Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 135/ШШ2023/01028

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 135/2023/00117/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Жавхлантөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 9дүгээр баг, 4дүгээр хороолол, 9дүгээр байрны 17тоотод оршин суух Монгол овгийн Цэдэндамбын Отгонцэцэг /рд: ТИ74082865, утас: 99018128, 99193735/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 13дугаар баг, 6дугаар хороолол, 24дүгээр байр, 54тоотод оршин суух Боржигон овогт Отгонсүрэнгийн Батпүрэв /рд: ШГ74050275, утас: 99114491/-д холбогдох,

О.Батпүрэв, ****** ХХК-ийн хооронд байгуулсан 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн барьцаат зээлийн гэрээнээс Дархан-Уул аймгийн Дархан сумын 11дүгээр баг, 13дугаар хороолол ******* хотхоны 10А байрны 31тоот орон сууцыг чөлөөлж, хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ц.Отгонцэцэг,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Ганболд,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Аззаяа /цахим/,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Одбаяр /цахим/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Отгонцэцэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие ****** ХХК-тай байгуулсан орон сууц захиалах гэрээний дагуу захиалсан тус аймгийн Дархан сумын 11-р баг 13-р хороолол 10а байрны 31тоот хаягт байх 59.84 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг гэрээний дагуу 100 хувь төлбөрийг төлж үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 001047272 дугаартай гэрчилгээг 2022 оны 12-р сарын 05-ны өдөр авсан болно. Гэтэл уг эд хөрөнгийн лавлагааг 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр автал О.Батпүрэв гэгч хүний барьцаанд байгаа гэх тодорхойлолттой байсан. Гэрээгээр барилгын ажил гүйцэтгэгч ****** ХХК нь иргэн О.Батпүрэвтэй зээлийн барьцааны гэрээ хийж бүртгэгдсэн О.Батпүрэвийн барьцаанд байгаа тул ямар нэгэн хөдөлгөөн хийх боломжгүй гэж улсын бүртгэгч мэдэгдэж 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 2015/06/10/А дугаар бүхий зээлийн барьцааны гэрээг танилцуулсан. Уг барьцааны гэрээг судалж үзтэл Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-д заасан шаардлагыг хангаагүй мөн хуулийн 156-р зүйлийн 156.3-д заасны дагуу хүчин төгөлдөр бус байсан. Тодруулбал 156.2-д ...барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана. гэсэн гэтэл уг гэрээнд үүргийг хангах хугацаа, үнийг заагаагүйгээс ямар хугацаанд барьцаагаар хангагдах, ямар үнэтэй барьцаа байгаа үнийн хэдэн хувиар барьцаа хангагдах гэх мэт нь тодорхой биш байдлаас болоод захиалагч өмчлөгч миний өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө хэзээ ямар үнээр захиран зарцуулах нь тодорхойгүй байдал бий болсон. Хууль тогтоогч энэхүү нөхцөл байдал бий болно гэдгийг тооцоолж тус хуулийн 156.3-д ...156.2-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна. гэж хуульчилжээ. Иймд хуулийн шаардлага хангаагүй, миний өмчөө захиран зарцуулах эрхийг ноцтой зөрчиж хохирол учруулсан, хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцээгүй зээлийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү. Барьцаалагч О.Батпүрэвд хандаж өөрийн өмчлөлийн байрыг барьцаанаас чөлөөлж өгөхийг хүсэж хүсэлт гаргасан боловч тодорхой хариуг одоо болтол өгөөгүй болно. гэв.

Хариуцагч О.Батпүрэв болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Аззаяа нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч О.Батпүрэв нь 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн ****** ХХК-тай 2015/06/10 дугаар зээлийн гэрээ, 2015/06/10А дугаар бүхий барьцааны гэрээ байгуулан улсын бүртгэлийн Ү-2003018160 дугаарт бүртгэлтэй, Дархан-Уул аймаг, Дархан сум, 11-р баг, 13дугаар хороололд байрлах орон сууцны зориулалттай 8470 м.кв талбайтай барилгыг 1500 м.кв газрын хамт барьцаалан гэрээг холбогдох хуулийн дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн. Иймд О.Батпүрэв нь 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн ****** ХХК-тай 2015/06/10 дугаар зээлийн гэрээ, 2015/06/10А дугаар бүхий барьцааны гэрээнүүд нь хүчин төгөлдөр гэрээнүүд тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хариуцагч О.Батпүрэв болон ****** ХХК-тай байгуулагдсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр байгаа. Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т заасан шаардлагыг хангасан буюу Улсын бүртгэлд бүртгүүлсэн гэрээ. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг мөн авсан. ****** ХХК нь О.Батпүрэвтэй 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр зээлийн барьцааны гэрээ хийж Улсын бүртгэлд бүртгүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Одбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ****** ХХК-ийн зүгээс үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 001047272 дугаартай гэрчилгээг 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Ц.Отгонцэцэгт гаргаж өгсөн. Барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т заасан үндэслэлийг зөрчсөн гэж нэхэмжлэгчийн гаргаж байгаа үндэслэл нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэж байна. Ямар нэгэн бичиг баримт буюу мөнгө тушаасан баримтуудыг манай компанид гаргаж өгөөгүй гэжээ.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, Отгонцэцэгийн иргэний үнэмлэхийн хуулбар, үл хөдлөх хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар 1 хуудас, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг тушаасан баримт, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн лавлагаа 1 хуудас, Отгонцэцэгийн хүсэлт, Отгонцэцэгээс Наранцэцэгт олгосон итгэмжлэл, Ц.Отгонцэцэгийн оршин суугаа газрын тодорхойлолт, шүүхийн баримтууд, О.Батпүрэвийн иргэний үнэмлэхийн хуулбар, шүүхийн баримтууд, О.Батпүрэвээс Янжинлхамд олгосон итгэмжлэл, хариуцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Янжинлхамын хариу тайлбар, шүүгчийн захирамж, зээлийн барьцааны гэрээ, зээлийн гэрээ 3 хуудас, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, шүүхийн баримт, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт, хариуцагчийн Янжинлхамын шүүхэд гаргасан хүсэлт, хариу тайлбар, зээлийн гэрээ 3 хуудас, зээлийн барьцааны гэрээ 2 хуудас, эвлэрлийн гэрээ 1 хуудас, шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас, шүүгчийн захирамж, Батпүрэвээс Янжинлхамд олгосон итгэмжлэл, иргэний үнэмлэхийн хуулбар, лавлагаа, шүүхийн баримтууд, шүүхийн тогтоол, Ласти-Интернэшнл ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Ласти-Интернэшнл ХХК-ийн Одгэрэлд олгосон итгэмжлэл, шүүхийн баримт, Одбаярын хариу тайлбар, нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, хамтран хариуцагч татах тухай Отгонцэцэгийн хүсэлт, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг тушаасан баримтын хуулбар, шүүгчийн захирамж, шүүхийн баримтууд, Батпүрэвээс Аззаяад олгосон итгэмжлэл, Аззаяагийн хүсэлт, шүүхийн баримт, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Ганболдын шүүхэд гаргасан хүсэлт, Б.Баатарсайхан өмгөөлөгчийн хүсэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Ц.Отгонцэцэг нь хариуцагч О.Батпүрэвт холбогдуулан зээлийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Ганболд нь О.Батпүрэв, ****** ХХК-ийн хооронд байгуулсан 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн барьцаат зээлийн гэрээнээс Дархан-Уул аймаг, Дархан сум, 11дүгээр баг, 13дугаар хороолол, 10а байрны 31тоот орон сууцыг чөлөөлж, хүчингүй болгуулах тухай гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ. Энэ нь нэхэмжлэлийн үндэслэл өөрчлөгдөөгүй тул иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дахин явуулах шаардлагагүй гэж үзэн шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан болно. Мөн энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Аззаяа шүүх хуралдаанд цахимаар оролцохдоо ямар нэгэн тайлбар хэлээгүй байна.

2. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

Нэхэмжлэгч Ц.Отгонцэцэг нь ****** ХХК-тай 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 031 тоот Дархан-Уул аймгийн Дархан сумын 11дүгээр баг 13дугаар хороолол, ******* хотхоны А блокны 31тоот, 59.84 м.кв талбайтай, 2 өрөө, 59,840,000 төгрөгийн үнэ бүхий, орон сууцны зориулалттай барилгыг 2015 оны 1 дүгээр улиралд барьж захиалагчийн эзэмшил, өмчлөлд шилжүүлэх, захиалагч нь төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээсэн Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулжээ.

2014 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 031 тоот гэрээгээр хүлээсэн үүргээ захиалагч биелүүлж 59,840,000 төгрөгийг бүрэн төлсөн, гүйцэтгэгч ****** ХХК гэрээний 1.2-д заасан үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч Ц.Отгонцэцэг Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2021/02182 дугаартай шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан дээрх орон сууыг нэхэмжлэгч Ц.Отгонцэцэгийг өмчлөгчөөр тогтоосон байна. /хэргийн 194-196 дугаар хуудас/,

3. О.Батпүрэв 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр ****** ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, барилгын материал авах зориулалтаар 1 500 000 000 төгрөгийн зээл олгож, зээлийн болон барьцааны гэрээ байгуулжээ. /хавтас хэргийн 32-36, 41-45 дугаар хуудас/

Хариуцагч О.Батпүрэвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа хариуцагч О.Батпүрэв болон ****** ХХК-тай байгуулагдсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр байгаа. Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т заасан шаардлагыг хангасан буюу Улсын бүртгэлд бүртгүүлсэн гэрээ. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг мөн авсан. ****** ХХК нь О.Батпүрэвтэй 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр зээлийн барьцааны гэрээ хийж улсын бүртгэлд бүртгүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэж маргаж байна.

4. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй. гэж зааснаар хууль ёсны өмчлөгч Ц.Отгонцэцэг өөрийн өмчлөлийн орон сууцаа захиран зарцуулах, эдийн засгийн эргэлтэд оруулахаар бусдын хууль бус барьцаанаас чөлөөлөхийг шаардах эрхтэй байна.

5. Хэргийн 8 дугаар хуудсанд авагдсан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаанаас үзвэл нэхэмжлэгч Ц.Отгонцэцэгийн Дархан-Уул аймаг, Дархан сум, 11дүгээр баг, 13дугаар хороолол, ******* хотхоны 10а байрны 31тоот 59.84 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөх эрх 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр улсын бүртгэлд бүртгэгдэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 001047272 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр олгогдсоны дараа хариуцагч О.Батпүрэвийн барьцаалбаргүй барьцааны гэрээ 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр бүртгэгдсэн байна.

6. Нэхэмжлэгч Ц.Отгонцэцэг, ****** ХХК-ийн хооронд байгуулагдсан орон сууц захиалгаар бариулах гэрээ нь хариуцагч О.Батпүрэв, ****** ХХК-ийн хооронд байгуулагдсан барьцаат зээлийн гэрээнээс цаг хугацааны хувьд өмнө нь байгуулагдсан бөгөөд тус гэрээг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх үүрэг захиалагч Ц.Отгонцэцэг хүлээгээгүй, гэрээний 3.7-д заасан гүйцэтгэгч тал биет байдлын болон эрхийн доголдолгүй буюу бусдад давхар худалдагдаагүй, барьцаалагдаагүй бүтээгдэхүүн нийлүүлнэ, 3.1-д гүйцэтгэгч нь орон сууцыг 2.2-д заасны дагуу ашиглалтад хүлээлгэн өгөхдөө захиалагч талд орон сууцыг актаар хүлээлгэн өгөх үүргийг тус тус гүйцэтгэгч тал хүлээжээ.

7. Харин хариуцагч О.Батпүрэвийн өмнө ****** ХХК-ийн хүлээх барьцаагаар хангагдах үүргийг маргаж буй орон сууцны өмчлөгч Ц.Отгонцэцэг хүлээх үүрэггүй байна.

Учир нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-т Барьцааны зүйлийг бусдад шилжүүлэх талаар тогтоосон журам зөрчсөн эсэхийг үл харгалзан тухайн барьцааг хүчинтэй гэж үзнэ. гэж заасан нь 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан нэхэмжлэгч Ц.Отгонцэцэгт хамааралгүй бөгөөд 2015 оны 06 дугаар сарын 10-наас хойших үйл баримтад хамаарна.

8. Иймд дээрх үндэслэлээр О.Батпүрэв, ****** ХХК-ийн хооронд байгуулсан 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн барьцаат зээлийн гэрээнээс Дархан-Уул аймгийн Дархан сумын 11дүгээр баг, 13дугаар хороолол ******* хотхоны 10А байрны 31тоот сууцыг чөлөөлж, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

9. Мөн өмгөөлөгч Б.Баатарсайхан шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг шүүх хуралдаан эхэлсний дараа буюу 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 10 цаг 12 минутад, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Аззаяа өмгөөлөгч Б.Баатарсайханыг оролцуулах тухай хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж байх цаг хугацаанд буюу 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 10 цаг 58 минутад тус тус гаргасан, шүүх хуралдаан 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 10 цаг 11 минутад эхэлсэн зэргээс үзэхэд дээрх өмгөөлөгч Б.Баатарсайханы хүсэлтийг шүүгчийн захирамжаар шийдвэрлэсэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Аззаяа өмгөөлөгч Б.Баатарсайханыг оролцуулах тухай хүсэлтийг шүүх хуралдаанд гаргаагүй атлаа шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх үед бичгээр гаргаж шүүхийн цахим хаягаар ирүүлсэн нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүйг илтгэнэ.

Түүнчлэн 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулах тухай захирамжаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Аззаяагийн өмгөөлөгч авах хүсэлтээр ажлын 26 хоногоор шүүх хуралдааныг хойшлуулсан байхад өмгөөлөгч сонгон авч хэргийн материалтай танилцуулаагүй байгаа нь шүүхээс өмгөөлөгч авах хангалттай хугацаа олгосон байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 156 дугаар зүйлийн 156.2-т тус тус зааснаар Ц.Отгонцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, О.Батпүрэв, Ласти-Интернэшнл ХХК-ийн хооронд байгуулсан 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн барьцаат зээлийн гэрээнээс Дархан-Уул аймгийн Дархан сумын 11дүгээр баг, 13дугаар хороолол ******* хотхоны 10А байрны 31тоот, 59.84 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг чөлөөлж, зохих бүртгэл хийхийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Ц.Отгонцэцэгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Батпүрэвээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Отгонцэцэгт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Т.ЖАВХЛАНТӨГС