Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2016/00852

 

“Газар капитал партнерс” ББСБ-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2016/01678 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 889 дүгээр магадлалтай,

“Газар капитал партнерс” ББСБ-ын нэхэмжлэлтэй

О.Оюунтунгалаг, Ж.Эрдэнэчимэг нарт холбогдох

Зээлийн гэрээний төлбөр 27 588 750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Зохигчдын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдэн төлөөлөгч Л.Батбаяр, хариуцагч Ж.Эрдэнэчимэг, хариуцагчийн өмгөөлөгч Д.Саранчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Оюунтунгалаг, Ж.Эрдэнэчимэг нар нь 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдөр “Газар капитал партнерс” ББСБ-д хандан 20 000 000 төгрөгийн зээл авах өргөдөл гарган холбогдох материалуудыг бүрдүүлэн өгсөний дагуу мөн сарын 22-ны өдөр ЗГ0000000000727 тоот зээлийн гэрээ байгуулан 15 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3.8 хувийн үндсэн хүүтэй эргэн төлөх нөхцөлтэйгөөр эргэлтийн хөрөнгийн зориулалттай зээл олгосон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэх баталгаа болгож О.Оюунтунгалаг, Ж.Эрдэнэчимэг нар 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ЗБ0000000000727 дугаартай барьцааны гэрээ байгуулан түүний өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо Сансарын 1 дүгээр гудамж 1 тоот 700 м.кв талбайтай Улсын бүртгэлийн Г-2204004483 дугаартай, 000070511 гэрчилгээтэй дугаартай хувийн сууц, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо Сансарын 1 дүгээр гудамж 1 тоот 72 м.кв талбайтай Улсын бүртгэлийн Ү-2204018690 дугаартай, 000198186 гэрчилгээтэй дугаартай гэр бүлийн хэрэгцээний газрыг барьцаалсан. Зээлийн гэрээний 2.11-д заасан зээлдэгч үндсэн зээл, зээлийн хүүг эргэн төлөх графикийн дагуу ББСБ-д төлөх үүрэгтэй. Зээлдэгч үндсэн зээлээ хугацаанд нь төлж барагдуулаагүй тохиолдолд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5, 452 дугаар зүйлийн 452.2-т заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэг хүлээсэн. Мөн зээлийн гэрээнд зээл болон зээлийн хүү төлөх графикийн дагуу cap болгон үндсэн зээл, зээлийн хүүг тогтмол төлж байхаар харилцан тохиролцон зээлдэгч гарын үсэг зурж баталгаажуулсан. Хариуцагч нар нь гэрээний үүргийнхээ дагуу 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр, 2014 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр, мөн сарын 31-ний өдөр, мөн оны 02 дугаар сарын 06-ны өдөр, 03 дугаар сарын 31-ний өдөр, 04 дүгээр сарын 11-ний өдөр, мөн сарын 30-ны өдөр, 05 дугаар сарын 30-ны өдөр, 06 дугаар сарын 30-ны өдөр, 07 дугаар сарын 31-ний өдөр, 10 дугаар сарын 03-ны өдөр, мөн сарын 28, 31-ний өдөр зээлийн хүүнд 13 удаа нийт 6 789 743 төгрөгийн хүү, 122 551 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү, 920 000 төгрөгийн үндсэн зээл төлсөн боловч үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг өнөөдрийг хүртэл төлөөгүй. Зээлдэгч нар зээлийн төлбөрийг эргэн төлөх хуваарийн дагуу төлөхгүй, зээл төлөхөөс санаатай зайлсхийж, ББСБ-ын зүгээс зээлээ төлөх талаар олон удаа сануулж, хугацаа өгч мэдэгдэж байсан. Зээлийн гэрээний хугацаа 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр дуусгавар болсон ч зээлдэгч зээлээ төлөөгүй. Бид хөөцөлдөж байж 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор бүх зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт төлж дуусгана гэсэн тайлбарыг зээлдэгчээс авсан. Зээлдэгч сүүлийн 13 сарын хугацаанд нэг ч төгрөг төлөөгүй байна. Иймд хариуцагч нараас үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 14 080 000 төгрөг, зээлийн хүү 10 825 320 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 656 930 төгрөг, нотариатын төлбөр 26 500 төгрөг, нийт 27 588 750 төгрөгийг барьцаа хөрөнгөөс нь гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нар шүүхэд болон хариуцагч О.Оюунтунгалаг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид “Газар капитал партнерс” ББСБ-аас 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 15 000 000 төгрөг 3.8 хувийн хүүтэй хувийн хэрэглээнд зориулж аваад 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нийт 7 778 864 төгрөг төлсөн. Үүнээс үндсэн зээлд 920 000 төгрөг, 6 758 864 төгрөгийг хүү алдангид тооцож авсан. Бүх алдангийг төлж зээлийн хугацааг сунгах талаар зээл хариуцаж байсан ажилтанд өргөдөл өгөхөд зээл сунгах боломжгүй хүүг зогсоож шүүхэд өгнө гэсэн. 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр дахин зээлээ сунгуулахаар очиж уулзахад н.Болорцэцэг гэх хүн манай зээлийн бүрэлдэхүүн гадуур ажилтай байна, та явж бай, 14 цагт хариу өгье гэсэн. Ингээд зээлийг сунгахгүй, одоо хүү зогсооно шүүхээр шийдвэрлүүлнэ гэсэн. 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр эдийн засагч үндсэн зээл 14 000 080 төгрөг, хүү 4 000 000 төгрөг төл гэсэн. Бид өмнө нь ярьж тохирсноор 14 000 080 төгрөгөө төлнө гэж бодож байсан ч тохирсноо биелүүлэхгүй, хүү нэхэмжилсний улмаас бид шүүхээр шийдвэрлүүлье гэж шийдсэн. Гэвч шүүхэд өгөлгүй удсаны улмаас хүүгийн хэмжээ өссөн. Бид 14 000 080 төгрөг буюу үндсэн зээлээ төлнө гэжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2016/01678 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан О.Оюунтунгалаг, Ж.Эрдэнэчимэг нараас 20 030 802 төгрөгийг гаргуулж “Газар капитал партнерс ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн 7 557 948 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, О.Оюунтунгалаг, Ж.Эрдэнэчимэг нар 20 030 802 төгрөгийг төлөөгүй тохиолдолд Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д заасныг баримтлан үүргийн гүйцэтгэлд барьцаалсан О.Оюунтунгалагийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Сансарын 1 дүгээр гудамж 1 тоот 72 м.кв хувийн сууц, 700 м.кв гэр бүлийн хэрэгцээний газрыг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд мэдэгдэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 258 104 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 295 893 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Шийдвэр хүчин төгөлдөр болмогц шүүхийн шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн захирамжийн үйлчлэл зогсохыг мэдэгдэж шийдвэрлэжээ. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 889 дүгээр магадлалаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2016/01678 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батбаярын гаргасан давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 135 460 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийнн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Хариуцагч нар зээлийн гэрээний хугацаанд нийт 13 удаагийн төлөлтөөр 7 832 294 төгрөгийн төлөлт хийсэнд маргалдаж талууд маргадаггүй. Үүнээс 5 462 930 төгрөгийг гэрээний хугацаанд, 2 369 364 төгрөгийг зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш төлөгдсөн. Уг төлөлтийг гэрээний 4.2.1, 5.1.4-д заасан дагуу хүү, нэмэгдүүлсэн хүүг суутган төлүүлсэн. Иргэний хуульд заасан шаардлагыг хангаж гэрээг байгуулсан бөгөөд шүүхээс талуудын хооронд байгуулсан гэрээний чөлөөт байдлыг үгүйсгэж, гэрээний заалтыг хөндлөнгөөс өөрөөр тайлбарлаж түүнийг шүүхийн шийдвэрээрээ зөвтгөн тулгаж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан зарчмыг алдагдуулж байна. Шийдвэрийн Үндэслэх хэсэгт “Гэрээний хугацаа хэтэрснээс хойш зээлдэгч төгрөг /үүний зөвхөн 9 000 төгрөгийг үндсэн зээлд тооцсон байсан/ төлснийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-д заасны дагуу үндсэн зээлд тооцох нь зүйтэй байна гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Банк бус санхүүгийн байгууллага нь Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөлтэй Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.3-т зааснаар “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн үйл ажиллагааг хуулиар зохицуулна” буюу илүү нарийвчилсан зохицуулалтын хуулиар үйл ажиллагааг зохицуулдаг онцлогтой. “Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль”-аар зохицуулдаг. Гэтэл шүүхээс шийдвэр гаргахдаа хэрэглэх ёстой хуулийг хэрэглэхгүйгээр хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн. Шүүхээс Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасныг үндэслэн хэргийг буруу шийдвэрлэснээс болж үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүний тооцооллыг буруу бодож шийдвэртээ тусгасан. Өөрөөр хэлбэл үндсэн зээлийг 9 742 668 төгрөг, зээлийн хүүг 8 980 021 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 308 113 төгрөг нийт 20 030 802 төгрөгийг гаргуулахаар тооцоолсон. Гэрээний хугацаа 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр дууссан бөгөөд тухайн үед үндсэн зээлийн үлдэгдэл нь 14 089 000 төгрөг байсан. Хугацаа дууссан өдрөөс хойш зээлдэгч нь 2 удаагийн төлөлтөөр нийт 2 369 364 төгрөгийг төлсөн байдаг. Хэрэв Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасны дагуу тооцоолвол хавсралтад заасны дагуу 25 373 341 төгрөг гарч байгаа бөгөөд 5 342 539 төгрөгийг дутуу тооцоолсон байна. Зээлийн хүүг доор томъёогоор тооцоолоход хугацаа дуусах үед зээлийн үлдэгдэл 14 089 000 төгрөг, хүү, нэмэгдүүлсэн хүү, орно. Иймд шийдвэр, магадлал хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч нар хяналтын гомдолдоо: Шийдвэр магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Хариуцагч нар 14 000 080 төгрөгийг төлнө, харин 6 030 722 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. 

ХЯНАВАЛ:

Хоёр шатны шүүх зохигчдын хооронд банк, эрх бүхий этгээдээс олгосон зээлийн гэрээнээс үүссэн эрх зүйн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий хянан шийдвэрлэсэн боловч барьцааны эрхийн талаар хэрэглэвэл зохих хууль хэрэглээгүйг, зөвтгөх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч “Газар капитал партнерс ББСБ” ХХК нь хариуцагч О.Оюунтунгалаг, Ж.Эрдэнэчимэг нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 27 588 750 төгрөг гаргуулах, барьцааны зүйлээс үүргийг хангуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, зээлийн төлбөрт 7 778 864 төгрөг төлсөн байхад нэхэмжлэгч нь үндсэн зээлд 920 000 төгрөгийг, үлдэх хэсгийг зээлийн хүүнд тооцсоноос зээлийн хэмжээ буураагүй, үндсэн зээлээ төлнө гэж маргасан байна.

Зохигчид 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, хариуцагч нар нь нэхэмжлэгчээс 15 000 000 төгрөгийг эргэлтийн хөрөнгө авах зориулалтаар, 12 сарын хугацаатай, сарын 5,3 хувийн хүүтэй нөхцлөөр зээлж, үүргийг хангуулах зорилгоор үл хөдлөх хөрөнгө барьцаалсан байна.

Анхан шатны шүүх талуудын байгуулсан гэрээний нөхцөл, эргэн төлөх зээлийн хэмжээ, хугацаа зэрэг баримтад үндэслэн зээлдэгч нарын төлсөн мөнгийг үндсэн зээл, зээлийн хүүгээс хасаж тооцсныг давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасан зохицуулалтаар хэвээр үлдээжээ.

Зохигчдын хооронд үүссэн маргаантай харилцаанд үүрэг гүйцэтгэх дарааллыг  зохицуулсан Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэг хамааралгүй бөгөөд  хэрэглэх ёстой хууль биш байна. Харин  талууд гэрээний хавсралтаар сар бүр төлөх үндсэн зээл, зээлийн хүүгийн хэмжээг тохирсон байх тул гэрээний энэ тохиролцоог үндэслэн зээлдэгчийн төлсөн мөнгийг үндсэн зээл, хүүд хуваарилан зээлийн үүргийг тодорхойлсон нь  Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д нийцсэн гэж үзэв.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус” хүлээдэг тул зээлдэгч нар хүү төлөхөөс чөлөөлөгдөхгүй юм.

Иймд зээлийн үүргийг буруу тогтоосон гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж өгөхийг хүссэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батбаярын гомдол, зээлийн хүү төлөхгүй, үндсэн зээлээ төлнө гэх хариуцагч О.Оюунтунгалаг, Ж.Эрдэнэчимэг нарын гомдлыг тус тус хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Харин анхан шатны шүүх барьцааны зүйлээс үүргийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагад хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 889 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2016/01678 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...153 дугаар зүйлийн 153.1-ийг...” гэснийг “...175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсгийг...” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батбаярын, хариуцагч О.Оюунтунгалаг, Ж.Эрдэнэчимэг нарын гомдлыг тус тус хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.4.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батбаярын төлсөн 100 431 төгрөг, хариуцагч О.Оюунтунгалаг, Ж.Эрдэнэчимэг нарын төлсөн 100 431 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.                    

 

      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        П.ЗОЛЗАЯА