Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 1797

 

 

МАГАДЛАЛ

2019.10.16                                                 Дугаар 1797                                    Улаанбаатар хот

“ОЗ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Отгонцэцэг, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2019/01742 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “ОЗ”ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “СК” ХХК-д холбогдох,

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 432 558 450 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: “СК” ХХК-тай 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 06/2016 дугаар “Бетон зуурмаг нийлүүлэх тухай гэрээ” байгуулан, 856 312 000 төгрөгийн бүтээгдэхүүн нийлүүлж, 360 344 000 төгрөгийг бэлнээр, 495 968 000 төгрөгт Бартераар орон сууц оролцуулан авахаар тохиролцсон. Манай компани гэрээний дагуу бүтээгдэхүүнээ бүрэн хүлээлгэн өгсөн ч төлбөрөөс 288 372 300 төгрөг төлөгдөөгүй байна. Талууд 2016 оны 12 сарын эцсийн үлдэгдлээр тооцоо нийлж, энэ өдрөөс хойш бартерийн байраа шилжүүлж аваагүй, тухайн байр манайд шилжин ирэх боломжгүй болсон тул байр авахаас татгалзаж, үлдэгдэл төлбөрөө бэлэн мөнгөөр тооцож авахаар шийдвэрлэсэн. Манай компани хамгийн сүүлд 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр бүтээгдэхүүн нийлүүлсэн тул энэ өдрөөс хойш алданги нэхэмжлэх эрхтэй болсон. Төлбөрөө төлж дуусгахыг удаа дараа амаар болон бичгээр шаардаж байсан ч төлөөгүй байна. Гэрээний 5.3-т зааснаар хоног тутамд 0.1 хувийн алданги буюу өдөрт 288 372 төгрөг авахаар заасан. Тооцоо нийлсэн акт үйлдсэн өдөр буюу 2016 оны 12 дугаар сарын 31-нээс хойш 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг дуустал 575 хоногт 165 813 900 төгрөгийн алданги болсоныг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар нийт үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүйгээр тооцож 144 186 150 төгрөгөөр тооцож, үлдэгдэл 288 372 300 төгрөгийн хамт нийт 432 558 450 төгрөгийг “СК” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Тайлбар гаргаагүй болно.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан “СК” ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 432 558 450 төгрөг гаргуулж, “ОЗ” ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 2 320 742 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 2 320 742 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч талаас нэхэмжилсэн үнийн дүнгийн алдангийн хэмжээ болох 144 186 150 төгрөгийн 50 хувь буюу 72 393 075 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул тус шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч “ОЗ” ХХК нь хариуцагч “СК” ХХК-д холбогдуулан гэрээний үүргийн төлбөрт 432 558 450 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл талуудын хооронд 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр “Бетон зуурмаг нийлүүлэх тухай гэрээ” байгуулагдаж, уг гэрээгээр   нэхэмжлэгч нь хариуцагчид 856 312 000 төгрөгийн бетон зуурмаг нийлүүлж, 360 344 000 төгрөгийг бэлнээр өгөх, үлдэгдэл төлбөр болох 495 968 000 төгрөгийг бартераар орон сууц авахаар тохиролцсон байна. Энэ талаар талууд маргаагүй болно.

Харин нэхэмжлэгч нь гэрээний үүргийн үлдэгдэл төлбөрөөс 288 372 300 төгрөг, уг үнийн дүнгээс тооцсон алданги 144 186 150 төгрөг, нийт 432 558 450 төгрөгийг шаардсан тооцооны талаар хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо “алдангийн хэмжээнд багасгах” агуулгаар гаргажээ.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй тул нэхэмжлэгч нь гэрээний зүйлийн үнийн үлдэгдэл төлбөрийг гэрээгээр тохиролцсон алдангийн хамт шаардах эрхтэй гэж шүүх дүгнэсэн нь зөв байна.

Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээний 5.3-т “...гэрээт хугацаанд төлбөрийг барагдуулаагүй бол хугацаа хэтэрсэн хоног тутам 0,1 хувийн алданги төлөхөөр тохиролцсоноор нэхэмжлэгч нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардсан нь үндэслэлтэй байх бөгөөд талуудын тайлбар, хэргийн нөхцөл байдлаас шалтгаалж Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасны дагуу шүүх алдангийн хэмжээг багасгаж шийдвэрлэж байна.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, шийдвэрт өөрчлөлт оруулах замаар хэргийг шийдвэрлэн хариуцагч байгууллагаас худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 288 372 300 төгрөг болон алдангид 72 093 075 төгрөг, нийт 360 465 375 төгрөгийг гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй болно.

Шүүх хуралдааны товыг зохигч нарт мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 165 дугаар зүйлийн 165.2 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 183ШШ2019/01742 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч “СК” ХХК-иас 360 465 375 төгрөгийг гаргуулан “ОЗ” ХХК-д олгож, үлдэх 72 093 075 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн,

шийдвэрийн тогтоох хэсгийн 2-т “...2 320 742 төгрөг гаргуулан...” гэснийг                   “...1 960 276.88 төгрөг гаргуулан” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн улсын тэмдэгийн хураамж 520 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ц.ИЧИНХОРЛОО

     ШҮҮГЧИД                                               А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                     М.НАРАНЦЭЦЭГ