| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 102/2023/04136/И |
| Дугаар | 102/ШШ2024/00157 |
| Огноо | 2024-01-08 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 102/ШШ2024/00157
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Х СӨХ
Хариуцагч: У
Нэхэмжлэлийн шаардлага: 719,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогч:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Р.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.,
/Нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Х СӨХ нь хариуцагч Э-аас 719,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Тус байрны оршин суугч Э- нь 2019 оны 12 дугаар сараас 2023 оны 8 дугаар сар хүртэл сууц өмчлөгчдийн холбооны төлбөр төлөөгүй. ХСӨХ нь төлбөрөө төлөх талаар удаа дараа шаардаж мэдэгдэх хуудас явуулсан боловч өнөөдрийг хүртэл дундын өмчлөлийн талбайн засвар, үйлчилгээ, лифт, жижүүр орцны цэвэрлэгээ, хог, ариутгалын төлбөрийг төлөөгүй СӨХ-д хохирол учруулж байна. Үүнд: 2019 оны 12 сараас 2020 оны 9 дүгээр сар хүртэл сард 14,500 төгрөг, нийт 10 сарын 145,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сараас 2020 оны 11 дүгээр сар хүртэл сард 16,500 төгрөг, нийт 2 сарын 33,000 төгрөг, 2020 оны 12 дугаар сараас 2021 оны 8 дугаар сар хүртэл сард 14,500 төгрөг, нийт 9 сарын 130,500 төгрөг, 2019 оны 9 дүгээр сар 9,500 төгрөг, 2021 оны 10 дугаар сараас 2021 оны 12 дугаар сар хүртэл сард 14,500 төгрөг, нийт 3 сарын 43,500 төгрөг, 2022 оны 1 дүгээр сараас 2023 оны 5 дугаар сар хүртэл сард 16,500 төгрөг, нийт 17 сарын 280,500 төгрөг, 2023 оны 6 дугаар сараас 2023 оны 8 дугаар сар хүртэл сард 25,700 төгрөг, нийт 3 сарын 77,100 төгрөг нийт сууц өмчлөгчдийн холбоонд 719,100 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулаагүй байгаа тул Э-аас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх 1/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 2/, СӨХ-ны гэрчилгээний хуулбар /хх 3/, Х СӨХ-ны Удирдах зөвлөлийн 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 3 дугаар Ажилд томилох тухай тушаал /хх 4/, итгэмжлэл /хх 5/, Төрийн банкны нэхэмжлэх /хх 6-10/.
3. Хариуцагчаас тайлбар болон нотлох баримт гаргаж өгөөгүй.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ХСӨХ нь хариуцагч Э-д холбогдуулан СӨХ-ны төлбөрт нийт 719,100 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогч шүүхэд үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй, нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй бол хүлээн зөвшөөрсөнд тооцохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсгүүдэд заажээ.
Хариуцагч талаас нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлага, холбогдох нотлох баримтуудыг зөвшөөрсөн, эс зөвшөөрсөн талаар бичгийн тайлбарыг нотлох баримтын хамт шүүхэд ирүүлээгүй, ямар нэг байдлаар эсэргүүцээгүй.
Шүүхээс зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад дараах үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
1. Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4-т зааснаар орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна гэж, Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д орон сууц гэж хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн болон амины орон сууцны байшин, сууц, гэрийг хэлнэ гэж тус тус заасан байна. Эдгээр хуулийн заалтуудаас үзэхэд орон сууцны зориулалттай сууц өмчлөгч нь заавал Сууц өмчлөгчдийн холбооны гишүүн байхаар зохицуулжээ.
Хариуцагч Э- нь Б дүүрэг, + дугаар хороо, + хотхон, + байр + тоотод оршин суудаг эсэх талаараа маргаагүй бөгөөд тухайн орон сууц нь ХСӨХ-д харьяалагддаг болох нь тус холбоог 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдөр сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэсэн № тоот гэрчилгээгээр тогтоогдож байна. Иймд хариуцагч нь ХСӨХ-ны гишүүн байна.
Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар гишүүн нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй ба мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар орон сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний зардлыг санхүүжүүлэхэд оролцох ёстой.
2. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-т тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар хуульчилсан. Энэ хугацаанд нэхэмжлэгч дээрх төлбөрийг шаардах, шаардлага гаргах эрхээ хэрэгжүүлээгүй, хариуцагч үүргийг зөвшөөрөөгүй бол Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хариуцагч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй.
Нэхэмжлэлийн шаардлагаас 2019 оны 12 дугаар сараас 2020 оны 7 дугаар сар хүртэл хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон төлбөр болох 116,000 төгрөгийг нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацаанд шаардаагүй, хариуцагч төлөхийг зөвшөөрөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас энэ хэмжээнд хэрэгсэхгүй болгоно.
3. Харин дээр дурдсанчлан орон сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэг хүлээх тул хариуцагчаас 2020 оны 8 дугаар сараас 2023 оны 8 дугаар сарын хугацааны төлбөрт 603,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
Иймд хариуцагч Э-аас 603,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХСӨХ-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 116,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,808 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э-аас 18,743 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХСӨХ-нд олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Э-аас 603,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х СӨХ-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 116,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,808 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э-аас 18,743 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХСӨХ-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.