2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2026 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 2026/ШЦТ/1312

 

 

                                                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Очбадрах даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат,

улсын яллагч Ө.Эрдэнэмөнх /томилолтоор/,

шүүгдэгч Г.Э, түүний өмгөөлөгч Г.Анхбаяр нарыг оролцуулан тус

шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Г-ын Эт холбогдох эрүүгийн 2506043321165 дугаартай хэргийг 2026 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Г.Э нь 2025 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр ************* тоотод хохирогч Р.Нтай тухайн үед үүссэн маргааны улмаас толгойн тус газарт өшиглөж, эрүүл мэндэд нь бага тархины баруун дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархи доргилт, баруун чихний шарх, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд: 

Эрүүгийн 2506043321165 дугаартай хэргээс:

Улсын яллагч хохирогч Р.Нын мэдүүлэг /хх-ийн 14-16-р хуудас/, гэрч А.Бийн мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2026 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 5745 дугаартай дүгнэлт /хх-ийн 27-29-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 52-р хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 53-р хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /хх-ийн 54-55-р хуудас/,  эрүүл мэндийн даатгалын төлөлт шалгах хуудас /хх-ийн 56-59-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлуулав.

Шүүгдэгч Г.Э нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.           

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүгдэгч Г.Эт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй гэж үзэв.

1.Гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээн, мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийхэд “шүүгдэгч Г.Э нь 2025 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр ************* тоотод хохирогч Р.Нтай тухайн үед үүссэн маргааны улмаас толгойн тус газарт өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.

Нотлох баримтын талаар:

- Хохирогч Р.Н-ын: “Тэгээд бид хоёр нөгөө хамт архи уусан залуугийн гарт нь Дарь-Эхэд очоод эхлээд 0.5 литрийн хэмжээтэй архи 2 ширхгийг уучихаад дараа нь ахиад 0.75 литрийн архи аваад талд нь ортол уугаад сууж байтал Б нөгөө залууг данснаас нь бараг 200,000 гаруй төгрөг авчихсан байна гэж хэлсэн чинь нөгөө залуу өгчихнө хөөе гээд байхаар нь би тухайн залууд хандаж чи хүний юм авсан бол өгчихөөрэй гэж хэлсэн чинь гүйж ирээд миний баруун талын чихний хэсэгт дахиад өшиглөхөөр нь босож ирээд би энэ залууг цохичих уу гэсэн чинь хэрэггүй чи наадхаа алаад хаячихна гээд бид хоёр гараад шууд Бийн гэрт очоод Б намайг миний хөгшин наад цусаа арилгаад сайхан усанд ор гээд дэлгүүрээс надад саван, дотуур хувцас авч өгөөд усанд орох мөнгө өгсөн. Миний толгой задрах гэж байгаа юм шиг өвдөөд байхаар нь 1 шил архи авхуулаад уусан чинь толгой өвдөх нь намдахгүй улам хүчтэй өвдөөд сүүлдээ хүйтэн хөлс цуваад байхаар нь Бийн ээж надад түргэн дуудаж өгөөд ирсэн, түргэний эмч нь толгойн язарсан хэсэгт оёдол тавьж өгөөд эмнэлэг рүү хүргэж өгөх боломжгүй өөр дуудлагаатай гэхээр нь би хоёр хүүхэдтэйгээ холбогдож дуудаад манай хоёр хүүхэд намайг ирж аваад эмнэлэгт хэвтүүлсэн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-16-р хуудас/,

