Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | |
Хэргийн индекс | 128/2023/0888/З |
Дугаар | 128/ШШ2023/0711 |
Огноо | 2023-09-20 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 128/ШШ2023/0711
2023 09 20 128/ШШ2023/0711
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:“Хүчит шонхор” ХХК, Чингэлтэй дүүрэг, 11 дүгээр хороо, “Шонхор” худалдааны төв
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:Ж.Давааням
Өмгөөлөгч: Н.Анар
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга
Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Үйтүмэн
Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар
Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Норжин нарын хоорондын үүссэн, нэгж талбарын 1500901664 дугаартай газар өмчлөх эрхийг 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Г-2202019515 дугаарт иргэн Н.Амарсанаагийн нэр дээр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 159 дугаартай “Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх, хүчингүй болгох тухай” захирамжийн Э.Амарсанаад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Давааням, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Анар, хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Норжин, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Үйтүмэн, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Номин, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхтайван, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Жанчивдорж , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэг.Процессын түүх:
1.1.Нэхэмжлэгч “Хүчит шонхор” ХХК шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “Нэгж талбарын 1500901664 дугаартай газар өмчлөх эрхийг 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Г-2202019515 дугаарт иргэн Э.Амарсанаагийн нэр дээр бүртгэсэн газар өмчлөх эрхийн улсын №000625036 гэрчилгээг олгосон шийдвэрийг хүчингүй болгуулахыг Улсын бүртгэлийн ерөнхий газар даалгах” гэжээ.
1.2.Дээрх нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгч нь 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр өөрчилж, нэмэгдүүлэн “Нэгж талбарын 1500901664 дугаартай газар өмчлөх эрхийг 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Г-2202019515 дугаарт иргэн Н.Амарсанаагийн нэр дээр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 159 дугаартай “Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх, хүчингүй болгох тухай” захирамжийн Э.Амарсанаад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэснийг шүүх хүлээн авч хариуцагчаар Нийслэлийн Засаг даргыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэмж татан оролцуулж шийдвэрлэсэн болно.
Хоёр.Хэргийн оролцогчдын тайлбар, түүний үндэслэлд:
2.1.Нэхэмжлэгч “Хүчит шонхор” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хүчит шонхор" ХХК-ийн зүгээс Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д. Дэлгэрсайханд хандан Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 11-р хороо, Нуурын 21-р гудамж, 564 тоот хаягт байрлах, нэгж талбарын 1500901664 дугаартай газрыг иргэн Сайнбичигт овгийн Энхболдын Амарсанаа /РД:ЧТ86020619/ нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшиж буй хэмээн мэдүүлж, 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Г-2202019515 дугаарт бүртгэн Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №000625036 гэрчилгээг олгосон бүртгэлийн шийдвэр нь хууль бус, хууран мэхлэх аргаар гаргуулан авсан үндэслэлээр хүчингүй болгуулах тухай гомдлыг гаргасан. Энэхүү өргөдлийн хариуд Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын дэргэдэх Хяналт шалгалтын газраас 2021 оны 11 дүгээр дугаар сарын 22-ны өдрийн Хариу өгөх тухай албан бичгээр “тухайн бүртгэлийг хүчингүй болгох үндэслэл хяналт шалгалтаар тогтоогдоогүй, иймд маргааныг шүүхэд хандан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхтэй” гэсэн хариуг өгсөн бөгөөд урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд явагдсан уг хариуг 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэл гаргагч байгууллагад шуудангаар хүргүүлснийг гардан авсан. Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газар нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын бүрэн эрхэд хамаарах асуудлаар, тодруулбал, хууль зөрчсөн бүртгэлийг хүчингүй болгуулах асуудлыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын нэрийн өмнөөс хянан шалгаж, зохих шийдвэрийг гаргадаг, маргааныг шийдвэрлэх чиг үүрэг бүхий улсын бүртгэлийн төв байгууллагын дотоод нэгж нь юм. Мөн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн холбогдох зүйл, мөн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 17.1.6-д "улсын бүртгэгчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, түүний хууль зөрчсөн шийдвэрийг өөрчлөх, түдгэлзүүлэх, хүчингүй болгох" чиг үүргийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга хэрэгжүүлж байх чиг үүргийг хуулиар тогтоосон.
"Хүчит шонхор" ХХК-иас Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгэлийг хүчингүй болгуулах агуулгаар хандан гомдол гаргахдаа, Чингэлтэй дүүргийн 11-р хороо, Нуурын 21-р гудамж, 564 тоот хаягт байрлах, нэгж талбарын 1500901664 дугаартай газрыг өмчлөх эрхийг иргэн Э. Амарсанаагийн өмчлөлд 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Г-2202019515 дугаарт бүртгэсэн бүртгэл нь хууль бус, хууран мэхлэх арга хэрэглэсний үндсэн дээр гаргуулж авсан шийдвэр байх тул хүчингүй болгуулахыг хүссэн. Тодруулбал, Э. Амарсанаа нь бодит байдал дээр Чингэлтэй дүүргийн 11-р хороо, Нуурын 21-р гудамж, 564 тоот хаягт байрлах, нэгж талбарын 1500901664 дугаартай газрыг 1995 оноос хойш огт ашиглаж байгаагүй атлаа тухайн газрын Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 4.1.1-д заасан "гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлөх тухай дүүргийн Засаг даргын шийдвэрийг гаргуулж авсан бөгөөд тухайн газрыг 1995 хойш 2022 оныг хүртэл нийт 27 жилийн хугацаанд захын хашаан дотор байрлаж, "Хүчит шонхор" ХХК-ийн хөрөнгө оруулалтаар тохижилт хийгдэн ашиглагдаж буйг үгүйсгэн үл мэдэх байр сууринаас хандаж хожим хойно 2022 онд дээрх газрыг хууль бусаар ашиглаж, ашиг олж байсан талаар тус захад үйл ажиллагаа явуулж буй түрээслэгч нараас олж мэдлээ" гэсэн тайлбарыг өгсөн байхад, энэхүү нөхцөл байдлыг шалгаж бүртгэлийг хүчингүй болгоогүй.
Бүртгэлийг хүчингүй болгох үндэслэлийг хариуцагч байгууллага шалгахдаа хэт өнгөц, хэлбэрийн төдий хандсан, холбогдох үйл баримтуудыг шалгах ажиллагааг явуулаагүй. Гомдолд дурдсан үндэслэл болох "мэдүүлгийг хууран мэхлэх аргаар гаргаж, эзэмшиж байгаагүй газраа эзэмшиж байсан мэтээр захиргааны байгууллагыг хуурсан" гэж хангалттай тодорхой дурдсан үйл баримт, асуудлын талаар ямар ч дүгнэлт өгөөгүй, нотлох, шалгавал зохих ажиллагааг огт явуулаагүй. Иймд нэгж талбарын 1500901664 дугаартай газрыг өмчлөх эрхийг иргэн Э Амарсанаагийн өмчлөлд 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Г-2202019515 дугаарт бүртгэсэн улсын бүртгэлийг Захиргааны ерөнхий хуулийн 48.2 дахь хэсэгт "хууль бус захиргааны актыг дараах тохиолдолд хүчингүй болгоно: 48.2.4. захиргааны актыг гаргуулахдаа хууран мэхлэх буюу бусад хууль бус аргыг хэрэглэсэн" үндэслэлээр хүчингүй болгож өгнө үү. Урьд хүчингүй болгохоос татгалзсан шийдвэрийг хууль бус гэж үзэн хүчингүй болгуулахаар даалгах утгатай нэхэмжлэлийг гаргаж байсныг ийнхүү Захиргааны ерөнхий хуулийн 48.2.4, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6.6 дахь хэсэгт "эрхийн улсын бүртгэлийг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгоно" гэж заасныг удирдлага болгон Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдуулан хүчингүй болгуулах шаардлага болгон өөрчилж байна. Улсын бүртгэлийн ерөнхий газар нь энэхүү хэрэгт хариуцагчаар татагдан оролцож шүүхэд тайлбар өгөхдөө дээрх маргаан бүхий өмчлөх эрхийг бүртгэх үндэслэл болсон баримтууд дотор газар эзэмших эрх олгосон захирамж буйг дурддаг.
Э.Амарсанаа /ЧТ86020619/ Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны Нуурын 21 дүгээр гудамж, 564 тоот хаягаар 699 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшдэг хэмээн тухайн үеийн Нийслэлийн Засаг дарга /Т. Билэгт/-ыг хууран мэхлэх аргаар 2008 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 159 дугаартай "Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх, хүчингүй болгох тухай" захирамжийн өөрт холбогдох хэсгийг гаргуулсан Э. Амарсанаагийн хууль бус үйл ажиллагааг 2023 онд иргэн, эрүү, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шалгуулах, баримт мэдээлэл шүүхийн журмаар гаргуулах явцад тодорхой болсныг үндэслэн энэхүү захирамжийг мөн Захиргааны ерөнхий хуулийн 48.2.4-д заасны дагуу хүчингүй болгуулахаар "Хүчит шонхор" ХХК 2023 оны 13/23 дугаар албан бичгээр Нийслэлийн Засаг даргад хандан гомдол гаргасан. Тухайн гомдлоор Э.Амарсанаа (1) газар өмчлөх эрхийг олж авахдаа захиргааны байгууллагад гаргаж өгсөн эзэмшиж буйгаа нотолсон гэх захирамж нь өмчлөх эрхийг олгосон тухайн газартай хамааралгүй газрыг эзэмшиж байгаа гэж худал мэдүүлсэн, (2) тухайн эзэмшиж байгаа гэж мэдүүлэх замаар өмчлөлд авсан газар дээр Э. Амарсанаа хэзээ ч амьдарч байгаагүй, ямар нэгэн байдлаар эзэмшиж байхгүй; (3) өмчлөх эрх олж авсан, маргаж буй газар нь өөрийнх нь эзэмшиж байгаа гэж баримт бүрдүүлсэн хаягтай зөрүүтэй байдлууд бусад баримтуудаар тогтоогддог болохын хувьд хууран мэхлэх, хууль бус аргаар актыг гаргуулсныг хянуулж хүчингүй болгуулахыг хүссэн.
Тодруулбал:1.Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 21-р гудамж, 564 тоот хаягт байрлах, нэгж талбарын 1500901664 дугаартай газрыг өөрөө гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшиж буй хэмээн худал мэдүүлж, 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Г-2202019515 дугаарт бүртгэн Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №000625036 гэрчилгээг гаргуулан авсан. Э. Амарсанаа бодит байдал дээр Чингэлтэй дүүргийн 11-р хороо, Нуурын 21-р гудамж, 564 тоот хаягт байрлах, нэгж талбарын 1500901664 дугаартай газрыг 1995 оноос 2023 оныг хүртэл 23 жилийн хугацаанд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 4.1.1-д заасан "гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар огт ашиглаж байгаагүй төдийгүй, тухайн газар нь "Хүчит шонхор" ХХК-ийн хөрөнгө оруулалтаар тохижилт хийгдсэн, аж ахуй эрхлэгч, захаар үйлчлүүлэгч иргэдийн байнгын ашиглалтад хамаардаг.
2.Э.Амарсанаа 2007 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д. Очирбатад хандан гаргасан "Гэр бүлийн хэрэгцээнд зориулан газар өмчилж авахыг хүсэж өргөдөл гаргах"-даа, өөрийн оршин суугаа газрын хаягийг Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны Нуурын 21 дүгээр гудамж, 564 тоот хаяг гэж захиргааны байгууллагыг хууран мэхэлсэн, "Өмчилж авахыг хүссэн газраа эзэмшиж байсан эсэх" асуудлыг "тийм" гэж мэдүүлэх замаар захиргааны байгууллагыг хууран мэхэлсэн, Бодит байдал дээр тухайн газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшиж байгаагүй үйл баримтыг нуун дарагдуулах замаар захиргааны байгууллагыг хууран мэхэлж өөрт эерэг нөлөөлөл бүхий актыг гаргуулан авсан болох нь тодорхой болсон. Дээрх 159 дугаар захирамж Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт "Аймаг, нийслэлийн Засаг дарга дараах бүрэн эрхтэй: 12.1.3. аймгийн төвийн сумын Засаг дарга болон нийслэлийн дүүргийн Засаг даргын өргөн мэдүүлснээр иргэний газар өмчлүүлэх тухай өргөдлийг хүлээн авч, тухайн шатны иргэдийн төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн өмчлүүлэх тухай шийдвэр гаргах" заалтыг үндэслэсэн бөгөөд ийнхүү захиргааны тул гаргах үндэслэл болсон өргөдөл нь хууран мэхлэх аргыг хэрэглэсэн байх тул Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт "Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг дараах тохиолдолд хүчингүй болгоно: “хууль бус аргыг хэрэглэсэн" гэж заасныг удирдлага болгон Нийслэлийн Засаг даргын 2008 оны дүгээр сарын 04-ний өдрийн 159 дугаартай "Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх, хүчингүй болгох тухай" захирамжийн Э.Амарсанаад холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү хэмээн хандсан.
Уг гомдлын хариуг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 03/2405 дугаартай албан бичгээр өгөхдөө, хуульд заасан 30 хоногийн хугацаа өнгөрсөн гэх утгатай хариуг ирүүлж гомдлыг хангахаас татгалзсан, урьдчилан шийдвэрлэх ажиллагаа зохих журмын дагуу явагдсан тул, Нийслэлийн Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 159 дугаартай "Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх, хүчингүй болгох тухай" захирамжийн Э. Амарсанаад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагыг Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргаж байна.
Захиргааны ерөнхий хуулийн 48.3 дахь хэсэгт зааснаар 48 2.4-т заасан хууран мэхлэх, хууль бус арга хэрэглэсэн тохиолдолд хүчингүй болгуулах асуудлаар хөөн хэлэлцэх хугацааны хязгаарлалт үйлчлэхгүй байхаар зохицуулсан бөгөөд энэхүү хуулийн зохицуулалтыг хариуцагч байгууллага буруу тайлбарлан хэрэглэж гомдлын агуулгыг мөн адил хянаж үзээгүй, гагцхүү хугацаа хэтэрсэн гэх үндэслэл зааж дээрх хариуг өгсөн байдаг. Энэхүү хэргийн үйл баримт нь салшгүй холбоотой байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20.1.1-д заасны дагуу нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага хэлбэрээр уг хэргийн хүрээнд энэхүү нэхэмжлэлийг гаргах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд харшлахгүй хэмээн үзэж байна” гэв.
2.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Давааням шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Би 2002 оноос хойш энэ Хүчит шонхор ХХК-иас, Дэнжийн мянгаас л ажил амьдралын гараагаа эхэлсэн. Тэгэхэд энэ захын хашаа юу байдаг талаар мэднэ. Одоо тэгээд ийм айл байсан үгүйг мэдэхгүй байна. Ер нь тэр талбай захын хашаа л гэж явдаг байсан” гэв.
2.2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Анар шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Тус шүүхэд 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан өөрчилж тодруулаад нэмэгдүүлсэн шаардлагаа дэмжиж байгаа.Тухайн нэхэмжлэлийн шаардлагаа хууль хэрэглээний шаардлагын үндэслэлтэй холбоотой тайлбарлахад, “Хүчит шонхор” ХХК-ийн зүгээс Улсын бүртгэлийн ерөнхий газрын н.Дэлгэрсайханд хандаж Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 21 дүгээр гудамжинд нэгж талбарын 1664 дугаараар төгссөн газрыг иргэн Э.Амарсанаа нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшиж буй газар гэж мэдүүлсэн. Мэдүүлсэн нотлох баримтад үндэслэн 2023 оны 3 дугаар сарын 12-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Д9515 дугаараар төгссөн бүртгэлийг хийж, газар өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон байдаг. Энэхүү бүртгэлийг “Хүчит шонхор” ХХК хууль бус, хууран мэхлэх замаар гаргуулан авсан захиргааны акт хэмээн үзэж хүчингүй болгох гомдол гаргасан нь нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн хэрэгт авагдсан байдаг. Энэхүү өргөдлийг Улсын бүртгэлийн ерөнхий газар нь Хяналт шалгалтын газарт шилжүүлсэн. Тухайн газраас 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хариу өгөх тухай бичиг гаргахдаа тэр гомдолд дурдсан үндэслэл тогтоогдсонгүй, тухайн маргаантай асуудлаа шүүхэд хандаж шийдвэрлэх боломжтой гэсэн хариуг 11 дүгээр сарын 22-ны өдөр өгсөн байдаг. Энэхүү хариуг бид нар 11 дүгээр сарын 28-ны өдөр гардаж аваад тухайн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтэс нь эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн ерөнхий бүртгэлийн чиг үүргийг хэрэгжүүлэх мөн энэ маргаантай бүртгэлтэй холбоотой шалгалтыг хийх чиг үүргийг хэрэгжүүлэх нэгжийн хувьд улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавьж хууль зөрчсөн шийдвэрийг өөрчилж, түдгэлзүүлж, хүчингүй болгох чиг үүргийг эдэлдэг. Гомдол гаргасан үндэслэлүүдийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газар тусгайлан дурдсан үндэслэлүүдийг огт шалгасангүй. Зөвхөн ирүүлсэн баримтын хүрээнд бид шийдвэрлэсэн ирүүлсэн баримтад Засаг даргын захирамж байсан гэсэн утгатай хариу өгөөд байна.
Гомдолд маш тодорхой дурдсан, тухайлбал иргэн Э.Амарсанаа нь бодит байдал дээр Чингэлтэй дүүрэг 11 дүгээр хороо Нуурын 21 дүгээр гудамж 564 тоот хаягт байрлах тухайн газрыг огт ашиглаж байгаагүй. Тухайн ашиглаж байсан газар нь 1995 оноос хойш захын хашаан дотор байрлаж байгаа Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д гэр бүлийн хэрэгцээний гэж заасан гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлөх энэ асуудал нь тухайн газар дээр ямар ч хамааралгүй. Ингээд нийт 1995 оноос хойш 2022 оныг хүртэлх хугацаанд бараг 27 жилийн хугацаанд захын хашаанд байрлаж байсан газрыг 2006 он, 2007 онд эзэмшсэн гэсэн байдлаар тайлбар хэлээд өөр зөрүүтэй хаягаар улсын бүртгэлийн бүртгэл хийлгээд авчихсан байна. Хяналт шалгалтын үйл ажиллагааны журмынхаа дагуу тэр анхан шатны бүх баримтуудыг нь татаж үзээч, үзлэг хийгээч, тэр сансрын зургийг нь татаж аваач гэдэг хүсэлтүүдийг хангалттай тавьсан боловч ерөөсөө л огт энэ ажиллагааг хийгээгүй.
Манай дотоод журам маань батлагдаагүй учраас ямар дарааллаар яаж хийхээ тодорхой мэдэхгүй байна гэсэн. Ингээд бүртгэлийг хүчингүй болгохгүй байгаа. Гомдол дээрээ Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.4-д захиргааны актыг гаргуулахдаа хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, авлига өгөх буюу бусад хууль бус аргыг хэрэглэсэн гэж зааснаар хууран мэхлэх аргыг буюу хууль бус аргыг хэрэглэсэн гэдэг үндэслэлийг гаргасан.
Анх газар эзэмших эрхийг олгосон Чингэлтэй дүүргийн Засаг даргын захирамж дээр дүүргийн 12 дугаар хороо, булгийн 21 гэсэн хаяг дээр тухайн газрыг олгосон захирамж байдаг. Тэгээд тухайн захирамжийн дагуу газар эзэмших эрхээ баталгаажуулах хэлбэрээр өмчлөх эрхийг авах хүсэлтийг 2008 онд өгөөд, 2008 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Нийслэлийн Засаг даргын 159 дугаар захирамжид гэр бүлийн эрх зүйн зориулалтаар газар өмчилж иргэдийн, газар эзэмшиж байгаа иргэдийн газар өмчлөх эрхийг нь баталгаажуулах захирамж дотор тухайн хаяг Чингэлтэй дүүрэг, 11 дүгээр хороо, Нуурын 21 дүгээр гудамж болж хороо, гудамж, хаяг бүхэлдээ өөрчлөгдсөн. Уг өөрчлөгдсөн асуудал нь нотлох баримтын хүрээнд илүү тодорхой болсон. Э.Амарсанаагийн гаргасан гомдолд холбогдуулж гаргасан гомдлын гол үндэслэл нь газрыг өмчлөх эрхийг олж авахдаа буюу Засаг даргаас өмчлөх эрхийн захирамжийг гаргуулан авахдаа өөрийн эзэмшилд ямар ч хамааралгүй бодитоор эзэмшиж байгаагүй газрыг эзэмшиж байгаа мэтээр одоо мэдүүлж Засаг даргын захирамж гаргуулж авсан байгаа юм.
Өөрөөр хэлбэл тухайн эзэмшилд нь хамааралгүй газар дээр зөрүүтэй өөр хаяг дээрх газрыг гэр бүлийн зориулалтаар ашиглаж, эзэмшдэг гэж мэдүүлж гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлөх эрхийг баталгаажуулж авсан байгаа.
Гэтэл тухайн газар нь 1995 оноос хойш “Хүчит шонхор” ХХК-ийн эзэмшилд ашиглагдаж байсан. Тухайн газар нь өөрөө газар эзэмших эрхийг Э.Амарсанаа нь авсан гэж ярьдаг. Ямар нэгэн байдлаар бид нар ашиглаж, эзэмшиж байсан гэх байдлаар шүүхэд тайлбар хэлэхэд тэр талаар ямар ч нотлох баримт байхгүй. Өөрөө анх өмчлөх эрхийг бүртгүүлэх дээр бүртгэлийн мэдүүлгийг өгөхдөө өмчилж авахыг хүссэн газраа эзэмшиж байсан эсэх гэдэг мэдүүлгийг эзэмшиж байсан гэх маягаар захиргааны байгууллагыг хуурсан байгаа. Мөн сансрын зураг бусад баримтаас харахад энд ерөөсөө тухайн газар дээр иргэн Э.Амарсанаа тухайн газрыг ерөөсөө огт эзэмшиж, ашиглаж байгаагүй үйл баримт тодорхой болдог. Тэгэхээр 2008 оноос хойших одоо нийт 14 шахуу жилийн хугацаанд ерөөсөө энэ газрыг огт ашиглаж байгаагүй. Бид газраа өмчилчихөөд байхад “Хүчит шонхор” ХХК нь тухайн газрыг ашиглаж байгааг бид нар 2022 онд олж мэдээд иргэний хэргийн шүүхэд өгсөн гэж тайлбарладаг. Энэ тайлбар нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.4-т шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах, гэж зааснаар хэргийн оролцогч, гуравдагч этгээд 20.2.4-д зааснаар үнэн, зөв тайлбар шүүхэд мэдүүлнэ. Уг мэдүүлэх үүргээ зөрчсөн тайлбар байгаад байгаа. Тийм урт хугацаанд тухайн газрыг хэн ашиглаж байгааг нь тодорхойгүй гэх маягаар тайлбарлаж байгаа асуудал өөрөө ямар ч бодит байдалд нийцэхгүй тайлбар байна. Нийслэлийн Засаг даргад бас энэ асуудлаар хандсан. Нийслэлийн Засаг дарга нь мөн адил, өмнө нь маш тодорхойгүй байдлаар Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.4-д заасан агуулгаар гаргасан гомдлыг татгалзсан хариу өгсөн байдаг.
Нийслэлийн Засаг даргад хандсан хөөн хэлэлцэх хугацаа дуусан гэж ярьж байна. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нийцэхгүй байгаа юм. Газар эзэмших эрхийн талаар иргэний хэргийн шүүхэд өгч байгаа захиргааны хэргийн шүүхэд өгч байгаа тайлбар нь зөрүүтэй байна. Газар эзэмших, ашиглах эрхийг нь захиргааны хэргийн шүүхээр хянуулж байж газар эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.3-т зааснаар олгох ёстой байхад гуравдагч этгээд Э.Амарсанаад нийтийн эзэмшлийн газрыг эзэмшүүлсэн байгаа. Өөрийн эзэмшилдээ 5, 10 жилийн хугацаанд газар ашиглаж байсан этгээд авна гэж Иргэний хуулиар зохицуулсан. Бид нар Иргэний хуулийн 105, 106 дугаар зүйлд зааснаар “Хүчит шонхор” ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь байна.
Иргэн Э.Амарсанаа цементээр хучилт хийхэд ямар ч гомдол гаргаагүй 14 жил өнгөрсөн байгаа. Баталгаажуулсан үйл ажиллагаа улсын бүртгэл хангалттай хянаагүй гэж үзэж байна.
Өмчлөх эрх нь кадастрын зураг өмчлөх эрх олгоод баталгаажуулсан нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйл Газрын тухай хуульт Иргэний хууль тогтоомжид заасан нь нийцэхгүй. Тухайн газар ашигласан үйл баримт байхгүй хувийн хэрэг бас байхгүй. Ийм байдлаар өмчлөх эрх хувийн хэрэг дээр газар эзэмшдэг гэдгээ тухайн газраас албадан чөлөөлүүлэх ийм хэмжээний захиргааны байгууллагад үнэн зөв мэдүүлэхгүйгээр өмчлөх эрхийг олж авах боломжгүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэж хүсэж байна” гэв.
3.Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Нийслэлийн Засаг даргын 2008 оны 159 дүгээр захирамжийг гаргахдаа Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу зохих ажиллагааг явуулж тухайн иргэний хүсэлт, бичиг баримт, тухайн хорооны засаг даргаас оршин суух газрын тодорхойлолт, кадастрын зураг баримтуудыг үндэслэн өмчлүүлэх шийдвэр гаргасан. Мөн тухайн нэхэмжлэл дээр дурдсан Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.4-т "захиргааны актыг гаргуулахдаа хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, авлига өгөх буюу бусад хууль бус аргыг хэрэглэсэн" гэдэг нь тухайн баримтууд болон нэхэмжлэлээр нотлогдоогүй байх тул сөрөг нөлөөлөл бүхийн захиргааны актын шинжийг хангахгүй байна. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул нэхэмжлэлийн Нийслэлийн Засаг даргад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
3.1.Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Үйтүмэн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Нийслэлийн Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 159 дүгээр захирамжийг хүчингүй болгоё гэдэг нэхэмжлэлийн шаардлагатай. Бидний зүгээс иргэн Э.Амарсанаа нь болохоор Нийслэлийн Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 159 дүгээр захирамжийг гаргахдаа Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу зохих ажиллагаануудыг хийсэн байдаг. Энэ талаарх бүх барим байгаа.
Тухайн иргэний хүсэлт, хорооны оршин суугчийн тодорхойлолт, хорооны тодорхойлолт, газрын кадастрын зураг гэх мэт бүх баримтуудыг нь бид нар шалгаж үзсэний хүрээнд 2008 оны 159 дугаар захирамжийг гаргаж иргэн Э.Амарсанаад энэ газрыг өмчлөх эрх олгосон байгаа.Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.4-т зааснаар нэхэмжлэгч талаас өгч байна өмчлүүлэх шийдвэр гаргахдаа баримтыг нь аваад гаргасан байгаа.
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй хууран мэхлэх үйл ажиллагаа ярьж байгаа боловч тогтоогдохгүй байна. Кадастрын компани тухайн үед будилж алдаатай гарсан. Нэгж талбарын дугаар, зураг, байдаг хаягийн нэр хамаагүй хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс үзэж байна” гэв.
4.Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Эрхийн улсын бүртгэлийн Г-2202019515 дугаартай Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуур 21 дүгээр гудамжны 564 тоот хаягт байршилтай, 699 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг иргэн Улаанбаатар хот Э.Амарсанаагийн өмчлөлд бүртгэхэд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль"-ийн 8 дугаар 8.1, 8.2 дахь хэсэгт заасны дагуу мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй, холбогдох хууль, дүрэм, журмын дагуу нотлох баримтыг үндэслэн хийгдсэн байна.
Улсын бүртгэлийн байгууллага нь иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг даргын гаргасан шийдвэр болон газрын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас олгосон нэгж талбарын дугаарт үндэслэн тухайн газрыг эрхийн улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгодог төрийн захиргааны байгууллага юм. Өөрөөр хэлбэл газар өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэхэд "Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль"-ийн 22 дугаар зүйлийн 22.1-д "Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг даргын гаргасан шийдвэр болон газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон нэгж талбарын дугаарыг үндэслэн иргэнд өмчлүүлсэн газрыг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хууль тогтоомжид заасны дагуу улсын бүртгэлд бүртгэж тухайн иргэн уг газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгодог.
Нэхэмжлэгчийн нэмэгдүүлж буй шаардлага, түүний үндэслэлийн тухайд: "Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 11 дүгээр гудамжны 564 тоот хаягт байршилтай хаягаар өмчлөх эрх олж авсан, маргаж буй газар нь өөрийнх нь эзэмшиж байгаа гэж баримт бүрдүүлсэн хаягтай нь зөрүүтэй байдлууд бусад баримтаар тогтоогддог болохын хувьд хууран мэхлэх, хууль бус аргаар актыг гаргуулсан" гэх тухайд: Улсын бүртгэлд бүртгүүлэхдээ иргэн Э.Амарсанаагийн гаргасан мэдүүлэгт бичсэн хаяг, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай Нийслэлийн Засаг даргын шийдвэр, түүнд хавсарган ирүүлсэн төрийн захиргааны байгууллагаас гаргадаг газрын кадастрын зургийн хаяг, газрын чанарын улсын хянан баталгааны дүгнэлтэд бичсэн хаяг бүгд ижилхэн, зөрүүгүй байна. Монгол Улсын иргэн Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу газар өмчлөх эрхтэй бөгөөд тэр өмчилж авсан газар дээрээ заавал амьдран суух ёстой гэсэн хуулийн заалт байхгүй.
Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад төрийн захиргааны байгууллагыг хууран мэхэлсэн гэж удаа дараа нэхэмжлэгч бичих боловч хувийн хэрэгт авагдсан материал дунд байхгүй. Нэхэмжлэгч Захиргааны ерөнхий хуулийн 48.2.4-р хүчингүй болгож өгөхийг хүссэн байх бөгөөд 48.2.4-т "Захиргааны актыг гаргуулахдаа хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, авлига өгөх буюу бусад хууль бус аргыг хэрэглэсэн" гэх үндэслэлгүй буюу нотлох баримтгүйгээр захиргааны байгууллагыг буруутгаж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Иймд "Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль"-ийн 8 дугаар 8.1. 8.2 дахь хэсэгт заасны дагуу мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль"-ийн 22-26 зүйл, холбогдох хууль, дүрэм, журмын дагуу нотлох баримтыг үндэслэн хийгдсэн байх тул иргэн Э.Амарсанаа /ЧТ86020619/-д олгогдсон газар өмчлөх эрхийн 000625036 дугаартай гэрчилгээ, эрхийн улсын бүртгэлийн Г-2202019515 дугаартай бүртгэлийг хүчингүй болгох эрх зүйн үндэслэл байхгүй байна. Иймд уг өөрчилсөн нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
4.1.Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Норжин шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Эрхийн улсын бүртгэлийн /2202019515/ дугаартай Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 11 дүгээр хороо, 21 дүгээр гудамж, 564 дүгээр тоот хаягт байршилтай, 699 метр квадрат талбайтай гэр бүлийн хэрэглээний зориулалттай газрыг иргэн Э.Амарсанаагийн өмчлөлд бүртгэлтэй. Эд хөрөнгийн, эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлд зааснаар үндэслэн нотлох баримтын үндэслэлээ зохих журмынх нь дагуу хийсэн. Улсын бүртгэлийн байгууллага нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг даргын гаргасан шийдвэр болон газрын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас олгосон нэгж талбарын дугаарт үндэслэн тухайн газрыг эрхийн улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгодог төрийн захиргааны байгууллага.
Өөрөөр хэлбэл газар өмчлөх эрхийг, эрхийн улсын бүртгэлд бүртгэлтэй Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу газрыг Засаг даргын захирамжид бусад нотлох баримт гарсны үндсэн дээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг олгодог. Нэхэмжлэгч маань нэхэмжлэлийнхээ нэмэгдүүлсэн шаардлагын хүрээнд улсын бүртгэлийн байгууллага буюу төрийн захиргааны байгууллагыг хууран мэхлэх аргаар актыг гаргуулсан гэж нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэл дээр хэлсэн байдаг. Улсын бүртгэлд бүртгүүлэхдээ Э.Амарсанаагийн гаргасан мэдүүлэгт бичсэн хаяг болон Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай Нийслэлийн Засаг даргын шийдвэр түүнд хавсарган ирүүлсэн төрийн захиргааны байгууллагаас гаргадаг газрын кадастрын зургийн хаяг, газрын чанарын улсын хянан баталгааны дүгнэлтэд бичсэн хаяг, бүгд ижилхэн зөрүүгүй байгаа. Мөн Монгол Улсын иргэн Монгол Улсын Үндсэн хуульд заасныхаа дагуу тухайн газар өмчлөх эрхтэй бөгөөд тэр өмчилж авсан газар дээрээ заавал амьдран суух ёстой гэсэн хуулийн заалт байхгүй.
Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад төрийн захиргааны байгууллагыг хууран мэхэлсэн гэж удаа дараа нэхэмжлэгч бичих боловч хувийн хэрэгт авагдсан материал дунд байхгүй. Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 7/1091 дугаартай хяналт шалгалтын газрын даргын хариу өгсөн байгаа. Үүн дээр хяналт шалгалтын газраас тухайн бүрд бүртгэлд ирүүлсэн гомдлын хүрээнд бүх хувийн хэргийн нотлох баримттай танилцаад хариуг өгч байгаа. Тэрнээс биш ямар нэгэн юм шалгахгүйгээр, тухайн бүртгэлийг хянаж үзэхгүйгээр, хариу өгнө гэж байхгүй. Төрийн захиргааны байгууллага хүсвэл улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх журмыг би хуулбарлаад аваад ирсэн байгаа. Зохицуулалт журмынхаа дагуу тэрийг харж болно. Иймд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь хэсэгт заасны дагуу мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 22 дугаар зүйлээс 26 дугаар зүйлд хууль дүрэм журмын дагуу нотлох баримтыг үндэслэн хийгдсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж үзэж байна.
Дүгнэлт дээрх хаяг байгаа. Газрын кадастрын зураг байгаа. Зөрүүтэй гээд байна ямар ч зөрүүгүй байгаа хавтаст хэрэгтэйгээ танилцаарай. Хүчит шонхор ХХК-ийн ямар эрх Иргэний хуулийн 105 дугаар зүйл 106 дугаар зүйлийг ярьж байна. Энэ нь эзэнгүй хөрөнгө дээр ярьж байна ярих зүйлээ мэдэж бодож яримаар байна. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.4-т гэж заасан нь байхгүй.
Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан байгаа. 22 дугаар зүйлд зааснаар газрын кадастрын зураг бусад нотлох баримтад үндэслээд төрийн захиргааны байгууллага. Хууль бус аргыг хэрэглэсэн гэж захиргааны байгууллагыг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна” гэв.
5.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхтайван шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй" тухайд:
Гуравдагч этгээд Э.Амарсанаа нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д "Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана" гэж заасны дагуу Чингэлтэй дүүргийн 11-р хороо, Нуурын 21-р гудамж, 564 тоот хаягт байрлах 700 м.кв газрыг Нийслэлийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 159 дүгээр захирамжаар тус өмчлөх эрхтэй болсон. Тус газрыг өмнө нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 232 дугаар захирамжаар эзэмшиж байсан болно.
Улмаар мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг даргын гаргасан шийдвэр болон газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон нэгж талбарын дугаарыг үндэслэн иргэнд өмчлүүлсэн газрыг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хууль тогтоомжид заасны дагуу улсын бүртгэлд бүртгэж тухайн иргэн уг газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ /цаашид "Улсын бүртгэлийн гэрчилгээ" гэх/-г эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн байгууллагаас олгоно" гэж, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т “Улсын бүртгэгч нь дараах эрх, үүрэгтэй байна" гээд, 19.4.2-т "энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн төрлийн хүрээнд иргэн, хуулийн этгээдээс улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, нотлох баримтыг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах;" гэж, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-д "Эрхийн улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг анх удаа бүртгэхэд дараах мэдээллийг тусгана:" гээд 10.3.1-10.3.8-д холбогдох баримтуудыг тодорхой зааж өгсөн.
