Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 00312

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж

Улсын яллагч Ц.Идэрмөнх

Шүүгдэгч Э.П

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.П-д холбогдох эрүүгийн  хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1992 оны 10 дугаар сарын 27-ны өдөр  төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хөгжимчин  мэргэжилтэй,  урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Э.П,

Шүүгдэгч Э.П нь 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр  Д.О-г зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Э.П шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Түрүүвчээ авах гэсэн чинь машинаасаа чирж буулгасан. 2-7 дугаар байр биш байна гэхэд чи надаар тоглоод байгаа юм уу гэсэн гэв.

-Хохирогч Д.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би 2-9 дүгээр байранд очиход үгүй, 2-7 дугаар байранд очино гэж хэлсэн. Тэр залуугаас архи нилээн үнэртэж байсан. 2-7 дугаар байрны гадаа ирээд зогсоход тэр залуу надад хандаж танд өгөх мөнгө байхгүй гэхээр нь би машинаас буугаад гэртээ ор, би чамаас мөнгө авахгүй гэж хэлэхэд 2-7 дугаар байранд ирээгүй байна шүү дээ гээд байсан. Би машинаас буугаач ээ мөнгөгүй хүнтэй хамт явахгүй гээд хаалгыг нь онгойлгоход тэр залуу миний зүүн нүдний хөмсөг хэсэг рүү нэг удаа цохисон. Эмчилгээний зардалд 40.000 төгрөг бэлнээр авсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 9 хуудас/

2. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 сарын 02-ны өдрийн 834 дугаартай дүгнэлт Д.О биед духны зүүн хэсэгт шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал үүсчээ. Духны зүүн хэсэгт шарх нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарагдана. гэсэн дүгнэлт /хх-ийн 14  хуудас/,

-Э.П-г  яллагдагчаар татах тухай, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 21-22 ху/

              -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 24 ху/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзлээ.

            Шүүгдэгч Э.П нь 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр  Д.О-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Д.О-н  миний зүүн нүдний хөмсөг хэсэг рүү нэг удаа цохисон гэсэн мэдүүлэг /хх-ийн 9 хуудас/ хохирогчийн биед духны зүүн хэсэгт шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал үүссэнийг тогтоосон 834 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

                     Шүүгдэгч Э.П үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

            Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

            Хохирогч Д.О шүүх хуралдаанд оролцохгүй, хохиролгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э.П хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч Э.П-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4.д зааснаар шүүгдэгч Э.П-д оногдуулсан торгох ялыг 1 /нэг/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5.д зааснаар шүүгдэгч Э.П нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.П-д урьд авсан хувийн баталгаа өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.

  7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