Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 143

 

“ӨТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

МУЗГ, Ашигт малтмал,

газрын тосны газарт холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                                  Г.Банзрагч

                                                 Д.Мөнхтуяа

                                                 Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч:                       Л.Атарцэцэг

Нарийн бичгийн дарга:          Г.Гантогтох

Нэхэмжлэлийн шаардлага: “...”ӨТ” ХХК-ийн хуулийн дагуу эзэмшиж байсан 008873Х, 008874Х хайгуулын тусгай зөвшөөрөл нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн дагуу хориглосон талбайтай бүхэлдээ давхацсан тул тусгай зөвшөөрөл хүчингүй болоогүй, харин цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон харилцаа байсныг тогтоолгох, 008873Х, 008874Х хайгуулын тусгай зөвшөөрлийг төрийн мэдэлд шилжүүлэн авсны нөхөн олговорт Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.12, 26 дугаар зүйлийн 26.9-д заасан талбайгаас дүйцүүлэн олгох шийдвэрийг Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 11 дүгээр зүйлийн 11.1.19 дэх заалтын дагуу МУЗГ, Ашигт малтмал, газрын тосны газраас гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, шийдвэрүүд гаргахыг даалгах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2017/0838 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 221/МА2018/0059 дүгээр магадлал,

Хэргийн оролцогчид,

Нэхэмжлэгч “ӨТ” ХХК-ийн захирал Ч.Чадраа, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Данзмаа,

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батмагнай,

Хариуцагч Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батцэцэг

Хариуцагч Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батцэцэгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.         

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14ий өдрийн 128/ШШ2017/0838 дугаар шийдвэрээр: Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 4.6, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйл, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 53 дугаар зүйлийн 53.1, 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасныг тус тус баримтлан “ӨТ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “ӨТ” ХХК-ийн эзэмшиж байсан 008873Х, 008874Х тоот хайгуулын тусгай зөвшөөрөл нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн дагуу хориглосон талбайтай бүхэлдээ давхцаж, үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон харилцаа байсныг тогтоож, нэхэмжлэгчид нөхөн олговор олгох асуудлыг Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасны дагуу шийдвэрлээгүй МУЗГ, Ашигт малтмал, газрын тосны газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хуулийн дагуу шийдвэрлэхийг хариуцагч МУЗГ, Ашигт малтмал газрын тосны газарт тус тус даалгаж шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 221/МА2018/0059 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2017/0838 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Хариуцагч Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батцэцэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “ӨТ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2017/0838 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 221/МА2017/0059 дүгээр магадлалыг эс зөвшөөрч дараах хяналтын гомдлыг гаргаж байна.

4. Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолын хавсралтаар “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговор олгох журам”-ыг баталсан. Тус журмын 3 дугаар зүйлийн 3.4.3 дахь хэсэгт “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуулийн 53 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгохгүй” гэж заасны дагуу “ӨТ” ХХК нь ашигт малтмалын хайгуулын ХV-008873Х, ХV-008874Х тоот тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх нөхцөлийг бүрдүүлж ажиллаагүй байна.

5. Гэтэл шүүх энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

6. Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д “ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр энэ хуулийн 19.12, 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно” гэж заасан нь хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөлтэй компанид хамаарах зохицуулалт юм.

7. МУЗГ нь “ӨТ” ХХК-тай Үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч, нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэх талаар хэлэлцэн тохирсон аливаа албан уулзалт яриа, гэрээ хэлэлцээр Засгийн Газрын болон түүний харъяа агентлагийн түвшинд хийгээгүй Засгийн газраас ямар нэгэн шийдвэр гараагүй болно.

8. Иймд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 221/МА2017/0059 дүгээр магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

9. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

10. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр “...тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх нөхцөлийг бүрдүүлж ажиллаагүйг шүүх харгалзаж үзээгүй, ...Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалт нь хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөлтэй компанид хамааралтай зохицуулалт...” гэх хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ. 

11. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл “ӨТ“ ХХК-ийн  Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг, Хатан-Уул, Хатан-Уулын даваа нэртэй газарт ХV-008873X, XV-008874X тусгай зөвшөөрлөөр эзэмшиж байсан талбай нь 2009 онд батлагдсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль, Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор хориглосон талбайтай бүхэлдээ давхацсан, нэхэмжлэгч нь тухайн талбайд үйл ажиллагаа хэрэгжүүлэх боломжгүй болж, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар тусгай зөвшөөрөл цуцлагдах нөхцөл бүрджээ.

12. Харин ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглосны улмаас тусгай зөвшөөрлийг цуцлахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигчид “нөхөх олговор”-ыг бүрэн төлсөн байх шаардлагыг дээрх хуульд болон Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6-д “Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.3-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлахдаа уг тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор төлөх бөгөөд холбогдох журмыг Засгийн газар тогтооно” гэж тус тус тодорхойлжээ. 

13. Мөн “тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нөхөх олговор авах хүсэлтийг хүлээн авснаас хойш 2 жилийн дотор нөхөх олговрыг олгох”, “нөхөх олговрыг төлж барагдуулсан болон тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нөхөх олговор хүлээн авсан баримтыг үндэслэн Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд зааснаар тусгай зөвшөөрлийг цуцлах” талаар Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговор олгох журам”-ын “Дөрөв”, “Тав” дахь хэсгүүдэд тодорхой заасан байна.

14. Хариуцагч захиргааны байгууллагын зүгээс 2010 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 4-2056 дугаар албан бичгээр нөхөх олговрын тоо хэмжээг урьдчилсан байдлаар ирүүлэхийг нэхэмжлэгчид  мэдэгдсэн, “ӨТ“ ХХК нь 2010 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Ашигт малтмалын газрын Геологи судалгааны хэлтэст холбогдох судалгааг ирүүлсэн боловч нөхөн олговор өнөө хүртэл олгогдоогүй нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогджээ. 

15. Хариуцагчийн зүгээс нөхөх олговрыг олгоогүй шалтгааныг “...улсын төсөвт суугаагүй...” хэмээн тайлбарлаж байснаас өөрөөр нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх нөхцөлийг бүрдүүлж ажилласан эсэх тухайд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаагүй, харин энэ талаар хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо дурдсан байна.  

16. Дээрх бүгдийг дүгнэвэл, хариуцагч нь хууль, журамд заасан хугацаанд нөхөх олговрыг олгоогүй буруутай, нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг цуцлах хуульд заасан нөхцөл бүрдээгүй тул нэхэмжлэгчийг тусгай зөвшөөрөл эзэмшигч биш гэж үзэхээргүй болно.

17. Нэхэмжлэгчийн өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа 2013 оны 12 дугаар сарын 08-ны өдөр дуусгавар болж бүртгэгдсэн нь түүний нөхөх олговор авах эрхийг хязгаарлах, мөн ”...тусгай зөвшөөрөл дуусгавар болгосноор бүртгэгдсэн бүртгэлийг залруулах боломжгүй...” гэх хариуцагчийн тайлбар нь өөрийг нь хуульд заасан үүргээ биелүүлэхээс чөлөөлөх үндэслэл болохгүйг хоёр шатны шүүх зөв дүгнэжээ.

18. Нэгэнт нөхөх олговор олгогдоогүй нь нотлогдож байх тул шүүх, нэхэмжлэгчийн “... тусгай зөвшөөрөл хүчингүй болоогүй, ... харин цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан харилцаа байсныг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь үндэслэл бүхий байна.

19. Үүнээс гадна хариуцагч нь Монгол Улсын Засгийн газрын 2017 оны “Байгалийн нөөц болон дурсгалт газрын хил заагийг тогтоох тухай“ 90 дүгээр тогтоолыг үндэслэн “...байгалийн нөөц газартай бүхэлдээ давхцалтай...” хэмээн нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон бүртгэлийг залруулах боломжгүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй.

20. Учир нь, нэхэмжлэгчид нөхөх олговрыг олгоогүй, түүний тусгай зөвшөөрлийг цуцлах хуульд заасан нөхцөл бүрдээгүй болохыг дээр дүгнэснээс гадна Засгийн газрын 2017 оны 90 дүгээр тогтоолын дагуу мөн давхцал бий болсноор нэхэмжлэгч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжгүй болсноор Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар нөхөх олговор авах эрхтэй.

21. Иймд, нэхэмжлэгч нь Засгийн газрын бүрэн эрхэд хамаарах асуудлаар түүнд холбогдуулан, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т “...нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр ...энэ хуулийн 19.12, 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно” гэж заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхийг шаардсаныг буруутгах боломжгүй.

22. Шүүхүүд хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, маргааны үйл баримтыг зөв үнэлж дүгнэсэн, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан нь үндэслэлтэй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2017/0838 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 221/МА2018/0059 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              М.БАТСУУРЬ

  ШҮҮГЧ                                                       Л.АТАРЦЭЦЭГ