Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 127/ШШ2023/0028

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 127/2022/0014/3

 

            Хэнтий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Балжмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Ш.Ц-гийн нэхэмжлэлтэй

            Хариуцагч: ХАГСЗД-д холбогдох, сахилгын шийтгэл ногдуулах тухай болон ажлаас чөлөөлөх тухай захирамжуудыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, олговор гаргуулахтай холбоотой захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагч ХАГСЗД- Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Хэнчбиш нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэг.Нэхэмжлэлийн шаардлага

            1.1. Нэхэмжлэгч Ш.Ц- нь хариуцагч ХАГСЗД-ын 2022 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/12 тоот захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, хариуцагч ГСЗД-ын 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Б/07 тоот захирамжийг хууль бус болохыг тогтоолгох шаардлага гаргасан.

            Хоёр.Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар

            2.1. Хариуцагч  ХАГСЗД- Д.Н нь 2022 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр Б/12 тоот захирамж гаргаж, тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ш.Ц-г удаа дараа зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас нь чөлөөлжээ.

            2.2. Нэхэмжлэгч Ш.Ц- нь уг шийдвэрийг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан ба Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 01/2282 тоот албан бичгээр “шүүхэд хандах нь зүйтэй” гэх хариу өгчээ.

            2.3. Ш.Ц- нь ажлаас чөлөөлөх тухай захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ГСЗД-ын 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Б/07 тоот захирамж хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага нэмж гаргасан.

            2.4. Б/07 тоот захирамжийн талаар урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн эсэх талаар  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нэхэмжлэлдээ, “уг захирамжийг гаргахдаа сонсох ажиллагаа хийгдээгүй, захирамжийг гардуулаагүй, мэдэгдээгүй тул дээд шатны албан тушаалтанд гомдол гаргаагүй” гэжээ.

             Гурав. Маргаж буй үндэслэлүүд

            3.1. Нэхэмжлэгч Ш.Ц- шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

            “-дөнгөж Засаг даргаар томилогдчихоод намайг 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн ээлжийн амралтаа эдэлж байхад дуудаж ...ажилд оруулж, ажлыг минь шалгуулж, амралт гүйцэд эдлүүлээгүй, ...ээлжийн амралт эдлэх эрхийг зөрчсөн, ...ажлын хэсэг надтай огт уулзаж тайлбар аваагүй атлаа зөрчил дутагдал гаргасан гэж дүгнэсэн.

            -...Засаг дарга дээрх дүгнэлт, албан шаардлагыг үндэслэж намайг төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь ...“Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 1.4 дүгээр зүйлийн 1.4.2, 1.4.4, 1.4.5-д заасан зарчимд нийцээгүй, мөн 1.6-д ...заасныг зөрчсөн

            -...Санхүүгийн хяналт, дотоод аудитын албанаас удаа дараа зөвхөн манай сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгийн үйл ажиллагааг шалгасан атлаа дахиж 2022 оны 09 дүгээр сарын 12-13-нд шалгасан нь зөвхөн надаас ямар нэг алдаа зөрчил хайж, над руу чиглэсэн шалгалт явуулж, намайг ажлаас халах зорилго л агуулсан гэж үзэж байна.

            ...Засаг дарга ийнхүү хууль бус, үндэслэлгүй захирамж гаргаснаас болж миний бие төрийн албанаас халагдаж, ажил хөдөлмөр эрхлэх, цалин хөлс авах, ээлжийн амралт эдлэх эрх, улмаар төрийн албанд 29 жил ажиллаад өндөр насны тэтгэвэр тогтоолгох, тэтгэмж авах эрх давхар зөрчигдөж байна” гэжээ.

            3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа нэхэмжлэгч Ш.Ц-г давтан зөрчил гаргасан гэжээ.  Нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан гэх 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Б/07 тоот захирамжийг хууль бус гэж үзэж байна.

Уг захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу нөхцөл байдлыг тогтоох, сонсох ажиллагаа хийгээгүй.

Хэнтий аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 32 тоот албан бичигт сахилгын шийтгэл хэнд ногдуулах саналтай нь тодорхойгүй, санхүүгийн хяналт шалгалтын стандарт гэх хууль, журамд заагаагүй баримт гаргасан. 

            Ямар зөрчил гаргасныг тогтоогоогүй, нотлох баримтад үндэслээгүй Б/07 тоот захирамжийг гаргаж, уг захирамжийг нэхэмжлэгчид хуульд заасны дагуу гардуулаагүй.

            Ийм байхад давтан зөрчил гаргасан гэх үндэслэл дурдаж, Б/12 тоот захирамжаар ажлаас халах шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна.

            “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 1.6-д “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалган тогтоож, өөрт нь бичгээр мэдэгдсэн байна” гэж заасан байдаг. Хариуцагч нь журамд заасан уг ажиллагааг хийгээгүй, Ш.Ц-д бичгээр мэдэгдээгүй.

            Б/12 тоот захирамжид хариуцагч нь Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны албан шаардлага, сум дундын прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас зэргийг үндэслэсэн боловч нэхэмжлэгч Ш.Ц- ямар зөрчил гаргасан, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан ямар зөрчил гаргасан болохыг тодорхойлж заагаагүй” гэв.

            3.3. Хариуцагч ХАГСЗД- Д.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Миний бие Галшар сумын Засаг даргаар  2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр томилогдсон. Тамгын газрын дарга Ш.Ц- амраад Улаанбаатар хотод явж байна гэж утсаар ярихад нь би, наашаа яараад яах вэ, амар гэж хэлсэн. Ш.Ц- 8 дугаар сарын 29-ны өдөр ажилдаа ирж уулзсан.

8 дугаар сарын 31-нд Хууль зүйн хэлтсийн дарга Б.Дарханбаатар над руу утсаар холбогдон, 8 дугаар сарын 25-ны өдрийн 4/1981 дугаартай албан бичгийн хариуг хэзээ өгөх талаар надаас асуусан, бичиг ирээгүй гэхэд явуулсан гэсэн тул бичиг хэргийн ажилтнаас асуухад  “ирсэн, гэхдээ Ш.Ц- дарга намайг очтол Засаг даргад өгч болохгүй гэж хэлсэн” гэсэн. Ингээд уг албан бичгийг Цэвэлсүрэн ирээд өөрөө шууд авсан болохыг нь мэдсэн.

            Миний хувьд Ш.Ц-гийн ээлжийн амралтыг эдлүүлэхгүй гэсэн үйлдэл хийгээгүй. Ажлаас чөлөөлөгдөхөд нь амралтын болон ажилласан хугацааны цалин олгогдсон.

            Намайг сумын Засаг даргаар томилогдон ирэхэд иргэд болон аж ахуйн нэгжүүд сумын Засаг даргын Тамгын газраас авлагатай талаар гомдол гаргасан, сумын Засаг даргын Тамгын газрын 2022 оны хагас жилийн санхүүгийн үйл ажиллагааны тайланг хэнээр хийлгэсэн нь тодорхойгүй байсан тул миний бие 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 1/148 тоот албан бичиг аймгийн Засаг даргад хүргүүлж, 2022 оны санхүү, аж ахуйн үйл ажиллагааны баримтад хяналт шалгалт хийлгэх хүсэлт гаргасан.

            Ш.Ц- нь Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны танилцуулга, улсын байцаагчийн 9 дүгээр сарын 15-ны өдрийн 37/04/03 дугаартай албан шаардлагатай танилцаж, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. 9 дүгээр сарын 22-ны өдөр сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлсэн боловч хүлээж аваагүй. 9 дүгээр сарын 23-ны өдрийн 09 цагт Засаг даргын өрөөнд бичиг хэргийн ажилтан Н.Ангирмаагаар тэмдэглэл хөтлүүлэн сонсох ажиллагааг хийсэн ба Ш.Ц- бичгээр тайлбар өгсөн.

            Удирдах албан тушаалтны хувьд зохисгүй үйлдэл гаргаж, хуурамч баримт бүрдүүлж байгаа нь удаа дараа болж, яаралтай таслан зогсоох шаардлага гарсан.

            Өмнөх Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Б/07 дугаар захирамжаар Ш.Ц-д сахилгын шийтгэл ногдуулж байсан боловч дахин давтан зөрчил гаргасан.

            Б/07 тоот захирамжийг гаргахдаа сонсох ажиллагаа хийгээгүй, захирамжийг мэдэгдээгүй, гардуулаагүй гэж нэхэмжлэгч тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Б/07 тоот захирамжид Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 32 тоот албан бичиг, ГСЗД-ын Тамгын газрын даргын 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн сонсох ажиллагаанд гаргасан тайлбар зэргийг үндэслэсэн байдаг.

            Б/07 тоот захирамжийн дагуу Ш.Ц-гийн 6 дугаар сарын цалингаас 20 хувийн суутгал хийгдсэн байдаг ба цалингийн цэсийг Цэвэлсүрэн өөрөө баталгаажуулж гарын үсэг зурсан байдаг.

            Иймээс гардуулаагүй, мэдэгдээгүй гэх тайлбар үндэслэлгүй, уг захирамжид гомдол гаргаагүй, гомдол гаргах хугацаа дууссан гэж үзэж байна.

            Миний бие Б/12 тоот захирамжийг гаргахдаа Хэнтий аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын байцаагчийн 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 37/04/03 дугаар албан шаардлага, Бор-Өндөр сум дахь сум дундын прокурорын газрын 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 15 дугаартай хариу мэдэгдэх хуудас зэргийг үндэслэсэн.

            Гаргасан шийдвэрээ зөв гэж үзэж байна” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, хариуцагчийн гаргасан хариу тайлбар, хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Нэг.     1.1. Нэхэмжлэгч Ш.Ц- нь хариуцагч ХАГСЗД-ын 2022 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн Б/12 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гаргасан ба уг нэхэмжлэлд шүүх захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байх явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нь 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, хариуцагчийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Б/07 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

            1.2. Тус шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 054 дүгээр захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар шийдвэрлэж, нэхэмжлэгч Ш.Ц- нь хариуцагч ГСЗД-ын 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Б/07 тоо захирамжийг хэзээ мэдсэн, уг захирамжийн талаар дээд шатны захиргааны байгууллагад гомдол гаргасан эсэх, гаргасан бол хэзээ, ямар хариу авсан, захиргааны хэргийн шүүхэд одоо нэхэмжлэл гаргаж байгаа нь хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх эсэх талаар тайлбар хүссэн.

            1.3. Үүний дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нь 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага ирүүлэхдээ, “Нэхэмжлэгч уг захирамжийг 2022 оны 09 сарын 23-ны өдөр Хэнтий аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 37/04/38 тоот танилцуулгаас олж мэдсэн...”, “дээрх захирамжийг Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу сонсох ажиллагаа хийгдээгүй, гардуулж хүргэгдээгүй, мэдэгдээгүй учраас дээд шатны албан тушаалтанд гомдол гаргаагүй болно” гэжээ.

            1.4. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Галшар сумын Засаг даргаар ажиллаж байсан Ө.Сарантуяа нь 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Б/07 дугаар захирамж гаргаж, тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ш.Ц-д 1 сарын албан тушаалын цалинг 20 хувиар буруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

            1.5. Тухайн захирамжийн дугаарыг анх А/78 гэж авсан боловч засварлаж, Б/07 гэж дугаарласан болох нь шүүхэд гэрчийн мэдүүлэг өгсөн Ө.Сарантуяа[1], Э.Басбиш[2] нарын мэдүүлгээр тогтоогдсон, шүүхээс ГСЗД-ын Тамгын газрын 2022 оны архивын бичиг баримтад үзлэг хийхэд А/78 гэсэн дугаартай захирамж байхгүй, харин “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/07  тоот захирамж байсан[3] болно.

            1.6. “2022 оны Б/07 тоот захирамжаар нэхэмжлэгч Ш.Ц-д 1 сарын албан тушаалын цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан, уг шийдвэрийг Ш.Ц-д гардуулсан” гэж гэрч Ө.Сарантуяа, Э.Басбиш нар мэдүүлсэн. Уг шийдвэрийн дагуу нэхэмжлэгч Ш.Ц-гийн 2022 оны 6 дугаар сарын цалингаас 20 хувийн суутгал хийгдсэн, уг цалингийн цэсэнд Ш.Ц- нь ерөнхий менежерийн хувьд гарын үсэг зурсан болох нь шүүхийн үзлэгээр[4] тогтоогдсон.

            1.7. Дээр дурдсан үндэслэлээр, нэхэмжлэгч Ш.Ц-д Б/07 тоот захирамжийг “гардуулаагүй, мэдэгдээгүй” гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг шүүх үндэслэлгүй гэж үзэв.

1.8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь маргаан бүхий Б/07 тоот захирамжид гомдол гаргаагүй өөр хүндэтгэн үзэх шалтгаан дурдаагүй тул түүний,  2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн захиргааны актын талаар 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэл гаргасныг Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.9 дэх хэсэг, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-14.4-т  заасан гомдол, нэхэмжлэл гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж дүгнэв.

1.9. Ийнхүү Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдсон тул тус хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-д заасны дагуу хариуцагч ГСЗД-ын 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Б/07 тоот захирамжид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, тухайн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй байна.

1.10. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг шүүх хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн тул хариуцагчийн Б/07 дугаар захирамжид шүүх хууль зүйн дүгнэлт өгөөгүй болно.

Хоёр 2.1. Харин нэхэмжлэгч Ш.Ц-гийн, ажлаас чөлөөлөх тухай Б/12 тоот захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүх үндэслэлтэй гэж үзэв.

2.2. Хариуцагч Галшар сумын Засаг дарга Д.Нын 2022 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр гаргасан Б/12 дугаар захирамж нь “Ш.Ц-г ажлаас чөлөөлөх тухай” гэх гарчигтай, захирамжид Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.4 дэх заалтыг үндэслэсэн атлаа “Засаг даргын Тамгын газрын дарга Ш.Ц-г 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөр дуусгавар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй” гэжээ.

2.3. Хариуцагч ийнхүү захирамждаа Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах тухай заалтыг үндэслэсэн ч нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулах тухай үг өгүүлбэр тусгаагүй байна.

2.4. Нэхэмжлэгч Ш.Ц- нь ХАГСЗД-ын Тамгын газрын даргаар ажиллаж байсан бөгөөд түүний албан тушаал нь Төрийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 12 дугаар зүйлийн 12.1.7-д зааснаар төрийн захиргааны албан тушаалд хамаарна.

2.5. Төрийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 4 дүгээр зүйлийн 4.2-д заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг Төрийн албаны тухай хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтоох тул төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь халах, мөн сахилгын шийтгэл ногдуулахдаа Төрийн албаны тухай хууль болон “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ыг тус тус  баримтлах ёстой.

2.6. Төрийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд ...албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна” гэж заан, төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлүүдийг тодорхойлж өгсөн.

2.7. Хариуцагч нь маргаан бүхий Б/12 дугаар захирамждаа хуулийн эдгээр үндэслэлүүдийг огт заагаагүй байна.

2.8. “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 1.6-д зааснаар төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалган тогтоох шаардлагатай.

2.9. Хариуцагч маргаан бүхий актдаа Хэнтий аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын байцаагчийн 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 37/04/03 дугаар албан шаардлага, ГСЗД-ын 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/113 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлт зэргийг үндэслэсэн.

2.10. Хариуцагч Галшар сумын Засаг дарга Д.Нын гаргасан хүсэлтийн дагуу Хэнтий аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албанаас ГСЗД-ын Тамгын газрын 2022 оны эхний 8 сарын санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хяналт шалгалт хийж, 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 37/04/38 дугаартай танилцуулга гаргасан бөгөөд Засаг даргын Тамгын газрын дарга Ш.Ц-д сахилгын шийтгэл ногдуулах тухай 37/04/03 тоот албан шаардлагыг сумын Засаг даргад өгсөн байна.

2.11. Уг албан шаардлагад “...шинээр хүний нөөцийн ажилтны ажлын байрны тодорхойлолт боловсруулан Төрийн албаны зөвлөлд явуулж батлуулаагүй, томилон ажиллуулж 1387.6 мянган төгрөгийн цалин олгосон, Дөлгөөн дэлгүүрийн худалдагч Г.Баатараас 2022 оны 07 дугаар сарын 19-ны өдөр 609.5 мянган төгрөгийн зарлагын анхан шатны баримт бичүүлж авахдаа 220.0 мянган төгрөгийн цемент 10 уут, будаг, багс гэх мэт барааг нэмж бичүүлэн Ж.Мядагдорж гэдэг хүний ХААН банкны дансанд шилжүүлэг хиййлгэсэн” гэх зөрчлүүд илэрсэн талаар бичжээ.

2.12. Хариуцагчийн шийдвэрээр байгуулагдсан ажлын хэсгийн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн тэмдэглэлд[5] “1-р зөрчил Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5, 13.6 дахь заалтууд, 2-р зөрчил Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь заалт ...” гэх мэтээр бичиж, дүгнэлтдээ “Хэнтий аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны хяналт шалгалтын танилцуулга, улсын байцаагчийн албан шаардлагаар холбогдох хуулиудын заалтуудыг зөрчсөн, мөн зөрчлөө хүлээн зөвшөөрсөн тул холбогдох хуулийн дагуу сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл болж байна” гэж бичсэн.

2.13. Гэвч уг баримтаас хэн, хэзээ, ямар зөрчил гаргасан болох нь тодорхойгүй, хэнд сахилгын шийтгэл ногдуулах нь тодорхой бус байна. 

2.14. Мөн хариуцагч нь маргаан бүхий актдаа Бор-Өндөр сум дахь сум дундын прокурорын газрын 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 15 дугаар “хариу мэдэгдэх хуудас”-ыг үндэслэсэн боловч уг хариу мэдэгдэх хуудсанд зааснаар нэхэмжлэгч Ш.Ц- нь хэзээ, ямар зөрчил гаргасан болохыг захиргааны актад тусгаагүйгээс гадна шүүхэд болон шүүх хуралдаанд ч энэ талаар тайлбарлаагүй болно.

2.15. Хариуцагч нь ийнхүү нэхэмжлэгч Ш.Ц-д сахилгын шийтгэл ногдуулах ямар үндэслэлүүд байгааг тогтоож тодорхойлоогүй, хэзээ ямар зөрчлүүд гаргасан болохыг нь захиргааны актад тусгалгүй, зөвхөн “удаа дараа зөрчил гаргасан” гэх үндэслэл дурдаж, төрийн албанаас халах шийтгэл ногдуулсан нь хууль, журамд нийцэхгүй байна.

2.16. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахдаа тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан, хуульд заасан 6 төрлийн шийтгэлээс аль тохирохыг ногдуулахаар хуульчилсан.

2.17. Мөн “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 3.2-д, “Эрх бүхий албан тушаалтан...сахилгын шийтгэл ногдуулахдаа ...тухайн зөрчлийн шинж байдал, мөн журмын 3.3-т заасан нөхцөл байдал болон хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүнг харгалзан энэ журмын 1.5.1-1.5.4-т заасан сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна” гэж заасан.

2.18. Хууль, журмын эдгээр заалтыг хариуцагч хэрэгжүүлээгүй, тухайлбал, нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчлүүдийн шинж байдлыг үнэлж дүгнээгүй, хуульд заасан 6 төрлийн шийтгэлээс “төрийн албанаас халах” шийтгэлийг сонгох болсон үндэслэлийг шийдвэртээ тусгаагүй байна.

1.19. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа нэхэмжлэгч Ш.Ц-г өмнө нь 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Б/07 дугаар захирамжаар сахилгын шийтгэл хүлээж байсан тухай тайлбарласан.

1.20. Гэвч хариуцагч нь үүний дараа 09 дүгээр сарын 29-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулахдаа нэхэмжлэгчийн хэзээ гаргасан зөрчилд нь хариуцлага хүлээлгэж байгаагаа тодорхойлоогүй, нэхэмжлэгч сахилгын зөрчлийг давтан үйлдсэн эсэх талаар дүгнээгүй байна.

2.21. Ийнхүү хариуцагч Галшар сумын Засаг дарга Д.Нын 2022 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн Б/12 дугаар захирамж нь Төрийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалт, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 36/32 тоот хамтарсан тушаалаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-д нийцээгүй байна.

2.22. Иймээс тухайн маргаан бүхий захиргааны акт нь “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 1.4 дүгээр зүйлийн 1.4.2-д заасан, сахилгын шийтгэл зөрчлийн шинж байдалд тохирсон байх, 1.4.4-д заасан, ил тод байх, 1.4.5-д заасан, хууль зүйн үндэслэлтэй байх зарчимтай нийцээгүй, журмын 1.6-д заасныг зөрчсөн” тухай нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

2.23. Хариуцагчийн гаргасан маргаан бүхий Б/12 дугаар захирамж нь ийнхүү хууль бус бөгөөд уг захиргааны актын улмаас нэхэмжлэгч Ш.Ц-гийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн тул уг захиргааны актыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн тогтоон, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулах нь зүйтэй байна.

2.24. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “ээлжийн амралтыг гүйцэд эдлүүлээгүй” талаар бичсэн боловч, ажлаас чөлөөлөгдөхөд нь холбогдох тооцоог хийсэн гэж хариуцагч тайлбарлан, нэхэмжлэгч энэ талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.2, 106.3, 106.3.13 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 48 дугаар зүйлийн 48.1, 62 дугаар зүйлийн 62.1.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгч Ш.Ц-гийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч ХАГСЗД-ын 2022 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн Б/12 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ш.Ц-г ХАГСЗД-ын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 4 дүгээр зүйлийн 4.4, 57 дугаар зүйлийн 57.2.2, Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгч Ш.Ц-гийн ажилгүй байсан 2022 оны 09 дүгээр сарын 29-ны өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэлх хугацааны олговрыг хуульд заасны дагуу тооцон нэхэмжлэгч Ш.Ц-д олгож, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч ХАГСЗД-д даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг баримтлан, хариуцагч ГСЗД-ын 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Б/07 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгөөс 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 70200 төгрөг, хариуцагчаас 70200 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ш.Ц-д олгосугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

6. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах бөгөөд энэ хугацаанд гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй.

 

Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар, шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.БАЛЖМАА

 

[1] 158-159 хуудас

[2] 144-145 хуудас

[3] 136 хуудас

[4] 136 хуудас, 141 хуудас

[5] 23-24 хуудас