нутаг дэвсгэрт голын захаар байдаг айлын банди хариулсан явж байхаар нь очиж үзсэн чинь миний адуу мөн байсан. ...би тэндээс 16 тооны адууг хүлээн аваад буцсан юм....” гэх  хохирогч ******* нарын  мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлгүүд нь 

“...  2021 оны 06 дугаар сарын 25-н, 26-ны үед би адуугаа алдсан..”... 24-ний өдөр адуугаа холбоогоод гаргасан. 25-ны өглөө байсан...” гэх. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг / анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл/

 3 дугаар хавтаст хэргийн 5-6 дугаар талд авагдсан “...2021 оны 6 дугаар сарын 24-ний өдөр манайхаас хүрэн халзан азаргатай нийт 10 тооны адуу хулгайд алдагдсан. 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр усанд ороход бүрэн байсан. 25-нд харин байгаагүй. ...Сүүлд *******тай уулзахад “би туусан юм” гэж байна лээ. 6 настай азарга, 2 шүдлэн байдас, 7 бүдүүн гүү байсан....” гэх хохирогч Х.Гангомбын мэдүүлэг

2 дугаар хавтаст хэргийн 9 дүгээр талд авагдсан “...2021 оны 06 дугаар сарын 25-ны орой байсан юм. 06 дугаар сарын 25-ны орой адуу усанд орж ирээгүй болохоор 17-18 цагийн орчимд байх ...хайж олоогүй.....” гэх гэрч ийн   мэдүүлэг

2 дугаар хавтаст хэргийн 11 дүгээр талд авагдсан “...                                                                                                                                                                                                                                                            аав Өлзийбат 2021 оны 06 дугаар сарын 25-ны өглөө адууг дурандахад ... манай адууг байна гэж байсан. ... оройноос нь алга болсон байсан...” гэх  гэрч ын мэдүүлэг

3 дугаар хавтаст хэргийн 20-23 дугаар талд авагдсан “...******* адуугаа гол руу тууж ирэхээр нь... наанаас нь очсон... 9 тооны шаргал азаргатай адууг тууж явсан. ...хүрэн азаргатай адуу зэргийг харж байгаарай гээд явсан....” гэх гэрч ын мэдүүлэг

3 дугаар хавтаст хэргийн 28-29 дүгээр талд авагдсан “...******* мотоциклтойгоо 9 тооны адууг тууж ирсэн. ...би тоолж хүлээлгэж өгсөн. гэх  . гэрч Г.Найдангийн  мэдүүлэг

3 дугаар хавтаст хэргийн 33-35 дугаар талд авагдсан “..Намайг Энхбаярын гэрт очиход ******* шаргал алаг азаргатай 9 тооны адуу, Хүлэгээс Мөнххүрэлийн асан гэх 6 тооны адууг зэргийг тууж авчирсан байсан....” гэх  гэрч ийн  мэдүүлэг

3 дугаар хавтаст хэргийн 37-38 дугаар талд авагдсан “...******* ...ганцаараа явж байсан ....шаргал алга зүсмийн 9 тооны адуу байсан...тэгсэн нэг өдөр ******* надад за ах Энхбаяр/Памбага/17 тооны адуу байна. Дандаа бүдүүн голцуу гүүнүүд байна лээ. Зарах юм яриад байна гэж хэлсэн. ....Намайг зараадах гэж хэлсэн гэхээр нь адууг үзэхэд 17 тооны адуу байсан ба би 1 адууг 1 000 000 төгрөгөөр үнэлж, 17 тооны адууг нийт 17 000 000 төгрөгөөр худалдан авахаар болоод тохирсон..... хүрэн азаргатай адууны эзэн нь гэх хүн ирсэн байна гээд Найдан надтай утсаар яриулсан.... Өлзийбат гэж танилцуулсан. 16 тооны адууг хүлээлгэж өгсөн...” гэх гэрч ийн мэдүүлэг

“...2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн Жинст сумын нутаг Хавцгай эрэг гэдэг газраас Гангомбын 10 тооны адуу, Пүрэвжав гуайн 9 тооны адууг цуг туусан. Тууж ирээд 23-ны шөнө Баян-Овоо сумын Бөөгийн овооны тэндээс Гангомбын хүрэн азаргатай адууг буцааж туугаад хоночхоод 24-ний өглөө тууж явж байгаад замаас Өлзийбат гуайн хүрэн азаргатай 17 тооны адууг цуг тууж явсан...” гэх шүүгдэгч *******н  анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг/ шүүх хуралдааны тэмдэглэл /

