Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 128/ШШ2023/0627

 

2023 08 17 128/ШШ2023/0627

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Болорчимэг даргалж, тус шүүхийн 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Дүгнэлт гаргасан прокурор: Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Н.Алтантүлхүүр

Хариуцагч: Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны байгаль орчны улсын байцаагч Ц.Төржаргал

Гуравдагч этгээд: Б.Өлзий-Амгалан нарын хоорондын зөрчлийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Н.Алтантүлхүүрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Гансувд, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Банзрагч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бүжинлхам нар оролцов.

Хэргийн индекс: 128/2023/0418/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Прокурор шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 0216764 дугаартай шийтгэлийн хуудасны "Олсон нь хэсэгт... Иймд холбогдогч Б.Өлзий-Амгалангийн үйлдсэн зөрчилд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй...", "Шийдвэрлэх нь хэсгийн 1 дэх заалтад холбогдогч Б.Өлзий-Амгалангийн үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасны дагуу гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай", "2 дахь заалтад оногдуулсан шийтгэлийн гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг...сайн дураар төлж биелүүлэхийг даалгасугай" гэж өөрчлүүлэх тухай дүгнэлтийг гаргасан.

2. Хэргийн үйл баримт:

2.1. Гуравдагч этгээд Б.Өлзий-Амгаланд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн А/186 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн аманд 517 м.кв талбайг ашиглуулахаар шийдвэрлэсний дагуу 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 2016/281 дугаар улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээг 5 жилийн хугацаагаар олгогдож, тус гэрчилгээний хугацаа 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр дууссан байна.

2.2. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Төржаргал нь Зайсангийн аманд газар ашиглахдаа хугацаа дууссан гэрчилгээ ашигласан тухай мэргэжилтэн С.Хонгорзулаас өгсөн гомдол мэдээллийн дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.

2.3. Улмаар маргаан бүхий 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 0216764 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйл Тусгай хамгаалалттай газар нутагт хориглосон үйл ажиллагаа явуулах, 7.17.2-т Тусгай хамгаалалттай газар нутагт хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. гэж заасны дагуу Б.Өлзий-Амгаланд 500.000 төгрөгийн шийтгэл оногдуулжээ.

2.4. Б.Өлзий-Амгалан нь дээрх шийтгэлийн хуудсаар оногдуулсан 500.000 төгрөгийн торгуулийг 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр төлсөн, уг шийтгэлийн хуудсанд гомдол гаргаагүй.

2.5. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/297 дугаар тушаалаар гуравдагч этгээд Б.Өлзий-Амгалангийн Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн аманд 517 м.кв газарт газар ашиглах эрхийн хугацааг сунгаж, 0232994 дугаар бүхий гэрчилгээ олгогджээ.

2.6. Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Н.Алтантүлхүүр 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 44 дүгээр дүгнэлтийг тус шүүхэд 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр гаргасан.

2.7. Хариуцагчаас прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн тайлбар бичгээр ирүүлсэн.

3. Хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар:

3.1. Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Алтантүлхүүр нь тус шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: ...Учир нь, холбогдогч Б.Өлзий-Амгалан нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Энэ хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан газар ашиглах зөвшөөрлийн гэрээний хугацаа таван жилээс доошгүй байх...", Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсгийн 35.3.3 дахь заалтад заасан "Газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх" газар эзэмшигчийн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн 44 дүгээр зүйлийн 44.8 дахь хэсэгт "Газар ашиглах тухай хүсэлт гаргах... газар ашиглах гэрээний агуулгыг тогтоох, түүнийг байгуулахад энэ хуулийн 32, 33.1.2, 33.2, 33.5, 34.1-34.5, 34.6.1 - 34.6.8, 34.6.10, 34.6.11, 34.7-34.10-д заасан журмыг баримтална" гэсэн хуулийн зүйл, хэсэг, заалтуудыг, мөн Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээний 2-т заасан "...газрын төлбөрийг газрыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх..." газар ашиглагчийн үүргийг биелүүлээгүй зөрчсөн нөхцөл байдал тогтоогдож байна.

