Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 478

 

Г.Г-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Г.Гэрэлтуяа, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 56 дугаар шийтгэх тогтоол, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 27 дугаар магадлалтай, Г.Г-д холбогдох 1816000250036 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэмийн гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1983 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт *** тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Г-н Г-.

Г.Г- нь 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр согтуурсан үедээ *** гэх газарт хохирогч Ц.Б-г ыг ТОЗ-8 маркын буугаар буудаж алахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Г.Г-г хүнийг алах гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-д 4 жил хорих ял шийтгэж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэмийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм гаргасан гомдолдоо “... Шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж гомдол гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хорих ял оногдуулж, хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлэг, гэмшиж байгаагаа илэрхийлсэн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзээгүй.

Мөн Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ял оногдуулах ялын доод хэмжээг заагаагүй.Анхан болон давж заалдах шатны шүүх хөнгөрүүлэх нөхцөл байдал болон хуулийн дээрх зохицуулалтыг буруу тайлбарлан шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан. Иймд Г.Г-д оногдуулсан ялыг хөнгөрүүлж, дэглэмийг өөрчилж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

Ахлах прокурор Г.Гэрэлтуяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдол үндэслэлгүй байна. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Мөрдөн байцаалтын шатанд хэргийг нөхцөл байдал зэргийг бүрэн шалгаж тогтоосон. Шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэмийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Г.Г- нь 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр согтуурсан үедээ *** гэх газарт хохирогч Ц.Б-г ыг ТОЗ-8 маркын буугаар буудаж алахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх Г.Г-н гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэлийг оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, гэмт хэрэг үйлдэхээр завдсан шүүгдэгчид тухайн төрлийн төгссөн гэмт хэрэгт оногдуулахаар тогтоосон ялаас доогуур ял оногдуулах зарчмыг үндэслэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлтэй болжээ.

Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолоо кодлож, цифрлэсэн байдлаар дугаарласан нь ойлгомжтой бус, ач холбогдолгүй байх тул үүнийгээ зөвтгөхийг анхааруулж, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэмийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 56 дугаар шийтгэх тогтоол, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 27 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэмийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

         ШҮҮГЧ                                                       С.БАТДЭЛГЭР

                                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                         Д.ГАНЗОРИГ

                                                                                        Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН