Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 1808

 

МАГАДЛАЛ

 

2019.10.18                                                 Дугаар 1808                                   Улаанбаатар хот

“КБ” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч С.Энхтөр, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,  

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 184/ШШ2019/02047 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “КБ” ХХКдахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “МЭ” ХХК-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 66 186 308,62 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Монгол банкны Ерөнхийлөгчийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн А-97 дугаартай “КБ” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч томилох тухай тушаалаар “КБ” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч томилсон. Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсэгт заасны дагуу “КБ” ХХК, түүний эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрх нь банкны эрх хүлээн авагчид шилжсэн. Иймд банкны эрх хүлээн авагчаас Банкны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжпэл гаргаж байна. Зээлдэгч “МЭ” ХХК нь К банктай 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр ЗГ/056 дугаартай Зээлийн гэрээг байгуулж, 80 000 000 төгрөгийг сарын 0,42 хувь, жилийн 5 хувийн хүүтэй, Нийслэлийн ЖДҮ-г Хөгжүүлэх сангийн зээл зориулалтаар 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаагаар зээлэн авсан. Банк зээлийн гэрээний 3.4 дэх хэсэгт заасан зээлдэгчийн К банкны 2003031612 тоот харилцах дансанд 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдөр зээлийг шилжүүлснээр зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Зээлдэгч “МЭ” ХХК Капитал банктай 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр БГ/056 дугаартай Барьцааны гэрээг байгуулж, дээрх зээлийн гэрээний үүргийг хангуулахаар дараах зүйлсийг барьцаалуулсан. Үүнд, Улсын бүртгэлийн Ү2204066256 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн №0003768340 тоот гэрчилгээтэй, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 127/5 байр, 30 тоот хаягт байршилтай 51.6 м.кв талбайтай 2 өрөө орон сууц зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Барьцааны бүртгэлийг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж, №11-442453 тоот Барьцаалбар үйлдэгдсэн, Улсын бүртгэлийн Ү-2201040289 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн N9000364227 тоот гэрчилгээтэй, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрхан 11 гудамж, 46 тоот хаягт байршилтай 52 м.кв талбайтай авто машины гаражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Барьцааны бүртгэлийг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж, №11-442223 тоот барьцаалбар үйлдэгдсэн, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрхан 11 дүгээр гудамж, 46 тоот хаягт байршилтай, 639 м.кв талбайтай өмчлөх эрхийн гэрчилгээтэй газар. Газар өмчлөх эрхийн гэрчилгээ №000305561, Улсын бүртгэлийн дугаар Г- 2201027568. Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст зохих бүртгэлийг хийлгэсэн. Зээлийг авч ашигласнаас хойш үндсэн зээлийн төлбөрт 15 645 889.77 төгрөг, зээлийн хүүнд         12 839 320.65 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 671 769.58 төгрөг тус тус төлсөн. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд буцаан төлөх хуваарийн дагуу төлж барагдуулаагүй, зээлийг бүрэн төлж барагдуулах хугацаа дууссан болно. Үндсэн зээлийн үлдэгдэл 64 354 110.23 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 1 755 655.12 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 76 543.28 төгрөг, нийт зээл хүү, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 66 186 308.62 төгрөг. Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа тул нэхэмжпэл гаргахад шаардлагатай баримтын хуулбарыг нотариатчаар гэрчлүүлэхэд гарсан 34 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд хариуцагч “МЭ” ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт нийт 66 186 308.62 төгрөгийг нотариатчийн зардлын 34 000 төгрөгийн хамт гаргуулж “КБ” ХХК дахь банкны эрх хүлээн авагчид олгуулахаар шийдвэрлэж өгнө үү. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр №ЗГ056 дугаартай Барьцааны гэрээгээр барьцаалагдсан барьцааны зүйлүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү. Манай банкны эрх хүлээн авагчийн зүгээс хариуцагчид 2020 оны 02 сарын дотор төлбөрөө төлөх хугацааг олгож эвлэрэх санал тавьсан боловч хариуцагч тал уг хугацаанаас илүү хугацаа хүссэн учир эвлэрэх боломжгүй. Бидэнд 2020 оны 4 сар гэхэд бүх төлбөр, зээлийн үлдэгдэлийг төлүүлэх чиглэл даалгавар өгсөн учир үүнээс хойш хугацаа өгөх боломжгүй. Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сантай Капитал банк гэрээ байгуулсан асуудал бол энэ зээлийн маргаанд хамаарахгүй, тусдаа асуудал юм. Зээлийг Капитал банк олгосон ба зээлийн хугацааг сунгасан болон өөрчилсөн мэдээлэл бидэнд байхгүй. Энэ компанийн зээлийг өөр банкинд шилжүүлэх боломжгүй, Монгол банкны өгсөн чиглэлийн дагуу ипотекийн зээл болон хэвийн ангилалтай зээлүүдийг бусад банктай тохиролцон шилжүүлж байгаа. “МЭ” ХХК нь хамгийн сүүлд 2017 оны 4 сард төлөлт хийгээд түүнээс хойш зээлийн төлөлт зөрчигдөж эхэлсэн байгаа. Гэрээний хугацаа нэхэмжлэл гаргах үед дууссан байгаа. Барьцаа хөрөнгийн итгэмжлэлийн дагуу барьцаалсан байдаг. Итгэмжлэл хүчин төгөлдөр байсан. Нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Хариуцагч “МЭ” ХХК-ийн захирал Д.Б нэхэмжлэгч “КБ” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 501 дугаар бүхий нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт нийт 66 186 308.62 төгрөг, нотариатын зардал 34 000 төгрөг, нийт 66 220 308.62 төгрөгийг доорх графикийн дагуу 2019 оны 7 дугаар сараас 2021 оны 9 дүгээр сарыг хүртэл 27 сарын хугацаанд төлж барагдуулах хүсэлтэй байна. Учир нь хариуцагч Д.Б энэхүү нэхэмжлэлээс гадна Хаан банкинд хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 18 000 000 төгрөг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд 12 000 000 төгрөгийн нэхэмжлэлтэй хэргийн хариуцагчаар татагдан, өр төлбөрийн дарамтанд орсон байгаа юм. Иймд миний энэ саналыг харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “МЭ” ХХК-иас 66 220 308,62 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “КБ” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “МЭ” ХХК нь үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох Улсын бүртгэлийн Ү2204066256 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн №0003768340 тоот гэрчилгээтэй, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 127/5 байр, 30 тоот хаягт байршилтай, 51.6 м.кв талбайтай 2 өрөө орон сууц зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Улсын бүртгэлийн Ү-2201040289 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн №000364227 тоот гэрчилгээтэй, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрхан 11 дүгээр гудамж, 46 тоот хаягт байршилтай 52 м.кв талбайтай авто машины гаражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрхан 11 дүгээр гудамж, 46 тоот хаягт байршилтай, 639 м.кв талбайтай, газар өмчлөх эрхийн гэрчилгээ №000305561, Улсын бүртгэлийн дугаар Г-2201027568 өмчлөх эрхийн гэрчилгээтэй газрыг тус тус албадан худалдаж, түүний үнээс шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-д зааснаар нэхэмжлэгч “КБ” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч “МЭ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 489 051 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: анхан шатны шүүх нэхэмжлэгчид барьцаалсан үл хөдлөх хөрөнгийн нийт үнийн дүн 190 000 000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө байхад нэхэмжлэгчийн нэхэмжилсэн үнийн дүн болох 66 186 308 төгрөгийн үүргийн гүйцэтгэлд дээрхи үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд оруулж худалдан борлуулж түүний үнээс шүүхийн шийдвэр биелүүлэхээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Түүнчлэн дээр дурьдагдаж байгаа үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нарын буюу гуравдагч этгээд нарын эрх ашиг ноцтой зөрчигдөх магадлалтай байхад шүүх анхааран үзээгүйгээс гадна хэрэгт авагдсан нотлох баримтыг эргэлзээгүй, үнэн зөв дүгнэлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэнд гомдолтой байгаа болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ маргаан бүхий үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч “КБ” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй хариуцагч “МЭ” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 66 186 308,62 төгрөгийг гаргуулах, зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл “КБ” ХХК болон “МЭ” ХХК нарын хооронд 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр №ЗГ-056 тоот зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр 80 000 000 төгрөгийг 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл, сарын 0,42 хувийн хүүтэй, жилийн 5 хувийн хүүтэй, Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийн хөгжүүлэх сангийн зээлийн зориулалттайгаар олгохоор тохиролцсон байна.

Түүнчлэн, дээрх зээлийн үүргийн гүйцэтгэлд Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 127/5 байр, 30 тоот хаягт байршилтай 51.6 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрхан 11 гудамж, 46 тоот хаягт байршилтай, 52 м.кв талбайтай авто машины гараашийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрхан 11 дүгээр гудамж, 46 тоот хаягт байршилтай, 639 м.кв талбайтай, өмчлөх эрхийн гэрчилгээтэй газрыг тус тус барьцаалан, барьцааны гэрээ байгуулсан байх бөгөөд талууд зээлийн гэрээнүүдийн дагуу гүйцэтгэх үүрэг буюу төлбөрийн мөнгөн дүнд маргаагүй байна.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан зээл, барьцааны гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй тул нэхэмжлэгч нь дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй. Иймээс хариуцагч нь зээлийн үлдэгдэл төлбөрийг дээрх гэрээгээр тохиролцсон хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт төлөх үүрэгтэй.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч нь “гэрээнд заасан бол зээл болон түүний хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх, авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй” гэж зааснаар хариуцагч нь 66 220 308,62 төгрөгийг “КБ” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид төлөх үндэслэлтэй бөгөөд мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 127/5 байр, 30 тоот хаягт байршилтай 51.6 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрхан 11 гудамж, 46 тоот хаягт байршилтай, 52 м.кв талбайтай авто машины гараашийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрхан 11 дүгээр гудамж, 46 тоот хаягт байршилтай, 639 м.кв талбайтай, өмчлөх эрхийн гэрчилгээтэй газрыг худалдан борлуулан үүргийн гүйцэтгэлийг хангуулан, илүү гарсан үнийг хариуцагч талд буцаан өгөх эрх, үүрэг нь нээлттэй байгаа юм.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “барьцаалсан үл хөдлөх хөрөнгийн нийт үнийн дүн 190 000 000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө байхад 66 186 308 төгрөгийн үүргийн гүйцэтгэлд дээрхи үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд оруулж худалдан борлуулах нь гуравдагч этгээд нарын эрх ашиг ноцтой зөрчигдөх магадлалтай” гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд шүүх Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллага нь сайн дураар үүргээ гүйцэтгээгүй бол дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгаж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 184/ШШ2019/02047 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн   162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчийн төлсөн 489 051 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Д.ЦОГТСАЙХАН

        ШҮҮГЧИД                                 С.ЭНХТӨР

                                                         М.НАРАНЦЭЦЭГ