Гуравдагч этгээд Э.Амарсанаа нь 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг гаргахдаа дээрх хуульд заасан шаардлагын дагуу "газар өмчлөх"-тэй холбогдох бүх баримтуудыг хавсаргаж өгсний дагуу Газар өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн 000625036 дугаар гэрчилгээг шинэчлэн олгосон болно. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Захиргааны ерөнхий хуулийн 48.3 дахь хэсэгт зааснаар 48.2.4-т заасан хууран мэхлэх, хууль бус арга хэрэглэсэн тохиолдолд хүчингүй болгуулах асуудлаар хөөн хэлэлцэх хугацааны хязгаарлалт үйлчлэхгүй байхаар зохицуулсан бөгөөд энэхүү хуулийн зохицуулалтыг хариуцагч байгууллага буруу тайлбарлан хэрэглэж гомдлын агуулгыг мөн адил хянаж үзээгүй, гагцхүү хугацаа хэтэрсэн гэх үндэслэл хахаж дээрх хариуг өгсөн байдаг. Энэхүү хэргийн үйл баримт нь салшгүй холбоотой байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20.1.1-д заасны дагуу нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага хэлбэрээр уг хэргийн хүрээнд энэхүү нэхэмжлэлийг гаргах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд харшлахгүй хэмээн үзэж байна" гэж дурджээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д "Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зорчигдож болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ...гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т "... "нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг" хэлнэ гэж зохицуулжээ.
Гэтэл нэхэмжлэгчийн маргаж буй Нийслэлийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 159 дүгээр захирамжаар Э.Амарсанаад маргаж буй газрыг өмчлүүлснээр нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, тус захирамжийг хүчингүй болгосноор эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн сэргэх нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн газар хоорондоо ямар нэгэн давхцалгүй, нэхэмжлэгчээс аливаа байдлаар гуравдагч этгээдийн өмчилж буй газрыг эзэмшихээр түүнээс өмнө хүсэлт гаргаж байгаагүй зэрэг нөхцөл байдал байгааг анхаарч үзэх нь зүйтэй байна.
"Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн" тухайд: Нэхэмжлэгчээс "Нийслэлийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 159 дүгээр захирамжийн Э.Амарсанаад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах" тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэлдээ “...Нийслэлийн Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 159 дугаартай "Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх, хүчингүй болгох тухай" захирамжийн Э.Амарсанаад холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү хэмээн хандсан. Уг гомдлын хариуг Нийслэлийн Засаг даргын тамгын газраас 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 03/2405 дугаартай албан бичгээр өгөхдөө, хуульд заасан 30 хоногийн хугацаа өнгөрсөн гэх утгатай хариуг ирүүлж гомдлыг хангахаас татгалзсан, урьдчилан шийдвэрлэх ажиллагаа зохих журмын дагуу явагдсан" тайлбарлажээ. гэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т "Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараах тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана" гэж заасан бөгөөд дээрх хариунаас үзэхэд, урьдчилан шийдвэрлэх журмаар гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, улмаар урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж үзэхээргүй байна.
Түүнчлэн нэхэмжлэгчээс анх шүүхэд Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдуулан "...Нэгж талбарын 1500901664 дугаартай газар өмчлөх эрхийг 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Г-2202019515 дугаар иргэн Э.Амарсанаагийн нэр дээр бүртгэн Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000625036 дугаар гэрчилгээг олгосон шийдвэрийг хүчингүй болгуулахыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад даалгах" гэж тодорхойлж 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр захиргааны хэрэг үүсгэсэн. Ингэхдээ 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 09/74 албан бичгээр Улсын бүртгэлийн тус газрын 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 7/10091 дүгээр албан бичгээр хариу хүргүүлсэн байна. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т "Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан улсын бүртгэлтэй холбогдсон маргааныг шүүх шийдвэрлэнэ” гэж тусгайлан зохицуулсан бөгөөд энэхүү харилцаанд захиргааны байгууллага бүртгэлийг хүчингүй болгох эрхгүй, түүнд урьдчилан шийдвэрлэх журмаар гомдол гаргах хууль зүйн боломжгүй байна. Иймээс тус бүртгэлийн талаар хэзээ мэдсэн, тэр хугацаанаас эхлэн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг тооцохоор байгаа бөгөөд Э.Амарсанаагаас "Хүчит шонхор" ХХК-д холбогдуулан “...өмчлөх эрх бүхий газрыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх" шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн шүүхийн шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний 182/Ш32022/08845 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэж, 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардаж авч, нэхэмжлэлд дурдсан өмчлөх эрхийн талаар мэдсэн гэж үзэхээр байна. 3. Нэхэмжлэгчээс "Нийслэлийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 159 дүгээр захирамжийн Э.Амарсанаад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэлээ "...Захиргааны ерөнхий хуулийн 48.3 дахь хэсэгт зааснаар 48.2.4-т заасан хууран мэхлэх, хууль бус арга хэрэглэсэн тохиолдолд хүчингүй болгуулах асуудлаар хөөн хэлэлцэх хугацааны хязгаарлалт үйлчлэхгүй" гэх агуулгаар тайлбарласан байна. Гэтэл нэхэмжлэгчийн энэхүү үндэслэл нь ор үндэсгүй худал тайлбар байх бөгөөд нэхэмжлэлд дурдсан үйл баримтыг нотолсон зүйл байхгүй болно. Түүнчлэн нэхэмжлэгчийн дурдаж буй Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т хөөн хэлэлцэх хугацааны асуудал нь захиргааны байгууллагад хамаарах зохицуулалт болно.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
5.1.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Жанчивдорж шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Хүчит шонхор ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.
Нэхэмжэлийн үндэслэлээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.4 дэх хэсэгт зааснаар тайлбарладаг. Э.Амарсанаагийн хувьд өмчлөх эрхээ хэрэгжүүлэх гээд 2008 оноос хойш тасралтгүй “Хүчит шонхор” ХХК-д ханддаг. Эрхээ хэрэгжүүлж чадахгүй болоод газраа хариуцагчийн хууль бус эзэмшлээс газраа чөлөөлүүлье гэдэг энэ нэхэмжлэлийг Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дээр гаргасан.
Тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр эхэлж, нэхэмжлэлийн хувийг 7 дугаар сарын 06-ны өдөр гардаж авсан. 2022 оны 7 дугаар сард нэхэмжлэгч нь хамгийн цаад хугацаандаа нэхэмжлэгч Хүчит шонхор ХХК-д Э.Амарсанаа гэдэг хүний эзэмшлийн газар юм гэдгийг тэд нар өмнө нь ингээд хандаж байсан бичгээ өгөхөөр энэ бичиг манайд ирж байгаагүй гэж тайлбарладаг.
Гэтэл Э.Амарсанаа энэ газар дээр очоод нэгж талбарын дугаар, цэгээ буулгах гэхээр хөөж туугаад байлгадаггүй, суулгадаггүй. Энийгээ бид бас мэдээгүй та нарын гаргаж өгсөн баримт чинь хуурамч гэх байдлаар ханддаг. Энэ нь хуурамч гээд тогтоогдоогүй прокурор хэрэгсэхгүй болоод явдаг. 2022 оны 7 дугаар сарын эхэнд нэгж талбарын дугаар өмчлөх эрх бүхий газар Э.Амарсанаад олгогдсоныг нэхэмжлэгч мэдэж байсан. Энэ үйл баримттай холбоотойгоор Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргыг хариуцагчаар татаад нэгж талбарын дугаартай газар өмчлөх эрхийг 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн дээд дугаарт иргэн Э.Амарсанаагийн нэр дээр газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах буюу Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад даалгах гэдэг шаардлагыг анх захиргааны хэргийн шүүхэд 2023 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр гаргасан нь Захиргааны хэргийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан 30 хоногийн хугацааг хэтрүүлээд 2023 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр шүүхэд ханддаг.
1 дүгээр сарын 11-нд нь нэхэмжлэлээ гаргадаг. Түүнээс хойш ахиад 4 сар 7 хоногийн дараа буюу хуулийн 30 хоногийн хугацааг 3 сар 7 хоногийн хугацаагаар хэтрүүлэн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилдөг. Тэгэхээр нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн.
Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа заавал хийх шаардлагатай байсан уу үгүй юу. Бүртгэлд бүртгэснээр эрх нь үүсдэг газар өмчлөх эрхийг хүчингүй болгох ганц эрхтэй этгээд нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулиар Монгол Улсын шүүх. Гэтэл шууд шүүхэд хандаагүй улсын бүртгэлийн байгууллагад ингэж хандах байдлаар хөөн хэлэлцэх хугацаа тасалж байгаа юм шиг байна.
Хууран мэхэлсэн, хууль бус арга хэрэглэсэн гэдэг нь баримтаар тогтоогдох ёстой. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.4-д захиргааны байгууллагын нэг мөр хүчингүй болгох эрхийг нь зохицуулах үүрэг хангалттай хугацаатай байдаг. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д зааснаар нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд мөн эсэх нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол энд хөндөгдөөд байгаа юм бэ. Нэхэмжлэгч өөрийгөө “Хүчит шонхор” компанийн газар эзэмших бодитой эзэмшиж байгаа газрыг иргэн Э.Амарсанаад эзэмшүүлснээрээ хөндчихсөн гэж тайлбарладаг. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль болон Газрын тухай хуулиар газар эзэмших эрх хэзээ үүсэх юм гэхээр хүсэлтээ гаргаад, Засаг даргын захирамж гараад, гэрээ байгуулаад, гэрчилгээ олгогдсоноор үүсдэг. Нэхэмжлэгчид өнөөдөр тийм юм байхгүй ашиглах эрх юм уу гээд харахаар ашиглах эрхтэй асуудлыг нийтийн эдэлбэр ч бай төрийн өмчийн газар ч бай иргэнд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч. Тэгэхээр газар ашиглах гэрээ байгуулагдах ёстой атал гэрээ байхгүй. Үнэхээр улс давхардуулаад нэгэнд нь өмчлүүлээд, нэгэнд нь ашиглуулаад ингээд давхардуулаад олгочихсон юм байхгүй. Бодит хуульд заасан эрхийн асуудал нэхэмжлэгчийн эрх хөндөгдөж байгаа гэдэг асуудал үндсэндээ байхгүй байна. Нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд эсэх нь тодорхойгүй, бодит байдал дээр хашаалчхаад байна гэдэг. Одоо энэ хэрэгт авагдсан баримтаар “Хүчит шонхор” ХХК өөрийнхөө захын барилгуудын доод талын газрыг эзэмшдэг. Харин иргэн Э.Амарсанаагийн ертөнцийн зүгээр яривал Э.Амарсанаагийн өмчлөлийн газрын зүүн талын 2 газрыг худалдаж авсан байдаг. Иргэдээс нь шилжүүлж худалдах, худалдан авах гэрээ байгуулаад шилжүүлж авсан байдаг. Тэр газруудыг нь хуулийн этгээдүүд учраас эзэмших эрхтэй гарсан. Тэгээд тэр газруудаа нийлүүлээд иргэн Э.Амарсанаагийн газрыг тойрондоо хашаалчихдаг тэрийгээ бидний эзлэх эрх, нийтийн эзэмшлийн талбай, бид нар ашиглаж байсан, тэрнээс бид нар орлого олж байсан гээд ингэж тайлбарлаад байдаг. Энэ нь өөрөө хуульд заасан эрхийн зохицуулалт ерөөсөө л биш.
Нэмэгдүүлсэн шаардлагатай холбоотойгоор 2008 оны газар өмчлөх эрх олгосон Нийслэлийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулна гэдэг нэхэмжлэлийг гаргана. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагаа 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдөр гаргадаг. Мөн ялгаагүй өмчлөх эрхийг хэзээ хүчингүй болгох, хэн хүчингүй болгох эрхтэй юм гэхээр шүүх хүчингүй болгох эрхтэй. Шууд шүүхэд нэхэмжлэлээ гаргаагүй Нийслэлийн Засаг даргад ханддаг. Нийслэлийн Засаг даргын хариугаа 2023 оны 4 дүгээр сарын 19-ний 03/2405 дугаартай албан бичгээр хариу өгсөн.
Нэхэмжлэлийн шаардлагадаа дурдаад байгаа тэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.4-т зааснаар хууль бус арга хэрэглэсэн гэдэг нөхцөл байдалтай холбоотой нэг ч баримт байдаггүй.
Хуульд заасан ямар эрх ашиг зөрчигдөөд байгаа юм. Иргэний хуулийн 105 дугаар зүйл нь эзэнгүй этгээдэд олгодог. Газар өмчлөх эрх дууссан талаарх баримтууд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бүгд авагдсан. Хэдэн махны ченжүүд нь хөөж туугаад ерөөсөө байлгадаггүй. Тэнд өөрсдийн вант улсаа байгуулсан юм уу мэдэгдэхгүй Э.Амарсанаагийн өмчлөх эрхийг шилжүүлээд явж байна. Нэхэмжлэгчийн ямар эрх нь хөндөгдөөд байгаагаа хэлж чаддаггүй. Шаардах эрхээ алдсан гээд иргэний эрхтэй хольж солиод яриад байдаг. Шүүхэд гаргасан тайлбараа дэмжиж байна Захиргааны ерөнхий хуулийн 48 48.2.4-т 48.3-т зааснаар захиргааны актыг гарсан өдрөөс хойш 5 жилийн дотор хүчингүй болгоно хууль зохицуулах ёстой энэ зохицуулалтаар 5 жил гэж тэгвэл аль зохицуулалт хэрэгтэй юм. Хөөн хэлэлцэх хугацааны асуудал 5 жил байна гэж дурдсан.
Газрын төлбөрөө төлөх зохицуулалт байхгүй. Булгийн, Нуурын гэдэг нь тухайн кадастрын зурагт алдаа гарсан, нэгж талбарын хувьд дугаар нь давхцалгүй. Хууль ёсны өмчлөгч нь тодорхой болсон. Хөөн хэлэлцэх хугацаагаа тайлбарлаж байна гэхээр үүн дээр хөөн хэлэлцэх хугацаа тоологдохгүй гэдэг хуулиар зөвшөөрснөөр бусдыг хориглодог илт хууль бусад тооцуулах гэж гардаг ийм нөхцөл байдал хууран мэхэлсэн авлига өгсөн эдгээр нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй тогтоогдсон байхыг шаарддаг ийм зүйл. Машины зогсоол байсан болохоос хогийн цэг байгаагүй. Захиргааны ерөнхий хуульд заасан, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн байна” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэг.Маргааны зүйл, эрх зүйн харилцааны төрөл:
1.1.Энэхүү маргаан нь газрын эрх зүйн харилцааны хүрээнд үүссэн байна.
1.2.Бусдад газар өмчлүүлсэн шийдвэр нь өөрийн эрхийг хөндсөн гэх маргааны зүйл, түүний үндэслэл болсон үйл баримтыг хэлэлцэв.
Хоёр.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:
2.1.Нийслэлийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/749 дүгээр захирамжаар “Хүчит шонхор” ХХК-д Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, 1500911654 нэгж талбарын дугаар бүхий 1127 метр квадрат газрыг худалдаа, үйлчилгээний зориулалтаар эзэмших эрх олгосон байна. /ХХ-1-н 68, 71 дэх талууд/
2.2.Уг А/749 дүгээр захирамжийн хавсралтын 13-т зааснаар эрх олгосон эх үүсвэр буюу үндэслэлийг Тогтмолын Мөнхбатын 427 метр квадрат газрын /нэгж талбарын дугаар:1500901649/ өмчлөх эрхийг, Бар.Дашжидийн 700 метр квадрат газрын /нэгж талбарын дугаар:1500910173/ өмчлөх эрхийг дуусгавар болгож, эзэмших эрхийн “Хүчит шонхор” ХХК-д олгосон болох нь тогтоогдож байна. /ХХ-1-н 71 дэх тал/
2.3.Энэхүү Нийслэлийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/749 дүгээр захирамжаар “Хүчит шонхор” ХХК-д эзэмшүүлсэн 1127 метр квадрат газрын кадастрын зураглал Газрын кадастрын мэдээллийн санд орсон байна. /ХХ-1-н 72 дахь тал/
2.4.Харин Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 232 дугаар захирамжаар иргэн Э.Амарсанаад 12 дугаар хороо, Булгийн 21 гэх хаягаар 700 метр квадрат газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэж /ХХ-1-н173-175 дахь тал/, Газар эзэмших эрхийн 047341 дугаар гэрчилгээг олгожээ. /ХХ-1-н 65 дахь тал/
2.5.Нийслэлийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 159 дүгээр захирамжаар Э.Амарсанаад Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 21 дүгээр гудамж, 564 тоот хаягтай, 700 метр квадрат газрыг өмчлүүлж /ХХ-1-62 дахь тал/, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай шийдвэр гэх нэртэй гэрчилгээ олгож /ХХ-1-н 63 дахь тал/, 2008 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн огноо бүхий газрын кадастрын зургийг 18642313065832 нэгж талбарын дугаартай бүртгэж /ХХ-1-н 64 дэх тал/, газрын мэдээллийн санд оруулсан болох нь нотлогдлоо.
2.6.Газар өмчлөх эрхийн хувийн хэргийн материалаас үзвэл Э.Амарсанаа нь газар өмчлөх хүсэлт, өргөдлөө бичгээр гаргаж байсан гэх нотлох баримт байхгүй байгаа, харин “Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Э.Амарсанаа нь Нуурын 21-564 тоот эзэмшдэг болохыг тодорхойлсон тодорхойлолт /ХХ-1-н 66 дахь тал/, Э.Амарсанаагийн иргэний үнэмлэхийн хуулбар зэрэгт баримтыг хавсаргаж байжээ.
2.7.Э.Амарсанаад Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 232 дугаар захирамжаар эзэмшүүлсэн газрын хувийн хэрэг нь тус дүүргийг Газар зохион байгуулалтын албанд хадгалагдаагүй болох нь тус албаны 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 18/292 дугаар албан бичгээр /ХХ-1-н 212 дахь тал/, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт хадгалагддаггүй болох нь тус газрын 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 1/1162 дугаар албан бичгээр /ХХ-2-н 2 дахь тал/ тус тус тогтоогдлоо.
2.8.Улмаар Э.Амарсанаа нь 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн байгууллагад хандан газар өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлэхээр мэдүүлэг /ХХ-1-н 35 дахь тал/ гаргасан байх ба уг мэдүүлэгтээ Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай шийдвэр нэртэй гэрчилгээ, газрын кадастрын зураг, Гэр хорооллын газрын төлөв байдал, чанар улсын хянан баталгааны дүгнэлт /ХХ-1-н 44 дэх тал/ зэргийг хавсаргасан байна.
2.9.Дээрх баримтуудыг үндэслэн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Г-2202019515 дугаарт Э.Амарсанааг Чингэлтэй 11 дүгээр хороо, Нуурын 21 дүгээр гудамж, 564 тоот хаягт байршилтай, 699 метр квадрат газрыг өмчлөгчөөр бүртгэж, 000625036 дугаар Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгожээ. /ХХ-1-н 45 дахь тал/
2.10. Э.Амарсанаагийн өмчлөх Чингэлтэй 11 дүгээр хороо, Нуурын 21 дүгээр гудамж, 564 тоот хаягт байршилтай, 699 метр квадрат газар нь газрын кадастрын мэдээллийн зураглал, Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Хүчит шонхор” ХХК-ийн эзэмшиж байгаа газартай хоорондоо огт давхцалгүй болох нь нотлогдож байна.
2.11.Харин шүүхийн маргаан бүхий газарт явуулсан үзлэгээр “Хүчит шонхор” ХХК-ийн үйл ажиллагаа явуулдаг хүнсний худалдааны захын хашаанд дотор Э.Амарсанаагийн өмчлөх эрх үүссэн газрын талбай байрлаж байгаа болох нь тогтоогдож байгаа ба ийнхүү 2006 оноос хойш “Хүчит шонхор” ХХК болон Э.Амарсанаа нар өмчлөх эзэмших газар давхацсан талаар, үйл ажиллагаа явуулж байгаа, эсхүл байсан хашаан дотор газар өмчилсөн зэрэг асуудлаар өмнө маргаж байсан гэдэг нь нотлогдохгүй байна.
2.12.Мөн шүүхийн Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын Архив, мэдээллийн хэлтсийн санд явуулсан 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн үзлэгээр баримтжуулж авсан 2005-2007 оны Агаар, сансрын зургаар Э.Амарсанаад уг газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэх үед тэрээр уг газар амьдарч байгаагүй, газар дээр нь бусад этгээдийн барилга байгууламж гэх эд хөрөнгө байхгүй байна. /ХХ-2-н 68 дахь тал/
2.13.Нэхэмжлэгч “Хүчит шонхор” ХХК-ийн өмгөөлөгчөөс хэрэгт авагдсан байгаа 2006 оны агаар, сансрын зургийг тайлбарлахдаа “энэ газрыг “Хүчит шонхор” ХХК цементэлж, хөрөнгө оруулалт хийсэн байсан, өндөр хүчдэлийн шугам байсан учир нийтийн эзэмшлийн газар гээд эзэмшүүлэхгүй байсан” гэх агуулга бүхий няцаалт гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй.
2.14.Гуравдагч этгээд Э.Амарсанаа нь өөрийн өмчлөлийн газрыг энэ хугацаанд хашаажуулж, тэмдэгжүүлээгүй үндэслэлээ шүүхэд тайлбарлахдаа “газраа тэмдэгжүүлж, эргэлтийн цэгийг хатгах гэхээр “Хүчит шонхор” захын хүмүүсээр хүч түрэн зөвшөөрдөггүй байсан” гэж тайлбарласан боловч үүнийг нотлох баримт байхгүй байна.
2.15.“Хүчит шонхор” ХХК-ийн үйл ажиллагаа явуулдаг хүнсний захын хашаан дотор Э.Амарсанаагийн өмчлөх газар байгаа гэдгийг Э.Амарсанаа болон “Хүчит шонхор” ХХК-ийн эрх бүхий этгээдүүд мэдэж байсан, мэдэх ёстой үйл баримт байна.
2.16.Э.Амарсанаа нь өөрийн өмчлөх газраа чөлөөлүүлэхээр иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа гэдгийг нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар зөвшөөрч байгаа тул эдгээрийн хооронд газар чөлөөлүүлэх маргаан одоо явагдаж байгаа зэрэг үйл баримтууд шүүхэд тогтоогдож байна.
Гурав.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн үндэслэлийн тухайд:
3.1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т "нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг гэж, 106 дугаар зүйлийн 106.3.1-т “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж тус тус хуульчлан тогтоосон.
3.2.Хуулийн энэ заалтын дагуу шүүх нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь захиргааны актын улмаас зөрчигдсөн хөндөгдсөн эсэхийг хяналаа.
3.3.Мөн маргаан бүхий газар дээр нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн хэнд нь түрүүлж уг газрыг эзэмших, ашиглах “хууль ёсны ашиг сонирхол үүссэн” гэдэгт шүүх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэлт өгч байна.
3.4.Тухайлбал, Э.Амарсанаа нь эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ бүхий этгээд болох нь тогтоогдож түүний газар өмчлөх эрхийн гэрчилгээ, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэсэн байгаа учраас Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т “Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.1-д заасан эрхийг хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ” гэж, мөн зүйлийн 5.2-т “Эд хөрөнгө өмчлөх эрхтэй холбоотой Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.2, 8.1.3, 8.1.4, 8.1.5, 8.1.6, 8.1.7, 8.1.8, 8.1.9-д заасан эрх нь эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ” гэж заасны дагуу түүний өмчлөх эрх баталгаажжээ.
3.5.Нэхэмжлэгч “Хүчит шонхор” ХХК нь уг газар дээр хөрөнгө оруулж, талбайг цементэлсэн, ашиглаж байсан гэх тайлбаруудыг гаргаж байгаа ч 2006 оны агаар, сансрын зургаар тус компани уг газар дээр үйл ажиллагаа явуулж байсан гэдэг нь харагдахгүй байгаагийн хамт, уг зургаар нэхэмжлэгч газрыг цементэлсэн гэх байдал тогтоогдохгүй, тус компанид газар ашиглах талаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөл олгогдож байгаагүй ажээ.
3.6.”Хүчит шонхор” ХХК нь нийтийн эзэмшлийн газар дээр эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр хөрөнгө оруулсан, цементэн талбай хийсэн /2006 онд уг газрыг цементэлсэн гэж байгаа нь нотлох баримтаар нотлогдоогүй/ нь түүнд газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол түрүүлж үүссэн гэж үзэх хууль зүйн үндэслэл болохгүй.
3.7.Учир нь Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т "газар ашиглах" гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг” ойлгохоор, 7 дугаар зүйлийн 7.1-т “Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлнө” гэж, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж, 56 дугаар зүйлийн 56.1-т “Хот, тосгон бусад суурины газарт иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах үйл ажиллагааг зөвхөн тухайн хот, тосгон, бусад суурины харьяалах засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэн боловсрогдож батлагдсан хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, түүнд тулгуурласан үе шатны болон хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу энэ хуульд заасан журмаар хэрэгжүүлнэ” гэж, мөн зүйлийн 56.2-т “Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө зохиогдоогүй хот, тосгон, бусад сууринд газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг тухайн засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэн энэ хуульд заасны дагуу шийдвэрлэнэ” гэж зааснаас үзвэл аж ахуй эрхлэгч нь нийтийн эзэмшлийн газрыг аж ахуй, бизнесийн зориулалтаар ашиглах бол Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-т заасан журмын дагуу дүүргийн Засаг даргын зөвшөөрлөөр ашиглаж, газрын төлбөрийг төлбөр төлөх, эзэмших бол гэрээ гэрчилгээний үндсэн дээр эзэмших эрх үүсэх хууль зүйн зохицуулалттай байна.
3.8.Иймд ”Хүчит шонхор” ХХК-ийг дээрх газрыг Газрын тухай хуульд заасан журмын дагуу хууль ёсоор ашиглаж байсан, түүнд хууль ёсны ашиг сонирхол түрүүлж үүссэн гэж үзэх үндэслэл нотлогдохгүй байна.
3.9. ”Хүчит шонхор” ХХК нь нь 2022 онд Т.Мөнхбат, Бар.Дашжид нарын газар өмчлөх эрхийг нь дуусгавар болгуулж, уг газрыг эзэмших эрхийг авахдаа уг газрынхаа кадастрын зураглалыг 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр “Климакс реферэнс” ХХК-иар үйлдүүлсэн байгаа /ХХ-1-н 86 дахь тал/ байгаагаас харвал энэхүү газартай хил залгаа Э.Амарсанаагийн эзэмших газрыг бусдын эзэмшил, өмчлөлийн газар гэдгийг гэж мэдэж байсан гэж үзэхээр байгаа ба уг газрыг аливаа байдлаар эзэмших хүсэлтийг гаргаж байгаагүй болох нь тогтоогдлоо.
3.10.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь газрыг Э.Амарсанаад өмчлүүлсэн захиргааны үйл ажиллагааг эс зөвшөөрч маргахдаа анх өмчлөх эрх гэрчилгээ олгосон Нийслэлийн Засаг даргыг “бус”, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн байгууллагыг буруутгаж байгаа ба энэхүү буруутгасан үндэслэлээ “газар эзэмших захирамжид “Булгийн 21” гэж байхад “Нуурын 21” гэх хаягаар өмчлөх эрх олгосон хаягийн бүртгэл зөрүүтэй байхад шалгаагүй” гэж, “Э.Амарсанааг газрын төлбөр төлөөгүй” гэж, “хаягтаа амьдарч байгаагүй атлаа амьдарс байсан мэтээр хүсэлт гаргаж хуурч мэхлэх замаар газар өмчлөх эрх олж авсан”, “өндөр хүчдэлийн шугам сүлжээ бүхий газар” гэх үндэслэлүүдийг гаргасныг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.
3.11.Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлд газрыг өмчилж авахыг хүссэн иргэний өргөдөлд тусгах мэдээлэл болон түүнд хавсаргах баримтыг зааж өгсөн, харин мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана” гэж заасан байгаа учраас хаягийн зөрүүтэй байдал, инженерийн шугам сүлжээ бүхий газар эсэхийг эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн байгууллага бус, өмчлөх эрх олгож буй Нийслэлийн Засаг дарга шалгах үүрэгтэй.
3.12.Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т “Эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх бөгөөд улсын бүртгэгч өөрийн хийсэн бүртгэл бүрийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн санд оруулж, хууль, холбогдох журамд заасны дагуу баталгаажуулна” гэж, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг даргын гаргасан шийдвэр болон газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон нэгж талбарын дугаарыг үндэслэн иргэнд өмчлүүлсэн газрыг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хууль тогтоомжид заасны дагуу улсын бүртгэлд бүртгэж тухайн иргэн уг газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн байгууллагаас олгоно” гэж тус тус хуульчилсан.
3.13.Мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.7-д “Мэдүүлэг гаргагч мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учруулсан хохирлыг хариуцна” гэж, 8 дугаар зүйлийн 8.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 8.1-д зааснаас бусад үндэслэлээр мэдүүлгийг хүлээн авахаас татгалзахыг хориглоно” гэж тус тус заасан байна.
3.14.Хуулийн дээрх заалтуудын дагуу улсын бүртгэлийн мэдүүлэгт хавсаргасан баримтын үнэн зөвийг мэдүүлэг гаргагч хүлээх бөгөөд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгч нь “газар эзэмшүүлсэнтэй” холбоотой баримт бичгийг шаардан гаргуулах, газар эзэмших эрх олгосон шийдвэр болон өмчлүүлсэн шийдвэрүүдийг хооронд нь тулгаж үзэх, уг баримт нь өмчлөх эрх олгосон Нийслэлийн Засаг даргын захирамжтай нийцэж байгаа эсэхийг шалгаж тогтоох үүргийг хүлээхгүй юм.
3.15.Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “маргаан бүхий газар өндөр хүчдэлийн шугам бүхий нийтийн эзэмшлийн газар байхад Э.Амарсанаад уг газрыг өмчилсөн нь хууль бус” гэж Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн байгууллагыг буруутгаж маргасан ба уг өндөр хүчдэлийн шугам нь “Хүчит шонхор” ХХК-д хамааралгүй, орон нутгийн өмчийн хөрөнгө болохыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас зөвшөөрсөн учраас энэ нь маргаантай эд хөрөнгө биш байсан бөгөөд эд хөрөнгийн эрхийн бүртгэгч ийм нөхцөл байдлыг шалгаж тогтоох үүрэггүй этгээд болно.
3.16.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс уг газрыг Э.Амарсанаад эзэмшүүлсэн дүүргийн Засаг даргын шийдвэртэй маргаагүйн дээр, Нийслэлийн Засаг даргын Э.Амарсанаад газар өмчлөх эрх олгож шийдвэрлэсэн шийдвэрийг буруутгаж мэтгэлцээгүй, ийм тайлбар гаргахгүй байна.
3.17.Шүүхээс нотлох баримтыг цуглуулж, шинжлэн судлахад Чингэлтэй дүүргийн Засаг даргаас Э.Амарсанаад “Булгийн 21” гэсэн хаягаар газар эзэмшүүлсэн нь өөр газар байсан гэдэг нь нотлогдоогүй ба “Булгийн 21 гэх гудамжинд 564 гэх дугаартай хашаа байхгүй”, “564” гэх тоот хаалганд өөр иргэн амьдардаг болох нь шүүхийн үзлэгээр давхар тогтоогдсон болно. /Үзлэгийн тэмдэглэлд/
3.18.Үүнээс гадна “Топ сурвэй” ХХК-иас анх 2006 онд Э.Амарсанаагийн эзэмшихийг хүссэн газрын кадастрын зургийг үйлдэхдээ “Нуурын 21” гэх хаягийг “Булгийн 21” гэж алдаатай бичсэн болохоо, мөн газрын байршил нь кадастрын зураг дээрх солбицлоор илэрхийлэгдэх ба эзэмшил газрын хил хязгаарын цэгүүдийн солбицол нь алдаагүй, 2008 онд өмчлөгдсөн уг газрын солбицол газрын кадастрын мэдээллийн сантай таарч байгаа зэргийг тодорхойлсноос /ХХ-1-н 184 дэх тал/ үзвэл хаягийн зөрүүтэй бичилтийн шалтгаан нь кадастрын зурагт буруу бичигдсэн байснаас үүдсэн, хоёр өөр газар байгаагүй болох нь нотлогдсон гэж шүүх дүгнэлээ.
3.19.Дээр дүгнэснээр маргаан бүхий газрыг нэхэмжлэгч “Хүчит шонхор” ХХК эзэмших ашиглах хүсэлтээ гаргаж байгаагүй, түүний зохих захиргааны байгууллагын зөвшөөрөлгүйгээр цементэлж талбай болгож ашигласан нь газар эзэмших эрхийг үүсгэж байгаа явдал биш учраас уг газрыг Э.Амарсанаад эзэмшүүлж, өмчлүүлж, уг өмчлөх эрхийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн захиргааны байгууллага, албан тушаалтны үйлдэл, шийдвэрүүд нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзэв.
3.20.Нэгэнт захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөөгүй тохиолдолд түүний гаргасан үндэслэлүүд болох “газрыг өмчлөхдөө хаягийн бүртгэл зөрүүтэй, хаягтаа амьдарч байгаагүй, газрын төлбөр төлөөгүй, өндөр хүчдэлийн шугам бүхий нийтийн эзэмшлийн газрыг өмчлүүлсэн” гэх үйл баримтаар Нийслэлийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 159 дүгээр захирамжийн Э.Амарсанаад холбогдох хэсэг, Эд хөрөнгийн эрхийн Г-2202019515 дугаар улсын бүртгэлийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэв.
3.21.Гуравдагч этгээд Э.Амарсанаагийн өмгөөлөгчөөс “Хүчит шонхор” ХХК-ийг нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж маргасан шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.
3.22.”Хүчит шонхор” ХХК нь үйл ажиллагаа явуулж байгаа гэх газар дээр нь Э.Амарсанаа газар өмчилсөн гэдгийг мэдэх ёстой мэдэх боломжтой боловч, тэрээр маргаан бүхий захиргааны актыг тус компанид мэдэгдсэн талаар нотлох баримт байхгүй, нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын хооронд иргэний шүүхэд газар чөлөөлүүлэх маргаан үүссэн гэж тайлбарлаж байгаа ч энэ талаар тэдгээрээс нотлох баримт гаргаж өгөөгүй тул шүүх нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэдэг нь нотлох баримтаар нотлогдоогүй гэж үзсэн болно.
3.23.Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5.2-т “Газрын тухай хуулийн дагуу иргэний эзэмшсэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан төлөвлөгөө, шийдвэрт тусгагдсан, иргэдэд өмчлүүлэх газарт хамаараагүй бөгөөд тухайн иргэн газар өмчилж авах хүсэлт гаргасан тохиолдолд энэ хуулийн 5.1.2-т заасан төлөвлөгөө, шийдвэрт иргэдэд өмчлүүлэхээр тусгагдсан бөгөөд бусад этгээдийн эзэмших, ашиглах эрх үүсээгүй байгаа газраас тэргүүн ээлжид түүнд өмчлүүлэх” гэсэн зарчмыг тогтоож өгсөн байх тул иргэний эзэмшиж буй газар нь газар өмчлүүлэх төлөвлөгөөнд тусгаагүй байсан ч газрыг эзэмших эрхийн гэрээ гэрчилгээтэй бол тухайн газрыг өмчлүүлж болох хууль зүйн үндэслэлтэй байна.
3.24. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2-т “энэ хуулийн 4.1.1-д заасан зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчилж авах нь иргэний эрх байхаар хуульчилсан ба Э.Амарсанаад газрыг өмчлүүлсэн Нийслэлийн Засаг даргын шийдвэр нь дээрх хуулийн заалтын дагуу гарсан байх бөгөөд уг захирамжийг үндэслэн түүний газар өмчлөх эрхийг баталгаажуулсан улсын бүртгэл хууль зөрчөөгүй тул “Хүчит шонхор” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Дөрөв.Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:
3.1.Шүүх нь хуульд заасан журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн буюу маргаан бүхий актын үндэслэл болсон нотлох баримтад дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба нотлох баримтыг үнэлэх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.
3.2.Талуудын хооронд газрын давхцалын маргаан байхгүй тул уг асуудлаар шинжээч томилох шаардлага үүсээгүй болно.
3.3.Мөн шүүхээс Э.Амарсанаад өмчлүүлсэн газар нь тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд туссан эсэх нотлох баримтыг цуглуулах, шалгах шаардлагагүй гэж үзсэн. Учир нь энэ талаар талууд маргаагүй, маргааны үндэслэл биш, нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөөгүй тохиолдолд иргэний өмчлөх эрхийг шүүх энэ үндэслэлээр хүчингүй болгох хууль зүйн боломжгүй тул хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй баримтыг цуглуулах, үнэлэх шаардлагагүй гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12, 112 дугаар зүйлийн 112.4.3 дахь заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2, 22 дугаар зүйлийн 22.1, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т заасныг баримтлан “Хүчит шонхор” ХХК-ийн гаргасан “Нэгж талбарын 1500901664 дугаартай газар өмчлөх эрхийг 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Г-2202019515 дугаарт иргэн Э.Амарсанаагийн нэр дээр бүртгэсэн улсын бүртгэлийг болон Нийслэлийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 159 дугаартай “Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх, хүчингүй болгох тухай” захирамжийн Э.Амарсанаад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгч “Хүчит шонхор” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тэмдэглэсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭЧИМЭГ