2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2026 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2026/ШЦТ/862

 

 

 

 

 

 

 

2026       04          01                                    2026/ШЦТ/862

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Отгонбаатар даргалж,

 

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,

улсын яллагч С.Чимэдцэеэ,

хохирогч Б.Д,

шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч Л.Намнансүрэн нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт О-ын Бт холбогдох эрүүгийн 2509 00000 1379 дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, *************** тоотод оршин суух, урьд,

            Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 839 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял оногдуулж, хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан.

            ******** овогт О-ын Б /регистрийн дугаар: *********/,

 

Холбогдсон хэргийн талаар:

           Шүүгдэгч О.Б нь 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* байрны гадна амралтын хүрээлэнд /сад/ согтуурсан байхдаа хохирогч Б.Дтэй үл ялих шалтгаанаар муудалцаж, биед нь гараар цохих байдлаар халдсаны улмаас биед сээрний 12 дугаар нугалмын их биеийн шахагдсан хугарал, зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн гэмтэл, баруун тохойд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч О.Быг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 2509 00000 1379 дугаартай хэргийг шүүхэд шилжүүлж ирүүлжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр талуудаас гаргасан яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Б.Дөөс зөрчлийн талаар гаргасан гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7 хуудас/,

Хохирогч Б.Дий мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/,

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн ЕГ0725/11384 дугаартай дүгнэлт /хх-ийн 22-25-р хуудас/,

Шүүр шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ЕГ0826/952 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 125-128-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, жолоочийн лавлагаа мэдээлэл, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч С.Чимэдцэеэ: “... Шүүгдэгч О.Б нь 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах **** байрны гадна амралтын хүрээлэнд /сад/ согтуурсан байхдаа хохирогч Б.Дтэй үл ялих шалтгаанаар муудалцаж, биед нь гараар цохих байдлаар халдаж, газар унагасны улмаас түүний биед сээрний 12 дугаар нугалмын их биеийн шахагдсан хугарал, зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн гэмтэл, баруун тохойд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч О.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай...” дүгнэлтийг.

           

Шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч нар: “... гэм буруугийн талаар маргахгүй, хохирлоо төлөхөө илэрхийлж байгаа ...” гэх мэдүүлэг, дүгнэлтийг тус тус гаргасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасныг удирдлага болгон шүүх хуралдаанд яллах, өмгөөлөх талын шинжлэн судалсан хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч О.Б нь 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ******** байрны гадна амралтын хүрээлэнд /сад/ согтуурсан байхдаа хохирогч Б.Дтэй үл ялих шалтгаанаар муудалцаж, биед нь гараар цохих байдлаар халдаж, газар унагасны улмаас түүний биед сээрний 12 дугаар нугалмын их биеийн шахагдсан хугарал, зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн гэмтэл, баруун тохойд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Б.Дий мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2025 оны 08 дугаар сарын 31-ний орой Угтаал дэлгүүрийн хойд талд байрлах саад дээр тамхи ороогоод татах гээд сууж байхад О ирсэн. Тэр хүнтэй юм яриад манайхаар ороод гарахдаа хутга аваад гарсан байна гэхэд юу солиороод байгаа юм гээд өөдөөс хүрч ирээд тулж зогсоод намайг толгойгоороо мөргөсөн, баруун гараараа толгойны зүүн тал руу хүчтэй цохисон. Би цохиулаад газар хүчтэй унасан. Унахдаа нуруугаараа эвгүй унасан. Тэр хүн намайг цохичхоод яваад өгсөн... Цохиулаад унахдаа нуруугаараа маш хүчтэй унасан... гэх мэдүүлэг,

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн ЕГ0725/11384 дугаартай шинжээчийн “...Б.Дий биед сээрний 12 дугаар нугалмын их биеийн шахагдсан хугарал, зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн гэмтэл, баруун тохойд зулгаралт...” бүхий хүндэвтэр гэмтэл учирсан болохыг тогтоосон дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан.

 

Шүүгдэгч О.Б нь хохирогч Б.Дий биед халдсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэр гэж үзнэ. Тодруулбал, О.Б нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн буюу хохирогчийг өшиглөх, цохих үйлдэл хийх нь түүний эрүүл мэндэд хор хөнөөл, сүйтгэл үүсэж болохыг урьдчилан ухамсарлан ойлгож мэдсэн, мэдсээр байж үйлдлээ хэрэгжүүлсэн байна.

 

Энэ үйлдлийн улмаас хохирогч Б.Дий биед хүндэвтэр зэргийн буюу “сээрний 12 дугаар нугалмын их биеийн шахагдсан хугарал, зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн гэмтэл, баруун тохойд зулгаралт” бүхий гэмтэл учирсан болох нь хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгч О.Бын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогджээ.

 

Өөрөөр хэлбэл үйл баримтыг гэрчилсэн хохирогч, шүүгдэгчийг гэмт хэрэгт холбогдуулан зориуд худал мэдүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, түүнчлэн шүүгдэгч О.Бын халдсан гэх цаг хугацаанд хохирогч нь цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл гарган, шүүх шинжилгээний байгууллагад үзүүлэн өөрт учирсан гэмтэл, хохирлыг тогтоолгосон нь түүний биед учирсан гэмтэл, хохирлыг О.Б учруулаагүй гэж үзэх эргэлзээ бүхий баримт тогтоогдсонгүй.

Иймд О.Бын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан, прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

 

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал нөлөөлсөн байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний... эрүүл мэндэд, шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж тус тус заасан.

 

            Хохирогч Б.Д хавтаст хэрэгт баримтаар нэхэмжилсэн хохирлын баримтыг гаргаж бэхжүүлээгүй, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлаагүй болно.

 

Харин Сэтгэл санааны хохирлын хувьд, шинжээчийн 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ЕГ0826/952 дугаартай дүгнэлтээр гэмт хэргийн улмаас Б.Дий сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарсан, түүний биед “сээрний 12 дугаар нугалмын их биеийн шахагдсан хугарал, зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн гэмтэл, баруун тохойд зулгаралт” гэмтлүүд учирсан зэргийг харгалзан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 3,960,000 төгрөгөөр тооцож, шүүгдэгч О.Боос гаргуулан хохирогч Б.Дд олгохоор шийдвэрлэлээ.

 

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч Б.Дий энэ хэргийн улмаас тусламж үйлчилгээ авсан 173,000 төгрөгийг шүүгдэгч О.Б нь Эрүүл мэндийн даатгалын санд төлсөн болохыг дурдав.

 

Хохирогч Б.Д энэ гэмт хэргийн улмаас эмчилгээ хийлгэсэн, цаашид хийлгэх эмчилгээний баримтаа тус тус бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч О.Боос нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч: “... Шүүгдэгч О.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай...” гэх дүгнэлтийг,

 

            Шүүгдэгч О.Б: “...Хэлэх зүйлгүй...” гэх,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Мөрдөн шалгах ажиллагаа явцад ямар нэгэн саад учруулахгүгээр оролцож ирсэн. Дахин цаашид ийм үйлдэл гаргахгүй байх, цаашид хүнтэй харилцах зэрэгт анхаар байгаа. Хувийн байдал талаас нь эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзээсэй гэж хүсэж байна. Хохирлын хэмжээ тодорхой байсан бол Б нь төлөөд явах байсан байх. Хэрэг шүүх дээр ирсний дараагаар хэргийн материалтай танилцаад Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг нөхөн төлсөн байгаа. Одоогоор шууд гаргаад өгөх мөнгө байхгүй учраас шүүхээс тогтоосон сэтгэцэд учирсан хохирлын мөнгийг нөхөн төлөхөө илэрхийлж оролцож байна. Б нь 3 хүүхэдтэй. Барилгын ажил хийж амьдралаа авч явж байгаа. Одоо зуны цаг болж байгаа учир барилгын ажил ихсэж байгаа. Энэ бүгдийг харгалзан үзэж торгуулийн ял оногдуулж хамгийн доо хэмжээгээр тооцож 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр тогтоож 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү...” гэх,

 

Хохирогч: “...Б Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт ажилладаг гэдгийг нь мэдэж байгаа. Барилгын ажил хийдэг гэдгийг бас мэднэ. Намайг гэмтэл авсан байхад нэг ч удаа эргэж ирээгүй...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлагыг “дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж тус тус хуульчилсан.

 

            Шүүгдэгч О.Быг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн эрүүгийн хариуцлагаас торгох ялыг сонгон оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзэв.

           

Шүүгдэгч О.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан “...хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн...” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч О.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

                                                                                                

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ********* овогт О-ын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч О.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянга таван зуу /1500/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.Бт оногдуулсан торгох ялыг зургаа (6) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.Бт нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дугаар зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Боос 3,960,000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Дд олгуулсугай.

 

7. Хохирогч Б.Д энэ гэмт хэргийн улмаас эмчилгээ хийлгэсэн, цаашид хийлгэх эмчилгээний баримтаа тус тус бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч О.Боос нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Бт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                М.ОТГОНБААТАР