Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 2022/ДШМ/016

 

Т.*******ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Жаргалсайхан, Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Шүүгдэгч Т.******* түүний өмгөөлөгч *******, *******/ цахимаар/

 Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Цэрэнлхам нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж хянан шийдвэрлэсэн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2021/ШЗ/968 дугаар захирамжийг эс зөвшөөрч прокурорын бичсэн эсэргүүцэл болон шүүгдэгчийн өмгөөлөгч *******ийн гаргасан давж заалдах гомдлоор Т.*******ад холбогдох эрүүгийн 2014003340353 дугаар хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Уран овогт Төгсжаргалын *******, регистрийн дугаар /*******/,

Т.******* нь Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн магадлагч их эмчээр ажиллаж байхдаа 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр иргэн Д.*******ийг өндөр насны тэтгэвэрт оруулж өгнө хэмээн 2000000 төгрөгийг *******гийн ******* дугаарын дансаар шилжүүлэн авч албан тушаалын байдлаа ашиглаж залилсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас Т.*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэвэл шүүгдэгч Т.*******ад холбогдох хэрэгт цугларсан болон шүүхээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудын хүрээнд шүүх эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй дараах үндэслэл тогтоогдов. Үүнд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

Прокурорын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн яллагдагчид оногдуулах ялын төрөл хэмжээний талаар... саналдаа шүүгдэгч Т.*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1-т заасан арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10000000 төгрөгөөр торгох саналыг гаргаж яллагдагчид танилцуулж, гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй шилжүүлсэн байна.

1.Прокурорын 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн № 11 дугаар прокурорын тогтоолоор яллагдагч Т.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1-т зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн № 193а дугаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар шилжүүлсэн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 3-т... прокурор хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзсэн бол мөрдөгч 14 хоногийн дотор мөрдөн байцаалт явуулна.. гэж хуульчилсан бөгөөд хуульд заасан хугацаанд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр хуульчилсан ба уг хуулийн хугацаа өнгөрсөн байхад хуулийг нэг мөр ойлгож хэрэгжүүлэхгүйгээр дахин хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн

2.Шүүгдэгч Т.*******ын... манай нутгийн танил эгч байгаа юм, тэр хүнээс мөнгө зээлэхээр боллоо гэхээр нь би өртэй байсан хүнийхээ данс руу тэр мөнгийг нь шилжүүлж нутгийн эгч тэтгэвэрт гарах гэсэн чинь ажилласан жил дутаад байгаа гэнэ. Би шүүхээр сураглаад зөвлөөд өгье гэхээр нь би тэтгэврийн байцаагч биш эмч учраас ажилласан жил талаар мэдэхгүй ажлынхнаасаа асуугаад өгье гэж хэлээд хамт мал маллаж байгаа хүнээ шүүх дээр гэрчээр оролцуулах, архиваас лавлагаа гаргуулах байдлаар л тогтоолгож болох байх гэж хэлсэн. Би тэр хүнээс мөнгө зээлэхдээ ямар нэгэн баримт үйлдээгүй аман гэрээгээр мөнгө зээлж авсан,..мөнгийг нь авахдаа дансаар нөгөө өртэй хүнийхээ данс руу шилжүүлж авсан.. гэх мэдүүлэг / 1 хх-ийн 106-107/

Хохирогч Д.*******ийн ... Би өндөр настны тэтгэвэрт гарах гэхээр 4 жил дутаж байсан. гэх танил эмэгтэй манай танил найз Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст тэтгэврийн байцаагч ажилтай Т.******* гэх эмэгтэй байдаг. Би тэр хүнтэй яриад таны ажилласан жилийг нөхөн даатгалаар бөглүүлээд таныг тэтгэвэрт оруулаад өгье гэж хэлсэн,...Нямдулам 2.000.000 төгрөгөө ******* тоот данстай Т.Нацагсүрэн гэх хүний данс шилжүүлчих Т.******* таныг тэтгэвэрт оруулаад өгнө гэж надад хэлсэн. Уг мөнгийг Т.******* гэх хүний буюу Т.Нацагсүрэн гэх хүний данс ашиглаж миний 2.000.000 төгрөгийг авсан боловч одоогоор намайг тэтгэвэрт оруулж өгөөгүй. Мөнгөө буцааж авах гэсэн боловч одоог хүртэл өгөөгүй залилаад байна,....Миний шилжүүлсэн 2,000,000 төгрөгийг Т.******* гэх хүн Т.Нацагсүрэн гэх хүний дансыг ашиглан авсан. нь Т.******* чиний мөнгийг аваад тэтгэвэрт оруулж өгнө гэж хэлсэн... гэх мэдүүлэг / 1 хх-ийн 81-85, 33-135/

Гэрч ын ... Д.******* эгч над руу утсаар залгаад тэтгэвэрт орох гэсэн ажилласан жил хүрэхгүй байна, ажилласан жилээ тогтоолгомоор байна гэхээр нь би *******тай холбож өгсөн. Би тухайн мөнгөний талаар сайн мэдэхгүй байна.. Би тухайн үед Д.*******, Т.******* хоёртой хоёулантай нь утсаар холбогдож ярьж байгаад холбож өгсөн. . гэх мэдүүлэг/ 1 хх-ийн 87-88/,

Гэрч ын ...би хувиараа таксинд явдаг,....99448383 гэсэн дугаараас Т.******* гэх хүн над руу яриад хүнд мөнгө бэлнээр өгөх хэрэгтэй байна өөрийнхөө дансыг өгчих гэхээр нь би хүргэлт нь 15.000 төгрөг байдаг гээд миний данс руу 2.500.000 төгрөг хийгээд 86690308 гэсэн дугаартай хүнд яриад цаасанд хийгээд өгөөрэй гэхээр нь би данснаасаа 2.500.000 төгрөгийг ХААН банкны АТМ-с гаргаж аваад 86690308 гэсэн дугаартай эмэгтэй хүнд мөнгийг өгсөн...гэх мэдүүлэг зэргээс үзэхэд шүүгдэгч Т.*******ын тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт үйлдлийг нягтлан шалгаж хэргийн зүйлчлэлийг зөвтгөх шаардлагатай байна. Залилах гэмт хэрэг нь зөвхөн эд зүйлс, өмч хөрөнгийг хуурч, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах үйлдлээс гадна ирээдүйд эд зүйлс, өмч хөрөнгийг өөрийн мэдэлдээ оруулж, буцааж өгөхгүй ашиглах, захиран зарцуулах эрхийг олж авна. Хуурч гэдэг нь бусдын өмчлөх эрхийг элдэв хуурамч аргаар төөрөгдүүлэх замаар эд хөрөнгө, эд юмсыг өөрөө өгөхөд хүргэж, түүний эд хөрөнгө , эд юмсыг эзэмших, ашиглах эрхийг хууль бусаар олж авах үйлдлийг хэлнэ. Итгэл эвдэх гэдэг нь хохирогч нь эд зүйлс, өмч хөрөнгөөрөө хохирохыг үл ухааран гэмт хэрэгтэн сайн дураараа шилжүүлдэг онцлогтой. Шүүгдэгч Т.******* нь Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн магадлагч их эмчээр ажиллаж байхдаа 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр иргэн Д.*******ийг өндөр насны тэтгэвэрт оруулж өгнө хэмээн 2000000 төгрөгийг *******гийн ******* дугаарын дансаар шилжүүлэн авч албан тушаалын байдлаа ашиглаж залилсан гэмт хэрэгт холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн боловч яллах дүгнэлтдээ шүүгдэгч Т.******* нь залилах гэмт хэргийг шинж яаж хангаж байгаа талаар хэрэгт авагдсан баримтуудад үндэслэж хууль зүйн дүгнэлт хийгээгүй ба шүүх хуралдаанд төрийг төлөөлж оролцож байгаа улсын яллагчийн талаас хэргийн нөхцөл байдалд хийж буй үйл баримтыг болон эрх зүйн дүгнэлт гэдэг утгаараа шүүхийн шийдвэрийн нэгэн адил үндэслэл тодорхой, дүгнэлт ойлгомжтой байдлаар бичигдэх ёстой атал хэрэгт авагдсан үйл баримтаар шүүгдэгч Т.*******ад холбогдуулан зүйлчилсэн хэргийг зүйлчлэл хэргийн нөхцөл байдалтай тохироогүй,

3. Шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн № 854 тоот дугаар шүүгчийн захирамжаар шүүгдэгч Т.*******ад холбогдох 2014003310353 тоот эрүүгийн хэргийг Прокурорын газарт буцаасан бөгөөд хэрэгт Авилгатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар нь 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн № 2014004007 дугаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоолыг / 2-р хх-ийн 186-187/ хийсэн бөгөөд яллагдагчаар татагдсан эсэх талаар шалгаж тухайн хэрэгт ямар ажиллагаа хийж байгааг талаар холбогдох баримтуудыг хийгээгүй,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийг нэгтгэх, тусгаарлах талаар ажиллагааг хийхгүй мөрдөн байцаалтын шатанд хугацаа сунгасан асуудал нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн буюу прокуророос хэргийн хугацааг үндэслэлгүйгээр сунгасан, түүнчлэн прокуророос эрүүгийн хэрэг нэгтгэх, тусгаарлах тухай үндэслэл бүхий шийдвэр гаргана гэж заасан байхад уг хэрэгт ямар ч шийдвэр гаргаагүй байхад шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Т.*******ад холбогдох дээрх үйлдэл нь шийтгэх тогтоол гаргахаас өмнөх цаг хугацаанд хамаарч байгаа эсэх, тухайн үйлдлийн цаг хугацааны хувьд хэзээ үйлдэгдсэн эсэх талаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тогтоолд бичигдээгүй болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэх тохиолдолд нь өмнө тогтоолоор ял оногдуулснаас хойш буюу ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хэрэглэхээр хууль тогтоогчоос хуульчилсан байгааг анхаарах эрхтэй.

4.Тус шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн № 854 тоот дугаар шүүгчийн захирамжаар шүүгдэгч Т.*******ад холбогдох 2014003310353 тоот эрүүгийн хэргийг Прокурорын газарт буцаасан шүүгчийн захирамжид заагдсан ажиллагааг огт хийгдээгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…”, мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-т... энэ хууль засан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ... гэсэн хууль ёсны болон шударга ёсны , гэм буруугийн зарчмуудыг баримталж ажиллах шаардлагатай бөгөөд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэснийг зөвтгүүлэх, үүнтэй холбоотойгоор дээр дурдсан асуудлыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа хийсний эцэст хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэх үндэслэлээр шүүгдэгч Т.*******ад холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт ....Т.*******ын эрүүл мэндийн байдалтай холбоотой Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 759 дугаартай албан бичгийг.... гаргаж өгсөн боловч шүүгдэгч Т.*******ыг тус шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 669 дугаар шүүгчийн захирамжаар яллагдагчийг албадан ирүүлэх ажиллагаа явуулах захирамжийн дагуу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дахин саад учруулж болзошгүй нөхцөл байдал арилаагүй тул хэргийг прокурорт очтол шүүгдэгч Т.*******ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор ******* тус шүүхэд эсэргүүцэлдээ: Шүүгчийн захирамжийг 2021 оны 12 сарын 22-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Т.******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг прокурорт гаргаж ирүүлсэн. Энэ хүсэлтэд яллагдагч нь үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байсан. Т.******* нь хэргийг шүүхэд шилжүүлэхээс өмнө нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаж ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан байсан тул прокурор уг хүсэлтийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль 17.3 дахь 1.1, 1.2, 1.3 тогтоогдсон эсэхийг хянасны дараагаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан журмын дагуу хэргийг шүүхэд даруй шилжүүлсэн.

Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж дуусгаад шүүхэд шилжүүлэх санал гаргаж ирүүлсэн хэрэгт яллагдагчаас гаргасан хүсэлтийг прокуророос хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 3-т... прокурор хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзсэн бол мөрдөгч 14 хоногийн дотор мөрдөн байцаалт явуулна гэснийг зөрчөөгүй болно.

Т.*******ад холбогдох хэргийн хувьд хуульд заасан нотлох баримтуудаар тогтоогдсон, хохирогч нь гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн, шүүгдэгч нь үйлдсэн хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан нөхцөл бүрэн хангагдсан байна. Хэргийн зүйлчлэлийн хувьд Т.*******ын үйлдэл нь эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заагдсан авлигын гэмт хэргийн шинжгүй, харин албан тушаалын байдлаа ашиглан бусдын залилсан үйлдэл нь тогтоогдсон тул прокуророос түүнийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар нь 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн № 2014004007 дугаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол үйлдэгдсэн бөгөөд Т.******* нь тухайн хэрэгт одоогоор хэргийн оролцогч биш бөгөөд уг хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татагдаагүй, хэрэг бүртгэлтийн 2014004007 дугаартай хэрэгт Т.*******ад эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаагүй тул 2014004007 дугаартай хэрэгт ямар ажиллагаа хийгдэж байгаа талаарх баримтыг мөрдөн байцаалтын 20140003340353 дугаартай хэрэгт хавсаргах боломжгүй, мөн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явагдаж байгаа хэргийг мөрдөн байцаалтын хэрэгт нэгтгэх боломжгүй байна.

4. 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 854 дугаартай шүүгчийн захирамжид заасан Т.*******ын торгох ял биелэгдэх хөрөнгөтэй эсэхийг тогтоогүй, хэргийн мөрдөн байцаалтын хугацааг 9 удаа сунгасан боловч Авлигатай тэмцэх газраас шалгаж байгаа хэргийг нэгтгэн шалгах үндэслэл байгаа эсэхийг тогтоох ажиллагаа бүрэн хийгээгүй, авлигатай тэмцэх газраас хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн эсэх, уг хэрэгт Т.******* яллагдагчаар татагдсан эсэх холбогдох баримтуудыг хэрэг хавсаргах буюу хэргийг нэгтгэх, өмгөөлөгч *******ийн гаргасан хүсэлт зэрэгтэй холбогдуулан Т.******* нь ажлаасаа халагдсан боловч “Уран бренд” ХХК-наас сард 420000 төгрөгийн цалин авдаг талаарх баримтыг хэрэгт хавсаргасан, Авлигатай тэмцэх газраас хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа 2014004007 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тогтоолыг хэрэгт хавсаргасан ба уг хэрэгт Т.*******ыг яллагдагчаар татаагүй, мөрдөн шалгах ажиллагаа явагдаагүй тул өөр бусад баримт хийх шаардлагагүй болно. Мөн өмгөөлөгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хүсэлттэй холбоотойгоор аймгийн цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Г.Гансүхээс тайлбар гаргуулж хэрэгт хавсаргасан зэргээр шүүгчийн 854 дугаартай захирамжид заагдсан ажиллагааг хийж гүйцэтгэсэн болно.

Иймд шүүгчийн 968 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* гаргасан давж заалдах гомдолдоо:

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж уг хурлаар Эрүүгийн хуулийн тусгй ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1 д заасан гэмт хэрэгт холбогдсон Т.*******ын хэрэгт яллах дүгнэлт үйлдэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан журмаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг хянан хэлэлцээд хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх заалтыг үндэслэн хэргийг прокурорт буцаасан 968 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

1. Шүүхийн аливаа шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, эргэлзээгүй байх ёстой. Анхан шатны шүүхээс хэргийн прокурорт буцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 3 үндэслэлийн аль заалтыг зөрчсөн гэж үзэж буцааж байгаа нь тодорхойгүй буюу хэт ерөнхий заалтаар буцааж байгаа нь ойлгомжгүй байна. Энэ хэргийн тухайд хийгдэх ёстой ажиллагаанууд мөрдөн байцаалтын шатанд бүрэн гүйцэд хийгдсэн тиймээс ч прокурор гэмт хэргийн сэдэлт зорилго, гэм буруугийн хэлбэрийг өөрийн эрх хэмжээний хүрээнд нотолж, яллагдагчаар татан улмаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн. Харин хэргийн материалд авагдсан нотлох баримтыг тулгуурлан шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх боломжтой юм.

2. Анхан шатны шүүхээс хэргийг удаа дараа буцаахдаа ЭХХШТХ-ийн 17.2 дугаар зүйлийн 3 д "Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзсэн бол мөрдөгч 14 хоногийн дотор мөрдөн байцаалт явуулна гэж заасан ба хуулийн хугацаа өнгөрсөн байхад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна гэжээ. Шүүх хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хэргийг ердөө 14 хоногийн хугацаанд л мөрдөн байцаалт явуулах ёстой гэж дүгнэж улмаар хуулийн хугацаа өнгөр өн гэж үзэж байна. Гэтэл 17.2 дугаар зүйлийн 1 д "Прокурор, мөрдөгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан яллагдагчид Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг үндэслэн ял оногдуулах, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай болон энэ бүлэгт заасан журмаар хэрэг хянан шийдвэрлэх үндэслэл, журмыг танилцуулан яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэнэ гэжээ. Тэгэхээр хэргийг 14 хоногийн хугацаанд мөрдөн байцаалт явуулна гэсэн нь яллагдагч хусэлт гаргаснаас хойш тоологдох хугацаа гэж ойлгож байна. Иймд хуулийн хугацаа өнгөрсөн гэж үзэж үндэслэлгүй байна. Харин прокуророос хэргийг хялбаржуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бол шүүх шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргана гэжээ. Гэтэл Т.*******ын хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан: гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн,прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн хохирогч гомдолгүй гэдгээ удаа дараа илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэдгээ 2 удаагийн шүүх хурал дээр мэдүүлсээр байхад шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж хэргийг үндэслэлгүйгээр буцааж байна.Харин шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 д зааснаар .... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана гэж заасан хуулийн заалтыг зөрчсөн байна гэж үздэг.

3. Т.*******ын тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт үйлдлийг нягтлан шалгаж хэргийн зүйлчлэлийг зөвтгөх шаардлагатай байна гэжээ.

Аймгийн прокурорын газраас хэргийн зүйлчлэл тохирсон гэж яллах дүгнэлт үйлдсэн, яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэж буруугаа хүлээн зөвшөөрсөн хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд албан тушаалын байдлаа ашиглан залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэж зүйлчилсэн нь буруу биш. Шүүхээс хэргийг буцаахдаа чухам ямар зүйлчлэлээр зүйлчлүүлэх гэж байгаа нь ойлгомжгүй бөгөөд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр юм.

4. АТГ-ын мөрдөгч комиссар нь 2020 оны 09 дүгээр сарын 07 ны өдрийн 2014004007 тоот хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоолыг хийсэн бөгөөд яллагдагчаар татагдсан эсэх талаар шалгаж тухайн хэрэгт ямар ажиллагаа хийж байгаа талаар холбогдох баримтуудыг хийгээгүй хэргийг нэгтгэх тусгаарлах ажиллагааг хийгээгүй гэжээ.

Т.*******ын тухайд өнөөдрийг хүртэлх хугацаанд энэ хэргээс өөр яллагдагчаар татагдсан хэрэг байхгүй гэдгээ хэлсэн бөгөөд хэргийг нэгтгэх болон тусгаарлах тухай АТГ-аас аймгийн прокурорын газарт албан ёсны хүсэлт ирүүлээгүй байна. Харин хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдсэн бол тодорхой хугацааны дараа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйл Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно. 6.9 дүгээр зүйл Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно гэсэн хуулийн зохицуулалт байгаа учраас шийдвэрлэх боломжтой тул дээрх нөхцөл байдал нь энэ хэргийг эцэслэн шийдвэрлэхэд саад болохгүй юм. Иймд дээрх нөхцөл байдлыг дахин шалгах шаардлагагүй гэж үзэж байна. Т.*******ыг удаан хугацаанд цагдан хорьж байгаа бөгөөд энэ хэргийн тухайд маш тодорхой хэргийн ээдрээ төвөгтэй байдал байхгүй шүүгдэгчийн биеийн эрүүл мэндийн байдал маш хүнд байгаа зэргийг харгалзан үзээд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх хүсэлтийг удаа дараа хүргүүлсэн боловч хүсэлтийг хүлээн авахаас харгалзан өнөөг хүртэл хоригдож байна. МУ-ын үндсэн хуульд зааснаар хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх ёстой. Гэтэл хүнийг ялгаварлан гадуурхах хэрэгт холбогдолгүй асуудлыг асуух тулгах, хоригдох хугацаанд нь хийсэн ШШГГ-ын цагдан хорих байрны эмчийн анхан шатны тусламж хийсэн эмчилгээг ч буруутгах зэргээр шүүгдэгчийн эрхийг зөрчсөн асуудал ч гарч байгаа. Үүнийг давж заалдах шатны хурал дээр тайлбарлах болно.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 д зааснаар Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 14 ний өдрийн 968 тоот захирамжийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

Прокурор ******* тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Бичсэн эсэргүүцлээ дэмжин оролцоно.Шүүгчийн захиармж үндэслэлгүй, хэргийг мөн шүүхэд буцааж, шийдвэрлүүлнэ үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******, ******* нар тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгчийн захирамж үндэслэлгүй, хэргийг мөн шүүхэд буцааж шийдвэрлүүлэх, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг нь өөрчилж өгнө үү гэв.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүхэд прокурор *******ын бичсэн эсэргүүцэл, шүүгдэгчийн өмгөөлөгч *******ийн гомдолд тус тус үндэслэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд эсэргүүцэл болон гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлан үзвэл:

1.Прокуророос шүүгдэгч Т.*******ыг Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн магадлагч их эмчээр ажиллаж байхдаа 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр иргэн Д.*******ийг өндөр насны тэтгэвэрт оруулж өгнө гэж *******гийн ******* дугаар дансаар 2 000 000 шилжүүлэн авч албан тушаалын байдлаа ашиглаж залилсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгаж тогтоовол зохих байдлуудыг шалган тогтоосон байх бөгөөд шүүгдэгч Т.*******ад холбогдох эрүүгийн хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу авагдсан нотлох баримтуудыг шүүгч тал бүрээс нь харьцуулан үзэж хэргийг нягт нямбай, бодит байдлаар хянах, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцүүлж, талуудын мэтгэлцээний үндсэн дээр прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн асуудлыг хянан шийдвэрлэх бүрэн боломжтой байна.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид “...шүүгдэгч Т.*******ын тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт үйлдлийг нягтлан шалгаж хэргийн зүйлчлэлийг зөвтгөх шаардлагатай..., прокурор яллах дүгнэлтдээ шүүгдэгч Т.******* нь залилах гэмт хэргийг шинж яаж хангаж байгаа талаар хэрэгт авагдсан баримтуудад үндэслэж хууль зүйн дүгнэлт хийгээгүй ...хэрэгт авагдсан үйл баримтаар шүүгдэгч Т.*******ад холбогдуулан зүйлчилсэн хэргийн зүйлчлэл хэргийн нөхцөл байдалтай тохироогүй, шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 854 дугаар захирамжаар Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар нь 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн № 2014004007 дугаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоолыг / 2-р хх-ийн 186-187/ хийсэн бөгөөд яллагдагчаар татагдсан эсэх талаар шалгаж тухайн хэрэгт ямар ажиллагаа хийж байгааг талаар холбогдох баримтуудыг хийгээгүй, ....Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийг нэгтгэх, тусгаарлах талаар ажиллагааг хийхгүй мөрдөн байцаалтын шатанд хугацаа сунгасан асуудал нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн буюу прокуророос хэргийн хугацааг үндэслэлгүйгээр сунгасан, түүнчлэн прокуророос эрүүгийн хэрэг нэгтгэх, тусгаарлах тухай үндэслэл бүхий шийдвэр гаргана гэж заасан байхад уг хэрэгт ямар ч шийдвэр гаргаагүй байхад шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Т.*******ад холбогдох дээрх үйлдэл нь шийтгэх тогтоол гаргахаас өмнөх цаг хугацаанд хамаарч байгаа эсэх, тухайн үйлдлийн цаг хугацааны хувьд хэзээ үйлдэгдсэн эсэх талаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тогтоолд бичигдээгүй болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэх тохиолдолд нь өмнө тогтоолоор ял оногдуулснаас хойш буюу ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хэрэглэхээр хууль тогтоогчоос хуульчилсан байгааг анхаарах, шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 854 дугаар ....захирамжид заагдсан ажиллагааг огт хийгдээгүйг ....хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа хийсний эцэст хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэх боломжгүй...” гэх үндэслэлээр шүүгдэгч Т.*******ад холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь бүхэлдээ хуулийн үндэслэлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэж заасантай ч нийцээгүй, ойлгомжгүй болжээ.

Шүүгчийн захирамжид заасан үндэслэл нэг бүрийг хуульд нийцүүлэн үзэхэд;

-Захирамжийн удирдлага болгох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “урьдчилсан хэлэлцүүлгийн үед дараах үндэслэлээр шүүх өөрийн санаачилгаар эсхүл хэргийг буцаах тухай прокурорын санал, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэнэ” гэж заасан зохицуулалтыг хэрэглэсэн байх бөгөөд дараах үндэслэл болох мөн заалтын 1.1-1.3-т заасан үндэслэлүүдийн аль тохирох зохицуулалтыг хэрэглэлгүйгээр орхигдуулсан

 - Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-т анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. Мөн зүйлийн 2-т шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно гэж заасан зохицуулалт эсвэл хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчлөх талаарх хуулийн үндэслэлээ тодорхойлолгүйгээр “...шүүгдэгч Т.*******ын тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт үйлдлийг нягтлан шалгаж хэргийн зүйлчлэлийг зөвтгөх, хэргийн зүйлчлэл нь хэргийн нөхцөл байдалтай тохироогүй...” гэж дүгнэсэн нь тодорхойгүй бөгөөд ойлгомжгүй

-2 дугаар хавтаст хэргийн 187 дугаар талд “...Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх хөдөлмөрийн магадлах комиссын гишүүд, эрх бүхий албан тушаалтнууд нь садан төрөл,найз нөхдийн хамааралтай хүмүүстээ давуу байдал бий болгож грүпп тогтоодог, албан үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаас мөнгө авдаг гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээсүгэй...” гэх хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн 2020 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 201400407 дугаар тогтоол авагдсан байх бөгөөд өөр баримт энэ хавтаст хэрэгт авагдаагүй байхад “...яллагдагчаар татагдсан эсэх талаар шалгаж тухайн хэрэгт ямар ажиллагаа хийж байгаа талаар холбогдох баримтуудыг хийгээгүй...” гэж үзэж шаардах нь Монгол Улсын Шүүхийн тухай хуульд заасан шүүх хууль дээдлэх, гагцхүү хуульд захиргадах зарчимд нийцээгүй,

Нөгөө талаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн мөрдөгчийн тогтоолд бичсэн үйл баримт нь Прокуророос шүүгдэгч Т..*******ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн энэ хэргийн үйл баримттай холбоогүй болох нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн 2020 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 201400407 дугаар тогтоолыг уншиж үзэхэд ойлгомжтой илэрхийлэгдсэн, шүүгдэгч Т.*******ад холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тухай Прокурорын тогтоол энэ хавтаст хэрэгт авагдаагүй байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийг нэгтгэх, тусгаарлах зохицуулалтыг хэрэглэх боломжгүй

- шүүгчийн захирамжид “... 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 854 дугаар ....захирамжид заагдсан ажиллагааг огт хийгдээгүйг ....шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа хийсний эцэст хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэх боломжгүй...” гэж үзсэн нь бүхэлдээ ойлгомжгүй буюу мөрдөн шалгах ажиллагаа хийсний эцэст ч хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж ойлгогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

2. шүүгдэгч Т.*******ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэхийг хүссэн өмгөөлөгч *******ийн хүсэлтийн дагуу анхан шатны шүүхийн шүүгдэгч Т.*******ад авсан таслан сэргийлэх арга хэмжээний асуудлыг бүхэлд нь хянаж үзэхэд:

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлд зааснаар яллагдагч Т.*******ад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг мөрдөгч 2020 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн тогтоолоор авсан /1 дүгээр хавтаст хэргийн 125 дугаар тал/,

- 2021 оны 7 дугаар сарын 09-ны өдөр хавтаст хэргийн материалыг яллагдагч Т.*******ад танилцуулсан улмаар 2021 оны 6 дугаар сарын 14-ны өдрийн, 7 дугаар сарын 19, 22, 8 дугаар сарын 16-ны өдрүүдийн нийт 4 удаагийн Прокурорын мэдэгдэх хуудас хэрэгт авагдсан байх бөгөөд эдгээр баримтуудад “хаяг дээрээ байхгүй, утаснууд холбогдохгүй...гэж 2 удаа, 89608855 дугаарт залгаж ярихад ... би Шаргалжуутад байна. надад хамаагүй гэж...” Т.******* хэлэв гэж гараар бичсэн бичвэр авагдсан хэдий ч хэн бичсэн болох нь тодорхойгүй, гарын үсгээ зурж баталгаажуулаагүй, орхигдуулжээ./2 дугаар хавтаст хэргийн 41,50-51 дүгээр тал/

Прокурор 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр яллагдагч Т.*******ыг албадан ирүүлэх хүсэлтийг Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргаснаар анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 669 дүгээр захирамжаар яллагдагчийн албадан ирүүлэх ажиллагаа явуулахыг Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж улмаар Прокурорын саналын дагуу анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 60 дугаар захирамжаар хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг нь өөрчилж, тогтоосон газар, нутаг дэвсгэрээс гарч явах, хилээр гаргахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсныг буруутгах боломжгүй, хуулийн үндэслэлтэй болжээ.

Учир нь: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.3-т заасны дагуу мөрдөгчөөс 2020 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх талаарх хуулийн зохицуулалтыг яллагдагч Т.*******ад танилцуулсан, тэрээр гарын үсгээ зурсан байх тул Т.*******ыг энэ зүйлд заасан ” хувийн баталгаа гаргасан яллагдагч ...байнга оршин суугаа газрын хаяг...холбоо барих утасны дугаар өөрчлөгдсөн ...талаар шүүх прокурор мөрдөгчид даруй мэдэгдэх ...” хуулийн зохицуулалтыг мэдэж байсан гэж үзнэ./1 дүгээр хавтаст хэргийн 126 дугаар хуудас/

Мөн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 805 дугаар захирамжаар яллагдагч Т.*******ад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэснийг урьд тус шүүхээс авсан тогтоосон газар, нутаг дэвсгэрээс гарч явах, хилээр гаргахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээн дээр давхар хэрэглэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хувийн баталгаа гаргах болон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан байна гэж үзнэ./2 дугаар хавтаст хэргийн 87-88 дугаар тал/

Гэтэл анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 826 дугаар захирамжаар зөвхөн тогтоосон газар, нутаг дэвсгэрээс гарч явах, хилээр гаргахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, урьд мөн шүүхээс авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ давхар хэрэглэснийг орхигдуулсан, анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 854 дүгээр захирамжид “... урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн, Прокурорын мэдэгдэх хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй , шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 669 дүгээр захирамжаар албадан ирүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад саад учруулсан, шүүгдэгчийн гэмт хэргийн нөхцөл болон хувийн байдал зэргийг харгалзан хэргийг Прокурорт очтол урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан...” гэх үндэслэл нь хуулийн үндэслэлгүй болжээ./2 дугаар хавтаст хэргийн122-129 дүгээр тал/

 Учир нь : Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1-6-т тус тус заасныг яллагдагч Т.******* нь хэрхэн, яаж зөрчсөн, энэ таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөнөөс үүсэх үр дагаврыг урьдчилан танилцуулсан эсэхийг тодорхойлолгүйгээр урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн гэх үйлдлийг дахин хэрэглэж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэж хуулийг зөрчжээ.

Мөн түүнчлэн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 805 дугаар захирамжаар яллагдагч Т.*******ад хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үлдсэн байхад анхааралгүйгээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу “...Энэ зүйлийн 1.5 буюу цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээтэй давхардуулж болохгүй...” гэснийг зөрчжээ.

Хуулийн алдаатай захирамжийг анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч анхаарч засалгүйгээр 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 420 дугаар захирамж гаргаж, дээрх захирамжийг хэвээр үлдээжээ.

Мөн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 968 дугаар захирамжид “...шүүгдэгч Т.*******ыг тус шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 669 дугаар шүүгчийн захирамжаар яллагдагчийг албадан ирүүлэх ажиллагаа явуулах захирамжийн дагуу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дахин саад учруулж болзошгүй нөхцөл байдал арилаагүй тул хэргийг прокурорт очтол шүүгдэгч Т.*******ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн...” гэж өмнөх үндэслэлээ давтан зааж ингэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дахин ямар саад учруулж болзошгүй болон ямар нөхцөл байдал арилаагүй болохоо тодорхой заагаагүй байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн аль үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсэн болох нь тодорхойгүй орхигдуулжээ.

Иймд дээр дурдсан нөхцөл байдлууд болон шүүгдэгч Т.*******ын холбогдсон гэмт хэрэг нь торгох эсвэл хорих ялын сонголттой, Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гарган 10 000 000 төгрөгөөр торгох саналтай болон шүүгдэгч Т.*******ын хувийн болон ар гэрийн байдлын талаарх нотлох баримтуудыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Т.*******ад анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 805 дугаар захирамжаар яллагдагч Т.*******ад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэснийг хэвээр үргэлжлүүлж, энэ таслан сэргийлэх арга хэмжээн дээр түүнийг Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрээс зайлшгүй эмчилгээнд явах шаардлагатайгаас бусад үед гарч явах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг давхар авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Дээрх үндэслэлүүдээр Прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгчийн өмгөөлөгч *******ийн гомдлыг хүлээн авч, хангаж шийдвэрлэсэн болно.

 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.3-т заасныг тус, тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2021/ШЗ/968 дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1, 1.3-т тус тус заасныг баримтлан шүүгдэгч Т.*******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүнийг Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрээс зайлшгүй эмчилгээнд явах шаардлагатайгаас бусад үед гарч явах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг давхар авсугай.

3. Шүүгдэгч Т.*******ад авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээний хэрэгжилтэд хяналт тавих байгууллагуудад даруй мэдэгдэх, хэрэгжүүлэхийг Прокурор болон Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                                  Б.БОЛОР-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД                                                       Л.НЯМДОРЖ

                                                                                                            Т.ЖАРГАЛСАЙХАН