Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2022/ДШМ/010

 

 

*******д

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч Т.Жаргалсайхан, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******, *******

Шүүгдэгч *******

 Нарийн бичгийн дарга Э.Должинсүрэн нарыг оролцуулан;

 Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж шийдвэрлэсэн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2021/ШЦТ/305 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурорын бичсэн эсэргүүцлээр *******д холбогдох эрүүгийн 2114000000317 дугаар хэргийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, ...Жанчив овогт Өлзийхутагийн Батсайхан,  регистрийн дугаар ВЖ93100518

******* нь согтуурсан үедээ 2021 оны 10 дугаар сарын 06-ны шөнө 23 цаг орчим Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 4 дүгээр багт иргэн *******гийн гэрт *******ын толгой, нүүрэн тус газарт нь хөлөөрөө өшиглөн зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн хөмсөгний шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхи, зүүн нүдний дээд, доод зовхи, алимны салст, хацрын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нурууны зулгаралт, чамархай, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Жанчив овогт Өлзийхутагийн Батсайханыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ыг найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Шүүгдэгч ******* хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор бичсэн эсэргүүцэлдээ:

Шүүхийн шийтгэх тогтоолыг 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 11 цаг 55 минутад хүлээн авч танилцаад Эрүүгийн хууль, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Үүнд:

1. Шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...шүүх торгууль төлөх хугацааг хэсэгчлэн төлөх хугацааг заагаагүй хуульд заасан хугацаанд төлж барагдуулах нь зүйтэй гэж үзэж хэсэгчлэн төлөх хугацааг тогтоогоогүй болно. Харин шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлэх нь зүйтэй...” гэж мөн тодорхойлох хэсэгт “...шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлүүлэхээр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ...” гэж тус тус зааж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй...” гэж заажээ.

Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт дурдсан болон тогтоох хэсгийн 3 дахь заалт нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байна гэж үзэхээр байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160.1 дүгээр зүйлд “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй”, 160.2 дугаар зүйлд “Энэ хуулийн 160.1-д заасан хугацаа дуусгавар болоход ялтан торгуулийг төлөөгүй бол шийдвэр гүйцэтгэгч торгуулийг төлж барагдуулаагүй шалтгаан нөхцөлийг судалж, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн зөвшөөрснөөр шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж, ялтны саналыг харгалзан уг хугацаанд торгуулийг төлж барагдуулах хуваарь тогтоож болно”, 160.3 дугаар зүйлд “Энэ хуулийн 160.2-т заасан дагуу тогтоосон хуваарийг ялтан тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулна. Сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлнэ.”,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж тус тус заасан байхад шүүхээс уг хуулийн заалтыг харгалзан үзэхгүйгээр хүчин төгөлдөр болмогц төлүүлэхээр заасан нь эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу ялтан нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор торгох ялыг биелүүлэх нөхцөл бололцоог хааж, ялтны эрхийг зөрчсөн байна гэж үзэхээр байна.

2. Шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...шүүх торгууль төлөх хугацааг хэсэгчлэн төлөх хугацааг заагаагүй хуульд заасан хугацаанд төлж барагдуулах нь зүйтэй гэж үзэж хэсэгчлэн төлөх хугацааг тогтоогоогүй болно. Харин шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлэх нь зүйтэй...” гэж, мөн тодорхойлох хэсэгт “...шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлүүлэхээр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ...” гэж тус тус зааж,

Шүүхээс торгох ялыг хэсэгчлэн төлөх хугацаа заагаагүй атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй...” гэж зөрүүтэй байдлаар тусгаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн зохицуулалтыг зөрчжээ.

Иймд Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2021/ШЦТ/305 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

Прокурор тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******, ******* нар гаргасан саналдаа: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Прокурор *******ын давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлд үндэслэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад:

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2021 оны 10 дугаар сарын 06-ны шөнө 23 цаг орчим Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 4 дүгээр багт иргэн *******гийн гэрт *******ын толгой, нүүрэн тус газарт нь хөлөөрөө өшиглөн зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн хөмсөгний шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхи, зүүн нүдний дээд, доод зовхи, алимны салст, хацрын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нурууны зулгаралт, чамархай, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

 Дээрх үйл баримт нь хавтаст хэргийн 5-7 дугаар талд авагдсан хохирогч *******ын мэдүүлэг, 9-11 дүгээр талд авагдсан гэрч Ж.Эрдэнэхоролын мэдүүлэг, 27-28 дугаар талд авагдсан Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шинжилгээний албаны шинжээчийн 10 дугаар дүгнэлт болон бусад бичмэл нотлох баримтуудаар тогтоогдсон, шүүгдэгч ******* гэмт үйлдлээ хүлээн зөвшөөрч мөрдөн байцаалтад мэдүүлсэн, гэм буруугийн асуудлаар маргаангүй байна.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, дээр дурдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй хэргийг шийдвэрлэхэд хангалттай, прокуророос зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Дээрх нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн, шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан төрөл хэмжээний хүрээнд ял оногдуулсан нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, хохирлын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Харин анхан шатны шүүх *******д оногдуулсан 800.000 төгрөгийн торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох боломжтой, улмаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160.1, 160.2, 160.3-т тус тус зааснаар ******* нь торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх, төлж барагдуулаагүй бол хугацааг сунгуулах, торгуулийн ялыг төлж барагдуулах хуваарь тогтоолгох зэргээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцох эрхтэй байх тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн

1.4-т заасныг тус тус удирдлага болгон

     ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2021/ШЦТ/305 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 800.000 төгрөгөөр торгох ялыг тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэж нэмж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Шийтгэх тогтоолын дугаарлалтыг 3-8 болгон өөрчилсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

             

ДАРГАЛАГЧ Г.УЛАМБАЯР

      ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ

                                                                                                 Б.БОЛОР-ЭРДЭНЭ