- Гэрч А.Б-ийн: “2025 оны 4 дүгээр сарын 10-ны өглөө 08 цагийн үед би тамхи авахаар 127 дугаар сургуулийн хажуугын автобусны буудал руу явсан. Тэнд дээлтэй хөдөөний хүнтэй таарсан. Тэр Н гэж хүн намайг утасаа яриулаад өгөөч гэхээр нь би яриулсан чинь ярьсан хүнээсээ мөнгө авч чадаагүй. Тэгэхээр нь би тэр хүнд чи надтай хамт хоол цай идээд манайд очиж байхгүй юу даа, цуг ажил хийгээд мөнгө олохгүй юудаа гэж хэлсэн. Тэгээд гэрлүүгээ дагуулаад явсан чинь манай гэрийн үүдний хаалга эвдэрсэн байсныг тэр хүн хөгшин нь энийг чинь янзлаад өгье л даа гээд янзлаж өгөөд бид хоёр нэг шил архи хувааж уусан. Бид хоёр ярьж хөөрөөд манайд хоёр хоносон Маргааш нь манайд тог тасарчихаар нь Э гээд дүүгийнх рүү маань бид хоёр хамт явсан. Тэдний гэрт орсон чинь Н нь Эийг би энийг чинь цохичих уу гэхээр нь би яах гээд байгаа юм, наадах чинь бие муудаад унаад өгнө гэж хэлсэн. Би чамайг хэлж байгаа бол хөдлөхгүй ээ гээд сууж байсан. Э бас уурлаад юу яриад байгаа юм айлд ирчихээд гэсэн. Тэгээд Э Ныг Монгол гэрийн баруун талд орны урд налаад сууж байхад нь чих рүү өшиглөчихсөн. Тэр нөхөр болохоор Этэй хэрүүл хийх гээд байсан юм. Тэгсэн чинь Э өшиглөчихсөн юм.” гэсэн мэдүүлгүүд /хх-ийн 18-р хуудас/,

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн ЕГ0726/5745 дугаартай шинжээчийн: “Р.Н-ын биед бага тархины баруун дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархи доргилт, баруун чихэнд шарх, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь нийлээд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хөнгөн зэрэг, бага тархины баруун дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархи доргилт, баруун чихний шарх, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл нь тус тусдаа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул тус журмын 3.1.1-т зааснаар хөнгөн зэрэг, духны зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул тус журмын 2.7.3-т зааснаар гэмтлийн зэрэг тогтоогдохгүй. Р.Нын зүүн гарт гэмтэл тогтоогдсонгүй.” гэсэн дүгнэлт /хх-ийн 27-29-р хуудас/,

- Г.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “Р.Нын биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 82-р хуудас/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн болон шүүх хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл бөгөөд гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байхыг шаарддаг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд, шүүгдэгч Г.Э нь 2025 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр ************* тоотод хохирогч Р.Н-тай тухайн үед үүссэн маргааны улмаас толгойн тус газарт өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хөдөлбөргүй тогтоогдсон ба энэ талаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Г.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

            1.2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд хохирогч Р.Н-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.

Хохирогч Р.Н нь эмчилгээний зардал нэхэмжилсэн талаарх баримтыг мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад гаргаж өгөөгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Харин Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2 дахь хэсэгт зааснаар хохирогч Р.Н нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.   

Мөн гэмт хэргийн улмаас хохирогч Р.Н нь эрүүл мэндийн даатгалын сангаас эмчилгээ, үйлчилгээ авсан байх боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрыг иргэний нэхэмжлэгчээр тогтоогоогүй байгаа тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Г.Э-ээс гэмт хэргийн улмаас хохирогч Р.Нын эрүүл мэндийн даатгалын сангаас авсан эмчилгээ, үйлчилгээний төлбөрийг нэхэмжлэх эрхийг мөн нээлттэй үлдээв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Анхбаяраас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах” саналыг тус тус гаргасан.

Шүүх шүүгдэгч Г.Э-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шинж чанар буюу хохирогчийн эрүүл мэндэд учруулсан гэмтэл, мөн гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүнчлэн хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн шүүгдэгчийн анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно.

            Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэх эрүүгийн хариуцлагын зорилго болон мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ.

            Шүүгдэгч Г.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулан, шүүгдэгчийн эдлэх ялын биелэлтэд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын харьяа Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон болон битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоогоогүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Г.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Б овгийн Г-ын Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-ийг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Шүүгдэгч Г.Э-ийн эдлэх ялын биелэлтэд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын харьяа Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон болон битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоогоогүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2 дахь хэсэгт зааснаар хохирогч Р.Н нь цаашид гарах эмчилгээний зардал болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь гэмт хэргийн улмаас хохирогч Р.Н-ын эрүүл мэндийн даатгалын сангаас авсан эмчилгээ, үйлчилгээний төлбөрийг тус тус холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.  

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               М.ОЧБАДРАХ