Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 00259

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Сумъяажав,

Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,

Хохирогч Н.Ө,

Шүүгдэгч Б.А нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.А-д холбогдох эрүүгийн 1738000000064 дугаартай хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.А, 1977 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 39 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, нөхөр хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн ... оршин суух, гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн ... дугаартай.

Шүүгдэгч Б.А нь 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 4 дүгээр багт иргэн Н.Ө-тэй ах дүү нараа элдвээр доромжилсон гэх шалтгааны улмаас маргалдаж, түүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.А нь 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 4 дүгээр багт иргэн Н.Ө-тэй ах дүү нараа элдвээр доромжилсон гэх шалтгааны улмаас маргалдаж, түүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, тогтоол /хх-ийн 6-7 дугаар хуудас/,

Хохирогч Н.Ө-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Бөөтөө гэх хүний хурим дээр хоол цай хийгээд байж байхад А гэх эмэгтэй “чи ах дүүгээ доромжилсон эмэгтэй яах гэж ирсэн юм” гэж байсан. Тэгэхээр нь би яахаараа доромжилсон юм бэ, та нар л намайг ийм яриа гаргаж доромжиллоо гэж хэлэхэд А надад нотлох баримт байгаа гээд маргалдсан. ...миний хажууд ирж сууснаа гараараа миний зүүн талын дух хэсэг рүү нэг удаа цохьсон. Тэгэхээр нь би хойш нь дараад дээр нь гараад суусан чинь бузартсан бөгсөө ав гээд миний нүүр рүү 3 удаа нулимсан. ...миний үснээс гараараа ороож байгаад татаад унагаасан. ...тэгж байхад А-ын нөхөр Т салгасан. Салаад намайг орон дээр сууж байхад нөхрийнхөө хоёр талаар гарч ирээд миний толгой руу гараараа цохиж аваад байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/,

Гэрч Ц.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...гэр рүү ороход миний охин А Ө-тэй зодолдож байсан. Тэгэхээр нь тэр хоёрыг салгаад охин А-ыг аваад гарсан. ...тухайн үед миний охин А-ын дээр Ө гарчихсан ноцолдсон байдалтай байсан. Тэгэхээр нь Ө-г түлхэж холдуулаад охиныгоо салгаж аваад гарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Р.Ням-Осорын 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 590 дугаартай

  1. Н.Ө-ийн биед гэмтэл тогтоогдлоо.
  2. Н.Ө-ийн биед гарын хуруунд шарх, духанд цус хуралт, тархи доргилт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тус бүрдээ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  3. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.
  4. Тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байна гэх дүгнэлт /хх-ийн 18 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч Б.А-ын хувийн байдлын хувьд урьд ял шийтгэлгүй болох нь /хх-ийн 38 дугаар хуудас/-аар тогтоогдож байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн харицлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэв.

Шүүгдэгч Б.А нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан байх тул түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хохирогч Н.Ө нь 200.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хэрэгт 73.000 төгрөгийн нотлох баримтыг гаргаж өгсөн байх тул шүүгдэгч Б.А-аас 73.000 төгрөгийг гаргуулан хохирогч Н.Ө-т олгох нь зүйтэй байна. Харин хохирогч Н.Ө нь үлдэх хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Б.А-аас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн 1738000000064 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч Н.Ө-ийн гэх 14/17 см хэмжээтэй үсийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгах, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

     

1. Шүүгдэгч Б.А-г бусдын бие махбодид хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.А-д оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тогтсугай.

      4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Б.А нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг  дурдсугай.

      5. Ялтны ял эдлэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

      6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Б.А-аас 73.000 /далан гурван мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Н.Ө-д олгосугай.

      7. Эрүүгийн 1738000000064 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Н.Ө нь үлдэх хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Б.А-аас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

     8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 14/17 см хэмжээтэй дугтуйлж ороосон бор өнгийн үсийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

     9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Н.НЯМСҮРЭН