Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 482

 

З.Э-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 379 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 584 дүгээр магадлалтай, З.Э-т холбогдох 1708027440161 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин, С.Чулуунбаатар нарын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1993 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ноос угаах үйлдвэрт ажилладаг, ам бүл 4, эх, 2 эгчийн хамт *** тоотод оршин суух,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 709 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 28 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан Д овогт З-н Э-.

З.Э- нь 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 53 дугаар байрны орцонд иргэн Д.Э-тай маргалдан түүний зүүн гарыг хойш нь дарж, зүүн гарын 2 дугаар хурууны алганы шивнүүр ясны хугарал, зүүн гарын 2 дугаар хурууны цус хуралт бүхий гэмтэл учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч З.Э-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар З.Э-ыг 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан уг оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногийн хорих ялтай дүйцүүлэн тооцож, 30 хоногийн хорих ял дээр 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 28 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялын хугацааг 2 жил 1 сарын хугацаагаар тогтоож, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

хохирогч Д.Э- нь гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбогдуулан гарсан зардал, цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин, С.Чулуунбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Анхан болон давж заалдах шатны шүүх З.Э-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. З.Э- нь өөрийн амь бие, эрүүл мэнд, халдашгүй чөлөөтэй байх эрхийг хамгаалах үүднээс Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг хийсэн нь гэрч С.Э, Ц.Б, Ж.Ж нарын мэдүүлгээр нотлогддог.

Шүүхүүд эдгээр гэрч нарын мэдүүлгүүдийг үнэлээгүй нь хэргийн байдлыг тал бүрээс нь, бүрэн бодитой хянаж тогтоох зарчмыг зөрчсөн болно. Дан ганц хохирогчийн мэдүүлгийг үндэслэл болгож, хууль зүйн дүгнэлт хийсэн нь хэт нэг талыг барьсан дүгнэлт болсон байна. Анхан шатны шүүхээс З.Э-ын хоолой, хувцсанд улайлт, урагдалт гэх мэт шинж байхгүй байсан учир хохирогчийн зүгээс хууль бус довтолгоон хийсэн нь нотлогдохгүй байна гэж дүгнэсэн нь хэт явцуу үндэслэл болсон.

Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгчийн үйлдлийг аргагүй хамгаалалт гэж үзэх үндэслэлтэй. Тухайн үед хохирогч нь шүүгдэгчийг доод давхар руу чирсэн байдаг. Энэ нөхцөл байдалд З.Э- нь хохирогчийн гарыг тавиулах зорилгоор гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн. З.Э-ыг өөрийн эрүүл мэндэд учирсан аюултай үйлдлийн өөдөөс гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлийг журамлан хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.          

Мөн шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чулуунбаатар гаргасан гомдолдоо “... Миний үйлчлүүлэгч З.Э- нь анхан болон давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлгийн үед орцонд архи уусан, хохирогч Д.Э-тай маргалдсан, харилцан заамдалцсан, хохирогчийн зүүн гарын хурууг арагш нь дарсан зэрэг үйлдэл, холбогдлынхоо талаар тайлбарлаж ярьсан. Хэдийгээр З.Э- нь нийтийн эзэмшлийн газар буюу орцонд архи уусан буруутай түүнчлэн хохирогчийн тавьсан шаардлагыг үл биелүүлсэн нь энэ хэрэг гарах шалтгаан болсон боловч хохирогчийн буруутай үйл ажиллагаанаас нь хэргийг үргэлжлүүлэн гүнзгийрэх байдалд хүргэсэн. Ийм байхад анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээснийг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Үүнээс гадна шүүх хуралдаанд оролцсон прокурор хууль зүйн дүгнэлт хийхдээ хэт яллах талыг барьж, З.Э-ыг аргагүй хамгаалалт хийх нөхцөл байдал үүсээгүй гэж дүгнэсэн нь бусдын, өөрийн амь нас, эрүүл мэндээ хамгаалахын тулд хийж буй үйлдлийг  хууль зүйн агуулгын хувьд алдаатай дүгнэсэн. Хүн бүр бие организм, хүчин чадал бусад талаараа адилгүй гэдгийг анхаарч үзээгүй. Тухайн үед энэ хэргийн хохирогчид биш шүүгдэгчид амь насанд нь аюул учирч болох нөхцөл байдал үүссэн байсныг ямар нэгэн баримт дүгнэлтгүйгээр үгүйсгэсэнд гомдолтой байна.

