Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 128/ШШ2023/0637

 

2023 08 21 128/ШШ2023/0637

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Болорчимэг, даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Юниверсал голд ХХК /РД:6197914/

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансоёмбо, Э.Сайнсанаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Пүрэвдулам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бүжинлхам нар оролцов.

Хэргийн индекс: 128/2023/0330/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1 Нэхэмжлэгч Юниверсал голд ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/462 дугаартай тушаалын Юниверсал голд ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

2. Хэргийн үйл баримтын тухайд:

2.1. Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн А/263 дугаар тушаалаар Юниверсал голд ХХК-д Богдхан Уулын дархан цаазат газрын Хүүшийн аманд аялал жуулчлалын зориулалтаар 0.27 га газар ашиглах эрхийг 5 жилийн хугацаатай ашиглуулахаар шийдвэрлэж, 2017 оны 09 дүгээр сарын 07-нд улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ олгожээ.

2.2. Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 599 дугаар албан бичгээр Юниверсал голд ХХК нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалт, Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсэг, 29 дүгээр зүйлийн 29.1.10 дахь заалтуудыг зөрчсөн байх тул газар ашиглах эрхийг дуусгавар болгож, гэрчилгээг хүчингүй болгох саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт хүргүүлсэн.

2.3. Дээрх саналыг үндэслэн Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/462 дугаар тушаалаар Юниверсал голд ХХК-д олгосон 0,27 га газрын ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

2.4. Юниверсал голд ХХК-иас 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад гомдол гаргасан бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 08/1153 дугаар албан бичгээр ...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/462 дугаар тушаалаар газар ашиглах эрхийг дуусгавар болгосон байна. Иймд танай компанийн хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна гэх хариуг өгчээ.

2.5. Юниверсал голд ХХК нь 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр маргаан бүхий захиргааны актыг эс зөвшөөрч тус шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн шүүгчийн 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан.

3. Нэхэмжлэгч Юниверсал голд ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

3.1. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн А/263 дугаартай тушаалаар Юниверсал голд ХХК-ийн нэр дээр олгогдсон Хан-Уул дүүргийн Богдхан уулын Дархан цаазат газрын Хүүшийн аманд аялал жуулчлалын зориулалтаар ашиглахаар олгосон 0.27 га газрын эрхийг хүчингүй болгосон бөгөөд тус газрыг хүчингүй болгох үндэслэл нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, Ойн тухайн хуулийн 8 дугаар зүйлийн 8.6-д Хамгаалалтын бүсийн ойд зам гүүр барих, ус, эрчим хүч, холбооны шугам татах, болон түймрээс хамгаалах шороон зурвас гаргах, ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг дэмжихэд чиглэгдсэн арчилгаа, цэвэрлэгээний арга хэмжээг хэрэгжүүлэх, ойн дагалт баялгийг ашиглахаас бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно, мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.10-д ойн сангийн газарт улсын тусгай хэрэгцээний болон ойн аж ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэхээс бусад зориулалтаар барилга байгууламж барих, аливаа объект байрлуулах гэж үндэслэлээр хүчингүй болгосон байгаа нь хууль зүйн үндэслэлгүй Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан илт хууль бус захиргааны акт болсон гэж үзэж байна.

3.2. Газар ашиглах эрх дуусгавар болсон үед хүчингүй болгох тухай тушаал гарсан үндэслэлийн тухайд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн А/263 дугаартай тушаалаар Хан-Уул дүүргийн Богдхан уулын Хүүшийн аманд байрлах 0.27 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар Юниверсал голд ХХК-д 5 жилийн хугацаатайгаар олгосон. Тус газар ашиглах эрх 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр дуусгавар болох байсан тул нэхэмжлэгч Юниверсал голд ХХК нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5-д Газар эзэмшигч дараах эрхтэй, газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах гэж заасны дагуу яам болон зохих газарт нь ашиглах эрхийг сунгаж өгөх хүсэлтийг гаргасан. Улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам Юниверсал голд ХХК-ийн газар ашиглах эрх сунгуулах тухай хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлээгүй, ямар нэгэн хариу өгөөгүй байхад Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/462 дугаартай тушаалаар Юниверсал голд ХХК-ийн нэр дээр олгогдсон 0.27 га газрын ашиглах эрхийг цуцалсан тушаал гарсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яам газар ашиглах эрхийг сунгаагүй хүсэлтийг шийдвэрлээгүй үедээ тус газар ашиглах эрхийг цуцалсан тохиолдолд нэгэнт газар ашиглах хугацаа дуусгавар болсон, хүчингүй газар ашиглах эрхийн гэрчилгээг дахин цуцалж бодит амьдралд хэрэгжих боломжгүй, хууль зүйн үндэслэлгүй захиргааны акт гаргасан байна.

3.3. Сайдын 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/462 дугаартай тушаалын үндэслэлд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлийн тухайд Аялал жуулчлалын зориулалттай газар ашиглахтай холбогдуулан бизнес төлөвлөгөө, төслийн санхүүжилтийг босгох ажлыг хэрэгжүүлэх үед 2020 оноос эхлэн дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахал гарч, хөрөнгө оруулагч нар Монгол улсад орж ирэх боломжгүй, бизнес, аж ахуй нэгжийн үйл ажиллагаа бүрэн хорьсноос болд бид төлөвлөсөн хугацаандаа ажил эхлүүлэх боломжгүй болсон. Аялал жуулчлалын бизнес иргэдийн чөлөөт урсгал, нээлттэй зорчих боломж хангагдсан байдлаас шууд хамаардаг бөгөөд хөрөнгө оруулагчид мөн энэ байдлаас шалтгаалан шийдвэр гаргалтуудаа хийдэг. Манай улс ч мөн энэ нөхцөл байдлыг бүрэн ойлгож эдийн засгийн хямралын эсрэг шат дараалсан олон арга хэмжээ авч байсан ба зээлийн хүүг хойшлуулах гэх мэт олон таатай бодлого гаргаж, улс орноороо хүндрэлийг хүлээж, давах шийдлийг хайсан. Иймд манай компанитай хамтран үйл ажиллагаа явуулдаг гадаад болон дотоодын хөрөнгө оруулагч нар дээрх эрсдэлтэй орчинд өндөр зардалтай хөрөнгө оруулалт хийхээс зайлсхийж байсан.

3.4. Өөрөөр хэлбэл Ковид-19 цар тахлын үед Улсын онцгой комиссоос бүх нийтийн бэлэн байдлын зэрэг шилжүүлсэн хэд хэдэн тогтоол гарч байсан бөгөөд дээрх шийдвэр, тогтоолуудын улмаас гадаад болон дотоодын нислэгүүдийг бүрэн зогсоож, иргэдийг гадуур явах, бизнес эрхлэх зэрэг үйл ажиллагаануудыг бүрэн хориглож, Монгол улсын эдийн засгийн эргэлт тус 2 жил гаруй хугацаанд бүхэлдээ зогссон болно.

3.5. Иймд дээрх хугацаанд ямар нэгэн бизнес болон аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан тул дээрх хугацааг харгалзан үзэлгүй 2 жил дараалан гэрээнд заасан зориулалтын дагуу газраа ашиглаагүй гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна. Сайдын 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/462 дугаартай тушаалын үндэслэлд Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6-д Хамгаалалтын бүсийн ойд зам, гүүр барих, ус, эрчим хүч, холбооны шугам татах болон түймрээс хамгаалах шороон зурвас гаргах, ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг дэмжихэд чиглэгдсэн арчилгаа, цэвэрлэгээний арга хэмжээг хэрэгжүүлэх, ойн дагалт баялгийг ашиглахаас бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно, мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.10-д ойн сангийн газарт улсын тусгай хэрэгцээний болон ойн аж ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэхээс бусад зориулалтаар барилга байгууламж барих, аливаа объект байрлуулах гэх үндэслэлийн тухайд Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т Энэ хуулийн 42.1-д заасан шууд хохирол болон ойг нөхөн сэргээхэд шаардагдах зардлын нөхөн төлбөрийг байгаль орчны хяналтын улсын байцаагч ногдуулж, төлөлтөд хяналт тавина гэж заасны дагуу ойд хориглосон үйл ажиллагаа явуулсан тохиолдолд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байцаагч холбогдох хяналтыг тавьж шийдвэр гаргадаг. Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ойд хориглосон үйл ажиллагаа явуулсантай холбоотой шийдвэр гаргах эрхийг хуулиар олгоогүй болно.

3.6. Юниверсал голд ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/462 дугаартай тушаалыг бичгээр гардаж авсан өдрөөс хойш хуульд заасан хугацаанд Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд гомдол гаргасан бөгөөд тус яамнаас 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 08/1153 дугаартай гомдлын хариу албан бичиг ирсэн. Тус албан бичигт Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/462 дугаар тушаалаар газар ашиглах эрхийг дуусгавар болгосон байна. Иймд танай компанийн хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна гэх хариуг ирүүлсэн.

3.7. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.1.7-д тус тус заасны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/462 дугаартай тушаалын Юниверсал голд ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгохоор тус нэхэмжлэлийг гаргаж байна6 гэжээ.

4. Хариуцагч Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

4.1. "Юниверсал голд ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/462 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг илт хууль бусад тооцуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг тайлбарыг гаргаж байна. эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

4.2. Юниверсал голд ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн А/263 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газарт 0,27 га газрыг ашиглах эрхтэй болсон байдаг. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/462 дугаар тушаалаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалт, Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 29 дүгээр зүйлийн 29.1.10 дахь заалтыг тус тус үндэслэсэн.

4.3. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй. бол эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заасан. Нэхэмжлэгч нь анх 2017 онд газар ашиглах эрхийн гэрчилгээг авч байсан бөгөөд үүнээс хойш 5 жил өнгөрсөн хэдий ч одоог хүртэл газар дээрээ тодорхой үйл ажиллагаа явуулаагүй байна. Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-т Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан ....... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно. гэж тайлбарласан.

4.4. Үүнээс үзвэл Нэхэмжлэгч нь ашиглах эрх бүхий газартаа гэрээнд заагдсан зориулалтын дагуу 2 жил дараалан үйл ажиллагаа явуулаагүй, ашиглаагүй болох нь тодорхой байна. Мөн Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсэгт Хамгаалалтын бүсийн ойд зам, гүүр барих, ус, эрчим хүч, холбооны шугам татах болон түймрээс хамгаалах шороон зурвас гаргах, ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг дэмжихэд чиглэгдсэн арчилгаа, цэвэрлэгээний арга хэмжээг хэрэгжүүлэх, ойн дагалт баялгийг ашиглахаас бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно., 29 дүгээр зүйлийн 29.1.10 дахь заалтад ойн сангийн газарт улсын тусгай хэрэгцээний болон ойн аж ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэхээс бусад зориулалтаар барилга байгууламж барих, аливаа объект байрлуулах;-ыг хориглохоор заасан. Маргаан бүхий актыг дээрх хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан тул эрх зүйн үндэслэлтэй юм.

4.5. Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ нэгэнт газар ашиглах хугацаа дуусгавар болсон, хүчингүй газар ашиглах эрхийн гэрчилгээг дахиж цуцалсан хэмээн дурдсан байх бөгөөд энэ нь нэхэмжлэгчийн газар ашиглах эрх хүчингүй болсныг хүлээн зөвшөөрч байна гэж үзэж байна.

4.6. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь хууль тогтоомжид нийцүүлэн, өөрийн бүрэн эрхийн хүрээнд маргаан бүхий актыг гаргасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгч Юниверсал голд ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэгч хуулийн этгээдэд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн А/263 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Хүүшийн аманд аялал жуулчлалын зориулалтаар 0.27 га газрыг 5 жилийн хугацаагаар ашиглуулахаар шийдвэрлэж, гэрчилгээ олгожээ. /хх-126-128, 41 хуудас/

2. Нэхэмжлэгчийн маргаж байгаа Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/462 дугаар тушаалд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 29 дүгээр зүйлийн 29.1.10 дахь заалтыг тус тус үндэслэж, Юниверсал голд ХХК-д олгосон 0.27 га газрын ашиглах эрхийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 599 дүгээр албан бичгээр ирүүлсэн саналыг үндэслэн газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй, Ойн тухай хууль тогтоомж зөрчсөн үндэслэлээр газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд тус тушаалыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.5, 47.1.6, 47.1.7 дахь заалтад заасан илт хууль бус байх зөрчлийг агуулсан тул илт хууль бус болохыг тогтоох үндэслэлтэй, ...Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д зааснаар иргэн хуулийн этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй. Хууль зөрсөн үйл ажиллагаа хийсэн гэж үзсэн бол нэг заалтаар бид нарыг хууль бус үйл ажиллагаа явуулсан гэсэн мөртөө, хоёр дахь заалтаар 2 жил бид юу ч хийгээгүй байна гэж байна. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дүгээр зүйлийн 47.1.1-д зааснаар утга агуулгын илт алдаатай байгаа юм. Шүүхээс хэргийн газар дээр үзлэг хийсэн. Байгаль орчны тухай хууль болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, бусад хууль тогтоомжийг зөрчсөн үйл ажиллагаа бид нар явуулаагүй. 2017 онд газар ашиглах эрх олгосон байдаг. ...Тайланг баталснаас хойш бид нараас үл шалтгаалаад хоёр төрийн байгууллагаас газар ашиглах гурвалсан гэрээг хүлээгээд, гэрээ байгуулах хүсэлтээ тавьж байсан байдаг. Гэрээ байгуулж үйл ажиллагааг нь зааж өгөөгүй хэр нь 2 жил дараалан үйл ажиллагаа явуулаагүй гэж Газрын тухай хуулийн холбогдох зүйл заалтыг баримталсан нь үндэслэлгүй байна. Бид нараас хууль бус үйлдэл, эс үйлдэхүй гүйцэтгэхийг шаардаад байгаа юм. Захиргааны ерөнхий хуулийн 47.1.5-д заасан илт хууль бус захиргааны акт юм гэж тайлбарлан маргаж байна.

4. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно гээд 47.1.1-д утга агуулгын илэрхий алдаатай;, ...47.1.5-д хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан;, 47.1.6-д иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй;, 47.1.7-д түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй. зэрэг тохиолдолд захиргааны акт илт хууль бус байхаар заасан байна.

5. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт талуудын гаргасан тайлбар зэргээс судлан үзэхэд, маргаж буй Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/462 дугаар тушаалыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.5, 47.1.6, 47.1.7 дахь заалтад заасан үндэслэлээр илт хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

6. Тодруулбал, Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д Хамгаалалтын бүсийн ойд цармын бүслүүрийн ой, тусгай хамгаалалттай газрын болон сургалт, судалгааны зориулалттай ой, ногоон бүс, хориотой зурвасын ой, заган ой, баянбүрдийн ой, 100 га хүртэлх хэмжээний төгөл ой, бут, сөөг, З0 хэмээс илүү налуу газрын ой хамаарна., 8 дугаар зүйлийн 8.6-д Хамгаалалтын бүсийн ойд зам, гүүр барих, ус, эрчим хүч, холбооны шугам татах болон түймрээс хамгаалах шороон зурвас гаргах, ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг дэмжихэд чиглэгдсэн арчилгаа, цэвэрлэгээний арга хэмжээг хэрэгжүүлэх, ойн дагалт баялгийг ашиглахаас бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно., 29 дүгээр зүйлийн 29.1-д Ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг хангах, хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөллөөс ойг хамгаалах зорилгоор дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно: ...29.1.10 ойн сангийн газарт улсын тусгай хэрэгцээний болон ойн аж ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэхээс бусад зориулалтаар барилга байгууламж барих, аливаа объект байрлуулах; гэж тус тус заасан.

7. Нэхэмжлэгч хуулийн этгээдэд Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд ашиглуулахаар шийдвэрлэсэн газар нь ойн сан бүхий газартай давхцалтай болох нь Богдхан уулын дархан цаазат газрын 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 603 тоот албан бичгээр ирүүлсэн кадастрын зураг /хх-157/ хуудас, хариуцагчаас ирүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газрын байршлын зураг /хх-131 хуудас/ зэргээр тогтоогдож байна.

8. Иймд хариуцагч нь анхнаасаа тусгай хамгаалалттай газрын ойн сан бүхий газарт аялал жуулчлалын зориулалтаар ашиглах боломжгүй газрыг нэхэмжлэгч хуулийн этгээдэд ашиглуулахаар шийдвэрлэсэн нь Ойн тухай хуульд нийцэхгүй байх ба уг алдаагаа залруулж нэхэмжлэгч хуулийн этгээдийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь хуульд нийцсэн байна.

9. Маргаан бүхий актад Ойн тухай хуулийн дээрх зүйл заалт болон Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг зэрэг үндэслэл болгосон нь хууль буруу хэрэглэсэн гэж үзэхээр байх бөгөөд утга агуулгын илэрхий алдаатай захиргааны акт гэж үзэх боломжгүй.

10. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5 дахь заалтад зааснаас үзэхэд, тухайн захиргааны акт буюу маргаж буй тушаалаар нэхэмжлэгч Юниверсал голд ХХК-иас хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан байвал түүнийг илт хууль бус гэж үзэх бөгөөд маргаж буй тушаалаар Юниверсал голд ХХК-д олгосон 0.27 га газрын ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэж байгаа нь түүнд хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан гэж үзэх үндэслэлгүй байна.

11. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэдэгт захиргааны актыг ямар нэгэн эрх зүйн үндэслэлгүйгээр гаргах, эсхүл тухайн актад заасан үндэслэл нь хуульд байхгүй буюу хуульд заагаагүй үндэслэлээр эрхэд халдах, эсхүл тухайн үндэслэл болсон хэм хэмжээ нь дээд эрэмбийн хэм хэмжээг зөрчих зэрэг эрх зүйт төрийн хуульд үндэслэх зарчмыг ноцтой зөрчсөн илт хууль бус алдааг ойлгоно.

12. Маргаан бүхий А/462 дугаар тушаалаар Юниверсал голд ХХК-д олгосон 0.27 га газрын ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсэг, 29 дүгээр зүйлийн 29.1.10 дахь заалтыг үндэслэсэн, нэгэнт анхнаасаа ашиглуулах боломжгүй газарт газар ашиглуулах шийдвэр гаргасан нь хуульд нийцэхгүй тул Ойн тухай хуулийг үндэслэл болгон газар ашиглах эрхийг хүчингүй болгосныг иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж үзэх боломжгүй юм.

13. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д заасан бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй захиргааны акт нь хэнд хандсан нь тодорхойгүй, хууль зүйн ямар үр дагавар үүсгэж байгаа нь ойлгомжгүй, үүний улмаас тухайн захиргааны актыг хэн, хэрхэн биелүүлэх нь тодорхойгүй болж, уг актыг бодит байдалд биелүүлэх, хэрэгжүүлэх боломжгүй болсон тохиолдлыг ойлгох бөгөөд ийм акт нь гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэл, үр дагаваргүй, илт хууль бусад тооцогдоно.  

14. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас газар ашиглах эрх дуусгавар болсон байхад дахин хүчингүй болгох тушаал гарсан нь илт хууль бус гэж тайлбарлах боловч нэхэмжлэлийн шаардлага хангагдсанаар нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол эргэж сэргэх хууль зүйн үр дагавар үүсэх учиртай.

15. Маргаж байгаа газар нь ойн хязгаарлалтын бүсэд давхцаж байгаа нь тодорхой энэ нөхцөлд хариуцагчаас Юниверсал голд ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь түүний газар ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.6, 29 дүгээр зүйлийн 29.1.10, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.1, 47.1.5, 47.1.6, 47.1.7 дахь заалтад заасныг тус тус баримтлан Юниверсал голд ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/462 дугаартай тушаалын Юниверсал голд ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ө.БОЛОРЧИМЭГ