Иймд Б.Өлзий-Амгалангийн тусгай хамгаалалттай газар нутагт Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Газрын тухай хууль, захиргааны хэм хэмжээний акт зэргийг зөрчсөн үйлдэлд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах (шийдвэрийг зөвтгөх) үндэслэлтэй гэж үзлээ.

Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны Байгаль орчны улсын байцаагч Ц. Төржаргал 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 0216764 дугаартай шийтгэлийн хуудасны "Олсон нь хэсэгт... Иймд холбогдогч Б.Өлзий-Амгалангийн үйлдсэн зөрчилд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй...", "Шийдвэрлэх нь хэсгийн 1 дэх заалтад холбогдогч Б.Өлзий-Амгалангийн үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасны дагуу гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай", "2 дахь заалтад оногдуулсан шийтгэлийн гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг... сайн дураар төлж биелүүлэхийг даалгасугай" гэж тус тус өөрчлүүлэхээр прокурорын дүгнэлт бичив. гэжээ.

3.2. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Төржаргал тус шүүхэд хандан 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр бичгээр гаргасан тайлбартаа: ...Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг өөрчлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Байгаль хамгаалагч улсын байцаагч Ц.Төржаргал би тус нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлд заасны дагуу хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

3.3. Гуравдагч этгээд Б.Өлзий-Амгалангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Банзрагч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Б.Өлзий-Амгалан өөрийн нэр дээрх Хан-Уул дүүргийн Зайсангийн аманд байрлалтай 517 м.кв талбайтай 2016/281 тоот гэрчилгээтэй газрын гэрчилгээг сунгахдаа хугацаа хожимдуулсны торгуулийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны Байгаль орчны хяналтын байцаагч Ц.Төржаргалын хэлсний дагуу 500,000 төгрөгийн торгууль тушаасан. Хүү торгуулийн хэмжээ нь хуульд заасан зөв заалтаар арга хэмжээ авагдсан. Нэмж хэлэхэд уг газар дээрээ ямар нэгэн үйл ажиллагаа явуулж үзээгүй буюу хууль бус аливаа үйлдэл хийгээгүй. Иймд 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 44 тоот албан бичиг бүхий хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Н.Алтантүлхүүрийн шийдвэрийг эрс эсэргүүцэж байна. Иймд энэхүү буруу саналаа татаж авахыг хүндэт Н.Алтантүлхүүрээс хүсэж байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх прокурор, хариуцагч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр прокурорын дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 0216764 дугаартай шийтгэлийн хуудасны "Олсон нь хэсэгт... Иймд холбогдогч Б.Өлзий-Амгалангийн үйлдсэн зөрчилд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй...", "Шийдвэрлэх нь хэсгийн 1 дэх заалтад холбогдогч Б.Өлзий-Амгалангийн үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасны дагуу гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай", "2 дахь заалтад оногдуулсан шийтгэлийн гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг...сайн дураар төлж биелүүлэхийг даалгасугай" гэж өөрчлүүлэх дүгнэлт гаргаж, үндэслэлээ холбогдогч Б.Өлзий-Амгалан нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсгийн 35.3.3 дахь заалт, 44 дүгээр зүйлийн 44.8 дахь хэсэгт хуулийн зүйл, хэсэг, заалтуудыг, Мөн Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээний 2-т заасан "... газрын төлбөрийг газрыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх..." газар ашиглагчийн үүргийг биелүүлээгүй зөрчсөн нөхцөл байдал тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж тайлбарлаж маргасан.

3. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...холбогдогч Б.Өлзий-Амгалан нь шийтгэлийн хуудсаар оногдуулсан торгуулийг төлсөн, газар ашиглах эрхээ сунгуулах хүсэлтийг хугацаа хэтрүүлж гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрнө, харин уг газарт ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй, хууль бус үйлдэл хийгээгүй тул 3.000.000 төгрөгөөр торгох үндэслэлгүй... гэж маргасан.

4. Маргаан бүхий Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 0216764 дугаартай шийтгэлийн хуудсаар иргэн Б.Өлзий-Амгаланг газрын гэрчилгээ сунгалт хийлгээгүй гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

5. Зөрчлийн хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, Б.Өлзий-Амгаланд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн А/186 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн аманд 517 мкв талбайг ашиглуулахаар шийдвэрлэсний дагуу 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 2016/281 дугаар улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээг 5 жилийн хугацаагаар олгосон.

6. Б.Өлзий-Амгалан нь 2023 оны 4 дүгээр сард газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтээ гаргасан, маргаан бүхий газарт ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, газар нь хоосон байсан болох нь эрх бүхий албан тушаалтны 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн үзлэг хийсэн тухай тэмдэглэлээр тогтоогдоно.

7. Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлд Тусгай хамгаалалттай газар нутагт хориглосон үйл ажиллагаа явуулах зөрчлүүдийг хуульчилсан байх бөгөөд 7.17 дугаар зүйлийн 1-т Тусгай хамгаалалттай газар нутагт: 1.1 хууль, захиргааны хэм хэмжээний акт, стандарт, дэглэм, горим зөрчсөн;, 1.2 менежментийн төлөвлөгөөнд тусгагдаагүй үйл ажиллагаа явуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гучин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно., 2-т Тусгай хамгаалалттай газар нутагт хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. гэж тус тус заасан байна.

8. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлд Дархан цаазат газарт энэ хуулийн 10,11 дүгээр зүйлд зааснаас өөр зориулалтаар дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно: 1/ газар хагалах, ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, геологийн судалгаа хийх, металл хайгч, химийн хорт болон тэсрэх бодис авч явах, ашиглах, элс, хайрга чулуу авах, мод, зэгс, шагшуурга бэлтгэх, хязгаарлалтын бүсээс бусад газарт зам тавих зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөх; 2/ байгалийн дагалт баялаг, эмийн, хүнсний болон техникийн зориулалттай ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх; 3/ энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 4-т зааснаас өөр зориулалтаар ан амьтан агнах, барих, үргээх, тэдгээрийн үүр, ичээ, нүх, ноохойг хөндөх, эвдэж сүйтгэх; 4/ хортон шавьж, мэрэгчид, түймэртэй тэмцэх, тэдгээрээс сэргийлэх арга хэмжээнд байгаль орчинд сөрөг нөлөөлөх арга, техник, бодис хэрэглэх; 5/ энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д зааснаас өөр барилга байгууламж барих; 6/ хөрс, ус, агаар бохирдуулах аливаа үйл ажиллагаа явуулах; 7/ тухайн газрын хамгаалалтын захиргааны зөвшөөрөлгүйгээр нохой дагуулж, буу авч явах;8/ аргагүйгээс бусад тохиолдолд тухайн газрын хамгаалалтын захиргаанаас урьдчилан авсан зөвшөөрөлгүйгээр агаарын хөлгөөр буулт хийх, хэт нам өндрөөр нислэг үйлдэх; 9/ өвөлжөө, хаваржаа, намаржаа, зуслангийн барилга байгууламж барих, зохих зөвшөөрөлгүйгээр мал бэлчээрлүүлэх; 10/ нуур, мөрөн, гол горхи, булаг, шанд зэрэг ил задгай усыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах; 11/ хууль тогтоомж болон хамгаалалтын горимоор хориглосон байгаль орчинд сөрөг нөлөөлөх бусад үйл ажиллагаа явуулах. гэж,

мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 1Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн, нэгж, байгууллага дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно: 1/ ашиглаж байгаа газраа бүхэлд нь буюу зарим хэсгийг бусдад дамжуулан ашиглуулах; 2/ энэ хууль болон тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын дэглэм, горимоор хориглосон, гэрээнд зааснаас өөр буюу байгаль  орчинд сөрөг нөлөөлөх үйл ажиллагаа явуулах гэж дархан цаазат газарт хориглох үйл ажиллагаа, газар ашиглагчид хориглох үйл ажиллагааг тус тус хуульчилсан.

9. Хуулийн эдгээр заалтаас үзвэл Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйл нь бүхэлдээ тусгай хамгаалалттай газар нутагт хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан зөрчилд хэрэглэгдэх бөгөөд тус зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан хууль зөрчсөн гэдэг урьдчилсан нөхцөл нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12, 39 дүгээр зүйл болон бусад хуульд заасан хориглосон үйл ажиллагааг явуулсан зөрчилд хамааралтай гэж үзэхээр байна.

10. Энэ маргааны тохиолдолд Богдхан уулын дархан цаазат газарт газар ашиглагч Б.Өлзий-Амгалан нь тухайн газарт ямар нэгэн хориглосон үйл ажиллагаа явуулаагүй, үүнд хэргийн оролцогч нар маргаагүй, харин Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Газрын тухай хуульд заасан хугацаанд газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлт гаргаагүй нь Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан зөрчилд хамаарахгүй.

11. Мөн Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн материал-д авагдсан баримтаас үзэхэд Б.Өлзий-Амгаланг газрын төлбөр төлөөгүй зөрчил гаргасан гэдэг үндэслэлээр гомдол мэдээлэл гараагүй, эрх бүхий албан тушаалтан нь энэ талаар шалгаж тогтоосон баримт байхгүй, хэрэгт авагдсан газрын төлбөр тооцоо нийлсэн актаар 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар газрын төлбөрийн үлдэгдэлгүй байх бөгөөд, шүүх хуралдаанд гуравдагч этгээд Б.Өлзий-Амгалангийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс газрын төлбөр төлсөн баримтыг гаргаж өгсөн байхад прокуророос газрын төлбөр төлөх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хууль зөрчсөн гэж дүгнэлтийн нэг үндэслэл болгон маргасан нь үндэслэлгүй байна.

12. Дээрх үндэслэлүүдээр гуравдагч этгээд Б.Өлзий-Амгалан нь тусгай хамгаалалттай газар нутагт хууль зөрчиж хориглосон үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдохгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлахаас татгалзаж, прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

13. Прокуророос маргаан бүхий шийтгэлийн хуудсанд Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар гурван мянган нэгжээр торгох гэж өөрчлөлт оруулах шаардлага гаргасан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй. гэж зааснаар шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно.

14. Прокурор нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7-д Прокурор эрх бүхий албан тушаалтны зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэн шийтгэл оногдуулсан, шийтгэлээс чөлөөлсөн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлтэй гэж үзвэл энэ хуулийн 7.6 дугаар зүйлд заасан харьяаллын дагуу дүгнэлт бичиж шүүхэд хүргүүлнэ. гэж заасны дагуу шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох, өөрчлөх дүгнэлт гаргах эрхийг энэхүү шийдвэр хязгаарлахгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12, 39 дүгээр зүйлд заасныг тус тус баримтлан Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурорын Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 0216764 дугаартай шийтгэлийн хуудасны "Олсон нь хэсэгт... Иймд холбогдогч Б.Өлзий-Амгалангийн үйлдсэн зөрчилд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй...", "Шийдвэрлэх нь хэсгийн 1 дэх заалтад холбогдогч Б.Өлзий-Амгалангийн үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасны дагуу гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай", "2 дахь заалтад оногдуулсан шийтгэлийн гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг...сайн дураар төлж биелүүлэхийг даалгасугай" гэж өөрчлүүлэх тухай дүгнэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар прокурор нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.2-т заасны дагуу прокурор, хариуцагч, гуравдагч этгээд нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БОЛОРЧИМЭГ