Аргагүй хамгаалалт нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т заасан ... амьд явах халдашгүй чөлөөтэй байх ... болон бусад эрхээ эдлэх, энэ эрхэд халдсан довтолгооныг няцаах, түүнээс хамгаалах чухал ач холбогдолтой хууль цаазын хэрэгсэл бөгөөд хууль зүйн мөн чанарын хувьд Эрүүгийн хуулиар зөвшөөрөгдсөн түүнчлэн уг хуулиар хамгаалагдсан ямар ч хохирол, хор уршигт хүргэж болох боловч гэмт хэрэгт тооцдоггүй, гэмт хэргийг үгүйсгэдэг онцгой нөхцөл байдал юм.

Аливаа хүн мэргэжил, тусгай бэлтгэл, албан ажлын байдал, аюултай довтолгооноос зайлсхийж бусдаас тусламж авахаар хандах боломжтой байсан эсэхээс үл хамааран аргагүй хамгаалалт хийх эрхийг хуульчилсан бөгөөд аргагүй хамгаалалт нь халдагч этгээдийн хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор үйлдэгдэж буй хариу довтолгоон, эсрэг дайралтаар илэрдэг шууд санаатай үйлдэл байдаг гэж тус тус хуульчлан тайлбарласан байна.

Тэгвэл энэ гэмт хэрэг нь З.Э-ын шаардлага үл биелүүлснээр эхэлж, хохирогч Д.Э-ы шүүгдэгчид хийж буй боолт түүнчлэн шат руу Э-ыг чирч байгаа үйл явдлаар төгссөн байдаг. Хохирогч Д.Э- нь тухайн өдөр өөрийнхөө хурууг гэмтсэнийг мэдээгүй үндсэндээ эвлэрээд салцгаасан байдаг. Тухайлбал тэдний ууж байсан үлдэгдэл архинаас хурууруугаа хийж, цагдаагийн байгууллагад дуудлага өгөлгүйгээр салцгааж, хожим нь шүүх эмнэлгээр дүгнэлт гаргуулан, цагдаагийн байгууллагад хандсан байдаг. Үүнээс үзэхэд хохирогчийн буруутай үйл ажиллагаа, боолтод орж шат руу чирэгдсэн Э-ын амиа хамгаалж, аргагүй хамгаалалт хийсэн тодорхой байна. Энэ ч утгаараа хохирогч Д.Э- шүүх хуралдаанд оролцоогүй, гомдол гараагүй зэргийг дурдах нь зүйтэй гэж үзэж байна.

Иймд Э-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалт хэрэглэснээр тооцож, түүнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж, урьд шийтгүүлсэн 2 жилийн тэнсэн харгалзсан ялыг хэвээр үлдээж өгнө үү гэж хүсэж байна” гэв.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “З.Э-т холбогдох хэргийн тухайд мөрдөн байцаалтын шатнаас хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримтаас харахад шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүйгээс болж, хохирогчтой маргалдаж, заамдалцсан. Мөн түүнд хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгчийн хувийн байдал үйлдсэн хэрэгт тохирсон ял шийтгэл оногдуулж, хэргийг зөв зүйлчилсэн.

Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалтын шинж энэ хэрэгт тогтоогдоогүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин, С.Чулуунбаатар нарын гаргасан гомдлыг үндэслэн З.Э-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч З.Э- нь 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Назугийн 53 дугаар байрны орцонд иргэн Д.Э-тай маргалдан, түүний зүүн гарыг хойш нь дарж, зүүн гарын 2 дугаар хурууны алганы шивнүүр ясны хугарал, зүүн гарын 2 дугаар хурууны цус хуралт бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх З.Э-ыг хохирогч Д.Э-ы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн хэм хэмжээ, түүний агуулгыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Аргагүй хамгаалалт бол халдагч этгээдийн хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор үйлдэгдэж буй хариу довтолгоон бөгөөд шүүгдэгч З.Э-ын үйлдэл үүнд хамаарахгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Учир нь орон сууцны орцонд согтууруулах ундаа хэрэглэж, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явсан З.Э- болон түүний найз нарт хууль болон нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зан заншлын хэм хэмжээний хүрээнд зүй ёсны шаардлага тавьсан хохирогч Д.Э-ы үйлдэлд дургүйцсэн шүүгдэгч хүч хэрэглэн хохирогчийн эрх чөлөөнд халдаж гэмтэл учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогджээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин, С.Чулуунбаатар нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 379 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 584 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин, С.Чулуунбаатар нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

          ШҮҮГЧ                                                       С.БАТДЭЛГЭР

                                                                           Б.БАТЦЭРЭН

                                                                          Д.ГАНЗОРИГ

                                                                                         Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН