| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 303/2026/0081/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/73 |
| Огноо | 2026-03-12 |
| Зүйл хэсэг | 17.11.1., |
| Улсын яллагч | Н.Зулаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 2026/ШЦТ/73
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Б.Бямбадулам
Улсын яллагч: Н.Зулаа
Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2614000000029 дугаартай хэргийг 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын *******, ******* регистрийн дугаартай,
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч Б.******* нь 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн Богд сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодон явах үедээ Нийтийн эзэмшлийн цахилгаан холбооны хэрэгсэл болох гэрлийн шонг мөргөж нийт 8.752.924 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./ яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Тухайн өдөр найзындаа очиж пиво уучихаад хөдөө гаргах замдаа гэрлийн шон очиж шарваж мөргөсөн. Зам гөлөөнтэй байсан. Би 17 цагийн үед хүүхдээ цэцэрлэгээс авчихаад 19 цагийн үед хөдөө гэрлүүгээ гарч яваад ийм зүйл болсон гэв.
Шүүгдэгч Б.*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн...Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой танилцлаа. Хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед миний үйлдлээс болж төрийн өмчит компанид 8,752,924 төгрөгийн хохирол учирсан. Уг хохирлыг төлж барагдуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 73/,
Хохирогч байгууллагын төлөөлөгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн“.. 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн Богд сумын хориулт 6 дугаар багт ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь гэрлийн шон мөргөж манай байгууллагад 8.752.924 төгрөгийн хохирол учруулсан байсан. Манай байгууллагаас үнэлгээ гаргаж хүргүүлсэн..ЭБЦТС цахилгаан түгээх Өвөрхангай аймгийн салбар Баянхонгор аймгийн Говийн 7 сумыг цахилгаанаар ханган нийлүүлдэг...гэх мэдүүлэг (хх-ийн 25-32),
Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би тухайн үед нь бол өөрийн Хаан банкны тоот данснаас эхлээд 6.000.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд эрчим хүчний хүмүүс нь манай сум дээр ирээд унасан шонгуудын оронд өөр шон суулгаж дуусахаар нь үлдсэн мөнгийг нь *******ийн төрсөн дүүгийнх нь данснаас шилжүүлж хохирлыг нь бүрэн барагдуулж дууссан...гэх мэдүүлэг (хх-ийн 35-36),
Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Манайд ******* орой 17 цагийн үед орж ирсэн. Тэгэхдээ 2.5 литрийн ногоон өнгийн савтай Сэрүүн нэртэй пиво барьж орж ирсэн. Бид хоёр тэр пиво хувааж уучхаад би авдар дотроосоо 0.5 литртэй Хараа нэртэй архи гаргаж ирээд бас хоёулаа хувааж уусан. Тэгээд ******* манайхаас гараад явсан юм. Шөнө аажуу манайд эргээд ******* хүрч ирээд намайг хөдөө хамт яваад хүнс төхөөрөөд ирье гэхээр нь би маргааш ажилтай явж амжихгүй гэж хэлээд хоол хийж өгсөн. ******* манайд хоол идчихээд гараад явсан...Өнөөдөр манайд орж ирээд намайг цагдаа дээр очоод уулзаадах найз нь машинаараа гэрлийн шон мөргөөд асуудал тарчхаад явж байна гэж хэлсэн..гэх мэдүүлэг (хх-ийн 39-40),
Баянхонгор аймгийн 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 07 дугаартай шинжээчийн Б.Наранцэцэгийн... “шинжилгээний объектын нийт үнэ цэнэ 8.752.924 төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт (хх-ийн 52-53),
- Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 01-05 /, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 68-70/,Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 04/, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх-ийн 07-12/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 75/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 76 /, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 77/, оршин суугаа газрын засаг даргын тодорхойлолт /хх-ийн 81-82/, шүүгдэгч *******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 85/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 89/, Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн № 62 дугаар шийтгэврийн хуулга болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, насанд хүрээгүй гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч Б.******* нь 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн Богд сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодон явах үедээ Нийтийн эзэмшлийн цахилгаан холбооны хэрэгсэл болох гэрлийн шонг мөргөж нийт 8.752.924 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Шүүгдэгч Б.*******ийн...хүлээн зөвшөөрч байна,.. төрийн өмчит компанид 8,752,924 төгрөгийн хохирол учирсан, хохирлыг төлж барагдуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 73/,
Хохирогч байгууллагын төлөөлөгч *******ийн...Баянхонгор аймгийн Богд сумын хориулт 6 дугаар багт ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь гэрлийн шон мөргөж манай байгууллагад 8.752.924 төгрөгийн хохирол учруулсан байсан...гэх мэдүүлэг (хх-ийн 25-32),
Гэрч *******ийн“...өөрийн Хаан банкны тоот данснаас эхлээд 6.000.000 төгрөг шилжүүлсэн, үлдсэн мөнгийг нь *******ийн төрсөн дүүгийнх нь данснаас шилжүүлж хохирлыг нь бүрэн барагдуулж дууссан...гэх мэдүүлэг (хх-ийн 35-36),
Гэрч ын...Өнөөдөр манайд орж ирээд намайг цагдаа дээр очоод уулзаадах найз нь машинаараа гэрлийн шон мөргөөд асуудал тарчхаад явж байна гэж хэлсэн..гэх мэдүүлэг (хх-ийн 39-40),
Баянхонгор аймгийн 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 07 дугаартай шинжээч Б.Наранцэцэгийн “..шинжилгээний объектын нийт үнэ цэнэ 8.752.924 төгрөг болохыг тодорхойлов... ” гэх дүгнэлт (хх-ийн 52-53) болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******ийг нийтийн эзэмшлийн зам харилцаа, цахилгаан, дулаан, холбоо, осол, гамшгаас урьдчилан сэргийлэх тусгай зориулалтын хэрэгсэл, тоног төхөөрөмжийг болгоомжгүйгээр устгасан, гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-т…гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд,... мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2-т…гэмт хэрэг үйлдэж учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор….тус тус зохицуулжээ.
Шүүгдэгч Б.******* нь 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн Богд сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодон явах үедээ нийтийн эзэмшлийн цахилгаан холбооны хэрэгсэл болох гэрлийн шонг мөргөж нийт 8.752.924 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “ ...Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй... ”гэж заасан.
Бусдын эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулснаар төгсдөг материаллаг шинжтэй, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх гэмт хэрэг байна.
Түүнчлэн гэм буруутай этгээдийн идэвхтэй үйлдэл байх бөгөөд хууль бусаар устгасан, гэмтээсэн үйлдэл хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байдаг.
Эд хөрөнгө устгасан гэж эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах, эзэмших боломжгүй, сэргээн завсарлагдахааргүй болгосныг ойлгоно гэж,
Эд хөрөнгө гэмтээсэн гэж эд хөрөнгөд гэмтэл учруулсан бөгөөд тухайн эд хөрөнгийг сэргээн засварласны дараагаар зориулалтын дагуу ашиглах, эзэмших боломжтой байхыг ойлгохыг хэлнэ.
Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Богд сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодон явах үедээ нийтийн эзэмшлийн цахилгаан холбооны хэрэгсэл болох гэрлийн шонг мөргөсөн, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, нийт 8.752.924 төгрөгийн хохирол учруулсан нь шүүгдэгчийн үйлдэлтэй шууд холбоо хамааралтай байна.
Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч ******* нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч байгууллагын төлөөлөгч *******т 8.752.924 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч нар шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “... шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах...дүгнэлтийг шүүхэд гаргажээ.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй хувийн байдалтай байна.
Шүүгдэгч *******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан түүнд тухайн зүйл ангид заасан ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулна...” гэж заасныг үндэслэл болгов.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...гэж тус тус заасныг баримтлан шүүгдэгч ******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч байгууллагын төлөөлөгчид хохирлыг төлж барагдуулсан , шүүгдэгчийн хувийн байдал / малчин, 300 толгой малтай/ хувьд ноогдох хөрөнгөтэй, тогтмол орлоготой, шүүхээс оногдуулсан торгох ял биелэгдэх боломжтой, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ийг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
Шүүгдэгч *******ид хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1-т заасан нийтийн эзэмшлийн зам харилцаа, цахилгаан, дулаан, холбоо, осол, гамшгаас урьдчилан сэргийлэх тусгай зориулалтын хэрэгсэл, тоног төхөөрөмжийг болгоомжгүйгээр устгасан, гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ийг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Шүүгдэгч *******ид хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
5.Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******ид хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА