Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 129

 

 

 

 

 

 

 

 

2019        09          07                                    129

 

 

А-гийн нэхэмжлэлтэй,

хариуцагч М-д холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 142/ШШ2019/00840 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: М-д холбогдох,

460.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагч М-гийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А-, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

Нэхэмжлэгч А- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 24-ний өдрийн хооронд Мэдээллийн бирж телевизээр оффисын ширээ, авжуурууд шинээр нь зарна гэсэн зар өгсний дагуу 1 хүүхэн ирж сонирхоод авахаар болсон. Өөрийгөө Махбал овогтой Гэрэлмаа гэж танилцуулаад сар бүр 200.000 төгрөг төлөөд авъя гэхээр нь бид хоорондоо гэрээ хийсэн. Ингээд оффис ширээгээ 550.000 төгрөг, болор том авжураа.250.000 төгрөгөөр үнэлж нийт 800.000 төгрөг болж гэрээ хийсэн. Ингээд нэхүүлж байгаад 100.000 төгрөг өгсөн. 1 жилийн дараа бас бөөн юм болж нэхүүлж байж 100.000 төгрөг өгсөн. Дахиад 1 жилийн дараа 2018 онд би эвлэрүүлэн зуучлалд хандсан. Махбалын Гэрэлмаа нь би ирж чадахгүй ирэхгүй гэсэн хариуг өгсөн. Дараа нь М- надруу утасдаж наад шүүхэд өгсөн өргөдлөө хурдан буцааж ав гээд 140.000 төгрөг өгсөн. М- нь 800.000 төгрөг өгөхөөс 340.000 төгрөгийг өгсөн бөгөөд М-гаас үлдэгдэл 460.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч М- шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие иргэн А-гаас нэг ширээ, авжур хоёрыг 850 000 төгрөгөөр хуучин тавилга авсан. Энэ нь дэлгүүрийн үнээс маш өндөр үнээр өгсөн байсан. Тухайн үед би буцаагаад ав гэтэл үгүй ээ хүн авах гэсэн юмыг чи авсан гээд уурласан. Тэрнээс хойш 2017 оны 06 дугаар сараас эхэлж 100.000 төгрөг, 08 дугаар сард 50.000 төгрөг, нэг хонины мах, 10 дугаар сард 180.000 төгрөг, 2018 оны 02 дугаар сард хамгийн сүүлд 140.000 төгрөгийг төлсөн. Одоо би мөнгө төлж чадахгүй. Нийт 650.000 төгрөг өгсөн тул хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 142/ШШ2019/00840 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасныг баримтлан хариуцагч М-гаас 460.000 төгрөг /дөрвөн зуун жаран мянга/ гаргуулан нэхэмжлэгч А-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 21.350 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М-гаас 14.450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А-д, нэхэмжлэгчийн илүү төлсөн 6.900 төгрөгийг төрийн сангийн орлогоос буцааж олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч М- давж заалдсан гомдолдоо:

Миний бие анхан шатны шүүх хуралдаанд албан ёсоор буяны ажилтай болсон талаар өргөдлөө өгсөн боловч анхаарч үзээгүй. Шүүх хуралдаан 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр болсон. Би энэ хүний нэхэмжилсэн мөнгө, шүүх хуралд хариу тайлбар өгсөөр байтал намайг байлцуулахгүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч А- хариуцагч М-д холбогдуулан төлбөр-460.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч “...2017 оны 06 дугаар сараас эхэлж 100.000 төгрөг, 08 дугаар сард 50.000 төгрөг, нэг хонины мах, 10 дугаар сард 180.000 төгрөг, 2018 оны 02 дугаар сард хамгийн сүүлд 140.000 төгрөгийг төлсөн. Нийт 650.000 төгрөг өгсөн тул одоо би мөнгө төлж чадахгүй.“ гэх тайлбар гаргасан байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч М өөрийн гаргасан тайлбар, татгалзлаа нотолж чадаагүй, нотлох баримт бүрдүүлэх, цуглуулах, гаргаж өгөх хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ“ гэж  заасантай нийцсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2 –д “хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох “,  76 дугаар зүйлийн 76.1.2-д “хэргийн болон шүүх хуралдааны оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдэх“ гэж заасны дагуу хариуцагч Ё.Гэрэлмаа нь хэргийн материалтай танилцсан, шүүх хуралдааны тов мэдсэн байх ба түүний гаргасан шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг шүүх “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасан “Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ“ гэх үндэслэл зааж хүлээн авахаас татгалзаж, улмаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэхээргүй байна.

Иймд хариуцагч М-ийн гаргасан “...Би энэ хүний нэхэмжилсэн мөнгө, шүүх хуралд хариу тайлбар өгсөөр байтал намайг байлцуулахгүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна“ гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэргийн болон хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчөөгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 142/ШШ2019/00840 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч М-гийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч М-гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14.500 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.БАТТӨР

ШҮҮГЧИД                                                                         С.УРАНЧИМЭГ

Б.ОЮУНЦЭЦЭГ