Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 158/ШШ2023/0045

 

 

                                                          

 

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Булган аймгийн Сэлэнгэ сумын иргэн, Сайн хувьт овогт Цэндийн Баатар,

            Хариуцагч: Булган аймгийн Сэлэнгэ сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурал хоорондын “Булган аймгийн Сэлэнгэ сумын иргэдийн төлөөлөгчдийн 10 дугаар хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 10/03 дугаартай тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлагатай маргааныг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Баатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Отгонжаргал, хариуцагч Сэлэнгэ сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Эрдэнэдалай, хариуцагчийн өмгөөлөгч М.Даваасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энхмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч Ц.Баатар нь “Булган аймгийн Сэлэнгэ сумын иргэдийн төлөөлөгчдийн 10 дугаар хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 10/03 дугаартай тогтоолыг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
  2. Нэхэмжлэгчээс 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “маргаан бүхий захиргааны актыг хууль бус болохыг тогтоож” гэж, 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр “2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс хойшхи ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” гэж тус тус нэмэгдүүлсэн байна. 
  3. Нэхэмжлэлийн үндэслэл: “
    1. Сэлэнгэ сумын 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд ороогүй саналыг хэлэлцэж шийдвэр гаргасан,
    2. Сумын иргэдийн нийт эрх ашиг сонирхлыг хөндсөн, тэдний төлөөлөх эрхээ хэрэгжүүлэх эрхийг хязгаарласан, улс төрийн шалтгаанаар төрийн үйл ажиллагааг хэвийн явуулах боломжгүй болгож, Хурлын даргыг хууль бусаар огцруулсан тул мөн өдрийн 10/03 дугаартай тогтоолыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох нь зүйтэй,
    3. Дээрх хууль бус шийдвэрийн улмаас  миний хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн тул ажилгүй байсан хугацааны цалин нөхөн олговрыг буруутай албан тушаалтнаас гаргуулах” гэж тодорхойлсон. 
  4. Хариуцагч Булган аймгийн Сэлэнгэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга (Ц.Эрдэнэдалай)-аас нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан дараах хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна. Үүнд: “
    1. Нэхэмжлэгч  Ц.Баатар нь 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр болсон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 10 дугаар хуралдаанд биечлэн оролцож, тус хуралдаанаас гарсан шийдвэрийг мөн өдөр нь мэдсэн,
    2. Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмж авахаар бүртгүүлсэн нь баримтаар тогтоогдож байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн, нэхэмжлэл гаргах эрхгүй,
    3. Хурлын даргыг огцруулах асуудлыг хэлэлцүүлэхээр санал хүргүүлж, хуралдаанд оролцсон нийт төлөөлөгчдийн саналаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд тусгуулан нэмэлтээр хэлэлцүүлэхээр болсон нь хууль зөрчөөгүй тул маргаан бүхий 10/03 дугаартай Сэлэнгэ сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.

Шүүх хуралдаанд:

  1. Нэхэмжлэгч тайлбартаа: “Намайг ... Ц.Баатар гэдэг. Булган аймгийн Сэлэнгэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгогдож ... бүрэн эрхийн дагуу ажлаа хэрэгжүүлж байсан. Энэ хугацаанд хууль зөрчсөн болон ёс зүй, нийгмийн эрх ашгийг хөндсөн ямар нэгэн асуудал гаргаагүй. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуулийн дагуу хуралдах байсан. Сумын иргэдийн эрх ашгийн төлөө 18 асуудлыг хэлэлцэхээр ажиллаж байсан. ...Зөвлөлийн хурлаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын товыг тогтсон. Гэтэл нэр бүхий төлөөлөгч нараас Хурлын даргыг огцруулах тухай санал гаргасан. Би энэ асуудлыг хэлэлцэж болно тэгэхдээ энэ Хурлаар хэлэлцэх боломжгүй гэж хэлсэн. Гэтэл төлөөлөгч нар Хурал дээр энэ асуудлыг мөн оруулж ирж ярьсан. Намайг шантаачилсан шаардлага тавьсан. Би Үндсэн хууль, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг хүндэтгэж, аргагүй байдалд орсон. Төлөөлөгч нар Хурал үймүүлээд байсан тул Хурлыг дахин зарлаж энэ асуудлыг хэлэлцсэн. Энэ асуудлыг бүтэн өдөр хэлэлцсэн. Би төрийн албыг хүндэтгэсэн. Мөн Хурлын үйл ажиллагаа тасралтгүй явах ёстой. Ганцхан миний асуудлыг хэлэлцээд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тарах асуудал үүсвэл яах вэ гээд уг албан тушаалыг өгсөн. Үндсэн хуульт байгууллага буюу иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хэвийн үйл ажиллагаа руу дайрч, хууль бусаар Хурлын даргын албан тушаалыг авсан. Монгол улс хуультай. Энэ асуудлыг хуулийн дагуу шийдүүлнэ гэж хэлээд би шүүхэд хандсан. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 10/03 тогтоол хууль бусаар гарсан тул хүчингүй болгуулна. Мөн ажилгүй байсан хугацаанд санхүүгийн хохиролтой байсан тул нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль шинээр хэрэгжээд явж байгаа. Энэ нөхцөлд хувийн байдлаар төр, захиргааны байгууллагын үйл ажиллагааг үймүүлж, Хурлын даргыг огцруулж болдог юм байна гэсэн буруу жишиг тогтох вий гэж бодоод шүүхэд хандсан. Би албан үүргээ гүйцэтгэж байхдаа алдаа гаргаагүй. ...Хурлаар миний ажлыг ...84 хувиар дүгнэсэн. Хурлын дарга ганцаараа шийдвэр гаргадаггүй. Асуудлыг хороодоор хэлэлцдэг. Гэтэл ганцхан намайг ажлаа хангалтгүй хийсэн, Засаг даргын үйл ажиллагаанд хяналт тавиагүй гэж үзэж огцруулсан. Энэ асуудлыг холбогдох хуулийн байгууллагууд шалгаад ...Прокурорын тогтоол гарсан байдаг. Би буруутай үйл ажиллагаа явуулаагүй. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан үйл ажиллагааг явуулсан. Хуулиас гадуур зүйл хийгээгүй. Би хуульч хүн тул мэдэж байгаа. ...Эрдэнэдалай даргыг сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга гэдэг утгаар нь хариуцагчаар татсан юм. Хувь иргэнийх нь тухайд хариуцагчаар тодорхойлоогүй. Тийм болохоор миний нэхэмжлэлийн хариуцагч нь Сэлэнгэ сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурал юм...” гэв.
  2. Хариуцагч хариу тайлбартаа: “...Төлөөлөгч нарыг хууль бусаар өөрийг нь огцруулсан гэж байна. Төлөөлөгч нар 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр өргөх бичиг өгсөн. 07-ны өдөр иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдах боломжгүй гээд хойшлогдсон. 14-ний өдөр төлөөлөгч нар дахиад өргөх бичиг барьсан. 21-ний өдөр 10 дугаар хуралдаан эхэлсэн. Төлөөлөгч нарын ирц бараг 100 хувь байсан. Хурал эхлэхэд 19 төлөөлөгч ирсэн, хурлын явц дунд 2 төлөөлөгч ирж ирц 100 хувь болсон. Хурлаар хэлэлцэх асуудалд зохион байгуулалтын асуудлыг оруулсан. Үүнийг хэлэлцэх асуудлын нэгт оруулж, хуралдаан үргэлжилсэн. Уг асуудлын санал хураалтаар 13 төлөөлөгч дэмжиж, Хурлын дарга Ц.Баатарыг огцруулсан. ...10/03 тогтоолд алдаа гарсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцын дунд тогтоогдсон. Хурлын зүгээс тогтоолд залруулга хийж, ...Оюунбат төлөөлөгчөөр албан ёсоор тогтоолд гарын үсэг зуруулсан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлд захиргааны актын илэрхий алдааг засах гэж заасан. Тогтоолын утга агуулга өөрчлөгдөөгүй. Гарын үсэгт алдаа гарсныг залруулга хийсэн” гэв.
  3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ: “”маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагад Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хариуцагч учраас ИТХурлыг энэ маргаанд хариуцагчаар татсан. Харин Эрдэнэдалай гэдэг хүнийг тухайн сумын Хурлыг төлөөлүүлж оруулж ирсэн. Хариуцагчийг төлөөлж байгаа этгээд нь юм. ...иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 11 дүгээр сарын 21-ний өдрийн 10/03 дугаартай захиргааны актыг хүчингүй болгуулах шаардлага гаргаж, захиргааны актыг хууль бус болохыг тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэх шаардлага гаргасан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд захиргааны актыг хүчингүй болгуулах нь хууль бус байдлын улмаас хүчингүй болгуулна. Хууль бус болохыг тогтоолгох нь тусгай нэмэгдүүлсэн шаардлага юм. Улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг тушааж орж ирсэн. 1 агуулгаар гарч байгаа зохицуулалт юм. Ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулахаар бие даасан шаардлагыг тодорхойлсон. Нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын лавлагаанд 1 сарын үндсэн цалин 1,179,515 төгрөгөөр тодорхойлсон байна. 2022 оны 12 дугаар сараас 2023 оны 8 дугаар сар хүртэл 9 сараар үржүүлж гаргасан дүнгээр Улсын тэмдэгтийн хураамж төлсөн. Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн үнийн дүнгээр буюу 10,615,608 төгрөг байна. Нэхэмжлэлийн шаардлагатай уялдуулж үүнийг тодруулж хэлэх нь зүйтэй. ...Захиргааны актыг хүчингүй болгуулах хууль зүйн үндэслэл нь Төлөөлөгчдийн Хурлаар зохион байгуулалтын асуудал хэлэлцсэн нь процессын шаардлага хангаагүй. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.6-д анхдугаар хуралдаанаас бусад хуралдааныг тухайн Хурлын дарга хуралдаан эхлэхээс долоогоос доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна. Хуралдааныг Хурлын дарга, түүний эзгүйд Хурлын даргын санал болгосноор төлөөлөгчдийн аль нэг нь удирдана гэж заасан. Үүний дагуу 10 дугаар хуралдааны товыг 10 дугаар сарын 17-ны өдрийн Зөвлөлийн хурлаар хэлэлцэн товлож, Хурлын даргын захирамж гарсан. Хуралдааны тов, хэлэлцэх асуудлын жагсаалтыг 10 дугаар сарын 28-ны өдөр төлөөлөгч нарт албан бичгээр хүргүүлсэн. 19 асуудлыг Хурлаар хэлэлцэхээр баталсан болох нь  хэрэгт авагдсан байна. Хуралдааныг 11 дүгээр сарын 07-ны өдрийн 9 цагт товлож, 3 хавсралт бүхий Хурлын даргын захирамж гарсан байдаг. 11 дүгээр сарын 04-ний өдрийн санал хүргүүлэх тухай албан бичгийг 8 төлөөлөгч Хурлын даргад өгсөн байдаг. Хуралдаанаар асуудал хэлэлцүүлье гэж оруулж ирсэн. Төлөөлөгч нарт Хурлаар асуудал хэлэлцүүлэхээр санаачлах эрх нь байгаа. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т заасны дагуу төлөөлөгч Хуралдаанаар хэлэлцүүлэхээр асуудал оруулах эрхтэй. Тэгэхдээ тодорхой хуулийн зохицуулалттай байдаг. Хурлаар асуудал хэлэлцүүлэхээр оруулж ирэх гэж байгаа бол Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т энэ хуулийн 47.1-д заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос ажлын хоёр өдрийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй гэж заасан. ...10 дугаар хуралдааныг 10 дугаар сарын 17-ны өдрийн Зөвлөлийн хурлаар хэлэлцэж тов тогтоож, хэлэлцэх асуудлыг баталсан байсан. Төлөөлөгч нарт хэлэлцэх асуудлуудтай холбоотой бүх материалыг тарааж өгсөн байсан. Гэтэл 11 дүгээр сарын 04-ний өдрийн Хуралд оруулж байгаа асуудал нь дээрх хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т заасан шаардлагыг хангаагүй. Нэгэнт Хурлын товыг зарласан. Хуралд асуудал оруулах гэж байгаа бол тогтоолын төслөө хавсаргаж ирүүлэх ёстой. Хариуцагчийн хэлж байгаагаар ажлын 2 өдөр гэдгийг 48 цаг гэж ойлгох боломжгүй. Ингэж тайлбарласан нь хууль зүйн үндэслэлгүй байна. 11 дүгээр сарын 04-ний өдрийн саналыг Хурлаар хэлэлцүүлэхээр оруулж ирж байгаа нь үндэслэлгүй юм. Нэгэнт төлөөлөгч нар санал өгч байгаа тул түүнийг авахгүй гээд гаргах боломжгүй. ...Төлөөлөгч нарт энэ асуудлыг Хурлаар хэлэлцүүлэх боломжгүй тухай албан бичиг хүргүүлсэн. Энэ нь хэрэгт авагдсан. ...11 дүгээр сарын 07-ны өдөр 10 дугаар хуралдаан эхлээд 22-ны шөнө дууссан. Энэ бол нэг л хуралдаан юм. Хариуцагчийн зүгээс 10 дугаар хуралдаан уу эсхүл шинэ хуралдаан уу гэдэг талаар хэлсэн тайлбар нилээн эргэлзээтэй байна. Гэрчүүд мөн энэ талаар сайн хэлж мэдэхгүй байна гэсэн. ...Төлөөлөгч нар 11 дүгээр сарын 14-ний өдөр дахин санал оруулж ирсэн байдаг. Дамдиншарав төлөөлөгч саналыг Хурлын даргад биш Хурлын нарийн бичгийн даргад өгсөн гэж байна. 10 төлөөлөгчөөс Зөвлөл хуралдуулъя эсхүл Хурлын даргаас Зөвлөл хуралдуул гэж шаардлага гаргаж  ирүүлээгүй. Хариуцагчийн өмгөөлөгчөөс Хурлын дарга өөрөө Зөвлөл хуралдуулахаар шийдвэрлэх боломжтой байсан. Зөвлөл хуралдуулаагүй нь Хурлын даргын өөрийнх нь алдаа гэж тайлбарлаж байна. Үнэхээр тухайн асуудлыг Зөвлөлийн хурлаар хэлэлцэх байсан гэдгийг хэн аль нь хэлж байна. Хуульд Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэх асуудлыг Зөвлөлийн хуралд оруулж батална. Төлөөлөгч нарт хэлэлцэх асуудлыг урьдчилан мэдэгдэх заалтыг хуульд оруулж өгсөн нь Хурлын бэлтгэл ажлыг хангаж байгаа юм. Хурлаас гаргаж байгаа шийдвэр хууль ёсонд нийцсэн байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой мэдээлэл, судалгаатай байхын тулд төлөөлөгч нарт урьдчилж танилцуул гэж зохицуулсан байна. Уг асуудлыг хэлэлцээд тогтоолын төсөл байхгүй байсан болохоор тогтоол дээр өөр хүн гарын үсэг зурсан байна. Хурлын даргыг огцруул гэж Хурал дээр тайлбарлаад байдаг. Гэтэл огцруулах болсон судалгаа, үндэслэл байхгүй байна. Тус сумаас элс хайрга хууль бусаар тээвэрлээд байгаа тооцоо судалгаа байхгүй. Гаргаж өгөх гээд ч баримт байгаагүй. Гаргаж өгөх гээд ч баримт байгаагүй. Саналтай хамт ямар нэгэн баримт орж ирээгүй гэдгийг Хүрэлтулга хэлдэг. Хишигт төлөөлөгч намайг өргөх бичигт гарын үсэг зур гэсэн гэдэг. Уг асуудлаар намын хурал болон Хороодоор хэлэлцээгүй гэдэг нь хэрэгт авагдсан байна. 11 дүгээр сарын 14-ний өдрийн гаргасан саналыг Хурлаар хэлэлцэх ямар ч боломжгүй байсан. Гэтэл төлөөлөгч нар улс төрийн нөхцөл байдлын үүднээс санал хурааж, уг асуудлыг хэлэлцэхийг дэмжиж,  хэлэлцүүлсэн нь буруу юм. ... Хурлын процедур хууль бус болж байгааг мэдсэн байж хэлэлцсэн. Нэхэмжлэгчийн зүгээс ганцхан миний асуудлаас болж сумын нийгэм, эдийн засагтай холбоотой 18 асуудал хүлээгдэж байна. Мөн төлөөлөгч нар өөрийг чинь огцруулахгүй бол эдгээр 18 асуудлыг хэлэлцүүлэхгүй гэсэн тайлбар,  хурал хаяж гарах гээд байгаа талаар хурлын тэмдэглэл болон албан бичигт дурдагдсан байдаг. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд төлөөлөгч нарыг улс төрийн шинжтэй асуудлаар Хурал орхин гарахыг хориглоно гэж заасан байна. Улс төрийн зорилгоор Хурлын даргыг огцруулах гэсэн хэсэг бүлэг төлөөлөгч нарын саналыг хэлэлцэхгүй бол 18 асуудлыг хэлэлцэх боломжгүй байсан. Тиймээс Баатар дарга та нар өөрсдөө зөв гэж үзэж байгаа бол энэ асуудлыг хэлэлцүүл гэсэн болох нь харагдаж байна. Нэгэнт олонхын саналаар шийдэж байгаа тул би хүчин мөхөсдөж байна гэж тайлбарлаж байгаа нь хуульд нийцэж байгаа. Төлөөлөгч нар бид нар тооллогын комисс байгуулъя. Энэ асуудлыг хэлэлцье гэж байгаа нь хууль зөрчсөн тул хүчингүй болгох үндэслэлтэй. ...Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48.2-т ...Хурлын даргыг сонгох, чөлөөлөх тухай тогтоолд тухайн Хуралдаан даргалагч гарын үсэг зурж баталгаажуулна гэж заасан. Өөр хэн нэгэн тогтоолд гарын үсэг зураад байгаа үр дагавраас болоод тогтоол хүчингүй болох үндэслэл болно. ...Оюунбат төлөөлөгчөөр тогтоолд гарын үсэг зуруулаагүй нь тогтоолыг хүчингүй болгох үндэслэл байна. ...Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн ажиллах журмын 4.1.1, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 46.3-т заасан ээлжит болон ээлжит бус хуралдааныг Хурлын даргын захирамжаар баталгаажуулна. Хурлын даргын захирамжид зохион байгуулалтын асуудал хэлэлцэх талаар байхгүй. Энэ асуудал нь 21-ний өдрийн Хурлаар хэлэлцэгдэж байгаа нь үндэслэлгүй юм. Дээрх журмын 4.1.2, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2.2-т тухайн нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн тодорхой асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон иргэдийн Нийтийн Хуралд хэлэлцүүлж шийдвэрлүүлэхээр санал гаргах, 30.2.3-т энэ хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу иргэд сайн дураараа үзэл бодол, хүсэл зоригоо илэрхийлэх, нэг удаагийн, эсхүл хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргахыг санаачлах гэж зааснаар санал санаачилгыг хуралдаанаар хэлэлцүүлнэ. Зөвлөлийн хурлаар ... 19 асуудал хэлэлцүүлэхээр жагсаалт батлагдсан. Өргөх бичиг нь хэлэлцэх асуудалд огт ороогүй байна. Энэ нь журамд нийцээгүй байна гэсэн үг. ...Засгийн газрын 2021 оны 226 дугаартай тогтоолын хавсралтад тамга тэмдэг, баталгааны хуудас, хэвлэмэл хуудас хэрэглэх журамд тогтоолд эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурж, тамга дарагдсанаар хүчин төгөлдөр болно гэж заасан. Гэтэл хуулийн шаардлага хангаагүй тогтоолоос болж нэхэмжлэгчийн эрх, ашиг хөндөгдөж байна гэж үзэж байна. Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар  Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журмын 3.1.4-т зааснаар тухайн албан бичиг, байгууллагын үйл ажиллагааг баримтжуулахдаа хэрхэн баримтжуулахыг заасан байдаг. Байгууллага нь албан бичгийг төрийн албан ёсны хэлээр бичиг, эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурж, тамга тэмдгээр баталгаажуулж албан ёсны хүчин төгөлдөр байдлыг хангана гэж заасан. Гэтэл албан ёсны хүчин төгөлдөр болоогүйгээс болж нэхэмжлэгчийн эрх, ашиг 11 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн хөндөгдсөн. ...Төлөөлөгч нарыг олонхын саналаар асуудлыг батал гэдэг нь олонхоороо хууль зөрч гэсэн үг биш юм. Олонхоороо хуулийн дагуу асуудлыг шийдвэрлэ гэсэн үг. ...Төлөөлөгч нар хууль ёсны дагуу асуудлаа хэлэлцдэггүй юм байна, хууль ёсны дагуу шийдвэрээ гаргадаггүй юм байна. Хурлын ажлын алба нь сумынхаа номер 1 албан тушаалтны өмнөөс гарын үсгийг нь зураад байдаг юм байна. Дараагийн Хурлын дарга нь  үйл ажиллагаа явуулаад өмнөх Хурлын дарга нь хохироод байдаг юм байна. ...Түүний ажлаа өгсөн цаг хугацаанаас эхлэн хохирлоо шаардах эрхтэй. Ажилгүйдлийн тэтгэмжтэй адилтган үзэх боломжгүй. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зүгээс сөрөг нэхэмжлэл гаргаж, ажилгүйдлийн тэтгэмжийг шаардсан зүйл байхгүй. Ажилгүйдлийн тэтгэмж авсан болохоор нэхэмжлэгчийг хохироогүй гэж тайлбарлах боломжгүй. Ажилгүйдлийн тэтгэмж нь Сэлэнгэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал эсхүл нийгмийн даатгалын сангаас гарсан эсэхээс хамаарахгүй. Нэхэмжлэгчийг ашиг хонжоо олсон гэж үзвэл шаардах эрх нь нээлттэй байсан. ... Нэхэмжлэгч нь ажиллаагүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлага гаргах нь хуульд нийцсэн байна” гэв.
  4. Хариуцагчийн өмгөөлөгч дүгнэлтдээ: ...Төлөөлөгч нараас гарсан саналыг Зөвлөлийн хурлаар хэлэлцээгүй, Оюунбат төлөөлөгч тогтоолд гарын үсэг зураагүй гэж байна. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.9-т зааснаар Хурал дэгээ өөрөө тогтооно. ...Тэгвэл Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлээгүй тэр асуудлыг шүүх анхаарч үзнэ үү. ...Баатар дарга эрх хэмжээнийхээ дагуу уг саналыг Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх байсан. Энэ нь Баатар даргын эс үйлдэхүй юм. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороо, төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй. Тухайн хуралдаанаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг Зөвлөлийн хурлаар хэлэлцэнэ гэж заасан. Зөвлөл шаардлагатай гэж үзвэл тухайн асуудалтай холбоотой мэдээлэл судалгааг шаардана гэдэг байдлаар зохицуулсан. Энэ эс үйлдэхүйгээс болж тухайн шийдвэр гарах үндэслэл болсон. Хуралдаанаар асуудал хэлэлцүүлэхээр ороод ирэхэд бүтэн өдөржин маргасны эцэст Хурлын дарга өөрөө уг асуудлыг Хурлаар хэлэлцэх шийдвэр гаргасан. ...Ардчилсан нам Хурлын дундуур завсарлага авсан. Үүний дараа Баатар дарга энэ асуудлыг Хурлаар хэлэлцэхээр шийдвэрлэсэн. Ингээд асуудал шийдэгдсэн. Хэлэлцэх ёсгүй асуудал хэлэлцэгдсэн гэдэг нь  үндэслэлгүй байна. Баатар дарга төлөөлөгч нарыг Хуралд идэвхитэй оролц гэж дэг ярьсан. Төлөөлөгч нарыг хуралдаандаа оролцоогүй бол эсрэг санал өгсөнд тооцно гэсэн. Үүнийг хэрэгжүүлээд явсан бол өнөөдөр ийм байдалд хүрэхгүй. Тогтоол дээр өөр хүн гарын үсэг зурсан гэдгийг шүүхийн хэлэлцүүлгийн явцад мэдсэн. Гэтэл сумын нийгмийн даатгалын улсын байцаагч Баатар дарга өөрөө ирээд ажилгүйдлийн тэтгэмжийн материалаа өгсөн гэдэг. Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа уг тогтоолыг хавсаргаж өгсөн байдаг. Үнэхээр Хуралдаан даргалагчийн гарын үсгийг нь мэддэг байсан бол энэ талаар холбогдох байгууллагад хандах боломжтой байсан. 3 дугаар сарын дунд хүртэл ажилгүйдлийн тэтгэмж авахдаа хүчин төгөлдөр бус шийдвэрээр авч байсан. Энэ талаараа холбогдох байгууллагад хандаж мэдэгдээгүй. Хамтын зарчмаар намайг ажлаас чөлөөлсөн гэдгийг энэ хүн мэдээд тогтоол, шийдвэр дээр асуудал яриагүй. Тухайн өдөр Хурлын тогтоол гарч Ц.Баатар дарга тамга, тэмдгээ хүлээлгэн өгснөөр ажлаасаа чөлөөлөгдсөн гэдгээ мэдсэн. Тооллогын комисс байгуулаад Баатар дарга өөрөө гарын үсэг зурсан байдаг. Ийм учраас эх үүсвэр нь даргаар ажиллаж байсан Баатарын өөрийнх нь эс үйлдэхүйгээс болоод ийм байдал үүссэн байна гэдгийг анхаарч үзнэ үү. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нар Хуралд асуудал оруулахдаа иргэдээс гарсан санал, хүсэлтийн дагуу оруулна. Иргэдээс гарсан санал, хүсэлт нь хаана байна гэж байна. Хишигт төлөөлөгч удаа дараа төлөөлөгч нараас санал гаргадаг. Иргэдийн гаргасан санал, хүслийн дагуу хариу өгдөггүй. Үүнээс болж Хурлын даргатай муудалцдаг байсан. “Хурлын өдрүүд” арга хэмжээний дүнгийн илтгэх хуудас байна. Тэгэхдээ ганцхан хуудас баримт байна. Иргэдээс ямар санал гаргасан, саналын дагуу ямар арга хэмжээ авч, ямар үр дүнд хүрсэн, иргэдэд хариуг нь яаж хүргэж байсан гэдгээс Хурлын үйл ажиллагаа харагдаж байна. ...Засаг даргын үйл ажиллагаанд хяналт тавиагүй гэж байна. Сумаас хайрга, дайрга зөөж байгаа нь хууль бус байна гэж удаа дараа хэлээд байхад Засаг дарга, иргэдийн Хурлын төлөөлөгч нар өөрсдөө ийм байдлаар оролцдог гэж байна. Төлөөлөгч нар өөр газраас хайрга дайрга авъя гэхэд энэ асуудлыг ерөөсөө шийдээгүй байна. Иргэдээс энэ талаар олон удаа санал гарсан. Эргээд ямар ч хариу өгдөггүй. ...Иргэдийн Хурлын төлөөлөгч нар нь хурлын үйл ажиллагааг зохих ёсоор явуулахгүй байна гэсэн саналыг өгсөн. 4-ний өдөр өгсөн. Ажлын 2 өдрийн өмнө гэсэн хуулийн заалтад нийцэхгүй тул хууль зүйн үндэслэлгүй гэж хариу мэдэгдсэн. Үүний дагуу 11 дүгээр сарын 14-ний өдөр дахин санал хүргүүлсэн. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хувьд Засаг даргын үйл ажиллагаанд хяналт тавиагүй гэсэн. 7-ны өдрийн хурал дээр төрийн дуулал эгшиглэсэн боловч Хурал эхлээгүй. Хурлын дарга хуралдааныг нээлттэй орхисон гэдгийг албан бичгээр төлөөлөгч нарт мэдэгдсэн. Үүгээр бусад асуудлыг оруулах боломж нөхцөл байна гэж харж байна. Нэгэнт хурлын дарга бүрэн эрхийнхээ хүрээнд асуудлыг Хуралд оруулах талаар хэлэлцээд олонхийн саналаар шийдсэн. Олонхын саналаар батлагдсан тогтоол хууль зүйн үндэслэлгүй гэсэн зүйл байхгүй. ...12 дугаар сарын 20-ны өдөр тогтоолыг гардан авсан нь биш байна гээд 12 дугаар сарын Төлөөлөгчдийн Хурлаар уг алдааг засаж залруулах эрх нь байсан. Хуралдаан даргалагч тухайн үед тогтоолд гарын үсэг зураагүйнхээ төлөө хариуцлага хүлээх ёстой. Үүний үр дагаврыг Оюунбат төлөөлөгч хариуцах байсан. Яагаад Оюунбат төлөөлөгчийн хариуцагчаар татаагүй юм бэ?. Би өнөөдрийг хүртэл тогтоолд гарын үсэг зураагүй гэж мэдүүлж байгаа хүн яагаад зүгээр явж байна вэ?. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хамтын зарчмаар асуудлаа шийдвэрлэдэг. Төлөөлөгч нарын 100 хувийн саналаар баталсан тогтоолыг хүчингүй болгох нь үндэслэлгүй юм. Тухайн тогтоолыг хүчингүй болгуулах нь Баатар даргын өөрийнх нь асуудал юм. Тиймээс нэхэмжлэгчийн ажиллаагүй хугацааны цалин хөлсийг Хурлаас гаргуулах боломжгүй “ гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Ц.Баатар нь Булган аймгийн Сэлэнгэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “Булган аймгийн Сэлэнгэ сумын иргэдийн төлөөлөгчдийн 10 дугаар хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 10/03 дугаартай тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”-ээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ “сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг холбогдох хуульд заасан хугацааны өмнө урьдчилан бэлтгэж, танилцуулах үүргээ биелүүлээгүй байхад төлөвлөгөөнд тусгагдаагүй асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргасан нь буруу” гэж;

