Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 00318

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж

Улсын яллагч Т.Ганзориг

Шүүгдэгч Б.Т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Буяндэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Т холбогдох эрүүгийн  дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1994 оны 06 дугаар сарын 09-ний өдөр  төрсөн, 23 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, ам бүл 3, ээж дүү нарын хамт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б.Т

Шүүгдэгч Б.Т нь 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-2-66 тоотод Ц.Н Айпоне-6 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 600.000 төгрөгийн  хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Б.Т шүүхийн хэлэлцүүлэгт: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Мэдүүлэг өгөхгүй гэв.

-Хохирогч Ц.Н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн 3-2-66 тоотод байрлах гэрээсээ 16 цагийн орчим Их залуу баг руу хамаатныдаа очих гээд явсан. Тухайн үед миний утасны цэнэг дуусах гээд байхаар нь гэртээ үлдээгээд явсан. Орой 21 цагийн орчим гэртээ ирээд гар утсаа хайгаад олоогүй. Тухайн үед манай хүүхдүүд нуусан байлгүй гээд тоогоогүй. 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр майл хаягаар гар утсаа шалгасан чинь 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 18 цаг 15 минутанд миний гар утасны майл хаягийг устгаад өөрчилсөн байсан. Тэгээд би гар утсаа алдсанаа мэдээд цагдаагийн газар өргөдөл гаргасан. Би хохирлоо бүрэн авсан шүүх хуралд суухгүй гэсэн мэдүүлэг /хх 7-8 ху/,

-Бан Хас ХХК-ийн  шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 172 дугаартай Ipone 6 gold маркийн гар утас 600.000 төгрөг гэх дүгнэлт  /хх 14 ху/

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 26 ху/

-Б.Т  яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх 23-24 ху/

-Хохирол төлсөн баримт /хх 29 ху/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

Шүүгдэгч Б.Т нь 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-2-66 тоотод Ц.Н Айпоне-6 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 600.000 төгрөгийн  хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Ц.Н “...Орой 21 цагийн орчим гэртээ ирээд гар утсаа хайгаад олоогүй. Тухайн үед манай хүүхдүүд нуусан байлгүй гээд тоогоогүй. 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр майл хаягаар гар утсаа шалгасан чинь 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 18 цаг 15 минутанд миний гар утасны майл хаягийг устгаад өөрчилсөн байсан. Тэгээд би гар утсаа алдсанаа мэдээд цагдаагийн газар өргөдөл гаргасан” гэсэн мэдүүлэг, мөн ял шийтгэлийг шалгах хуудас, эд зүйлийн үнэлгээ болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Т дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1.д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг бусдын хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Б.Т нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, үйлдсэн хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон түүний хувийн байдлыг харгалзан ял оногдуулах үндэстэй.

Энэ хэргийн улмаас хохирогчид 600.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь төлж барагдуулсан болох нь мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн өгсөн мэдүүлгээр нотлогдож байна. Иймд энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна.

Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                   ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Т-г бусдын хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-д хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5.д зааснаар шүүгдэгч нь тэнсэнгийн хугацаанд гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийн хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