Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 00303

 

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж

Улсын яллагч Б.Жавхлантуяа

Хохирогч Э.М хууль ёсны төлөөлөгч Б.Э

Хохирогчийн өмгөөлөгч О.С

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц

Шүүгдэгч Ц.С

Гэрч Б.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3.д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.С холбогдох эрүүгийн  хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1968 оны 03 дугаар сарын 19-ний өдөр  төрсөн, эрэгтэй, 49 настай, бүрэн дунд боловсролтой, холбоочин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 3, эхнэр,  хүүхдийн хамт  оршин суух , гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Ц.С

 

Шүүгдэгч Ц.С нь  2017 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг багийн 4-27 дугаар байрны урдах зам дээр Тоёота Х маркийн 63-62 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлэг 9.2 “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 16 дугаар бүлэг 16.1.5.30 “тэмдэгээр тэмдэглэгдсэн хорооллын доторх хөдөлгөөнд явган зорчигч явган хүний зам буюу зорчих хэсгээр явж болно. Хороолол дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих боловч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад учруулахыг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчин зам тээврийн осол гаргаж явган зорчигч 5 настай Э.М-ийг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Ц.С-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мэдүүлэг өгөхгүй, Яллах дүгнэлтэнд дурьдсан зүйл бүгд үнэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохиролд 3.650. 000 төгрөг төлсөн  гэсэн мэдүүлэг

 

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ... 2017 оны 06 дугаар сарын 10-ний өдөр манай эхнэр 2 хүүхэдтэйгээ цуг гарсан. Эхнэр бага хүүхдийн памперс солих гээд гэртээ орох зуур тухайн хэрэг болсон. Зулайн хэсгээс эрүүний үе хүртэл цууралттай. Энэ гэмтлийн үр дүн 2-10 жилийн дараа гардаг гэж эмч хэлсэн. Эх нялхаст эмчлүүлж байна. Эмчилгээний хувьд физик зүүний эмчилгээ байнга хийгдэж байгаа. Нулимсны булчирхайг сэргээх зориулалттай эмчилгээ хийлгэж байгаа. Эмч нь Хятад улсруу явсан болохоор эмчлүүлж чадахгүй байна. Өөр эмч тусдаа байдаг гэхдээ мэргэшсэн эмчээр эмчлүүлэх шаардлагатай байгаа. Бас хийж чадах эмчийг хайж байна. Зүүн нүд дандаа хуурай байгаад байгаа болохоор байнгын хиймэл нулимс хийгдэж байгаа. Энэ нь яваандаа нүд ширгэх аюултай. Мөн хүүхдийн сэтгэл санаа хүнд байгаа бөгөөд зүүний эмчилгээнээс айгаад уйлаад байна. Ийм болохоор байнга тоглоом дуртай зүйлийг нь авч өгч хуурч байж эмчилгээ хийлгэдэг. Хохиролд 3.650.000 төгрөг авсан. Гаднаас эмчилгээнд хэрэгтэй зүйл их байна. Цаашид эмчилгээний зардалд 800.000-1.000.000 төгрөг гарна. Үүнийг нэхэмжилж байна. Утсаар ярьдаггүй. Эхнэр, ээж, хүүхдийн хувьд эргэж тойроод ирсэн зүйл байхгүй байна. Хүүхдийн сэтгэл зүйн хувьд зүүнээс их айдаг. Аргадахын тул амттай зүйл дуртай тоглоомоор нь хуурч байна. Бензин тосны хувьд их зардал гараагүй. Ойр зуурын хэрэглээнд зардал их гарч байна. Нэг ч удаа бидэн рүү залгаж уучлалт гуйгаагүй. Манай хүүхэд дараа жил сургуульд орох байсан боловч эмч нар 1-2 жил сургуульд явж болохгүй гэсэн. Энэ нь хүүхдийн сурах эрхэнд халдсан хэлбэр гэж үзэж байна. Байнгын нэг хүний хараа хяналтанд байх хэрэгтэй болоод байна гэв.

Гэрч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Зээ хүү маань 5 настай. Охин маань төрөөд сар болж байсан.Тухайн үед би 4-26, 4-27 дугаар байрны голд байдаг замаар гарах гээд явж байтал цагаан өнгийн жижиг машин хурдтай миний урдуур гараад 4-27 дугаар байр руу эргэсэн. Тухайн үед тэр машиныг хурдтай эргэж байна гэж бодоод зам хөндлөн гараад 4-27 дугаар байрны урд ирээд өөрийнхөө зээ хүү Мөнхтэнгэрийг тоглоомын талбай дээр тоглож байна гэж хараад олоогүй. Тэгээд гэрийнх нь цонх руу хараад эргээд талбай руу харахад нөгөө цагаан өнгийн машин хойшоо ухраад зогссоноо жолооч нь буугаад машиныхаа урдаас нэг юм тэвэрч гаргаж ирээд замын боржур дээр тавихаар нь харсан чинь хүүхэд байсан. Тэгэхээр нь би хүний хүүхэд алчихлаа, яах гэж энд тавиад байгаа юм бэ? эмнэлэг рүү яв гэсэн чинь өөрөө машины урдуур ирээд мөргөчихлөө гэсэн. Тэгээд байж байтал миний зээ охин хүрч ирээд эмээ наад хүүхэд чинь  Мөнхтэнгэр байна шүү дээ гэж хэлсэн. Хамар ам чих гээд цус гараагүй зүйл байхгүй байсан тул би өөрөө тухайн үед хүүхдээ таниагүй юм. Би зээ хүүгээ гэдгийг мэдээд орилоод хүүхэд маань үхлээ гээд эмнэлэг явья гэдэг шаардлага тавьсан. Ингээд машин дотор суухад маш их архи үнэртэж байсан. Машинаас нь согтуу хүн гарч ирж байсан. Энэ хүнд гомддог. Эмнэлэг рүү явж байхдаа би жолоочид хурдан яваач ээ гэж хэлэхэд юун сүртэй юм бэ явж л байна шүү дээ, хүүхдийн чинь хамраас жоохон цус гоожиж байна гэж үл тоосон байдалтай байсан. Хүүхдийг маань эмч нар их хүнд байна шүү,сэтгэл зүйн бэлтгэлтэй байгаарай гэж хэлсэн ба энэ мэдээг дуулаад аав, ээж нь ухаан алдаж унаад байсан. Хүүхэд маань 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүртэл сэхээ болон гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлээд 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс Улаанбаатар хотод очиж эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Бидэнд хотод таних, төрөл садан айл байгүй тул бүгдээрээ буудлаар хоноглож хүүхдээ ээлжлэн сахиж байсан. Эмчилгээ, эм тариа, буудлын, хоол унд, унааны гэх мэт маш их зардал гарсан. Би зээ хүүгээ сахиад гэмтлийн эмнэлэг, эх нялхасын эмгэг,согог сэргээн засварлах тасгийн өрөөнд 1 сар болсон. Аав ээж хоёр нь 2 сартай хүүхдээ тэврээд эмнэлгийн гадаа машин дотроо өнждөг байсан. Хүүхдийн өвдөлтөөс болоод би 2 сар нойргүй хонож байсан. Одоо ч эмчилгээ нь үргэлжилж байгаа ч хүүхдийн эмчилгээ тасарч байна. Гардан эмчилж байсан эмч нь Хятад руу явсан. Хүүхдэд гаршаагүй эмч нар байгаа болохоор эмчилгээг нь хийлгэх боломжгүй болоод хэцүү байна. Дараа нь би энэ жолоочоос уучлалт гуйгаад хүүхдийн эмчилгээний зардал хэрэгтэй байгаа гэж хэлсэн. Өөртэй нь 2-3 удаа уулзаад хэлж байсан. Эмч нарын утсыг олоод ярьчихсан мөн манай гэрийн хаягийг олоод мэдчихсэн байдаг байж нэг ч ирээд уулзаад гүйж байгаагүйд нь гомддог. Эмч нар эмчилгээг бол тасралтгүй хийлгэх шаардлагатай гэсэн, зүү тавиулсанаар нэг талын таталт жаахан ч гэсэн гайгүй болж байгаа гэв.

            -Гэрч Ц.Л мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2017 оны  06 дугаар сарын 10-ны өдрийн 18 цагийн үед ажил дээрээ байсан. Би цэвэрлэгээ хийчихээд усаа асгах гээд орцныхоо урд зогсож байтал 4-27, 4-26 дугаар байрны голоор нилээн хурдтай тээврийн хэрэгсэл орж ирээд тоглоомын талбай дээр тоглож байсан хүүхэд зам руу орох үед нөгөө машины жолооч хүүхдийг мөргөсөн юм. Тухайн тээврийн хэрэгсэл нь машиныхаа хамар хэсгээр тухайн хүүхдийг мөргөж унагаасан. Намайг хараад зогсож байхад болсон асуудал юм. Тэр машиныг хэдэн км цагийн хурдтай явсныг би мэдэхгүй, их хурдтай явж байсан   гэсэн мэдүүлэг /хх 62 ху/,

         Гэрч М.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 18-19 цагийн үед гэртээ байж байтал дүү Ангирмаа цонхоор эгээ, эгээ гэж дуудахаар нь яасан юу болов гээд цонхоор харсан чинь зам дээр миний хүүгийн цамцны өнгө нь цухуйхаар нь Далай хүүхэд алаад хаячихлаа гэж орилоод гэрээс гараад ирсэн чинь байхгүй байсан. Зам дээр болон замын хажуу талын хашлага дээр их хэмжээний цус нөжирсөн хэлбэртэй тогтсон байсан. Тэнд байсан хүмүүсээс хүүхдээ асуусан чинь эмнэлэг явсан гэж хэлсэн. Эмнэлэг дээр очиход миний хүүгийн хамар, чих, ам зэргээс нь маш их хэмжээний нөжирсөн цус олгойдож гарч байсан. Би хүүхдээ анх хараад таниагүй. Миний хүүхдийг Сэрээтэргочоо гэдэг хүн маш аймаар болгосон. Эрүүл саруул хүүхдийг минь ийм байдалтай болгосонд маш их гомдож байна гэсэн мэдүүлэг /хх 67-68 ху/,

            Гэрч Б.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ....нөгөө цагаан өнгийн тэрэг чинь хойшоогоо нилээн удаан ухрах үйлдэл хийж байгаад зогссоноо жолооч нь буугаад машиныхаа урдаас нэг юм тэвэрч гаргаж ирээд замын хашлага дээр тавихаар нь харсан чинь хүүхэд байсан. Тэгэхээр нь би чи ямар тэнэг юм бэ? хүний хүүхэд алчихлаа яах гэж энд тавиад байгаа юм бэ, эмнэлэг рүү яв  гэж хэлсэн чинь энэ өөрөө миний машины урдуур хар хурдаараа гүйж ирээд мөргөчихлөө гэж хэлээд хүүхдийг газар тавьчихаад зогсоод байсан. Жаахан байж байсан чинь миний зээ охин гүйж ирээд эмээ наад хүүхэд чинь Мөндөөхөө байна шүү дээ гэж хэлсэн. Тухайн үед би хүүхдээ хараад таниагүй, танихын аргагүй болгосон байсан. Би хүүхдийг мөргөж байхыг хараагүй, мөргөсний дараа ухрах үйлдэл хийж байхыг нь харсан юм гэсэн мэдүүлэг /хх 69-70 ху/   

           Гэрч Н.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 06 дугаар сарын 10-ны орой 19 цагийн үед 4-27 дугаар байрны гадаа өөрийнхөө 2 хүүхдийн хамт тоглоомын талбай дээр байж байхад миний ард тас хийх хүчтэй дуу гарахаар нь эргээд харсан чинь цагаан машин хүүхэд мөргөх шиг болсон. Нөгөө машин хэсэг явж байгаад зогссон, зогссоноо ухрах үйлдэл хийгээд жолооч машинаас буухаар нь та хүүхэд дайрчихлаа шүү дээ гэсэн чинь маш их гайхсан царай гаргаад машинаа тойрч байгаад арынхаа дугуйн дороос нил цус болсон бага насны хүүхэд гаргаж ирээд замын хашлага дээр тавьсан. Тэгээд би тэр хүнд хандаж та одоо эмнэлэг яваарай гэж хэлсэн. Тэгж байтал хүүхдийн эмээ нь орилоод гарч ирсэн. Би ойлгохдоо машины зүүн урд талын хаалгаар дайраад дугуйн дороо оруулаад дээгүүр нь гараад чирээд явсан байна гэж ойлгосон. Би тухайн үед энэ машин хүүхэд дайрчихаад яагаад зогсохгүй байгаа юм бэ? гэж бодож байсан. Намайг эргээд харахад хүүхэд доор нь байсан гэсэн мэдүүлэг /хх 71 ху/,

