Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 00306

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж

Улсын яллагч Б.Бүжинлхам

Шүүгдэгч Б.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Буяндэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.А холбогдох эрүүгийн 1725002470111 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1986 оны 02 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто цахилгаанчин  мэргэжилтэй,  ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт  оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б.А

Шүүгдэгч Б.А нь 2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр  Хур зочид буудлын гадна чулуугаар Х.Б-г толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Э бид хоёр байж байгаад хохирогчтой маргалдаад би газраас чулуу аваад уурандаа шидчихсэн. Надад сонсгосон зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

-Хохирогч Х.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр гэрээсээ 20 цагийн үед гараад найз  нарын хамт Богд гол бааранд орсон юм. Тэгээд 23 цаг өнгөрч байхад бааранд бид нарын сууж байсан ширээн дээр байсан пивонуудыг нэг согтуу залуу асгасан юм. Тэгхээр нь бид хажуу талын ширээн дээр суусан юм. Тэгсэн тэр ширээн дээр хоёр залуу сууж байсан. Тэр хоёр залуутай танилцаад баар хаахаар баарнаас гараад нөгөө 2 залуутай хамт таксинд суусан. Гэтэл тэр хоёр залуу бүгдээрээ буудал орж жаахан юм ууя гээд бид нар Хур буудал руу явсан. Тэгж явж байх замд тэр хоёр залуугийн нэг нь Уртцагаан дээр буусан. Тэгээд бид 4 нөгөө залуутай нь хамт буудалд орсон. Буудалд ороод сууж байтал нөгөө уртцагаан дээр үлдсэн залуу нь бас нэг найзыгаа дагуулаад араас ирсэн. Тэгээд тэндээ бид нар нэг шил архийг талд нь ортол уугаад бас нэг ширхэг 2.5 литрийн пиво уусан. Тэгээд сууж байтал сүүлд шинээр ирсэн нэг залуутай нь би маргалдаад найзтайгаа хамт явахаар гарсан юм. Тэгсэн эхлээд бид нартай ирсэн нэг залуу нь бид хоёрыг явуулахгүй гээд буцаагаад татсаар байгаад оруулсан. Тэгээд ороод хэсэг сууж байгаад маргалдаад болохгүй болохоор нь би Баярхүү, Март нарын хамт гараад таксинд суусан. Тэгсэн бас нөгөө залуу нь араас гарч ирээд таксинд суучихаад явуулахгүй байхаар нь буугаад урагшаа буудал тойроод явсан. Урагшаа алхаж байхад нөгөө гурван залуу бид нарын араас хүрээд ирсэн. Би нэг залуутай нь маргалдаад явах гэтэл миний нүүрэн тус газар чулуугаар цохисон. Цагдаа дууд гээд газар суусан чинь нөгөө хоёр залуу зугтаагаад явсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-15-р хуудас/

-. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 796 дугаартай “Х.Б-ийн биед гавал тархины битүү гэмтэл, тархины эдийн нэгдүгээр зэргийн няцрал, духны баруун талд духны ясны өмнөд хананы духны хөндий рүү цөмөрсөн хугарал, духанд баруун талд зөөлөн эдэд цус хуралт, зулгаралт зэрэг гэмтэл үүсчээ. Эдгээр нь мохоо зүйлийн 1 удаагийн цохих цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Уг гэмтлүүд нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарагдана. Хугарал зөөлөн эдийн гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоо бүхий нэгэн зэрэг үүссэн гэмтэл болно. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 29-р  хуудас/,

- Гэрч Э.Э..”А бид хоёр буцаад буудал руу явж байсан чинь нөгөө хоёр хүүхэн араас янхан банзал гээд хэл амаар доромжлоод байсан. Тэгсэн А уурлаад юм аваад шидсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/

-Б.А-г яллагдагчаар татах тухай, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 44-45 ху/

              -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 48 ху/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзлээ.

            Шүүгдэгч Б.А нь 2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртбулаг багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хур зочид буудлын гадна чулуугаар Х.Б-ийн толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн шатанд шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөн мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Э.Э  “тэгсэн А уурлаад юм аваад шидсэн” /хх-ийн 21-р хуудас/, хохирогч Х.Б-ийн  “Тэгсэн бас нөгөө залуу нь араас гарч ирээд таксинд суучихаад явуулахгүй байхаар нь буугаад урагшаа буудал тойроод явсан. Урагшаа алхаж байхад нөгөө гурван залуу бид нарын араас хүрээд ирсэн. Би нэг залуутай нь маргалдаад явах гэтэл миний нүүрэн тус газар чулуугаар цохисон /хх-ийн 13-15-р хуудас/ гэсэн мэдүүлгүүд, хохирогчийн биед гавал тархины битүү гэмтэл, тархины эдийн нэгдүгээр зэргийн няцрал, духны баруун талд духны ясны өмнөд хананы духны хөндий рүү цөмөрсөн хугарал, духанд баруун талд зөөлөн эдэд цус хуралт, зулгаралт зэрэг гэмтэл үүсчээ. Эдгээр нь мохоо зүйлийн 1 удаагийн цохих цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Уг гэмтлүүд нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарагдана. Хугарал зөөлөн эдийн гэмтэл нь хоорондоо шалтгаант  холбоо бүхий нэгэн зэрэг үүссэнийг тогтоосон 796 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

      Шүүгдэгч Б.А үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

            Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирол төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

            Хохирогч Х.Б шүүх хуралдаанд оролцохгүй, хохиролгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.А хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч Б.А-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4.д зааснаар шүүгдэгч Б.А-д оногдуулсан торгох ялыг 1 /нэг/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5.д зааснаар шүүгдэгч Б.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А-д урьд авсан хувийн баталгаа өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.

  7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