| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Замбалын Баярмаа |
| Хэргийн индекс | 101/2024/00518/И |
| Дугаар | 101/ШШ2024/02224 |
| Огноо | 2024-04-24 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 101/ШШ2024/02224
2024 04 24 101/ШШ2024/02224
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ц-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Н холбогдох
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нарантуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цэрэнням, гуравдагч этгээдийн төлөөлөгч Н.Гантулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюунцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 сарын 10-ны өдрийн 101/ШШ2021/01773 дугаартай шийдвэрээр хариуцагч СИЗУ ХХК-иас 119.810.355 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.Цагаанхүү надад олгохоор шийдвэрлэсэн бөгөөд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлоор хянан хэлэлцээд 2021.01.24-ний өдрийн 1704 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагч СИЗУ ХХК-иас 79.873.570 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ш.Цагаанхүү надад олгохоор шийдвэрлэсэн.
Хуулийн хүчин төгөлөдөр шүүхийн дээрх шийдвэр магадлалыг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж 2 жил гаруй хугацааны дараа буюу 2023.08.23-ний өдөр төлбөр төлөгч СИЗУ ХХК-иас 38.291.244 төгрөг гаргуулж Ш.Цагаанхүү надад олгосон юм.
Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг хянуулах тухай хариуцагч /төлбөр төлөгч/ СИЗУ ХХК-ийн хүсэлтийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс хянан хэлэлцээд 2023.09.11-ний өдрийн 210/ШТ2023/00545 дугаартай магадлалаар шүүхийн дээрх шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлхээр анхан шатны шүүхэд буцаасан ба одоо уг хэрэг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн ажиллагаанд байна. Дээрх шийдвэрүүдийн улмаас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт байсан төлбөр авагч Ш.Цагаанхүү миний гүйцэтгэх хуудсыг 2023 оны 09 сарын 21-ны өдрийн дугаар 23/10/01 шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол-оор дуусгавар болгосон.
Тус тогтоол гармагц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дээрх миний гүйцэтгэх хуудас дуусгавар болсонтой холбогдуулан үндсэн төлбөр 79.873.570 төгрөгөөс 38.291.244 төгрөгийг төлсөн байсныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1-т Гүйцэтгэгдсэн шийдвэр хүчингүй болсон бол уг шийдвэрээр төлбөр авагчид олгогдсон хөрөнгийг гаргуулж, төлбөр төлөгчид буцаан олгох, боломжгүй тохиолдолд буцаан олгох үеийн ханшаар хөрөнгийн үнийгтогтоон төлбөр авагчаас төлбөр төлөгчид шилжүүлнэ." Гэж заасныг үндэслэж байгаа нэрээр тус Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь ямар ч албан ёсны тогтоол, шийдвэргүйгээр Ш.Цагаанхүү намайг төлбөр төлөгч болгон тогтоож, манай гэрт 2023.09.26-ний өдөр үзлэг, нэгжлэг хийж, телевизор, хөлдөөгч 2-ыг маань 2023.10.16- ний өдөр хураан авч, үнэлгээ хийж, бүх дансыг 38.291.244 төгрөгийн төлбөрийг буцаан гаргуулахаар битүүмжилж хууль бусаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаануудыг явуулж Ш.Цагаанхүү миний эрхийг ноцтой зөрчлөө.
Учир нь хамгийн анхны шийдвэр буюу Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 сарын 10-ны өдрийн 101/ШШ2021/01773 дугаар шийдвэрээр 119.810.355 төгрөг гаргуулах тухай шийдвэрт гүйцэтгэх ажиллагаа явагдаж байх хугацаанд төлбөр төлөгч СИЗУ ХХК нь Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол 'гаргаж, гомдол гаргахдаа 2021 оны 7 дугаар сард хөөн хэлэлцэх хугацаа сэргээгдэж улмаар Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх дээр анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдвэрлэх ажиллагаанд байх хугацаанд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт байсан гүйцэтгэх хуудсыг түдгэлзүүлж, тус түдгэлзүүлсэн хэсэгхэн хугацаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу эрхийг хязгаарлаж битүүмжилсэн 3 ширхэг тээврийн хэрэгслийг бусдад буюу гуравдагч этгээдэд шилжүүлж Ш.Цагаанхүү намайг төлбөрөө авах боломжгүй болгосон.
Ингээд Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2021.11.24-ний өдрийн 1704 дугаар магадлалаар төлбөр төлөгч СИЗУ ХХК-иас авах төлбөр 79.873.570 төгрөг болж анхан шатны шүүхийн шийдвэрээс 39.936.785 төгрөг болгон багасгаж, 2022.03.18-ний өдрийн дугаар00665 гүйцэтгэх хуудасын дагуу дахин төлбөр авах ажиллагаа эхэлсэн. Ингээд тус ажиллагааны дагуу 2023 оны 03 дугаар сард төлбөр төлөгч СИЗУ ХХК-ний нэр дээр нийт 15 ширхэг тээврийн хэрэгсэл бүртгэлтэй гарч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж бусдад, шилжүүлэх, худалдах борлуулах эрх хязгаарлагдаж бусад холбогдох ажиллагаа хийгдэж эхэлсэн. Гэтэл дахин шинээр илэрсэн нөхцөл байдлаар 2 удаа Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд хүсэлт гаргаж, эхний хүсэлт хангагдаагүй. Төлбөр төлөгч СИЗУХХК нь улсаас том том тендерийн барилгын ажил авдаг бөгөөд харин Ш.Цагаанхүү миний хувьд олон жилийн туршлагатай бригадаар ажиллаж ирсэн тул анх итгэж энэ компаний ажлыг хийснийхээ төлөө 2017 онд хийсэн ажлын хөлсөө одоог хүртэл авч чадахгүй, шүүх цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хаалгыг өдөр тутам татаж, хохирч байгаа хүн юм.
Мөн одоо Баянзүрх дүүргийн анхан шатны шүүх дээр байгаа 2023.09.29-ний өдрийн Ш.Цагаанхүү миний нэхэмжлэлтэй СИЗУ ХХК-д холбогдох үлдэгдэл ажлын хөлс 41.582.326 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч, төлбөр төлөгч СИЗУ ХХК нь 3 удаа биелэгдсэн шийдвэрийг цуцлах тухай хүсэлтийг гаргаж 3 удаагийн шүүгчийн захирамжаар дээрх хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, хуульд заасан тохиолдолд бусад байгууллага, албан тушаалтны шүүхээр баталгаажуулсан шийдвэр байна гэж заасан.
Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас албан ёсны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах тогтоол, шийдвэр байхгүй байхад өөрөөр хэлбэл гүйцэтгэх хуудас байхгүй байхад 2023 оны 09 сарын 26-ний өдөр дугаар 22380606/01 Төлбөр төлөгчийн биед болон эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийсэн тухай акт-аар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, хууль бусаар миний бүх дансыг хааж, бие болон орон гэрт үзлэг нэгжлэг хийж, телевизор, хөлдөөгчийг хурааж үнэлгээ хийж байгаа нь Ш.Цагаанхүү миний эрхийг ноцтой зөрчиж, СИЗУХХК-д илтэд давуу байдал олгож дээрх хууль болон бусад хуульд заасан эрхийг ноцтой зөрчиж байна.
Иймд дараахь нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1-т заасныг үндэслэн Ш.Цагаанхүү намайг аль нэг шатны иргэний хэргийн шүүхийн болон холбогдох эрх бүхий байгууллагын ямар нэг албан ёсны шийдвэр, тогтоол, гүйцэтгэх хуудас гараагүй байхад төлбөр төлөгчид тооцон Биелэгдсэн шийдвэрийг цуцлах ажиллагаа-г хууль бусаар явуулж, төлбөр төлөгч СИЗУ ХХК-иас 2023 оны 08 дугаар сард төлбөртөө авсан 38.291.244 төгрөгийг Ш.Цагаанхүү надаас буцаан гаргуулахаар гэрээс Моnеl брэндийн 43 инчийн зурагт, Rowson маркийн хөлдөөгчийг тус тус хураан авч зурагтыг 474.878 төгрөг, хөлдөөгчийг 274.400 төгрөгөөр нийт 749.278 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн ханшаас илтэд багаар үнэлж, мөн гүйцэтгэх хуудасгүй шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаад гомдолтой байна.
Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-ын дээрх хөрөнгүүдэд хууль бусаар хийсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 8.1.4, 8.1.6, 11 дүгээр зүйлийн 11.1., 12 дугаар зүйл бүхэлдээ, 20 дугаар зүйлийн 20.1, 20.1.2, 20.1.3, 20.1.6, 20.1.7, 20.1.9, 20.2, 21 дүгээр зүйлийн 21.1., 21.2, 55 дугаар зүйлийн 55.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 183 дугаар зүйлийн 183.1, 184 дүгээр зүйлийн 184.1, 185 дугаар зүйлийн 185.1.1., 185.1.2-т тус тус заасныг үндэслэн манай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөхгүй байгаа. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 сарын 10-ны өдрийн 101/ШШ2021/01773 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1704 дүгээр магадлалаар Сизу ХХК-иас 119,810,355 төгрөгийг гаргуулжг Ш.Цагаанхүүд олгохоор шийдвэрлэсэн.
Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, төлбөр төлөгч Сизу ХХК-ийн дансыг битүүмжилж, 38,291,244 төгрөгийг гаргуулж таны дансанд шилжүүлсэн.
Тус шийдвэрийн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 210/ШТ2023/00545 дугаар магадлалаар хүчингүй болгосон байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1 дэх хэсэгт зааснаар гүйцэтгэгдсэн шийдвэр хүчингүй болсон бол уг шийдвэрээр төлбөр авагчид олгогдсон хөрөнгийг гаргуулж, төлбөр төлөгчид буцаан олгох гэж заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж байгаа нь хуульд нийцсэн.
Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1 дэх хэсэгт гүйцэтгэгдсэн шийдвэр хүчингүй болсон бол уг шийдвэрээр төлбөр авагчид олгогдсон хөрөнгийг гаргуулж, төлбөр төлөгчид буцаан олгох, боломжгүй тохиолдолд буцаан олгох үеийн ханшаар хөрөнгийн үнийг тогтоон төлбөр авагчаас төлбөр төлөгчид шилжүүлнэ гэж заасны дагуу бид төлбөр авагчийн хөрөнгүүд дээр ажиллагаа хийсэн байгаа.
Иймд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үнэдслэлтэй явагдсан нэхэмжлэл үндэслэлгүй байна гэв.
3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Сизу ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ш.Цагаанхүүгийн нэхэмжлэхтэй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох хэргийн шүүх хуралд гуравдагч этгээдээр оролцож бана.
2023 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Ш.Цагаанхүү түүний өмгөөлөгч Дамба нар давж заалдах шатны шүүх дээр манай гомдлоор хурал болохыг мэдсээр байж ШШГГазрын дансанд түр хугацаагаар татан байршуулсан манай 38 300 000 /Гучин найман сая гурван зуун мянган/ төгрөгийг хууль бус гэмт хэргийн шинжтэй үйлдлээр өөрсдийн данс руу шилжүүлж авсан.
2023 оны 09-р сарын 11 -ний өдөр Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс шинээр илэрсэн нөхцөл байдлаар 2021 оны 06-р сарын 10-ны өдрийн шүүхийн шийдвэрийг цуцалж хэргийг анхан шатны шүүхэд буцаасан.
Үүнтэй холбогдуулан тухайн гарсан шийдвэрээр Ш.Цагаанхүү нь төлбөр төлөгч этгээд болж хувирсан. Үүнийг үндэслэн ШШГГазар нь өөрт оногдсон эрх үүргийнхээ дагуу Ш. Цагаанхүүгийн хөрөнгийг битүүмжлэх үйл ажиллагааг явуулсан нь хууль ёсны гэдгийг би баталж байна. Ш.Цагаанхүүгийн гэмт хэргийн шинжтэй үйлдлээр өөрт шилжүүлж авсан мөнгө нь манайд шууд хохирол учруулсан. Энэ зальтай этгээдүүдийг даврааж болохгүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу хийгдсэн гэв.
4.Хэрэгт нэхэмжлэгчээс, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 сарын 05-ны өдрийн 101/ШЗ2023/22975 дугаартай шүүгчийн захирамж, Ш.Цагаанхүүгийн эзэмшлийн Хаан банкны дансны хуулга, шийдвэр биелүүлэх мэдэгдэл, төлбөр төлөгчийн хөрөнгөд үзлэг хийсэн акт, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 сарын 24-ний өдрийн 1704 дугаартай магадлал, 2023 оны 9 сарын 11-ний өдрийн шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлт хэлэлцсэн тухай 210/ШТ2023/00545 дугаартай тогтоол, төлбөр төлөгчийн банк дахь данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоол, НШШГГ-т гаргасан гомдол, НШШГГ-ын хариу мэдэгдэх хуудас, итгэмжлэл,
хариуцагчаас, эд хөрөнгө битүүмжлэх, хураах тогтоол, шинжээч томилох тухай тогтоол, мэдэгдэл, дансны гүйлгээ шалгуулах тухай албан бичиг, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай албан бичиг, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулах тухай албан бичиг, 2022 оны 3 сарын 18-ны өдрийн 00665 дугаартай гүйцэтгэх хуудас, шүүхийн шийдвэрийн албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын 2022 оны 1 сарын 07-ны өдрийн 00069 дугаартай гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзах тухай тогтоол, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 сарын 10-ны өдрийн 01773 дугаар шүүхийн шийдвэр, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, 2023 оны 7 сарын 24-ний өдрийн 00485 дугаартай давж заалдах шатны шүүхийн тогтоол, 2023 оны 9 сарын 23/10/01 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол, 2023 оны 4 сарын 21-ний өдрийн төлбөр төлөгчийн биед болон эд хөрөнгөд үзлэг нэгжлэг хийсэн тухай акт, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, НШШГГ-ын 2023 оны 9 сарын 25-ны өдрийн Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн тодруулга хүсэх тухай албан бичиг, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 сарын 10-ныөдрийн 2/02153 дугаартай хариу хүргүүлэх тухай албан бичиг, эд хөрөнгө битүүмжлэх, хураах тухай тогтоол зэргийг гаргаж өгсөн байна.
Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Ш.Цагаанхүү нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Биелэгдсэн шийдвэрийг цуцлах ажиллагаа-г хууль бусаар явуулж, Моnеl брэндийн 43 инчийн зурагт, Rowson маркийн хөлдөөгч зэргийг хураан авсан ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох тухай гомдлын шаардлага гаргасныг, хариуцагчаас хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
2.Ш.Цагаанхүүгийн нэхэмжлэлтэй, Сизу ХХК-нд холбогдох 119,810,355 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 сарын 10-ны өдрийн 101/ШШ2021/01773 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 1704 дугаартай магадлалаар хариуцагч Сизу ХХК-иас 79,873,570 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ш.Цагаанхүүд олгохоор шийдвэрлэсэн байна. /хх-ийн 57-65 дугаар тал/
3.Шүүхийн шийдвэрийг гүйцэтгүүлэхээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 сарын 18-ны өдрийн гүйцэтгэх хуудас, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай шүүчийн захирамж олгогдсон байх бөгөөд уг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Хариуцагч Сизу ХХК-иас 38,304,744 төгрөгийг нэхэмжлэгч Ш.Цагаанхүүд шилжүүлсэн байна. /хх-ийн 54-55, 71 дугаар хуудасны ар тал/
4.Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 119,810,355 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй дээрх иргэний хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлтийг хариуцагч Сизу ХХК-иас гаргасан байх бөгөөд Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 201/ШТ2023/00545 дугаартай шүүхийн тогтоолоор хүсэлтийг хангаж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2021/01773 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1704 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэхээр шийдвэрлэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон үйл баримт тогтоогдож байна. /хх-ийн 69-72 дугаар тал/
5.Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2023 оны 9 дүгээр 26-ны Ш.Цагаанхүүгийн эзэмшлийн Sharp брэндийн 42 инчийн зурагт, хөлдөөгч, модон ор, буйдан зэрэгт үзлэг хийж, 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр эд хөрөнгийг битүүмжлэх, хураах тогтоолыг үйлдсэн байна /хх-ийн 75-79 дүгээр тал/
6.нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг шүүхийн тогтоол, шийдвэргүйгээр төлбөр авагчийн хөрөнгөтэй холбоотой ажиллагаа хийж байгаа нь хууль бус гэж тодорхойлсон.
7.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШЗ2023/22975 дугаартай шүүгчийн захирамжаар Сизу ХХК-ийн гаргасан биелэгдсэн шийдвэрийг цуцлах тухай хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна. /хх-ийн 4-5 дугаар тал/
7.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1-д гүйцэтгэгдсэн шийдвэр хүчингүй болсон бол уг шийдвэрээр төлбөр авагчид олгогдсон хөрөнгийг гаргуулж, төлбөр төлөгчид буцаан олгох, боломжгүй тохиолдолд буцаан олгох үеийн ханшаар хөрөнгийн үнийг тогтоон төлбөр авагчаас төлбөр төлөгчид шилжүүлнэ гэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-т Биелэгдсэн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянан шийдвэрлэсэн шүүх хүчингүй болгож байгаа бол биелэгдсэн шийдвэрийг цуцлах тухай асуудлыг тухайн хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхээр шийдвэрүүлэхээр шилжүүлэх үүрэгтэй гэж тус тус заасан.
Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд биелэгдсэн шийдвэрийг цуцлах асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхээр хуулиар зохицуулсан байх бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар гүйцэтгэх арга замыг заасан.
Тодруулбал, шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, хуульд заасан тохиолдолд бусад байгууллага, албан тушаалтны шүүхээр баталгаажуулсан шийдвэр дээр үндэслэгдэх бөгөөд биелэгдсэн шийдвэрийг цуцлах асуудлыг мөн шүүхээр шийдвэрлүүлсний үндсэн дээр хуульд заасан холбогдох ажиллагааг хийх нь зүйтэй байна
Дудсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Ш.Цагаанхүүгийн Моnеl брэндийн 43 инчийн зурагт, Rowson маркийн хөлдөөгч зэргийг битүүмжилж, хураан авчсан ажиллагаа нь хууль бус гэж үзэхээр байна.
Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 182 дугаар зүйлийн 182.1 дэх хэсэгт зааснаар Ш.Цагаанхүүгийн өмчлөлийн Моnеl брэндийн 43 инчийн зурагт, Rowson маркийн хөлдөөгч зэргийг битүүмжилж, хураан авсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Цагаанхүүгийн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Моnеl брэндийн 43 инчийн зурагт, Rowson маркийн хөлдөөгч зэргийг битүүмжилж, хураан авсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ш.Цагаанхүүгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА