Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | |
Хэргийн индекс | 128/2023/0163/З |
Дугаар | 128/ШШ2023/0705 |
Огноо | 2023-09-19 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 128/ШШ2023/0705
2023 09 19 128/ШШ2023/0705
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:Т.Оюун /РД:ХА65081108/, Ц.Номуун /РД:УЗ9002864/
Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч:Н.Оролжмаа
Хариуцагч:Нийслэлийн Засаг дарга
Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Лувсанданзанжанцан, Б.Болор-Эрдэнэ
Хариуцагч:Чингэлтэй дүүргийн Засаг дарга
Хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч:Б.Солонго, Л.Гантөгс
Гуравдагч этгээд:Э.Энхмаа /РД:ШБ83082161/, А.Энхбаатар /РД:УС80070936/
Гуравдагч этгээд Э.Энхмаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:Т.Энхболд /РД:ХВ67090219/
Гуравдагч этгээд А.Энхбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганбат /РД:ДЮ89010292/ нарын хооронд үүссэн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 192 дугаар захирамж, 2020 оны А/139 дүгээр захирамж, Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/837 дугаар захирамжийн Н.Баатарт холбогдох хэсгийн нэхэмжлэгч Т.Оюуны газартай давхцалтай хэсгийг хүчингүй болгуулах, Чингэлтэй дүүргийн Засаг даргын гаргасан 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдөр, 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр тус тус гаргасан өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, нэхэмжлэгч Т.Оюуны "Вайлд хорс ХХК-ийн үйлдсэн 699.6 мкв талбай бүхий газар, нэхэмжлэгч Ц.Номууны "Классик лэнд" ХХК-ийн үйлдсэн 700 м.кв тайлбай бүхий газрыг тус тус нэхэмжлэгч нарт олгохыг Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгах шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:нэхэмжлэгч Т.Оюун, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Оролжмаа, хариуцагч Чингэлтэй дүүргийн засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Гантөгс, Б.Солонго, хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Лувсанданзанжанцан, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Энхболд, Д.Ганбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Нэхэмжлэлийн шаардлагад:
1.1.Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 192 дугаар захирамж, 2020 оны А/139 дүгээр захирамж, Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/837 дугаар захирамжийн Н.Баатарт холбогдох хэсгийн нэхэмжлэгч Т.Оюуны газартай давхцалтай хэсгийг хүчингүй болгуулах,
1.2.Чингэлтэй дүүргийн Засаг даргад гаргасан 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдөр, 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр тус тус гаргасан өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, нэхэмжлэгч Т.Оюуны "Вайлд хорс ХХК-ийн үйлдсэн 699.6 мкв талбай бүхий газар, нэхэмжлэгч Ц.Номууны "Классик лэнд" ХХК-ийн үйлдсэн 700 м.кв тайлбай бүхий газрыг тус тус нэхэмжлэгч нарт олгохыг Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгах” гэж тодорхойлжээ.
2.Хэргийн оролцогчдын тайлбар, түүний хууль зүйн үндэслэлд:
2.1.Нэхэмжлэгч Т.Оюун, Ц.Номуун нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо буюу Шадивлангийн зусланд миний ээж Н. Жигмэдбалжир гэх хүн анх бууж, мал маллаж тухайн газартаа амьдарч байсан. Улмаар Т.Оюун миний бие 1989 оноос хойш Чингэлтэй дүүргийн 19-р хороо буюу Шадивлангийн зусланд өөрийн охин Ц.Номууныг тээн жирэмсэн байхдаа ээжийн хажуу талын газарт байсан байшинг худалдан авч, өнөөдрийг хүртэл 40 жил амьдарч байна. 1989 оны үед газрын алба гэж байгаагүй. Анх дүүрэгт газар зохион байгуулагч гэх албан тушаалтан бий болж байхад бид хандсан боловч бичгээр нэг ч удаа бидний хүсэлтийг хүлээн авч байгаагүй. Ингээд бид өнөөдрийг хүртэл тухайн зуслангийн газар дээрээ газар эзэмших эрхийн гэрчилгээгүй 40 жил амьдарч ирлээ.
Бид тухайн зуслангийн газар дээрээ хашаа, байшин барьж амьдарч эхэлснээс хойш ойр орчимд хөрш айлууд нүүж ирэх болсон 2003 оны үед Н.Баатар гэдэг хүн хажуу талд байшин барьж хашаа барихдаа Т.Оюун миний “Вайлд хорс” ХХК-ийн үйлдсэн 699.6 м.кв газрын хэсэгтэй давхцуулан газрыг авсан байна. Одоо байгаа хашаа анхнаасаа байсан бөгөөд дүүргийн Газар зохион байгуулалтын албанд удаа дараа хандсан боловч хүсэлтийг минь бичгээр авч байгаагүй, Н.Баатартай учраа олоорой гэдэг байсан. Ингээд өөрийн охины хамт 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдөр “Вайлд хорс” ХХК-ийн кадастрын зураг үйлдэж, тус газрыг эзэмших талаар хүсэлт гаргасан боловч шийдвэрлээгүй, мөн 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүсэлт зэргийг гаргасан боловч мөн хүсэлтийг шийдвэрлээгүй атлаа Н.Баатарт Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 192 дугаар захирамж, 2020 оны А/139 дүгээр захирамж, Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/837 дугаар захирамжийн Н.Баатарт өмчлүүлсэн байна.
Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд газар эзэмших талаар хүсэлтийг гаргахдаа холбогдох баримт буюу хүсэлт, кадастрын зураг, иргэний бичиг баримтыг хавсаргахаар хуульчилсан бөгөөд дээрх хугацаанд тус баримтыг гаргасан боловч хүсэлтийг шийдвэрлэхгүй, огт хариу өгөхгүй зэргээр эс үйлдэхүй гаргаж, иргэн миний эрхийг ноцтой зөрчжээ. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5.3-д зааснаар аливаа этгээдэд газрыг эзэмшүүлэхдээ тухайн газар нь давхцалтай эсэх, хээрийн болон суурин судалгааг хийхийг Газрын харилцаа, Геодези зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалын хавсралтаар зохицуулсан. Өөрөөр хэлбэл, хариуцагч нар Н.Баатарт газрыг эзэмшүүлэхдээ хээрийн судалгааг хийж, тухайн газарт очиж үзэх, хашаа байшин нь хэний эзэмшил, өмчлөл болох газрын зөрчил байгаа зэргийг тэмдэглэл үйлдэн, баталгаажуулсны дараа газрыг бусдад эзэмшүүлэх, өмчлөх эсэхийг шийдвэрлэдэг байтал Н.Баатарын хүсэлтийг шийдвэрлэхдээ энэ журмын баримтлаагүй учраас зөрчил үүсжээ.
Тухайлбал, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д зааснаар аливаа этгээдийн эзэмших хүсэлт гаргасан газар нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй байхаар зохицуулсан бөгөөд Н.Баатарт газар эзэмшүүлэхдээ миний өмнө гаргасан өргөдлийг шийдвэрлэхгүй, хууль бус эс үйлдэхгүй гаргасан байна Иймд дээрх үндэслэлээр захиргааны хэрэг үүсгэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Урьдчилан шийдвэрлэх ажиллагаанд Нийслэлийн Засаг даргад хандсан боловч Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 01/- 11/219 тоот албан бичгээр хариу ирүүлсэн бөгөөд шүүхэд хандах 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргасан.
2.2.Нэхэмжлэгч Т.Оюун шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ““Манайх энэ газар дээрээ дөчөөд жил амьдарчихсан. Одоо маргаан бүхий газар дээр миний охин Ц.Номуун төрсөн одоо 33 настай. Би жирэмсэн байхдаа хашаалсан, энэ зусланд бодитоор амьдраад 2 хүүхдээ өсгөөд, ээж маань мал маллаж, надад ажил хийх боломж гарч байгаагүй явсаар, газраа одоо өөрийн болгохоор газрын албанд хандаж маргаан үүссэн.
Газрын албанаас таны газрыг сүүлд 2000 онд ирсэн хүн зураг оруулаад авчихсан байна гэсэн. Энэ хүн манайхаас бараг 20 жилийн дараа ирж буучхаад манай газрыг оруулсанд итгээгүй. 2022 оны 4 сарын 21-нд миний өргөдлийг албан ёсоор авч байсан. Манай газар дээр очоод үзээд өгөөч бодитоороо би 30, 40 жил амьдарчихсан орц, гарц минь энэ байгаа юм гэхэд хэн ч очдоггүй. Хүсэлтээ өгснөөс хойш 30 хоноод хариугаа ав гэсэн, 30 хоноод очиход “газрын байцаагч байхгүй, одоо өвчтэй, амралтаа авсан” гэх мэтчилэн шийдвэрлээгүй чирэгдүүлсээр байгаад Газрын албанаас хариу өгөхдөө өмчилчихсөн байна гэдэг бичиг өгч байгаа юм.
Би одоо хэнд хандах талаар асуухад Нийслэлийн газрын алба өмчилдөг гэсэн. Ингээд өргөдлөө өгөөд өргөдлийг минь дарагдуулна, ингээд би хөөцөлдөж явсаар байгаад комисс томилж газар дээрээ үзүүлсэн байгаа. Энэ хашаандаа амьдарч байгаа үнэн учраас шүүхэд хандаж байгаа. Шадивлангийн зусландаа ээжтэйгээ мал маллаж амьдарч байсныг олон хүн гэрчилнэ, фото зурагт амьдарч байгааг мөн тог цахилгааны мөнгө төлсөн баримт зэргээр энэ газар дээр амьдарч ирсэн нь нотлогдоно. Н.Баатар гэж хүн манай газрын орц, гарцыг нүүж ирснийхээ дараа хаасан байсныг сүүлд үзэж мэдсэн. Манай энэ орц, гарц нэг л том машин орно, мал минь орж, гардаг ийм газар одоо яг хэвээрээ. Хэрвээ Н.Баатарт олгогдсон зөвшөөрөл өгснөөрөө хэрэв байвал хашаа онгойхгүй. Тэнд бол машин ч орж гарч чадахгүй гал командын машин, түргэний машин ч орох боломжгүй . Арагшаа ямар ч орц, гарц байгаагүй. Энэ тухай холбогдох газрын алба, энэ тамгын газар, Нийслэлийн тамгын газар, 1111 төв, Д.Сумъяабазарт хандаж Чингэлтэй дүүргийн газрын албанд маш олон удаа хандсан. Нийслэлийн газрын албанд миний хандаж гаргасан бүх өргөдлөөр гэрчлэгдэнэ.
Яагаад ингээд хүний газар луу оруулж шунахай сэтгэлээр ингэдгийг би ер нь ойлгохгүй байна.
Энэ Н.Баатар гэдэг хүн анхнаасаа шунахай сэтгэл гаргасан учраас надтай уулздаггүй. Эхлээд нэг байшин байсан тэгээд 2 байшин дараалан барьсан. Ээжийн минь үлдээсэн ганцхан өмч энэ газар л байгаа.
Манайх руу оруулсан энэ хүний шунаад оруулсан хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэж хүсэж байна. Өөрийнхөө газар дээр би эзэмшлээ аваад ач, зээ нартайгаа амар тайван амьдармаар байна ингэж хүсэж байна. Би энэ өвгөний газар луу бол юу ч олж хэлж байгаагүй. Яг байгаагаараа л байя гэдэг хүсэлтийг ингэж тавьж, явж байгаа хүн байгаа юм” гэв.
2.3.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Оролжмаа шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Газрын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн зорилт нь газрыг иргэн, аж ахуй нэгж байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах болон түүнтэй холбогдсон бусад харилцааг зохицуулахад оршино гэж, 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь хэсэгт газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга, ёс, тэгш байдлыг хангах гэж, 27 дугаар зүйлийн 27.3-д нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна гэж, мөн зүйлийн 27.4 дэх хэсэгт хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж, 31 дүгээр зүйлийн 31.3-д хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж заасан.
Т.Оюуны тухайд анх тус газар дээр нэхэмжлэгч Т.Оюун ээж н.Жигмэдбалжир гэх хүн 1983 оноос хойш маргаан бүхий газарт гэр бүлийн хамт зусландаа гарч мал маллаж амьдрах болсон, энэ нь 1991 онд ээж н.Жигмэдбалжирт олгосон зуслангийн гэрчилгээ, Шадивлан зусланд сүлжээний гол шугамаас цахилгаан эрчим хүч хэрэглэх зөвшөөрөл, 2002 оноос эхлэн Улаанбаатар цахилгаан түгээх станц компанитай гэрээ байгуулж /01441824133/ дугаар дэвтэр авч жил бүр тог цахилгааны төлбөрийг төлж тухайн эзэмшил бүхий газраа бодитоор эзэмшиж ашиглаж байгаа нь нотлогдоно.
Нэхэмжлэгч Т.Оюуны 2014 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн “Вайлд Хорс” ХХК-иар хийлгэсэн кадастрын зураг нь 699,6м.кв газрын хэмжээтэй, түүний бодитоор эзэмшиж, ашиглаж байгаа газар дээр барьсан хашаа байшин 1976 болоод 2001 оноос хойш тодруулбал хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн гаргаж өгсөн 2005-2023 он хүртэл агаар сансрын зураг болон Газрын зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт явуулсан 2023 оны 9 сарын 11-ний өдрийн үзлэгээр газрын хэмжээ өөрчлөгдөөгүй. Т.Оюуны газрын орц, гарц болохыг тодорхойлж тухайн үеийн зургийн аппаратын он сараар баталгаажсан 1989 оноос хойш нэхэмжлэгч Т.Оюуны хашаа өнөөдрийг хүртэл яг тэр хэмжээ байршил өөрчлөгдөөгүй гарсан ургууд хэрэгт нотлох баримтаар авагдсан. Тэр дундаа 2003 оны 7 сарын 9-ний өдрийн аппаратаар авсан зурагт он сар нь баталгаажсан фото зураг дээр иргэн Н.Баатарын эзэмшлийн гэх газар нь нэхэмжлэгч Т.Оюуны бодитоор эзэмшиж ашиглаж байгаа тус газар хэвээрээ байсан. Н.Баатарын газар нь мөн яг тэр хашаагаараа хэвээрээ байсан гэдэг нотлогдож байгаа. Түүнчлэн 1963 оноос хойш Шадивлан зуслан нэхэмжлэгч Т.Оюуны хөршөөр амьдарч байгаа гэрч С.Цэрэндуламын мэдүүлгээр “Т.Оюуныг багаас нь мэднэ, тухайн газарт олон тооны малтай амьдардаг байсан үхэр, хонь, ямаатай амьдардаг байсан. Т.Оюун хашаа байшинтай байсан одоо ч тэр хашаа байшиндаа амьдарч байгаа хашаа нь хөдөлгөөнгүй хэвээрээ байгаа Н.Баатар гэх хүн сүүлд нүүж ирсэн, Т.Оюун одоо ч зусландаа гарч бодитоор эзэмшиж ашиглаж барьсан хашаа байшинд хөдөлгөөн ороогүй” гэх мэдүүлэг байгаа.
Гэрч 1984 оноос хойш амьдарч байгаа н.Дагзмаагийн “н.Жигмэдбалжирын охин Т.Оюун, Ц.Номуун нар нь хашаа байшин нь малтай байсан. Одоо ч тэр хашаандаа амьдарч байгаа. Байшин хашаанд хөдөлгөөн орж байгаагүй.
Т.Оюун зусландаа байнга гардаг иргэн н.Баатар гэх хүнийг 20 гаруй жил амьдрахдаа огт танихгүй” гэх мэдүүлгүүдээр нэхэмжлэгч Т.Оюун, Ц.Номуун нар нь 1983 оноос хойш маргаан бүхий газар дээр бодитоор эзэмшиж, ашиглаж амьдарч байсан гэдгийг бүрэн дүүрэн нотоллоо.
2002 онд Газрын тухай хууль дөнгөж шинээр батлагдаж байсан, иргэд өөрийн эзэмшиж, ашиглаж байсан газраа хувьчилж авах мэдэгдэхүүнгүй байсан. Ийнхүү нэхэмжлэгч Т.Оюун Ц.Номуун нь өөрийн эзэмшил газар дээр гэрчилгээ гаргуулахаар газрын албанд хандахад ямар нэгэн байдлаар шалтаг, шалтгаан хэлж буцаан эс үйлдэхүй гаргаж байсан. Ингэж явсаар 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан газар эзэмших хүсэлтүүдийг албан ёсоор хүлээн авсан боловч дахин гуравдагч этгээдүүдийн газартай давхацсан гэх үндэслэлийг гаргаж эс үйлдэхүй гаргасан. Мөн түүнчлэн дүүргийн газрын алба, Нийслэлийн Газар, зохион байгуулалтын албаны хариунууд хоорондоо зөрүүтэй, гуравдагч этгээдэд газар олгосон захирамжуудын тоог буруу бичдэг зэргээс болж нэхэмжлэгчид бүрэн дүүрэн хариу өгөөгүй эс үйлдэхүй гаргасан гэж тогтоогдож байгаа.
Газар зохион байгуулалт, Геодези, зураг зүйн газрын даргын сүүлийн байдлаар 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн А/187 дугаар журам батлах тухай тушаалын хавсралтын газар эзэмших ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмыг газрын байцаагч нар мэдэж байгаа. Энэ журмын 1.2-т газар эзэмших эрхийн гэрч гэрчилгээ олгоход дараах зарчмыг баримтална. Дөрөвдүгээрт эрхийн гэрчилгээ олгох үйл ажиллагаанд дараах дарааллыг баримтална гэж байгаа. Мөн 4.1-д Газрын кадастрын мэдээллийн сангийн нэгдсэн системээр дамжуулан эрхийн гэрчилгээ олгох үйл ажиллагаа эрхлэн явуулна. Түүнчлэн 4.2-т эрхийн гэрчилгээ олгох үйл ажиллагаа дараах дэс дарааллын дагуу явагдана. Эхлээд хүсэлтийг хүлээн авах бүртгэх гэж байгаа.
Анх иргэн Н.Баатар хаана, ямар газар эзэмших хүсэлт гаргасан яг ямар байршилд хүсэлт гаргасан гэдэг нь тодорхойгүй, нотлогддоггүй. Үүнээс харахад байцаагч нар анхнаасаа хууль бус газар олголт хийсэн. Мөн 4.2.2-т суурин судалгаа болон хээрийн судалгааг заавал хийх ёстой гэж заасан. Энэ хээрийн суурин судалгаа болон хээрийн судалгаа хийснээрээ тухайн газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа бодитоор эзэмшиж, ашиглаж байгаа газартаа ямар нэгэн хэмжээгээр давхцалтай байна уу давхцалгүй байна уу гэдгийг газрын байцаагч нар заавал үзэх ёстой журам. Мөн 6-д суурин судалгаа хийх бусдын өмчлөл эзэмшил, ашиглалтад олгогдсон газартай давхцаж буй эсэхийг нягталж, шалгах заавал үүрэгтэй. Заавал хээрийн судалгаа хийх үүрэгтэй, хээрийн судалгаа хийснээр бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтад олгогдсон газартай давхцаж буй эсэхийг нягтлан үзэх шаардлагатай. Мөн хөршүүдийн болон тухайн нэгж талбарын орц, гарцыг тодорхойлох зорилготой байдаг. Гэтэл Н.Баатарын хувьд анх 2003 онд олгогдсон газар нь ямар ч хээрийн болон суурин судалгаа хийхгүйгээр Т.Оюуны орц гарцыг хааж газар олгосон байдаг. Мөн түүнчлэн Т.Оюуны газар эзэмших эрх анх үүссэнээс хойш 20 жилийн дараа Н.Баатар гэх иргэн нэхэмжлэгч Т.Оюуны эзэмшлийн газрын хажууд анх буусан нь гэрч н.Цэрэндуламын мэдүүлгээр нотлогдож байгаа. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу иргэн газар эзэмшихдээ заавал хүсэлт гаргахаар заасан. Мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж хуульд заасан. Гуравдагч этгээдийн газрын хувийн хэрэг болох шүүхээс томилсон шинжээчийн дүгнэлтээс үзэхэд анхны эзэмшигч н.Баатар нь яг ямар газар эзэмших хүсэлт гаргасан талаар нотлох баримт хүсэлт огт байдаггүй. Газрын албаны хуралдааны тэмдэглэл байхгүй, юуг үндэслэж иргэн н.Баатарт газар олгоод байгаа нь тодорхойгүй, хууль зөрчиж газар олголт хийсэн.
Түүнчлэн дүүргийн газрын албанаас анх зурж өгсөн баталгаат хэмжээ тогтоосон гар зургийг нүдээр харвал иргэн н.Баатар өөрийн байшингаа зүүн буланд зурж баталгаажуулснаас үзэхэд нэхэмжлэгчийн гаргаж өгсөн сансрын зургаар баталгаажуулсан Н.Баатарын байшин зүүн буланд багтаж түүнээс нэхэмжлэгч Т.Оюуны газартай давхцалгүй газар авах хүсэлтийг анх гаргаж байсан гэдэг нь бидний гаргаж өгсөн зургаар нотлогдож байгаа. Анх Н.Баатар нь өөрийнхөө байшинг зүүн гар талд нь зураад өөрийн 400 м.кв газрыг эзэмших хүсэлт гаргасан байх боломжтой. Ийм байдлаар хүсэлт гаргасныг нь дүүргийн Газрын албанаас хууль зөрчөөд Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна гэсэн, энэ хуулийн зүйл заалтыг зөрчиж 555,5 м.кв газар олгосон. Энэ нь хууль бус шийдвэр болсон. Эзэмшиж, ашиглаж байгаа газар болоод түүний орц, гарцтай давхцуулсан хууль бус газар олголт хийсэн. Ингээд зогсоогүй Газрын тухай хуульд заасан нэгж талбар бүрийн эрхийн гэрчилгээтэй байна гэсэн заалтыг зөрчиж 2003 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 192 дугаар захирамжаар иргэн Н.Баатарт 400 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон боловч нэгж талбарын дугаарыг 555,5 м.кв гэж мэдээллийн санд бүртгэж, зөрүүтэй шийдвэр гаргасан. Энэхүү 555,5 м.кв-аар гэж мэдээллийн санд бүртгэснээрээ иргэн Т.Оюуны орц, гарцыг одоо бүрэн хаасан байгаа. Ийнхүү хууль бус шийдвэр гаргасан болохыг хүлээн зөвшөөрч дүүргийн Газрын алба 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр иргэн н.Баатарт өөрийн эзэмшлийн газрыг сунгах хүсэлт гаргахад тухайн үеийн дарга О.Сайнбаяр гэх хүн 400 м.кв-аар зурагт оруулахыг даалгасан цохолтыг хийж өгсөн.
Иргэн Н.Баатар нь 2020 онд газар эзэмших эрх сунгуулах хүсэлт хавсаргасан зураг дээр ч өөрийн цэнхэр дээвэртэй байшингийн яг хажуугаар иргэн Т.Оюуны хашаа байгаа талаар зураг өгсөөр байхад тухайн үеийн Газар, зохион байгуулалтын албаны мэргэжилтнүүд үүнийг харгалзан үзээгүй. Хээрийн судалгаа, болон суурин судалгаа хийлгүйгээр Т.Оюуны газартай 93 м.кв-аар давхцуулан Н.Баатарын газрыг 2020 оны А/319 дүгээр захирамжаар сунгаж баталгаажуулсан нь мөн Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг зөрчсөн хууль бус шийдвэр болсон. Улмаар нэхэмжлэгч Т.Оюуны 1983 оноос хойш 40 жил амьдарч байгаа, одоо ч хашаа өөрчлөгдөөгүй, газар дээр цаасан хэлбэрээр давхцуулан орц, гарцыг нь хааж 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн А/753 дугаар захирамжаар Нийслэлийн Засаг дарга суурин судалгаа, хээрийн судалгаа хийлгүйгээр хууль бусаар өмчлүүлсэн. Угаасаа хууль бус гэдгийг нь Н.Баатар мэддэг байсан орц, гарц хаасан гэдгийг ч хүлээн зөвшөөрч тухайн газар, маргаантай гэдгийг удаа дараа дүүргийн газрын албанд хандаж бичиг өөрөө өгч байсан. Гуравдагч этгээд нь маргаантай газар байсан гэдгээ өөрөө мэдэж байсан. Гэсэн хэдий ч нэхэмжлэгч талд бодитоор нэг ч удаа хандаж үзээгүй. Ашиг, хонжоо хайсан иргэн Н.Баатар бодит байдал дээрээ маргаан бүхий газар дээрээ амьдардаггүй, дандаа байшин барьж бусдад түрээслүүлдэг. Түүнчлэн түүний эзэмшлийн нийт газар нь нийтдээ 955 м.кв газар болох нь 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Нийслэлийн Газар, зохион байгуулалтын албаны Орон зайн мэдээлэл технологийн хэлтсийн Геодези, сүлжээ хариуцсан мэргэжилтэн Я.Болдсүхийн хэмжсэн хэмжилтээр баталгаажсан байдаг. Энэ том газрын эзэн хэр нь анхнаасаа түүний газар эзэмших эрх хуульд зааснаар үүсээгүй, нэгж талбар зөрүүтэй олгосон. Эзэмшүүлсэн газар нь бусдын эзэмшил, ашиглалтын газартай давхцалтай байгаа талаар Нийслэлийн Газар, зохион байгуулалтын албаны 2023 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн А/11 тоот, Ажлын хэсгийн 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн /01/ дугаар хуралдааны тэмдэглэл анх удаа хээрийн судалгааг Т.Оюуны газар дээр очиж үзсэн байдаг. 2023 онд анх удаа газар дээр очиж үзэхэд гуравдагч этгээдийн газартай яг тухайн хэмжилтээр 92 м.кв газар давхцалтай болохыг, 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн /03/ дугаар хуралдааны тэмдэглэлээр ажлын хэсэг өөрөө баталгаажуулсан. Үүнийг Газар зохион байгуулалт Геодези, зураг зүйн газар, бид нарын хүсэлтээр 93 м.кв байна гээд эцсийн байдлаар тодорхойлсон. Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар, түүнчлэн тээвэр болон суурин судалгаа нь хийлгүйгээр бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газартай давхцуулан хууль бусаар олгосон гуравдагч этгээдүүдийн давхцал бүхий газрыг хүчингүй болгож нэхэмжлэгч нарт өөрсдийн бодитоор эзэмшиж, ашиглаж байгаа газрыг нь одоо олгохыг даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэв.
2.4.Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 16-р хороо Согоотын 4-р гудамж 49 тоотод оршин суугч иргэн Т.Оюун, Хан-Уул дүүргийн 15-р хороо Хүннү 2222 хороолол 210 дугаар байрны 19-02 тоотод оршин суугч иргэн Ц.Номуун нарын нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Чингэлтэй дүүргийн Засаг дарга нарт холбогдох захиргааны хэрэг хянан шийдвэрлэж байгаатай холбогдуулан хариуцагч Нийслэлийн Засаг даргын зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ иргэн Т.Оюуны газартай давхцуулан иргэн Н.Баатарт Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/837 захирамжаар газар өмчүүлсэн байна гэжээ. Нийслэлийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн "Иргэдэд газар өмчлүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай" А/837 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтад Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нэг удаа үнэгүйгээр газар өмчлөх хүсэлт гаргасан иргэдийн жагсаалтыг баталсан байх бөгөөд энэхүү хавсралтад иргэн Н.Баатарын нэр байхгүй байна. Харин иргэн Н.Баатартай холбоотой Нийслэлийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/753 дугаар захирамж гарсан байна” гэжээ.
2.5.Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч нараас Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/753 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нийслэлийн Засаг даргын зүгээс одоо Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2023 оны 192 дугаар захирамж, 2020 оны А/319 дүгээр захирамжийг тус тус үндэслээд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4 болон мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-д зааснаар, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дүгээр зүйлд тус тус зааснаар тухайн иргэн газар эзэмших, газар өмчлөх хүсэлтээ өөрийн хүсэлтийг гаргасан учраас газар өмчлүүлэх зөвлөлийн мэргэжлийн ажлын хэсгийн хурлаар шийдвэрлүүлж, тухайн иргэн Н.Баатарт газар олгосон.
Тухайн үед газар өмчлүүлэхэд ямар нэгэн байдлаар нэгж талбар нь тухайн өөр эзэмшлийн айлын нэгж талбар ерөөсөө давхцаагүй. Ямар нэгэн байдлаар Газрын тухай хуульд заасан хориглосон зүйлүүдийг бол зөрчөөгүй байсан учраас Монгол Улсын иргэнд газрыг өмчлүүлж шийдвэрлэсэн. Үүний дараагаар 2023 онд иргэн А.Энхбаатарт газрыг худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээрээс шилжүүлсэн үйл баримтууд байгаа. Тэгэхээр Нийслэлийн Засаг даргын захирамж өөрөөр хэлбэл Газрын тухай хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу дүүргийн Засаг даргын захирамжийг үндэслэж гаргаж байгаа шийдвэр учраас Засаг дарга захирамжийг хүчингүй болгох боломжгүй. Нийслэлийн Засаг даргын захирамжид өөрчлөлт оруулаад өмчилсөн газрын талбайн хэмжээг хасах талаар нэхэмжлэгч тал ярьж байгаа. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд зааснаар Монгол Улсын иргэнд газар өмчлүүлсэн тухайн иргэний өмчилсөн газарт халдах боломжгүй байдаг. Тийм учраас энэ талаар иргэн нэхэмжлэгч нарын зүгээс Нийслэлийн Газар, зохион байгуулалтын албанд хандсан Нийслэлийн Засаг даргын албанд хандсан. Тус хүсэлтийг хүлээж аваад Нийслэлийн Газар, зохион байгуулалтын албаны зүгээс ажлын хэсэг байгуулагдаад тухайн иргэний асуудлыг шийдвэрлэх боломжтой юу, боломжгүй юу гэдэг байдлаар шийдвэрийг гаргаад хавтаст хэрэгт материалуудыг гаргаж өгсөн. Иймд нийслэлийн Засаг даргын захирамж үндэслэлтэй гарсан” гэв.
2.6.Хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Тус нэхэмжлэлийн шаардлагад дурдсан "Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 192 дугаар захирамж, 2020 оны А/139 дүгээр захирамжийн Н.Баатарт холбогдох хэсгийг Т.Оюуны газартай давхцалтай Хэсгийг хүчингүй болгуулах" агуулга бүхий шаардлага гаргажээ. Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны мэргэжилтэн Г.Гантөгсөөс тодруулга, мэдээллийг холбогдох баримтаар гаргуулан судлаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Иргэн Т.Оюун нь 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр дүүргийн Газар зохион байгуулалтын албанд газар эзэмших хүсэлт өгсөн байна.
Тус хүсэлтийг хариуг 2022 оны 12 дугаар сарын 21-ний 18/1095 дугаартай албан бичгээр Газрын тухай хуульд зааснаар "Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна" гэж заасан байдаг. Дүүргийн Засаг даргын 2003 оны А/192 дугаартай захирамжаар нэгж, талбарын 1501112483 дугаартай 400 метр квадрат талбайгаар эзэмшүүлж, нийслэлийн Засаг даргын 2022 оны А/319 дүгээр захирамжаар иргэн Н.Баатарт өмчлүүлсэн байх тул өмчилсөн газрын нэгж, талбарт өөрчлөлт оруулах боломжгүй" гэсэн агуулга бүхий хариуг өгсөн байна. Мөн тус албанаас 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хандсан хүсэлтийн хариуг тус оны 02 дугаар сарын 03-ны өдөр 18/78 дугаартай албан бичгээр "Иргэн Т.Оюун, Ц.Номун нарын 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр шинээр газар эзэмшихээр ирүүлсэн хүсэлт нь Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн, дүүргийн 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах тухай дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 21 дүгээр тогтоолоор батлагдсан төлөвлөгөөнд тусгагдаагүй тул шинээр газар эзэмшүүлэх боломжгүй гэсэн хариу тус тус өгсөн байна.
Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан "Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2020 оны А/139 дүгээр захирамж нь энэхүү газрын маргаантай маргаан бүхий захиргааны акт биш байх тул захирамжийн огноо андуурагдсан байж болох юм Иргэн Н.Баатарт "Газар өмчлүүлэх" тухай Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/139 дугаартай захирамж гарснаар Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2003 оны А. 192 дугаар захирамж иргэн Н.Баатарт эзэмшүүлсэн газрын эрх хууль зүйн хүрээнд дуусгавар болсон. Иймд "нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
2.7.Хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонго шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Иргэн бол холбогдох хууль тогтоомжид заасны дагуу материалын бүрдэл хангаж одоо хуулийн дагуу өргөдөл гомдлоо өгөөд шийдвэрлүүлэх эрх хуулиар нээлттэй. Үйл баримтаас харахад эрхийн баримт тодорхой харагддаггүй. Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 21 дүгээр тогтоолоор баталсан төлөвлөгөөнд болбол шинээр газар эзэмшүүлэх гэсэн төлөвлөгөө тусгагдаагүй байгаа одоогоор эзэмшүүлэх боломжгүй” гэв.
2.8. Хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Гантөгс шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Н.Баатартай газар давхацсан талаар дурдахад, 2003 онд яг газар нь яг ямар байсан бэ гэдгийг бид нар өнөөдөр хүртэл сансрын зургаас ч юм уу тодорхойлж чадаагүй байна. Яагаад гэвэл тухайн үедээ иргэн Н.Баатарын хашаа нь одоо барьчихсанаараа байсан юм уу, аль эсвэл өмнө нь хашаагүй задгай байсан юм уу, бүр өмнө нь одоо Газар, зохион байгуулалт Геодези, зураг зүйн газраас гаргаж өгсөн нөгөө 6 хүний мэдээллийн санд орсон байсан яг 3 хүн гаргаж байсан болов уу гэдгийг өнөөдөр тодорхойлоогүй байгаа. Тийм учраас тухайн үед яг ямар газар нь, тухайн үеийн яг хашаалсан газрыг тодорхойлоогүй учраас энэ 2003 оны 192 дугаар захирамж үндэслэлтэй гэж үзэж байгаа.
Газар дээр нь очиж хээрийн судалгаа хийгээгүй нь Газар, зохион байгуулалт Геодези зураг зүйн газраас 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох журамд бол хамааралгүй гэж үзэж байна.
Нэхэмжлэгч нь өөрөө эрхийн гэрчилгээ байхгүй, газар дээрээ амьдарч байгаа. Тухайн үед гэрчилгээ бичихдээ яагаад нэгж талбарын дугаарыг тавиагүй гэвэл энэ нэгж талбар нь анх 2006 онд мэдээллийн санд суухад нэгж талбар нь бүртгэгдэж эхэлдэг болсон. Тэгээд 2006 онд бол Н.Баатарын нэр дээрх газрыг нэгж талбараар тухайн нэгж талбараар 550 м.кв гэх нэгж талбараар бүртгэсэн гэдэг нь Газар зохион байгуулалт геодези, зураг зүйн газарт тодорхой байгаа. Тэгээд энэ өөр болохоороо фото зурган дээр 2003 онд энэ хашаа нь угаасаа эзэнгүй байсан гэж ярьж байна. Тухайн үеийн аппарат дээр миний мэдэхээр зүгээр он, сарыг шууд тааруулчихдаг өөрсдөө тааруулж байгаад зургаа авдаг байсан. Тэгэхээр тэрийг яг тухайн үедээ тэгж байсан гэж үзэх шаардлагагүй л гэж хэлж байна. Ийм болохоор нэхэмжлэгчийн гаргаад байгаа энэ 2003 оны, 2022 оны Чингэлтэй дүүргийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгох хууль зүйн хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа” гэв.
3.Гуравдагч этгээд Э.Энхмаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “Иргэн Т.Оюун, Ц.Номуун нараас "Чингэлтэй дүүргийн засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 192 дугаар захирамж, 2020 оны А/139 дүгээр захирамж, Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/837 дугаар захирамжийн Баатарт холбогдох хэсгийн Э.Оюуны газартай давхцалтай хэсгийг хүчингүй болгуулах тухай" нэхэмжлэлтэй холбогдуулан хэргийн оролцогч гуравдагч этгээд Э.Энхмаагийн бие төлөөлөгч Т.Энхболд миний бие дараахь тайлбарыг гаргаж байна. Иргэн Э.Энхмаа нь 2022 оны 7 дугаар сард 06-ны өдөр Баатар буюу 85 настай хөгшний "Шадивлан зусланд газар зарна" гэж гаргасан зарын дагуу уулзаж зусланг үзэж холбогдох бичиг баримтыг шалгасан. Энэ үед кадастрын зургаар 400 м.кв талбай бүхий өмчлөлийн гэрчилгээтэй боловч бодит байдлаар газрын баруун талаас 5-6 м газар хашаалаад 100 м.кв газар дутуу байх нь нүдэн баримжаагаар тогтоогдож газрын албанд очин хороо хариуцсан мэргэжилтэн Сайнбаяртай уулзан иргэн Баатарын өмчлөлийн газрын кадастр нь болон хашаа бусдын газартай давхцал байгаа эсэхийг шалгуулахад иргэн Баатарын 400 м.кв газар гэрчилгээнд заагдсан кадастрын хэмжээгээр байхын зэрэгцээ татсан хашаа нь ямар нэг эзэмших болон өмчлөлийн эрхгүй хэн нэгний нэр дээр бүртгэлгүй, кадастрын ч зураггүй газар байна гэх мэдээлэл өгсөн. Ингээд газрын ямар нэгэн эрх, зөвшөөрөлгүй этгээд бусдын газрыг дураар хашаа хатган цаашлаад иргэний өмчлөх эрхэнд халдсан байна гэж үзэн асуудлыг хууль ёсны дагуу шийдвэрлэж өгөхийг тус албаны өмчлөл хариуцсан мэргэжилтэн Баттөрөөс хүсэхэд:
1-рт: Хашаа татсан газар нь ямар нэг байдлаар газар эзэмшил, бүртгэлтэй байсан бол бид хүний өмчлөлийн газар луу орсон байна гээд кадастрын дагуу хашаагаа тат эсвэл хашаагаа буулгахаас нааш кадастр хийж өгөхгүй байх ёстой өнөөдрийг хүртэл газар болон иргэний ямар нэг бүртгэл байхгүй байгаа учраас хэнтэй хариуцлага ярих вэ.
2-рт. Танай өмчлөлийн газар тул эд хөрөнгийн эрхэд халдсан гэж шүүхэд хандан асуудлаа шийдвэрлүүлэх нь зүйтэй юм гэсэн хариултыг өгсөн. Үүнийг шийдвэрлэх боломжтой асуудал гэж үзэн газрыг худалдан авсан.
Миний ах Энхбаатар 2022 оны 8 сард хойд айлын хөрш Батбаяр гэгчийн эхнэр болох эмэгтэйгээс 99176515 дугаарыг авч залган хашаагаа буулгах үгүй бол бид өөрсдөө буулган газраа чөлөөлж авах тухай асуудал ярихад ярилцъя хойшоо татаж болдоггүй юм уу гэж ярьж байсан ба хэсэг хугацааны дараа дахин холбогдоход элдэв шалтаг хэлж, ... хавдартай хүн сахиж байна, ... дараа залгая ярина аа гэж байсан ба 2023 оны 2 сард дээрх эмэгтэй гар утсаар залган наад газар чинь манайд хамаагүй байна шүү дээ гэж хэлэн 99172815 дугаар өгч энэ хүнтэй холбогдоорой гэсэн байдаг. Үүнээс хойш 2023 оны 3 сарын 5-ны өдөр иргэн Э.Энхмаагийн гар утас руу 99172815 дугаараас 1 эмэгтэй залган: чи яахаараа манай газрыг булааж хашааг буулгана гэдэг юм би наана чинь 40 гаруй жил амьдарч байгаа бид олуулаа шүү хохино шүү чи хаа ч хүрэхгүй шүү гэх зэргээр үгээр дайрсан байдаг ба Энхмаа хариуд нь: Иргэн би Баатар гэдэг хүнээс тус газрыг худалдан авсан, өмчлөгдсөн 400мкв газар бий танайх миний өмчийн эрхэнд халдаж хашаалсан байгаа тул би өмчөө авах эрхтэй тухайгаа хэлтэл... Тэрээр та нарыг би шүүхэд өгсөн Баатар чинь миний газрыг булаасан гэсэн байдаг.
Мөн 3 сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн Газрын албаны мэргэжилтэн Гантөгс нь Энхмаа руу залган “иргэн Оюунаас Захиргааны хэргийн шүүхэд Чингэлтэй дүүргийн Газрын алба болон нийслэлийн Засаг даргыг шүүхэд өгчээ үүний дагуу тантай холбогдож байна” гээд “эзэмшлийнх газрын тодорхой хэсгийг бусдад хууль бусаар өгсөн гэж үзэн шийдвэрийг хүчингүй болгуулахаар гомдол гаргажээ. Нийслэлийн Газрын албанд ажлын хэсэг гарч бид таны өмчлөлийн газрыг газар дээр нь очиж цэг тавьж шалгасан таны өмчлөлийн газар кадастрынхаа зургийн хэмжээгээр тохирч байгаа харин таны өмчлөлийн газраас баруун талын хэсгийг өөр этгээд хашаалан авсан байгаа нь тогтоогдсон иймд та манайд ирж тайлбар өгнө үү” гэсний дагуу очиж уулзсан.
Иргэн Н.Баатараас шүүхэд гарган өгч, хавтаст хэрэгт авагдсан тайлбараар өөрөө 1989 оноос хойш амьдарч байсан ба 2003 онд Нийслэлийн газрын албаны дарга Цэвэлмаагаас Баатар, Батбаяр, Хандсүрэн, Сүрэнхорлоо нарын 4 хүний Шадивлан зуслан дахь эзэмшил газар дээр нь биечлэн ирж газрын хил, заагийн кадастрын зураг хийж эргэлтийн цэг хатган тус бүрд нь 400 м.кв талбайгаар хуваарилан Чингэлтэй дүүргийн Засаг даргын "Газар эзэмших эрхийг баталгаажуулан шинээр олгох тухай" 2003 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 192 тоот захирамж гарган газар эзэмшүүлж гэрээ байгуулсан байдаг ба энэ захирамжийн хавсралтын 8 дугаарт иргэн Норжмаа овогтой Баатар олгосон газрын хэмжээ 400 м.кв, ... эзэмшүүлэн гэрээ байгуулж баталгаажуулах... гэж дурдагдсан байдаг. Мөн Нийслэлийн Засаг даргын “Иргэдэд газар өмчлүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай" 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн А/753 тоот захирамж түүний хавсралтын 17-д Иргэн Н.Баатар, өмчлүүлэх газрын хэмжээ 400 м.кв гэсэн байдаг. Иргэн Н.Баатараас шүүхэд гаргаж өгсөн газартай холбогдох албан тушаалтны шийдвэрүүд, төрийн байгууллагуудаас ирүүлсэн нотлох баримтыг харахад Н.Баатар нь ямар нэг байдлаар бусдын эзэмшил газрыг булаасан, эрхэнд нь халдсан, хохироосон гэх баримт байхгүй, харин Оюун болон түүнийг баримтуудаас төлөөлөх этгээдүүд 2008 оноос 85 настай хөгшин хүний газраас нь хашаалан авчаад өнөөдрийг хүртэл айлгаж дарамтлан, асуудлыг шийдэхгүй, танил тал албан тушаалтнаар дамжуулан шийдэх, удааж залхаах, нас барахыг нь хүлээх байдлаар хандаж ирсэн юм байх ба Баатарын ярьж тайлбарласнаар Чингэлтэй дүүргийн Газрын албанд Баатар, Хандсүрэн, Сүрэнхор нарын 3 иргэн гомдол гарган Баатар гэгчээс хулгайлуулсан газрын чөлөөлүүлж авах талаар хандсан байдаг ба ЧД-н газрын албаны дарга, мэргэжилтэн Сайнбаяр нар нь нэр бүхий 3 иргэнтэй уулзан гомдол хүсэлтийг шийдвэрлэхээр иргэн Батбаяр гэгчийг дуудан ирүүлэн уулзахад Батбаяр нь та нараас ямар ч зардал юм гаргахгүйгээр хашаагаа би өөрөө татаад авчнаа гэж хэлээд өнөөдрийг хүртэл алга болсон байдаг. Энэхүү үүссэн нөхцөл байдлуудаас дараахь дүгнэлтийг өгч байна.
Үүнд: 1. Энэ Оюун гэгч нь өөрийн газартаа 40 гаран жил амьдарч байгаа гэх бөгөөд эзэмшил газар нь Чингэлтэй дүүргийн газрын мэдээлэл нь санд байхгүй байдаг. Төрийн дор хууль буй гэж үг бий яагаад ухамсартай иргэний үндсэн үүргээ биелүүлж ёс журмын дагуу төртэй газар эзэмших ашиглах гэрээ байгуулан зохих төлбөрөө төлж иргэний үүргээ ёс төртэйгөөр биелүүлэн дээрх газраа хууль ёсны болгоогүй өнөөдрийг хүрэв. Гэтэл Н.Баатарт 2003, 2020, 2022 оны бичиг баримтууд байхад нэхэмжлэгчид үзүүлэх юу ч алга бөгөөд хавтаст хэрэгт ч алга, харин 2 гэрч оролцуулж байгаа нь амьдарч байсныг л нотлохоос энэ таныг газар эзэмшигч, өмч гэдгийг нотлохгүй байхаа. Газрын алба болон бусад албан тушаалтнууд ярьж буй асуудлаараа ир гэхээр ирдэггүй хэр нь газар эзэмшигч болон бусад хүмүүс рүү утасны цаанаас элдвээр хэлж доромжилж миний газар гээд хашгирч байдаг.
Иргэн Баатар нь аль 2003 оны кадастраар бүр 400 м.кв газартай байсныг цаг хугацааны явцад хөрш айлын Оюун, Батбаяр хоёр нь 81 м.кв-г нь булаан авч хөгшин настай хүнийг зэрлэг бүдүүлэг үг хэллэгээр дайрч, олуулаа ирж бөөрөлхөх, ална тална гэж айлгах байдлаар дарамталсаар дуугүй болгосон байдаг ба Н.Баатар гуай гомдол гарган холбогдох газруудад нь өгсөн боловч арга хэмжээ авч өгөөгүй гэдэг юм билээ. Нэхэмжлэгчид эзэмших болон өмчлөхтэй холбоотой харилцаа газрын албанд үүсээгүй учраас төрийн алба өөрт байгаа мэдээлэлд үндэслэн буюу 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн албан тоотоороо гаргасан шийдвэрүүдээ хуулийн дагуу болохыг хуулиас иш татан хариу егсөн байна.
Уг албан тоотод ... Газрын тухай хуулийн 5.1.2-т заасан төлөвлөгөө, шийдвэрт иргэдэд өмчлүүлэхээр тусгагдсан бөгөөд бусад этгээдийн эзэмших ашиглах эрх үүсээгүй байгаа газраас тэргүүн ээлжинд түүнд өмчлүүлэх гэж заасны дагуу л шийдвэрээ гаргасан байх юм.
2.Яагаад өдий хүртэл нэхэмжлэл гаргаагүй 20 жил өнгөрөөв, та хаана байсан юм өдөр болгон шахуу газрын харилцаатай холбоотой мэдээлэл гарч байдаг... эрт санасангүй юу. Газар бол төрийн өмч түүнийг иргэн хүсэлт гарган төлбөртэйгөөр ашиглах, эзэмших цаашилбал Монгол Улсын хуулиар 1 удаа үнэгүй өмчлөх эрхтэй. Энэ шат дамжлагыг яагаад дамжихгүй 20 жил болчихоод хүний газрыг булааж авч хашаа татчихаад хаа 1 байдаг геологи, кадастрын хувийн компаниар өөрөө зааж өгч хийлгэсэн кадастр зураг барьчихаад миний өмч энэ бол хууль ёсных гэж түүнийгээ зөвшөөрүүлсэн шийдвэр гаргуулах гээд байгаа. Тэр кадастр зураг чинь төрийн чиг үүргийн байгууллага нь хянаж тогтоогоод зөрчилгүй бол мэдээллийн санд суулган баталгаажуулж, гэрээ байгуулах ёстой тэгж байж хууль ёсных болдог та энийг мэдэхгүй биш мэдэж байгаа. Таных яагаад тийм биш байна гэхээр бусдын газрыг хулгайлан хашаалан авсан зэргээс үүдэлтэйгээр зөвшөөрөл, эрх олгодоггүй байсан байна гэж харагдаж байна.
Энэ тухай ч Н.Баатар гуайн шүүхэд өгсөн баримт, Нийслэл болон Чингэлтэй дүүргийн Газрын албанд гаргасан өргөдөл гомдолд чинь хариу өгсөн албан тоотуудаас харагдаж байна.
3.Төрийн байгууллагуудыг хооронд нь өргөдөл гомдлоор дарж мөргөлдүүлж зай хийдэл гаргах, тэднийг залхаах, асуудлыг аяндаа хүлээн зөвшөөрүүлэх, төрийн албан тушаалтанд нөлөөлөх, албан тушаалтанд авлига өгөх замаар асуудлаа шийдвэрлүүлэх, энд тэндхийн уулын мухар жалганы, задгайд гэх тоот, хаяггүй амьдрах хэв маягаар асуудалд хандаж явсан өөрийн буруугаа бусдад нялзаан өөрийн зорилго, цаад далд, атгаг санаагаа хэрэгжүүлэх гэсэн арга, заль яваад байна гэж үзэхээс өөр арга алга.
4.Иргэний өргөдөл гомдлыг хянан шийдвэрлэх хуулийн дагуу төрийн байгууллагад гаргасан өргөдөл гомдлыг хянан шийдвэрлэх нь үүрэг мөн харин нэхэмжлэгч нь миний газрын хөрш зэргэлдээ амьдрагч газрын эзэн гэж яриад байгаа Оюун нь газар эзэмшигч, өмчлөгч болохыг нотолсон ямар ч эрх зүйн хүчин төгөлдөр бичиг баримт алга байтал яаж нэхэмжлэгч субъект болох вэ. Зүй нь хөрш маань газар эзэмших, ашиглах эсхүл өмчийн эзэн байсан бол бас 1 тал гэж харж болохоор байна. Нэхэмжлэгч яахаараа "Иргэний өмчийн эрх"-тэй холбоотой Монгол Улсын иргэний шүүхээр шийдвэрлэх асуудлаар Захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргаад гуравдагч этгээдээр дуудуулан өмчлөлийн газрыг маань кадастр давхацсан тул гээд Нийслэлийн болон Чингэлтэй дүүргийн засаг дарга нарын хууль ёсны шийдвэрийг хүчингүй болгуулна гээд байгааг ойлгохгүй байна. Би ойлгохдоо энэ хүний гомдол, хэрэг харьяаллын бус гэж үзэж байна. Тийм учраас хэргийн оролцогч байх эрх зүйн чадамжгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгохыг шүүхээс хүсэж байна.
Харин таныг материалаа бүрдүүлээд иргэний шүүхэд дуудаад ир гэж хэлэх байна. Харин шүүхээс энэ хүний хуль бус үйлдлээ зогсоох бусдын эзэмшил газрыг хууль бусаар хашаалан авсан газраа чөлөөлж өгч, хашаагаа буулгахыг үүрэг болгон шийдвэртээ тусгаж өгөхийг хүсье. Мөн иймэрхүү асуудлыг цаг хугацаанд нь элдэв маргаангүй шийдэх ёстой Чингэлтэй дүүргийн Газрын алба бас зохих хэмжээгээр буруутай байна гэж үзэж цаашид анхаарах нь зүйтэй гэж хэлье. Учир нь 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн А753 тоот захирамжид захирамжийн дагуу газар өмчилж авсан иргэдийн газарт кадастр хийх, газрыг өмчлөгчид хүлээлгэн өгөх, хилийн заагийг тогтоох, тэмдэглэх, бүртгэл хийж, улсын бүртгэлд бүртгэн, хяналт тавьж ажиллахыг дүүргийн Засаг дарга нарт болон Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд тус тус үүрэг болгосон байдаг энэ ажил хэрэгжүүлээгүйгээс надад болон бусдад иймэрхүү асуудал үүсэж болзошгүйг анхаарах нь зүйтэй байх. Иргэн миний өмчлөх эрхэд халдсан, өмчийн маань хэсгийг тастан авч хувьдаа ашигласны төлөө зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрх надад байгаа шүү.
Иргэний хуулиар бусдын эд хөрөнгийг эзэмшиж ашиглах, төлбөр тооцон авах, тодорхой үнийн дүнгээр хохирол нэхэмжлэх эрхтэй гэдгийг ойлгоорой. Миний газраас хашаагаа энэ өдрөөс хойш 7 хоногийн дотор тат үгүй бол би өөрийн биеэр хашааг буулгах болно гэдгээ үүгээр уламжилъя.
3.1.Гуравдагч этгээд Э.Энхмаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:“Анх 2003 оноос өмнө Монгол Улсын газар нутагт хэн нь хаана нь мэдэгдэхгүй л амьдарцгааж байсан. Тэгээд хууль эрх зүйн дагуу холбогдох журам заалтуудыг боловсруулаад газар эзэмших эрхийг үүсгээд, тэр үед одоогийнх шиг зураг төсөл, сансрын зурагт оруулаагүй ч гэсэн гараар ч болтугай нэг юм зураад, баталгаажуулаад цэг нь тавиад өгчихсөн л байдаг.
2003 онд анх Нийслэлийн газрын албаны дарга н.Цэрмаа гэдэг хүн Т.Оюун, н.Батбаяр, Н.Баатар, н.Цэрэннадмид, н.Сүрэнхор гэдэг улсууд дээр хүрч ирээд тухайн үедээ зөвшөөрөл бүхий зуслангийн зориулалттай газрыг 0.4 га буюу 400 м.кв-аар энэ улсуудад олгож өгсөн юм. Тэр үеэс л энэ манайд газраа худалдсан гээд байдаг Н.Баатар гуай хууль ёсны дагуу кадастрын зургаа үйлдээд захирамж, шийдвэрээ гаргуулаад авсан. Тэгж байгаад 2010 оны үед хүсэлтэй өгч газрын хэмжээгээ томруулсан. Аливаа хүн боломжит нөхцөлөөрөө боломж нь байвал хууль эрх зүйн дагуу газрын эзэмшил талбайгаа томсгож, багасгах эрх нь байгаа. Тэр утгаараа хүсэлт гаргаад томсгож аваад энийгээ хууль ёсны дагуу баталгаажуулсан байна. Нөгөө талдаа 2011 онд Т.Оюун, н.Батбаяр нар мөн нэр бүхий 4 иргэний байгуулсан 2622 м.кв талбайг нь мөн дүүргийн Газрын албанаас баталгаажуулаад өгчихсөн байдаг юм байна. Тэгэнгүүт маргаан бүхий хэсэг нь үндсэндээ эд нарын кадастраас бүр хойшоо, урагшаагаа хамаагүй хэсэг. Гэтэл яагаад газрыг нь худалдан авчихсан хүнийг та нар мэдсээр байж худалдан авлаа гээд байгаа юм. Нэгэнт Монгол Улсын хууль дээр иргэн ёс журмынх нь дагуу өмчлүүлээд өгсөн газрыг нь худалдан авсан.
Бусдын эзэмшил газрыг дур мэдэн хашаалсан асуудлыг Монгол Улсын иргэний шүүхээр шийдвэрлэх боломжтой гэж үзсэн учраас бид худалдан авсан. Нэхэмжлэгч талын эсрэг талын айлуудын кадастрын зургийг үзсэн ямар ч кадастрын бүртгэл нь байгаагүй. Энэ хүмүүс бүртгэлгүй, газрын эзэмшигч эзэн биш. Танай хувийн өмчийн газрыг хашаалаад авсан бол та нар өөрсдөө шүүхэд ханд эсхүл өөрсдөө буулга гэдэг асуудал тавьсан. Газрын албанд хандсан газрын алба энэ хувь хүний өмч гэж шийдвэр гаргасан. Тэр утгаараа бид цаашид энэ асуудлыг бол шүүхээр явж шийдээгүй. Нөгөө талаасаа 555,5 м.кв-аас үлдэх хэсэг буюу 155м2 талбайг Н.Баатар гуайн орц, гарцад үлдээж 400 метр буюу анх авсан 400 метрт нь өмчилж өгсөн гээд Чингэлтэй дүүргийн Газрын албаны өмчлөл хариуцсан мэргэжилтэн тайлбар гаргасан. Тэгтэл бид нар өнөөдөр тэр 2011 оны өөрсдийнх нь кадастраас яагаад урагш нь сунгаж авч хүний газрыг, орц гарцыг, тэр хүний өмчилчихсөн газрыг хашаалж авах гээд, минийх гээд байна. 2003, 2004, 2005 оны хэдэн оных нь хамаагүй тэр зураг зүгээр дээрээс сансраас харж байгаа зураг. Тэнд байгаа хашааг төмөр гэдгийг ялгахад би эргэлзэж байна. Эрх зүйн харилцаанд иргэн хүн заавал орох ёстой, 40 жил та хаагуур явсан юм бэ, хууль дүрэм журмыг дагах хэрэгтэй. Та гэртээ байсан гэж байна. Гэртээ байсан бол та Монголын мэдээ үзэж байсан байх энэ дээр газрын харилцааны тухай зөндөө л юм гарсан.
Хавтаст хэрэгт авсан нотлох баримтуудаар таны газар миний эзэмшлийн газартай давхцаад байна гээд байхад л үгүй ээ энэ минийх гээд яваад байдаг чинь ямар учиртай юм. Одоо тэгээд зовлон болгоод, төрийн байгууллагуудыг хүнтэй хуйвалдсан гэж яваад, тэнд байгаа жирийн иргэнийг газраа өөрийн хүсэл сонирхлоор тоноглоод орц, гарцаа гаргаж авсны төлөө луйвардсан дээрэмчнээр нь дуудах шаардлагагүй. Тэр 4 хүн дээр 2622 м.кв, нэг хүнд 600 буюу 700 метр орчим квадрат буюу өнөөдөр байгаа Монгол Улсын хуулиар газар эзэмших эрх буюу 0,7 га газар дотор чинь л байна. Тэгтэл өнөөдөр хүнийг буруутгаад хүний эзэмшил рүү дайраад тэр чинь хүний орц, гарц гаргаж өгөх хэрэгтэй. Манай гарцыг гаргаж өг тэр хашаагаа татаж авах талаар Н.Баатар гуай аль 2007, 2008 онд төмөр хашаа татаад эхэллээ гэхэд л дүүргийн газрын албанд өргөдлөө өгсөн байдаг. Хавтаст хэрэгт өгсөн материалууд дотор Н.Баатар гуай нь алдагдсан газраа олж авъя энэ хүмүүс хашаа хийчихлээ гэдэг байдлаар газрын албанд хандаж байсан.
Энэ айл тэр баруун тийшээ зүүн тийшээ малаа хөөж гаргадаг хаалга үүдтэй байсан. Тэд нарыгаа битүүлж авч нэг байшин барьж хүнд зарчхаад өнөөдөр тэр газрыгаа нөхөж шахаад өгөх гэж хүний газруудаар дайраад байж болохгүй. Ёс зүйн талаасаа, хүн чанар талаасаа 85 настай хүн, өнөөдөр хүртэл яагаад тэр хүнтэй 2000 оноос, 2010 оноос яагаад ерөөсөө заргаа үүсгэж яваагүй юм. Өнөөдөр 2023 он болж байхад зарга үүсгээд явж байдаг. 40 жил, дээрээс нь Газрын тухай хууль 1990 оноос гарснаас хойш одоо 22, 23 жил болж байхад яагаад энэ асуудлаа зүй ёсоор нь тавьж, магадгүй тэр давхцалыг нь засаж байгаад тэр баримтаараа газраа үүсгэж байгаад дараад нь маргаанаа үүсгээд явж болохгүй байсан юм уу. Тэгэхэд өнөөдөр та ямар ч нэхэмжлэх эрхгүй, тэр газарт би амьдарч байсан гэдгийг хүмүүсээр нотлуулчхаад яваад байгаа болохоос эрх зүйн талаасаа танд бичиг баримт алга.
Төртэй харилцаанд орж төрийн газрыг түрээслээд мөнгө төгрөгийг нь төлөөд ашиглаж байсан юм байхгүй. Зүгээр нэг тог төлж байснаа тайлбарлаад байгаа. Их хариуцлагагүй ийм байдлаасаа болоод өдий хүрчихээд өнөөдөр бачимдахдаа нөгөө хулгайч хүн хулгайчийг бариарай гэдэг шиг хүний газар хашаалж авчхаад хэрүүл хийгээд байна л гэж би ойлгож байна. Өөр надад хэлэх зүйл алга” гэв.
3.2.Гуравдагч этгээд А.Энхбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч тал маань өмгөөлөгчтэйгөө хоёулаа нийлээд энэ танхимд сууж байгаа бүх хүнийг хулгайч, луйварчин, дээрэмчин, заналхийлэгч гэж байна. Хэрвээ энд хулгайч, дээрэмчин, луйварчин байгаа болбол эрүүгийн хэргийн шүүхэд хандах эрх чинь нээлттэй байгаа. Өнөөдөр бид захиргааны танхимд байна. Хэрвээ төрийн байгууллагатай нийлээд луйвардаад, залилаад, авлиг өгөөд энэ газрыг авчихсан гэж байгаа болбол Авлигатай тэмцэх газраар шалгуулах эрх нээлттэй. Шүүгчид тавих хүсэлт бол шүүх хуралдааныхаа дэгийг сахиулж өгнө үү гэж хүсэж байна. 2023 оны 2 дугаар сарын 7-ны өдөр хоёр нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Нэхэмжлэгч маань 2 тусдаа нэхэмжлэгч гэж ойлгогдоод байна. Ц.Номуун болон Т.Оюун нар яагаад гэхээр 2 иргэний маань өөрсдийн хийлгэсэн кадастрын зургаар харахаар 2 тусдаа кадастрын зураг байгаа юм. Чингэлтэй дүүргийн газрын алба тухайн 2 иргэний 2 тусдаа кадастртай хүсэлттэй татгалзсан хариу өгөөд өнөөдөр энэ шүүх ажиллагаа явагдаж байгаа гэж ойлгож байгаа. Тэгтэл өнөөдөр Ц.Номуун гэдэг хүний маань эрх ашиг яаж хөндөгдөөд байгаа гэдэг зүйл нь энд яригдаагүй.
Ц.Номуунд өмчлөх, эзэмших эрхийн гэрчилгээг нь олгохоор шийдвэрлэсэн одоо зөвхөн Т.Оюуны, Н.Баатар гэдэг хүнд олгосон газартай давхцаж байгаа 93 м.кв хэсэг дээр маргана гэсэн. Хариуцагч нарын зүгээс ч гэсэн 2 нэхэмжлэлд 2 тусад нь тайлбараа хэлээч. Хэрвээ ингээд Ц.Номуун хэрэгт хамааралгүй бол шүүхийн захирамжийг гаргаж байгаад Ц.Номууныг хэргээс хасаж байгаад Т.Оюуны нэхэмжлэгчтэй Н.Баатар гуравдагч этгээдтэй ингээд хэргээ явахгүй болбол энэ хэрэг ерөөсөө ингээд анхнаасаа тайлбар юу ч яриад байгаа юм ойлгомжгүй байгаад байна.
Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс Н.Баатар амьдарч байгаагүй. Бид нар 40 жил амьдарсан гэж яриад байгаа. Н.Баатар амьдарч байсан гэдэгтэй ч хэн ч маргаагүй гэж ойлгож байгаа. Өнөөдөр тэр 92 м.кв, 93 м.кв талбай давхацсан эсэх асуудал энд яригдаж байгаа гэж үзэж байгаа. Тэгээд Чингэлтэй дүүргийн газрын алба ч гэсэн энэ Т.Оюун гэдэг хүнд яагаад энэ газрынх нь хүсэлтийг хүлээж авч шийдвэрлэхгүй байгаа вэ гэдгийгээ шүүх хурал дээр маш тодорхой тайлбар хэлэхгүй бол 93 м.кв-ын давхцалыг арилгаад бусад хэсгийг чинь өгье гээд байгаа юм уу нэг бол бүр Т.Оюун танд бид нар өгөхгүй гээд байгаа юм уу гэдэг асуудлаа тодорхой болгож өгөх хэрэгтэй.
Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хамгийн эхний огноотой буюу 2003 оны дүүргийн Засаг даргын захирамжаар Н.Баатар 400 м.кв газрыг олгосон баримт байна. Түүнээс өөр энэ хэрэгт Т.Оюунтай холбоотой болон Н.Баатартай холбоотой газраа хэрхэн хувааж байсан, тухайн газар нь хэрхэн зохион байгуулалттай байсан, хашаа нь хаанаа татагдсан юм, барилга нь хаанаа баригдсан байсан гэсэн баримт ерөөсөө байхгүй. Тэгтэл өнөөдрийн гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн зүгээс гаргасан хүсэлтээр шүүхээс ажиллагаа хийгээд яг өнөөдрийн шүүх хуралдаан дээр хариуцагч Чингэлтэй дүүргийн газрын албанаас энэ хэрэгт хамгийн чухал нотлох баримтыг бараг гаргаад өгчихлөө гэж харагдаад байгаа. Энэ 2006 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн түрүүний хариуцагчийн төлөөлөгч маань тайлбараар дурдаж байна. Нийслэлээс улсын төсвийн хөрөнгөөр зуслангийн бүсэд хийсэн кадастрын зураглал гэж тайлбарласан. Тэгээд энүүгээр харахад Т.Оюуны гээд байгаа хэсэг чинь шал өөр хэсэгт байгаад байна. Н.Баатарын хувьд 2003 онд авсан газар маань хэвээрээ, 2006 онд хийгдсэн кадастраар хэвээрээ, 2011 онд 400 м.кв талбайгаа 555 м.кв гэж нэмэгдүүлсэн газар нь хэвээрээ, 2022 онд өмчилж авсан газар нь яг л хэвээрээ байна. Н.Баатар энд хашаа бариагүй байхгүй юу. Тэгээд ямар үеэрээ, яаж дайраад юу аваад байгаа нь ерөөсөө ойлгомжгүй байгаад байгаа юм.
Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар хүн өөрийн эзэмшиж, ашиглаж, өмчилж байгаа хөрөнгийг захиран зарцуулах эрх нь тэр хүний эрх. Тэгээд өнөөдөр ингээд нэг ширээний ард суучхаад хүний өмчлөх эрхэд халдаад Үндсэн хуулиар олгогдсон эрхэд халдаад ийм зүйл яриад байгаа нь утгагүй. Н.Баатар гуай 2003 онд 192 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн Засаг даргын захирамжаар 400 м.кв талбайг эзэмших эрхтэй авчихаад 2011 оны 6 дугаар сарын 27-ны өдөр кадастрын зураг хийлгээд 555 м.кв болгож газраа нэмэгдүүлээд газрын албанд хүсэлт өгсөн. Газрын алба тухайн үедээ тухайн хүсэлтэд хариу өгөхдөө таны энэ нэмэгдүүлээд байгаа 155 м.кв талбай чинь Т.Оюуны болон Н.Баатар буюу таны, та хоёрын орц, гарц байна. Энэ бол нийтийн эзэмшлийн талбай. Тийм учраас танд нэмж эзэмшүүлэхгүй гээд л хариугаа өгөөд, шийдвэрээ өгөөд явж байсан. Тэр баримт бол өнөөдөр хавтаст хэрэгт авагдчихсан байгаа. 2006 онд 550 м.кв-аар Нийслэлээс Н.Баатар гуай тухайн газрыг эзэмшүүлэхээр кадастрын зураг хийгдчихсэн байсан юм. Тэрийгээ хүсэлтээ өгөөд өөрийн болгосон боловч нийтийн эзэмшлийн талбай гэдэг үндэслэлээр олголт хийгдээгүй. Тэр баримт өнөөдөр хавтаст хэрэгт авагдчихсан байгаа. Тэгээд хууль яриад газар эзэмшүүлэх эрх олгох журам яриад ингээд яваад байх шиг байгаа юм. Миний зүгээс бас хэлж байсан 1999 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн кадастрын зураг ба Кадастрын тухай хууль өнөөдөр хүртэл 24 дэх жилдээ хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Өнөөдөр энэ эрх зүйн харилцаа бий болохоос өмнө байсан Газрын тухай хууль ч мөн адилхан 2002 оны хууль. Уг хуулийн дагуу Н.Баатар өнөөдөр тухайн 400 м.кв талбайг эзэмших эрхтэй болсон. Шийдвэр баримт бичгүүд нь ч тодорхой заалттай байгаа. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар эзэмшүүлж болно, болохгүй гэдэг гуравхан зохицуулалтыг л хийж хийж өгсөн. Зохицуулсан зүйлийн нэг нь Монгол Улсын иргэн байна, хуулийн этгээд байж болно нөгөөх нь тухайн эзэмшүүлэх гэж байгаа газар маань тухайн бүс нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар эзэмшүүлж болох зөвшөөрөгдсөн бүс нутагт хамаарсан байна. Гуравдахь заалт нь ямарваа нэгэн байдлаар бусдад олгосон газартай давхцаагүй байна гэж байгаа юм. Н.Баатарт 2003 онд олгосон газар 400 м.кв эзэмших эрх нь уг хуулийн гурван зохицуулалтын дагуу олгогдсон гэж ойлгогдож байгаа хуулийн хөгжлийн хүрээнээс нь харахад. Тэгээд эдгээр зүйлүүдээс ингээд харахаар бол нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэг.Маргааны зүйл, эрх зүйн харилцааны төрөл:
1.1.Энэ хэргийн маргаанд “амьдарч ирсэн газрыг нь бусдад эзэмшүүлж, өмчлүүлсэн” гэх үйл баримт хэлэлцэгдсэн болно.
Хоёр.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:
2.1.Нэхэмжлэгч Т.Оюун, Ц.Номуун нар нь Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Шадивлангийн зуслан нэртэй газарт ээж Д.Жигмэдбалжирынхаа /Т.Оюуны ээж, Ц.Номууны эмээ/ 1989 оноос амьдарч ирсэн хашааны газраас Т.Оюун 699.6 метр квадратыг, Ц.Номуун 700 метр квадрат газрыг эзэмших газар эрхтэй гэж маргаж байгаа боловч нэхэмжлэгч нар нь уг газрыг эзэмших хүсэлтээ 2022 оны 04 дүгээр сараас өмнө гаргаж байгаагүй, эрх бүхий этгээдийн газар эзэмших эрх олгосон шийдвэр байхгүй байна.
2.2.Харин Улаанбаатар хотын зуслангийн товчооноос 1991 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Зуслангийн сууцны үнэмлэхээр Д.Жигмэдбалжирт Шадивлангийн зусланд 7х6 хэмжээтэй зуслангийн сууц барих зөвшөөрөл олгосон /ХХ-1-н 128 дахь тал/ ба шүүхийн үзлэгээр Т.Оюуны гэх газар дээр хуучин зуслангийн байр байгаа болох нь тогтоогдсон, мөн Цахилгаан хэрэглэгчийн дэвтэрт “Шадивлан зуслан, “2001.06.23” гэсэн тэмдэглэл /ХХ-1-н 130, 132 дахь тал/, гэрч С.Цэрэндуламын “Д.Жигмэдбалжир хашаа байшинтай байсан, одоо ч хэвээр” гэх мэдүүлэг /ХХ-1-н168 дахь тал/, гэрч О.Дагзмаагийн “Д.Жигмэдбалжирыг мэднэ, ..., Т.Оюун охин нь мөн, ... хашаа байшинтай байсан одоо ч тэр хашаандаа амьдарч байгаа” гэх мэдүүлэг /ХХ-1-н 169 дэх тал/ зэргээр уг газар дээр Т.Оюун, Ц.Номуун нар нь энэхүү хугацаанаас зуслангийн зориулалтаар уг байршилд газрыг ашиглаж ирсэн нь нотлогдож байна.
2.3.Нэхэмжлэгч Т.Оюун нь өөрийн газар гэж үзэж төмөр хашаагаар хашсан заагаар, 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдөр “Ваялд хорс” ХХК-иар 699.6 метр квадрат газрын байршлын кадастрын зураг үйлдүүлсэн, уг хэмжээгээр газар эзэмших хүсэлтэй байсан гэдэг нь тус кадастрын зургаар тогтоогдлоо. /ХХ-1-н 11 дэх тал/
2.4.2014 оны 03 дугаар сарын 11-ний өдөр үйлдсэн Эдлэн газрын тоо бүртгэлийн хуудсыг нэхэмжлэгч гаргаж өгсөн ба уг хуудсанд газрын хэмжээ бичигдээгүй ч тухайн газар Т.Оюуны нэр дээр газар тоологдсон байна. /ХХ-1-н 10 дахь тал/
2.5.Нэхэмжлэгч Ц.Номуун нь ээж Т.Оюуны эзэмшихийг хүсэж буй газрын арын хэсэгт байрлалтай бөгөөд 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн акт үйлдсэн, мөн өдрөөр “Классик ланд” ХХК-иар 700 метр квадрат газрын кадастрын зургийг үйлдүүлжээ. /ХХ-1-н 13 дахь тал/
2.6.Дээрх компаниудын үйлдсэн газрын кадастрын зургаар Т.Оюуны эзэмшихийг хүсдэг 699.6 метр квадрат газраас 93 метр квадрат газрыг нь Н.Баатарт өмчлүүлсэн газартай давхцалтай байгаа тул Т.Оюунд ашиглаж буй газраа эзэмшихээр хүсэлт гаргах, хүсэлтээ зохих журмаар шийдвэрлүүлэх хууль ёсны ашиг сонирхол үүссэн этгээд мөн байна.
2.7.Нэхэмжлэгч Т.Оюун, Ц.Номуун нар нь газар эзэмших хүсэлтээ 2014 онд өгсөн гэж нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлдээ тодорхойлсон боловч шүүх хуралдаан дээр уг хугацаанд газар эзэмших хүсэлтээ аль аль нь гаргаагүй гэдгээ Т.Оюун хүлээн зөвшөөрсөн болно.
2.8.Иймд Чингэлтэй дүүргийн Т.Оюун, Ц.Номуун нар нь 2014 онд газар эзэмших хүсэлт, өргөдөл гаргаагүй, харин 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр газар эзэмших өргөдөл гаргасан болох нь тогтоогдож байна. /ХХ-1-н 28, 29, 31, 32, 49, 50 дахь талууд/
2.9.Харин Т.Оюун нь 2022 оны 04 дүгээр сарын 21-нд өргөдөл гаргаснаас хойш 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр “газар эзэмшүүлэх шийдвэр гаргахгүй байгаа талаар гомдол гаргасан болох нь Бүртгэл хяналтын картаар тогтоогдож байна. /ХХ-1-н 33 дахь тал/
2.10.Уг гомдлын хариуг Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 18/740 дүгээр албан бичгээр “Таны хүсэлтийг 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотголоор тусган дүүргийн Засаг даргын дэргэдэх газрын эрхийг хянан шийдвэрлэх хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлэж хариуг өгнө” гэж байжээ.
2.11.Үүний дараа Т.Оюун нь 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр дахин “газрын гэрчилгээг олгох, өмнө гаргасан хүсэлтийг шийдвэрлэхийг хүссэн” өргөдөл гаргасан болох нь Т.Оюуны өргөдөл болон Бүртгэл хяналтын картаар нотлогдов. /ХХ-1-н 36-40 дэх талууд/
2.12.Уг өргөдлийн хариуг Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 18/923 дугаар албан бичгээр “... Н.Баатарт өмчлүүлсэн газартай давхацсан гэх үндэслэлээр татгалзаж байгаа болохоо мэдэгджээ”. /ХХ-1-н 51 дэх тал/
2.13.Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 192 дугаар захирамжаар Н.Баатарт Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Шадивлангийн зуслан нэртэй газарт 400 метр квадрат газрыг эзэмшүүлж, мөн Засаг даргын 2020 оны А/319 дүгээр захирамжаар Н.Баатарын газар эзэмших эрхийн хугацааг сунгаж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгожээ.
2.14.Н.Баатарт 2003 онд газар эзэмшүүлсний дагуу Чингэлтэй дүүргийн Газрын албаны мэргэжилтэн Э.Болорчулуун, дарга Б.Пүрэвсүрэн нар нь Газрын байршлын кадастрын зургийг үйлдсэн байгаа бөгөөд энэ нь тухайн үед хэрэглэж байсан, иргэн, аж ахуйн нэгжийн газрын байршлын хилийн зааг, хэлбэр, хэмжээг тогтоож өгдөг, шинжлэх ухаанд үндэслэн зураглал мөн байна. /ХХ-2-н 21 дэх талд/
2.15.Гэтэл Чингэлтэй дүүргийн газрын албанаас Н.Баатарын эзэмшдэг гэх 400 метр квадрат газрын хил заагийг тогтоосон зураглалыг кадастрын санд оруулахдаа дээрх Э.Болорчулуун, дарга Б.Пүрэвсүрэн нарын үйлдсэн Газрын байршлын кадастрын зургийг харгалзан үзэхгүйгээр, улмаар Н.Баатарын хүсэлтээр 555 метр квадрат болж мэдээллийн санд оруулсан байсныг гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “Н.Баатар 555 метр квадрат газрыг эзэмшихээр кадастрын санд зураг орсныг багасгасан” гэх агуулга бүхий тайлбарыг гаргасан /Шүүх хуралдааны тэмдэглэлд/ ба энэ нь кадастрын сангийн зураглалын түүхчилсэн мэдээлэл /Шүүхийн үзлэгээр/-ээр нотлогдлоо.
2.16.Ийнхүү Н.Баатарын эзэмших газрыг 555 метр квадратаар газрын кадастрын санд оруулснаар Т.Оюуны зуслангийн байшин бүхий газрын гарцыг бүхэлд нь хаасан байжээ. /ХХ-1-н 247 дахь талд/
2.17.Үүний дараа Нийслэлийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/753 дугаар захирамжаар Н.Баатарт Шадивлангийн 15 дугаар гудамж, 1501 тоот хаягтай, 400 метр квадрат газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэсэн, уг газрыг газрын мэдээллийн санд оруулахдаа 400 метр квадрат хэмжээгээр оруулж, өмнөх мэдээллийн сангийн 555 метр квадратыг багасгасан байх боловч Н.Баатарын өмчлөх 400 метр квадрат газар нь Т.Оюуны хашаа бүхий газрын зааг руу 93 метр квадратаар давхцан орсон байна. /ХХ-1-н 77 дахь тал/
2.18.Н.Баатар нь газар өмчлөх хүсэлтээ 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан болох нь түүний гаргасан өргөдлийн огноо болон Өргөдөл, гомдлын бүртгэл хяналтын картад огноог “2022-04-20” гэснээр тогтоогдож байна. /ХХ-1-н 80, 81 дэх тал/
2.19.Н.Баатарын газар өмчлөхийг хүссэн өргөдөлдөө өөрийн Иргэний газар эзэмших эрхийн 000089531 дугаар гэрчилгээг хавсаргасан байгаа ба уг гэрчилгээнд түүний эзэмших газрын хэмжээг 400 метр квадрат гэжээ. /ХХ-1-н 85 дахь тал/
2.20.Маргаан бүхий газарт шүүхээс явуулсан үзлэгээр Т.Оюун нь төмөр хийц бүхий хашааг барьсан байгаа бөгөөд уг хашаан дотор нь Н.Баатарын 2003 оноос хойш эзэмших эрх үүссэн гэх газар 93 метр квадратаар орсон нь нотлогдлоо.
2.21.Н.Баатар нь энэхүү өмчилсөн газраа Э.Энхмаа, А.Энхбаатар нар худалдан, өмчлөх эрх нь эдгээр иргэдэд шилжсэн байгаа зэрэг үйл баримтууд тогтоогдлоо.
Гурав.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн үндэслэлийн тухайд:
а/Нэхэмжлэгч Т.Оюуны нэхэмжлэлийн тухайд.
3.1.Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” нь Төрөөс газрын талаар баримтлах зарчмын нэг байхаар тогтоожээ.
3.2.Иймд Чингэлтэй дүүргийн Засаг даргаас иргэнд газар эзэмшүүлэхдээ, Нийслэлийн Засаг даргаас газрыг өмчлүүлэхдээ аливаа этгээдийн хүсэлт гаргасан газар дээр нь өөр этгээд олон жил амьдарч ирсэн, эд хөрөнгө нь оршин байгаа бол уг этгээдээс газар, ашиглаж ирсэн газраа эзэмших хүсэлт гаргаагүй байсан ч түүний амьдарч байгаа байдал болон газар дээр орших эд хөрөнгөө хэвийнээр эзэмших, өмчлөх эрх нь зөрчигдөх эсэх, уг газраа эзэмших, өмчлөх хүсэл, сонирхол байгаа эсэх нөхцөл байдлыг тодруулах, уг газрыг нь өөр этгээд эзэмших, өмчлөх хүсэлт гаргасныг танилцуулсны үндсэн дээр зохих шийдвэрээ гаргах нь энэхүү хуулийн шударга ёсны зарчим, тэгш байдлын зарчим хангагдсан гэж үзнэ.
3.3.Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т “Газрыг Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуульд заасны дагуу эзэмшиж ашиглана” гэж, 27 дугаар зүйлийн 27.1-т “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж, мөн зүйлийн 27.2-т “Газар эзэмших эрхийн гэрчилгээг зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгоно” гэж, 32 дугаар зүйлийн 32.1-т “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана” гэж тус тус заасан байна.
3.4.Нэхэмжлэгч Т.Оюун нь Газрын тухай хуулийн дагуу өөрийн амьдарч байгаа газрыг эзэмших хүсэлтээ гаргаж, зохих шийдвэрийг гаргуулаагүй байгаа боловч шүүхэд тогтоогдсоноор 2001 оноос зуслангийн байшинтай амьдарч эхэлсэн /энэ газрын хилийн зааг нь 2001 онд хаагуур болох нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна/, 2005 оны байдлаар хашаа барьчихсан байгаа учраас түүнд уг газрыг хашчихсан байгаа хашааныхаа хэмжээгээр эзэмших ашиг сонирхол хуулийн дагуу үүссэн гэж шүүх үзлээ.
3.5.Иймд Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг дарга нь Т.Оюуны 2001 оноос амьдарсан гэх, уг газраа 2005 гэхэд хашаа хатгаж ашиглаж байсан гэх газраас 93 м.кв газрыг Н.Баатарт эзэмшүүлж, өмчлүүлсэн нь дээрх шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.
3.6.Нэхэмжлэгч Т.Оюун нь ээжийн хамт амьдарч байсан уг газраа 2003 онд модон хашаатай байсан гэх гэр бүлийн хамт авхуулж байсан фото зургуудыг шүүхэд нотлох баримтаар гаргасныг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар өөр бусад нотлох баримтаар няцааж чадахгүй байгаа ч, уг фото зургаар Т.Оюуны амьдарч байсан газрын хашаа аль хэсгээр байсныг бүрэн тогтоох боломжгүй гэж шүүх үзлээ.
3.7.Харин шүүх хэрэгт авагдсан Н.Баатарын өмчилж, эзэмшиж байгаа газрын байршлыг анх тогтоосон Чингэлтэй дүүргийн Газрын албаны мэргэжилтэн Э.Болорчулуун, дарга Б.Пүрэвсүрэн нарын үйлдсэн кадастрын зургийг Н.Баатарт анх эзэмшүүлсэн газрын байршил мөн гэж үзэж нотлох баримтаар үнэлсэн боловч уг зураг дээр газрын хилийн зааг, хэлбэр байршлыг одоо Монгол Улсад ашиглагдаж байгаа Газрын кадастрын зураглалын мэдээллийн сангийн зургуудтай давхцуулж зурах, мэдээллийн санд оруулах боломжгүй болох нь Газрын харилцаа, геодези зураг зүйн газарт шүүхийн явуулсан үзлэгээр тогтоогдсон тул шүүх нь Н.Баатарт 2003 онд анх эзэмшүүлсэн газрын кадастрын зургаар түүний газрын байршлыг яг хаагуур байгааг тогтоохоор шинжлэн судлах боломжгүй, энэ шүүхийн эрх хэмжээнээс хэтэрсэн гэж үзлээ.
3.8.Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлд аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын нийтлэг бүрэн эрхийг тогтоосны дотор мөн зүйлийн 20.2.1-т “нутаг дэвсгэртээ газрын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлого, газрын тухай хууль тогтоомж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж хангах” гэж, мөн зүйлийн 20.2.7-д “газар эзэмшүүлэх, ашиглуулахтай холбогдсон доод шатны Засаг даргын хууль бус шийдвэрийг хүчингүй болгох, зөрчлийг арилгах арга хэмжээ авах” гэж, 21 дүгээр зүйлийн 21.5-д ”Дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд мөн зүйлийн 21.5.3.энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах” гэж заасан байна.
3.7.Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т “Аймаг, нийслэлийн газрын алба дараахь эрх хэмжээтэй байна” гээд мөн зүйлийн 23.3.3-т “газрын кадастр эрхлэх, аймаг, нийслэлийн газрын мэдээллийн сан байгуулж, олон нийтэд мэдээллээр үйлчлэх” гэж, мөн зүйлийн 23.3.5-д “нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд хийгдэх газар зохион байгуулалтын ажлыг зохион байгуулах” гэж, 24 дүгээр зүйлийн 24.1-т “Газар зохион байгуулалт нь газрын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, газрын кадастр эрхлэх, газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх, газрын эдийн засгийн чадавхи, нөөцийг нэмэгдүүлэх, газар зүйн болон газрын харилцааны таатай орчин бүрдүүлэх зорилго бүхий цогцолбор арга хэмжээ мөн” гэж тус тус заажээ.
3.8.Хуулийн дээрх заалтуудаар зохих төлөвлөгөөний дагуу газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэх, аливаа газрын газар зохион байгуулалтыг хийх буюу газрын кадастрын мэдээллийн санг эрхлэх буюу газрын кадастрын мэдээллийн санд оруулах замаар иргэний газрын хилийн заагийг тогтоох, газрыг зохион байгуулалтыг хийх нь Нийслэл, дүүргийн Засаг дарга, түүний газрын албадын чиг үүрэгт хамаарч байгаа тул шүүхээс Н.Баатар анх эзэмшүүлсэн 400 метр квадрат газрын байршлыг анх тогтоосон буюу Хавтаст хэрэг 2-н 21 дэх талд байгаа Чингэлтэй дүүргийн Газрын албаны мэргэжилтэн Э.Болорчулуун, дарга Б.Пүрэвсүрэн нарын үйлдсэн кадастрын зургийн дагуу шинээр Н.Баатарт анх эзэмшүүлсэн газрын мэдээллийн сангийн зургийг үйлдэх /шинэ акт гаргах/, уг зургийг үйлдсэний дагуу Т.Оюуны 699.6 метр квадрат газар эзэмшихийг хүссэн өргөдлийг шийдвэрлэх эсэх зэрэг “нөхцөл байдлыг тодруулсны” үндсэн дээр шинэ акт гаргах нь зүйтэй тул уг актыг гаргах хүртэл “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2003 оны 192 дугаар захирамжийн Н.Баатарт 400 метр квадрат газар эзэмшүүлсэн, мөн Засаг даргын 2020 оны 319 дүгээр захирамжийн Н.Баатарын 400 метр квадрат газрын эзэмших эрхийг сунгасан хэсгийн тус тус Т.Оюуны хашаа бүхий газарт орсон 93 метр квадратад холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/753 дугаар захирамжаар Н.Баатарт өмчлүүлсэн 400 метр квадрат газрын Т.Оюуны хашаа бүхий газарт орсон 93 метр квадрат газарт холбогдох хэсэг”-ийг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.
3.9.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 23 дугаар зүйлийн 23.1-т заасны дагуу хариуцагч нараас энэхүү шүүхийн шийдвэрийг заавал биелүүлж, шийдвэрт заасан үндэслэл журмын дагуу шинээр захиргааны акт гарах, маргаан дахин үүсэхгүй нөхцөл байдлыг бий болгох үүрэгтэй гэдгийг анхааруулж тэмдэглэсүгэй.
Б/Нэхэмжлэгч Ц.Номуун нэхэмжлэлийн тухайд:
3.10.Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана” гэж заасны дагуу нэхэмжлэгч Ц.Номуун нь Чингэлтэй дүүргийн Засаг даргад хандан 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр газар эзэмших хүсэлтээ гаргасан байхад уг хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй нь түүний төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл гомдлоо хуульд журмын дагуу шийдвэрлүүлэх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзлээ.
3.11.Харин нэхэмжлэгч Ц.Номуун нь 2014 онд өргөдөл гаргаж байсан гэдэг нь нотлогдохгүй байгаа учраас Чингэлтэй дүүргийн Засаг дарга нь түүний 2014 онд гаргасан өргөдлийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй гаргасан гэдэг нь тогтоогдохгүй байна.
3.12.Хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг дарга нь Т.Оюун, Ц.Номуун нарын амьдарч ирсэн газраа эзэмших хүсэлт гаргасныг “дүүргийн 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах тухай дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 21 дүгээр тогтоолоор батлагдсан төлөвлөгөөнд тусгагдаагүй тул шинээр газар эзэмшүүлэх боломжгүй” гэж татгалзсан нь хууль бус байна.
3.13.Учир нь Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.3-т “аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх” гэж 21 дүгээр зүйлийн 21.5.2-т “нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу нутаг дэвсгэрийнхээ тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг боловсруулж, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх” гэж, мөн зүйлийн 21.5.3-т “энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах” нь дүүргийн Засаг даргын бүрэн эрх байхаар хуульчилсан байна.
3.14.Дээрх хуулийн заалтын дагуу дүүргийн Засаг дарга нь иргэний амьдарч байгаа газрыг эзэмшүүлэх газар зохион байгуулалтын төлөвлөгөөг дүүргийнхээ нутаг дэвсгэрт өөрөө зохион байгуулж явуулах, шийдвэрлэх эрх, үүрэгтэй байхад төлөвлөгөөнд тусгаагүй учраас газрыг эзэмшүүлэх боломжгүй гэж татгалзсаныг хууль ёсны гэж үзэхгүй болно.
3.15.Нөгөө талаас нэхэмжлэгч Ц.Номууны эзэмших хүсэлт гаргасан нь иргэдийн суурьшлын бүс гэдэг нь тодорхой байхад, мөн түүнчлэн тухайн газарт хөрш зэргэлдээ амьдарч буй Н.Баатарт газрыг эзэмшүүлж, өмчлүүлсэн атлаа Ц.Номуунд “газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй тул эзэмшүүлэх боломжгүй гэж татгалзсан нь иргэдэд “адил тэгш хандаагүй” явдал болно.
3.16.Иймд Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Номууны нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Т.Номууны Чингэлтэй дүүргийн Засаг даргад хандаж 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Ц.Номууны газар эзэмших хүсэлтийг Газрын тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэж байна.
Дөрөв.Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:
4.1.Шүүх нь хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтад дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэсэн бөгөөд нотлох баримтыг үнэлэх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.11, 106.3.12 дахь заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т заасныг баримтлан Т.Оюуны нэхэмжлэлийн шаардлагад хамаарах Т.Оюуны хашааны дотор орсон байгаа Н.Баатарын өмчлөх 93 метр квадрат газарт холбогдох хэсэг нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн, цаашид нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай байх тул Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2003 оны 192 дугаар захирамжийн Н.Баатарт 400 метр квадрат газар эзэмшүүлсэн, мөн Засаг даргын 2020 оны 319 дүгээр захирамжийн Н.Баатарын 400 метр квадрат газрын эзэмших эрхийг сунгасан хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/753 дугаар захирамжаар Н.Баатарт өмчлүүлсэн 400 метр квадрат газрын Т.Оюуны хашаа бүхий газарт орсон 93 метр квадрат газарт холбогдох хэсгээс Т.Оюуны хашаа бүхий газарт орсон 93 метр квадратад холбогдох хэсгийг Чингэлтэй дүүргийн Засаг дарга болон Нийслэлийн Засаг даргаас тус тус дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 107.6-д заасныг баримтлан шүүхээс тогтоосон 6 сарын хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2003 оны 192 дугаар захирамжийн Н.Баатарт 400 метр квадрат газар эзэмшүүлсэн, мөн Засаг даргын 2020 оны 319 дүгээр захирамжийн Н.Баатарын 400 метр квадрат газрын эзэмших эрхийг сунгасан хэсгийн 93 метр квадратад холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/753 дугаар захирамжаар Н.Баатарт өмчлүүлсэн 400 метр квадрат газрын 93 метр квадрат газарт холбогдох хэсгүүдийг хүчингүй болсонд тооцсугай.
3.Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Номууны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Т.Номууны Чингэлтэй дүүргийн Засаг даргад хандаж 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Ц.Номууны газар эзэмших хүсэлтийг Газрын тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгасугай.
4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан, нэхэмжлэлийн зарим шаардлага хангагдсантай нь холбогдуулж нэхэмжлэгч Т.Оюун, Ц.Номуун улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгөөс 35100 төгрөгийг хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргаас гаргуулж нэхэмжлэгч нарт олгож, үлдэх 35100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тэмдэглэсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭЧИМЭГ