Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 00262

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Сумъяажав,

Улсын яллагч Ц.Мөнхжаргал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг,

Шүүгдэгч П.Ц нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Ц-т холбогдох эрүүгийн 1738000000044 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, П.Ц,  Хөвсгөл аймгийн Тариалан суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн Тариалан сумын 3 дугаар багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн .... дугаартай.

Шүүгдэгч П.Ц нь согтуугаар 2017 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Тариалан сумын 3 дугаар багийн нутагт иргэн Д.Б-г зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч П.Ц нь согтуугаар 2017 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Тариалан сумын 3 дугаар багийн нутагт иргэн Д.Б-г зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэгээд бид нөгөө гурван шил архиа дуусгаад Т-ын машинаар Шивэртийн гол гэдэг газар Ц-нд очсон. Тэнд очоод бид нар 3 литр монгол архи уусан. Би нэлээд согтсон байсан. Тэгээд би Ц-тай маргалдсан чинь Ц намайг өшиглөсөн” мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/,

Гэрч Ж.Д-ийн: “...Намайг гарснаас хойш Т, А хоёр Б-г аваад машинд суугаад яваад өгсөн. Тэгээд явж явж 21 цагийн үед Б ёолоод бөгцийсөн байдалтай орж ирэхээр нь би “яагаав, юу болоо вэ” гэж асуухад Б намайг Ц төмсөг рүү өшиглөчихлөө гэж хэлсэн. Тэгээд би эмнэлэгт аваачиж үзүүлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

Гэрч Э.А-ны: “...Намайг унтаж байгаад 20 цагийн үед сэрэхэд Б намайг Ц зодчихлоо гээд манай хүргэний орон дээр эвхэрчихсэн хэвтэж байсан. Тэгэхээр нь би бушуухан л Б-г гэр рүү нь хүргэж өгсөн. Би тухайн үед унтаж байсан болохоор тэр хоёрыг юунаас болж маргалдсаныг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/, 

Гэрч Б.Т-ын: “Би Ц-ын гэрийн тэнд очоод шууд гадаа нь машин дотроо унтсан. Машин дотроо унтаж байгаад 19 цагийн үед байхаа сэрэхээд А-ны хүргэн Э-ын гэрт цай уухаар ороход Б намайг Ц зодчихлоо, хурдан гэртээ харъя гээд Э-ын гэрийн орон дээр эвхэрчихсэн хэвтэж байсан. Тэгээд хэсэг байж байхад А унтаад сэрсэн. Түүнийг сэрэхээр нь А бид хоёр Б-ыг аваад шууд сумын төв рүү орсон” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/,

Гэрч Х.О-ны: “... Би нөхөр Ц, Б ах хоёрыг барилцаад авсан байхаар нь би нөхөр Ц-т чи согтуу хүнтэй маргалдах хэрэггүй шүү шууд хаяад яв гэж хэлсэн. Тэгэхэд нөхөр маань Б ахаас салаад үхрийн тийшээгээ зугтсан. Би нөхрийгөө зугтаагаад явчихаар нь гэр рүү хальт орчихоод буцаад гарч ирэхэд Б ах нөхөр Ц-ыг заамдаад барьчихсан ноцолдож байгаа харагдсан. Тухайн  үед нөхөр Ц Б ахаас салах гэж байгаа бололтой түүний хоёр гарыг доош дараад түүнийг түлхээд араас нь нэг удаа хөлөөрөө түүний баруун гуя руу өшиглөсөн. Тэгэхэд Б ах газарт унасан” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний албан шинжээч эмч Р.Ням-Осорын 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 528 дугаартай  

1. Д.Б-ын биед гэмтэл тогтоогдлоо.

2. Д.Б-ын биед нэг төмсөгний няцрал, хуйхнагт цус хуралт бүхий гэмтэл учирсан байна.

3. Тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

6. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 46 дугаар хуудас/,

Шүүгдэгч П.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэгэхээр нь би уурандаа түүнийг түлхээд өөрөөсөө холдуулах гэсэн боловч холдохгүй байгаад байсан. Тэгэхээр нь уурандаа хөлөөрөө гуя руу нь нэг удаа өшиглөчихөөд явсан" гэх мэдүүлэг /хх-ийн 57-59 дүгээр хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлэн авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

Иймд шүүгдэгч П.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэмт буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч П.Ц нь хохирогч Д.Б-т эмчилгээний зардалд зориулж нийт 2.000.000 төгрөг төлсөн тухай 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн эвлэрлийн гэрээ /хх-ийн 73 дугаар хуудас/ хавтаст хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч П.Ц-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал /ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68 дугаар хуудас/, Хөвсгөл аймгийн Тариалан сумын 3-р багийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 111 дугаартай тоот/ зэргийг харгалзан үзэж, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан ял оногдуулах зүйтэй байна.

Эрүүгийн 1738000000044 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч П.Ц-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ц-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан П.Ц-т оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/  нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг 2018 оны 01 дүгээр сарын 03-ны дотор төлж барагдуулахаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурьдсугай.

5. Ялтны ял эдлэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

6. Эрүүгийн 1738000000044 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Ц-т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Н.НЯМСҮРЭН