Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 00310

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж

Улсын яллагч Т.Ганзориг  

Хохирогч О.М

Шүүгдэгч М.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Б-т холбогдох эрүүгийн  хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1966 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр  төрсөн, 51 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй,  ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй,  М.Б

Шүүгдэгч М.Б нь 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 19 дүгээр цэцэрлэг дотор бэр О.М-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч М.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:  Надад сонсгосон зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. 2017 оны 09 дүгээр сарын 14-ны өдөр найзындаа байж байтал эхнэр утсаар яриад Мягаа ирээд түлхүүр булааж аваад үүгээр орилж чарлаад байна.Чи хүрээд ирээч гэсэн.Тэгээд хэсэг байж байгаад дахиад залгаад чи ирэхгүй бол ер нь болохгүй нь гэсэн. Би найзынхаасаа гараад эхнэрийн ажил болох 19 дүгээр цэцэрлэг дээр ирэхэд өрөөнд нь бэр М, 4 настай хүүгийнхээ хамт байсан. Би ороод юу болоод байгаа юм бэ гэхэд О.М миний урдаас салаавч гаргаад чи гэж хэлэхээр нь уурандаа нэг удаа алгадсан нь үнэн. О.М надад эхнэр чинь юу хийж явдаг талаар чи мэдэхгүй шүү дээ гэж хэлсэн юм. Би О.М-г алгадаж түлхсэн нь үнэн  гэв.

-Хохирогч О.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...Би 2012 онд Б-ийн Б  гэдэг залуутай гэр бүл болсон. 2013 онд том хүү Т, 2014 онд охин Т нар төрсөн. Бид албан ёсны баталгаатай гэр бүл юм. Нөхөр Б.Б 2015 оны 11 дүгээр сарын 07-нд Солонгос улс руу 3 сарын визээр яваад тэндээ харлаж үлдсэн. Нөхөр маань явахдаа манай ээжийн хашаа байшинг 10 сая төгрөгийн барьцаанд тавиад уг мөнгийг 2.468.000 төгрөг болтол нь төлөөд чимээгүй болчихсон. Одоо үлдэгдэл мөнгийг би төлж байгаа. Мөн Б бид хоёр наймаа хийх гэж хүнээс мөнгө зээлээд үүнээс 1.200.000 төгрөг үлдсэн. Гэтэл нөхөр маань Солонгос улсад очоод тэндээ А гэх эмэгтэйтэй гэр бүлийн харилцаатай болж хамт амьдрах болсон. Би хоёр жаахан хүүхэдтэйгээ мөнгө төгрөггүй хэцүү байсан учир хадам ээжээр залгуулж нөхөр лүүгээ ярихаар ажил дээр нь дээр очсон.Гэтэл хадам ээж үгүй чадахгүй,чамтай ярихгүй гэж байна лээ, чамайг зүгээргүй гэж байна лээ, чи наанаа зүгээргүй л байгаа биздээ гээд доромжлоод эхэлсэн. Миний уур хүрээд чиний хүүхэд өнөөдөр миний амьдралаар тоглож байна, намайг зөндөө өрөнд оруулаад явсан,би төлж байна гэсэн нь үнэн .Тэгээд би хадам ээжийн ажлын ширээн дээр байсан түлхүүр, виза карт 2-ыг нь аваад та хүүхдээсээ мөнгө авч өгөөд үүнийгээ аваарай гэсэн.Тэгтэл хадам аав М.Б согтуу орж ирээд янз бүрээр хэлж аав миний хоолойг боож зодсон. Ээж чиний хамаг юмыг чинь ухаж төнхөж байгаад хамаг булайг чинь дэлгэнэ, шүүхэд өгнө гэсэн. Урьд нь ч гэсэн хадам аав зодож байсан. Энэ хүнийг хайрлаж хүндэлж явдаг учир цагдаа шүүхэд өгдөггүй байсан. Гомдолтой байна толгой өвддөг. Зодуулсны дараа эмнэлэгт хоёр удаа бариа хийлгэсэн, цаашид нэхэмжлэх зүйл байгаа. Эм тарианы баримтаа гэртээ орхиод ирсэн гэв.

- Гэрч Н.Т...М өрөөнд орж ирээд хүү Б-аа мөнгө авч өгөөч гэж дайрч хэл амаар доромжилсон. Мөн ширээн дээр байсан машины түлхүүр, утас, өрөөний түлхүүр авчихаад мөнгө өгсний дараа аваарай гэж хэлсэн. Би нөхөр Болдбаатар руу залгаж болсон асуудлын талаар хэлж хүрээд ирээч гэсэн. Удалгүй нөхөр маань ирэхэд М над руу хашгирч хувцаснаас зуурсан байдалтай байсан ба Б юу болоод байгаа юм бэ гэхэд бэр М нөхрийн маань урдаас чи гэж дуудсан. Мөн намайг гадуур яаж явдаг талаар та мэдэх юм уу гэх мэтээр нөхөр бид хоёрыг хооронд нь маргалдуулах шинжтэй худлаа үг хэлээд байсан. Тэр үед нь нөхөр Болдбаатар уурандаа Мягмарсүрэнг нэг удаа алгадсан, түлхсэн гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/

- Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 800 дугаартай: О.М-н биед зүүн нүдний зовхи, дух, цээж, зүүн гуя, баруун өвдгөнд цус хуралт үүсчээ. Дээрхи гэмтлүүд нь хатуу зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүчгэгдэнэ. Нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой, Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Уг гэмтлүүд гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана гэсэн дүгнэлт /хх-ийн 20-р хуудас/

-М.Б-г  яллагдагчаар татах тухай, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 27-28 ху/

     -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 30 ху/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзлээ.

Шүүгдэгч М.Б нь 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 19 дүгээр цэцэрлэг дотор бэр О.М-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн шатанд шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөн мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч О.М-ийн “Гэтэл хадам аав, ээж янз бүрээр хэлж аав миний хоолойг боож зодсон. Ээж чиний хамаг юмыг чинь ухаж түнхэж байгаад хамаг булайг чинь дэлгэнэ, шүүхэд өгнө гэсэн. Урьд нь ч гэсэн хадам аав зодож байсан. Энэ хүнийг хайрлаж хүндэлж явдаг учир цагдаа шүүхэд өгөөгүй. Гомдолтой байна толгой өвддөг. Зодуулсны дараа эмнэлэгт хоёр удаа бариа хийлгэсэн, гэрч Н.Т “Удалгүй нөхөр маань ирэхэд О.М над руу хашгирч хувцаснаас зуурсан байдалтай байсан ба Б юу болоод байгаа юм бэ гэхэд бэр О.М нөхрийн маань урдаас чи гэж дуудсан. Мөн намайг гадуур яаж явдаг талаар та мэдэх юм уу гэх мэтээр нөхөр бид хоёрыг хооронд нь маргалдуулах шинжтэй худлаа үг хэлээд байсан. Тэр үед нь нөхөр Б уурандаа М-г нэг удаа алгадсан, түлхсэн”/хх-ийн 17-р хуудас/ нарын мэдүүлгүүд, хохирогчийн биед зүүн нүдний зовхи, дух, цээж, зүүн гуя, баруун өвдгөнд цус хуралт үүссэнийг тогтоосон 800 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

        Шүүгдэгч М.Б-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

            Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирол төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

            Хохирогч О.М нь шүүхийн хэлэлцүүлэгт гомдолтой байна толгой өвддөг. Зодуулсны дараа эмнэлэгт хоёр удаа бариа хийлгэсэн, цаашид нэхэмжлэх зүйл байгаа гэж байх боловч шүүхэд энэ тухай баримтаа ирүүлээгүй тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч М.Б-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4.д зааснаар шүүгдэгч М.Б-т оногдуулсан торгох ялыг 1 /нэг/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5.д зааснаар шүүгдэгч М.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.

7.Хохирогч О.М нь эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

  8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