3. Хариуцагч талаас “сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг огцруулах эсэх асуудлыг шийдвэрлэхэд тухайн хурлын төлөөлөгчдийн олонхын саналаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд тусгаж хэлэлцсэн нь хууль зөрчөөгүй” гэж тус тус маргажээ. 

4. Нэхэмжлэгчийн хууль бус гэж үзэж хүчингүй болгуулахаар маргаан үүсгэсэн Сэлэнгэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 10 дугаар хуралдааны 10/03 дугаартай тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан захиргааны актын шинжийг агуулсан байна.

5. Маргааны үйл баримтын талаар:

5.1. Булган аймгийн Сэлэнгэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/12 дугаартай “Хуралдаан зарлах болон хуралдааны бэлтгэл ажлын тухай” захирамж /Хэргийн 1 дүгээр хавтасны 231 дүгээр тал/ -аар тус Хурлын 10 дугаар хуралдааныг 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 9:00 цагаас Иргэний танхимд хуралдуулахаар шийдвэрлэж, хуралдаанаар хэлэлцэх асуудлыг нэгдүгээр хавсралт /хэргийн 1 дүгээр хавтасны 232-233 дугаар тал/ -аар баталжээ.

5.2. Хурлын дарга Ц.Баатар нь 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 09:40 цагт иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааныг ирвэл зохих 21 төлөөлөгчөөс 16 төлөөлөгч ирж 79.19 хувийн ирцтэй /Иргэний танхимд/-гээр нээж эхлүүлсэн боловч  хуралдааны дотоод журам, хуралдааныг удирдах дараалал зэргийг батлах явцад Хурлын Төлөөлөгч нараас 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Хурлын даргад өргөн мэдүүлсэн “Засаг дарга болон Хурлын даргыг огцруулах” тухай саналуудыг хэлэлцэх асуудлын дараалалд оруулах талаар санал зөрөлдөн  зарим төлөөлөгчид нь танхимаас гарч явсан тул ирц хүрэлцэхгүй болсныг тайлбарлан, хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсныг мэдэгдэж тухайн өдрийн хуралдааны үйл ажиллагаа 11:05 цагт дуусч, /хэргийн 1 дүгээр хавтасны 171-191 дүгээр тал/

5.3. 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 09:40 цагт “Хуралдаанд ирвэл зохих 21 төлөөлөгчөөс 19 төлөөлөгч хуралдааны танхимд хүрэлцэн ирсэн бөгөөд хуралдааны ирц 90.47%..”-тайгаар Иргэний танхимд үргэлжилж[1], нэр бүхий төлөөлөгчдийн гаргасан “Хурлын даргыг огцруулах” саналыг хуралдааны хэлэлцэх асуудлын эхэнд оруулахыг Төлөөлөгчдийн олонхын саналаар дэмжиж шийдвэрлэсэн байна. /хэргийн 1 дүгээр хавтасны 103-104 дүгээр тал/.

5.4. Улмаар тус хуралдааны дотоод журмыг баталсан бөгөөд ирээгүй байсан 2 төлөөлөгч нэмж ирснээр хуралдааны ирц 100%-тайгаар үргэлжлэн, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Баатарыг огцруулахыг “Дэмжинэ”, “Дэмжихгүй” гэсэн хоёр томьёоллоор нууц санал хураалт явуулж тухайн өдрийн 19 цаг 31 минутад дууссан байх ба тус хуралдаанаас томилсон “Тооллогын комисс” /Хэргийн 1 дүгээр хавтасны 134, Хэргийн 2 дугаар хавтасны 20 дугаар тал/ саналын хуудсыг тоолж, “Дэмжсэн”-13, “Дэмжээгүй”-8 санал гарсныг баталгаажуулжээ.

5.5. Дээрх “Хурлын даргыг огцруулах, эсэх” асуудлыг хэлэлцэхдээ нэхэмжлэгч Ц.Баатарын санал болгосноор тухайн хуралдааны даргалагчаар тус Хурлын хамгийн ахмад настай төлөөлөгч Даваасүрэнгийн Оюунбат нийт төлөөлөгчдийн 100%-ийн саналаар сонгогдсон байх ба “Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Баатарыг огцруулах эсэх асуудлаар санал хураалт явуулж хуралдаанд оролцсон 21 төлөөлөгчийн 13 нь дэмжиж олонхын саналаар огцруулав. Дав. Оюунбат ИТХ-ын дарга Ц.Баатарыг огцруулах тогтоолыг танилцуулж, төлөөлөгч нарын 100%-ийн саналаар батлав” гэж тус Хурлын хуралдааны тэмдэглэлд тусгасан байна. /Хэргийн 1 дүгээр хавтасны 125-134, 208-209 дүгээр тал/

6. Шүүхээс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, маргаан бүхий захиргааны актыг түдгэлзүүлж, дахин шинэ акт гаргахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.

7. Монгол Улсын Үндсэн хуулийн 59 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт “Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна” гэж заасны дагуу Сэлэнгэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн нутаг дэвсгэрийн өөрөө удирдах байгууллага юм.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна”,  46.7-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд тухайн Хурлын нийт төлөөлөгчийн олонх нь хүрэлцэн ирсэн бол хуралдааныг хүчинтэйд тооцно” гэж заасан.

8. Хурлын дарга Ц.Баатарыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалаас огцруулах эсэх асуудлыг хэлэлцсэн Сэлэнгэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдаан нь тус Хурлын төлөөлөгчдийн 90.47%-ийн ирцтэйгээр эхэлж, 100%-ийн ирцтэйгээр санал хураалтын үйл ажиллагаа үргэлжилсэн байх тул тухайн хуралдаан хүчинтэй ба нэхэмжлэгч Ц.Баатарыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Даргын албан тушаалаас огцруулах эсэх асуудлыг хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхын саналаар шийдвэрлэж, нийт төлөөлөгчдийн 100%-ийн саналаар маргаан бүхий 10/03 дугаартай тогтоолыг баталсан байна.

9. Нэхэмжлэгчээс маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт “... саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос ажлын хоёр өдрийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэж заасныг зөрчсөн гэж маргаж байгаа. Харин хариуцагчаас мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороо, төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй” гэж заасны дагуу нэр бүхий төлөөлөгч нар “хурлын даргыг огцруулах, эсэх” асуудлыг хэлэлцүүлэхээр саналаа өргөн барьж, уг асуудлыг хэлэлцэх эсэхийг нийт төлөөлөгч нараас санал авч шийдвэрлэсэн гэж мэтгэлцэж байна.

10. Тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хуралдахаар ээлжит хуралдааны тов гарсан бөгөөд нэр бүхий төлөөлөгч нараас 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр “сумын Засаг дарга Б.Ууганбаяр, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Баатар нарыг огцруулах тухай” саналыг Хурлын дарга Ц.Баатарт хүргүүлсэн байх ба нэхэмжлэгч нь 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 55 дугаар албан бичиг /хэргийн 2 дугаар хавтасны 31 дүгээр тал/ -ээр ““Засаг даргыг огцруулах, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг огцруулах тухай” саналуудыг хүлээн авч хуралдаанаар хэлэлцүүлэх боломжгүй байна" гэсэн хариуг өгчээ.

11. Мөн өдрийн Сумын ИТХ-ын даргын 56 дугаартай “Хуралдаанд идэвхтэй оролцох тухай” албан бичиг /хэргийн 2 дугаар хавтасны 32 дугаар тал/ -ээр төлөөлөгч нарт хандаж хуралдаанд идэвхтэй оролцох, мөн хуралдааныг 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 09.00 цагт үргэлжлүүлэхээр болсныг мэдэгдсэн.

Гэтэл 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр нэр бүхий 10 төлөөлөгчийн гарын үсэг зурагдсан “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Баатарыг огцруулах санал” /хэргийн 1 дүгээр хавтасны 55 дугаар тал/-ыг ахин Хурлын дарга Ц.Баатарт өргөн барьжээ.

 Энэ нь 2022 оны 11 дүгээр сарын 07-нд эхэлсэн хуралдаан түр завсарласан байхад ирүүлсэн санал байх тул уг саналыг 10 дугаар хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлын жагсаалтад оруулах эсэхийг шийдвэрлэхээр Зөвлөл хуралдах боломжгүй. Харин хуралдаан эхлэхээс өмнө буюу  11 дүгээр сарын 04-ний өдөр ирүүлсэн саналыг 10 дугаар хуралдааны хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд оруулах, эсэхийг шийдвэрлэхээр Зөвлөлийн хуралдааныг зарлаж хуралдуулах, эсхүл ээлжит бус хуралдаан зарлах, эсэх асуудлыг Хурлын дарга өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх боломжтой байсан байна.

12. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хуралдааны шийдвэрийн биелэлтийг хангуулах арга хэмжээг зохион байгуулах, хуралдааны бэлтгэл хангах, ...ажлын хэсгийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэг бүхий таваас долоо хүртэл төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл байгуулна. Зөвлөлийг Хурлын дарга тэргүүлнэ” гэж зааснаас харахад нэхэмжлэгч Ц.Баатар Зөвлөлийг тэргүүлэхээр хуульчилжээ. Хуулийн дээрх “...хуралдааны бэлтгэл хангах” үүрэгт мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т заасан “...саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос ажлын 2 өдрийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах...” үүрэг хамаарах бөгөөд уг үүргийг Зөвлөл гүйцэтгэхээр хуульчилж, Зөвлөлийн ажиллах журмыг Улсын Их Хурал батлахаар заасан.

13. Монгол Улсын Их Хурлын 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 07 дугаар тогтоолоор баталсан “ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ”-ын 6.1-д “Зөвлөлийн үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна”, 6.2-т “Зөвлөл Хурлын даргын товлосон өдөр, цагт хуралдах бөгөөд Зөвлөл хуралдааны дэгээ өөрөө тогтооно. Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг Хурлын дарга батална” гэжээ. Мөн журмын 4.1.3-т “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар хэлэлцүүлэхээр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан эрх бүхий этгээдээс санаачилсан асуудлыг Зөвлөлийн хурлаар урьдчилан хэлэлцэж, шаардлагатай тохиолдолд энэ журмын 4.1.4-т заасан арга хэмжээг авах”, 4.1.4-д “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар хэлэлцүүлэхээр Зөвлөлд ирүүлсэн материалыг хянаж, шаардлагатай гэж үзвэл холбогдох этгээдээс тооцоо, судалгаа, лавлагаа, мэдээллийг гаргуулж авах” эрхийг Зөвлөлд олгосон боловч Зөвлөлийг тэргүүлж буй нэхэмжлэгч Ц.Баатар нь энэхүү журамд заасан үүргээ биелүүлээгүй, холбогдох ажиллагааг хийгээгүй байна.

Өөрөөр хэлбэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга /нэхэмжлэгч Ц.Баатар/ нь нэр бүхий төлөөлөгч нарын Хурлаар хэлэлцүүлэхээр оруулсан “сумын Засаг дарга болон Хурлын даргыг огцруулах” саналыг ээлжит 10 дугаар хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд оруулах эсэх талаар урьдчилж хэлэлцэн, шийдвэрлэх эрх бүхий ИТХурлын Зөвлөлийн хурлыг товлож, хуралдуулаагүй ба Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлээгүй асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэх шийдвэрийг хуралдааны явцад гаргаж, санал хураалт зохион байгуулсан нь 10 дугаар хуралдааны тэмдэглэл /хэргийн 1 дүгээр хавтасны 103 болон 105 дугаар тал/ -ээр тогтоогдож байна.

14. Сэлэнгэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 10 дугаар хуралдаан нь хууль болон дээрх журамд заасныг зөрчсөн боловч, хуралдаанд оролцсон нийт төлөөлөгчдийн олонхын саналаар “хурлын даргыг огцруулах” асуудлыг хэлэлцэхээр шийдвэрлэж, хуралдаанд оролцсон нийт төлөөлөгчийн 100 хувийн саналаар маргаан бүхий акт /тогтоол/ гарчээ. Энэ нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн ...олонхын саналаар батална” гэж заасантай нийцсэн байна.

Мөн маргаан бүхий 10/03 дугаартай тогтоолд гарын үсэг зурж баталгаажуулах эрх бүхий этгээд болох хуралдаан даргалагч Д.Оюунбат нь хуралдаанаас гарсан шийдвэрийг албажуулах үүргээ биелүүлээгүй нь гэрчүүдийн мэдүүлэг болон хариуцагчийн хариу тайлбараар тогтоогдож байх боловч түүний буруугаас болж 10 дугаар хуралдааны нийт төлөөлөгч нарын сонголт, гаргасан шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй юм. 

15. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.12-т “Төрийн улс төрийн албан тушаалд хуульд заасан бусад албан тушаал хамаарна”, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д “Сонгуулийн дүнгээр байгуулагдсан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаар Хурлын даргыг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно”, 53.3-т “Хурлын даргыг сонгох асуудлаар нууц санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхын санал авсан хүнийг Хурлын даргаар сонгогдсонд тооцно” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч Ц.Баатар нь 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр төлөөлөгчдийн олонхын санал авснаар Сэлэнгэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааны 05 дугаартай тогтоолоор Хурлын даргаар сонгогдсон болох нь хэрэгт авагдсан баримт /хэргийн 3 дугаар хавтасны 105 дугаар тал/ -аар нотлогдож байна.

16. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нь нийт төлөөлөгчдийн олонхын саналаар сонгогдож, мөн олонхын саналаар тухайн албан тушаалаас огцордог улс төрийн албан тушаалтан юм.

17. Маргаан бүхий Сэлэнгэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 10 дугаар хуралдаан нь “Хурлын даргыг үүрэгт ажлаас нь огцруулах” тухай нэр бүхий төлөөлөгч нарын гаргасан Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т заасан шаардлага хангаагүй саналыг хуралдаанаар хэлэлцэхээр шийдвэрлэж, хуульд заасан журмын дагуу санал хураалт явуулан 10/03 дугаартай тогтоолоор нэхэмжлэгчийг Хурлын даргын үүрэгт ажлаас огцруулсан үйлдэл нь дээрх хуулийн зохицуулалтыг зөрчсөн харагдаж байх боловч нийт төлөөлөгч нарын санал хураалтаар шийдвэрлэж, 100 хувийн саналаар баталсан шийдвэрийг шууд буруутгах /хууль бус/ боломжгүй юм.

 Өөрөөр хэлбэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлыг урьдчилан Зөвлөлийн хурлаар хэлэлцэж батлах, гарах шийдвэрийн төслийг төлөөлөгч нарт хүргүүлэх эрх, үүрэг нь тухайн Хурлын даргад буюу нэхэмжлэгчид өөрт нь тухайн цаг хугацаанд хадгалагдаж байхад нэхэмжлэгч энэхүү эрх, үүргээ  хэрэгжүүлээгүйгээс шалтгаалан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдааны нийт төлөөлөгчдөөс санал нэгтэйгээр баталсан шийдвэрийг буруутгах үндэслэлгүй.

18. Харин дээрх хууль болон журамд заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэх, Хурлын дарга /нэхэмжлэгч Ц.Баатар/-ыг огцруулах болсон шалтгаан, тооцоо судалгаа, үндэслэлийг тодруулсны эцэст “огцруулах эсэх” асуудлыг дахин хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой байх тул Сэлэнгэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Хурлын Зөвлөл дээрх ажиллагааг хийж гүйцэтгэн, хуралдаанаар хэлэлцэж, дахин шинэ акт /тогтоол/ гаргах нь зүйтэй гэж дүгнэлээ. Иймд маргаан бүхий актыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэв.

19. Хариуцагчаас дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий Сэлэнгэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 10/03 дугаартай тогтоол нь хүчингүй болох ба нэхэмжлэгч нь энэ тохиолдолд өөрт учирсан хохирол ажилгүй байсан хугацааны цалин, нөхөн олговрыг Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Монгол Улсын Үндсэн хуулийн 59 дүгээр зүйлийн 2, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 47 дугаар зүйлийн 47.2, 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан Сэлэнгэ сумын иргэдийн төлөөлөгчдийн Хуралд дахин шинэ акт гаргахыг даалгаж, маргаан бүхий 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 10/03 дугаартай тогтоолыг 3 /гурав/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасны дагуу тогтоосон хугацаанд хариуцагч шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий акт хүчингүй болох ба нэхэмжлэгч өөрт учирсан хохирлоо иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай.
  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж болон 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 255000 /хоёр зуун тавин таван мянган/ төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгосугай.
  4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.МӨНХЖАРГАЛ

 

[1] Булган аймгийн Сэлэнгэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр эхлүүлсэн хуралдааны тэмдэглэлд тусгаснаар бичив.