| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 102/2023/04742/И |
| Дугаар | 102/ШШ2024/00158 |
| Огноо | 2024-01-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 102/ШШ2024/00158
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Т
Хариуцагч: Э
Нэхэмжлэлийн шаардлага: 1,165,100 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогч:
Нэхэмжлэгч Т,
Хариуцагч Э,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга А хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т нь хариуцагч Э-ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,165,100 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие нь 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Э-д 1,000,000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, 7 сарын хугацаатай зээлүүлсэн. Хүү нь 420,000 төгрөг болно. Мөнгөө төлөөгүй хугацаа хэтэрсэн тохиолдолд өдрийн 0,5 хувийн алданги тооцохоор гэрээ байгуулсан. Нийт 1,420,000 болсон. Үүний алданги нь 710,000 төгрөг, нийтдээ 2,130,000 төгрөг болсон. Зээлийн хугацаа дуусаж мөнгөө төлөхгүй байхаар нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа 1,000,000 төгрөгийг төлсөн. Иймд Э-аас үлдсэн 1,130,000 төгрөг, Баянзүрх дүүргийн шүүхэд эрэн сурвалжлуулсаны улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийн тал хувь болох 35,100 төгрөг, нийт 1,165,100 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Т-ын тус шүүхэд гаргасан 1,130,000 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй танилцаад эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Миний бие 2020 оны 10 дугаар сард иргэн Т-аас 1,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай зээлсэн. Бидний хооронд бичгээр хийж байсан зүйл байхгүй. Харин амаар хүү төлөхөөр тохирч байсан. Тухайн зээлийн төлбөрийг миний бие Т-ын Хаан банкны дансанд төлж барагдуулсан байдаг. Гэтэл Т нь зээлийн гэрээ бичгээр байгуулж байсан мэтээр хуурамч гарын үсэгтэй баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна. Тиймээс Т-н зээлийн төлбөрт 1,130,000 төгрөгийг надаас гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх 1/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 2/, Зээлийн гэрээ /хх 3/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 4/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн ШШ дугаар захирамж /хх 5-6/.
4. Хариуцагчаас шүүхэд баримт гаргаж өгөөгүй.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Т-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Т нь хариуцагч Э-д холбогдуулж 1,165,100 төгрөг гаргуулах тухай шаардлагыг гаргасан. Нэхэмжлэгчийн зүгээс өөрийн шаардлагын үндэслэлээ 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Э-ад 1,000,000 төгрөгийг, сарын 6 хувийн хүүтэй, 7 сарын хугацаатай зээлүүлсэн. Хүү нь 420,000 төгрөг болно. Мөнгөө төлөөгүй хугацаа хэтэрсэн тохиолдолд өдрийн 0,5 хувийн алданги тооцохоор гэрээ байгуулсан гэж тодорхойлсон.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Миний бие 2020 оны 10 дугаар сард иргэн Т-аас 1,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай зээлсэн. Бидний хооронд бичгээр хийж байсан зүйл байхгүй. Харин амаар хүү төлөхөөр тохирч байсан. Тухайн зээлийн төлбөрийг миний бие Т-н Хаан банкны дансанд төлж барагдуулсан гэж тайлбарласан.
4. З , аар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Хариуцагчийн ...Миний бие 2020 оны 10 дугаар сард иргэн Т-аас 1,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай зээлсэн гэх тайлбар болон нэхэмжлэгчийн ...2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Э-ад 1,000,000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, 7 сарын хугацаатай зээлүүлсэн гэх тайлбар, нэхэмжлэгчийн Хаан банк ХК дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг харьцуулан үзвэл хариуцагчийг нэхэмжлэгчээс 1,000,000 төгрөгийг зээлсэн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь зээл 1,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлэх, хариуцагч нь зээлийг нэхэмжлэгчид буцаан төлөх үүрэгтэй.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно. Иймд нэхэмжлэгч нь зээл 1,000,000 төгрөгийг Хаан банк ХК дахь хариуцагчийн данс руу шилжүүлсэн байх тул талуудын хооронд зээлийн гэрээг байгуулсан тооцохоос гадна нэхэмжлэгчийг мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан мөнгө шилжүүлэх үүргээ биелүүлсэн гэж үзнэ. Иймд нэхэмжлэгчид Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу зээлсэн мөнгөө буцаан шаардах эрх бий болсон гэж үзнэ.
4.2. Нэхэмжлэгч Т-аас 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хариуцагчийн Хаан банк ХК дахь 5087041144 дугаар данс руу 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн нь нэхэмжлэгчийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож байхаас гадна хариуцагч нь дээрх дансыг өөрийн данс мөн эсэхэд болон 1,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс шилжүүлж авсан үйл баримтын талаар маргаагүй. /хх 4 дүгээр тал/
Хариуцагч нь нэхэмжлэгч Т-аас зээлсэн 1,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлсөн, бид бичгээр гэрээ байгуулж байгаагүй гэж маргасан.
Хэрэгт авагдсан Зээлийн гэрээ гэх нотлох баримтаас үзвэл нэхэмжлэгч болон хариуцагч нар 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, хариуцагч нь 1,000,000 төгрөгийг, 7 сарын хугацаатай, 6 хувийн хүүтэй зээлж, зээлийн хугацаа дуусч мөнгөө төлөхгүй тохиолдолд өдрийн 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцсон байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгүүдэд зааснаар хэргийн оролцогч өөрийн шаардлага болон татгалзлаа нотлох, нотлох баримтаа шүүхэд өөрөө цуглуулан гаргаж өгөх үүрэгтэй. Хэдийгээр хариуцагчаас ...бичгээр гэрээ байгуулж байгаагүй гэсэн тайлбарыг шүүхэд гаргасан боловч энэхүү тайлбараа баримтаар нотолж чадаагүй болно.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, 282.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан бөгөөд мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэсэн байна.
2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн зээлийн гэрээгээр талууд 1 сарын зээлийн хүүг 6 хувиар тохирсон нь хууль зөрчөөгүй. Талууд зээлийн гэрээний үргэлжлэх хугацааг 7 сар буюу 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл гэж тодорхойлсон ба уг хугацааг сунгасан нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсонгүй. Иймд нэхэмжлэгч гэрээгээр тохирсон хугацааны хүүг шаардах эрхтэй. Ийнхүү тооцоход 7 сарын хугацааны хүү 420,000 төгрөг болж байх бөгөөд уг мөнгийг нэхэмжлэгч Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3 дахь хэсгүүдэд заасны дагуу шаардах эрхтэй.
4.3. Талууд зээлийн гэрээгээр алдангийг харилцан тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ, 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасантай харшлаагүй байх тул гэрээний хариуцлага буюу алдангийг нэхэмжлэгч тал хариуцагчаас шаардах эрх нэхэмжлэгчид үүсчээ.
4.4. Хариуцагчаас 35,100 төгрөг гаргуулах тухай шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч ...Баянзүрх дүүргийн шүүхэд эрэн сурвалжлуулсаны улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийн тал хувь болох 35,100 төгрөг гэж тайлбарласан.
Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан байдаг.
Нэхэмжлэгч Т нь дээрх гэрээний үүргийг шаардан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон ба нэхэмжлэгчээс хариуцагч Э-ыг эрэн сурвалжлуулж, оршин байгаа газрыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа хариуцагчийн хаяг тодорхой болсон учир нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 1ШШ дугаар захирамжаар тогтоогдож байна. Дээрх бичгийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч Т нь хариуцагч Э-ыг эрэн сурвалжлуулах гэж шүүхэд хандахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлж, буцаан аваагүй 35,100 төгрөгийг гэрээний үүргээ хариуцагч биелүүлээгүйгээс учирсан хохиролд тооцон шаардах эрхтэй байна.
4.5. Иймд хариуцагч Э-аас 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт 7 сарын хүү 420,000 төгрөг, алданги 710,000 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 35,100 төгрөг, нийт 1,165,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т-т олгохоор шийдвэрлэх нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгүүдэд нийцнэ гэж шүүх үзлээ.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32,512 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 32,512 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э-аас 1,165,100 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т-т олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32,512 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 32,512 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т-т олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.