| Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Готовын Уламбаяр |
| Хэргийн индекс | 2114000000166 |
| Дугаар | 2022/ДШМ/017 |
| Огноо | 2022-01-19 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Ж.Энхбат |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 2022/ДШМ/017
Х.Эрдэнэцогтод
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч Л.Нямдорж, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Ж.Энхбат
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цогжавхлан
Шүүгдэгч Х.Эрдэнэцогт
Нарийн бичгийн дарга Х.Цэрэнлхам нарыг оролцуулан;
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж шийдвэрлэсэн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2021/ШЦТ/306 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурорын бичсэн эсэргүүцлээр Х.Эрдэнэцогтод холбогдох эрүүгийн 2114000000166 дугаар хэргийг 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, Боржигон овогт Хүрэлхуягийн Эрдэнэцогт, 2020 оны 05 дугаар сарын 27-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, /регистрийн дугаар ВЖ93100518/
Х.Эрдэнэцогт нь 2021 оны 04 дүгээр сарын 16-наас 2021 оны 04 дүгээр сарын 18-ны өдрүүдэд Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 2 дугаар багийн нутаг “Цагаан толгой” гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр 268 мкв буюу 0.027 га талбайд ашигт малтмалын эрэл хайгуул олборлолтын үйл ажиллагаа явуулан 0.98 грамм алт олборлон, байгаль орчинд 392.893 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./ яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Баянхонгор аймгийн Прокурорын газраас Х.Эрдэнэцогтод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овогт Хүрэлхуягийн Эрдэнэцогтыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Х.Эрдэнэцогтыг таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Х.Эрдэнэцогтод оногдуулсан таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялыг хэсэгчлэн буюу 3 жилийн хугацаанд төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Х.Эрдэнэцогт нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагдаагийн газрын эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа 0,98 грамм алтыг худалдан борлуулж улсын орлого болгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Х.Эрдэнэцогтын эзэмшлийн ...92-53 УБ улсын дугаартай экскаватор 1 ширхэг....хурааж улсын орлого болгож, Байгаль хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.5, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.1-т зааснаар байгаль орчинд учруулсан хохирол болох 1.424.699 төгрөгийг шүүгдэгч Х.Эрдэнэцогтоос гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд тушааж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар иргэний нэхэмжлэгч Ц.Баттөрийн эзэмшлийн... 50-тай ковш 1 ширхэг, 220 вольтын мотор 1 ширхэг...., иргэний нэхэмжлэгч Т.Гансүхийн эзэмшлийн... трактор 2 ширхэг..., иргэний нэхэмжлэгч Х.Пүрэвсамбуугийн эзэмшлийн ....80-тай усан буу 1 ширхэг, монгол гэр 6 ширхэг....,иргэний нэхэмжлэгч Дуламжавын эзэмшлийн ... 92-53 УБ улсын дугаартай трактор 1 ширхэгийг,.... шүүгдэгч Х.Эрдэнэцогтын эзэмшлийн ....HYANDAI 3000LC маркийн экскаваторын Х4427303-ЕХ7 компьютер....зэргийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолуудыг хүчингүй болгож, дээрх эд зүйлийг хэрэгцээний дагуу иргэний нэхэмжлэгч нарт буцаан олгож, Шүүгдэгч Х.Эрдэнэцогтод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, Шүүгдэгч Х.Эрдэнэцогт нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр бичсэн эсэргүүцэлдээ:
Шийтгэх тогтоолыг 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 17 цаг 28 минутад хүлээн авч танилцахад шүүх Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд “Хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ”-г хуульчилсан бөгөөд 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж, олсон хөрөнгө, орлого гэж Монгол улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, ....нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж, шууд, шууд бусаар олсон, эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно”
7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ” гэж зааснаас үзэхэд шүүх шүүгдэгч Х.Эрдэнэцогтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ....1-5 жил хүртэл хорих ялтай зүйл ангиар гэм буруутай тооцсон бөгөөд хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, иргэний нэхэмжлэгч Х.Пүрэвсамбуу, Ц.Баттөр, Ж.Дуламжав, Т.Гансүх, гэрч Д.Мөнхбат, Г.Батбаатар,М.Дарамрагчаа, шүүгдэгч Х.Эрдэнэцогт нарын мэдүүлгээр 80-тай усан буу 1 ширхэг, монгол гэр 6 ширхэг, трактор 2 ширхэг, 50-тай ковш 1 ширхэг, 220 вольтын мотор 1 ширхэг, 70-12 УНЦ улсын дугаартай хово 1 ширхэг зэргийг эзэмшигч нарт нь хэрэгцээний дагуу буцаан олгож, Энх нахиа ХХК-ны шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 273 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон зах зээлийн ханшаар дээрх эд хөрөнгийн үнийг Х.Эрдэнэцогтоос гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэх ёстой.
Гэвч анхан шатны шүүх иргэний нэхэмжлэгч Т.Гансүхийн “...Миний түрээсэлсэн техник хэрэгсэл нь нэг очоод эвдэрсэн нэг нь харин ажил хийхгүй зогсолтын байдалтай байгаа гэсэн” гэх,
Гэрч Д.Мөнхбатын “... Би ирээд унах машин болох 70-12 УНЗ улсын дугаартай Хово маркийн машинд дугуй болон ойр зуурын юмыг нь янзлаад орой 12 цагийн үед буюу кемпээс хойшоо ойролцоогоор 1 километр орчим газарт очиж шороо ачуулан зөөж энэ усан буун дээр асгасан...” гэх мэдүүлэг зэргээс үзэхэд Х.Эрдэнэцогтыг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэж үзэх боломжгүй гэж үзээд иргэний нэхэмжлэгч Х.Пүрэвсамбуугийн эзэмшлийн 80-тай усан буу 1 ширхэг, монгол гэр 6 ширхэг, Т.Гансүхийн эзэмшлийн трактор 2 ширхэг, Ц.Баттөрийн 50- тай ковш 1 ширхэг, 220 вольтын мотор 1 ширхэг, Ж.Дуламжавын эзэмшлийн 70-12 УНЦ улсын дугаартай хово 1 ширхэг зэргийг эзэмшигч нарт нь хэрэгцээний дагуу буцаан олгож шийдвэрлэжээ.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд “Хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ”-г хуульчилсан бөгөөд 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж, олсон хөрөнгө, орлого гэж Монгол улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, ....нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж, шууд, шууд бусаар олсон, эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно” хуульчилснаас үзэхэд шүүгдэгч Х.Эрдэнэцогт нь дээрх тээврийн хэрэгсэл, эд хөрөнгийг хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаанд ашиглана, заримыг нь ашиглахаар завдсан гэж үзэх үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй.
Иймд Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2021/ШЦТ/306 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.
Прокурор Ж.Энхбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цогжавхлан тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Прокурорын бичсэн эсэргүүцэлд үндэслэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах гомдлуудад дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд:
Баянхонгор аймгийн Прокурорын газраас Х.Эрдэнэцогтод Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэний дагуу анхан шатны шүүх нь Х.Эрдэнэцогтыг 2021 оны 04 дүгээр сарын 16-наас 2021 оны 04 дүгээр сарын 18-ны өдрүүдэд Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 2 дугаар багийн нутаг “Цагаан толгой” гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр 268 мкв буюу 0.027 га талбайд ашигт малтмалын эрэл хайгуул олборлолтын үйл ажиллагаа явуулан 0.98 грамм алт олборлон, байгаль орчинд 392.893 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримтыг тогтоож, мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлтэй, зөв болжээ.
Дээрх үйл баримт нь 1 дүгээр хавтаст хэргийн 33-38 дугаар авагдсан “...Х.Эрдэнэцогт нь сумын засаг даргатай одоогийн байдлаар бичил уурхайн гэрээ хийсэн зүйл байхгүй. Ямар нэг үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авсан зүйл байхгүй. Тухайн талбай дээр бичил уурхайн зориулалтаар тусгай хэрэгцээнд авагдаж ашигт малтмалын газраас гаргасан дүгнэлттэй талбай байхгүй. Уг газар дээр нөхөн сэргээлтийг яаралтай хийлгэмээр байна. Мэргэжлийн байгууллагаар тогтоосон байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ буюу 392.893 төгрөгийн хохирол учирсан гэж үзэж байна. Мэргэжлийн байгууллагаар тогтоосон нөхөн сэргээлт хийх зардал 546.020 төгрөг болон байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ буюу 392 893 төгрөгийн хохирол учирсан байх тул тус нөхөн сэргээлтийн зардал болон хохирлыг нэхэмжилж байна...” гэх хохирогч Ж.Саруулын мэдүүлэг
1 дүгээр хавтаст хэргийн 198 дугаар талд авагдсан “...Би Эрдэнэцогт гэх хүнд 6 ширхэг монгол гэрийг 1 сарын 50 000 төгрөгөөр, усан бууг 1 сарын 1 500 000 төгрөгөөр түрээсэлсэн...Би 6 ширхэг монгол гэрээ 1 гэрийг нь 250 000 төгрөгөөр үнэлж байна. Харин усан буугаа 4 000 000 төгрөгөөр үнэлж байна...” гэх гэрч Х.Пүрэвсүрэнгийн мэдүүлэг
1 дүгээр хавтаст хэргийн 46 дугаар талд авагдсан “...Би Бөмбөгөр сумаас 2021 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр ирсэн. Х.Эрдэнэцогт ирээд машин бариадах гэхээр нь ирсэн. Би ирээд унах машин болох 70-12 УНЗ улсын дугаартай Хово маркийн машинд дугуй болон ойр зуурын юмыг нь янзлаад орой 12 цагийн үед буюу кемпээс хойшоо ойролцоогоор 1 километр орчим газарт очиж шороо ачуулан зөөж энэ усан буун дээр асгасан. Яг ямар нэртэй газраас ачсан талаар мэдэхгүй. Би шороог 3 удаа ачиж буулгачихаад 1 ачсан байхад цагдаа ирсэн тэгээд зогсоосон. Хэзээнээс ажилласан талаар мэдэхгүй. Бичиг баримтын талаар ч гэсэн мэдэхгүй байна...” гэх гэрч Д.Мөнхбатын мэдүүлэг
1 дүгээр хавтаст хэргийн 49 дүгээр талд авагдсан “...Би энд 2021 оны 04 дүгээр сарын 17-ны өглөө Бөмбөгөр сумаас ковш барих ажлаар ирсэн. Би энд Х.Эрдэнэцогт гэх хүний дуудсанаар ирсэн. Х.Эрдэнэцогт гэдэг хүнийг таньдаг. Би ирээд энэ ковшийн дугуйг янзлаад орой болсон. Тэгээд гагнуур хийж байгаад 00 цагийн үед усан бууны шалаам нэг удаа авсан. Тэгээд цагдаа ирээд зогсоосон...” гэх гэрч Г.Батбаатарын мэдүүлэг
1 дүгээр хавтаст хэргийн 52-53 дугаар талд авагдсан “...Би энд экскаватор барьдаг. Би 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр ажил хийхээр ирсэн. Х.Эрдэнэцогт нь намайг хүрээд ирээч энд засвар үйлчилгээ хийх ажил байна гэснээр ирсэн. Би засвар үйлчилгээ хийж байгаад орой экскаватор асаагаад шөнө 00 цагийн үед “Цагаан толгой” гэх газар очиж 4 машин шороо ачиж өгсөн. Тэгээд цагдаа нар ирж энд паркалж тавьсан, .доошоо 2 метр гаран ухсан. Урт өргөргийг нь мэдэхгүй байна...” гэх гэрч М.Дарамрагчаагийн мэдүүлэг
1 дүгээр хавтаст хэргийн 72 дугаар талд авагдсан “...Тогтоолоор өгөгдсөн солбилцол бүхий газар нь хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбай, улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэртэй давхцалгүй байна.Дээрх үйл ажиллагааны нөлөөгөөр эвдэрсэн талбайгаас байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ нь 392.893 төгрөг болж байна. Тус талбайд нөхөн сэргээлт хийх зардал нь 546.020 төгрөг болж байна...” гэх Баянхонгор аймгийн “Нуман-Алтай “ ХХК-ны шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 01/38 дугаартай гэх дүгнэлт,
1 дүгээр хавтаст хэргийн 102 дугаар талд авагдсан “...хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон 0.98 граммыг жинлэж үзэхэд жинтэйгээ таарсан. Манай жин нь стандарт, хэмжил зүйн газрын хэмжил зүйн лабораториор шалгагдан баталгаажсан жин юм. 261/1329 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон 0.98 грамм жинтэй, шар өнгөтэй, нунтаг хэлбэрийн металл нь алт мөн байна.Алт мөн хэдий ч сорьцын шинжилгээ хийж тогтоож болохгүй. Учир нь: Алтанд сорьцын шинжилгээ хийхэд Проберийн шинжилгээний арга буюу MNS ISO/IEC11426:2017/ тодорхой стандартын дагуу тогтоодог. 0.98 грамм алт нь сорьцын шинжилгээ хийхэд грамм нь хүрэхгүй байна. Иймээс манай лабораторийн шинжилгээ нь 100 граммаас дээш алтад сорьцын шинжилгээ хийдэг.261/1329 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон 0.98 граммтай металл нь үнэт металл буюу алт мөн гэж тогтоож байна ...” Стандарт хэмжил зүйн хэлтсийн дэргэдэх үнэт металл сорьц тогтоох лабораторийн эрхлэгч, шинжээчийн дүгнэлт,
1 дүгээр хавтаст хэргийн 215-216 дугаар талд авагдсан “... Х.Эрдэнэцогтын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх техник, тоног төхөөрөмжүүдийн зах зээлийн үнэ 103.344.780 төгрөг ...” гэх Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн шинжээчийн 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 273 дугаар дүгнэлт, Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн эд хөрөнгө үнэлсэн тухай үнэлгээний тайлан, гэрэл зургууд зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, дээр дурдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй хэргийг шийдвэрлэхэд хангалттай, прокуророос зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Дээрх нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн, шүүгдэгч Х.Эрдэнэцогтод тухайн зүйл ангид заасан ялын төрөл хэмжээний хүрээнд торгох ял оногдуулсан нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, учруулсан хохирлын шинж чанар, хувийн байдалд тохирсон, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Х.Эрдэнэцогтын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан бусдын өмчлөлийн эд зүйлсийг хураан улсын орлого болгох нь Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасантай нийцэхгүй, дээрх эд зүйлс нь Х.Эрдэнэцогтын өмчлөлийнх биш, иргэний нэхэмжлэгч Ц.Баттөрийн эзэмшлийн... 50-тай ковш 1 ширхэг, 220 вольтын мотор 1 ширхэг...., иргэний нэхэмжлэгч Т.Гансүхийн эзэмшлийн... трактор 2 ширхэг..., иргэний нэхэмжлэгч Х.Пүрэвсамбуугийн эзэмшлийн ....80-тай усан буу 1 ширхэг, монгол гэр 6 ширхэг....,иргэний нэхэмжлэгч Дуламжавын эзэмшлийн ... 92-53 УБ улсын дугаартай трактор 1 ширхэгийг .... шүүгдэгч Х.Эрдэнэцогтын эзэмшлийн ....HYANDAI 3000LC маркийн экскаваторын Х4427303-ЕХ7 компьютер....зэргийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолуудыг хүчингүй болгож, дээрх зүйлсийг хэрэгцээний дагуу иргэний нэхэмжлэгч нар тус тус буцаан олгосон шийтгэх тогтоол нь үндэслэл бүхий байх тул прокурорын бичсэн эсэргүүцлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т заасныг тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2021/ШЦТ/306 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Г.УЛАМБАЯР
ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ
Б.БОЛОР-ЭРДЭНЭ