Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2022/ДШМ/009

 

*******д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Жаргалсайхан, Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Должинсүрэн нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2021/ШЦТ/292 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлоор *******д холбогдох эрүүгийн 2114000790271 дугаар хэргийг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, ******* овогт *******н *******,  урьд 2019 оны 11 дүгээр сарын 13-нд Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, регистрийн дугаар /*******/,

******* нь “...2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ....... тоотод байх байшинд фейсбүүк цахим орчинд буюу мэдээллийн технологи ашиглан, ашиг олох зорилгоор хөзөр ашиглан, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан...” гэх гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч ******* овогт *******н *******г мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******н *******г зургаан /06/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч *******д  зургаан /06/ сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг  нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Шүүгдэгч ******* нь энэ хэргийн цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1.3-т зааснаар шүүгдэгч *******гаас гэмт хэрэг үйлдэхдээ олсон орлого 9.195.490 төгрөгийг гаргуулж, улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4-д зааснаар *******гаас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гар утасны үнэ 90.000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт шүүгдэгч *******гийн эзэмшлийн Samsung S8 маркийн 1 ширхэг утсыг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг утсыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч *******д буцаан олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж түүний эдлэх ялыг 2021 оны 11 дүгээр сарын 08-ний өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч ******* гаргасан давж заалдах гомдолдоо: Миний бие  Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2021/ШЦТ/292 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Тус шийтгэх тогтоолоор надад 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэл оногдуулсан. Миний хувьд 2020 оны 11 сарын 12-ны өдрөөс өөрийн фэйсбүүк хаягаар техас нэртэй тоглоомыг тоглуулсан 2020 оны 11 сарын 11-ний өдөр улс орон даяар коронавирусын халдварын улмаас хөл хорио тавьсан. Миний хувьд гэртээ хүүхдээ хардаг бөгөөд зарим ажил төрөл гарвал хийж амьжиргаагаа залгуулдаг байсан. гэтэл тухайн цар тахлаас үүдэлтэйгээр элдэв ажил хийж чадахаа больсон. Нялх нойтон хүүхэдтэй, хоол ундны хэрэглээнээс шалтгаалсан амьжиргаа залгуулах мөнгө олох шаардлагатай болж хүмүүс фэйсбүүкээр тоглуулаад байхаар нь болдог юм байх гэж бодоод тоглуулсан. Хийсэн үйлдлээ гэмт хэрэг хийж байна гэж ойлгоогүй, буруу зүйл хийсэндээ маш их гэмшиж харамсаж байна. цагдан хориход орсноос хойш миний биеийн байдал хүндэрч өвдөж зүрхнээс хамааралтай даралт ихсэж цагдан хорих байрны эмч 2-3 удаа түргэн дуудаж үзүүлсэн. Ер нь цагдан хориход гэлтгүй байнга өвддөг байсан тул эмчийн хяналтад байдаг. Хийсэн хэргээ буруу зүйл гэмт хэрэг байсан байна гэдгийг маш сайн ойлгож мэдлээ. Дахиж ийм зүйл хийхгүй. Иймд миний энэ байдлыг харгалзан ял хөнгөрүүлж өгнө үү гэжээ. 

Прокурор ******* тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээнэ үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:  Анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн өөр хөнгөн төрлийн ялаар өөрчилнө үү гэв.

                                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч *******гийн  давж заалдах шатны шүүхэд гаргасан  гомдолд үндэслэн  хэргийг  шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт  тус тус заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах гомдлуудад дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд:

 Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэний дагуу   анхан шатны шүүх нь  шүүгдэгч А. *******г 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар багийн 9-9 тоотод байх байшинд фейсбүүк цахим орчинд буюу мэдээллийн технологи ашиглан, ашиг олох зорилгоор хөзөр ашиглан, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэргийн үйл баримтыг  тогтоож, мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлтэй, зөв болжээ.

Дээрх үйл баримт нь  1 дүгээр хавтаст хэргийн 163-164 дүгээр талд авагдсан

“...******* гэх фейсбүүк хаягаар Live хийж Техас нэртэй мөрийтэй тоглоом тоглуулж байсан.... Нэг тоглохдоо 10000-50000 төгрөгийн хооронд тоглож байсан байх, ...*******, ******* дугаартай дансууд руу шилжүүлж байсан...” гэх гэрч ий мэдүүлэг

1 дүгээр хавтаст хэргийн 169-170 дугаар талд авагдсан “...Би тэр тоглоомд ганц хоёр удаа орж тоглож байсан юм. Тухайн мөнгийг би өөрийн сайн дурын үндсэн дээр хийсэн...” гэх гэрч ын мэдүүлэг

1 дүгээр хавтаст хэргийн 172 талд авагдсан “...2020 оны 11 дүгээр сард ... ******* “миний данс болохгүй байна. та дансаа түр ашиглуулаач, би цахимаар Техас гээд тоглоом тоглуулах гэсэн юм" гэхээр нь ...******* гэсэн данс байгаа гээд интернэт банкных нь кодтой өгсөн...” гэх гэрч гийн мэдүүлэг

1 дүгээр  хавтаст хэргийн 191-192 дугаар талд авагдсан “...******* нь 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 20-ний өдөр хүртэл хугацаанд Хаан банкны *******, ******* тоот данснуудын банкны хуулгаар үзэхэд цахим мөрийтэй тоглоом зохион байгуулж, тоглуулснаар давхардсан тоогоор 1550 хүнээс 67.002.000 /жаран долоон сая хоёр мянган/ төгрөгийн орлого олж, давхардсан тоогоор 310 хүнд 57.456.000 /тавин долоон сая дөрвөн зуун тавин зургаан мянган/ төгрөгийн ёндоо нэрээр /хожил/ буцааж олгосон бөгөөд банкны гүйлгээний хураамжид 350.510 /гурван зуун тавин мянга таван зуун арав/ төгрөг шилжсэн байна.

Хуулиар хориглосон цахим мөрийтэй тоглоомыг зохион байгуулснаар 9.195.490 /есөн сая нэг зуун ерэн таван мянга дөрвөн зуун ерэн / төгрөгийн цэвэр ашиг олсон байна...” гэх Энх-Нахиа ХХК-ийн шинжээчийн  201 дугаар дүгнэлт

 1  дүгээр хавтаст хэргийн 197 дугаар талд авагдсан “....Самсунг-6 гар утас 90.000 төгрөг гэх ...” гэх Энх-Нахиа ХХК-ийн шинжээчийн  201 дугаар дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, дээр дурдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй хэргийг шийдвэрлэхэд хангалттай, прокуророос зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв  байна.

Дээрх нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн нарын  хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн, шүүгдэгч *******д тухайн зүйл ангид  заасан ялын төрөл хэмжээний  хүрээнд   хорих ял  оногдуулсан нь шүүгдэгчийн  үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, учруулсан хохирлын шинж чанар, хувийн байдалд тохирсон, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй  байна.

  Иймд анхан шатны шүүхийн  шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Харин  хувийн байдлыг  харгалзан  хорих ял хөнгөрүүлэн шийдвэрлүүлэхийг хүссэн  шүүгдэгч *******ы давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй буюу энэ гэмт хэрэг нь  олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг болохынхоо хувьд  мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор олон хүнийг хамруулан мөрийтэй тоглох нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан хөрөнгө шударгаар олж авах эрх болон олон нийтийн аюулгүй байдалд хохирол учруулдаг, нийгэмд аюултай байдлыг нь харгалзан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн  болно.       

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн   22.4.2,

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

                зүйлийн 1.1-т заасныг  тус тус  заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2021/ШЦТ/292 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******ы давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ы 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 71 хоногийг түүний  эдлэх ялд  оруулан тооцсугай.        

3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд  нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                                 Б.БОЛОР-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД                                                     Т.ЖАРГАЛСАЙХАН

                                                                                            Г.УЛАМБАЯР