            Гэрч Б.Ж мөрдөн байцаалтын шатанд өгсөн: С машинаас буугаад машины урдуур тойроод хойд хаалганы орчимоос хүүхэд тэвэрч гаргаж ирсэн гэсэн мэдүүлэг /хх 72 ху/,

            Насанд хүрээгүй гэрч Б.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Цагаан өнгийн машин маш хурдтай манай байр руу орж ирсэн. Тухайн үед М дүү маань машины зогсоолын орчим зогсоод М бид хоёрыг дуудаад гэр рүү оръё гээд хэлээд зогсож байхад нь нөгөө цагаан өнгийн машин миний дүүг урд талаараа мөргөөд дороо оруулаад зогссон юм. Зогсож байгаад буцаж ухраад манай дүүг хойд дугуйны орчмоос гаргаж ирсэн. Машин дороо оруулаад чирээд явсан юм. Энэ үед манай эмээ хүрч ирээд жолооч ахыг чи хүний хүүхэд алаад хаячихлаа гэхээр нь үгүй ээ наад хүүхэд чинь М шүү дээ гэж эмээдээ хэлсэн. Намайг харахад хамраараа мөргөөд унагаасан. Тэр цагаан машин аймаар хурдтай орж ирсэн гэсэн мэдүүлэг /хх 73 ху/

 

-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 546 дугаартай дүгнэлтэнд:

1. Э.М биед гавал тархины битүү гэмтэл, зүүн чамархай болон суурь ясны зөрөөгүй хугарал, тархины эдийн 1 дүгээр зэргийн няцрал, зөөлөн бүрхүүл дор цус харвалт, нүүр, их биеийн зулгаралт зэрэг гэмтэл үүсчээ.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна.

4. Гэмтлийн зэргийн зааврын 3.1.2, 3.1.3-д заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана.

5. Хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх байдлыг эдгэрэлтээс шалтгаалан тогтооно гэжээ. /хх 40 ху/

  • Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 112 дугаартай дүгнэлтэнд:
  1. Шинжилгээнд ирүүлсэн хувцаснуудаас тээврийн хэрэгслийн мөр илэрээгүй.

      2. Шинжлэгдэж буй ногоон өнгийн цамц, ягаан өнгийн фодволк, оймс, сандаалан гутал зэрэг шинээр үүссэн уранхайгүй байна.

      3. Шинжлэгдэж буй эрээн богино өмдний бүслэвчний оёдол дагуу 290 мм хэмжээтэй татаж чангаах үйлчлэлээр үүссэн оёдол оёосоороо ханзарсан уранхай, бүслэвчний зүүн хойд хэсэгт 50х18 мм хэмжээтэй гогдож татах хүчний үйлчлэлээр үүссэн урагдсан уранхай, баруун хойд хэсэгт үүссэн 40х30 мм хэмжээтэй хатуу гадаргуутай харилцан үйлчилсэнээс үүссэн цоорч урагдсан уранхай, баруун хойд халаасны товчинд зурагдсан гэмтэл, дотоожны бүслэвчний дээд оёдол хэсэгт 3 мм, 5 мм хэмжээтэй хатуу гадаргуутай үйлчлэлийн улмаас үүссэн таслагдсан уранхай байна гэх дүгнэлт /хх 48-49 ху/,

-Замын цагдаагийн тасгийн 94 тоот шинжээчийн дүгнэлтэнд:

1. Тоёота Х маркийн 63-62 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч Ц.С нь Тоёота Х маркийн 63-62 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлэг 9.2 “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 16 дугаар бүлэг 16.1.5.30 “тэмдэгээр тэмдэглэгдсэн хорооллын доторх хөдөлгөөнд явган зорчигч явган хүний зам буюу зорчих хэсгээр явж болно. Хороолол дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих боловч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад учруулахыг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэстэй.

2. Явган зорчигч насанд хүрээгүй Э. М нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэж үндэслэлгүй байна.

3. Уг осол нь дүгнэлтийн 1-д зааснаар жолооч Ц.С нь МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн дээрхи заалтуудыг зөрчсөнөөр гарсан байх үндэслэлтэй байна гэсэн дүгнэлт /хх 36 ху/,

-Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 03-07 ху/

           -Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 20-24 ху/

-Ц.С яллагдагчаар татах тухай, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 85-88 ху/

              -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 224 ху/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрхи  нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан,энэ хэрэгт хамааралтай, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

            Шүүгдэгч Ц.С нь 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг багийн 4 дүгээр хороололын 27 дугаар байрны урдах авто зам дээр Тоёота Х маркийн 63-62 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлэг 9.2 “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 16 дугаар бүлэг 16.1.5.30 “тэмдэгээр тэмдэглэгдсэн хорооллын доторх хөдөлгөөнд явган зорчигч явган хүний зам буюу зорчих хэсгээр явж болно. Хороолол дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих боловч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад учруулахыг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчин зам тээврийн осол гаргаж явган зорчигч 5 настай Э.Мг мөргөж эрүүл мэндэд нь гавал тархины битүү гэмтэл, зүүн чамархай болон суурь ясны зөрүүгүй хугарал, тархины эдийн 1 дүгээр няцрал, зөөлөн бүрхүүл дор цус харвалт, нүүр, их биеийн зулгаралт бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э-ийн “...2017 оны 06 дугаар сарын 10-ний өдөр манай эхнэр 2 хүүхэдтэйгээ цуг гарсан. Эхнэр бага хүүхдийн памперс солих гээд гэртээ орох зуур тухайн хэрэг болсон. Зулайн хэсгээс эрүүний үе хүртэл цууралттай, зүүн талын нүдний нулимас нь гарахгүй хуурайшилтай байгаа учир байнга л хиймэл нулимас дусаадаг. Энэ гэмтлийн үр дүн 2-10 жилийн дараа гардаг гэж эмч хэлсэн. Эх нялхаст эмчлүүлж байна, эм тариа нь үнэтэй, олдоц муутай байдаг” гэсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Ц.Л /хх 62 ху/, М.Б /хх 67-68 ху/, Б.Э /хх 69-70 ху/, Н.Б /хх 71 ху/, Б.Ж / хх 72 ху/, насанд хүрээгүй гэрч Б.А / хх 73 ху/ мэдүүлэг, шинжээчийн 546 дугаартай дүгнэлт,  шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

                     Шүүгдэгч Ц.С үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3.д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

            Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэргийг ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдлалд тооцож, түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж үзлээ.

            Хохирогч Б.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг 3.650.000 төгрөгийг төлсөн болохыг мэдүүлж байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөргүй байна гэж үзлээ.

            Харин хохирогч нь хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ногоон өнгийн кант бүхий эмжээртэй саарал өнгийн ханцуйтай хүүхдийн цамц, ягаан өнгийн хагас ханцуйтай цамц, эрээн өнгийн шорт, цэнхэр өнгийн дотоож, эрээн өнгийн оймс, шар өнгийн ултай саарал сандаал зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э-д буцаан олгож, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг дурьдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ц.С Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3.д зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5.д зааснаар шүүгдэгч тэнсэнгийн хугацаанд гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

  4. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.

5. Хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6.д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ногоон өнгийн кант бүхий эмжээртэй саарал өнгийн ханцуйтай хүүхдийн цамц, ягаан өнгийн хагас ханцуйтай цамц, эрээн өнгийн шорт, цэнхэр өнгийн дотоож, эрээн өнгийн оймс, шар өнгийн ултай саарал сандаал зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э-д буцаан олгосугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