2 дугаар хавтаст хэргийн 14, 3 дугаар хавтаст хэргийн 14 дүгээр талд  тус тус авагдсан “... хохирогч *******гийн хулгайд алдсан эд зүйлийн нийт үнэ цэнэ 8.200.000 /найман сая хоёр зуун мянган/ төгрөг... ..”, “...хохирогч *******ын эзэмшлийн хулгайд алдсан эд зүйлийн нийт үнэ цэнэ хорин сая хоёр зуун  /20.200.000 / төгрөг ...”, “... хохирогч Г.Гангомын эзэмшлийн хулгайд алдсан эд зүйлийн нийт үнэ цэнэ арван сая нэг зуун мянга  / 10 100 000 / төгрөг ...” гэх .Энх-Нахиа ХХК-ийн  шинжээчийн 214, 215,216  дүгээр дүгнэлтүүд болон  хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, дээр дурдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй хэргийг шийдвэрлэхэд хангалттай, прокуророос зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв  байна.

           Дээрх нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн нарын  хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн, шүүгдэгч   *******д тухайн зүйл ангид  заасан ялын төрөл хэмжээний  хүрээнд   хорих ял  оногдуулсан нь шүүгдэгчийн  үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, учруулсан хохирлын шинж чанар, хувийн байдалд тохирсон, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй  байна.

 

Анхан шатны шүүх “...Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч 3 ширхэг хохирогч Э.Өлзийбатын хүү болон Б.Заяа гэгч нараас алдуул малын зар тавьсан бичиглэлийг гаргаж өгсөн бөгөөд уг зард нь  “Алдуул болон олсон адууны эрэл сурал “ гэсэн групп дээр “...онгин тамгатай том зээрд азаргатай бүгд ширээ чандмань тамгатай шарга гүүтэй өсгий цагаан зээрд гүүтэй голчуу 20 тооны адууг Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Бүрд гэх газраас 06 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө алдсан тул” гэж бичсэн, мөн хохирогч Э.Өлзийбат адуунуудаа 2021 оны 06 дугаар сарын 25-ний шөнө алдсан гэж мэдүүлж байгаа тул шүүгдэгч ******* нь 2021 оны 06 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Э.Өлзийбатын адууг хулгайлсан нь тогтоогдсон...Энэ үйлдэл нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-д заасан “2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ний өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” хүнд хамаарна гэсэн заалтад хамаарахгүй тул шүүгдэгч *******н үйлдлийг Өршөөлийн хуульд хамааруулах үндэслэлгүй...” гэж үзэн эрүүгийн хариуцлага хүлээлгэснийг буруутгах хууль зүйн  үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн  шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

   Харин “..Ц.******* нь  адуунуудыг 24-ний өдөр хулгайлсан, машин механизм ашиглаж гэдэг нь уг хэргийн хувьд үндэслэлгүй ...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шүүгдэгчид ашигтай байдлаар хэргийг шийдвэрлүүлэх...” агуулгаар бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгч *******гийн гомдлыг хүлээн авах боломжгүй буюу “...анхан шатны шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн   зарыг үнэлэх боломжгүй  хохирогч Э.Өлзийбат адуунуудаа 2021 оны 06 дугаар сарын 25-ний шөнө алдсан гэж мэдүүлдэг, *******н үйлдлийг Өршөөлийн хуульд хамааруулах үндэслэлгүй, ... гэмт  хэрэг үйлдэхдээ “Нүүдэлчин” нэртэй мотоцикл ашигласан нь...”  гэх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах  нотлох баримт болон хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно.

 

              Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн   22.4.2,                          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

                  зүйлийн  1.1-т заасныг  тус тус  заасныг  удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

 

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2021/ШЦТ/285 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч *******гийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч   *******н  2021 оны 11 дүгээр сарын 3-ны өдрөөс 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 76 хоногийг түүний  эдлэх ялд  оруулан тооцсугай.

                                                                      .

          3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ                                                 Б.БОЛОР-ЭРДЭНЭ

 

           ШҮҮГЧИД                                                     Т.ЖАРГАЛСАЙХАН

 

                                                                                           Г.УЛАМБАЯР